Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 02220

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/02220

 

 

Х.БХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/02460 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.БХХК-ийн хариуцагч “Руслэнд” ХХК, М.Г, Г.Э, Г.Т нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 3 256 690,52 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Х.БХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амартүвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Руслэнд ХХК-ийн захирал М.Г, хамтран зээлдэгч Г.Т, Г.Э нар нь Хас банктай 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 5001120168 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 100.000.000 төгрөгийг жилийн 22,5 хувийн хувьсах хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нарын хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үндсэн гэрээний дагуу олгосон 100.000.000 төгрөг дээр 80.000.000 төгрөгийн нэмэлт санхүүжилт хийн 180.000.000 төгрөгийн зээл болон шугамыг тэлж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэтэл зээлдэгч нар зээлийн шугамын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 370 хоног хугацаа хэтрүүлээд байна. Зээлийн барьцаанд нийт гурван орон сууц барьцаалсан. Банкны зүгээс зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж байсан боловч зээлдэгч нар нь үүргээ биелүүлээгүй. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь барьцааны хоёр үл хөдлөх хөрөнгийн нэг орон сууцыг Ханс банк ХХК-ийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хийж шилжүүлсэн. Нөгөө байрыг нь өөрсдөө гуравдагч этгээдэд худалдаж үүгээр 75.000.000 төгрөг, 85.200.000 төгрөгний зээлийн төлбөрийн төлөлтийг хийсэн. Өмчлөгч нар өөрсдийн өмчлөлийн орон сууцаа зөвшөөрч бусдад борлуулсан тэдэнд тийм эрх нь байгаа. Гэрээ талуудын сайн дурын үндсэн дээр хийгдсэн. Иймд зээлдэгч нараас үндсэн зээл 17.533.325 төгрөг, хүү 12.079.270 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.025.006 төгрөг нийт 31.637.601 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо ханын материал 17 дугаар байр 23 тоот 3 өрөө орон сууцаар хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 17.533.325 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү алдангийг зөвшөөрөхгүй байгаа. Гэрээгээр талууд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах аргыг тохиролцсон гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах ажиллагааг хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заасан байдаг. Гэтэл үүрэг гүйцэтгэгчийн байрыг гэрээгээр тохиролцсоны дагуу худалдан борлуулах ажиллагааг хийгээгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн тухайн барьцаа хөрөнгөний нэгийг 85.225.000 төгрөгөөр худалдаад Хас банк өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан. Гэтэл гэрээнд дуудлага худалдааны арга болон шууд худалдан борлуулах арга хэрэглэнэ гэж заасан байхад энэ ажиллагааг хийлгүй үүрэг гүйцэтгэгчийн эрхийг зөрчсөн. Талууд тохиролцоод нийтэд ил байдлаар харуулна гэж тусгасан байгаа. Хас банк ХХК хууль зөрчиж орон сууцыг нэр дээрээ шилжүүлж авсан. Орон сууцны үнийг гэрээгээр 100.000.000 төгрөг гэж тохиролцсон мөртлөө 85.000.000 төгрөгөөр тооцож шилжүүлж авсан нь ойлгомжгүй байна. Барьцааны гэрээний 5.2-т шүүхээс гадуур худалдан борлуулах ажиллагааг нарийвчлан зааж талууд зохицуулсан. Г.Эийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэсэн боловч шүүхийн журмаар хангуулах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Руслэнд ХХК, М.Г, Г.Т, Г.Э нараас 31.637.601 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-нд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Эийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо ханын материал 17 дугаар байр 23 тоот 58.53 мкв 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386.340 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Руслэнд ХХК, М.Г, Г.Т, Г.Э нараас 386.340 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.БХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Талууд гэрээгээр барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах журмыг тохиролцож улмаар барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахдаа дуудлага худалдааны аргыг хэрэглэж худалдан борлуулсан үнийн дүнгээс шаардлагаа хангуулахаар тохиролцсон. Гэтэл барьцааны зүйлийг шууд гуравдагч этгээдэд худалдсан мөн барьцаалагч Х.БХХК нь өөрийн нэр дээрээ барьцааны зүйлийг 2019 оны 2 сарын 12-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулан шилжүүлж авсан нь хууль болон гэрээгээр тохиролцсон журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсантай холбоотой баримтууд хэргийн материалд авагдаагүй байсан тул 2020 оны 8 сарын 28-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч би М.Г, Г.Т нарын үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэдэн төгрөгөөр үнэлж, ямар аргыг хэрэглэж худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсан эсэх талаарх баримтуудыг нэхэмжлэгч Х.БХХК-с гаргуулах мөн зээлийн гэрээний хүүгийн хувь, хэмжээ нь 22.2 хувь байна гэсэн хэрнээ нэхэмжлэл дээр жилийн 22.5 хувь гэж бичсэн, зээлийн тооцоолол бодитой эсэх нь эргэлзээ төрүүлэхээр байсан тул санхүүгийн тусгай мэдлэг шаардлагатай гэж үзэж шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Гэтэл шүүхээс талуудын хооронд тооцоололтой холбоотой маргаан байхад нэг талаас гаргаж өгсөн Х.БХХК-ийн нотлох баримтыг үнэн зөв гэж үзэж, хариуцагч талын шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй. Мөн Х.БХХК-с нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн холбогдох нотлох баримтууд болох Худалдах худалдан авах гэрээнүүдийг шүүх хурлын өмнөх өдөр ажлын цаг дуусахаас өмнөхөн гаргаж өгсөн бөгөөд би шүүх хурал эхлэхийн өмнө танилцаж, хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэгчээс шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудтай холбогдуулан хариуцагчийн зүгээс тайлбар гаргах, сөрөг нэхэмжлэл гаргах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хурлыг үргэлжлүүлж хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х.БХХК нь хариуцагч “Руслэнд” ХХК, М.Г, Г.Э, Г.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31 637 601 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсаныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 9 сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд “нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримттай танилцахад тухайн гэрээнд шууд худалдан борлуулах буюу Х.БХХК нь барьцаалагчтай шууд үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ байгуулаад барьцаалагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, барьцааны зүйлийн үнэ эргэлзээтэй байх тул тухайн гэрээтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтэй байна” гэжээ./хх104-105/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т “үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан.

Хэдийгээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанаас өмнө сөрөг нэхэмжлэл гаргаагүй ч, нэхэмжлэгч Х.БХХК-ийн 2020 оны 9 сарын 02-ны өдрийн буюу хэрэг хэлэлцэж шийдвэрлэх өдрийн өмнө шүүхэд ирүүлсэн нотлох баримттай холбогдуулан сөрөг шаардлага гаргах талаарх хүсэлтээ гаргасан байна. Тэрээр уг нотлох баримттай шүүх хуралдаан болсон өдөр /эхлэхийн өмнө/ буюу 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр танилцсан болох нь хэргийн материал танилцуулсан тухай баримтаар нотлогдсон./хх-95-100, 101/

Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хангахгүй хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагталтай байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах үндэслэлтэй. /хх107/ Өөрөөр хэлбэл, сөрөг нэхэмжлэл нь талуудын хоорондын маргааны зүйл болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хэмжээ, төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр, хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний дагуу ямар хэмжээний өр төлбөрийг төлсөн, үүрэг хэдийд дуусгавар болсон эсэх нөхцөл байдалд ач холбогдолтой байжээ.

Эдгээрээс үзвэл хэргийн үйл баримтын талаар зохигчид бүрэн мэтгэлцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэх үндэслэлгүй байна.

Иймд маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэх  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/02460 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 316 138 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                  ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

                                                                                     Б.НАРМАНДАХ