Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2021/01247

 

 

 

 

 

 

2021 оны 5 сарын 17 өдөр Дугаар 102/ШШ2021/01247 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэгийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...,

Хариуцагч: ...,

... хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ... гаргасан нэмэлт тайлбартаа:

Миний бие нөхөр 3 хүүгийн хамт ... тоот хаягт байрлах, ...улсын бүртгэлийн дугаар бүхий 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг өмчилдөг билээ. Уг орон сууцыг миний бие ...-ээс бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан бөгөөд шилжүүлсний дараа өмнөх өмчлөгч ... болон түүний өргөмөл охин ..., түүний нөхөр ... нарыг уг байранд амьдруулж байсан юм. Улмаар өөрийн өмчлөлийн орон сууцандаа амьдрах хэрэгцээ шаардлага гарсантай холбоотойгоор байрыг суллаж өгөхийг шаардахад хариуцагч ... уг байрыг суллаж өгөхгүй гэсэн бөгөөд миний зүгээс уг байрны өмчлөгч болох талаар тайлбарлан, суллаж өгөхийг шаардсан боловч суллаж өгч чадахгүй, арьсаа хуулуулав, манай дунд хүү их танхай болсон, яаж ч мэднэ шүү, би Хөвсгөлийн зартай бөө таньдаг болсон гэх зэргээр намайг болон манай гэр бүлийн хүнийг айлган сүрдүүлж байрыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу ...-ийн хууль бус эзэмшлээс миний өмчлөлийн дээрх орон сууцыг албадан чөлөөлүүлж, ... надад олгож өгнө үү.

Хариуцагч ... нь нэхэмжлэгчийн нөхрийн ээжийнх нь ахын өргөмөл охин ...-ын нөхөр, өөрөөр хэлбэл хамаатан садны харилцаатай хүмүүс юм. Уг байрыг ...нь бэлэглэлийн гэрээгээр 1998 онд нэхэмжлэгч болон гэр бүлийн гишүүд нийт 5 хүний нэр дээр шилжүүлэн өгсөн. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгч улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авсан. Анх уг байр нь ..., түүний өргөмөл охин ... нарын нэр дээр байсан бөгөөд ... нь тухайн үед өндөр настай, үе мөчний өвчтэй, ганцаараа явж чаддаггүй, нүдний даралттай байсан бөгөөд түүний охин ... эхийгээ огт хайхардаггүйтэй холбоотой өөрийн өмчлөлийн байрнаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны ... дүгээр шийдвэрээр нотлогдоно. ... нь 2001 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өөд болсон бөгөөд нэгэнт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бидний нэр дээр гарсан байсан, тухайн үед уг орон сууцыг ашиглах шаардлагагүй, хамаатан садны харилцаатай тул уг орон сууцыг...-т үнэ төлбөргүйгээр ашиглуулж байсан. 2016 онд бага хүү ... тусдаа амьдрах шаардлага үүссэнтэй холбоотойгоор байрыг суллуулахаар очтол ... нь өөд болсон талаар сонссон. Хамаатан садан атлаа өөд болсон талаар нь огт бидэнд мэдэгдээгүй. Ингээд нөхөрт нь учир байдлаа тайлбарлатал байрыг чөлөөлөөгүйгээс шүүхэд хандсан байгаа. Хүн бүр амьдрах гэж хичээж байгаа ийм үед олон хүн амьдарч байгаа учраас чөлөөлөхгүй гэж тайлбарлаад байгааг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Одоо өндөр настай нэхэмжлэгчийн хувьд уг орон сууцыг хариуцагчаас чөлөөлүүлж, өөрсдийн хүүхдийг амьдруулах шаардлагатай байна. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан ба хариуцагчид хууль болон гэрээнд заасан үндэслэлээр маргаан бүхий орон сууцын эзэмшил үүсээгүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй, бид ч уг орон сууцыг ...-д ямар нэг байдлаар шилжүүлээгүй. Иймд цаашид уг орон сууцыг үнэ төлбөргүй ашиглуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн учир хуульд заасны дагуу уг орон сууцыг ... болон түүний гэр бүлийн гишүүдээс чөлөөлүүлж өгнө үү...гэжээ.

Хариуцагч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, түүний татгалзлыг дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би ...-тай 1979 оны 8 дугаар сарын 27-нд гэр бүл болсон. Бид бүгд 1995 оноос энэ байранд орж, одоо хүртэл амьдарч байна. Энэ байрыг миний эхнэр ... нь Улаанбаатар хот АДХ-ын гүйцэтгэх захиргааны паспорт ... гэрчилгээтэй байрыг эзэмшиж байгаад, 1997 онд ..., ..., ... нар хувьчилж авсан юм. Энэ байрандаа амьдарч байтал өндөр настай хадам ээж маань бие доройтож, явж чадахаа больж, бид бүгд харж хандаж байтал ..., түүний эхнэр ... нар хөгшнийг эмч хүний хувьд арай дээр асран эм чилнэ гэсэн юм. Тэгээд танил хүмүүс эмч мэргэжилтэй учир итгэж эхнэр бид хоёр зөрвшөөрсөн. Харин эд нар маань орон байранд шунаж, арга зохиож байрны хувьчлалыг хөгшний нэр дээр болгосон. Эхнэр маань хөгшин эхийнхээ хэлснээр нэр дээр нь болгосон. Хадам ээжийн нэрээс ... нар хүүхдүүдийн хамт шилжүүлж авсныг эхнэр бид бүгд сүүлд мэдсэн. Баянгол дүүргийн шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-нд болсон шүүх хуралд ... бид хоёр зөвшин тохирч, байраа зарж үнэ тэнцүү хувааж авахаар тохирч, хурал хийгдсэн. Гэтэл түүний эхнэр ... өөртөө бүгдийг авна гэж шуналтай бодолтой өргөдөл гаргажээ. 2001 оны 5 дугаар сарын 03-ны өдөр болсон Баянгол дүүргийн анхан шатны шүүх хуралд ... өөрөө энэ хөгшин ... нь зөнөөд хачин яриа ярьж, өөрийнхөө охин бид хоёрын хооронд муудалцуулж эвгүй байдалд хүргэж, нэг болохоор охиноо хөөж, энэ хөгшнөөс л болж байна гэж мэдүүлж байсан. Энэ мэдүүлгээс ... нь өндөр настай өвчтэй хүнд нөлөөлж өөртөө ашигтайгаар байшингийн бичиг гаргуулж авсныг би мэдүүлж байна. ... болон эхнэр ...-той нь би 19 жил огт уулзаж таараагүй. Огт худал зүйл бичиж байна. Бид бүгд хөгшин болж, миний бодлоор хэрүүлгүй хэн хэндээ хүндэтгэлтэй хандаж, нас барсан хүмүүсийн ясыг өндөлзүүлмээргүй байна. Эвтэй салмаар байна.

Маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай асуудал 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ... тоот шүүгчийн захирамжаар шийдвэрлэгдсэн байна. Нэхэмжлэгчийн нөхөр ... хариуцагчид холбогдуулан уг орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр шаардаж, уг нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т нийцсэн байдаг. Гэтэл тухайн орон сууцны өөр өмчлөгч буюу ...-дийн эхнэр ... нь дахин нэхэмжлэл гаргачихаад байгаа. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа үйл баримт нь шүүхийн өмнөх хүчин төгөлдөр захирамжаар шийдвэрлэгдсэн гэж үзэж байна. Түүнчлэн 2001 онд ..., 2012 онд ... нар нас барахад нэхэмжлэгч болон бусад өмчлөгчдөөс хэн нь ч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой маргаан гаргаж шаардаагүй. Харин 2020 оноос шүүхэд хандсан байдаг. Тэгэхээр ... болон түүний үр хүүхдүүд нь энэ орон сууцны шударга эзэмшигчид гэж үзэж байна. Хариуцагч ... болон түүний эхнэр ... нар нь эх ...-тэй үргэлж хамт амьдарч байсан. ... 2001 онд нас барснаас хойш 2020 оныг хүртэл орон сууцыг чөлөөлөх талаар нэг ч удаа шаардаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө өмчлөл ... нарын нэр дээр байгааг огт мэдээгүй. 1995 оноос хойш энэ орон сууцанд хариуцагч болон түүний гэр бүлийнхэн тасралтгүй амьдарч байгаа. ... нар 2016 онд ирж уулзаж байгаагүй. Нэхэмжлэгч орон сууцны өмчлөлийг 1998 онд шилжүүлж авсан гэж байгаа боловч үүнээс хойш 2020 он хүртэл өмчлөлийн талаар огт шаардлага гаргаж байгаагүй учир шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...-ийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн ... тоот дахь 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, ...маргаан бүхий асуудлаар нэхэмжлэгчийн нөхөр ... хариуцагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээсээ татгалзсаныг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шийдвэртэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар ...-ын нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй байсан, ...уг орон сууцыг нэхэмжлэгч болон түүний гэр бүлийн гишүүд өмчлөлдөө авсан гэх 1998 оноос хойш 2020 оныг хүртэл огт шаардаж байгаагүй, ... болон түүний гэр бүл орон сууцны шударга эзэмшигч бөгөөд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн учир шаардах эрхгүй... хэмээн тайлбарлаж маргасан.

Маргааны зүйл болох ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1995 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ...-т эзэмшүүлэхээр ... тоот паспорт олгогджээ. /хх-28/

Улмаар 1998 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дээрх орон сууцны төрөөс хувьчилсан өмчлөх эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгэж, өмчлөгчөөр ... нарыг бүртгэсэн байх бөгөөд 1998 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Бэлэглэх гэрээгээр тухайн орон сууц ...-ийн өмчлөлд шилжиж, дахин 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдөр...-ээс .... нарын өмчлөлд Бэлэглэх гэрээний дагуу шилжүүлсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. /хх-74/

Ийнхүү нэхэмжлэгч ... болон түүний гэр бүлийн гишүүд 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Улсын бүртгэлд бүртгэгдэж, 2000 оны 8 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үрэгдүүлэн шинээр олгож, 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэмтээсэн гэрчилгээ шинээр олгосон зэрэг үйлчилгээ хийлгэсэн нь улсын бүртгэлийн лавлагаанд бичигджээ.

Нэхэмжлэгч ... нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...орон сууцыг ...-ээс бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн авч, ... болон түүний охин ...-рыг гэр бүлийн хамт уг байранд амьдруулж байсан, ... орон сууцандаа амьдрах хэрэгцээ шаардлага гарснаар суллаж өгөхийг 2016 онд шаардахад хариуцагч суллаагүй... хэмээн тодорхойлж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан.

Маргаан бүхий орон сууцанд нэхэмжлэгч ... болон бусад өмчлөгч нар амьдраагүй, харин хариуцагч ... болон түүний гэр бүлийн гишүүд 1996 оноос хойш одоог хүртэл оршин суудаг болох нь зохигчдын тайлбар болон Баянгол дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-21/

Уг орон сууцны анхны өмчлөгчдийн нэг болох ... нь охин ...-ыг орон сууцнаас нүүлгэн гаргуулахаар шаардсаныг Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 554 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба тухайн хэрэгт нэхэмжлэгч ...-ын нөхөр гэх ... гуравдагч этгээдээр оролцож байжээ. /хх-29/

Улмаар ... 2001 оны 7 дугаар сарын 18-ны өдөр, түүний охин ... 2012 оны 4 дүгээр сард нас барсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба нэхэмжлэгч тал бага хүү ...-ыг тусдаа амьдрах шаардлага үүссэнээр 2016 онд орон сууцыг суллуулахаар очиж ... нас барсныг мэдсэн хэмээн тайлбарлах боловч үүнийг хариуцагч тал үгүйсгэн, орон сууцны өмчлөл ... болон түүний гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэгдсэн талаар мэдээгүй, 1998 оноос хойш 2020 онд ... шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл огт шаардаж байгаагүй гэж тайлбарласан.

Орон сууцны өмчлөгчдийн нэг ... нь хариуцагч ...-д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээсээ татгалзсаныг тус шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ... дүгээр захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-27/

Хариуцагч дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн ... шийдвэр ... байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу маргааны зүйл болсон орон сууцыг хариуцагч ...-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн ...-ийн нэхэмжлэл нь ..-ын гаргасан энэ нэхэмжлэлтэй ижил агуулгатай учир дахин шийдвэрлэх үндэслэлгүй хэмээн тайлбарласан.

Гэвч дээрх хэргийн маргааны зүйл ижил боловч нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэгч нь өөр этгээд байгаа учир хуульд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй гэж тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаар тогтоолоор дүгнэн, хариуцагчийн тайлбарт дурдсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн . тоот шүүгчийн.. захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан уг тайлбар татгалзал үндэслэлгүй байна. /хх-45/

Харин нэхэмжлэгч ... болон маргаан бүхий орон сууцны бусад өмчлөгч нар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн 1998 оноос хойш 2020 оныг хүртэл өмчлөлийн зүйлээ шаардаж байгаагүй, 2016 онд шаардсан гэх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байх бөгөөд нэхэмжлэгч талын тайлбарласнаар шаардсан гэх 2016 онд өмчлөлийн зүйлээ шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.

Иймд хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч ... татгалзах эрхтэй.

Хариуцагч ... 1995 оноос хойш одоог хүртэл гэр бүлийн хамт тухайн орон сууцанд амьдарч байгаа, энэ талаар нэхэмжлэгч ... мэддэг бөгөөд хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул ...-г уг орон сууцны шударга зээмшигч гэж үзэн, дээрх үндэслэлээр ...-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... тоот дахь байрлах 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг хариуцагч ...-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай ...-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА