Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 384

 

“Нх” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, С.Р нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн 221/МА2017/0509 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Нх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0358 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Нх” ХХК-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Аж үйлдвэрийн яам /хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1181 тоот мэдэгдлээр “С и” ХХК /компанийн, нэр өөрчлөгдөж “Нх” ХХК болсон/-д олгогдсон хөнгөлөлттэй зээлийг хүчингүйд тооцсон шийдвэрийг илт хууль бус болохыг тооцуулах тухай” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1181 тоот мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн 221/МА2017/0509 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0358 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Аж үйлдвэрийн яамны 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1180 /АҮЯ-наас Голомт банкинд хүргүүлсэн мэдэгдэл/ тоот, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1181 /АҮЯ-наас “Нх” ХХК-д ирүүлсэн мэдэгдэл/ тоотын аль нь эрх зүйн үр дагавар бий болгосон захиргааны акт вэ гэдгийг тогтоох, хөнгөлөлттэй зээлийг цуцалсан шийдвэрээ нэхэмжлэгчид мэдэгдсэн мэдэгдэл нь бие даасан акт мөн эсэх талаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж энэ асуудалд дүгнэлт өгсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Манай компани нь Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор батлагдсан “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журам"-ын 3.1, 3.2-д заасныг зөрчиж хууль тогтоомжоор эрх олгогдоогүй этгээд, хууль бус бүрэлдэхүүн хуралдааны ямар ч тэмдэглэлгүйгээр тус компанид олгосон хөнгөлөлттэй зээлийг хүчингүй болгосон Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 3/1181 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.

Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ын 03/1181 тоот захиргааны акт нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.6.13-т эрхийг Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 7 дугаар сарын 10-ын А/128 дугаар тушаал болон Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор батлагдсан “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журам”-ын 3.2-т заасныг тус тус зөрчсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс Аж үйлдвэрийн яамны эрхлэх асуудал нь шилжсэн Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Спейшл ингернэйшнл” ХХК /“Нх” ХХК болж нэр нь өөрчлөгдсөн/-д олгосон хөнгөлөлттэй зээлийг хүчингүй болгосон Аж үйлдвэрийн яамны Төрийн бичгийн даргын 2017 он 4 дүгээр сарын 20-ын өдрийн 03/1181 тоот мэдэгдлээс өөр эрх зүйн акт байгаа эсэх талаар нотлох баримт шаардсан боловч хариуцагчаас өөр ямар нэг шийдвэр байхгүй Аж үйлдвэрийн яамны газрын дарга нарыг оролцуулсан зөвлөгөөнөөр тухайн асуудлыг шийдвэрлэж Аж үйлдвэрийн яамны Төрийн бичгийн даргын 2017 он 4 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1181 тоот мэдэгдлээр шийдвэр гаргасан гэж маш тодорхой тайлбар гаргасан байдаг.

2. Давж заалдах шатны шүүх хөнгөлөлттэй зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг тодруулах зорилгоор анх зээл авахдаа ямар зориулалтаар зарцуулахаар авсан талаарх төсөл холбогдох баримтуудыг хариуцагч болон нэхэмжлэгчээс шаардах, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийсний үндсэн дээр ямар зориулалтын зээл авсан, авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг дүгнэж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэсэн.

Хөнгөлөлттэй зээлийг олгосон үндэслэлийн талаар хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасныг зөрчиж анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу дүгнэсэн. Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.7-д заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн тайлбарт үндэслэн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3-д заасныг зөрчиж хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэсэн болно. Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор батлагдсан “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журам”-ын 6.1-д заасан заалтын алийг нь манай компани зөрчсөн эсэхийг баримтаар тогтоож чадаагүй.

Мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын дээрх тогтоолын 3.2-т заасныг үндэслэн “Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан” 2011 оны 7 дугаар сарын 10-ын өдрийн А/128 дугаар тушаалыг хүчингүй болгож, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Зөвлөлийн эрхийг шилжүүлсэн шийдвэр байхгүй болох нь хэргийг хянах явцад нотлох баримтаар тогтоогдсон болно. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.5-д заасныг үндэслэн анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль буюу Захиргааны Ерөнхий хуулийг хэрэглэсэн нь буруу хэмээн дүгнэсэн байна. Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1181 тоот захиргааны акт нь ямар ч хууль үндэслээгүй бөгөөд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хуулиар эрх олгогдоогүй болно.

Мөн Иргэний хуулийн 5.1-д зааснаар тухайн маргаан бүхий захиргааны акт хэдийгээр Захиргааны Ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө гарсан боловч тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан ямар ч хуулийг үндэслээгүй төдийгүй, эрх олгогдоогүй этгээд гарын үсэг зурсанд анхан шатны шүүх дүгнэлт хийж, Иргэний хуулийн 4.1-д заасны дагуу Захиргааны Ерөнхий хуулийг хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.5 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн 221/МА2017/0509 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 538 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Нх” ХХК нь Аж үйлдвэрийн яамны /хуучин нэрээр/ Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1181 тоот мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд уг мэдэгдлээр “зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй болохыг АТГ-аас тогтоосон, иймд хөнгөлөлттэй зээлийг хүчингүйд тооцсон” тухай мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчээс “Төрийн нарийн бичгийн дарга хөнгөлөлттэй зээлийг хүчингүй болгох эрхгүй, Зохицуулах зөвлөлийн шийдвэрлэх асуудлыг шийдэж, өөрт олгогдоогүй эрх эдэлсэн, Авлигатай тэмцэх газар зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг шалгаж тогтоох чиг үүрэггүй” гэж маргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй. Энэ хүрээнд хэргийн оролцогчдын маргаж байгаа “зээлийг зориулалтын дагуу зарцуулсан” эсэх үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг цуглуулах нь хэрэгт чухал ач холбогдолтой байна.

Гэтэл анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй, мэдэгдэл хүргүүлсэн байдал нь бие даасан захиргааны акт болж чадах эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь буруу болжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох атал нэхэмжлэгчийн эрх хэрхэн зөрчигдсөн, нэхэмжлэгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй.

Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, ямар үндэслэл, ямар нотлох баримтаар “зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй” тухай захиргааны байгууллагын шийдвэрийг зөвшөөрөхгүй талаар холбогдох баримтыг цуглуулах шаардлагатай.

Нэхэмжлэгчийн “хөнгөлөлттэй зээлийг олгосон үндэслэлийн талаар хэргийн оролцогчид маргаагүй” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй, хариуцагчаас өөрийн тайлбарын гол үндэслэл болгож байгаа “зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй” тухай үйл баримтыг шалгах нь хэргийг нэг мөр, бүрэн гүйцэд шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэх, холбогдох хуулийн хүрээнд дүгнэлт хийх үүрэгтэй. Анхан шатны шүүхээс “Зохицуулах зөвлөл бүрэлдэхүүнээр шийдвэрлэх байсан” тухай дүгнэхдээ Төрийн нарийн бичгийн даргад тухайн асуудлаар шийдвэр гаргах эрх хуулиар олгогдсон эсэх, түүний албан тушаалын чиг үүрэгт хамаарах эсэхэд холбогдох хуулийг хэрэглэж, эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор баталсан Ноолуурын утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, тайлагнах журмын 5.1-д зээлийг зориулалтын дагуу олгох, зарцуулах үйл ажиллагаанд Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хяналт тавьж ажиллахаар заасан, шүүхээс уг заалтыг хэрэглээгүй эрх зүйн үндэслэл тодорхойгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн 221/МА2017/0509 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Л.АТАРЦЭЦЭГ 

                         ШҮҮГЧ                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ