Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 221/MA2017/0532

 

 

 

 

2017 оны 07 сарын 25 өдөр             Дугаар 221/МА2017/0532          Улаанбаатар хот

 

Т.Амангелдийн нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай                                                                                    

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, Т.Амангелдийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын давж заалдах гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн “Т.Амангелдийг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, Т.Амангелдийг Ховд аймгийн Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат давж заалдах гомдолдоо: “Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасан эрхийнхээ дагуу Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Учир нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад буруу дүгнэлт хийж, хэргийн оролцогчдын хүсэл зоригоос зөрүүтэй шийдэл гаргалаа. Аймгийн Засаг даргын захирамжаар Т.Амангельдыг тухайн цэцэрлэгт нь багшийн ажлын байраар ханган ажиллуулах нөхцөлтэйгөөр хэлэлцэн тохирч, Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгчээс чөлөөлсөн. Захирамжид "Т.Амангельдыг ажлын байраар хангуулахаар Ховд сумын цэцэрлэгийн мэдэлд шилжүүлсүгэй" гэсэн нь түүнтэй харилцан тохирсны нотолгоо. Иймдээ ч нэхэмжлэгч Т.Амангельдыг цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаа хүлээн өгсөн тэр даруйд нь багшаар томилон ажиллуулсан. Тэрээр өөрийн сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж, багшийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, одоог хүртэл ажиллаж байна. Хэргийн оролцогч талуудын хүсэл зориг, харилцан тохирсон шийдэл, бодит нөхцөл байдалд үл нийцэх шийдвэрийг анхан шатны шүүх гаргалаа. Иймд Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Амангельдын Ховд аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт бичилтийн алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.

Хариуцагч нь тус нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон нөхцөл шаардлагыг “...аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 440 дүгээр албан бичгээр[1] “... Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгч Төлөвхан Амангелд ажлаас нь чөлөөлж, тухайн цэцэрлэгт нь багшаар ажиллуулах нөхцөлтэйгээр хэлэлцэх тохирсон, оронд нь Т.Айнашханыг томилуулахаар санал ирүүлсэн......” гэж тайлбарласан байх бөгөөд тэрээр маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг “Боловсролын тухай хуулийн 30 дугаар 30.1.15” гэж тодорхойлжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 24.1.3-д “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан”, Боловсролын тухай хуулийн 30 дугаар 30.1.15-д “Аймгийн Засаг дарга нь аймгийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймгийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд өөрөө хүсэлт гаргасан байх түүнчлэн бусад хуульд өөрөөр заагаагүй байх тохиолдолд эрх бүхий этгээд нь тухайн төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх тухай шийдвэр гаргахаар байна. Харин энэхүү маргааны тохиолдолд боловсролтой холбоотой нийгмийн харилцааг тусгайлан зохицуулсан Боловсролын тухай хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр “үр дүнгийн гэрээний хэрэгжилт, түүнчлэн аймгийн боловсролын газрын санал”-д тус тус үндэслэсэн байх шаардлага тавигдсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл хариуцагч нь маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж шийдвэрлэхдээ тус аймгийн Боловсрол соёлын газраас ирүүлсэн “...Эрхэлж буй албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр хэлэлцэн тохирч, хүсэлт гаргасан ...” гэх санал нь бодитой эсэхийг нягтлан шалгаагүйгээс гадна нэхэмжлэгч Т.Амангелдийн 2016 оны үр дүнгийн гэрээ хэрхэн хэрэгжсэн талаар үнэлж дүгнэн, улмаар ажилтны өөрийнх нь санал болон үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргах байтал эдгээр шаардлагыг хангаагүйн улмаас маргаан бүхий акт нь дээр дурдсан Боловсролын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасан төрийн албаны үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд тус тус нийцээгүй, хууль бус болжээ. Хуульд нийцээгүй тус актын улмаас нэхэмжлэгч Т.Амангелдийн хууль бус үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөхгүй байх эрх зөрчигдсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Т.Амангелдийг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд ... түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:”, 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-т Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заана”, 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус зааснаас үзвэл ажилтныг ажил албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр нь тухайн захиргааны актыг гаргах шаардлага бүхий нөхцөл байдал бодитоор бий болсон байх ёстой байтал энэхүү маргааны хувьд төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг үнэлж, дүгнэн шийдвэрт тусгаагүй, боловсрол соёлын газрын бодитой бус саналд үндэслэсний улмаас нэхэмжлэгчийн эрхийг хууль бусаар хязгаарласан байх тул маргаан бүхий акт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.

Түүнчлэн захиргааны эрх бүхий албан тушаалтан нь захиргааны актад хууль зүйн болон тус актыг гаргах болсон бодит шаардлага  үндэслэлийг тодорхой тусгасан байх шаардлагатай. Захиргааны актад бодит нөхцөл шаардлага, хууль зүйн үндэслэл тодорхой тусгагдаагүй байх нь актын үйлчлэл чиглэгдсэн этгээдээс тус актыг үгүйсгэж няцаах, маргах, эрхээ хамгаалуулах боломжийг алдагдуулах, маргаан гарсан тохиолдолд шийдвэр гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн актын үндэслэл, шаардлагыг өөрийн дураар нэмж тайлбарлах боломжтой болох сөрөг үр дагавартай.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн маргаан бүхий Б/02 дугаар захирамжид нэхэмжлэгч Т.Амангелдыг зөрчил, дутагдал гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж шаардлага үндэслэлийг тодорхойлон заагаагүй, харин “Т.Амангелд өөрөө төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, чөлөөлөгдөх талаар хэлэлцэн тохирсон” гэж түүнийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийг тодорхойлсон байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлага, маргаан бүхий актын хүрээнд “нэхэмжлэгч ажлаасаа чөлөөлөгдөхөөр хэлэлцэн тохирч, хүсэлт гаргасан гэсэн нь бодитой эсэх, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас ирүүлсэн санал нь үндэслэлтэй эсэх, цэцэрлэгийн эрхлэгчийн ажил албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргахад хамаарах хуулийн зохицуулалтад нийцсэн эсэх, тус захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн нь зүйтэй байх тул  хариуцагчийн “...Ховд аймгийн Аудитын газраас хийсэн шалгалтаар тус цэцэрлэг төсвийг зориулалтын бусаар ашигласан гээд нийт 31000000 төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн ... бид халж эрхийг зөрчилгүй ажилтай үлдээж, эрхлэгчийн ажлаа хүлээн өгсөн даруйд нь багшаар томилон ажиллуулсан ...багшийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж одоо хүртэл ажиллаж байгаа... ” гэх тайлбар, гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “эгүүлэн томилсугай” гэж  бичиглэлийн хувьд алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “эгүүлэн томилсугай.” гэснийг “эгүүлэн тогтоосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                              

             ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР                            

               ШҮҮГЧ                                                        О.НОМУУЛИН

    ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ