Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2023/00113

 

 

Х.Т-ий  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,     

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00585 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч *****-т оршин суух, Х.Т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *****-т үйл ажиллагаа явуулах, “Х банк” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдох

 

“Т.Т-гийн Боловсрол-хүүхдийн ирээдүйн хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгасан 21,249,500 төгрөгийн 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны хүү 11,981,134.26 төгрөг гаргуулан Т.Т-д олгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, А.Г, нарийн бичгийн даргаар Н.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. 2019 оны 4 дүгээр сард Цагааннуур тосгоны гоц халдварт тарваган тахал өвчин гарч энэ өвчний улмаас 4 дүгээр сарын 28-ны өдөр түүний төрсөн дүү Х.Т, 5 дугаар сарын 01-ний өдөр бэр Т.Р нар нас барсан. Тэдний ар гэрт 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Т.Т, 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Т.Н, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн Т.А, 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн Т.Ч нарын 4 хүүхэд бүтэн өнчин үлдсэн.

1.2. Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/123 дугаар захирамжаар авга ах нь Х.Т-ийг дээрх хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоосон. Одоогоор эдгээр хүүхдүүд түүний асрамжид өсөж хүмүүжиж байна.

1.3. Талийгаач нар амьд сэрүүн байхдаа 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр охин Т.Т-гийн нэр дээр Х банкны Цагааннуур тооцооны төвд ***** тоот тандсанд Боловсрол-хүүхдийн ирээдүйн хадгаламж нээлгэсэн байдаг. Анх нээлгэх үед үндсэн эзэмшигчээр Т.Т, хамтран эзэмшигчээр Х.Т бүртгүүлжээ.

1.4. Х.Т-г хамтран эзэмшигчээр бүртгүүлэх үед хадгаламжийн дансанд 20,0 сая орчим төгрөг байсан ба гэрээний дагуу сар тутам хүүхдийн 20,000 төрөг мөн иргэдийн байгууллагаас үзүүлсэн хандив, тусламж дээрх дансанд орж байжээ. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Х банкны Баян-Өлгий салбар эзэмшигч нарт огт мэдэгдэхгүйгээр 21,249,500 төгрөгийг талийгаач нарын тус банкнаас авсан зээлийг төлүүлэхээр шууд суутган авчээ.

1.5. Х.Т нь энэ асуудлаар Баян-Өлгий аймгаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж түүний нэхэмжлэл 3 шатны шүүхээр хянагдаж Улсын Дээд Шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01061 дугаар тогтоолоор Х банкны Баян-Өлгий салбараас 21,249,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

1.6. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхээс гүйцэтгэх хуудас бичсэний дагуу Баян-Өлгий аймаг дах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Х банкны Баян-Өлгий салбар шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс шаардсаны дагуу 21,249,500 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Төрийн банкны Баян-Өлгий салбар дахь Хүүхдийн хадгаламжийн дансанд шилжүүлж өгчээ.

1.7. Х банкны Баян-Өлгий салбар хадгаламжаас 21,249,500 төгрөгийг зөвшөөрөлгүй шилжүүлж авснаас болж нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хүү авч чадаагүй хохирсон. Хэрэв тухай үед хадгаламжийн дээрх мөнгийг зөвшөөрөлгүй суутгаж аваагүй бол дээрх хугацааны хүү бодогдож, хадгаламжийн хэмжээ өсөж бүтэн өнчин хоцорсон хүүхдийн цаашид сурч боловсроход нь зарцуулж санхүүгийн боломж хангагдах ёстой байжээ.

1.8. Х банкны Баян-Өлгий салбар 21,249,500 төгрөгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар суутгаж авсан 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс мөнгийг эргүүлэн төлсөн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны хүү гаргуулахыг хүсэж байна.

1.9. Хариуцагч Х банкны Баян-Өлгий салбар 21,249,500 төгрөгийг суутгах өдөр эзэмшигчийн дансанд 1 жилийн хүүгийн орлогод 2,920,420 төгрөг 35 мөнгийг шилжүүлсэн байна. Үүнийг тухайн үед дансанд байсан үлдэгдэл 21,126,223 төгрөг 79 мөнгөөр тооцож үзэхэд хадгаламжийн жилийн хүү 13,8% (2,920,420 төгрөг 36 мөнгө х 100% : 21,126,223 төгрөг 79 мөнгө=133,8%) байсан тооцоо гарч байгаа тул нэхэмжлэх хадгаламжийн хүүг жилийн 13,8%-иар тооцож дараах байдлаар нэхэмжилж байна.

*2019.09.28-2020.09.28 хүртэл 1 жил, жилийн хүү 13,8%;

21,249,500 х13,8%=2,932,431 төгрөг;

*2020.09.28-2021.09.28 хүртэл 1 жил, жилийн хүү 13,8%;

21,249,500+2,932,431=24,181,931

24,181,931 х13,8%=3,337,106 төгрөг 47 мөнгө;

*2021.09.28-2022.09.28 хүртэл 1 жил, жилийн хүү 13,8%;

24,181,931+3,337,106 төгрөг 47 мөнгө=27,519,037 төгрөг 47 мөнгө

27,519,037 төгрөг 47 мөнгө х13,8%=3,797,627 төгрөг 17 мөнгө;

*2022.09.28-2023.02.28 хүртэл 5 сар, сарын хүү 5,75%;

13,8% : 12сар=1,15%; 1,159% х 5 сар=5,75%

27,519,037 төгрөг 47 мөнгө +3,797,627 төгрөг 17 мөнгө=31,316,664 төгрөг 62 мөнгө

31,316,664 төгрөг 62 мөнгө х 5,75%=1,800,708 төгрөг 21 мөнгө;

*2023.03.01-2023.03.09 хүртэл 9 хоног, 1 хоногийг хүү 0,038%;

1,15% : 30 хоног=0,038%; 0,038% х 9 хоног=0,342%

31,316,664 төгрөг 62 мөнгө +1,800,708 төгрөг 21 мөнгө=33,117,372 төгрөг 83 мөнгө

33,117,372 төгрөг 83 мөнгө х 0,342%=113,261 төгрөг 41 мөнгө;

Эдгээрийн нийлбэр нь 2,932,431 төгрөг+3,337,106 төгрөг 47 мөнгө+3,797,627 төгрөг 17 мөнгө+1,800,708 төгрөг 21 мөнгө+113,261 төгрөг 41 мөнгө=11,981,134 төгрөг 26 мөнгө болж байна.

1.10. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Х банкны Баян-Өлгий салбараас Т.Т-гийн Боловсрол-хүүхдийн ирээдүйн хадгаламж-ийн данснаас зөвшөөрөлгүй суутгасан 21,249,500 төгрөгийн 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны зөвшөөрөлгүй ашигласан хадгаламжийн хүү 11,981,134 төгрөг 26 мөнгийг гаргуулж Т.Т-д олгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Зээлдэгч Т.Р-гийн Х банктай байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний хугацаа нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дууссанаар энэхүү гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул ийнхүү дуусгавар болсон гэрээний үүргийг буюу 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс хойших зээлийн хүү нэхэмжлэгч тал нь банкнаас шаардах эрхгүй.

2.2. Х банкны Баян-Өлгий салбарын Улаанбайшинт тооцооны төвөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Т.Т-гийн эх Т.Р нь Хадгаламж барьцаалсан зээл-ийн гэрээгээр 18,000,000 төгрөгийг 325 хоногийн хугацаатай буюу 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл зээлийн хугацаанд ашиглах үндсэн зээл 18,000,000 төгрөг, зээлийн хүү 3,237,534.25 төгрөг нийтдээ зээлийн төлбөрт 21,237,534.24 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцож зээлийн барьцаанд Т.Т-гийн нэр дээрх Боловсрол-Хүүхдийн ирээдүй хадгаламж (2011.09.28 өдөр нээсэн)-ийн ***** дугаартай дансанд байгаа мөнгөн хөрөнгийг барьцаалуулсан бөгөөд зээлийг төлөх эцсийн хугацаа нь дуусахад 2019.09.28-ны өдөр дээр хадгаламжаас 21,249,500 төгрөгийг суутган зээлийг төлүүлсэн байдаг.

2.3. Т.Т-гийн асран хамгаалагч Х.Т нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр *****0 дугаартай уг хадгаламжийн дансанд хамтран эзэмшигчээр бүртгүүлж, улмаар 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тухайн өдрийг хүртэлх хүүгийн орлого 24,159.84 төгрөг орж ирсний дараагаар дансанд байсан үлдэгдэл мөнгө болох 3,154,645.96 төгрөгийг Х.Тий эзэмшлийн 5180604055 тоот данс руу бэлэн бусаар мөнгөн шилжүүлгийн гүйлгээг хийлгэж, энэхүү хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, дансыг харилцагчийн хүсэлтээр хаалгасан байна.

2.4. Эдгээр нь ***** дугаартай дансанд хамтран эзэмшигч бүртгэх, нэмэх хүсэлтийн маягт, тухайн өдрийн 3,154,645.96 төгрөгийн мөнгө шилжүүлгийн гүйлгээний баримт, мөн Т.Т-гийн хадгаламжийн дэвтрийн хуулбар хувь, Т.Т-гийн ***** дугаартай хадгаламжийн дансны хуулга гэх зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдоно.

2.5. Монгол Улсын Иргэний хуулийн 236 дугаар зүйл Үүрэг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болох 236.1-д Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно гээд 236.1.1-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, 236.3-д Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээн авсныг гэрчлэх баримт бичгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардсанаар олгох үүрэгтэй гэж, мөн 454 дүгээр зүйл Мөнгөн хадгаламжийн гэрээ-ний 454.4-д Хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй, 455.3-д Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол банк уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх бөгөөд гэрээнд заасан хугацаа дуусан боловч хадгалуулагч мөнгөө буцаан авах шаардлага тавиагүй бол уг гэрээг цаашид тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно, 455.4-д Тодорхой хугацаагаар байгуулсан гэрээг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12.3-д Хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн мөнгийг буцаан өгч, гэрээнд заасны дагуу хүү төлөх үүрэгтэй, 12.4-д Хугацаатай хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлах, эсхүл зарлагын гүйлгээ хийх тохиолдолд хадгалуулсан хугацаанаас нь хамааруулан хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулна, 12.7-д Хугацаатай хадгаламжийн гэрээг хадгалагч нь нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас өмнө цуцлах эрхгүй, 14.2.3-д Хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар хадгаламжийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хадгаламжийн хүү төлөхөөр тус тус хуульд зохицуулсан байна.

2.6. Т.Т-гийг нэр дээрх 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Боловсрол-Хүүхдийн ирээдүй хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7-д Хадгалуулагчийн хүсэлтээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд жилийн бууруулсан хүүгийн хэмжээ 4 хувь байна, гэрээний 1.11-д Хугацаатай хадгаламжийн гэрээг хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлах бол хадгаламжийн хүүг энэ гэрээний 1.7 дах хэсэгт заасан бууруулсан хэмжээгээр тооцно, гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д Хадгалуулагч нь хадгаламжийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зарлагын гүйлгээ хийх бол хадгаламжийн хүү бууруулсан хувь хэмжээгээр тооцуулан авна, мөн гэрээний 2.6-д Хадгаламжийн гэрээнд заасан хугацааны дотор зарлагын гүйлгээ хийхгүй байх үүрэгтэй, уг гэрээний 4 дүгээр зүйл (гэрээг цуцлах үндэслэл)-ийн 4.1-д Хадгалуулагч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд гэрээг цуцлахаар талууд харилцан тохиролцсон байна.

2.7. Иймээс Т.Т-гийн асран хамгаалагч бөгөөд хадгаламжийн дансны хамтран эзэмшигч Х.Т нь өөрөө Х банктай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Боловсрол-Хүүхдийн ирээдүй хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг хадгалуулагчийн хүсэлтээр хугацаанаас нь өмнө цуцалж, уг дансыг харилцагчийн хүсэлтээр хаалгаснаар хадгаламжийн гэрээний эрх үүрэг, мөн шаардах эрх нь нэгэн адил дуусгавар болсон байна.

2.8. Нэгэнт ийнхүү дуусгавар болсон хадгаламжийн гэрээний үүргийг буюу хадгаламжийн хүү-г мөнгөн хөрөнгийг хадгалуулагч тал буюу нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Х банкнаас одоо гаргуулан авахаар шаардах эрхгүй гэж үзэж байна.

2.9. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгасан 21,249,500 төгрөгийн хадгаламжийн зөвшөөрөлгүй ашигласан хугацааны хүү болох 11,981,134 төгрөгийг банкнаас гаргуулж Т.Т-д олгох боломжгүй юм.

2.10. Иймд хадгалуулагчийн хүсэлтээр хугацаатай мөнгөн хадгаламжийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, ***** дугаартай дансыг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр харилцагчийн хүсэлтээр хаалгасан тул 2023 оны 3 дугаар сарын 09-нийг өдрийг хүртэлх хугацаанд зөвшөөрөлгүй ашигласан хугацааны хүү болох 11,981,134 төгрөгийг Х банкнаас гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00585 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 454.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас Т.Т-гийн Боловсрол-хүүхдийн ирээдүйн хадгаламж-ийн данснаас зөвшөөрөлгүй суутгасан 21,249,500 төгрөгийн 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны хадгаламжийн хүү 11,981,134.26 (арван нэгэн сая есөн зуун наян нэгэн мянга нэг зуун гучин дөрвөн төгрөг хорин зургаан мөнгө) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Х.Тий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Х.Тий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,649 (хоёр зуун зургаан мянга зургаан зуун дөчин есөн) төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00585 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч “Шүүх хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

4.2. 2019 оны 4 дүгээр сард Цагааннуур тосгонд гоц халдварт тарваган тахал өвчин гарч энэ өвчний улмаас 4 дүгээр сарын 28-ны өдөр түүний төрсөн дүү Х.Т, 5 дугаар сарын 01-ний өдөр бэр Т.Р нар нас барсан.

4.3. Тэдний ар гэрт 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Т.Т, 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Т.Нурмухамед, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн Т.Амина, 2018 оны 6 дугаар сарь 24-ний өдөр төрсөн Т.Чингис нарын 4 хүүхэд бүтэн өнчин хоцорч Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/123 дугаар захирамжаар авга ах нь Х.Т-ийг дээрх хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоосон. Одоо эдгээр хүүхдүүд түүний асрамжид өсөж хүмүүжиж байна.

4.4. Талийгаач нар амьд сэрүүн байхдаа 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр охин Т-ийн нэр дээр Х банкны Цагааннуур тооцооны төвд ***** тоот дансанд “Боловсрол-хүүхдийн ирээдүйн хадгаламж” нээлгэсэн байдаг.

4.5. Анх данс нээлгэх үед үндсэн эзэмшигчээр Т.Т, хамтран эзэмшигчээр ээж нь Т.Р нар бүртгэгдсэн ба Ногооннуур сумын Засаг даргын захирамжаар Х.Т-ийг асран хамгаалагчаар тогтоосон тул тэрээр 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр банканд хүсэлт гаргаж хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн. Х.Т-ийг хамтран эзэмшигчээр бүртгүүлэх үед хадгаламжийн дансанд 20.0 сая орчим төгрөг байсан ба гэрээний дагуу сар тутам хүүхдүүдийн 20.000 төгрөг, мөн иргэд, байгууллагаас үзүүлсэн хандив, тусламж дээрх дансанд орж байсан.

4.6. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Х банкны Баян-Өлгий салбар эзэмшигч нарт огт мэдэгдэхгүйгээр, ямар ч зөвшөөрөлгүйгээр 21,249,500 төгрөгийг талийгаач нарын тус банкнаас авсан зээлийг төлүүлэхээр шууд суутган авсан.

4.7. Х.Т нь энэ асуудлаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж түүний нэхэмжлэл 3 шатны шүүхээр хянагдаж Улсын Дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01061 дугаар тогтоолоор Х банкны Баян-Өлгий салбараас 21,249,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

4.8. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхээс гүйцэтгэх хуудас бичсэний дагуу Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Х банкны Баян-Өлгий салбар шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс шаардсаны дагуу 21,249,500 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Төрийн банкны Баян-Өлгий салбар дахь Хүүхдийн хадгаламжийн дансанд шилжүүлж өгсөн.

4.9. Х банкны Баян-Өлгий салбар хадгаламжаас 21,249,500 төгрөгийг зөвшөөрөлгүй шилжүүлж авснаас болж нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны хүү авч чадаагүй хохирсон. Хэрэв тухайн үед хадгаламжийн дээрх мөнгийг зөвшөөрөлгүй суутгаж аваагүй бол дээрх хугацааны хүү бодогдож, хадгаламжийн хэмжээ өсөж бүтэн өнчин хоцорсон хүүхдүүдийн цаашид сурч боловсроход нь зарцуулах санхүүгийн боломж хангагдах ёстой байсан.

4.10. Нэгэнт хариуцагч нэхэмжлэгчийн хадгаламжийн данснаас 21,249,500 төгрөгийг зөвшөөрөлгүй шилжүүлж авсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож тухайн мөнгийг эргүүлж олгохоор шийдвэрлэсэн учир нэхэмжлэгч бусдын буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

4.11. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлд заасан Мөнгөн хадгаламжийн гэрээт холбогдуулан тайлбарлаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй байна. Хариуцагч Х банкны Баян-Өлгий салбар 21,249,500 төгрөгийг 2019 он 9 дүгээр сарын 28-ны өдөр зөвшөөрөлгүй суутгаж авсан байдаг. Тухайн үед нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй бөгөөд нэхэмжлэгч 2019 оны 1 дугаар сарын эхээр энэ талаар мэдэж харилцагч банк нь өөрийг нь гомдоосон үйлдэл гаргаж, дансанд байгаа мөнгийг зөвшөөрөлгүй авсан нь тогтоогдсон учир 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Т.Т-гийн Х банкны Баян Өлгий салбар дахь “Боловсрол-Хүүхдийн ирээдүй” хадгаламжийн ***** тоот дансанд байгаа үлдэгдэл 3,154,645.65 төгрөгийг гаргуулж авч дансыг хаалгасан. Энэхүү үйл баримт нь хариуцагч 21,249,500 төгрөгийг зөвшөөрөлгүй суутгаж авснаас хойш болсон үйл баримт байхад анхан шатны шүүх мөнгөн хадгаламжийн ***** тоот дансыг хаалгаснаар хадгаламжийн гэрээний эрх, үүрэг дуусгавар болсон байна гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон.

4.12. Аливаа шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр тухайн харилцааг зохицуулсан хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ёстой. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан. Хариуцагч Х банкны Баян-Өлгий салбар нь 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн Х банкны Баян-Өлгий салбар дахь “Боловсрол-Хүүхдийн ирээдүй” хадгаламжийн ***** тоот данснаас 21,249,500 төгрөгийг зөвшөөрөлгүй суутгасан нь буруу болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдож тухайн мөнгийг эргүүлж олгохоор шийдвэрлэсэн.

4.13. Хэрэв хариуцагч тухайн мөнгийг зөвшөөрөлгүй суутгаагүй байсан бол нэхэмжлэгч дээрх хугацааны хүүгийн орлого олох байсан. Нэхэмжлэгчийн олох байсан хүүгийн орлого нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж учирсан хохирол буюу гэм хор бөгөөд үүнийг хариуцагч арилгах үүрэгтэй. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой.

4.14. Иргэний хуулийн 495 дугаар зүйлд Бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүргийн талаар хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 495.1-д “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” гэж, 495.2-д “Энэ хуулийн 495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус зааж өгсөн. Хэрэв шүүх нь нэхэмжлэгчийн олох байсан хүүгийн орлогыг учирсан хохирол буюу гэм хорд тооцоогүй тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд учирсан хохирлыг гаргуулах боломжтой.

4.15. Иймд энэхүү гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00585 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-гийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Т.Т-гийн асран хамгаалагч Х.Т нь хадгаламжийн дансанд хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн байна. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тухайн өдрийг хүртэлх 3,154,645.96 төгрөгийг Х.Т-ийн эзэмшлийн 5180604055 тоот данс руу бэлэн бусаар мөнгөн шилжүүлгийн гүйлгээг хийлгэж, энэхүү хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, дансыг харилцагчийн хүсэлтээр хаалгасан байна.

5.2. Аливаа хадгаламж данс нь тухайн хадгалуулагч этгээдийн мөнгийг шаардсан цагт нь гаргаж өгөх ёстой. Хадгаламжийн гэрээний улмаас шаардах хүлээх үүрэг нь дуусгавар болж байгаа. Банкны гэрээнээс зээл, хадгаламжийн гэрээ хамгийн их хэрэглэгддэг. Тухайн хадгаламжийг хадгалуулагч нь өөрөө буцааж авсан бол тухайн өдрөөс эхлэн хадгаламжийн дансыг хааж мөнгийг нь хадгалуулсан этгээдэд буцааж өгч талуудын харилцаа дуусгавар болно. Хадгаламж хаагдаж үүрэг нь дуусгавар болсон харилцаанаас мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй.

5.3. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна

 

ХЯНАВАЛ:

 

            6. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч “Х банк” ХХК-ийн Баян-Өлгий салбарт холбогдуулан “Т.Т-гийн Боловсрол-хүүхдийн ирээдүйн хадгаламж-ийн данснаас зөвшөөрөлгүй суутгасан 21,249,500 төгрөгийн 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны хүү 11,981,134.26 төгрөг гаргуулан Т.Т-д олгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “Х банкны Баян-Өлгий салбар хадгаламжаас 21,249,500 төгрөгийг зөвшөөрөлгүй шилжүүлж авснаас болж нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хүү авч чадаагүй хохирсон. Хэрэв тухай үед хадгаламжийн дээрх мөнгийг зөвшөөрөлгүй суутгаж аваагүй бол дээрх хугацааны хүү бодогдож, хадгаламжийн хэмжээ өсөх ёстой байсан” гэж тодорхойлсныг хариуцагч “Х банк” ХХК-ийн Баян-Өлгий салбар “хадгаламжийн дансны хамтран эзэмшигч Х.Т нь өөрөө Х банктай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Боловсрол-Хүүхдийн ирээдүй хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг хадгалуулагчийн хүсэлтээр хугацаанаас нь өмнө цуцалж, уг дансыг харилцагчийн хүсэлтээр хаалгаснаар хадгаламжийн гэрээний эрх үүрэг, мөн шаардах эрх нь нэгэн адил дуусгавар болсон. Нэгэнт ийнхүү дуусгавар болсон хадгаламжийн гэрээний үүргийг буюу хадгаламжийн хүүг мөнгөн хөрөнгийг хадгалуулагч тал буюу нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Х банкнаас одоо гаргуулан авахаар шаардах эрхгүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

8. Анхан шатны шүүх хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас Т.Т-гийн Боловсрол-хүүхдийн ирээдүйн хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгасан 21,249,500 төгрөгийн 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны хадгаламжийн хүү 11,981,134.26 (арван нэгэн сая есөн зуун наян нэгэн мянга нэг зуун гучин дөрвөн төгрөг хорин зургаан мөнгө) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Х.Тий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

9. Нэхэмжлэгч Х.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...анхан шатны шүүх нэхэмжлэлийг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлд заасан мөнгөн хадгаламжийн гэрээтэй холбогдуулан мөнгөн хадгаламжийн ***** тоот дансыг хаалгаснаар хадгаламжийн гэрээний эрх, үүрэг дуусгавар болсон байна гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

10. Хэрэгт цугларсан баримтаар Т.Т-ийн эцэг Х.Т охин Т.Т-ийн нэр дээр 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Х банкны Баян-Өлгий салбарт ***** тоот дансанд “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламж нээлгэсэн ба талуудын хооронд байгуулагдсан хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээгээр хадгаламжийн жилийн хүү 14 хувь байхаар, хадгаламжийн гэрээ байгуулагдсанаас хойш 365 хоногт буюу жилээр хүүг тооцож, жил тутам хүүгийн орлогыг хадгаламжийн дансны үлдэгдэлд нэмэгдүүлэхээр буюу хүүгээс хүү тооцохоор тус тус тохиролцсон нь тогтоогдож байна. Т.Т-ийн эзэмшлийн Х банк дахь ***** тоот депозит дансны үлдэгдэл 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 01:36 цагийн байдлаар 23,754,602.10 төгрөг байжээ. /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/

 

11. Т.Т-ийн эцэг Х.Т 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, эх Т.Р 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зуурдаар нас барсан тул бүтэн өнчин үлдсэн Т.Т-ийн хууль ёсны асран хамгаалагчаар ах нь болох Хибатын Тилегенийг тогтоосон байна. 

 

12. Т.Т-ийн эх Т.Р 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Х банкнаас 18,000,000 төгрөгийг 325 хоногийн хугацаагаар ***** тоот дансанд хадгалагдаж буй 20,081,223.79 төгрөгийг барьцаалан зээлдэж авсан байна. Х банк зээлдэгч талийгаач Т.Р-гийн авсан уг зээлийг төлүүлэхээр барьцааны гэрээг үндэслэж Т.Т-ийн ***** дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгөөс 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 21,249,500 төгрөгийг хадгалуулагчийн зөвшөөрөлгүй суутгаж авсан тул Т.Т-ийн асран хамгаалагч Х.Т Х банкны Баян-Өлгий салбарт холбогдуулан шүүхэд “Хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгаж авсан 21,249,500 төгрөгийг буцаан олгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2020/00843 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 1.506.213 төгрөгийг гаргуулан БМ093222503 регистрийн дугаартай Т.Т-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 19.743.287 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 212/МА2020/00073 дугаар магадлалаар хэвээр үлдээж, харин нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01061 дүгээр тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчилж хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 21,249,500 төгрөгийг гаргуулан Т.Т-д олгож шийдвэрлэжээ.

 

13. Нэхэмжлэгч Х.Тий “Х банкны Баян-Өлгий салбар 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Т.Т-ийн хадгаламжийн данснаас 21,249,500 төгрөгийг зөвшөөрөлгүй суутгасны улмаас мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу авах ёстой хүүг авч чадахгүй хохирсон” гэх үндэслэл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 219 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэг, 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Т нь хариуцагч Х банкны Баян-Өлгий салбараас хохирол шаардах эрхтэй байна.  

Өөрөөр хэлбэл Х банкны Баян-Өлгий салбар нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Т.Т-ийн тус банк дахь ***** тоот хадгаламжийн данснаас 21,249,500 төгрөгийг зөвшөөрөлгүй суутгаж аваагүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан хугацаатай хадгаламжийн гэрээний дагуу хадгалуулагч Т.Т 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс Х банкны Баян-Өлгий салбарын шүүхийн шийдвэрийг биелүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд 11,981,134.24 төгрөгийн хүү авах ёстой байсан атал хүү төлөх үүрэг бүхий Х банкны буруутай үйл ажиллагааны улмаас үүрэг гүйцэтгүүлэгч 11,981,134.24 төгрөгийн хүү авч чадахгүй хохирсон байна. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь хадгаламжийн данс эзэмшиж байсан Т.Т-д олох ёстой орлогод 11,981,124.24 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй.

 

14. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн “Т.Т-гийн Боловсрол-хүүхдийн ирээдүйн хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгасан 21,249,500 төгрөгийн 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны зөвшөөрөлгүй ашигласан хадгаламжийн хүү 11,981,134.26 төгрөг гаргуулан Т.Т-д олгож өгөхийг хүссэн” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

15. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,649 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00585 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Х банкны Баян-Өлгий салбараас 11,981,134.20 /арван нэгэн сая есөн зуун наян нэгэн мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан Т.Т-д олгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Х.Тий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,649 /хоёр зуун зургаан мянга зургаан зуун дөчин есөн/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х банкны Баян-Өлгий салбараас 206,649 /хоёр зуун зургаан мянга зургаан зуун дөчин есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Т-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,649 /хоёр зуун зургаан мянга зургаан зуун дөчин есөн/ төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж нэхэмжлэгч Х.Т-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                        ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ