Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 215/МА2023/00030

 

 

 МУ-ын ТАЗ, ГАА-ийн ЗД-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2023/00338 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: МУ-ын ТАЗ, ГАА-ийн ЗД-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ............. баг, ...-... тоотод оршин суух, А овогтой У.О-д холбогдох,

Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 6,666,181 (зургаан сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун наян нэг) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ТАЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж /цахимаар/, хариуцагч У.О, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ТАЗ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан. У.О нь Говь-Алтай аймгийн ...... сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/20 дугаар захирамж гаргаж Н.Э-ийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халах шийдвэр гаргасан байна. Иргэн Н.Э нь дээрх 2021 оны Б/20 дугаар захирамжийг эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 112/ШШ2022/0001 дүгээр шийдвэр гарч, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Говь-Алтай аймгийн ........... сумын Засаг даргын Тамгын газраас 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 70,000 төгрөг, 10 дугаар сарын 04-ний өдөр 3,666,181 төгрөг, 12 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 6,666,181 төгрөгийг Н.Э-ийн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалд тооцож олгосон байна. Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 6,666,181 /зургаан сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк, ТАЗ 1009000...... / буруутай албан тушаалтан У.О-ээс гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ГАА-ийн ЗД шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: У.О нь ...... сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2021 оны Б/20 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд ажиллаж байсан Н.Э-ийг ажлаас халах шийдвэрийг гаргасан бөгөөд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 112/ШШ2022/0001 дугаартай шийдвэрээр Н.Э-ийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нөхөн олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу Н.Э-т .......... сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалд 6,666,181 төгрөгийг тооцон олгож, төрд 6,666,181 төгрөгийн хохирол учирсан байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ гэж тус тус заасныг үндэслэн төрд учирсан 6,666,181 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийн тухайд: Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аймаг нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ гэж, 61 дүгээр зүйлийн 61.1-д Засаг дарга тухайн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харъяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна гэж тус тус заасан нь аймгийн Засаг дарга тухайн харъяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх, үүрэг бүхий төрийн төлөөлөгч юм. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо нь нийтийн эрх зүйн этгээд байна гэж, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн гэж, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө гэж тус тус заасан. Аймгийн Засаг даргыг Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20 дахь заалтад аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч байхаар заасан бөгөөд харьяалах нутаг дэвсгэртээ хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх төрийн төлөөлөгч буюу нийтийн эрх зүйн этгээд, төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төрд учирсан хохиролыг нэхэмжлэх эрхтэй байна. Иймд У.О-ээс төрд учирсан хохирол болох 6,666,181 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч У.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний бие 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажлаа өгсөн болно. Миний бие 2021 оны 02 дугаар сард Засаг даргын албан тушаалд томилогдоод үүрэгт ажлаа хүлээж аваад ажил үүргээ гүйцэтгэж явсан. Тухайн цаг хугацаанд ковидын хүнд нөхцөл байдалд залуу хүний хувьд сум орон нутгаа удирдан чиглүүлж ажиллаж байсан. Тамгын газрын дарга гэдэг албан тушаал Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд хамгийн тулга түшиг болдог албан тушаал байдаг. Хувийн амьдралдаа ч гэсэн хуулийг мөрдөж амьдардаг зарчимтай залуу хүн. Тухайн үед миний бие 2021 оны 11 дүгээр сарын 10-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Н.Э-тэй холбоотой шүүх хуралдаан 12 дугаар сарын 30-нд болсон байдаг. Би өөрийн гаргасан шийдвэрийг хамгаалах боломж байгаагүй гэж хувьдаа үзэж байна. Н.Э гэдэг хүнийг амралтын хугацаанд нь ажлаас чөлөөлсөн гэдэг зүйл яригдсан юм билээ. Миний тухайд 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сутай хайрханы тахилга наадамтай холбоотойгоор ........ сумын төрийн албан хаагчид бүгд амрах нөхцөлгүй цаг үед би тухайн хүний амраасан байна гэдэг нь боломжгүй асуудал. Тухайн албан хаагчдын ээлжийн амралтын асуудлыг өмнө нь ярилцаад шийдсэн байсан. Миний хувьд энэ зүйл дээр дотроо гомдолтой байдаг гэжээ.

 

4. Анхан шатны шүүх: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А овгийн У.О-ээс 6,666,181 (зургаан сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун наян нэг) төгрөгийг гаргуулж МУ-ын ТАЗ-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу МУ-ын ТАЗ нь хариуцагч У.О-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч У.О-ээс 121,609 /нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуун ес/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж ..... шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэргийн хариуцагч У.О-ийн өмгөөлөгч Ж.Д миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2023/00338 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талын нэхэмжилсэн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 6,666,181 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагчийн хувьд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Говь-Алтай аймгийн ......... сумын Засаг дарга байхдаа Тамгын газрын дарга Н.Э-ийг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд шүүх дээр ажлаас чөлөөлсөн маргаан хянан шийдвэрлэх хугацаанд У.О нь ....... сумын Засаг даргаас чөлөөлөгдөж өөрийн гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг хамгаалах боломж гараагүйгээс шүүхээс ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон байдаг. Анхан шатны шүүх хариуцагчийг хууль бус шийдвэр гаргасан энэ шийдвэрийнхээ хариуцлагыг өөрөө бүрэн хүлээнэ, мөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар хохиролыг төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Гэтэл У.О-ийн хувьд өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн ажилтныг зөрчил гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлсөн үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй чөлөөлсөн байх ойлголт бөгөөд хууль бусаар чөлөөлсөн гэж үзэхгүй. Төрийн албаны тухай хуулийн дээрх заалт нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 498 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалттай зөрчилдөж байх тул У.О нь Засаг даргын үүргийг гүйцэтгэж байхдаа бусдыг ажлаас чөлөөлсөн үйлдэл нь санаатай хэлбэрээр хууль зөрчиж гаргасан хууль бус үйлдэл биш бөгөөд шүүх хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож ажилтанг ажилд эгүүлэн тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг магадлаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                               ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.            

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна. 

Хариуцагч У.О нь ........ сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2021 оны Б/20 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд ажиллаж байсан Н.Э-ийг ажлаас халах шийдвэрийг гаргасан бөгөөд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 112/ШШ2022/0001 дугаартай шийдвэрээр Н.Э-ийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нөхөн олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийн дагуу Н.Э-т ...... сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалд 6,666,181 төгрөгийг олгосон  үйл баримт нь зохигчдын мэдүүлэгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нар нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 112/ШШ2022/0001 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу Н.Э-т ........... сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалд 6,666,181 төгрөгийг тооцон олгож, төрд 6,666,181 төгрөгийн хохирол учирсан байна. Төрд учирсан 6,666,181 төгрөгийн хохирлыг У.О-ээс гаргуулахаар шаарджээ.

Улмаар Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагчаас төрд учирсан 6 666 181 төгрөгийн хохирлыг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн үндэслэл бүхий байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2023/00338 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 121609 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.Б

                  ШҮҮГЧИД                            Ч.Э

                                                               Ц.О