Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 337

 

Т.А-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, Т.А-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0532 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Т.А-ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, Т.А-ийг Ховд аймгийн Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0532 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “эгүүлэн томилсугай.” гэснийг “эгүүлэн тогтоосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасан эрхийнхээ дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0532 дугаар магадлал зэргийг эс зөвшөөрч “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ. Анхан, давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон дээрх журмыг зөрчиж, хэргийн оролцогчдын тайлбар, аймгийн Боловсролын газрын санал, нэхэмжлэгч Т.А-ийн багшийн ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй.

Аймгийн Засаг даргын захирамжаар Т.А-ийг тухайн цэцэрлэгт нь багшийн ажлын байраар ханган ажиллуулах нөхцөлтэйгээр хэлэлцэн тохирч, Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгчээс чөлөөлсөн. Захирамжид “Т.А-ийг ажлын байраар хангуулахаар Ховд сумын цэцэрлэгийн мэдэлд шилжүүлсүгэй” гэсэн нь түүнтэй харилцан тохирсны нотолгоо. Үүнийг ч нэхэмжлэгч үгүйсгэхгүй байгаа.

Иймээс нэхэмжлэгч Т.А-ийг цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаа хүлээн өгсөн тэр даруйд нь багшаар томилон ажиллуулсан. Тэрээр өөрийн сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж, багшийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, одоог хүртэл ажиллаж байна. Хэргийн оролцогч талуудын хүсэл зориг, харилцан тохирсон шийдэл, бодит нөхцөл байдалд үл нийцэх шийдвэрийг анхан, давж заалдах шатны шүүхүүд гаргалаа.

Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, Т.А-ийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримт, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд зөв дүгнэлт хийн, холбогдох хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалт, Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас ирүүлсэн саналыг үндэслэн Т.А-ийг “эрхэлж буй албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр хэлэлцэн тохирч, хүсэлт гаргасан” гэсэн үндэслэлээр Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Т.А нь дээрх Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гарган, “...өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад хууль бусаар ажлаас халсан, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга дуудаж уулзаад цаг төр ийм болсон, ажлыг чинь Т.Ай-д өгнө гэсэн” гэж маргасан байна.

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас чөлөөлөхдөө үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөхөөр, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т төрийн албан хаагч өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол чөлөөлөх үндэслэлийг тус тус заажээ.

Төрийн албаны тухай хуульд заасан “өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэдгийг албан хаагч эрх бүхий этгээдийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр бичгээр хүсэлт гаргасан байхыг ойлгохоор байна.

 Нэхэмжлэгч Т.А-ийг ажлаас чөлөөлсөн захиргааны актын үндэслэл болсон “Боловсрол, соёл, урлагийн газрын даргатай хэлэлцэн тохирч, ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Ийм байтал хариуцагч Ховд аймгийн Засаг дарга нь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас ирүүлсэн албан бичигт заасан үндэслэлийг нягтлан хянаж шалгалгүйгээр “ирүүлсэн санал” гэж дүгнэн Т.А-ийг Ховд сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлсөн нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийн маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон нь хуульд нийцжээ.

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй. ...Захирамжид “Т.А-ийг ажлын байраар хангуулахаар Ховд сумын цэцэрлэгийн мэдэлд шилжүүлсүгэй” гэсэн нь түүнтэй харилцан тохирсны нотолгоо. Үүнийг ч нэхэмжлэгч үгүйсгэхгүй байгаа болно. ...Тэрээр өөрийн сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж, багшийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа, ...” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “эгүүлэн томилсугай” гэж буруу бичсэнийг “эгүүлэн тогтоосугай” гэж зөвтгөн зохих өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэстэй.

Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0532 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                      ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА