Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 129

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Иргэдийн төлөөлөгч Ю.Батцоож, 

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбасүрэн,

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч П.Энхтайван, түүний өмгөөлөгч Т.Багахүү /ҮД: 1964/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пэлжидийн Энхтайванд холбогдох эрүүгийн 201625022243 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 68 дугаар гудамжны 922 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Пэлжидийн Энхтайван, /РД:УХ88101851/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

П.Энхтайван нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 хороо, Дамбадаржаагийн 68 дугаар гудамжинд иргэн Г.Батхуягтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар унаж явсан машин руу нь чулуу шидэж цонхыг нь хагалан толгойн тус газар нь цохисны улмаас дагз ясны цөмөрсөн хугарал бүхий бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Энхтайван нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороо 68 гудамж 922 тоот хашааны гадаа Батхуягтай мөнгөнөөс болж маргалдсан. Би согтуу машин барьж яах юм бэ гэхэд Батхуяг ах машинаа бариад явна гээд байсан. Би түлхүүрийг нь гаргаад шидсэн. Тухайн үед машиныг нь асаалттай байсан гэдгийг мэдээгүй. Миний хэлж байгаа үгийг сонсохгүй хөдлөөд явсан. Би жолоочийн хажуу талын суудлын гадна талаас зуураастай 2-3 хашаа өнгөрч явсан. Тавих гэхээр газар нидэрч унах гээд байсан. Миний талаар гүйдэг төмөр хаалга мөргөөд тэр хаалга нь газар унасан. Тэгээд миний ухаан орж гараад байсан. Батхуяг ах машинаа холхиж хөдөлгөөд байсан. Намайг мөргөх гээд байгаа юм болов уу гэж бодоод зүүн гараараа чулуу аваад зүүн талын хаалга хавьцаа шидсэн. Батхуяг ахтай хуурай ах дүү нар байсан. Чулуу шидсэний дараа машин хашааны шон мөргөөд гэр рүүгээ явсан. Би санаатай шидэх байсан бол сууж байгаа тал руу нь шидэх байсан...” гэв.

 

              Шүүгдэгч П.Энхтайван нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би хуурай ах Батхуяг болон урд гудамжинд байдаг найз Даваа нарын хамт самарт явчихаад 2016 оны 8 дугаар сарын 17-ны орой ирсэн. Маргааш өглөө нь бид гурав самараа зарсан. Бид гурав самараа зарчихаад манайд очихоос өмнө 1 шил 0.33 граммын архи авч уусан. Тэгээд Батхуяг ах манай гудамжны үзүүрт эхнэртэйгээ тааралдаад гэр рүүгээ явсан. Маргааш нь бид гурав самарныхаа машиныг янзалж самарт явах байсан учир Батхуяг ах үдээс хойш 15-16 цагийн үед манайд ирсэн. Тэгээд надад байсан 2000 төгрөгөн дээр Батхуяг ах мөнгө нэмээд Хараа архи авч машин дотор нь уусан. Машин дотор сууж байгаад Батхуяг ах гэнэт та хоёр машинд бензин хий гэсэн. Тэгэхээр нь би “бид хоёр 120.000 төгрөгөөр хоол ундны юм авч таны хоол ундыг дааж байхад ийм юм ярилаа” гэсэн. Тэгээд маргалдаад машинаас бууж заамдалцсан. Батхуяг машинаас буухдаа жолоочийн талын хаалганаас отверк барьж бууж ирээд гэдэсний баруун хэсэгт хоёр удаа хатгасан. Намайг хатгахаар нь би өөрөөсөө холдуулаад түлхсэн. Тэгээд Батхуяг ах машиндаа суугаад машинаа асаахаар нь би” та согтуу машин бариад яах гэсийн бэ” гээд түлхүүрийг нь сугалаад хашаа давуулаад шидчихсэн. Намайг түлхүүрийг нь шидэхэд машин нь унтраагүй байсан. Би нөгөө талаар нь орж толгойгоо оруулаад юм ярьж байхад Батхуяг ах гэнэт машинаа хөдөлгөөд явсан. Тэр үед би жолоочийн эсрэг талын цонхноос зүүгдээд чирэгдээд явсан. Хөдлөөд намайг чирээд явахдаа 2 айлын хашааг нидэрээд зогссон. Нэг мэдэхэд би айлын мөргөж унагаасан төмөр хаалганы хажууд хэвтэж байсан. Тэгсэн чинь Батхуяг ахын хүргэн ах Нямаа ирээд эхлээд машины цонхоор гараа оруулаад Батхуяг ахыг цохисон гэсэн. Дараа нь над руу хүрч ирээд “хамт архидлаа” гээд нэг удаа шанаа руу цохисон. Тэгээд би нүүрээ арчсан чинь цус болсон байхаар нь уур хүрээд газраас чулуу аваад шидсэн чинь Батхуяг ахын машины зүүн хойд талын цонхыг хагалсан. Тэгээд байж байтал замын цагдаа ирж үзлэг хийгээд зураг авсан. Би талийгаачийн толгой руу чулуугаар цохиогүй. Миний бодлоор миний шидсэн чулуу жолоочоос эсрэг тийш хойд хэсэг рүү нь шидэгдсэн, жолоочийг онох боломжгүй. Мөн чулуу цонхыг хагалж нэвтрэх явцдаа хурд нь саарч хүч нь буурна гэж үзэж байна. Би нэг удаа нэг ширхэг том чулуу шидсэн. Би өөрийгөө хянах чадвартай байсан, болсон асуудлыг бүгдийг нь сайн санаж байгаа…” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73, 133-134 дүгээр хуудас/,  

 

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбасүрэн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...манай нөхөр Батхуяг нь Энхтайван, Даваа нарын хамт самранд яваад 2016 оны 8 дугаар сарын 18-ны орой ирсэн. Маргааш нь буцаад самар руу явах ёстой байсан.... намайг гэрлүүгээ явж байхад Энхтайваны гэрийн гадаа тэр гурав Батхуягийн машин дотор сууж байсан... “Батхуяг ах чинь архи уучихсан юм биш биз дээ” гэж намайг асуухад Энхтайван: “үгүй, уугаагүй. Би ууж байгаа юм” гэсэн. Тэгээд би машинд нь суугаад манай гадаа ирээд Энхтайван, Даваа хоёр буугаад явсан. Талийгаач хоол хийж идчихээд 14:00-14:30 цагийн үед гараад явсан. Орой 18-19 цагийн хооронд манай гудамжинд машин сигналдахаар нь гараад очиход талийгаач машинтайгаа ирчихсэн байсан. Тэгэхлээр нь би хашааны том хаалга онгойлгоод оруулсан чинь толгойн ар хэсэг, цамц, машины суудал, ард суудлын завсар байсан майхан нил цус болчихсон байсан. Хашаанд орж ирээд машин нь асаалттай чигээрээ суудлаа налаад ойчсон. ...Энхтайваны эхнэр Халиунаа надад хэлэхдээ "энэ хоёр зодолдоод ерөөсөө дийлдэхгүй байна лээ" гэж ярьж байсан. Тэгээд машины түлхүүрийг надад өгсөн. Би эмнэлэгт хэвтэхэд нь сахисан юм. Эмнэлэгт хэвтэж байхдаа "Тайванаа намайг яахаараа зоддог юм бэ? би их гомдож байна, би бензинийг нь аваад машинаараа үйлчилж өгч байна энэнээс илүү яах юм бэ гээд уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 158-160 дугаар хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би талийгаачийн эхнэр нь. Тэр өдөр самранд явлаа гээд Энхтайван утасдаад байсан. 11 цагийн үед самраа өгчихөөд ирье гээд явсан. Би сургуулийн хүүхдийг модонд үлдээгээд ирлээ гэж хэлж байсан. Энхтайваны эхнэр зээл авах гэж байгаа гээд шөнө ирсэн гэдгээ хэлсэн. 11 цагийн үед гудамжинд эд нар архи уугаад сууж байсан. Би “самранд явах гэж байж архи ууж болж байгаа юм уу” гэхэд “Батхуяг ах уугаагүй” гээд манай машинд байсан. Тэгээд талийгаач бид хоёр хамт гэр рүү очиж хоол хийгээд 14 цаг 30 минутын үед Энхтайваны гэр рүү явсан. 18 цаг 30 минутын үед машины дуут дохио дуугарсан. Машин нь ерөөсөө унтрахгүй байсан. Талийгаач ухаан алдаад унасан, цус алдсан байдалтай байсан. Тэгээд би түргэн дуудсан. Тэр үед Халиунаа, Оюунчимэг нар ороод ирсэн. Батхуяг ах, Энхтайван нар маргаад машиных нь шилийг хагалсан. Одоо машиныг чинь ачуулна гээд машинаа сулласан. Ачилгын машин ирээд машиныг ачаад явсан. Гэмтлийн эмнэлэг ороод оёо тавиулсан. Шөнө сэрээд уйлаад байсан. Тархины дагзны яс нь баруун талын хэсгээрээ гэмтсэн байсан. 5 хоноод гэмтлийн эмнэлгээс гарсан. Согтуугаар машин барьсан гээд байцаагч 380.000 төгрөг тушаа гэж хэлсэн гэсэн. Талийгаач цахилгааны ажил хийгээд мөнгө олъё гэсэн. Хоёулаа хашаагаа босгоё гээд босгосон. Эмчилгээний зардал нийт 579.600 төгрөг болсон. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ…” гэв.           

   Гэрч Г.Халиунаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ..2016 оны 8 дугаар сарын 19-ний үдээс хойш Батхуяг ах манайд машинтайгаа ирээд нөхөр Энхтайваны хамт гараад явсан. Тэр хоёр тэр өдөр самарт явна гэж байсан. Тухайн үед хаашаа явах гэж байгаагаа хэлээгүй. 2-3 цагийн дараа буцаж ирсэн. ...намайг хоолоо хийхээр гурил зуураад зогсож байсан чинь манай хашааны төмөр гүйдэг хаалга дуугарсан. Тэгэхээр нь би цонхоор харахад бие биенийгээ заамдаад чанга чанга дуугараад зогсож байсан. Би очоод голоор нь орж салгах гээд Энхтайваныг хашаа руу түлхээд Батхуяг ахыг машин руу түлхсэн. ... Батхуяг ах гэнэт машинаа асаасан Энхтайван: - "та согтуу машин барьж яах гээд байгаа юм бэ" гээд түлхүүрийг нь сугалан авч манай хажуу айлын хашааг давуулан шидсэн. Манай нөхөр машиных нь түлхүүрийг авчихсан юм чинь явж чадахгүй гэж бодоод машиных нь зүүн урд гарч зогсоод байж байтал Батхуяг ах гэнэт машинаа хаазлаад хөдөлсөн. Тэгэхээр нь Энхтайван жолоочийн эсрэг талын хаалганы онгорхой цонхоор толгой цээжээ шургуулаад ороод хөлөөрөө чирэгдээд гүйсэн. Батхуяг ах улам хааз нэмээд хурдалсан. Энхтайван манайхаас цааш 3 дахь хаалганы гадаа уначихсан байсан. Тухайн үед машин эзэнгүй айлын хашааны төмөр шонг мөргөөд зогсчихсон. Энхтайван урд талаас өндийгөөд босох гээд оролдож байсан. Батхуяг ах жолооноосоо барьчихсан байсан. Тэгээд хажуу айлын ах эгч хоёр гарч ирээд хараад зогсож байсан. Цаанаас Батхуяг ахын хадам ах Нямаа, эгч Оюунаа хоёр нь гарч ирцгээсэн. Нямаа ах уурлан Батхуяг ахын машин дотор сууж байхад нь "ямар их архи уудаг пизда нар бэ" гээд гараа оруулаад заамдаж аваад цохисон. Тэгэхэд нь Батхуяг ах хойшоо ухарчихсан ухрахдаа ардаа байсан шонг мөргөсөн. Тэгээд хаазлаад давхиж яваад гэртээ очсон байсан...Энхтайван машинд нь чирэгдэж яваад унаад босохдоо газраас чулуу аваад шидсэн чинь машины зүүн хойд хаалганы шилийг цохиж хагалсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас/,

 

            Гэрч Н.Оюунчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Батхуягийн 41-12 УБЕ улсын дугаартай улаан өнгөтэй фит маркийн машин хурдтай давхиж өнгөрсөнөө түс тас хийгээд бужигнаад явчихсан. Нөхөр бид хоёр гүйж гараад харахад улаан тоос босчихсон эзэнгүй айлын хашаа мөргөөд зогссон байсан. Манай нөхөр Нямаа гүйж очоод Батхуягийг согтуу машин барьлаа гээд баруун гар руу нь хальт цохиж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ц.Нямаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 8 сарын сүүлээр нэг өдөр хашаан дотор суугаад юм хийж байсан чинь гадаа гудамжинд гэнэтхэн машин хүчтэй хаазалсан. Тэгээд пис пас гээд юм мөргөж байгаа юм шиг дуу гарсан. Эхнэр бид 2 гүйгээд гарсан чинь талийгаач Батхуягийн машин урд гудамжны айлын хашааны хаалгыг мөргөж унагаагаад зогссон байсан. Тэгээд бид нар гүйгээд очсон чинь Энхтайван цаана нь зогсож байсан. Намайг очиход Батхуяг машинаа хаазлаад нааш цааш нь хөдөлгөж байхад нь би очоод гараа оруулаад жолооноос нь барих гэтэл ухас хийгээд явчихсан. Тэр хоёр ууж иддэг байсан. Тэгэхдээ хэрүүл зодоон хийж байгаагүй. Бие биедээ харилцан туслаад явдаг байсан…” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас/,

              Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “… Г.Бахуягийн биед 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн үзлэгээр дагзны хуйханд 0.5*5см язарсан шарханд мэс заслын оёдол тавиулсан шархтай байсан. Мэс заслын оёдол тавигдсан учраас шархны чиглэл үйлчлэлийг нарийвчлан тогтоох боломжгүй. Г.Батхуягийн биед тогтоогдсон дагз ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал язарсан шарх нь босоо, суугаа аль ч байрлалд үүсэх боломжтой. Хэрэв машин урагшаа явж байх үедээ юм мөргөсөн бол толгойн урд хэсэгт гэмтэж үүсэх боломжтой…” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 114 дүгээр хуудас/,

 

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Талийгаачид учирсан дагз ясны цөмөрсөн хугарал гэмтэл жолоо бариад явж байгаа хүн хүчтэй шон мөргөсөн эсвэл ухарсан үед энэ гэмтлийг авах боломжгүй юм. Машины бүхээгт учирсан гэмтлүүд машин бүтэн эргэлдэх, онхолдох, мөргөлдөх үед машины эд ангиар цөмөрсөн хугарал үүсдэг. Машины бүхээгт мөргөгдөх үед үүсэхгүй. Энэ гэмтлийг мөргөснөөс үүсэх боломжгүй гэж үзэж байна. Мохоо зүйлийн үйлчлэлээр гэдэгт чулуу хамаарна гэв. Элэгний цирёз өвчин нь цохилт, доргилтоос болж цус алддаггүй. Архаг хууч өвчний хүндрэл. Чулууг барзгар, гөлгөр зэргээр ялгах шаардлага шүүх эмнэлэгт байхгүй. Дагзны хуйханд 0,5 см*5 см язарсан шархны оёдолтой байсан. Дагз гэдэг шилэн хүзүүний ар хэсэг юм. Дагзны байрлалыг дээр доор гэж ялгадаггүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамдаа амь насанд аюултай, цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлсөн хор уршигтай гэмтлүүд байгаа. Эдгээр шалгуурын аль нэгэнд нь тохирсноор гэмтлийн зэргийг гаргаж байгаа. Учрах үед амь насанд аюултай гэх шалгуураар гэмтлийн хүнд зэрэгт хамааруулж гаргасан. Гавлын яс цөмрөхөөр тархины дотоод даралт ихсээд гавал тархи шаантаглах хэлбэрээр амь насанд аюул учрах аюултай гэв.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №12457 дугаартай дүгнэлт:

 

              1. Батхуягийн биед тухайн хэргийг хугацаанд дагз ясны цөмөрсөн хугарал зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтэл учирсан байх боломжтой байна.

  1. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна

  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний ¹1751 дүгнэлт:

 

  1. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр дагзны хуйханд шарх, дагзны баруун хэсэгт жижиг цөмөрсөн хугарал, зүүн 5-р хавирганы шууд хугарал, цээжний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүүн талд 5-р хавирганы шууд хугарал, цээжний зулгаралт гэмтлүүд нь эмнэлгийн тусламж үзүүлэх явцад үүсэх боломжтой.
  2. Талийгаач нь архины цочмог хордлогын улмаас нас баржээ.
  3. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зүрхний булчингийн архаг хомсрол, элэгний хатуурал, голомтот зангилаат гиперплази, ходоод, гуурсан хоолой, архаг үрэвсэл, хоол боловсруулах доод замын цус алдалт архаг өвчнүүд тогтоогдлоо.
  4. Талийгаачийн булчинд 4.8 промилли спиртийн агууламж илэрсэн байна.
  5. Талийгаач нь АВ IY бүлгийн цустай байна…” гэжээ /хавтаст хэргийн 125-129 дүгээр хуудас/,

 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9024 дугаартай дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарлан тэмдэглэсэн 7*3.5, 7*5.5 см хэмжээтэй 2 ширхэг чулуу, 3 гэж дугаарлан тэмдэглэсэн жолоочийн эсрэг талын суудлын түшлэгний хэсэгт, 4 гэж дугаарлан тэмдэглэсэн жолоочийн суудлын түшлэгний хэсэг, 5 гэж дугаарлан тэмдэглэсэн хойд шалавч резиний хэсэг дээр цус илэрсэн.
  2. ¹3 гэж дугаарлан тэмдэглэсэн жолоочийн эсрэг талын суудлын түшлэгний хэсэг, ¹4 гэж дугарлан тэмдэглэсэн жолоочийн суудлын түшлэгний хэсэг, ¹5 гэж дугаарлан тэмдэглэсэн хойд шалавч резиний хэсэг дээрх цус нь АВО системээр АВ/IY/ бүлгийн харъяалалтай байна.
  3. ¹2 гэж дугаарлан тэмдэглэсэн 7*3.5, 7*5.5 см хэмжээтэй 2 ширхэг чулуу дээрх цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй.
  4. ¹1 гэж дугаарлан тэмдэглэсэн 41-12 УБЕ улсын дугаартай автомашинд нөхөн үзлэг хийж авсан гэх 13.5*6*9.5 см хэмжээтэй чулуун дээр цус илрээгүй…” гэжээ /хх-ийн 124 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор: “...эд мөрийн баримт болох 13.5*9 см*6.5 см хэмжээтэй саарал өнгөтэй барзгар гадаргуутай 1 ширхэг чулуу, 7см*3.5 см хэмжээтэй, 7см*5.5см хэмжээтэй 2 ширхэг хэрэгт хавсаргахаар тогтов...” гэжээ. /хх 113 дугаар хуудас/

 

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22/, авто машинд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-24/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-30/, гэрч М.Доржийн мэдүүлэг /хх-ийн 34-35/, гэрч П.Тунгалагын мэдүүлэг /хх-ийн 36/, эмгэг судлалын шинжилгээний протокол /хх-ийн 48-50/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 51-58/, ШШҮХ-ийн шинжээчийн ¹14081 дугаартай дүгнэлт /хх-ийн 60/, шинжээчийн ¹5902 дүгнэлт /хх-ийн 66-67/, өвчний түүх /хх-ийн 86-91/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 97-98/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 101/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 103/, явган зорчигчийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 104/, тээврийн прокурорын газрын прокурорын тогтоол /хх-ийн 111/ гэрч Ш.Эрдэнэтуяагийн мэдүүлэг /хх-ийн 117-118/, гэрч Ш.Пэлжидийн мэдүүлэг /хх-ийн 121-122/, шинжээчийн дүгнэлт ¹8255 /хх-ийн 130/, шинжээчийн дүгнэлт ¹8256 /хх-ийн 131/, шүүгдэгч П.Энхтайваны иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 75/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 77/, П.Энхтайваны оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 136/, П.Энхтайваны хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 137-145/, шинжээчийн дүгнэлт ¹1116 /хх-ийн 166-167/, автомашин техникийн эвдрэлийн хохирлын үнэлгээ /хх-ийн 168/ , шүүх хуралдаанд нэмж хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч П.Энхтайван нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 17-18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 17 хороо, Дамбадаржаагийн 68 дугаар гудамжны хашаанд иргэн Г.Батхуягийн эзэмшлийн “Хонда Фит” маркын 41-12 УБЕ улсын дугаартай автомашин дотор нийлж архидан согтуурч, улмаар мөнгөнөөс болж хоорондоо таарамжгүй харилцаж маргалдан иргэн Н.Батхуягыг согтуурсан үедээ автомашин жолоодохыг зогсоохоор автомашины урд жолоочийн хажуу талын суудал, хаалганаас зуурч чирэгдэн унасандаа уурлаж эгдүүцэн автомашинд сууж байсан Н.Батхуяг руу чулуу шидэж автомашины зүүн хойд цонхыг нь хагалан улмаар түүний толгойн тус газар нь цохисны улмаас дагз ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

шүүгдэгч П.Энхтайваны  “...Миний шидсэн чулуу жолоочоос эсрэг тийш хойд хэсэг рүү нь шидэгдсэн, Би нэг удаа нэг ширхэг том чулуу шидсэн…” гэсэн мэдүүлэг,

 

хохирогч Ц.Бямбасүрэнгийн “...Энхтайваны толгойн ар хэсэг, цамц, машины суудал, ард суудлын завсар байсан майхан нил цус болчихсон байсан. Хашаанд орж ирээд машин нь асаалттай чигээрээ суудлаа налаад ойчсон. ...Энхтайваны эхнэр Халиунаа надад хэлэхдээ "энэ хоёр зодолдоод ерөөсөө дийлдэхгүй байна лээ" гэж ярьж байсан. Эмнэлэгт хэвтэж байхдаа "Тайванаа намайг яахаараа зоддог юм бэ? би их гомдож байна, би бензинийг нь аваад машинаараа үйлчилж өгч байна үүнээс илүү яах юм бэ гээд уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Г.Халиунаагийн “...би цонхоор харахад бие биенийгээ заамдаад чанга чанга дуугараад зогсож байсан... Батхуяг ах гэнэт машинаа асаасан Энхтайван: - "та согтуу машин барьж яах гээд байгаа юм бэ" гээд түлхүүрийг нь сугалан авч манай хажуу айлын хашааг давуулан шидсэн. Батхуяг ах гэнэт машинаа хаазлаад хөдөлсөн. Тэгэхээр нь Энхтайван жолоочийн эсрэг талын хаалганы онгорхой цонхоор толгой цээжээ шургуулаад ороод хөлөөрөө чирэгдээд гүйсэн. Энхтайван машинд нь чирэгдэж яваад унаад босохдоо газраас чулуу аваад шидсэн чинь машины зүүн хойд хаалганы шилийг цохиж хагалсан...тухайн үед толгойноос нь цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №12457 дугаартай дүгнэлт:

 

 “...Батхуягийн биед тухайн хэргийг хугацаанд дагз ясны цөмөрсөн хугарал зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтэл учирсан байх боломжтой байна. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

шинжээч Ц.Оюун-Эрдэнийн “...Талийгаачид учирсан дагз ясны цөмөрсөн хугарал гэмтэл жолоо бариад явж байгаа хүн хүчтэй шон мөргөсөн эсвэл ухарсан үед энэ гэмтлийг авах боломжгүй юм. Гавлын яс цөмрөхөөр тархины дотоод даралт ихсээд гавал тархи шаантаглах хэлбэрээр амь насанд аюул учрах аюултай...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Нямаа, Н.Оюунчимэг, Ш.Эрдэнэтуяа нарын мэдүүлгүүд, ШШҮХ-ийн №9024 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний ¹1751 дүгнэлтээс: “...Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр дагзны хуйханд шарх, дагзны баруун хэсэгт жижиг цөмөрсөн хугарал... Талийгаач нь АВ IY бүлгийн цустай байна...” гэсэн зарим хэсэг, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол, автомашинд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, өвчний түүх зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч П.Энхтайван  хохирогч Н.Батхуяг нар хоорондоо сайн танилууд, хамтарч хувиараа хөдөлмөрлөдөг ба хэрэг болох үед нийлж архидан согтуурч сэтгэл хөөрлийн үедээ мөнгөнөөс болж маргалдан улмаар Н.Батхуягийг согуугаар автомашин жолоодох явцад П.Энхтайван хориглож автомашинаас зуурч явсаныг тоохгүй өөрийг нь газар унагаасанд уурлаж эгдүүцэн автомашин руу нь чулуу шидсэнээс автомашины зүүн хойд цонхыг хагалж улмаар хохирогч Н.Батхуягыг цохиж хүнд гэмтэл санаатай учруулжээ.

 

Шүүгдэгч П.Энхтайван нь автомашин руу чулууг шидсэнээс хохирогчид гэмтэл учрах боломжтойг урьдчилан мэдсэн, хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэдийгээр мөрдөн байцаалтын явцад Н.Батхуяг нь хохирогчоор тогтоогдоогүй боловч түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбасүрэн нь хэрэг үйлдэгдсэн даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хэрэгт ач холбогдолтой зүйлүүдийг удаа дараа тогтвортой мэдүүлсэн мэдүүлгүүд нь агуулгын хувьд гэрч нарын мэдүүлгүүд бусад баримтуудаар давхар нотлогдсоноос гадна ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №12457, шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлгээр Н.Батхуягийн бие махбодид учирсан гэмтэл нь автомашин хашаа болон шон мөргөснөөс үүсэхгүй, гадны хүчтэй үйлчлэлийн буюу чулуугаар цохих үед үүсэх боломжтой болохыг тодорхойлсноор шүүгдэгч П.Энхтайваны гэм буруутай үйлдлийн улмаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэлээ.   

Иймд шүүгдэгч П.Энхтайванг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Шүүгдэгч П.Энхтайванд ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзав.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбасүрэнгээс “...эмчилгээний зардалд 579.600 төгрөг, автомашины шил хагалсан төлбөрт 50.000 төгрөг нийт 629.600 төгрөгийг нэхэмжилж байна...” гэснийг шүүх үндэслэлтэй байна гэж үзэн шүүгдэгчээс 629.600 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбасүрэнд олгох нь зүйтэй. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирсэн 3 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч П.Энхтайван нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

            1. Боржигон овогт Пэлжидийн Энхтайваныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Энхтайваныг 5 /таван/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Энхтайванд оногдуулсан 5 /таван/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Энхтайван нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулуу 3 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Энхтайванаас 629.600 төгрөгийг гаргуулж  Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 71-ийн нүүдлийн 9 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбасүрэн / ЧП68060865/ олгосугай.

7. Шүүгдэгч П.Энхтайванд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Энхтайванд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН

 

               ШҮҮГЧИД                                         Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

        З.БОЛДБААТАР