Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2023/00585

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, Т.Т-гийн асран хамгаалагч У овогт Х.ын ТН

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Х банкны Б аймаг дахь салбар (захирал Л.Ө),

Нэхэмжлэлийн шаардлага: Т.Т-гийн Боловсрол-хүүхдийн ирээдүйн хадгаламж-ийн данснаас зөвшөөрөлгүй суутгасан 21,249,500 төгрөгийн 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны зөвшөөрөлгүй ашигласан хадгаламжийн хүү 11,981,134.26 төгрөг гаргуулан Т.Т-д олгож өгөхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.ТН-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б,

Хариуцагч Х банкны Б аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.ТН нь Х банкны Б аймаг дахь салбарт холбогдуулан Т.Т-гийн Боловсрол-хүүхдийн ирээдүйн хадгаламж-ийн данснаас зөвшөөрөлгүй суутгасан 21,249,500 төгрөгийн 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны зөвшөөрөлгүй ашигласан хадгаламжийн хүү 11,981,134.26 төгрөг гаргуулан Т.Т-д олгож өгөх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Х.ТН нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.2019 оны 4 дүгээр сард Ц тосгоны гоц халдварт тарваган тахал өвчин гарч энэ өвчний улмаас 4 дүгээр сарын 28-ны өдөр түүний төрсөн дүү Х.Т, 5 дугаар сарын 01-ний өдөр бэр Т.Р нар нас барсан. Тэдний ар гэрт 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Т.Т, 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Т.Н-д, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн Т.А, 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн Т.Ч нарын 4 хүүхэд бүтэн өнчин үлдсэн.

1.2.Н сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/123 дугаар захирамжаар авга ах нь Х.ТН-ийг дээрх хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоосон. Одоогоор эдгээр хүүхдүүд түүний асрамжид өсөж хүмүүжиж байна.

1.3.Талийгаач нар амьд сэрүүн байхдаа 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр охин Т.Та-гийн нэр дээр Х банкны Ц тооцооны төвд 0000000 тоот тандсанд Боловсрол-хүүхдийн ирээдүйн хадгаламж нээлгэсэн байдаг. Анх нээлгэх үед үндсэн эзэмшигчээр Т.Т, хамтран эзэмшигчээр Х.Т бүртгүүлжээ.

-1.4.Х.Тыг хамтран эзэмшигчээр бүртгүүлэх үед хадгаламжийн дансанд 20,0 сая орчим төгрөг байсан ба гэрээний дагуу сар тутам хүүхдийн 20,000 төрөг мөн иргэдийн байгууллагаас үзүүлсэн хандив, тусламж дээрх дансанд орж байжээ. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Х банкны Б салбар эзэмшигч нарт огт мэдэгдэхгүйгээр 21,249,500 төгрөгийг талийгаач нарын тус банкнаас авсан зээлийг төлүүлэхээр шууд суутган авчээ.

1.5.Х.ТН нь энэ асуудлаар Б аймгаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж түүний нэхэмжлэл 3 шатны шүүхээр хянагдаж Улсын Дээд Шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01061 дугаар тогтоолоор Х банкны Б салбараас 21,249,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

1.6.Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхээс гүйцэтгэх хуудас бичсэний дагуу Б аймаг дах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Х банкны Б салбар шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс шаардсаны дагуу 21249,500 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Төрийн банкны Б салбар дахь Хүүхдийн хадгаламжийн дансанд шилжүүлж өгчээ.

1.7.Х банкны Б салбар хадгаламжаас 21,249,500 төгрөгийг зөвшөөрөлгүй шилжүүлж авснаас болж нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хүү авч чадаагүй хохирсон. Хэрэв тухай үед хадгаламжийн дээрх мөнгийг зөвшөөрөлгүй суутгаж аваагүй бол дээрх хугацааны хүү бодогдож, хадгаламжийн хэмжээ өсөж бүтэн өнчин хоцорсон хүүхдийн цаашид сурч боловсроход нь зарцуулж санхүүгийн боломж хангагдах ёстой байжээ.

1.8.Х банкны Б салбар 21,249,500 төгрөгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар суутгаж авсан 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс мөнгийг эргүүлэн төлсөн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны хүү гаргуулахыг хүсэж байна.

1.9.Хариуцагч Х банкны Б салбар 21,249,500 төгрөгийг суутгах өдөр эзэмшигчийн дансанд 1 жилийн хүүгийн орлогод 2,920,420 төгрөг 35 мөнгийг шилжүүлсэн байна. Үүнийг тухайн үед дансанд байсан үлдэгдэл 21,126,223 төгрөг 79 мөнгөөр тооцож үзэхэд хадгаламжийн жилийн хүү 13,8% (2,920,420 төгрөг 36 мөнгө х 100% : 21,126,223 төгрөг 79 мөнгө=133,8%) байсан тооцоо гарч байгаа тул нэхэмжлэх хадгаламжийн хүүг жилийн 13,8%-иар тооцож дараах байдлаар нэхэмжилж байна.

*2019.09.28-2020.09.28 хүртэл 1 жил, жилийн хүү 13,8%;

21,249,500 х13,8%=2,932,431 төгрөг;

*2020.09.28-2021.09.28 хүртэл 1 жил, жилийн хүү 13,8%;

21,249,500+2,932,431=24,181,931

24,181,931 х13,8%=3,337,106 төгрөг 47 мөнгө;

*2021.09.28-2022.09.28 хүртэл 1 жил, жилийн хүү 13,8%;

24,181,931+3,337,106 төгрөг 47 мөнгө=27,519,037 төгрөг 47 мөнгө

27,519,037 төгрөг 47 мөнгө х13,8%=3,797,627 төгрөг 17 мөнгө;

*2022.09.28-2023.02.28 хүртэл 5 сар, сарын хүү 5,75%;

13,8% : 12сар=1,15%; 1,159% х 5 сар=5,75%

27,519,037 төгрөг 47 мөнгө +3,797,627 төгрөг 17 мөнгө=31,316,664 төгрөг 62 мөнгө

31,316,664 төгрөг 62 мөнгө х 5,75%=1,800,708 төгрөг 21 мөнгө;

*2023.03.01-2023.03.09 хүртэл 9 хоног, 1 хоногийг хүү 0,038%;

1,15% : 30 хоног=0,038%; 0,038% х 9 хоног=0,342%

31,316,664 төгрөг 62 мөнгө +1,800,708 төгрөг 21 мөнгө=33,117,372 төгрөг 83 мөнгө

33,117,372 төгрөг 83 мөнгө х 0,342%=113,261 төгрөг 41 мөнгө;

Эдгээрийн нийлбэр нь 2,932,431 төгрөг+3,337,106 төгрөг 47 мөнгө+3,797,627 төгрөг 17 мөнгө+1,800,708 төгрөг 21 мөнгө+113,261 төгрөг 41 мөнгө=11,981,134 төгрөг 26 мөнгө болж байна.

1.10.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Х банкны Б салбараас Т.Т-гийн Боловсрол-хүүхдийн ирээдүйн хадгаламж-ийн данснаас зөвшөөрөлгүй суутгасан 21,249,500 төгрөгийн 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны зөвшөөрөлгүй ашигласан хадгаламжийн хүү 11,981,134 төгрөг 26 мөнгийг гаргуулж Т.Тд олгож өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч Х банкны Б салбарын захирал Л.Ө нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Зээлдэгч Т.Р-ийн Х банктай байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ-ний хугацаа нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дууссанаар энэхүү гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул ийнхүү дуусгавар болсон гэрээний үүргийг буюу 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс хойших зээлийн хүү нэхэмжлэгч тал нь банкнаас шаардах эрхгүй.

2.2.Х банкны Б салбарын Улаанбайшинт тооцооны төвөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Т.Тгийн эх Т.Р нь Хадгаламж барьцаалсан зээл-ийн гэрээгээр 18,000,000 төгрөгийг 325 хоногийн хугацаатай буюу 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл зээлийн хугацаанд ашиглах үндсэн зээл 18,000,000 төгрөг, зээлийн хүү 3,237,534.25 төгрөг нийтдээ зээлийн төлбөрт 21,237,534.24 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцож зээлийн барьцаанд Т.Тгийн нэр дээрх Боловсрол-Хүүхдийн ирээдүй хадгаламж (2011.09.28 өдөр нээсэн)-ийн 5195008090 дугаартай дансанд байгаа мөнгөн хөрөнгийг барьцаалуулсан бөгөөд зээлийг төлөх эцсийн хугацаа нь дуусахад 2019.09.28-ны өдөр дээр хадгаламжаас 21,249,500 төгрөгийг суутган зээлийг төлүүлсэн байдаг.

2.3.Т.Тгийн асран хамгаалагч Х.ТН нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 51950080900 дугаартай уг хадгаламжийн дансанд хамтран эзэмшигчээр бүртгүүлж, улмаар 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тухайн өдрийг хүртэлх хүүгийн орлого 24,159.84 төгрөг орж ирсний дараагаар дансанд байсан үлдэгдэл мөнгө болох 3,154,645.96 төгрөгийг Х.ТНий эзэмшлийн 5180604055 тоот данс руу бэлэн бусаар мөнгөн шилжүүлгийн гүйлгээг хийлгэж, энэхүү хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, дансыг харилцагчийн хүсэлтээр хаалгасан байна.

2.4.Эдгээр нь 0000000 дугаартай дансанд хамтран эзэмшигч бүртгэх, нэмэх хүсэлтийн маягт, тухайн өдрийн 3,154,645.96 төгрөгийн мөнгө шилжүүлгийн гүйлгээний баримт, мөн Т.Тгийн хадгаламжийн дэвтрийн хуулбар хувь, Т.Тгийн 00000000 дугаартай хадгаламжийн дансны хуулга гэх зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдоно.

2.5.Монгол Улсын Иргэний хуулийн 236 дугаар зүйл Үүрэг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болох 236.1-д Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно гээд 236.1.1-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, 236.3-д Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээн авсныг гэрчлэх баримт бичгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардсанаар олгох үүрэгтэй гэж, мөн 454 дүгээр зүйл Мөнгөн хадгаламжийн гэрээ-ний 454.4-д Хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй, 455.3-д Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол банк уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх бөгөөд гэрээнд заасан хугацаа дуусан боловч хадгалуулагч мөнгөө буцаан авах шаардлага тавиагүй бол уг гэрээг цаашид тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно, 455.4-д Тодорхой хугацаагаар байгуулсан гэрээг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй гэж,

мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12.3-д Хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн мөнгийг буцаан өгч, гэрээнд заасны дагуу хүү төлөх үүрэгтэй, 12.4-д Хугацаатай хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлах, эсхүл зарлагын гүйлгээ хийх тохиолдолд хадгалуулсан хугацаанаас нь хамааруулан хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулна, 12.7-д Хугацаатай хадгаламжийн гэрээг хадгалагч нь нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас өмнө цуцлах эрхгүй, 14.2.3-д Хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар хадгаламжийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хадгаламжийн хүү төлөх-өөр тус тус хуульд зохицуулсан байна.

2.6.Т.Тгийг нэр дээрх 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Боловсрол-Хүүхдийн ирээдүй хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7-д Хадгалуулагчийн хүсэлтээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд жилийн бууруулсан хүүгийн хэмжээ 4 хувь байна, гэрээний 1.11-д Хугацаатай хадгаламжийн гэрээг хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлах бол хадгаламжийн хүүг энэ гэрээний 1.7 дах хэсэгт заасан бууруулсан хэмжээгээр тооцно, гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д Хадгалуулагч нь хадгаламжийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зарлагын гүйлгээ хийх бол хадгаламжийн хүү бууруулсан хувь хэмжээгээр тооцуулан авна, мөн гэрээний 2.6-д Хадгаламжийн гэрээнд заасан хугацааны дотор зарлагын гүйлгээ хийхгүй байх үүрэгтэй, уг гэрээний 4 дүгээр зүйл (гэрээг цуцлах үндэслэл)-ийн 4.1-д Хадгалуулагч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд гэрээг цуцлахаар талууд харилцан тохиролцсон байна.

2.7.Иймээс Т.Тгийн асран хамгаалагч бөгөөд хадгаламжийн дансны хамтран эзэмшигч Х.ТН нь өөрөө Х банктай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Боловсрол-Хүүхдийн ирээдүй хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг хадгалуулагчийн хүсэлтээр хугацаанаас нь өмнө цуцалж, уг дансыг харилцагчийн хүсэлтээр хаалгаснаар хадгаламжийн гэрээний эрх үүрэг, өн шаардах эрх нь нэгэн адил дуусгавар болсон байна.

2.8.Нэгэнт ийнхүү дуусгавар болсон хадгаламжийн гэрээний үүргийг буюу хадгаламжийн хүү-г мөнгөн хөрөнгийг хадгалуулагч тал буюу нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Х банкнаас одоо гаргуулан авахаар шаардах эрхгүй гэж үзэж байна.

2.9.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгасан 21,249,500 төгрөгийн хадгаламжийн зөвшөөрөлгүй ашигласан хугацааны хүү болох 11,981,134 төгрөгийг банкнаас гаргуулж Т.Тд олгох боломжгүй юм.

2.10.Иймд хадгалуулагчийн хүсэлтээр хугацаатай мөнгөн хадгаламжийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 00000 дугаартай дансыг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр харилцагчийн хүсэлтээр хаалгасан тул 2023 оны 3 дугаар сарын 09-нийг өдрийг хүртэлх хугацаанд зөвшөөрөлгүй ашигласан хугацааны хүү болох 11,981,134 төгрөгийг Х банкнаас гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, У овогт Х-ын Т 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр олгосон № дугаартай Нас барсны гэрчилгээ, Т овогт Т.Р-гийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр олгосон №дугаартай Нас барсны гэрчилгээ, У овогт Т Тгийн 2009 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр олгосон № дугаартай Төрсний гэрчилгээ, У овогт Т.А-гийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр олгосон № дугаартай Төрсний гэрчилгээ, У овогт Т.Ч-ийн 2018 оны 07 дүгээр сарын 03-ны өдөр олгосон № дугаартай Төрсний гэрчилгээ, Уовогт ТН-ий Н-ийн 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр олгосон №0000805841, №533 дугаартай Төрсний гэрчилгээ, Б аймгийн Н сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/123 дугаартай Асран хамгаалагч тогтоох тухай захирамж, мөн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Х банкны Иргэний бүтэгдэхүүн, үйлчилгээний хүсэлтийн маягт, Т.Т-гийн нэр дээр 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Х банкны Б салбараас нээсэн №0009978 дугаартай Боловсрол-Хүүхдийн Ирээдүй хадгаламжийн дэвтэр, харилцагч Т.Т, хамтран эзэмшигч Х.ТН нарын эзэмшлийн Х банкны Б аймгийн салбар дахь хадгаламжийн дансны 2018 оны 01-дүгээр сарын 01-ээс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний хоорондын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2020/00843 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 212/ИА2020/00073 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01061 дугаартай шүүх хуралдааны тогтоол, харилцагч Т.Т--гийн Төрийн банкны Хугацаат дансны харилцагчийн хуулга зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас Х банкны Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдийн 01/12242 дугаартай Итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдийн 29/12306 дугаартай Итгэмжлэл, Х банкны Боловсрол хүүхдийн ирээдүйн хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Х банкны Хадгаламж барьцаалсан зээлийн өргөдлийн маягт, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 317 дугаартай Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, Х банкны Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Х банкны Мөнгөн шилжүүлгийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Х банкны Иргэдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлтийн маягт, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Х банкны Иргэдийн хугацаатай хадгаламжийн гэрээ, харилцагч Т.Тгийн Х банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч Х.ТН нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Х банкны Б салбар хадгаламжаас 21,249,500 төгрөгийг зөвшөөрөлгүй шилжүүлж авснаас болж нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хүү авч чадаагүй хохирсон. Хэрэв тухай үед хадгаламжийн дээрх мөнгийг зөвшөөрөлгүй суутгаж аваагүй бол дээрх хугацааны хүү бодогдож, хадгаламжийн хэмжээ өсөж бүтэн өнчин хоцорсон хүүхдийн цаашид сурч боловсроход нь зарцуулж санхүүгийн боломж хангагдах ёстой байсан. Иймд Х банкны Б салбараас 21,249,500 төгрөгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар суутгаж авсан 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс мөнгийг эргүүлэн төлсөн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны хүү гаргуулахыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

7.Хариуцагч Х банкны Б аймаг дахь салбар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... ээлдэгч Т.Р-гийн Х банктай байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ-ний хугацаа нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дууссанаар энэхүү гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул ийнхүү дуусгавар болсон гэрээний үүргийг буюу 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс хойших зээлийн хүү нэхэмжлэгч тал нь банкнаас шаардах эрхгүй. хугацаанаас нь өмнө цуцалж, 5195008090 дугаартай дансыг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр харилцагчийн хүсэлтээр хаалгасан тул 2023 оны 3 дугаар сарын 09-нийг өдрийг хүртэлх хугацаанд зөвшөөрөлгүй ашигласан хугацааны хүү болох 11,981,134 төгрөгийг Х банкнаас гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1.2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин У овогт Т-ны Т-гийн эцэг У овогт Х-ын Т, эх Т овогт Т-ы Р нар мөн болох нь түүний Б аймгийн Ө сумын Улсын бүртгэлийн ажилтны 2009 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр олгосон № дугаартай Төрсний гэрчилгээ-ээр нотлогдож байна.

У овогт Т-ны Т эцэг нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, эх нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тус тус зуурдаар нас барсан болох нь У овогт Х-ын Т-ы 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр олгосон №0000222448 дугаартай Нас барсны гэрчилгээ, Т овогт Т-ы Р-гийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр олгосон №0000222447 дугаартай Нас барсны гэрчилгээ-ээр тус тус нотлогдож байна.

8.2.Б аймгийн Н сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А\130 дугаартай Асран хамгаалагч тогтоох тухай захирамжаар тус сумын 9 дүгээр баг Ц тосгоны иргэн У овогт Х-ын Т, Т овогт Т-ны Р нар хоёулаа нас барсан тул бүтэн өнчин үлдсэн хүүхдүүд нь болох У овогт Т-ны Т, ... нарын хууль ёсны асран хамгаалагчаар ах нь болох Хибатын ТН-ийг тогтоосон байна.

8.3.У овогт Т-ны Т-гийн эцэг эх амьд байхад түүний нэр дээр 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Х банкны Б аймаг дахь салбарт Боловсрол-Хүүхдийн Ирээдүй хадгаламжийн 5195008090 тоот данс нээж №0009978 дугаартай хадгаламжийн дэвтэр олгосон байна.

8.4.Мөн Т.Тгийн эх Т овогт Т-ны Р амьд байхад 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Т.Тгийн Х банкны Б салбар дахь 500000 тоот данс дахь 20,081,233 төгрөгийн хадгаламжтай Боловсрол-Хүүхдийн Ирээдүй №0009978 дугаартай хадгаламжийн дэвтрийг барьцаалан Х банкны Б Улаанбайшин тооцооны төвөөс 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээл авсан болох нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хадгаламж барьцаалсан зээлийн өргөдлийн маягт, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хадгаламж барьцаалсан Зээлийн болон барьцаат гэрээ-ээр тус тус нотлогдож байна.

Энэхүү 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хадгаламж барьцаалсан Зээлийн болон барьцаат гэрээ-ээр 18000000 төгрөгийг 325 хоногийн хугацаагаар 20.20%-ийн хүүтэй, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр үндсэн зээл 18000000 төгрөг, зээлийн хүү 3237534 төгрөг, нийт төлбөр 21237534 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон ба зээл төлөх үүрэг хүлээсэн зээлдэгч Т.Р2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зуурдаар нас барснаар зээлдэгч (талийгаач) Т.Р зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн гэж Х банкны Б салбар нь 2019 оны 9 дугаар сарын 28-ны өдөр зээлдэгчийн банк дахь барьцаалуулсан Боловсрол-Хүүхдийн Ирээдүй хадгаламжийн 5195008090 тоот данснаас 21,249,500 төгрөгийг зээл төлүүлэхээр суутган авснаар маргаан үүсэж нэхэмжлэгч Х.ТН шүүхэд хандсан байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01061 дугаартай тогтоолоор Х банкны Б аймаг дахь салбараас 21,249,500 төгрөгийг гаргуулан Т.Тд буцаан олгож,...шийдвэрлэсэн байна.

8.5.Улмаар шүүхийн шийдвэрийг биелүүлж 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Х банкны Б аймаг дахь салбараас Т.Т-гийн Т банк дахь Хүүхдийн хадгаламж-ийн дансанд мөнгийг шилжүүлэн өгсөн нь Т банкны Хугацаат дансны харилцагчийн хуулга-аар нотлогдож байна.

8.6.Нэхэмжлэгч Х.ТН нь Т.Т-гийн Х банкны Б салбарын Боловсрол-Хүүхдийн Ирээдүй хадгаламжийн 5000 тоот дансны хамтран эзэмшигч мөн болох нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Х банкны Б салбар болон Х.ТН нарын хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 29-ний хүртэл хүчин төгөлдөр Иргэдийн хугацаатай хадгаламжийн гэрээ, мөн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Х банкны Иргэний бүтэгдэхүүн, үйлчилгээний хүсэлтийн маягт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

8.7.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ, 454.4-д Хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Т.Т-гийн асран хамгаалагч Х.ТН нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Т.Т-гийн Х банкны Б аймаг дахь салбарын Боловсрол-Хүүхдийн Ирээдүй хадгаламжийн 5195008090 тоот дансанд байгаа үлдэгдэл мөнгө 3,154,645.65 төгрөгийг авч дансыг хаалгасан болох нь Х банкны Б аймаг дахь салбарын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Мөнгөн шилжүүлэг-ийн баримтаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Т.Т-гийн асран хамгаалагч бөгөөд хадгаламжийн дансны хамтран эзэмшигч Х.ТН нь өөрөө 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Х банкны Б аймаг дахь салбарын Боловсрол-Хүүхдийн ирээдүй хугацаатай мөнгөн хадгаламжийн 5195008090 тоот дансыг хаалгаснаар хадгаламжийн гэрээний эрх, үүрэг дуусгавар болсон байна.

8.7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Т.Т-гийн Боловсрол-хүүхдийн ирээдүйн хадгаламж хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгасан 21,249,500 төгрөгийн үйл баримттай холбоотой Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2020/00843 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 212/МА2020/00073 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01061 дугаартай тогтоол тус тус гарсан байх тул эдгээр үйл баримттай холбоотой талуудын гаргаж өгсөн нотлох баримтуудыг дахин шинжлэн судлах, үнэлэх, дүгнэлт хийх шаардлагагүй болно.

10.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 454.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х банкны Б аймаг дахь салбараас Т.Т-гийн Боловсрол-хүүхдийн ирээдүйн хадгаламж хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгасан 21,249,500 төгрөгийн 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны хадгаламжийн хүү 11,981,134.26 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

11.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,649 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 454.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х банкны Б аймаг дахь салбараас Т.Т-гийн Боловсрол-хүүхдийн ирээдүйн хадгаламж-ийн данснаас зөвшөөрөлгүй суутгасан 21,249,500 төгрөгийн 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны хадгаламжийн хүү 11,981,134.26 (арван нэгэн сая есөн зуун наян нэгэн мянга нэг зуун гучин дөрвөн төгрөг хорин зургаан мөнгө) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Х.ТН-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Х.ТН-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,649 (хоёр зуун зургаан мянга зургаан зуун дөчин есөн) төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК