Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/01213

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/01213

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг “М” ХХК /РД: ***/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо “Х” ХХК /РД:*/

 

69,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч П.А

                                   нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д

                              хариуцагчийн төлөөлөгч А.Б

                              нарийн бичгийн дарга Б.Сэндэрнар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 19/18 дугаартай “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан, ул шорооны ажил, хиймэл байгууламжын ажлыг тус тус батлагдсан зургийн дагуу 5 цэгт хийж гүйцэтгэж тохирсон хөлсөө авах талаар харилцан тохиролцсон болно. Хариуцагчаас тус гэрээний 2 дугаар зүйлд заасан үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгээгүйгээс тус компаниас гэрээний төлбөр 45,000,000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 2,000,000 төгрөгийн зардал гарсан болно. Гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд янз бүрийн шалтаг хэлж сүүлдээ утсаа ч авахгүй болсон. Дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 1-т заасны дагуу тохирсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүйгээс үндсэн үүрэг, алдангийг тооцож үзвэл үндсэн төлбөр 45,000,000 төгрөг мөн тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги 2019 оны 12 дугаар сарын 01-наас өнөөдрийг хүртэл нийт 386 хоногийн алданги 86,850,000 төгрөг, Гэвч хуулийн дагуу алданги тооцоолж үзэхэд 22,500,000 төгрөг, дээрх гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу хууль зүйн туслалцаа авсаны төлбөр 2,000,000 төгрөг нийт 69,500,00.00 төгрөг болж байгаа болно. Иймд хариуцагч “Х” ХХК-аас 69,500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505,450 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгохоор шийдвэр гаргаж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани гэрээгээр тохирсон буюу ухмал,  ул шороо, далангийн ажлыг бүрэн хийгээд, хоолойг нь суурилуулаад өгсөн байгаа. Гэхдээ 2 хоолойны асуудал байна гэж хариуцагч яриад байгаа. Тэр асуудлыг дүгнэлтээр анх гарсан зурагт дөрвөлжин хоолой байх ёстойг юмыг дугуй хоолойгоор, мөн 1000-ын хоолойгоор хийх ажлыг 300-ын хоолойгоор орлуулж, намсгаж хийсэн. Тухайн нөхцөл байдлын хувьд юу болсон бэ гэхээр Эрдэнэдалай сумын төвийн дундуур явж байгаа учраас 1000-ын хоолой хийхээр бүр дээшээ метр гаруй ухмалын шороо орох, мөн хүмүүс зам хөндлөн гарах зэрэгт хүндрэлтэй байсан учраас захиалга өгсөн компани үүнийг өөрчилж манайхаар хийлгэсэн. Манай компанид өгсөн зургийн дагуу хийж гүйцэтгэж өгсөн. Хэрэгт байгаа зураг бол манай ажлын зураг биш. Харин шүүх хуралдааны явцад ил болсон. Тэр зургийг дур мэдэн өөрчлүүлж, манай компаниар гүйцэтгүүлчихээд одоо болохоор гэрээ, зургийн дагуу хийгээгүй гээд байна. Энэ өөрчилсөн хоолойны ажлыг хүлээж аваад актанд гарын үсгээ зурсан байгаа юм. Манайд захиалсан далангийн ажлыг хийгээд өгсөн, хоолойг өөрсдийнх нь ярьсан тухайн нөхцөл байдалд тохируулаад хийгээд өгсөн. Өөрсдөө бүх хариуцлагаа хүлээнэ гэдгээ манай инженер Х-д хэлээд хийлгэчихээд одоо болохоор мөнгөө өгөхгүй, манайхыг доголдолтой, буруу хийсэн зүйл ярьж байгааг зөвшөөрөхгүй байна. Ажил үүргээ гүйцэтгэж байх үед нөгөө талаас байнгын хяналт тавьж байдаг. Хэрэв алдаа дутагдал гарсан бол тухай бүрд нь хэлээд, засуулаад явах боломжтой байсан. Тухайн үедээ ийм асуудал ярьж байгаагүй, “К р” ХХК-ийн гаргасан дүгнэлт гээд байгаа зүйлийг танилцуулж байгаагүй. Мөнгийг өгөхгүй хойшлуулж шалтаг, шалтгаан гаргаад өдий хүртэл болсон. Хийсэн ажлын доголдлын талаар засаж, залруулах тухай мэдэгдэж байгаагүй, албан бичиг, мэдэгдлийг манайд ирүүлж байгаагүй. Харин манай зүгээс төлбөр, мөнгөө авъя гэдэг албан бичиг хүргүүлэхэд хариу өгдөггүй. Иймд хариуцагч байгууллагаас үлдэгдэл төлбөрийг алданги, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн зардлын хамт гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд "М" ХХК-ийн 2020 оны 12 сарын 21-ний 001/20-279 албан тоотоор гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай “Х” ХХК болон “М” ХХК-уудын хооронд 2019 оны 10 сарын 07-ны өдөр 19/17 дугаартай нийг 70,000,000 төгрөгийн дүнтэй “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд баригдах ул шороо далангийн ажил гүйцэтгэх гэрээ”-г, 2019 оны 10сарын 08-ны өдөр 19/18 дугаартай нийт 90,000,000 төгрөгийн дүнтэй “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ”-г мөн 2019 оны 10 сарын 31-ний өдөр 19/17-а дугаартай нийт 18,5 сая төгрөгийн дүнтэй “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд баригдах ул шороо далангийн ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ”-г тус тус байгуулан хамтран ажилласан. Дээрхи гэрээнүүдийн нийт дүн 178,5 сая төгрөг юм. “Х” ХХК нь "М" ХХК-иар ажил гүйцэтгүүлэхээр 2019 оны 10 сарын 08-ны өдөр 19/18 дугаартай нийт 90,000,000 төгрөгийн дүнтэй “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Уг гэрээний 2.2-р заалтад гэрээний урьдчилгаа төлбөр буюу 50%, 45,000,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсанаар, 30% буюу 27,000,000 төгрөгийг нийт ажлын 50%-ийг гүйцэтгэж дуусмагц, үлдэгдэл 20% буюу 18,000,000 төгрөгийг нийт ажил 100% гүйцэтгэсэний дараа 2 хоногийн дотор захиалагч гүйцэтгэгч талд төлөх болно”, Гэрээний 3.1-д зааснаар “Захиалагч нь баталгаажуулсан гүйцэтгэлийн баримтыг үндэслэн Гүйцэтгэгчид санхүүжилт олгох үүрэгтэй” гэж заасны дагуу Гүйцэтгэгч тал нь ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж зохиогчийн хяналтын дүгнэлт гаргуулж түүнийг үндэслэн ажил хүлээлцэх актанд захиаллагчаар гарын үсэг зуруулж актаар баталгаажуулж ажлыг хүлээлцсэнээр гэрээний төлбөрийг авах үндэслэл үүснэ. Гэрээний дагуу ажлаа хийж баталгаажуулаагүй бол гэрээг үндэслэн мөнгө нэхэмжлэх үндэслэл болохгүй. Захиалагч болох Дундговь аймгийн засаг даргын тамгын газрыг төлөөлж ЗХ-ЗТХЯ/201901046 тоот гэрээний дагуу зохиогчийн хяналт гүйцэтгэгч “К Р” ХХК-ийн зураг төслийн зохиогч инжнер П.Н "М" ХХК нь гүйцэтгэсэн ажилд зохиогчийн хяналтаар 2 удаа (2019 оны 11 сарын 13, 2020 оны 06 сарын 02) хяналтын дүгнэлт хийж барилга угсралтын ажлын чанар, ипэрсэн алдаа зөрчил, түүний шалтгаануудыг арилгуулах дүгнэлт гаргаса. Манай компани ажлын гүйцэтгэлийг зохиогчийн хяналтаар баталгаажуулсаны дагуу актанд гарын үсэг зурж ажлыг 100 хувь хүлээн авсан актаар ажлын гүйцэтгэл баталгаажиж гэрээний төлбөрийг ажлын гүйцэтгэлийн дагуу санхүүжүүлэн шилжүүлэх болно. Тодруулбал: "М" ХХК-ийн гэрээт ажлын гүйцэтгэл дээр барилга угсралтын алдаа зөрчил гаргасан. Өөрөөр хэлбэл "М" ХХК-ийн хийж гүйцэтгэж буй ажлын гүйцэтгэлийг шалгаж хяналт баталгаажуулалт хийх үүрэгтэй “К Р” ХХК-ийн 2019 оны 11 сарын 01-ний өдрийн №01 дугаартай мөн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гаргасан №02 дугаартай “Зам барилгын ажлын зохиогчийн хяналтын дүгнэлт”-д дурдсанаар барилга угсралтын үе шат болон барилга угсралтын ажлын чанар, гүйцэтгэлд алдаа дутагдал, зөрчил гаргасныг илрүүлж, эдгээр зөрчил дутагдлыг арилгуулахаар “Зам барилгын ажлын зохиогчийн хяналтын дүгнэлт” гарган тус компанийн зүгээс хугацаа олгосон боловч энэхүү алдаа зөрчил дутагдлыг засч, баталгаажуулах, ажил хүлээлцэх зэрэг гэрээний дагуу үүргээ "М" ХХК биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн нь Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 346.2-т зааснаар ажлыг хүлээлгэн өгөөгүй тул хөлс нэхэмжлэх эрхгүй юм. Манай компанийн зүгээс “М” ХХК-ийг ажлын зургын дагуу ажлыг гүйцэтгэхийг, буруу болон дутуу гүйцэтгэсэн гэрээнд заасан ажлуудыг тохиролцсон хугацаанд гүйцэтгэн албан ёсоор хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардахад “М” ХХК нь үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсны дараа засварлана гэж ажлаа хойшлуулсан байдалтай байгаа. Манай компани дээрхи ажил гүйцэтгэх гэрээнүүдийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлж цаг тухай бүрт нь байсан боловч “М” ХХК нь НӨАТ-ын падааныг өгөөгүйгээс болж нийт 12,100,000 төгрөгийн НӨАТ-ийн өр үүссэн. Түүнчлэн “М” ХХК нь ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгээгүйтэй холбоотойгоос үүдэж уг зам барилгын ажил удааширч, гэрээт ажпын гүйцэтгэлийн санхүүжилтыг авч чадалгүй 2021 оныг хүртэл санхүүжилт шилжүүлсэн байдалтай манай компани маш их хохирол амсаж байна. Эдгээр хохирол төлбөрийг сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжлэх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс зураг төслийн дагуу хийгээгүй ажлаа засаж янзлаад актаар хүлээлгээд өгчих гэсэн асуудлыг л тавьж байгаа. “К р” ХХК-ийн гаргасан дүгнэлтээр ажлуудыг засаж янзал гэсэн боловч тэр чигт нь хийгээгүй орхисон. Сумын засаг даргаас нь сонгуультай холбоотойгоор энэ замын ажлыг дуусгаад өгөөчээ гэсний дагуу 700-800 метр газар хучилт хийсэн. Энэ хучилтын ажлыг хийхдээ өөрсдийн ажиллах хүчээр нэхэмжлэгчийн доголдолтой хийсэн ажлыг засаж янзлаад хийсэн. Үүнээс өөр арга байгаагүй. Зургийн компани бол хучилт хийхийг зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч хийсэн ажлаа бага зэрэг янзалчихвал зургийн компанитай ярилцаж байгаад ажлаа дуусгаад санхүүжилтээ авчихвал үлдэгдэл төлбөр 45,000,000 төгрөгийг төлөхөд асуудалгүй. “К р” ХХК 2 удаагийн  гаргасан дүгнэлтийн дагуу ажлаа гүйцээгээд өгөөч гэж хүсэж байгаа юм. Өмнөх захирал н.Амарбаттай эд нар юу гэж тохирсоныг би мэдэхгүй, зургийн дагуу л ажлаа хийх ёстой гэж үзэж байгаа. Энэ асуудал дээр хоорондоо ярилцаад тохирчих зүйл гэж харж байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэл болон алдангид 67,500,000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардалд 2,000,000 төгрөг нийт 69,500,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Талууд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 19/18 дугаартай “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ”-г бичгээр байгуулсан байх бөгөөд тухайн гэрээгээр нэхэмжлэгч нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд тавигдах замынус зайлуулах төмөр бетон 1000мм-ийн дугуй хоолойг /хиймэл байгууламжийн ажил/ батлагдсан зургийн дагуу 5 цэгт байршуулах ажлыг 90,000,000 төгрөгөөр гүйцэтгэх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлсийг ажлын гүйцэтгэлийн хувиар хэсэгчлэн төлөх үүрэг тус тус хүлээжээ. Дээрх гэрээний шинж, агуулга, нөхцөл, талуудын үүрэг зэргээс үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

Нэхэмжлэгч нь “гэрээний дагуу ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн” үндэслэлээр үлдэгдэл ажлын хөлс шаардаж байх ба харин хариуцагч “ажлыг зургийн дагуу цаг хугацаанд нь гүйцэтгээгүй, доголдолтой гүйцэтгэсэн, уг зөрчлөө арилгахыг шаардсан боловч засварлаагүй, ажлаа хүлээлгэн өгөөгүй” гэж маргав.

 

Дээрх гэрээнээс гадна зохигчийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 19/17 дугаартай “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд баригдах ул шороо далангийн ажил гүйцэтгэх гэрээ”, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 19/17-а дугаартай “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд баригдах ул шороо далангийн ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ”-нүүд байгуулагдсан байна. Уг гэрээнүүдээр нэхэмжлэгч нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд тавигдах замын ул шороо далангийн ажил, ухмал хийх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлсийг ажлын гүйцэтгэлийн хувиар хэсэгчлэн төлөх үүрэг тус тус хүлээсэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээнүүдийн ажлын хөлсний талаар нэхэмжлэгч маргахгүй төлөгдсөн, шаардаж буй ажлын хөлс нь дээрх хоёр гэрээнд хамааралгүй гэж үзэж байх ба харин хариуцагч төлөгдсөн болон төлөгдөөгүй ажлын хөлсний хэмжээнд маргаагүй, 3 гэрээний ажлын үр дүнг бүхэлд нь хүлээж аваагүй, ажлын үр дүн доголдолтой гэж маргаж байна.

 

2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний үнийг 70,000,000 төгрөгөөр тохирч урьдчилгаа төлбөр 21,000,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар, 35,000,000 төгрөгийг нийт ажлын 50%-ийг гүйцэтгэж дуусмагц хоёр хоногийн дотор, үлдэгдэл 14,000,000 төгрөгийг ажлыг 100% гүйцэтгэсний дараа хоёр хоногийн дотор төлөхөөр, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний /маргаж байгаа гэрээ/ үнийг 90,000,000 төгрөгөөр тохирч урьдчилгаа төлбөр 45,000,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар, 27,000,000 төгрөгийг нийт ажлын 50%-ийг гүйцэтгэж дуусмагц, үлдэгдэл 18,000,000 төгрөгийг ажлыг 100% гүйцэтгэсний дараа хоёр хоногийн дотор төлөхөөр, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний үнийг 18,500,000 төгрөгөөр тохирч хөлсийг гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар төлөхөөр тохиролцож, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 21,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хоолойн ажлын төлбөрт 10,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хоолойн ажлын төлбөрт 20,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр газар шорооны ажлын төлбөрт 42,500,000 төгрөг 3 гэрээний нийт хөлс 133,500,000 төгрөг хүлээн авчээ. Үүнээс нэхэмжлэгч нь 30,000,000 төгрөгийг ус зайлуулах хоолой суурилуулах ажлын хөлсөнд тооцсон байна. Иймд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт заасны дагуу  ажлын үр дүнг тодорхой хэсэг, үе шаттайгаар хүлээн авч ажлын хөлс төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг 3 гэрээний үлдэгдэл төлбөр гэж тодорхойлов.     

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээний зүйл нь ажлын үр дүн байна. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч нь ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөр хөлс авах эрхтэй.

 

Талууд ажлыг хүлээлгэж өгсөн асуудлаар маргасан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 64м урттай ган хоолойг хүлээлгэн өгсөн талаар акт үйлдэж, талууд гарын үсэг, тамгаар баталгаажуулжээ. Дээрх актыг нэхэмжлэгч тал “гэрээгээр анх 1000мм төмөр бетон дугуй хоолой суурилуулахаар тохирсон боловч хоёр тал газар дээрээ очиж ярилцаад 2 цэгт 300мм ган хоолой хийхээр тохирсоны дагуу гүйцэтгэж хүлээлгэн өгсөн” гэж тайлбарлаж байх ба уг тайлбар болон актыг хариуцагч үгүйсгээгүй, үүнтэй холбоотой ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй болно. Иймд талуудыг 2 цэгт 300мм-ийн ган хоолой суурилуулахаар тохирсон, уг ажлын үр дүнг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчийг хүлээн авсан гэж үзэв. /ХХ-ийн 86-104 дүгээр тал/

 

Мөн нэг цэгт суурилуулсан 1000мм-ийн хоолой дээгүүр замын хучилт хийгдэж, уг ажлын үр дүнг ашиглах боломжийг олгосон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар зохигч маргаагүй тул дээрх ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзнэ.

 

Хариуцагч нь ажлын гүйцэтгэлийн талаар “К р” ХХК-иар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргуулсан дүгнэлтэд ажлын үе шат, байдлыг “Ф1,0м-ийн ус зайлуулах хоолойнууд зургийн дагуу байршлуудыг тогтоож хийсэн байдалтай байна, 1,0х1,0м-ийн ус зайлуулах хоолойнуудын байршил дээр төмөр кольцо хоолой байршуулсан байна” гэж дүгнэж, мөн барилгын угсралтын ажлын чанар, алдаа, зөрчлийн талаар дурдсан байна. Талууд 3 цэгт байршуулсан ус зайлуулах хоолойн ажлыг хүлээлгэн өгсөн баримт үйлдээгүй боловч хариуцагчийн гаргаж өгсөн “К р” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн ажлын үр дүнг захиалагчийг хүлээн авсан байна гэж үзэв. Захиалагч нь ажлын үр дүн доголдолтой тохиолдолд түүнийг хүлээн авахаас татгалзах эрхтэй боловч “К р” ХХК-иар дүгнэлт гаргуулснаар ажлын үр дүнг хүлээн авахаас татгалзаж, энэ талаараа ажил гүйцэтгэгчид мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, баримтаар нотлоогүй тул ажлыг хүлээн авсны дараа дүгнэлт гаргуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл захиалагч нь ажлын үр дүнг ажил гүйцэтгэгчийн мэдэгдсэнээр хүлээн авах үүрэгтэй бөгөөд ажлын үр дүнг хүлээн авах хугацааг хэтрүүлсэн, өөрийн буруугаас хүлээн аваагүй /доголдолтойн улмаас ажлын үр дүнг хүлээн авахгүй талаарх хүсэл зоригоо илэрхийлээгүй гэх мэт/ бол ажил гүйцэтгэгч хөлс шаардах эрх үүснэ. Мөн ажлыг хүлээлгэн өгсөн талаар акт үйлдээгүй нь ажлыг хүлээлгэн өгөөгүй гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна “К р” ХХК-ийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн гүйцэтгэх ажлын үр дүн бий болоогүй талаар дурдаагүй, мөн хариуцагч ажлын үр дүн бий болоогүй буюу нэхэмжлэгчийг ажлаа гүйцэтгээгүй гэж маргаагүй байна. Иймд талуудын тайлбар, ажил хүлээлгэн өгсөн акт, “К р” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 13, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт зэрэг баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3 гэрээний ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч ажлын хөлс шаардах эрхтэй байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ажлын хөлсний үлдэгдэл 45,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.  

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиалагч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасан шаардлагыг гаргах эрхтэй бөгөөд хариуцагч ажлын үр дүнгийн доголдлын асуудлаар маргаж байгаа боловч энэ талаар ямар нэг шаардлага гаргаагүй болно.  

 

Алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүлээх хариуцлага юм. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд гүйцэтгэх нь чухал бөгөөд энэ нь гүйцэтгэж байгаа ажлын ач холбогдол, үндсэн захиалагчийн өмнө хүлээх хариуцлага зэрэгтэй салшгүй холбогдож байдаг. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд ажлыг гүйцэтгэж ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул хариуцагчаас хугацаа хэтэрсэн хариуцлага хүлээхийг шаардах эрхгүй байна. Иймд алданги 22,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч, хэдий хэмжээний ажлын хөлс төлөх нь хэргийн оролцогчийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөнөөс учирсан хохиролд хамаарахгүй. Иймд өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 2,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас 45,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 24,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 382,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА