Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2024/00009

 

Х.Т-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00585 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2023/00113 дугаар магадлалтай,

Х.Т-ий нэхэмжлэлтэй,

“Х” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдох

Боловсрол хүүхдийн ирээдүй хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгасан 21,249,500 төгрөгийн 2019.09.28-ны өдрөөс 2023.03.09-ний өдөр хүртэлх хугацааны хадгаламжийн хүүд 11,981,134.26 төгрөг гаргуулан Т.Т-д олгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-ын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Т нь “Х” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдуулан Т.Т-гийн Боловсрол хүүхдийн ирээдүй хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгасан 21,249,500 төгрөгийн 2019.09.28-ны өдрөөс 2023.03.09-ний өдөр хүртэлх хугацааны хадгаламжийн хүүд 11,981,134.26 төгрөг гаргуулан Т.Т-д олгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00585 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 454.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Х” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбараас Т.Т-гийн Боловсрол хүүхдийн ирээдүй хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгасан 21,249,500 төгрөгийн 2019.09.28-ны өдрөөс 2023.03.09-ний өдөр хүртэлх хугацааны хадгаламжийн хүү 11,981,134.26 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Х.Т-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Х.Т-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,649 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

3.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2023/00113 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00585 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-ийн Баян-Өлгий салбараас 11,981,134.20 төгрөгийг гаргуулан Т.Т-д олгосугай гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Х.Т-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,649 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “Х” ХХК-ийн Баян-Өлгий салбараас 206,649 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Т-д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,649 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж нэхэмжлэгч Х.Т-д буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч “Хаан” банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Т.Т-гийн асран хамгаалагч Х.Т-ий нэхэмжлэлтэй, хариуцагч “Х” ХХК-ийн Баян-Өлгий салбарт холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Х” ХХК-ийн Баян-Өлгий салбараас 11,981,134.26 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1.Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ “...Хаан банк” ХХК-ийн Баян-Өлгий салбар 2019.09.28-ны өдөр Т.Т-гийн тус банк дахь 5195008090 тоот хадгаламжийн данснаас 21,249,500 төгрөгийг зөвшөөрөлгүй суутгаж аваагүй тохиолдолд талуудын хооронд байгуулсан хугацаатай хадгаламжийн гэрээний дагуу хадгалуулагч Т.Т 2019.09.28-ны өдрөөс “Х” ХХК-ийн Баян-Өлгий салбарын шүүхийн шийдвэрийг биелүүлсэн 2023.03.09-ний өдөр хүртэл хугацаанд 11,981,134.26 төгрөгийн хүү авах ёстой байсан атал хүү төлөх үүрэг бүхий “Х” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас үүрэг гүйцэтгүүлэгч 11,981,134.26 төгрөгийн хүү авч чадахгүй хохирсон байна. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Х” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар нь хадгаламжийн данс эзэмшиж байсан Т.Т-д олох ёстой орлогод 11,981,134.26 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн “Т.Т-гийн Боловсрол хүүхдийн ирээдүй хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгасан 21,249,500 төгрөгийн 2019.09.28-ны өдрөөс 2023.03.09-ний өдөр хүртэлх хугацааны зөвшөөрөлгүй ашигласан хадгаламжийн хүү 11,981,134.26 төгрөг гаргуулан Т.Т-д олгож өгөхийг хүссэн’' нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн” байгаа нь өөрөө үндэслэлгүй болно. “Х” ХХК-ийн Баян-Өлгий салбарын У тооцооны төвөөс 2018.11.06-ны өдөр Т.Т-гийн эх Т.Р нь “Хадгаламж барьцаалсан зээл”-ийн гэрээгээр 18,000,000 төгрөгийг 325 хоногийн хугацаатай 2019.09.27-ны өдрийг хүртэл зээлийн хугацаанд ашиглах үндсэн зээл 18.000,000 төгрөг, зээлийн хүү 3,237,534.25 төгрөг, нийтдээ зээлийн төлбөрт 21,237,534.24 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцож зээлийн барьцаанд Т.Т-гийн нэр дээрх Боловсрол хүүхдийн ирээдүй хадгаламж /2011.09.28-ны өдөр нээсэн/-ийн 5195008090 дугаартай дансанд байгаа мөнгөн хөрөнгийг барьцаалуулсан бөгөөд зээлийг төлөх эцсийн хугацаа нь дуусахад 2019.09.28-ны өдөр дээрх хадгаламжаас 21,249,500 төгрөгийг суутган зээлийг нь төлүүлсэн байдаг. Т.Т-гийн асран хамгаалагч Х.Т нь 2019.05.29-ний өдөр 5195008090 дугаартай уг хадгаламжийн дансанд хамтран эзэмшигчээр бүртгүүлж, улмаар 2019.12.09-ний өдөр тухайн өдрийг хүртэлх хүүгийн орлого 24,159.84 төгрөг орж ирсний дараагаар дансанд байсан үлдэгдэл мөнгө болох 3,154,645.96 төгрөгийг Х.Т-ий эзэмшлийн 5180604055 тоот данс руу бэлэн бусаар мөнгөн шилжүүлгийн гүйлгээг хийлгэж, энэхүү хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, дансыг харилцагчийн хүсэлтээр хаалгасан байна. Эдгээр нь 5195008090 дугаартай дансанд хамтран эзэмшигч бүртгэх, нэмэх хүсэлтийн маягт, тухайн өдрийн 3,154,645.96 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн гүйлгээний баримт, мөн Т.Т-гийн хадгаламжийн дэвтрийн хуулбар хувь, Т.Т-гийн 5195008090 дугаартай хадгаламжийн дансны хуулга гэх зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдоно.

Иргэний хуулийн 236 дугаар зүйл /Үүрэг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болох/ 236.1-д “Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно” гээд 236.1.1-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн”, 236.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээн авсныг гэрчлэх баримт бичгийг үүрэг гүйцэтгэгчийн шаардлагаар олгох үүрэгтэй” гэж, мөн 454 дүгээр зүйл /Мөнгөн хадгаламжийн гэрээ/-ийн 454.4-т “Хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй”, 455.4 дэх хэсэгт “Тодорхой хугацаагаар байгуулсан гэрээг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй” гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12.4-т “Хугацаатай хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлах, эсхүл зарлагын гүйлгээ хийх тохиолдолд хадгалуулсан хугацаанаас нь хамааруулан хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулна”, 12.7-д “Хугацаатай хадгаламжийн гэрээг хадгалагч нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас өмнө цуцлах эрхгүй”, 14.2.3-т “хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар хадгаламжийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хадгаламжийн хүү төлөх”-өөр хуульд зохицуулсан байна. Т.Т-гийн Боловсрол хүүхдийн ирээдүй хугацаатай мөнгөн Хадгаламжийн гэрээний 1.11-т “Хугацаатай хадгаламжийн гэрээг хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлах бол хадгаламжийн хүүг энэ гэрээний 1.7 дахь хэсэгт заасан бууруулсан хэмжээгээр тооцно”, мөн гэрээний 2.6-д “Хадгаламжийн гэрээнд заасан хугацааны дотор зарлагын гүйлгээ хийхгүй байх үүрэгтэй”, уг гэрээний 4 дүгээр зүйл /Гэрээг цуцлах үндэслэл/-ийн 4.1-т “Хадгалуулагч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлт гаргасан” тохиолдолд гэрээг цуцлахаар талууд харилцан тохиролцсон байна.

Иймээс Т.Т-гийн асран хамгаалагч бөгөөд хадгаламжийн дансны хамтран эзэмшигч Х.Т нь өөрөө “Х” ХХК-тай байгуулсан 2019.12.09-ний өдрийн Боловсрол хүүхдийн ирээдүй хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг хадгалуулагчийн хүсэлтээр хугацаанаас нь өмнө цуцалж, уг дансыг харилцагчийн хүсэлтээр хаалгаснаар хадгаламжийн гэрээний эрх үүрэг, мөн шаардах эрх нь нэгэн адил дуусгавар болсон. Нэгэнт дуусгавар болсон хадгаламжийн гэрээний үүргийг буюу “хадгаламжийн хүү”-г нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас гаргуулан авахаар шаардах эрхгүй болсон гэж үзэж байна.

4.2.Хадгалуулагч буюу нэхэмжлэгчийн хүсэлтээр Боловсрол хүүхдийн ирээдүй хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, дансанд байсан үлдэгдэл мөнгө болох 3,154,645.96 төгрөгийг Х.Т-ий эзэмшлийн 5180604055 тоот данс руу бэлэн бусаар мөнгөн шилжүүлгийн гүйлгээг хийж, дансыг харилцагчийн хүсэлтээр хаалгасан үйлдэлд хадгалагчийг буруутгаж, түүнээс хохирол гаргуулахаар шаардаж, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм.

Учир нь тухайн хадгаламжийн гэрээг хугацаанаас өмнө нь цуцалж, дансыг хаалгүйгээр банкны хүү тооцогдож, банкс программ дээр хадгаламжийн хүү нь бодогдож явсан тохиолдолд банк нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирлыг хууль болон гэрээний дагуу төлөх үндэслэлтэй байсан. Гэтэл хадгалуулагч нь өөрөө гэрээг цуцалж, хадгаламж дахь мөнгөн хөрөнгөө хүүгийн үр шимийн хамт авч явж, дансыг хааснаас уг данс дахь хадгалуулсан мөнгөн хөрөнгө байхгүй болсон байхад хадгаламжийн хүү, хохирол огтоос бодогдох ёсгүй юм.

4.3.Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01061 дугаартай тогтоолоор “... Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар тайлбарлавал Т.Т-гийн нэр дээрх Боловсрол хүүхдийн ирээдүй хүүхдийн хадгаламжийг барьцааны зүйл гэж үзэхгүй буюу зээлдүүлэгчид уг хадгаламжаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх үүсэхгүй гэж дүгнээд “Х” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбараас 21,249,500 төгрөгийг гаргуулж Т.Т-д олгож шийдвэрлэсэн. Гэтэл магадлалын хянавал хэсгийн 13 дахь заалтад “...Т.Т-гийн хадгаламжийн данснаас 21,249,500 төгрөгийг зөвшөөрөлгүй суутгасны улмаас мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу авах ёстой хүүг авч чадахгүй хохирсон гэх үндэслэл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэж дүгнэсэн нь өрөөсгөл дүгнэлт болсон.

Учир нь дээд шүүхийн тогтоолоор хүүхдийн хадгаламжийг барьцааны зүйл гэж үзэхгүй түл хадгаламжаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх үүсэхгүй хэмээн дүгнэсэн болохоос биш хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээгээ хугацаанаас өмнө нь цуцалж данс дахь мөнгөн хөрөнгөө өөрсдөө гаргуулан авч дансаа хаалгасан харилцагчийн дуусгавар болсон гэрээг үндэслэн хадгаламжийн хүүг гаргах ёстой гэж дүгнэж шийдвэрлээгүй. Ингэж гаргуулж шийдвэрлэж байгаа нь ч өөрөө хууль бус юм. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хугацаатай хадгаламжийн гэрээг хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр 2019.12.09-ний өдөр цуцалж. үүрэг дуусгавар болсон байхад ямар хуулийн үндэслэл, таамаглалаар 2023.03.09-ний өдөр хүртэл хадгалах байсан гэж үзсэн, улмаар зөвшөөрөлгүй ашигласан хадгаламжийн хүү гэж 11,981,134.26 төгрөгийг ямар учраас хадгалагчаас гаргуулж шийдвэрлэж байгаа нь ч өөрөө ойлгомжгүй. үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт зааснаар хянаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.12.21-ний өдрийн 001/ШХТ2024/00001 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

7.Нэхэмжлэгч Х.Т нь “Х” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдуулан 11,981,134.26 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “...хариуцагч нь Т.Т-гийн Боловсрол хүүхдийн ирээдүй хадгаламжийн данснаас 21,249,500 төгрөг авч түүний эх Т.Р-гийн зээлийн төлбөр төлүүлсэн нь хууль бус байсныг өмнө нь шүүхийн шийдвэрээр тогтоож, уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн, иймд хадгаламжаас мөнгө авсан 2019.09.28-ны өдрөөс уг мөнгийг буцаан төлсөн 2023.03.09-ний өдөр хүртэлх хугацааны хадгаламжийн хүү аваагүй тул хохирлыг гаргуулж Т.Т-д олгоно уу” гэснийг хариуцагч эс зөвшөөрч, “...Т.Р-гийн зээлийн гэрээний хугацаа нь 2019.09.27-ны өдөр дууссанаар энэхүү барьцааны зүйлээс 21,249,500 төгрөгийг суутгасан боловч шүүхийн шийдвэрээр буцаан олгуулахаар шийдвэрлэсний дагуу банк мөнгийг төлсөн, хүүхдүүдийн асран хамгаалагч Х.Т хадгаламжийн хамтран эзэмшигчийн хувьд гэрээг 2019.12.09-ний өдөр гэрээг цуцалж, үлдэгдэл мөнгийг авснаар гэрээ дуусгавар болсон тул уг хугацаанаас хойш хүү шаардах эрхгүй...” гэж маргажээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01061 дугаартай тогтоолоор “Х” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбараас 21,249,500 төгрөгийг гаргуулан Т.Т-д буцаан олгохоор шийдвэрлэсний дагуу хариуцагч шийдвэрийг 2023.03.09-ний өдөр биелүүлсэн. Нэхэмжлэгч Х.Т нь Т.Т-гийн хадгаламжийн хамтран эзэмшигч, тэрээр 2019.12.09-ний өдөр  хадгаламжийн дансанд байгаа үлдэгдэл 3,154,645.65 төгрөгийг авч дансыг хаалгасан нь нотлогдсон, хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй, дансыг хаалгаснаар хадгаламжийн гэрээний эрх, үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ба үндэслэлээ “...”Х” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар 2019.09.28-ны өдөр Т.Т-гийн хадгаламжийн данснаас 21,249,500 төгрөгийг зөвшөөрөлгүй суутгасны улмаас мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу авах ёстой хүүг авч чадахгүй хохирсон гэх үндэслэл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул Т.Т хохирол шаардах эрхтэй, ... хүү төлөх үүрэг бүхий “Х” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас уг хүүг авч чадахгүй хохирсон, иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй” гэж тайлбарласан байна.

Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ эрх зүйн өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэрийг гаргасан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хянан хэлэлцэв.

9.Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

10.Т.Р 2018.11.08-ны өдөр “Х” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбараас 18,000,000 төгрөгийн зээл авахдаа охин Т.Т-гийн нэр дээрх Боловсрол хүүхдийн ирээдүй мөнгөн хадгаламжийг барьцаалсан, Т.Р болон түүний нөхөр нас барсан учир зээлдүүлэгч “Х” ХХК нь барьцааны гэрээг үндэслэн мөнгөн хадгаламжаас 21,249,500 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт суутган авсан, энэ үйлдлийг эс зөвшөөрч, хүүхдүүдийн хууль ёсны асран хамгаалагч Х.Т шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, энэхүү маргааныг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянаж, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01061 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийг хангаж “Х” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбараас 21,249,500 төгрөгийг гаргуулан Т.Т-д буцаан олгохоор шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэрийг “Х” ХХК 2023.03.09-ний өдөр биелүүлж мөнгийг төлсөн эдгээр үйл баримт тогтоогджээ.

11.Дээр дурдсан, зохигчийн хооронд үүссэн өмнөх маргааныг шийдвэрлэсэн хяналтын шатны шүүхийн тогтоолд зааснаас үзэхэд “Х” ХХК-ийн бусдад санал болгосон хадгаламжийн бүтэгдэхүүний нэг болох Боловсрол хүүхдийн ирээдүй мөнгөн хадгаламж нь хүүхдэд ирээдүйн хуримтлал үүсгэх үндсэн зорилготойгоос гадна энэ хуримтлал нь нас барагч Х.Т, Т.Р нарын хүүхдүүд болох Т.Т, Т.Н, Т.А, Т.Ч нарт сар бүр төрөөс олгодог 20,000 төгрөгөөс бүрдсэн гэж үзэхээр байна. Хэдийгээр тухайн хадгаламжийг барьцаалж зээл авч болох боловч “Х” ХХК-ийн Т.Р-тай байгуулсан зээлийн гэрээний агуулгаас үзэхэд зээлийн зориулалт тодорхой бусаас уг мөнгийг барьцааны зүйл болгосон нь хадгаламж эзэмшигч хүүхдийн эрх, ашиг сонирхолд нийцээгүй, иймээс тухайн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу хадгаламж эзэмшигч хадгалуулсан мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж дүгнэжээ.

Тодруулбал, “Х” ХХК нь зээлийн болон хадгаламжийн үйл ажиллагааг эрхэлдэг мэргэжлийн байгууллагын хувьд тодорхой зорилго бүхий хуримтлалыг зориулалт нь тодорхой бус зээлийн барьцааны зүйл болгож, улмаар зээлийн үүргийн төлбөрт шууд суутган авсан хууль бус үйлдлийг өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон байх бөгөөд  хариуцагчийн хадгаламжийн гэрээний үүргээ зөрчсөн энэ шалтгаанаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан шаардах эрхийн хүрээнд мөнгөн хадгаламжийн гэрээгээр хадгалуулсан 21,249,500 төгрөгөө шаардаж гаргуулсан гэж үзнэ.

12.Харин нэхэмжлэгч Х.Т-ий хадгаламжийн хүүд 11,981,134.26 төгрөг гаргуулах энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар мөнгөн хадгаламжийн гэрээ цуцлагдсанаас үүссэн үр дагавартай холбоотой хохирол гаргуулах мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан шаардах эрхэд хамаарах ба энэ тохиолдолд Т.Т-гийн хадгаламжаас хариуцагч “Х” ХХК-ийн мөнгө авсан үйлдэл, уг үйлдлийн улмаас хадгаламжийн гэрээ 21,249,500 төгрөгийн хэмжээнд цуцлагдсан нөхцөл, үүнтэй холбоотой нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх, зөрчил ба хохирлын хооронд шалтгаант холбоо, хариуцагчийн гэм буруу тогтоогдсон эсэх нь зохигчийн хооронд үүссэн энэ маргаанд ач холбогдолтой юм.

13.Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, бусад мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалж, тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээх ба гэрээгээр талууд хадгалалтын хугацаа, хүүгийн хэмжээг харилцан тохиролцдог.

Т.Т болон “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламжийн гэрээг талууд 2011 онд 1 жилийн хугацаатай байгуулж, гэрээнд заасан хугацаа дууссан тохиолдолд гэрээний хугацааг анх байгуулсан хугацаагаар шууд сунгахаар тохиролцсоны дагуу жил бүр сунгагдаж байжээ.

14.Тодорхой хугацаагаар байгуулсан гэрээг хадгалагч буюу банкны нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүйг Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.4-т заасан, харин мөн хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4-т хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй байна.

“Х” ХХК-ийн Т.Т-гийн хадгаламжаас мөнгө суутгасан үйлдэл хууль бус болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон бөгөөд энэ үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй болно.

Хохирол гэдэг ойлголтод юу хамаарахыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заахдаа ...үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэсэн, Т.Т-гийн хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ зохих ёсоор сунгагдаж байсан бол хадгалуулсан 21,249,500 төгрөгөөс гэрээнд заасан хувиар хүү тооцогдох байсан буюу зайлшгүй орлого олох боломжоо алдсан гэсэн нэхэмжлэгч Х.Т-ий нэхэмжлэлийн үндэслэл хэргийн баримтаар үгүйсгэгдээгүй  байна.

Түүнчлэн нэхэмжлэгч хүү аваагүй хохирсон нь хариуцагч “Х” ХХК нь хууль бусаар хүүхдийн хадгаламжийн данснаас мөнгө авч, улмаар  зээлийн төлбөрт суутгасан буруутай ажиллагаатай шалтгаант холбоотой, иймээс хариуцагч нь хохирлыг төлөх үүргийг хүлээнэ.

Нэгэнт хариуцагч нь хохирол арилгах үүрэг хүлээх тохиолдолд учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан гэм хорын хэмжээг тодорхойлохыг Иргэний хуулийн  229 дүгээр зүйлд заасан, хариуцагч 21,249,500 төгрөгийг 2019.09.28-ний өдөр зээлийн төлбөрт суутгасан, уг мөнгөтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг 2023.03.09-ний өдөр биелүүлсэн байх тул энэ хугацаагаар гэрээнд заасан жил бүрийн 13.20 хувиар тооцож хохиролд нийт 11,981,134.26 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хуульд нийцжээ.

15.Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг буюу үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчтой болоогүй байна. Учир нь, энэхүү зохицуулалт нь хоёр талын гэрээнд үүргийн гүйцэтгэлтэй саад болох нөхцөл байдлын тухай буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ огт биелүүлээгүй, эсхүл хугацаа хэтрүүлэх, эсхүл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу чанаргүй гүйцэтгэсэн тохиолдлыг зохицуулсан байна.

16.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо, нэхэмжлэгч Х.Т нь тухайн хадгаламжийн хамтран эзэмшигч болсны хувьд 2019.12.09-ний өдөр  Т.Т-гийн хадгаламжийн дансанд байгаа үлдэгдэл мөнгө 3,154,645.65 төгрөгийг авч дансыг хаалгаснаар тухайн гэрээ цуцлагдсан, иймээс уг хугацаанаас хойш аливаа эрх зүйн үр дагавар үүсэхгүй буюу нэхэмжлэгч хохирол гаргуулахаар шаардлага гаргах эрх зүйн үндэслэлгүй гэж үзсэн нь буруу байна.

17.Т.Т-гийн хадгаламжаас “Х” ХХК нь 2019.09.28-ны өдөр  хууль бусаар 21,249,500 төгрөг авсны дараа нэхэмжлэгч Х.Т 2019.12.28-ны өдөр хадгаламжид байсан үлдэгдэл 3,154,645.65 төгрөгийг өөр банк дахь данс руу шилжүүлж, улмаар гэрээг цуцалж дуусгавар болгосон байна. Энэ үйлдэл нь Иргэний хуулийн 454.4-т заасан хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй гэж заасны хүрээнд байна. Тодруулбал, энэ нь хадгалуулагчийн хүсэл зоригийн дагуу хийсэн үйлдэл болох бөгөөд уг мөнгөтэй  холбоотой нэхэмжлэгч аливаа хохирол шаардаагүй, энэ талаар ч давж заалдах шатны шүүх хариуцагчийг буруутгасан дүгнэлтийг хийгээгүй болно.

18.Т.Т-гийн хадгаламжийн 21,249,500 төгрөгийн хувьд тухайн мөнгийг хадгаламж эзэмшигч өөрийн хүсэл зоригоор гэрээг цуцлах хүсэлтийг хадгалагчид гаргаж уг мөнгийг авсан бус, “Х” ХХК-ийн мөнгийг хадгалах, аливаа эрсдэлээс хамгаалж байх үндсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой маргаан үүсч, улмаар  шүүхийн шийдвэрийн дагуу буцаан шаардаж авсан, иймээс энэ нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 454.4 болон мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасан хадгалуулагчийн эхний шаардлагаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэж мөнгийг буцаан өгч үүрэг дуусгавар болох тухай эдгээр зохицуулалтын агуулгад хамаарахгүй юм.

Үүнээс дүгнэхэд 21,249,500 төгрөгийг эргэн төлөх хүртэл бодогдох хүүгийн хэмжээгээр хохирлыг тооцож 11,981,134.26 төгрөг гаргуулж шийдвэрлэхэд саад болох эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй буюу хариуцагч талаас гаргаж буй хадгаламжид байсан үлдэгдэл 3,154,645.65 төгрөгийг хадгаламж эзэмшигч өөрийн хүсэлтээр авснаар гэрээ цуцлагдсан, уг хугацаанаас хойш хүү төлөх эрх, үүрэг үүсэхгүй гэсэн тайлбар, гомдол үндэслэлгүй байна.

19.Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12.4, 12.7, 14.2.3-т болон мөнгөн хадгаламжийн гэрээний 1.11, 1.7, 2.6, 4.1-д заасныг үндэслэн “тухайн хадгаламжийн гэрээг хадгаламж эзэмшигч хугацаанаас нь өмнө цуцлаагүй, дансыг хаагаагүй бол банкны хүү тооцогдож, банкс программ дээр хадгаламжийн хүү нь бодогдож явсан тохиолдолд банк нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирлыг хууль болон гэрээний дагуу төлөх үндэслэлтэй байсан, гэтэл хадгалуулагч нь өөрөө гэрээг цуцалж, хадгаламж дахь мөнгөн хөрөнгөө хүүгийн үр шимийн хамт авч явж, дансыг хааснаас уг данс дахь хадгалуулсан мөнгөн хөрөнгө байхгүй болсон байхад хадгаламжийн хүү, хохирол огтоос бодогдох ёсгүй юм” гэж  дурдсан нь мөн л мөнгөн хадгаламжийн гэрээ хэний санаачилгаар, ямар хэмжээгээр цуцлагдсан гэж үзэхтэй холбоотой буюу хадгалагчийн санаачилгаар цуцлахгүй байх, хугацаатай хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө зөвхөн хадгалуулагчийн хүсэл зоригоор цуцлах нөхцөлийн болон  хугацаатай гэрээг хадгалуулагчийн санаачилгаар хугацаанаас өмнө цуцалсан бол гэрээгээр тохирсон хадгаламжийн хүүгийн хэмжээ буурах үр дагаврын асуудлуудыг зохицуулсан байх тул өмнө дурдсанаар эдгээр хуулийн болон гэрээний зохицуулалт нь хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн хууль зүйн үндэслэл болохгүй.

20.Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх” тухай гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2023/00113 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “219 дүгээр зүйлийн 219.1” гэснийг “227 дугаар зүйлийн 227.1” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн 2023.11.20-ны өдөр төлсөн 206,649 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ                                     

ШҮҮГЧИД                                                         Н.БАТЗОРИГ                                                                    

                                                                              Н.БАТЧИМЭГ

                                                                               Х.ЭРДЭНЭСУВД