Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0020

 

 Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Т.А-ийг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Ховд сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.А , хариуцагчийн төлөөлөгч Б.М , гуравдагч этгээд Т.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.А  нь 1989 онд Улаанбаатар хотын Цэцэрлэгийн багшийн сургуулийг хүмүүжүүлэгч багш мэргэжлээр төгссөн 1989 оны 09 сарын 01-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын цэцэрлэгт цэцэрлэгийн ахлах бүлгийн ангийг дааж аваад багшаар ажилласан. 1995 он хүртэл Эрдэнэбүрэн сумын цэцэрлэгт багшаар ажиллаж байх хугацаандаа Ховд сумын иргэн Хурамхантай гэр бүл Ховд суманд шилжээд Ховд сумын Цэцэрлэгт цэцэрлэгийн багшаар ажилласан. 2007 онд Ховд аймгийн Боловсрол соёлын газрын цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад орж тэнцээд 2007 оны 10 сарын 15-ны өдрөөс 2017 оны 01 сарын 03-ны өдөр хүртэл Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж ирсэн. Би анх ажил авахдаа 2 бүлэгтэй 6 ажилтантай байсан нь өргөжөөд 2 бүлэг 17 ажилтантай болтол нь өргөжүүлсэн. 2010 онд Тогтвортой амьжиргаа 2 төсөл бичиж хүүхдийн тоглох тоглоом, багш нарын ширээ сандал, коридорыг хивстэй болгосон. 2011 онд дотоод нөөц бололцоогоо ашиглаж хүүхдийн эрүүл мэндэд сайн цэцэрлэгийг сүүн гэрэлтэй болгосон. 2012 онд Тогтвортой амьжиргаа төсөл бичиж цэцэрлэгийн гадна талд хүүхдийн тоглоомын талбай байгуулсан. Энэ хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.

 Гэтэл Ховд аймгийн Засаг дарга 2017 оны 01 сарын 03-ны өдөр Т.А-ийг “Ажлаас чөлөөлөх тухай” Б/02 дугаартай Захирамж гаргаж намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтаар Боловсрол соёл урлагийн газраас ирүүлсэн саналыг үндэслэсэн байна. Би Боловсрол, соёл, урлагийн газар болон аймгийн засаг даргад хүсэлт гаргаагүй. Эрхэлж буй албан тушаалаас чөлөөлөгдөхөөр хэлэлцэн тохироогүй, харин Боловсрол соёл, урлагийн газрын дарга Пүрэвхүү намайг дуудаж уулзаад -Цаг төр ийм болсон, Т.А  гэх хүнд ажлыг чинь өгнө гэж хэлэхэд би ажлаа өгөхгүй, би алдаа дутагдал гаргаагүй гэж хэлээд Ховд сум руу буцсан.

Т.А  нь Ховд суманд ажлаа хийж байтал Ховд сумын Засаг даргын тамгын газраас дуудаад та ажлаа өг таныг ажлаас чөлөөлсөн Б/02 дугаартай Захирамж гарсан гэхээр нь Боловсрол, соёл урлагийн газрын дарга Пүрэвхүүтэй очиж уулзахад -Чи битгий новшроод бай гэхээс өөр юу ч хэлээгүй. Аймгийн Засаг даргын орлогч Уранчимэгтэй уулз гэхэд би уулзахгүй шүүхэд хандана гэж ойлгомжтой хэлээд явсан. 2017 оны 01 сарын 07-ны өдөр Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Пүрэвхүү, орлогч дарга Уранчимэг, Ховд сумын засаг даргын тамгын газрын дарга Өнөрхан зэрэг хүмүүс Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажил хүлээлцсэн.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсхүл сум дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга ….  тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэсний дагуу 2017 оны 02 сарын 14-ний өдөр Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондог руу, 2017 оны 02 сарын 07-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл рүү тус тус гомдол гаргасан боловч 2017 оны 03 сарын 14-ний өдөр Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Ганболд нь гомдлын хариуг хамтад нь ирүүлсэн.

Би Ховд аймгийн Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг өгөхөөр ямар ч албан тушаалтанд хүсэлт гаргаагүй, хэлэлцэн тохиролцоогүй байтал үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Иймд 2017 оны 01 сарын 03-ны Ховд аймгийн Засаг даргын Т.А-ийг “Ажлаас чөлөөлөх тухай” Б/02 дугаартай Захирамжийг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Ховд аймгийн Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.А  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2007 оны 10 дугаар сарын 15-наас 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан. 207 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр намайг ажил дээрээ байхад  Цэцэрлэгийн эрхлэгчийн ажил үүргээс чөлөөлсөн Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай  захирамж ирсэн.  Ингээд миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй, мөн би ажлаа өгөх тухай ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй байтал тус Засаг даргын захирамжид өөрийн хүсэлтээр гэж бичсэн байсан тул би шүүхэд хандсан.

 Би анх ажил авахдаа 2 бүлэгтэй 6 ажилтантай байсан нь өргөжөөд 2 бүлэг 17 ажилтантай болтол нь өргөжүүлсэн. 2010 онд Тогтвортой амьжиргаа 2 төсөл бичиж хүүхдийн тоглох тоглоом, багш нарын ширээ сандал, коридорыг хивстэй болгосон. 2011 онд дотоод нөөц бололцоогоо ашиглаж хүүхдийн эрүүл мэндэд сайн цэцэрлэгийг сүүн гэрэлтэй болгосон. 2012 онд Тогтвортой амьжиргаа төсөл бичиж цэцэрлэгийн гадна талд хүүхдийн тоглоомын талбай байгуулсан.

Гэтэл ямар ч шалтгаангүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөнд гомдолтой байна. Би Боловсрол, соёл, урлагийн газар болон аймгийн засаг даргад хүсэлт гаргаагүй. Эрхэлж буй албан тушаалаас чөлөөлөгдөхөөр хэлэлцэн тохироогүй, харин Боловсрол соёл, урлагийн газрын дарга Пүрэвхүү намайг дуудаж уулзаад -Цаг төр ийм болсон, Т.А гэх хүнд ажлыг чинь өгнө гэж хэлэхэд би ажлаа өгөхгүй, би ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаагүй, иймд би шүүхэд хандана гэж хэлж, улмаар шүүхэд хандсан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.А-ийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг гардан аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан эрхийнхээ дагуу бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргалаа.

Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас нэхэмжлэгч Т.А-ийг Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлж уг албан тушаалд Т.А-ыг томилуулахаар санал ирүүлсэн Ингэхдээ Т.А-ийг тухайн цэцэрлэгт нь багшийн ажлын байраар ханган ажиллуулах нөхцөлтэйгөөр хэлэлцэн тохирч, ажлаас чөлөөлөх боллоо, аймгийн боловсрол, урлагийн газраас тайлбар ирүүлснээр 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг гаргасан. Аймгийн Засаг даргын захирамжид Т.А-ийг ажлын байраар хангуулахаар Ховд сумын цэцэрлэгийн мэдэлд шилжүүлсүгэй” гэсэн нь түүнтэй харилцан тохирсны давхар нотолгоо юм.Нэхэмжлэгч Т.А-ийг ажлаа хүлээлгэн өгмөгц тухайн цэцэрлэг нь багшаар томилж. эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу өдийг хүртэл ажиллуулж байгаа түүнтэй хэлэлцэн тохирсных юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтын Т.А-ийн аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Боловсролын тухай хуулиараа боловсролын байгууллагаас санал ирүүлсний үндсэн дээр дээрх томилгоо явагддаг байгаа. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Ховд аймгийн Ховд сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд Т.А-ийг чөлөөлж, Т.А-ыг томилох тухай саналыг аймгийн Засаг даргын тамгын газарт бичгээр ирүүлсэн. Тус саналд Т.А-ийг Цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж тус цэцэрлэгийн багшийн ажилд ажиллуулах нөхцөлтэйгөөр тохиролцсон үндсэн дээр дээрх саналыг хүргүүлсэн, мөн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга өөрөө ирж тайлбар өгсний үндсэн дээр тус Засаг даргын захирамж гарсан.

Бид нэхэмжлэгчтэй урьд нь ярьж тохиролцсон зүйл байгаа. Энэ хүн тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаа хүлээлгэж өгөөд өнөөдрийг хүртэл тус цэцэрлэгч багшийн орон тоонд ажиллаж цалин хөлсөө авч байгаа. Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, мөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас тус шүүхэд тайлбар ирүүлсэн байгаа. Тус тайлбараар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр тус захирамжийг гаргасан. Нэхэмжлэгчийн сая хэлсэн тайлбар дээр нэмж хэлэхэд зөрчил гаргасан талаар эсрэг байр суурьтай байгаа. Ховд аймгийн Аудитын газраас хийсэн шалгалтаар тус цэцэрлэг төсвийг зориулалтын бусаар ашигласан гээд нийт 31000000 төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн байдаг. Гэтэл бид энэ хүний эрхийн хүрээнд ажлаас нь халж эрхийг зөрчилгүй ажилтай үлдээж уг асуудлыг шийдсэн. Шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд уг асуудлыг шийдэхэд манай зүгээс тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй гэв.

Гуравдагч этгээд Т.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т.А Ховд сумын Дунд ус багт нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. 1999 онд Ховд сумын 10 жилийн сургуулийг төгсөж улмаар 1999 онд Баян-Өлгий аймгийн Багшийн коллежийн сургуульд орж 2002 онд Бага ангийн багш мэргэжлээр төгссөн. Ховд сумын хүүхдийн цэцэрлэгт ахлах бүлгийн ангийг 2005 оны 09 сарын 21-нд дааж аваад багшаар ажилласан ба 2017 он хүртэл тасралтгүй 12 жил ажиллаж байх хугацаандаа Архангай аймгийн бага ангийн багшийн бакалавр зэргийг 2008 онд, СӨБ-ийг Цэцэрлэгийн багш мэргэжлээр 2013 тус тус суралцаж төгссөн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа гаргаж байгаагүй, бага насны хүүхдүүдийн авьяасыг нээн илрүүлж хэд хэдэн удаа амжилт гаргаж байсан.

Т.А  тухайн үед өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа гэснийг сонссон. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар болон аймгийн МХГ-ын удаа дараагийн шалгалтаас байнга дутагдал, зөрчил гаргаж засал авахгүй байсан. Т.А  өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа гэж ойлгосон. Багш ажилчдыг үнэлж, дүгнэж, урамшуулж байгаагүй, эцэг, эхчүүд ч бас Т.А-д дургүй байсан.

Аймгийн Засаг даргын орлогч болон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, сумын Засаг даргад зөвшилцөж надад санал болгосноор миний бие цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах болсон. Миний хүсэлтийг хүлээн авч 2017 оны 01 сарын 03-ны өдөр Аймгийн Засаг даргын захирамжаар тус сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг 2017оны 01 сарын 09-ны өдөр хүлээж авсан ба одоогоор хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэж байна. Т.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн үндэслэл дээр санал нийлэхгүй байна. Аймгийн Засаг даргын орлогч болон аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргатай тохирсны дараа аймгийн Засаг даргын шийдвэр гарангуут хэлсэн үгнээс ухарч байгаа нь бодлогоор санаатай хийсэн байна гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Т.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Засаг даргын орлогч болон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, сумын Засаг даргатай зөвшилцөж надад санал болгосноор миний бие Ховд аймгийн Засаг даргын захирамжаар Ховд аймгийн Ховд сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдсон. Т.А  нь тухайн үед аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Пүрэвхүүтэй тохиролцсоны үндсэн дээр ажлаа өгсөн гэж сонссон. Мөн Т.А нь өмнө нь 2015 оны 4 сард МХГ-аас шалгалт хийж төсвийг зориулалтын бусаар зарцуулсан гэж 30000000 төгрөгийн акт тавиулж, тухайн шалгалтаа муу үнэлгээ авч, хүүхдүүдийн эцэг эхээс муу ажиллаж байна гэж гомдол ирсний дагуу би сумын Засаг даргад хэлж байсан гэв

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасан байдаг. Гэтэл аймгийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгч Т.А-ийн 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнээгүй гэж хариуцагч талаас хэлж байна. Мөн Боловсрол, соёл, урлагийн газраас ямар нэгэн санал ирүүлээгүй, албан тоотын дагуу Т.А-ийг чөлөөлсөн байна. Т.А  нь Пүрэвхүү даргатай уулзахад тэр хүн Т.А-ийг чи битгий новшроод байгаарай, ажлаа яаж авсан тэр шигээ хүлээлгэж өг гэж дарамталсан байдаг. Ингээд миний үйлчлүүлэгч надтай ирж уулзахад би тухайн үед нь багшийн ажлаа хийж бай гэж хэлсэн. Хэрэв ажил хийхгүй бол 2 оюутан хүүхэд нь төлбөрийн асуудлаас болж 1 жилийн чөлөө авах асуудал үүсэх байсан. Энэ хүн нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа олон ажлыг хийж бүтээж байсан ба ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.

Захирамжийн маргаад байгаа гол асуудал нь хүсэлтийг үндэслэн гэж заасан байдаг. Гэтэл Т.А нь тухайн үед ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад яагаад хүсэлтээр гэсэн нь асуудал үүсгэж байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар авагдсан аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай захирамж, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын албан тоот, үр дүнгийн гэрээ зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 334.2 –д /нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ/ зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Т.А нь тус шүүхэд “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 1 сарын 03-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хэргийн оролцогчдоос гаргасан нэмэлт тайлбар зэрэгт үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Т.А -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх хүсэлт гаргаагүй байхад хүсэлтийг үндэслэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой гэж маргаж, хариуцагчаас ажлаас чөлөөлөх үндэслэлийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг Боловсрол, соёл урлагийн газраас нэхэмжлэгчтэй  амаар хэлэлцэж тохиролцсоны дагуу бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлана.

Нэхэмжлэгч Т.А  шүүх хуралдаанд тайлбарлахдаа[1] “Боловсрол,соёл урлагийн газрын М.Пүрэвхүү намайг дуудаж уулзаад ажлаа өг, ажлыг чинь Т.А-д өгнө гэж хэлэхэд би алдаа дутагдал гаргаж байгаагүй ажлаа өгөхгүй гэж хэлсэн.” гэж, Боловсрол,соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Пүрэвхүүгээс шүүхэд ирүүлсэн тайлбарт[2] “Тус сумын Засаг дарга Ш.Ерболатаас цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхээс гомдол ирсний дагуу засаг даргын тамгын газраас ажлын хэсэг гарган ажилласан ажлын дүгнэлтийг Боловсрол,соёл урлагийн газарт ирүүлж арга хэмжээ авч ажиллахыг хүссэн албан бичиг ирүүлсэн юм. Уг ажлын хэсгийн дүгнэлтийн хүрээнд дуудаж уулзан асуудлыг тодруулсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргавал ажлаас халагдаж мэдэхээр байгаа болохоор “өөрийн хүсэлтээр” гэсэн үндэслэлээр чөлөөлье, өргөдлөө өгөөрэй гэсэн юм.” гэжээ.

Ховд сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 23-ны өдрийн А/230 дугаар захирамжаар[3] Ховд сумын хүүхдийн цэцэрлэгт 2016 оны 12 дугаар сарын 21-нд хүүхдүүд хоолны хордлого авсан байж болзошгүй тухай мэдээллийн мөрөөр шалгалт хийх ажлын хэсгийн томилжээ. Ажлын хэсэг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шалгалтын дүнг илтгэх хуудсаар  танилцуулсан байх ба уг илтгэх хуудсанд дурдсанаар ажлын хэсгээс тус цэцэрлэгт 11 ажлыг даалгаж, 5 санал, дүгнэлтийг гаргасан байх ба уг илтгэх хуудсыг Ховд сумын Засаг даргаас аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар албан тоот  бичгээр[4] хүргүүлсэн байна.

Гэтэл Ховд сумаас хүүхдийн цэцэрлэгт хийсэн шалгалтын дүнгийн талаар илтгэх хуудсыг Боловсрол соёл урлагийн газарт хүргүүлээгүй байхад Боловсрол, соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Пүрэвхүүгээс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 440 дүгээр албан бичгээр[5] аймгийн Засаг даргад  Т.А-ийг ажлаас чөлөөлөх саналыг хүргүүлсэн байх тул хүүхдийн цэцэрлэгт хийсэн шалгалтын дүн нь Т.А-ийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Уг албан бичигт Т.А-ийг ажлаас чөлөөлөх үндэслэлийн талаар дурдаагүй байхад аймгийн Засаг дарга Боловсролын тухай хуулийн 30 дугаар 30.1.15-д заасан “санал” гэж үзэж хүлээн авч Т.А-ийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Боловсролын тухай хуулийн 30 дугаар 30.1.15-д “.....Аймгийн Засаг дарга нь аймгийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймгийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гэжээ.

Эндээс үзвэл цэцэрлэгийн эрхлэгчийг ажлын үр дүн буюу үр дүнгийн гэрээний хэрэгжилтээс хамаарч боловсролын газрын саналыг үндэслэн ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхээр байна.

Нэхэмжлэгч Т.А-ийн хувьд ажлаас чөлөөлсөн үндэслэл нь ажлын үр дүнтэй холбоогүй “ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” үндэслэл байх тул энэ тохиолдолд дээрх хуулийн заалтыг хэрэглэхээргүй байна.  

“Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт” гаргах нь тухайн хүний хүсэл зоригтоос хамаарах бөгөөд уг хүсэлтээ бичгээр гаргаж баталгаажуулсан байхыг шаардана. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргаагүй талаар талууд маргаагүй ба энэ талаар амаар хэлэлцэж тохиролцсон гэх хариуцагчийн тайлбар нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг батлах хангалттай үндэслэл болж чадахгүйг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ховд сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас   чөлөөлөгдсөний дараа тус цэцэрлэгт багшаар ажиллаж болсон нь маргаан бүхий актын талаар маргах эрхийг хязгаарлахгүй бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс тус ажилд ажиллах болсон тул цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй болохоо тайлбарласныг тэмдэглэж байна. 

Иймд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч Т.А-ийн Үндсэн хууль бусад хуульд заасан хөдөлмөрлөх эрх болон төрийн албан хаагчийн холбогдох баталгаа зөрчигдсөн гэж дүгнэж, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр  сарын 03-ны өдрийн “Т.А-ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, Т.А-ийг Ховд аймгийн Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй байна гэж үзлээ.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр  сарын 03-ны өдрийн “Т.А-ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, Т.А-ийг Ховд аймгийн Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНГЭРЭЛ

 

[1] шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2]  хх –ийн 54 дэх тал

[3]  хх-ийн 65 дахь тал

[4]  хх-ийн 69 дэх тал

[5]  хх-ийн 43 дахь тал