Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 729

 

 

О.Нармандахад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Х.Ням-Эрдэнэ,

          ялтан О.Нармандах, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил,

          нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан О.Нармандахын гаргасан давж заалдах гомдлоор О.Нармандахад холбогдох эрүүгийн 2016 2501 2445 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Мөнх тэнгэрт овгийн Орсоогийн Нармандах, 1984 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнес удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ гудамжны 9-212 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УШ84083013/,

О.Нармандах нь 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Энхчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг цохиж бие махбодид зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: О.Нармандахын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Нармандахыг бусдын биед махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар О.Нармандахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солих болохыг тайлбарлаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Нармандах нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч С.Энхчимэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан О.Нармандах гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ тайлбарлах нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцлөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй гэж заасан.

Гэвч тухайн нөхцөл байдалд Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №8545 актад шинжээч “...Амбулаторын картаас: 2016 оны 06 дугаар сарын 20-ны Чих хамар хоолойн эмчийн үзлэгт: зүүн чих... гадна суваг чөлөөтэй, сувагт эмгэг ялгадасгүй, хэнгэргэн хальс зам хэсгээрээ цуурсан улайлттай, үрэвсэлтэй. Онош: гэмтлийн гаралтай зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий гэмтэл тогтоогдлоо”, “...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтийг шинжээчээс гаргасан дүгнэлт гэж үнэлсэн байна.

Хавтаст хэрэгт өвчтөний Амбулторын карт, нотлох баримтаар авагдаагүй байсан буюу 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Чих хамар хоолойн эмчийн үзлэгээр өвчтөн С.Энхчимэгийн “зүүн чих... гадна суваг чөлөөтэй, сувагт эмгэг ялгадасгүй, хэнгэргэн хальс зах хэсгээрээ цуурсан улайлттай, үрэвсэлтэй. Онош: гэмтлийн гаралтай зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт”-той гэсэн онош тогтоогдсон эсэх, шинжээч түүнийг ямар арга замаар олж авч, дүгнэлт гаргахдаа ашигласан нь тогтоогдохгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 135/256 тоот тушаал “Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам”-ын 3.6.2 үзлэг, шинжилгээний цаг хугацааны тухай тэмдэглэл, дүрслэл оношлогооны болон эмнэл зүйн, лабораторийн үндсэн ба төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө зэргийг оролцуулан гэсэн байна. Гэвч тухайн карт, хавтаст хэрэгт авагдаагүй байгаа бөгөөд тухайн оношийг хэн тогтоосон, шинжээч ямар учраас нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө гэж хүлээн зөвшөөрсөн, шүүх түүнийг үнэлсэн, нотлох баримт гэж үзсэн зэрэг нь эргэлзээтэй байна.

Нотлох баримтын эх сурвалж тодорхойгүй нь тухайн нотлох баримт “нотлох баримт”-ын чадвараа алдсан гэж үзэхээр байна.

Дээрх дүгнэлтийг Чих, хамар, хоолойн эмчийн үзлэгээр орсон өвчтөний амбулторын картаас иш татсан боловч тухайн баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

Иймд гэмтлийн зэргийг тогтоосон гэх шинжээчийн дүгнэлтийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үзсэн эмчийн оношоор гаргасан нь эрх бүхий этгээд гаргасан эсэхийг үнэлээгүй нь шүүхийн алдаа байна. Учир нь хуульд заасан журмын дагуу томилогдсон этгээд хэнгэргэн хальс зах хэсгээрээ цуурсан, улайлттай, үрэвсэлтэй гэдэг онош гаргаагүй гэж үзэхээр байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д “шинжээчийн дүгнэлт” гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг хэлнэ гэж заасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ”, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын чанараа алдсан байхад шүүх түүнийг нотлох баримтын хүрээнд үнэлээд гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон гэж үзсэн байна. Хэрвээ гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тохиолдолд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэх байсан. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бол гэмт хэрэг биш болох байсан бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим байдаг бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдсан эсэх нь /гэмтлийн зэрэг тогтоосон актыг гаргахдаа иш татсан баримтаа хавтаст хэрэгт оруулаагүй, шинжээч хэний оношоор тухайн дүгнэлтийг гаргасан нь харагдахгүй байна/ эргэлзээтэй байхад дээрх зарчмыг баримтлаагүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү...” гэв.

Ялтан О.Нармандахын өмгөөлөгч Т.Мөнх-Орчил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Шинжээч 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр амбулаторын картанд бичигдсэн Чих хамар хоолойн эмчийн үзлэгийг үндэслэн дүгнэлт гаргасан нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэрэгт авагдаагүй буюу эх сурвалжгүй баримтыг үндэслэж дүгнэлт гаргасан нь хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Иймд О.Нармандахын давж заалдах гомдлыг дэмжиж байна…” гэв.

 

Прокурор Х.Ням-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Шинжээч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу дүгнэлт гаргасан. О.Нармандахын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

            О.Нармандах нь 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Энхчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг цохиж бие махбодид зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Хохирогч С.Энхчимэгийн “…О.Нармандах надтай хамт явж байгаад хэрүүл хийгээд над руу орилоод байхаар нь “чи тэр матдаггүй хүнтэйгээ ажил” гэсэн чинь миний зүүн талын дагз руу гараараа цохисон. …Миний зүүн чих рүү цохиж гэмтэл учруулсан…” /хх-5, 7-9/,

            Гэрч М.Насныбүтээлийн “…тухайн өдөр тэр эмэгтэй “эр хүн биш” гэх мэтээр янз бүрээр хэлээд байхаар нь уурандаа нэг удаа алгадсан гэсэн…” /хх-30/,

            Гэрч У.Лхагвахүүгийн “…С.Энхчимэг, О.Нармандах нар миний хойно явж байхдаа сонгуулийн мэдээнээс болж маргалдаж явж байгаад гэнэт юм дуугарах шиг болсон чинь С.Энхчимэгийн тэвэрч явсан сонгуулийн сурталчилгааны материалууд нь газар унасан доошоо явган суучихсан уйлаад байж байсан. Тэгэхээр нь би очоод “яасан бэ” гэж асуутал С.Энхчимэг “О.Нармандах намайг алгадаад явчихлаа” гэсэн. …миний ард явж байсан болохоор хараагүй, С.Энхчимэг газар явган суучихсан барьж явсан сонгуулийн материал нь газар унасан байдалтай уйлаад сууж байсан. Яваад очтол аль хацрыг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан нэг хацар нь улайсан байсан…” /хх-31-32/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...С.Энхчимэгийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн 8545 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-10-11/, О.Нармандахын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Ялтан О.Нармандахын гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулыг харгалзан О.Нармандахад бусдын биед махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар О.Нармандахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй ба ялтны гэм буруу, учруулсан гэм хор, хувийн байдалд, тохирсон, хүнд бус ялаар шийтгэсэн байна.

Хэрэг бүртгэлтийн шатанд шинжээчийн дүгнэлтийг /хх-10-11/ яллагдагч О.Нармандахын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, хохирогч С.Энхчимэг нарт танилцуулсан байх ба тэдгээр нь ямар нэгэн тайлбар, дахин шинжилгээ хийлгэх хүсэлтүүдийг гаргаагүй байна. Дээрх шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш, үндэслэлгүй буюу зөв болох нь эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Ялтан О.Нармандах нь давж заалдах шатны шүүхэд “…хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэх давж заалдах гомдол гаргаж байгаа боловч О.Нармандах нь С.Энхчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, ялтан О.Нармандахын гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үндэслэл тогтоогдоогүй, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул ялтан О.Нармандахын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан О.Нармандахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ГАНСҮХ

 

                                 ШҮҮГЧИД                                              Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ