Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2021/00880

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2021/00880

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо  “Х Б” ХХК /РД: */

 

Хариуцагч: Баянгол дүүрэг  “Р” ХХК /РД: */

 

Хариуцагч: Баянгол дүүрэг  тоотод оршин суух Х овогт М Г /РД: */

 

Хариуцагч: Баянгол дүүрэг тоотод оршин суух Х овогт Гийн Э /РД:*/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг тоотод оршин суух Х овогт Гийн Т /РД: УП91050851/

 

31,637,601 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.А

                               хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч М.Г

                                  хариуцагчийн төлөөлөгч Г.Н

                               нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч “Р” ХХК-ийн захирал М.Г, хамтран зээлдэгч Г.Т, Г.Э нар нь Х Бтай 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 5001120168 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийг жилийн 22,5 хувийн хувьсах хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нарын хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үндсэн гэрээний дагуу олгосон 100,000,000 төгрөг дээр 80,000,000 төгрөгийн нэмэлт санхүүжилт хийн 180,000,000 төгрөгийн зээл болон шугамыг тэлж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэтэл зээлдэгч нар зээлийн шугамын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 370 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х Б нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч нараас шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. 5001120168 дугаартай зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалсан. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 500120168-01 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр Г.Эийн өмлчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар үл хөдлөх эд хөрөнгийн * дугаар гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо тоот хаягт байршилтай 58,53 м.кв талбайтай 3 өрөө орон сууц юм. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 500120168 дугаартай зээлийн шугамын гэрээний холбогдох заалтуудын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 17,533,325 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаарх 12,079,270 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,025,006, нийт 31,637,601 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Г.Эийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн * дугаар гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо тоотод хаягт байршилтай 58,53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү.  

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х Б” ХХК нь зээлдэгч “Р” ХХК, хамтран зээлдэгч Г.Т, барьцаалуулагч Г.Э нар нь 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 5001120168 дугаартай зээлийн шугамын гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр баталгаат ипотекийн гэрээг байгуулж, 100,000,000 төгрөгийг жилийн 22,2 хувийн хувьсах хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалттайгаар авсан. Зээлдэгч нарын хүсэлт гаргасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт санхүүжилт шаардлагатай байна гэснээр 80,000,000 төгрөгөөр зээлийн эрхийг тэлж нийтдээ 180,000,000 төгрөгийн зээлийг эрхийг нээж өгсөн. Зээлдэгч нар зээлийн хүү, үүрэг хүлээсний шимтгэлийг төлж, зээлийн эрхээс авсан үндсэн зээлийг бүрэн төлөхгүй байсан тул 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс гэрээнд заасны дагуу зээлийн шугамыг зээлийн гэрээ болгон өөрчилж дансыг сольж, зээлийн эрхийг хаасан. Барьцааны гэрээгээр 3 орон сууцыг барьцаалсанаас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо тоотод байрлах 63.2 м.кв орон сууц, Баянгол дүүрэг 17 дугаар хороо  тоотод байрлах 29 м.кв 2 өрөө орон сууцыг бид тохиролцон худалдаж үнийг гэрээний үүргийн гүйцэтгэлээс хасаж тооцсон. Одоо үлдсэн нэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 17,533,325.77 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар хуримтлагдсан хүү 12,079,269.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,025,005.89 төгрөг нийт 31,637,601 төгрөгийг хариуцагч Г.Т, “Р” ХХК-иас гаргуулж, хариуцагч Г.Эийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байгааг хангаж өгнө үү.  

 

Хариуцагч “Р” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 4 сард Х Бтай 180 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж 178,200,000 төгрөг авсан. Үндсэндээ 4 жил 6 сарын хугацаанд зөвхөн зээлийн хүүд 150,000,000 төгрөг төлсөн. Энэ нь 2018 оны 10 сарыг дуустал төлсөн хүү. Манай компани 2019 оньг 2 сард 85,250,200 төгрөгөөр 1 байр өгсөн. 2019 оньг 6 сард 75 саяар нэг байр өгсөн. Үлдсэн 20,000,000 төгрөгийг 2019 оны 12 сарын 31-ний өдрөөр төлж барагдуулсан. Гэвч Х-Б 1 хувийн шимтгэл гэж 1,800,000 төгрөг манай компанид өгөөгүй. Энэ нь Монгол Улсын ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүйгээр татаж авсан үйл ажиллагаа. Гэвч бид 4 жил 6 сарын хугацаанд 1,800,000 төгрөгт хүү төлсөн. Энэ хүүнд 1,944,000 төгрөгийн хүү бид илүү төлсөн. Буцаагаад бид 1,800,000 төгрөгөө бүрэн төлсөн. 2 үл хөдлөх хөрөнгийг борлуулж үл хөдлөх хөрөнгийн татвар 2 хувийг улсынхаа төсөвт төлсөн. Энэ нь 3,200,000 төгрөг. Манай компаниас авсан 85 сая төгрөгийн байрыг 89 саяаар цааш нь зарсан. Ингээд 4 сая төгрөгийн ашиг Х Б олсон. Энэ бол цэвэр бидний мөнгө. Нийт дүн 12,740,000 төгрөг. Мөн бид хууль эрх зүйн зөвлөгөө, улсын тэмдэгтийн хураамж зэрэг зүйлд 1,500,000 төгрөг зарлагадчихаад байна. Энэ нь манай компанийн ямар ч тооцоолоогүй бодит алдагдлууд юм. Мөн бид 106 сая төгрөгөөр бартерийн гэрээгээр авсан байраа 85 сая төгрөгөөр өгсөн. Үүний зөрүү гэхэд 20 сая төгрөг. Х Бтай зээлийн гэрээ байгуулж 100 саяар барьцаалсан байраа 75 саяар зарсан нь 25 сая төгрөгийн алдагдал хүлээж байна. Гэтэл Х Б гэрээнд тусгагдсан 100 сая төгрөгийн байраа 75 сая төгрөгөөр авсан нь гэрээний нөхцлөө зөрчиж бидний хууль эрх зүй, эдийн засгийн мэдлэг чадваргүй байдлыг ашиглаж өөртөө ашиггай байдлыг үүсгэсэн нь энэ үйлдлээс харагдаж байна. Иймд, Х Б нь 100 сая төгрөгөөр барьцаалсан байраа гэрээний заалтын дагуу 100 сая төгрөгөөр авах ёстой. Энэхүү гэрээг тэд зөрчсөн болно. Бид аудит болон эдийн засгийн зөвлөгөөг зохих ёсны мэргэжлийн байгууллагаас авсны дагуу энэ тайлбар гаргаж байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р” ХХК нь Х Б ХХК-тай анх 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн шугамын гэрээг 100,000,000 төгрөгийг жилийн 22,2 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар байгуулж, Г.Тийн өмчлөлийн орон сууц болон хөдлөх хөрөнгө болох бараа материалуудыг барьцаалж зээлийн гэрээ байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлийн шугамыг тэлж, 180,000,000 төгрөг болгосон. Гэрээний хугацааг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл сунгаж, Г.Эийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Гэрээний хугацааг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатайгаар сунгасан. “Х Б” ХХК нь гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа шүүхийн бус журмаар заавал дуудлага худалдаагаар худалдан банкны шаардлагыг хангана гэсэн заалтыг зөрчсөн. Гэрээнд заасны дагуу дуудлага худалдаа явуулахгүйгээр Г.Т болон М.Г нарын орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулж байгаа нь хууль зөрчиж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлөлт хийгдээгүй, хугацаа хэтэрсэн 370 хоног нь хэзээнээс эхлэн тоологдсон нь тодорхойгүй байна. Дансны хуулгаас харахад 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэрээний дагуу зарлага гаргах эрхийг хааж дансны дугаарыг өөрчлөв гэж зээлийн данс шинээр үүсгэсэн байдаг. Гэхдээ нэхэмжлэгчээс хариуцагчтай тохиролцож зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж өөрчлөөгүй, зээлийн данс шинээр үүсгэсэн. Хариуцагчтай тохиролцож энгийн зээлийн гэрээ болгоогүй. Ямар шийдвэрийг үндэслэж зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөөд энгийн зээлийн гэрээ болсон гээд байгааг ойлгохгүй байна. Иймд үүнээс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Х Б” ХХК-иас бизнес эрхлэх зорилгоор 178,200,000 төгрөг авсан. Зах зээлийн асуудлаас болж бартераар авсан орон сууц зарагдахгүй нөхцөл байдал үүссэн. Миний хувьд зээлийг “Х Б” ХХК-д төлсөн гэж үзэж байна. 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 8 сарын хугацаанд 180,000,000 төгрөг төлсөн байдаг. Иймд авсан зээлээ бүрэн төлсөн гэж үзэж байгаа. Би 2018 оны 10 дугаар сарыг дуустал зээлийн хүүг төлсөн. 2019 оны 2 сард 85,225,200 төгрөгийг төлсөн учраас нийт зээлийн 45 хувийг төлсөн гэсэн үг юм. Дараа нь 2019 оны 6 дугаар сард 75,000,000 төгрөг төлсөн нь зээлийн 90 хувийг төлсөн гэсэн үг. Иймд 370 хоногийн хүү гэж огт байх ёсгүй. Би бизнес эрхэлдэг хүний хувьд хамтрагч байгууллагатай сайн харилцаатай байхыг хүсдэг. Би өөртөө итгэлтэй байсан учраас 3 орон сууцыг барьцаалж, энэ зээлийг авсан. Хувьсах хүүтэй зээл учир сүүлийн нэг жил өндөр хүү төлсөн. Хамтран ажиллахдаа нийт 330 гаруй сая төгрөгийн зээлийн төлөлт болон хүүгийн төлөлт хийсэн. “Х Б” ХХК-ийг хохироогоогүй гэж үзэж байна. Би 17 сая төгрөгийг зээлийн хүү гэж ойлгож, зөвшөөрч байна. Үндсэн зээлийг төлөөд дууссан. Аудит, санхүүгийн байгууллагаас зөвлөгөө авахад хууль, эрх зүйн мэдлэггүйн улмаас намайг ашиглуулсан байна гэсэн.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч “Х Б” ХХК нь М.Г, Г.Э, Г.Т, “Р” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,637,601 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.

 

Хариуцагч “Р” ХХК, Г.Т нар нь нэхэмжлэгч “Х Б” ХХК-иас 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 22,2 хувийн хувьсах хүүтэй /суурь хүү 16.5 хувийн хүү дээр 5.7 хувийг нэмсэн/, зээлийн хүүг 365 хоногоор тооцох, зээлийг хугацаандаа төлөөгүй бол хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 2,4 хувийн үүрэг хүлээсний шимтгэл төлөхөөр тохирч, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлийн шугамын гэрээ байгуулжээ. Дээрх гэрээг байгуулсан эсэх асуудлаар талууд маргаагүй бөгөөд талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин Т гэрээ байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.    

 

Талууд дээрх зээлийн эрхийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 80,000,000 төгрөгөөр тэлж, зээлийн эрхийг 180,000,000 төгрөгөөр тогтоосон байх ба гэрээний хугацааг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл, дараа нь 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 2 удаа сунгаж гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулжээ.

 

Дээрх гэрээний үүргийг талууд хариуцагч Г.Тийн өмчлөлийн Баянгол дүүрэг 17 дугаар хороо тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй орон сууц, хариуцагч М.Гын өмчлөлийн Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй орон сууц, хариуцагч Г.Эийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй орон сууц болон барилгын материалаар хангуулахаар Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байна. 

 

Дээр дурдсан асуудлаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч нь “хүүг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, хувьсах хүүгээр өндөр хүү төлүүлсэн, зээлийн төлбөрийг төлж дууссан, зээлийн үлдэгдэл байхгүй, зээлийн үлдэгдэл гэх 17,533,325 төгрөгийг хүү гэж үзэж байгаа, үүнээс дахин хүү тооцох үндэслэлгүй, барьцаа хөрөнгийг шүүхээс гадуур худалдах журмыг нэхэмжлэгч баримтлаагүй гэрээний үүргээ зөрчсөн,мөн үлдсэн барьцааны хөрөнгийг шүүхээс гадуур худалдахаар тохирсон тул шүүхийн журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй” гэж маргав.

 

Зээлийн шугамын гэрээ нь зээлдэгчийг тодорхой дүнгээр зээлийн эрх нээлгэн, өөрөө хүүгээ хянаж, шаардлагатай үедээ зээлийг /зээлийн эрх/ ашиглах боломжоор хангаж, эргэн төлсөн хэмжээгээр зээлийн эрх нь нээгдэж байдаг онцлогтой. Дээрх гэрээгээр зээлдэгч нар нь үндсэн хүү, үүрэг хүлээсний шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх, харин ашигласан зээлийг бүрэн төлөх хүртэл хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ. Өөрөөр хэлбэл зээл, үндсэн хүү, үүрэг хүлээсний шимтгэл төлөх үүрэг нь зээлдэгчийн үндсэн үүрэг бөгөөд уг үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй бол хэтэрсэн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлага хүлээхээр тохиролцсон байна. Энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт нийцжээ. Хэдийгээр талууд зээлийн хүүг хувьсах хүүтэй байхаар тохирсон боловч нэхэмжлэгч тал гэрээний хугацаанд болон хугацаа дууссаны дараах хүүг анх тохирсон хэмжээгээр буюу 22.2 хувиар тооцсон байгааг дурдах нь зүйтэй.  

 

Зээлдэгч нар 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээгээр тогтоосон хугацаанд буюу дараа сарын ажлын эхний 2 өдрийн дотор үндсэн хүү, үүрэг хүлээсний шимтгэл төлөх үүрэг хүлээсэн тул зээлдэгчийн төлсөн төлбөр зээлийн төлбөрийг бүрэн төлж хүрэлцээгүй тохиолдолд үлдэгдэл төлбөрийг төлөх хүртэл тухайн дүнгээс хүү тооцохоор байна. Иймд хариуцагчийн “хүүг хэдэн төгрөгөөс хэрхэн тооцсон нь тодорхойгүй” гэсэн тайлбар үндэслэлгүйгээс гадна хувьсах хүү төлөхөөр гэрээгээр тохирсон байх тул зээлийн хүүг “хувьсах хүү”-гээр тооцсон гэж маргах үндэслэлгүй болно.  

 

Хэрэгт авагдсан дансны хуулгаас харахад зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг /зээл, хүү, үүрэг хүлээсний шимтгэл/ бүрэн төлөлгүй дахин зээл авах /зээлийн эрхээс зарлага гаргах/ байдлаар зээлийн гэрээний харилцаа үргэлжилжээ. Үүнийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүргээ зөрчсөн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй”, 41.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна. Энэхүү эрх нь барьцаалуулагч буюу үүрэг гүйцэтгэгчээс хамаарах бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч буюу барьцаалагч дангаараа хэрэгжүүлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл барьцааны зүйлийг худалдахыг барьцаалуулагч зөвшөөрсөн, мөн барьцааны  зүйлийг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг барьцаалагч зөвшөөрсөн тохиолдолд хэрэгжинэ. Үүний дагуу талууд тохиролцож 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр М.Гын өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгч 85,225,200 төгрөгөөр худалдан авч, уг дүнгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс хассан байна. Мөн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Г.Тийн өмчлөлийн орон сууцыг барьцаалуулагч буюу үүрэг гүйцэтгэгч өөрөө гуравдагч этгээдэд 75,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, тухайн дүнгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс хасуулсан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Талууд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг шүүхийн журмаар болон шүүхээс гадуур хангуулах журмыг аль алиныг гэрээгээр тохирсон байх ба энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл дээрх журмын алинаар нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохоо талууд тохиролцох бөгөөд шүүхээс гадуур худалдах журмаар тохиролцсон бол хууль болон талуудын байгуулсан гэрээгээр зохицуулах болохыг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан. Харин үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа болоход аль журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг талууд тохиролцоогүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хэрэгжинэ. Иймд талууд харилцан тохиролцож Г.Т, М.Г нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангасан тул шүүхээс гадуур худалдах журмыг хэрэгжүүлээгүй, уг журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.     

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс зээлдэгч нарын зээлийн эрхийг хааж, үүнээс хойш зээлийн шугамын гэрээний дагуу хүү болон үүрэг хүлээсний шимтгэл тооцоогүй байх ба ердийн зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд тооцсон нь талуудын байгуулсан гэрээ болон зээлдэгч нарын эрх, ашиг сонирхолд нийцсэн байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч Г.Т, “Р” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 31,637,601 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.    

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч нь хариуцагч Г.Этэй байгуулсан барьцааны гэрээний дагуу шаардах эрхтэй тул зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь хуульд нийцнэ. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээний дагуу ямар журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохоо талууд тохиролцож хэрэгжүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Иймд хариуцагч Г.Эийн өмчлөлийн хөрөнгийг шүүхээс гадуур худалдахаар тохирсон тул шүүхийн журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно. Хариуцагч М.Г нь зээлийн гэрээний оролцогч биш, түүний өмчлөлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан, түүнд холбогдох маргаантай шаардлага шийдвэрлээгүйг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч “Р” ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргасан тул улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х овогт Гын Т, “Р” ХХК-иас 31,637,601  төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож, хариуцагч М.Год холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Т, “Р” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох хариуцагч Г.Эийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо тоотод байршилтай, 58.53м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,340 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Т, “Р” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 316,138 төгрөг, хариуцагч Г.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож, улсын орлогоос 70,200 төгрөг гаргуулан хариуцагч “Р” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ГАНДИЙМАА