Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 4

 

О.Нармандахад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

шүүгдэгч О.Нармандах,

хохирогч С.Энхчимэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 162 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 729 дүгээр магадлалтай, О.Нармандахад холбогдох эрүүгийн 201625012445 дугаартай хэргийг шүүгдэгч О.Нармандахын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Мөнх тэнгэрт овогт Орсоогийн Нармандах нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Нармандахыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг тайлбарлаж, хохирогч С.Энхчимэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Нармандахын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч О.Нармандах хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… анхан шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтийг дахин хийлгэх хүсэлт тавьсан боловч хүлээн аваагүй нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхэд гаргасан өмгөөлөгчийн “хавтас хэрэгт шинжээчийн дүгнэлт хийхдээ үндэслэсэн амбулторын карт байхгүй учир шинжээч дүгнэлтээ ямар эх сурвалжаас татаж энэхүү дүгнэлтээ гаргасанд эргэлзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй бол гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох байсан” гэх тайлбарыг хүлээн аваагүй. Давж заалдах шатны шүүх “шинжээчийн дүгнэлтийг чи өмгөөлөгчтэйгээ хамт хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байна. Үүнийг тухайн үедээ хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа хэлээд дахин шинжилгээ хийлгэх боломж байсан” гэдэг. Гэвч хүлээн зөвшөөрсөн гэх өмгөөлөгч н.Цэрэнпунцагтай би хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж тухайн хэрэг дээр хууль зүйн туслалцаа аваагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “хэргийн оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг хэлдэг. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр н.Цэрэнпунцаг өмгөөлөгч хуульд заасан хэргийн оролцогч биш байна. Учир нь н.Цэрэнпунцаг өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэрэгт байхгүй. Миний хувьд хуулийг мэдэхгүй учир тухайн дүгнэлттэй танилцсан тухай гарын үсгээ зурсан бөгөөд өмгөөлөгчийн хувьд надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй тул миний өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хуулийн үндэслэлгүй болж байна. Давж заалдах шатны шүүх шинжээч дүгнэлтээ гаргасан амбулторын картыг “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн дээр очоод танилцах боломжтой” гэсэн боловч тухайн хуралдаанд оролцсон миний өмгөөлөгч надтай шүүхийн шатанд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажилласан тул зөвхөн хавтаст хэргийн хүрээнд л хэргийн нөхцөл байдалтай танилцах боломж олдсон. Тэр хүрээнд “энэ дүгнэлтийг ямар нотлох баримтыг үндэслэж гаргасан нь эргэлзээтэй байна. Энэ амбулторын карт хэргийн материалд авагдаагүй тул тэр карт дээр яг хэнгэрэг хальсны цооролт гэсэн үг бичигдсэн гэдгийг харах боломжгүй байна” гэдэг үндэслэлийг шүүхэд гаргахад хүлээж аваагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим байдаг бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдсан эсэх нь /гэмтлийн зэрэг тогтоосон актийг шинжээч гаргаагүй/ эргэлзээтэй байхад дээрх зарчмыг баримтлаагүй байна. Иймд хэргийг дээрх үндэслэлүүдээр бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүйд тооцож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа “... шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан үндэслэлээр шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч О.Нармандах нь 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч С.Энхчимэгийг цохиж “... зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд нэрлэж заасан хохирогч С.Энхчимэг, гэрч У.Лхагвахүү нарын мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон тухай шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Хэрэг бүртгэлтийн шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүйн дээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын хуулиар олгогдсон эрхийг хасч хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх гэмт хэргийн улмаас бие махбодийн хувьд хохирол хүлээсэн хохирогч С.Энхчимэг болон хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдсэн гэрч У.Лхагваахүү, М.Насныбүтээл нарын эх сурвалжаа заасан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Хохирогч, гэрч нарт худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, хуульд заасан журмыг баримтлан байцаасан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч О.Нармандахын “шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах хүсэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх хангаагүй, гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдсан эсэх нь /гэмтлийн зэрэг тогтоосон актийг шинжээч гаргаагүй/ эргэлзээтэй байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан зарчмыг баримтлаагүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Хэргийг хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч О.Нармандахад холбогдох хөнгөн гэмт хэрэг нь хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрч Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул О.Нармандахад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж эрх зүйн байдлыг дээрдүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 162 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 729 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар О.Нармандахад холбогдох 201625012445 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар О.Нармандахыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Нармандахын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

        ДАРГАЛАГЧ,

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Т.УРАНЦЭЦЭГ

        ШҮҮГЧ                                                                       Б.ЦОГТ