Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/01083

 

Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2021/00880 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х- ХХК-ийн хариуцагч Р- ХХК, М.Г-, Г.Э-, Г.Т- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 31 637 601 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, Г.Б, хариуцагч Р- ХХК, М.Г-, Г.Э- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч буюу хариуцагч Г.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Р- ХХК, Г.Т- нар нь Х--тай 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 100 000 000 төгрөгийг жилийн 22,5 хувийн хувьсах хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нарын хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үндсэн гэрээний дагуу олгосон 100 000 000 төгрөг дээр 80 000 000 төгрөгийн нэмэлт санхүүжилт хийн 180 000 000 төгрөгийн зээл болон шугамыг тэлж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэтэл зээлдэгч нар зээлийн шугамын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 370 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х- нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч нараас шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. 5001120168 дугаартай зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 500120168-01 тоот баталгаат ипотекийн гэрээгээр Г.Э-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041462 дугаарт бүртгэлтэй, 000387394 дугаар гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо Ханын материал /18060/ 17 дугаар байр, 23 тоот хаягт байршилтай 58,53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 500120168 дугаартай зээлийн шугамын гэрээний холбогдох заалтуудын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 17 533 325 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаарх хү 12 079 270 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 025 006 төгрөг, нийт 31 637 601 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Г.Э-ийн өмчлөлийн 58,53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 4 сард Х- ХХК-тай 180 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж 178 200 000 төгрөг авсан. Үндсэндээ 4 жил 6 сарын хугацаанд зөвхөн зээлийн хүүд 150 000 000 төгрөг төлсөн. Энэ нь 2018 оны 10 сарыг дуустал төлсөн хүү. Манай компани 2019 оны 2 сард 85 250 200 төгрөгөөр орон сууц өгсөн. 2019 оны 6 сард 75 000 000 төгрөгт тооцож мөн орон сууц өгсөн. Үлдсэн 20 000 000 төгрөгийг 2019 оны 12 сарын 31-ний өдрөөр төлж барагдуулсан. Бид 106 000 000 төгрөгөөр бартерийн гэрээгээр авсан байраа 85 000 000 төгрөгөөр өгсөн. Үүний зөрүү гэхэд 20 000 000 төгрөг. Х-тай зээлийн гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгөөр барьцаалсан байраа 75 000 000 төгрөгөөр зарсан нь 25 000 000 төгрөгийн алдагдал хүлээж байна. Гэтэл Х- ХХК гэрээнд тусгагдсан 100 000 000 төгрөгийн байраа 75 000 000 төгрөгөөр авсан нь гэрээний нөхцөлөө зөрчиж бидний хууль эрх зүй, эдийн засгийн мэдлэг чадваргүй байдлыг ашиглаж өөртөө ашигтай байдлыг үүсгэсэн нь энэ үйлдлээс харагдаж байна. Х- ХХК нь гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа шүүхийн бус журмаар заавал дуудлага худалдаагаар худалдан банкны шаардлагыг хангана гэсэн заалтыг зөрчсөн. Гэрээнд заасны дагуу дуудлага худалдаа явуулахгүйгээр Г.Т- болон М.Г- нарын орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан нь хууль зөрчсөн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлөлт хийгдээгүй, хугацаа хэтэрсэн 370 хоног нь хэзээнээс эхлэн тоологдсон нь тодорхойгүй байна. Дансны хуулгаас харахад 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэрээний дагуу зарлага гаргах эрхийг хааж дансны дугаарыг өөрчлөв гэж зээлийн данс шинээр үүсгэсэн байдаг. Гэхдээ нэхэмжлэгчээс хариуцагчтай тохиролцож зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж өөрчлөөгүй, зээлийн данс шинээр үүсгэсэн. Хариуцагчтай тохиролцож энгийн зээлийн гэрээ болгоогүй. Иймд үүнээс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Т-, Р- ХХК-иас 31 637 601 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, хариуцагч М.Г-од холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Т-, Р- ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох хариуцагч Г.Э-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо Ханын материал 17 дугаар байр, 23 тоотод байршилтай, 58.53 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041462 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 340 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Т-, Р- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 316 138 төгрөг, хариуцагч Г.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Х- ХХК нь Г.Т-, М.Г- нарын орон сууц болох барьцааны зүйлүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа гэрээгээр тохиролцсон журмыг зөрчиж барьцаа хөрөнгийг гэрээгээр тохиролцсон үнэлгээ болон зах зээлийн үнэлгээнээс доогуур шууд худалдан борлуулах аргыг хэрэглэж үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байдаг. Тодруулбал, талууд гэрээгээрээ барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах журмыг тохиролцож, улмаар барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахдаа дуудлага худалдааны аргыг хэрэглэж худалдан борлуулсан үнийн дүнгээс шаардлагаа хангуулахаар тохиролцсон байна. Гэтэл барьцааны зүйлийг шууд гуравдагч этгээдэд худалдсан мөн барьцаалагч Х- ХХК нь өөрийн нэр дээр барьцааны зүйлийг худалдах худалдан авах гэрээ байгуулан шилжүүлж авсан нь хууль болон гэрээгээр тохиролцсон журмыг зөрчсөн байхад анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг анхаарч үзээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн шүүх Г.Э-ийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа гэрээний зохицуулалтыг хэрэглээгүй шүүхийн журмаар барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх 2019 оны 3 сарын 12-ны өдрөөс зээлдэгч нарын зээлийн эрхийг хааж, үүнээс хойш зээлийн шугамын гэрээний дагуу хүү болон үүрэг хүлээсний шимтгэл тооцоогүй байх ба ердийн зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд тооцсон нь талуудын байгуулсан гэрээ болон зээлдэгч нарын эрх, ашиг сонирхолд нийцсэн байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч Г.Т- Р- ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 31 637 601 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь талуудын хооронд зээлийн шугамын гэрээг өөрчилж, энгийн зээлийн гэрээг байгуулаагүй байхад шүүх ердийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дах хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 2019 оны 3 сарын 12-ны өдөр ердийн зээлийн гэрээ байгуулагдаагүй тул хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй бөгөөд 2020 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн шугамын гэрээний үлдэгдэл 17 533 325.77 төгрөг байсан. Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Р- ХХК, М.Г-, Г.Э-, Г.Т- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 31 637 601 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасны зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 31 637 601 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болох хариуцагч Г.Э-ийн өмчлөлийн 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийн хангуулна гэсэн бол хариуцагч нар нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зээлийн шугамын гэрээг энгийн гэрээ рүү шилжүүлэхдээ зээлдэгч нартай тохиролцоогүй, гэрээг шинэчлэн байгуулаагүй тул тус хугацаанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй, мөн гэрээний заалтыг зөрчиж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан нь үндэслэлгүй гэж татгалзсан байна.

 

Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Р- ХХК, Г.Т- нартай 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн шугамын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Х- ХХК нь 100 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн суурь хүү дээр 5.7 хувийг нэмсэнтэй тэнцүү 22.2 хувийн хувьсах хүүтэй, ... 2014 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16.5 хувь, зээлийн жилийн хүүгийн хувь, хэмжээ 22.2 хувь байхаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгох, мөн талууд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлийн шугамын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн эрхийг 80 000 000 төгрөгөөр тэлэн, нийт 180 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаатай олгох, зээлдэгч нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч Х- ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, зээлийн шугамын гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт, дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 11-26-р тал/. Улмаар талууд 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зээлийн шугамын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 12 сараар сунгасан байна. /хх-ийн 33-р тал/

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Г.Т-тэй 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баталгаат ипотекийн гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 41 дүгээр байр, 50 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205001194 дугаарт бүртгэлтэй, 29 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууц, /хх-ийн 20-23-р тал/

2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Г.Э-тэй баталгаат ипотекийн гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал, 17 дугаар байр, 23 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041462 дугаарт бүртгэлтэй, 58.53 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц, /хх-ийн 26-28-р тал/

2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч М.Г-той баталгаат ипотекийн гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 47б байр, 13 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204081401 дугаарт бүртгэлтэй, 63.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц зэргийг тус тус барьцаалжээ. /хх-ийн 34-36-р тал/

Мөн хариуцагч М.Г- нь нэхэмжлэгч Х- ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулж, зээлдэгч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс хамтран хариуцахаар тохиролцсон байна. /хх-ийн 37-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон баталгаат ипотекийн гэрээг Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч М.Г-той 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, барьцаа хөрөнгө болох түүний өмчлөлийн 63.2 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцыг 85 225 200 төгрөгөөр,

Хариуцагч Г.Т- нь иргэн М.Замбагатай 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, барьцаа хөрөнгө болох өөрийн өмчлөлийн 29 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 75 000 000 төгрөгөөр тус тус худалдаж, дээрх төлбөрүүдийг нэхэмжлэгч Х- ХХК-тай байгуулсан зээлийн шугамын гэрээний үүргээс хасч тооцсон болох нь талуудын тайлбар, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, дансны хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 95-97-р тал/.

 

Зээлдүүлэгч Х- ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зээлдэгч нарын гэрээний дагуу зарлага гаргах эрхийг хааж, дансны дугаарыг өөрчлөн зээлийн шугамын гэрээг энгийн гэрээ рүү шилжүүлсэн байх бөгөөд тухайн үед зээлийн үлдэгдэл 112 132 754.77 төгрөг байсан болох нь талуудын тайлбар, дансны хуулга зэргээр тогтоогдсон. /хх-ийн 49, 81-р тал/. Зээлдэгч нар нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт нийт 94 599 429 төгрөг төлж, зээлийн үлдэгдэл 17 533 325.77 төгрөг болжээ. /хх-ийн 81-р тал/

 

Банк нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийтэд хандан зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага бөгөөд үйл ажиллагаагаа Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нийцүүлэн явуулах учиртай.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дах хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Гэвч нэхэмжлэгч Х- ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зээлийн шугамын гэрээг энгийн гэрээ рүү шилжүүлэхдээ зээлдэгч нартай харилцан тохиролцсон, гэрээг шинэчлэн байгуулсан баримт хэрэгт байхгүй тооцооллын баримтад үндэслэн энгийн гэрээнд шилжсэн гэж үзэж анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээнд өөрчлөлт оруулж байгаа тохиолдолд дээрх хуульд заасан журмын дагуу гэрээг бичгээр байгуулах тул 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх нэхэмжлэгч Х- ХХК-д үүсээгүй гэж үзнэ. Иймд энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

Түүнчлэн, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заажээ. Талуудын байгуулсан зээлийн шугамын гэрээний 1.1-т жилийн суурь хүү дээр 5.7 хувийг нэмсэнтэй тэнцүү 22.2 хувийн хувьсах хүүтэй, ... 2014 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16.5 хувь, зээлийн жилийн хүүгийн хувь, хэмжээ 22.2 хувь байна гэж заасан байна. Дээрх байдлаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг хуульд нийцүүлэн гэрээнд заасан гэж үзэхээргүй байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь маргааны зүйлээ өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд хариуцагч нарын хувьд дээрх гэрээний заалтын хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зээлийн шугамын гэрээг энгийн гэрээ рүү шилжүүлэхдээ бичгээр байгуулаагүй, мөн хугацаанаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж маргасан тул энэ хүрээнд шүүх дүгнэлт хийж, хариуцагч Р- ХХК, Г.Т- нараас зээлийн гэрээний үүрэгт 17 533 325 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 14 104 276 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Учир нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт ... үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан. Мөн талуудын байгуулсан баталгаат ипотекийн гэрээний 4.1.7-д үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар шаардах эрхтэй гэж заасан байх тул энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж заажээ.

 

Хэрэгт нэхэмжлэгч Х- ХХК болон хариуцагч М.Г- нарын байгуулсан батлан даалтын гэрээ авагдсан бөгөөд тус гэрээний 2.1 дэх заалтад хариуцагч М.Г- нь зээлдэгч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс хамтран хариуцахаар тохиролцсон байна. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй, түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх боловч энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул зөвшөөрсөн гэж үзнэ. /хх-ийн 37-р тал/. Энэ тохиолдолд гэрээний үүргийг хариуцагч М.Г-од хариуцуулан шийдвэрлэх нь иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцэхгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2021/00880 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 31,637,601 ... гэснийг 17 533 325 гэж, ... олгож ... гэсний дараа нэхэмжлэлээс 14 104 276 төгрөгт холбогдох хэсэг болон гэж нэмж,

3 дах заалтын ... 316,138 ... гэснийг 245 616 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 680 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Г.ДАВААДОРЖ