Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 133/шш2023/00338

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 133/ШШ2023/00338

Есөнбулаг сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Монгол Улсын Т а з, Говь-Алтай аймгийн З д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Е сумын Б баг, *-** тоотод оршин суух, А овогтой У-ын О-д холбогдох,

Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 6,666,181 /зургаан сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, хариуцагч У.О оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ТАЗ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан. У.О нь Говь-Алтай аймгийн Д сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/20 дугаар захирамж гаргаж Н.Э-ийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халах шийдвэр гаргасан байна. Иргэн Н.Эрдэнэбилэг нь дээрх 2021 оны Б/20 дугаар захирамжийг эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 112/ШШ2022/0001 дүгээр шийдвэр гарч, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Говь-Алтай аймгийн Д сумын Засаг даргын Тамгын газраас 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 70,000 төгрөг, 10 дугаар сарын 04-ний өдөр 3,666,181 төгрөг, 12 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 6,666,181 төгрөгийг Н.Э-ийн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалд тооцож олгосон байна. Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 6,666,181 /зургаан сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк, Төрийн албаны зөвлөл 100900021501/ буруутай албан тушаалтан У.О-ээс гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ГАА-ийн ЗД шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: У.О нь Д сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2021 оны Б/20 дугаар захирамжаар тус сумын Засаг Даргын Тамгын газрын даргын албан тушаалд ажиллаж байсан Н.Э-ийг ажлаас халах шийдвэрийг гаргасан бөгөөд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 112/ШШ2022/0001 дугаартай шийдвэрээр Н.Э-ийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нөхөн олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу Н.Э-т Д сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалд 6,666,181 төгрөгийг тооцон олгож, төрд 6,666,181 төгрөгийн хохирол учирсан байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаапнаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж, Захиргааны ерөнхий хуулийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ гэж тус тус заасныг үндэслэн төрд учирсан 6,666,181 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийн тухайд: Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д "Аймаг нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ гэж, 61 дүгээр зүйлийн 61.1-д Засаг дарга тухайн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харъяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна гэж тус тус заасан нь аймгийн Засаг дарга тухайн харъяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх, үүрэг бүхий төрийн төлөөлөгч юм. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо нь нийтийн эрх зүйн этгээд байна гэж, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн гэж, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө гэж тус тус заасан. Аймгийн Засаг даргыг Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20 дахь заалтад аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч байхаар заасан бөгөөд харьяалах нутаг дэвсгэртээ хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх төрийн төлөөлөгч буюу нийтийн эрх зүйн этгээд, төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төрд учирсан хохиролыг нэхэмжлэх эрхтэй байна. Иймд У.О-ээс төрд учирсан хохирол болох 6,666,181 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч У.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нэхэмжлэлийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний бие 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажлаа өгсөн болно. Миний бие 2021 оны 02 дугаар сард Засаг даргын албан тушаалд томилогдоод үүрэг ажлаа хүлээж аваад ажил үүргээ гүйцэтгэж явсан. Тухайн цаг хугацаанд ковидын хүнд нөхцөл байдалд залуу хүний хувьд сум орон нутгаа удирдан чиглүүлж ажиллаж байсан. Тамгын газрын дарга гэдэг албан тушаал Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд хамгийн тулга түшиг болдог албан тушаал байдаг. Хувийн амьдралдаа ч гэсэн хуулийг мөрдөж амьдардаг зарчимтай залуу хүн. Тухайн үед миний бие 2021 оны 11 дүгээр сарын 10-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Н.Эрдэнэбилэгтэй холбоотой шүүх хуралдаан 12 дугаар сарын 30-нд болсон байдаг. Би өөрийн гаргасан шийдвэрийг хамгаалах боломж байгаагүй гэж хувьдаа үзэж байна. Н.Эрдэнэбилэг гэдэг хүнийг амралтын хугацаанд нь ажлаас чөлөөлсөн гэдэг зүйл яригдсан юм билээ. Миний тухайд 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сутай хайрханы тахилга наадамтай холбоотойгоор Дарив сумын төрийн албан хаагчид бүгд амрах нөхцөлгүй цаг үед би тухайн хүний амраасан байна гэдэг нь боломжгүй асуудал. Тухайн албан хаагчдын ээлжийн амралтын асуудлыг өмнө нь ярилцаад шийдсэн байсан. Миний хувьд энэ зүйл дээр дотроо гомдолтой байдаг гэв.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 68, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолууд,

-Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дугаар шийдвэр,

-Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04/978 дугаар албан бичиг,

- Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/525 дугаар Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичиг.

6. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар хуралдааны тэмдэглэл,

- Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаар хуралдааны тэмдэглэл.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад хариуцагч Төрийн албаны зөвлөлийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь У.О-д холбогдуулан төрд учирсан хохирол 6,666,181 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг ...Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан. Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 6,666,181 /зургаан сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк, Төрийн албаны зөвлөл 100900021501/ буруутай албан тушаалтан У.О-гээс гаргуулж өгнө үү.... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч У.О нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзжээ.

Хариуцагч У.О нь Говь-Алтай аймгийн Д сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар Говь-Алтай аймгийн Д сумын Засаг даргын тамгын газрын дарга Н.Эрдэнэбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэхүү шийдвэрийг Н.Э нь эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 112/ШШ2021/0001 дугаар шийдвэрээр:

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 48 дугаар зүйлийн 48.9, 49 дүгээр зүйлийн 49.1, 61 дүгээр зүйлийн 61.1.6, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг баримтлан Н-ын Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Д сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Д сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Н.Э-т ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 6,666,181 (зургаан сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун наян нэг) төгрөгийг Говь-Алтай аймгийн Дарив сумын Засаг даргын тамгын газрын төсвөөс гаргуулан олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилт хийлгэхийг Говь-Алтай аймгийн Д сумын Засаг дарга М.М-т даалгасугай гэж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д ...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй... гэж зааснаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 112/ШШ2021/0001 дугаартайтай шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул дээрх шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

Улмаар Говь-Алтай аймгийн Д сумын Засаг даргын тамгын газар 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 149 дугаартай төлбөрийн хүсэлтээр 3,666,181 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаартай төлбөрийн хүсэлтээр 2,366,712 төгрөг, 206 дугаартай төлбөрийн хүсэлтээр 633,288 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 6,661,181 төгрөгийг шилжүүлсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл нь төрийн албан тушаалтны учруулсан хохирлыг арилгаж, хохирлыг уг албан тушаалтнаас шаардсан, гэрээний бус үүргийн харилцаа болно.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-т заасаар бүх шатны засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалтны ангилалд хамаарч байна.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж, хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэг дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийн хангах, хууль дээдлэх зарчим ...-ыг баримтална гэжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 26 дугаар зүйлд зааснаар Сумын засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч бөгөөд улс төрийн сонгуулийн үр дүнгээр томилогддог байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын нийтлэг бүрэн эрхийг хуульчлахдаа хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т засаг дарга эрх хэмжээний хүрээнд хуульд тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах эрхтэй гэж, хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж, мөн зүйлийн 41.2-т засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас дүгнэхэд хариуцагч У.О нь Говь-Алтай аймгийн Д сумын Засаг дарга байх хугацаанд аливаа шийдвэр гаргахдаа хууль дээдлэн, сахин биелүүлэх үүрэг бүхий улс төрийн томилгоогоор томилогдсон албан тушаалтан байх тул тэрээр өөрийн гаргасан хууль бус шийдвэрийн үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Монгол Улсын их хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдан, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан.

Улмаар 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар уг заалтыг “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж өөрчилжээ.

Н.Э-ийг Говь-Алтай аймгийн Д сумын Засаг даргын тамгын газрын даргаын ажлаас 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хууль бусаар чөлөөлсөн үйл баримтыг захиргааны хэргийн шүүх 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тогтоосон байна.

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна, 12 дугаар зүйлийн 12.1.7-д аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал гэж заасны дагуу сумын Засаг даргын тамгын газрын дарга нь төрийн захиргааны албан тушаалд хамаарч байна.

Хариуцагч У.О нь Говь-Алтай аймгийн Дарив сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар Говь-Алтай аймгийн Д сумын Засаг даргын тамгын газрын дарга Н.Э-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримт байна.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017  оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан байх тул төрийн жинхэнэ албан хаагч хууль бусаар төрийн албанаас халсан дээрх үйл баримт нь дээрх хуулийн үйлчилж эхэлсэн цаг хугацаанд хамаарч байх тул ТАЗ нь төрд учруулсан хохирлыг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул ТАЗ-ийн 1**** тоот дансанд оруулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэргийн тухайд нэг хариуцагчид тухайн нэг асуудлаар ТАЗ, аймгийн Засаг дарга хоёр тусдаа нэхэмжлэлийг шүүхэд гаргаж иргэний хэрэг үүсгэснийг шүүх нэгтгэжээ.

Төрийн албаны хуулийн 50.2-т зааснаар уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх ТАЗ-д тусгайлан олгогдсон байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхээр байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А овгийн У-ын О-гээс 6,666,181 (зургаан сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун наян нэг) төгрөгийг гаргуулж Монгол Улсын ТАЗ-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх бүрэлдэхүүн хэргийн зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийж, энэхүү шийдвэрийг гаргасан болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь хариуцагч У.О-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч У.О-гээс 121,609 /нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуун ес/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А овгийн У-ын О-ээс 6,666,181 (зургаан сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун наян нэг) төгрөгийг гаргуулж Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын ТАЗ нь хариуцагч У.О-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч У.О-гээс 121,609 /нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуун ес/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг танилцуулсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Ц.ҮЙТҮМЭН

                                               ШҮҮГЧ                      Н.ОЮУНБИЛЭГ

                                         ШҮҮГЧ                      Б.МӨНХБАТ