| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 172/2020/0068/Э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2020-07-22 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 47
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Прокурор: А.Амгалан
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг
Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/71 дугаартай цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Б.Б-д холбогдох 1928001320128 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ам бүл 2, охины хамт оршин суух хаягтай боловч одоогоор тоотод оршин суух, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял шийтгэгдэж байсан,
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд цагдаагийн ахлах ахлагч Ч.Г-г албан үүргээ гүйцэтгэж байхад хэл амаар доромжлон, хүч хэрэглэж нүүрэн тус газарт нь цохиж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шүүх хуралдааны танхимаас суллаж, шүүгдэгч Б.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн шүүх хуралдаан болтол 21 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт холбогдуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий CD-1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэжээ.
Аймгийн Ерөнхий прокурор Н.Ганбат давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгасан гэж үзэж байна. Учир нь шүүхийн цагаатгах тогтоол нь хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Г-ийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгт: “....Миний цамцны захнаас барьж аваад боосон, зүүн мөр рүү цохиж авсан байгаа. Саатуулах байранд ороод хэл амаар доромжилсон. Хувцсаа тайл гэсэн шаардлага тавихад шаардлага биелүүлээгүй. Тэр үед нь би давхар утсаар бичлэг хийж байсан. Доошоо хараад байж байхад өмдөө тайлаад над руу шидсэн.
Намайг хараагүй байхад миний шанаа руу хүчтэй цохьсон.....Хувцсыг нь тайлаад эрүүлжүүлэх хугацаанд дахин мөр рүү хоёр удаа цохьсон. Камерыг нь солиод хойд талын камерт хийх хугацаанд гараараа миний уруул тус газарт цохьсон байгаа...”
2. Хохирогч, иргэний нэхэмжпэгч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “....Иргэн Б нь над руу хандаад пизда минь яасан юм бэ гээд над руу салаавч гаргаад цамцнаас бариад миний хоолойг цамцаар боож, зүүн талын мөр рүү нэг удаа цохиж авсан. Иргэн Б-ийг саатуулах байранд оруулаад та хувцсаа тайл гэсэн хууль ёсны шаардлага тавихад Б нь салаавч гаргаад өмдөө тайлаад над руу өмдөө хөлөөрөө шидсэн, мөн намайг саатуулах байрны жижүүрийн ширээний хажууд доош тонгойгоод зогсож байхад баруун гараараа миний зүүн талын шанаа руу нэг удаа цохиж авсан. Тэгээд Бийг саатуулах байрны камерт хийх явцад баруун гараараа миний баруун талын мөр лүү 1 удаа цохиж авсан. Иргэн Б.Б-ийг эрүүлжүүлэх байрны саатуулах камерт хийгээд хаалгыг нь цоожилж байхад сараалжин төмрийн завсраар гараа гаргаж миний нүүрэн тус газар дахин нэг удаа цохиж авсан юм. Тэгээд камерт байх үедээ пизда, гөлөг, гичий гэх мэт үгээр олон удаа харааж зүхсэн. Мөн миний нүүр рүү нулимсан. Мөн чамайг алчхаад чиний эхнэрт боовоо амтлуулна гэх мэтээр доромжилж байсан. Мөн эмч Э-ыг миний боовыг хөх гэх мэтээр доромжилж байсан юм...” /хх-ийн 14-15 дугаар хуудаст/
3. Гэрч С.Э-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “....Ахлах ахлагч Ч.Г иргэн Б-ийг драгерь багажаар согтолтын зэргээ тодорхойлуулахыг шаардсан боловч хэл амаар доромжилж, салаавч гаргасан. Ахлах ахлагч Ч.Г иргэн Б-ийг хувцсаа тайл гэж хэлэхэд Б Г-ийн өөдөөс салаавч гаргаад пизда лалар минь, чи зүгээр байсан хүний хувцсыг тайлуулах гэлээ гээд хашхичаад өмдөө тайлаад Г руу шидсэн. Тэгээд Г-ийн шанаа руу гараа зангидаж байгаад 1 удаа цохьсон.....Камерт оруулсны дараа намайг янхан, чи угаасаа янхан биз дээ миний боовыг хөх гэж доромжилсон. Б-ийг урд талын камерт оруулах гэтэл Г-ийн уруул руу цохиж нүүр лүү нь нулимсан. Мөн камер дотор шээсэн зэрэг асуудал гаргасан юм....” /хх-ийн 17 дугаар хуудаст/
4. Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “....Б нь саатуулах байрны жижүүрт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах ахлагч Ч.Г-г хэл амаар доромжилж улмаар нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж авсан юм. Ганзоригийг цохиж авсны дараагаар нь саатуулах байранд хийсэн юм...” /хх-ийн 18 дугаар хуудас/
5. Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 370 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "...Ч.Г-ийн биед зүүн мөрөнд цус хуралт, хүзүүнд арьсны өнгөц хэсгийн улайлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх-ийн 20 дугаар хуудаст/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө: “....Юу болсон талаар мэдэхгүй, би ухаангүй согтсон байсан юм. Тухайн үеийн асуудлыг бол би мэдэхгүй байна. Сүүлд бичлэг үзэхэд цагдаагийн албан хаагчийн биед халдсан асуудал гаргасан байсан...” гэж мэдүүлсэн ба хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч үгүйсгээгүй байна. /хх-ийн 26-27 дугаар хуудаст/. Шүүгдэгчийн цагдаагийн ажилтныг хүч хэрэглэж эсэргүүцсэн үйлдлийг бэхжүүлсэн баримт болох СD, цагдаагийн ажилтан Ч.Г-ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэгт хамаарахгүй боловч “зүүн мөрөнд цус хуралт, хүзүүнд арьсны өнгөц хэсгийн улайлт” зэрэг гэмтэл учирсныг нотолсон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 370 дугаар дүгнэлт зэргийг шүүх хуралдааны явцад шинжпэн судалж, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтаар шүүх үнэлж, хэргийг шийдвэрлэсэн.
Хавтаст хэрэгт цугларсан дээрх бүхий л нотлох баримтууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан, хүч хэрэглэсэн үйлдэл хийснээр.... төгсдөг” гэмт хэргийн шинжийг бүрэн нотолж байгаа бөгөөд энэхүү гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндэд заавал гэмтлийн зэрэгт хамаарах гэмтэл учирсан байхыг хуульчлаагүй болно.
Гэтэл шүүх энэ талаар дүгнэхдээ: “....шүүгдэгч Б.Б-ийн үйлдэлд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэм буруутай үйлдэл байгаа боловч энэхүү гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хохирол учирсан байх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна...” гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгон, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Шүүх цагаатгах тогтоолд хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий 6 иргэнээс гэрчийн мэдүүлэг аваагүй орхигдуулсан талаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон эсэх асуудал бөгөөд нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж нотлоогүй нь шүүгдэгчийн хийсэн үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэх, түүнд ял завшуулах үндэслэл болохгүй юм.
Иймд Б.Б-д холбогдох Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/71 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хохирогч Ч.Г давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүр цагдаагийн албан үүргээ гүйцэтгэж байхад Цагдаагийн ахмад Д.Б нь Б.Б-ийг саатуулах байранд авчирсан бөгөөд тухайн үед Б.Б нь согтууруулах ундааг нилээдгүй хэмжээгээр хэрэглэсэн байсан учраас би журмынхаа дагуу түүний согтолтын зэргийг нь тогтоож, биед нь ил харагдах гэмтэл байгаа эсэхийг шалгах зорилгоор драгерь үлээлгэж, хувцасаа тайл гэсэн шаардлагыг тавьсан юм.
Гэтэл Б.Б нь шууд л намайг хэл амаар доромжилон “чамайг би ална, чамайг алчихаад эхнэрт чинь боовоо амтлуулна” гэх мэтээр заналхийлж, зүй бус авир гарган албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагч миний бие эрх чөлөөнд халдаад зогсохгүй хэрэг шалгагдаж байх явцад надад хохирол төлбөрт 300000 төгрөг өгсөн мэтээр худал мэдүүлэг өгч намайг гүтгэж буйд туйлын гомдолтой байна.
Б.Б-ийн дээрхи үйлдэлд прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүхээс Б.Б-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасныг хохирогчийн зүгээс хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал:
Шүүх цагаатгах тогтоолынхоо үндэслэлд: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж тус тус хуульчилсан ба шүүгдэгч Б.Б-ийн үйлдэлд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэм буруутай үйлдэл байгаа боловч энэхүү гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хохирол учирсан байх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж үзэв. ...Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирсан байж гэмээнэ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрдүүлж, гэмт хэрэг мөн гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгох учир шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл байна гэж үзэж, шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх нь хуульд нийцнэ гэж үзэн, шүүгдэгчийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэлд нь зөрчлийн хэргийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэж үзэв гэсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд тухайн этгээд нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн үйлдэл хийснээр эсвэл хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэнээр л төгссөнд тооцох учир заавал шүүхийн цагаатгах тогтоолд дурьдсан шиг хууль сахиулагчийн эрүүл мэндэд хохирол учирсан байхыг хууль шаардахгүй байна.
Өөрөөр хэлбэл хуулинд “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хөнгөн гэмтэл учруулсан бол” гэж тусгайлан эрүүл мэндийн хохирлыг гэмт хэргийн шинж болгон хуульчилсан байсан бол анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гэж үзэх боломжтой хэдий ч энэхүү гэмт хэргийн хувьд заавал хохирогчийн эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байхыг шаардаагүй учир шүүхийн “хохирогчийн эрүүл мэндийг сарниулах гэмтэл учраагүй, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Б.Б-ийг цагаатгасныг зөвтгөх боломжгүй гэж үзэж байна.
Мөн шүүх цагаатгах тогтоолынхоо үндэслэлд: “...Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлгийг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгч байх боловч энэхүү хэргийн нөхцөлд тэрээр 1.57 хувийн согтолттой байсан болох нь ...тогтоогдож байх бөгөөд өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гэх үндэслэлээр түүнийг албадан эрүүлжүүлсэн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т зааснаар яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэв” гэсэн нь учир дутагалтай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тодорхой заасан бөгөөд Б.Б-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээсэн гэрч нарын мэдүүлгээр тухайн үеийн нөхцөл байдал буюу түүний үйлдэл давхар нотлогддогийг зайлшгүй анхаарч үзэх нь зүйд нийцнэ гэж бодож байна.
Иймээс миний бие Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/71 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, Б.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгуулах хүсэлтэй байна” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх" гэмт хэрэг нь хэдийгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаардаагүй ч манай үйлчлүүлэгч Б.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, тухайн үйлдэл нь гэмт хэрэг мөн эсэхийг тогтоож, нотолсон байх шаардлагатай.
Эрүүгийн хуулийн 1.7-р зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж тус тус хуульчилсан байдаг.
Манай үйлчлүүлэгч Б.Б-ийн үйлдлийг шалган тогтоохдоо яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь хавтаст хэрэгт нотолгооны тэнцвэрт байдал алдагдсан буюу цагаатгах талын нотлох баримт гэх зүйлгүй, хохирогчтой нэг ашиг сонирхолтой байж болох гэрчүүдийн /цагдаагийн алба хаагч нарын/ мэдүүлгийг үндэслэл болгож, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Өөрөөр хэлбэл яллах талаас нь мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж үзэхээр нөхцөл байдал ажиглагддаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно: 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл." гэж хуульчилсан. Б.Б хууль сахиулагчийг эсэргүүцэх үйлдэл яагаад гаргах болсон, нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг мөрдөн шалгах ажиллагааны үед шалган тогтоогоогүй, ач холбогдол өгч анхаараагүй, зөвхөн яллах байр сууринаас мөрдөн шалгах ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлтэй байдаг.
Тухайн үед манай үйлчлүүлэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй, ямар үйлдэл хийснээ огт санадаггүй. Тийм байдалтай үед нь хувь хүний нэр төрөө эрхэмлэх сэтгэлийг нь хөндөж, эрх, эрх чөлөөнд нь халдаж, олон хүн, эмэгтэй хүний өмнө энгийн иргэнээр утсаар бичлэг хийлгэж, бүх хувцсыг нь тайлуулж, улмаар хүч хэрэглэн дотуур хувцсыг нь тайлж, хэрцгий, хүн ёсоор хандаагүй болох нь камерын бичлэгээс тодорхой харагддаг.
Олон улсын хүний эрхийн билл”-ийн 5 дугаар зүйлд “Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй” гэж, мөн “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуулийн 7.3 дугаар зүйлд “Эрүүлжүүлэх байрны ажилтанд дараах зүйл хийхийг хориглоно: 7.3.3 дахь хэсэгт “үйлчлүүлэгч этгээдтэй хүнлэг бус харьцах” гэж хуульчилсан байдаг.
Б.Б-ийг албадан эрүүлжүүлэхдээ олон улсын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байхад энэ үйлдлийг нь хянан үзээгүй, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нь анхаарч үзээгүй гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ‘Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан байдаг.
Иймд “Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/71 дугаартай цагаатгах тогтоол” үндэслэлтэй гарсан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл, хохирогч Ч.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх гэмт хэргийн шинжийн талаар буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. ...Мөн нотлох баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй. Үйл баримтыг тогтоохдоо буруу дүгнэлт хийсэн. Өөрөө өөртэйгөө зөрчилдсөн дүгнэлтийг хийсэн.
Өмгөөлөгч И.Оюунгэрэлийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд гаргаж илэрхийлж байсан байр суурийг нь хавтаст хэргээс уншиж танилцсан. Гэм буруугийн талаар маргадгүй. Өөрөөр хэлбэл Цагдаад хүч хэрэглэж эсэргүүцсэн гэм буруутай үйлдэл хийсэн байна. Цагдаа хүнийг албадан эрүүлжүүлэхдээ журмаа баримтлаагүй, цагдаа өөрөө өөрийгөө хамгаалаагүй. Өөрийгөө удирдах чадваргүй хүн эсэргүүцэл үзүүлэх ийм шалтгаан болчихлоо гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. Эдгээр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэдэг үндэслэл болохгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдлийг цагаатгах үгүйсгэх няцаах үндэслэл болохгүй гэдгийг давж заалдах шатны шүүх онцгой анхаарч үзээч ээ гэж хэлмээр байна.
Мөн шүүх шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг зөрчлийн шинжтэй, гэмт хэргийн шинжгүй гэж дүгнээд байдаг. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан байх нэгт. Харин хоёрт төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан байх. Хамгийн сүүлийнх нь төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон гэж байгаа. Энэ нь Зөрчлийн тухай хуульд маш тодорхой зөрчлийн шинжүүдийг нь заагаад өгсөн байна. Өөрөөр хэлбэл шүүх төрийн албан хаагч хууль сахиулагчид хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл хийснийг Зөрчлийн тухай хуульд заасан энэ заалтад хамаатуулахгүй дүгнэлт хийснийг хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.
Шүүх Б.Б-ийн үйлдэлд хууль сахиулагчийг эсэргүүцсэн үү, эсэргүүцсэн. Албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн үү, хүч хэрэглэсэн. Мөн гэм буруутай гэж тогтоосон уу, гэм буруутай гэж тогтоосон үйлдэл байгаа боловч Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй байна гэж ийм буруу дүгнэлт хийсэн. Мөн энэ хуулийг буруу хэрэглэхэд нөлөөлсөн ийм зөрчил болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжүүдийг харахаар зөрчлийн шинжтэй байна. Эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй байна гээд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй нөхцөл байдлыг шаардаж гэмт хэргийн шинжгүй байна гэж цагаатгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй буруу байна гэж үзэж байна.
Цагдаагийн ажилтны барьж байсан утсыг аваад шидчихдэг. Цагдааг алчхаад эхнэрт нь чамд одоо тийм юм амтлуулна гээд хүний амнаас гарахааргүй ийм үгийг хэлж л байдаг. Өмдөө тайлаад өөдөөс нь шидэж байдаг. Цагдаагийн ажилтны өөдөөс нь нулимж байдаг. Ийм үйлдлүүд гаргасан хүмүүсийг гэмт хэргийн шинжтэй буруу үйлдэл гэж үзэж байгаагаас гадна энэ тал дээр цагдааг хамгаалж хуульчид бид хэн хэн нь хянамгай хандаж хэлэлцүүлэх ёстой гэж үзэж байгаа юм. Хууль тогтоогчид энэ талаас нь бодолцож үзэхээр зохицуулж өгсөн байхаа гэж бодож байна. Ийм дүгнэлтийг шүүх харгалзаж үзээд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг боловч миний үйлчлүүлэгч Б.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэмт хэргийн үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийг тогтоож нотолсон байх шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бол мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж үзсэний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж үзэж байсан. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн хуулийн зохицуулалт байгаа.
Манай үйлчлүүлэгчийн үйлдлийг шалган тогтоохдоо яллах, цагаатгах нөхцөл байдлыг нь эргэлзээгүй тогтооно гэсэн энэ хуулийн шаардлагыг биелүүлээгүй. Зөвхөн яллах талын нотлох баримтуудыг судлуулж хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг нь хараад үзэхэд бүгдийг нь яллах талын нотлох баримтыг үнэлсэн. Энэ нотлох баримтын тэнцвэртэй эргэлзээгүй байх нөхцөл байдлыг хангаагүй. Хохирогчтой хувийн ашиг сонирхолтой байж болохуйц Цагдаагийн алба хаагчдын мэдүүлгийг, гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгон миний үйлчлүүлэгчийг буруутгасан нь харагддаг.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих баримтуудыг орхисон. Б.Б-ийг хууль сахиулагчийг эсэргүүцэх үйлдэл яагаад гаргах болсон нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шалган тогтоогдоогүй байдаг. Энэ зүйлүүд дээр ач холбогдол өгөхөд анхаараагүй. Зөвхөн яллах байр сууринаас мөрдөн шалгах ажиллагааг явуулсан болох нь харагддаг юм. Тухайн үед манай үйлчлүүлэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн. Тухайн үед болсон үйл явдал ямар үйлдэл гаргаснаа санадаггүй. Тийм байдалтай байхад нь хувь хүний нэр төрийг эрхэмлэх сэтгэл, сэтгэлийн гүнд эрх чөлөөнд нь халдаж олон хүний нүдэн дээр, эмэгтэй хүний нүдэн дээр хамаг хувцсыг нь тайлаад, дотуур хувцсыг нь хүч хэрэглэн тайлж ийм зүй бус хэрцгий ёс бусаар манай үйлчлүүлэгчид хандсан болох нь камерын бичлэгээс тодорхой харагддаг.
Олон улсын хүний эрхийн биллийн 5 дугаар зүйлд хэнд ч эрүү шүүлт тулган, эсвэл хэнтэй ч хэрцгийгээр хүн ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах шийтгэх ёсгүй гэж заасан байдаг. Мөн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх хуулийн 7.3 дугаар зүйл дээр эрүүлжүүлэх байрны ажилтанд дараах зүйл хийхийг хориглоно гээд энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нь үйлчлүүлэгч этгээдтэй хүнлэг бус харьцахыг хориглоно гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Эдгээр Олон улсын хүний эрхийн билл болоод энэ хуулийг зөрчсөн үйлдэл ажиглагддаг. Тиймээс энэ анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Тиймээс прокурорын эсэргүүцэл, хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн гомдол, эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна. Иймээс энэ гомдол, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Нэмж хэлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлөөс нь хамаараад Б.Б-ийн үйлдэл бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг биш юм гэдэг байдлаар тайлбарлаж байна. Тэгэхээр хэрэгт авагдсан материал, баримт бол өөр. Бичлэгийг шинжлэн судлаад үзэх юм бол тухайн үед хувцсаа тайл гэсэн шаардлагыг тавьсан байхад хувцсаа тайлаад шийдээд, хохирогчийг цохиод энэ бүх үйл явдал болсны дараа тэр дотуур хувцас тайлах үйл ажиллагаа явдаг болохоос биш дотуур хувцас тайлах болсноос болоод энэ хүч хэрэглэсэн үйлдэл гараад байгаа биш шүү гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан баримтыг бүхэлд харьцуулж шинжлэн судлаад үзэх юм бол шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Тиймээс энэ асуудлыг давж заалдах шатны шүүх дээр зөвтгөх боломжгүй учраас зайлшгүй дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагатай гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Ганбатын бичсэн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай эсэргүүцэл, хохирогч Ч.Г-ийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэрийг хянахад “...шүүгдэгч Б.Б-ийн үйлдэлд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэм буруутай үйлдэл байгаа боловч энэхүү гэм буруутай үйлдлийн улмаас “хохирогчид хохирол учирсан байх” гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж үзэв”, “яллах дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч нь хохирогчийн эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд нь халдсан талаар дүгнэж бичсэн байх бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндийг сарниулах гэмтэл учраагүй, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 370 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.Г-ийн биед зүүн мөрөнд цус хуралт, хүзүүнд арьсны өнгөц хэсгийн улайлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй /хх-20/ гэснээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирсан байж гэмээнэ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрдүүлж, гэмт хэрэг мөн гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгох учир шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэв”, “...шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх нь хуульд нийцнэ гэж үзэн, шүүгдэгчийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэлд нь зөрчлийн хэргийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэж үзэв” /хх-190-191/ гэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлж болохуйц ноцтой зөрүүтэй байх тул цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа цагдаагийн албан хаагч Ч.Г-оос хохирогчийн мэдүүлэг, цагдаагийн албан хаагч Д.Б, С.Э нараас гэрчийн мэдүүлэг авснаас өөр мэдүүлгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичлэгээс үзэхэд тухайн хэргийн нөхцөлд цагдаагийн албан хаагчдаас гадна арван энгийн иргэн гэмт хэрэг гарсан гэх эрүүлжүүлэх байрны хүлээн авах хэсгээр орж, гарах, дамжин өнгөрөх үйлдэл хийх ба эдгээрээс 6 иргэн нь шүүгдэгч Б.Бийг эрүүлжүүлэх байранд орж ирэхээс эхлэн эрүүлжүүлэх тусгаарлах өрөө рүү шилжих хүртэл хугацаанд хамт байж, тодорхой үүрэг гүйцэтгэн оролцож байгаа байдал тогтоогддог”, “...хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий дээрх 6 иргэнээс гэрчийн мэдүүлэг аваагүй орхигдуулж, улмаар ашиг сонирхол нэгтэй гэж үзэж болохоор цагдаагийн алба хаагчдаас гэрчийн мэдүүлэг авч, улмаар шүүгдэгчийг яллах талын нотлох баримт болгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдлыг тогтоох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэхгүй байна гэж үзэв” гэсэн дүгнэлтүүд /хх-192/, дээд шатны прокурорын эсэргүүцэлд “Шүүх цагаатгах тогтоолд хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий 6 иргэнээс гэрчийн мэдүүлэг аваагүй орхигдуулсан талаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон эсэх асуудал бөгөөд нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж нотлоогүй нь шүүгдэгчийн хийсэн үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэх, түүнд ял завшуулах үндэслэл болохгүй юм” гэж бичсэн /хх-199/, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн “Манай үйлчлүүлэгч Б.Б-ийн үйлдлийг шалган тогтоохдоо яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн тайлбар /хх-204/ зэргээс дүгнэхэд мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг нотлоогүй буюу шүүхийн шийдвэр эргэлзээтэй гарсан. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж хэргийг прокурорт буцаахаар тогтов.
Иймд “Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/71 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/71 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Б-д холбогдох 1928001320128 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцаасугай.
3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Ш.ТӨМӨРБААТАР