Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2024/00007

 

 

Г н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                      

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/02548 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/01839 дүгээр магадлалтай,                                                                                                                                   

Г н нэхэмжлэлтэй,

Д , Х  нарт холбогдох

Өөрийн эзэмшил газар, хувийн сууцанд харилцаа хамааралгүй иргэд оршин сууж байгааг албадан нүүлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэл,

Р , Г  нарын байгуулсан 2020.08.31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө /газар/ худалдах-худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө /хувийн сууц/ худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй,

Р , Г  нарын байгуулсан 2020.08.31-ний өдрийн газар худалдах-худалдан авах гэрээ, хувийн сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай гуравдагч этгээд Р ын бие даасан шаардлагатай иргэний хэргийг           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын  хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г  нь хариуцагч Д , Х  нарт холбогдуулан өөрийн эзэмшил газар, хувийн сууцанд харилцаа хамааралгүй иргэд оршин сууж байгааг албадан нүүлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, Р , Г  нарын байгуулсан 2020.08.31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах- худалдан авах 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан, гуравдагч этгээд Р  нь Г тэй байгуулсан 2020.08.31-ний өдрийн газар худалдах-худалдан авах гэрээ, хувийн сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар бие даасан шаардлага гаргажээ.  

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/02548 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, Хилчин 73 гудамж, 13а тоот хаягт байрлах 467 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах 40 болон 30 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д , Х  нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагч Д , Х  болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р  нарын 2020.08.31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах бие даасан шаардлага, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Д , Х  нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д , Х  нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/01839 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/02548 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан эрхийн улсын бүртгэлийн Г-2201046451 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18629310656613 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 73 гудамж, 13 тоот хаягт байрлалтай 467 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201042652 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 73 гудамж, 13а тоот хаягт байрлалтай, 40 м.кв, 30 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Г н гаргасан өөрийн эзэмшил газар, хувийн сууцанд харилцаа хамааралгүй иргэд оршин сууж байгааг албадан нүүлгүүлэх тухай үндсэн, хариуцагч Д , Х  нарын гаргасан Р , Г  нарын хооронд байгуулсан 2020.08.31-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Д , Х  нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г гээс 140,400 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р д олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.10.06-ны өдрийн 210/МА2023/01839 дугаартай магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасны дагуу хууль хэрэглээний зөрүүг арилгуулах, Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдөж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн учир гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Г  нь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч нарын хууль бус эзэмшлээс газар болон үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг Давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль болон бодит байдалд нийцэхгүй байна.

Нэг. Давж заалдах шатны шүүх “Р , Г  нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар шүүх зөв дүгнэжээ” гэж, мөн “Анхан шатны шүүх маргаан бүхий газар, хувийн сууцыг худалдах хүсэл зориг Р д байгаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн, бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ” гэж, нэхэмжлэгч Г  нь "..Р ыг дуудан уулзахад тэрээр төлж дийлэхгүй нь шүүхэд битгий өгөөч, барьцааны бичиг баримтыг шилжүүлээд өгчихье, өрийг дараад өгөөч"... гэх агуулгатай тайлбар гаргасан боловч энэ талаар худалдах, худалдан авах гэрээнд тусгаагүй байна... талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл гэж үзэхгүй, харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр байх хэлцэл гэж үзнэ”, түүнчлэн, 2020.08.31-ний өдрийн Р , Г  нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна” гэж тус тус дүгнэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Р ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж” гэсэн дүгнэлт хийсэн нь буруу учир хууль хэрэглээний зөрүүг арилгуулах шаардлагатай болж байгаа юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус xүлээнэ” гэж заасан бөгөөд Р  нь өмчлөх эрхээ Г д шилжүүлж, тохирсон хөлсийг шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны хуулга, Худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогддог. Гэтэл эдгээртэй харилцаанд ороогүй, хамааралгүй хариуцагч нар нь үл хөдлөх эд хөрөнгөд орсон байсан учраас шүүхэд хандах нөхцөл байдал бий болсон байдаг бөгөөд Р  нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд амьдардаггүй, түлхүүрийг нэхэмжлэгчид өгсөн байсан байдаг.

Давж заалдах шатны шүүх худалдах хүсэл зориг Р д байгаагүй гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан мөнгө төлсөн баримт, үл хөдлөх эд хөрөнгийг цэвэрлэсэн хүн, хөрш айлын хүний мэдүүлэг, Ё гийн мэдүүлэг зэргийг харгалзан үзээгүй нь нотлох баримтыг үнэлэх журам зөрчсөн, хуульд нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй үнэлэхээр заасан байдаг. Түүнчлэн Давж заалдах шатны шүүхийн 2022.12.05-ны өдрийн 02067 дугаар магадлалаар Ё гээс гэрчийн мэдүүлэг дутуу авсан байна гэж үзэн харилцан хамаарлын талаар дахин тодруул гэж шийдвэрлэж байсан атлаа хэргийг дахин шийдвэрлэхдээ Ё гийн мэдүүлгийг Давж заалдах шатны шүүх үнэлээгүй нь харилцан хамаарлыг үнэн зөв тогтоогоогүй. Р  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо худалдах хүсэл зориг байсан талаар тайлбарладаг, Ё д олгосон итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын байгууллагад хандсан баримт болон цэвэрлэгээ хийсэн гэрч, хөршийн мэдүүлгүүдээр бусдад худалдах гээд цэвэрлэгээ хийж, бэлдсэн байсан болох нь тогтоогддог бөгөөд энэхүү нөхцөл байдалд Давж заалдах шатны шүүх хүсэл зориг байгаагүй гэж дүгнэлт хийж буй нь хууль болон бодит байдалд нийцэхгүй байхад Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээний гол шинж, үүргийг анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, Р  нь Ё д итгэмжлэл өгөхдөө өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлсэн, удаа дараагийн шүүх хуралдаанд худалдах хүсэл зориг байсан талаар тайлбарладаг, Ё д олгосон итгэмжлэл хууль зөрчөөгүй талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байхад хүсэл зориг байгаагүй буюу хууль зөрчсөн, дүр үзүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан нөхцөлүүд давхцах боломжгүй тус тусдаа хуульчлагдаж тайлбарлагддаг. Гэтэл Давж заалдах шатны шүүх хамтад нь хэрэглэсэн нь буруу юм. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд Р  нь үл хөдлөх эд хөрөнгийг төлөөлөгчөөрөө дамжуулан худалдах хүсэл зоригоо илэрхийлснийг Г  нь хүлээн авч үнийг төлөн бичиг баримтууд шилжсэн байдгаас харвал хүсэл зориг хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл, хүсэл зориг хүчин төгөлдөр байгаа тохиолдолд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээ хүчин төгөлдөр гэсэн үг юм. Хэдийгээр гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргасан ч үндэслэлүүд нь үгүйсгэгддэг бөгөөд няцаасан нотлох баримтууд байдаггүй, Р  нь бодит байдлыг өөр өөрөөр тайлбарлаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар ч үгүйсгэгддэг.

Хоёр. Давж заалдах шатны шүүх "... өмчлөх эрхийг Б ын хамаарал бүхий этгээд болох Г н өмчлөлд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарч байна” гэж дүгнэдэг бөгөөд үндэслэлгүй дүгнэлт хийж Иргэний хуулийн дээрх заалтыг зөрүүтэй тайлбарлаж, хэрэглэсэн. Тодруулбал, хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байгаа бол ямар хуулийн ямар заалтыг зөрчсөн болох талаар дүгнэлт хийж, хууль хэрэглэгдэх ёстой юм. Гэтэл Давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь бодит нөхцөл байдалд бүрэн дүгнэлт хийсэн гэж үзэх боломжгүй. Хэдийгээр Г  нь Б ын төрсөн хүүхэд хэдий ч гэрээ байгуулагдах үед Б , Ё  нараас хамааралгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулан төлбөрийг төлсөн болох нь баримтаар нотлогддог. Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т ”... Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ...'' гэж заасан бөгөөд эх, хүүхдийн хамаарал нь хүсэл зоригийг үгүйсгэх, хууль зөрчсөн зүйл болохгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс чөлөөт зах зээлтэй бөгөөд Б ын хүүхэд байлаа гээд Р тай хэлцэл байгуулахыг хориглосон зохицуулалт байхгүй, Г  нь хэнтэй ч өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл байгуулах боломжтой юм. Гуравдагч этгээд талаас Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан нөхцөл байдлыг тайлбарладаг ч Г  нь Ё тэй ямар нэгэн эцэг, ах дүү, нэг ашиг сонирхолтой талаар хамааралгүй болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Дээрх байдлаар тайлбарлаж байгаа нь гуравдагч этгээд худалдах хүсэл зориг байсан болох нь харагддаг.

Гурав. Давж заалдах шатны шүүх “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Р ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж” гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн. Дээрх байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зарчимд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхийг хянах үүрэгтэй бөгөөд өөр асуудлыг дур мэдэн шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлж, түүний үндэслэлээ нотлох үүрэгтэй байж талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөгөө талаа үгүйсгэж мэтгэлцэх боломж бий болдог. Гэтэл Давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.

Дөрөв. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь ойлгомжгүй нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн дүгнэлт гаргасан байдаг. Тодруулбал, “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр байх хэлцэл гэж үзнэ”, “Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар шүүх зөв дүгнэжээ'’ гэж дүгнэсэн атлаа хүсэл зориг байгаагүй гэж дүгнэж буй нь хуульд нийцэхгүй магадлал нь ямар ч хүн харсан ойлгомжтой байх ёстой. Мөн Р , Б  нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг дүгнэдэг бөгөөд Г д уг харилцаа хамааралтай эсэхийг шалгахгүйгээр хамааралтай гэж үзэх боломжгүй. Г  нь анхнаасаа худалдаж авах хүсэл зориг байсан байдаг, худалдаж авах нь өөрт нь ашигтай байсан. Өөрөөр хэлбэл, газар нь өмчлөх эрхтэй, үл хөдлөх эд хөрөнгүүдтэй, засаж сайжруулаад худалдсан ч ашиг олох боломжтой байсан байдаг. Р , Г  нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй байхад Р  нь Г д зээлээ төлж чадахгүй байсан мэтээр тайлбар, нотлох баримтыг илтэд зөрүүтэй тайлбарласан нь үндэслэлгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ын өмгөөлөгч Б.Оюунгэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.10.06-ны өдрийн 210/МА2023/01839 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р  нь Ё д олгосон итгэмжлэлийн талаар буюу би Ё д газар, хувийн сууцыг худалдах, худалдан авах эрхийг олгоогүй гэж маргадаг. Эндээс харахад эхлээд уг итгэмжлэлийн хүчинтэй эсэх, хүсэл сонирхол өөр байсан тухай маргааныг шийдвэрлэсний дараа Г тэй хийсэн худалдах, худалдан авах гэрээг хүчинтэй эсэхийг шийдвэрлэх ёстой байсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Р , Г  нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцохдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан ...хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл ... гэж дүгнэхдээ Б ын хамаарал бүхий этгээд болох Г д худалдсан гэжээ.

Энэ нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эсвэл Р аас Ё д олгосон итгэмжлэлээр хамаарал бүхий этгээдэд худалдахыг хориглосон заалт биш гэж үзэж байна. Гуравдагч этгээд Б  болон "Б " ХЗХ Р тай байгуулсан Зээлийн гэрээний талаар Р  нь нэхэмжлэл гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, өөр гэрээний үүргийг дүгнэсэн нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.10.06-ны өдрийн 01839 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.21-ний өдрийн 184/ШШ2023/02548 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.12.21-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00003 тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ын өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгч өөрийн эзэмшил газар, хувийн сууцанд харилцаа хамааралгүй иргэд оршин сууж байгааг албадан нүүлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,  “ ...Р аас Ё д олгосон итгэмжлэлийн дагуу газар, хувийн сууц худалдах-худалдан авах гэрээг үндэслэн өмчлөгч болсон, хариуцагч Д , Х  нарын хууль бус эзэмшлээс газар, үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэх эрхтэй” гэж үндэслэлээ тайлбарласан. 

Хариуцагч Д , Х  нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “ .... бид хоёр 2017 онд газар болон хувийн сууцыг 13,000,000 төгрөгөөр худалдан авч, одоог хүртэл амьдарч байна, ...өөрсдийн өмчлөлийн газар, хувийн сууцыг зээл авахаар Х ийн бэр эгч Р д түр шилжүүлсэн, ... гэтэл Ё  нь Р ын бичиг үсэг мэдэхгүйг далимдуулан бидний газар, хувийн сууцыг худалдах итгэмжлэл авч Г д худалдсан нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус..., Г  нь бид нарт болон Р д ямар нэгэн төлбөр өгөөгүй” гэж маргаад, “Р , Г  нарын хооронд хийгдсэн 2020.08.31-ний өдрийн газар худалдах-худалдан авах гэрээ, хувийн сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах”-аар сөрөг нэхэмжлэл гаргаж, “...Г д манай хашаа байшинг авах хүсэл зориг байгаагүй, харин Б  болон “Б ” ХЗХ-оос Р  эгч мөнгө зээлснийг халхавчлах зорилгоор, дүр үзүүлэн хийсэн, ...Ё , Б  нар нь нэг хоршооны хүмүүс, Г  нь Б ын хүүхэд нь, ...зөвхөн бичиг баримтыг нь ашиглан манай хашаа байшинг шилжүүлэн авсан” гэж үндэслэлээ тайлбарласан байна. 

Гуравдагч этгээд Р  “Г тэй байгуулсан 2020.08.31-ний өдрийн газар худалдах-худалдан авах гэрээ, хувийн сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах”-аар бие даасан шаардлага гаргахдаа “... газар, байшинг худалдах эрхийг Ё д олгоогүй, ийм гэрээ байгуулагдсаныг мэдээгүй, Г тэй нэг ч удаа уулзаж байгаагүй, түүнээс нэг ч төгрөгийн төлбөр аваагүй, Б аас 5 сая төгрөг зээлж байсан, Г , Б , Ё  нар хоорондоо хувийн байдлаар хамааралтай хүмүүс, ...хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр Г д худалдсан нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус” гэж үндэслэлээ тайлбарласан.

Нэхэмжлэгч Г  “ ...Р аас Ё д олгосон итгэмжлэлийн дагуу газар, хувийн сууц худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон” гэж хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг эс зөвшөөрчээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б  болон “Б ” ХЗХ нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцсон ба “...хүчин төгөлдөр итгэмжлэлээр гэрээ хийгдсэн, Г  хууль ёсны өмчлөгч тул хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлага үндэслэлгүй“ гэсэн тайлбар гаргажээ.

8. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Х , Д  болон М  нарын хооронд 2017.11.23-ны өдөр байгуулсан гэрээгээр М  нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2201046451 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18629310656613 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин гудамжны 13 тоот хаяг байрлалтай, 467 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байрлалтай, 40 м.кв, 30 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Х , Д  нарт бэлэглэхээр тохиролцож, Х , Д  нар нь М т газар болон хувийн сууцны үнэд 13,100,000 төгрөг төлсөн.

2017.12.12-ны өдөр хариуцагч  нар гуравдагч этгээд Р тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч газар, хувийн сууцны үнэд тус бүр 2,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Р  2017.12.12-ны өдөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, үүний дараа Р  нь Б тай 2017.12.21-ний өдөр 5,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлэхээр гэрээ байгуулж,   үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.  

2019.03.29-ний өдөр “Б ” ХЗХ болон Р  нарын хооронд 8,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлэх гэрээ байгуулагдсан, уг гэрээнд  дээрх эд хөрөнгийг барьцаалж болно гэж тохиролцсоны дараа мөн талуудын хооронд  2020.04.07-ны өдөр дахин 12,500,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлэхээр гэрээ байгуулагдаж, мөн хөрөнгийг дахин барьцаалж болно гэсэн байх бөгөөд дээрх 2 гэрээний дагуу “Б ” ХЗХ-ноос зээлийн мөнгөн хөрөнгийг Р д шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

2020.04.30-ны өдөр Р аас Ё д маргааны зүйл болж буй газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд бүрэн эрх олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон ба энэ итгэмжлэлийг үндэслэн, 2020.08.31-ний өдөр Ё  Г  нарын байгуулсан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч газар, хувийн сууцны үнэд тус бүр 2,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд өмчлөгчөөр Г  2020.09.01-ний өдөр бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгч Г  нь гуравдагч этгээд Б ын хүү, Б , Ё  нар нь харилцан бие биенээ таньдаг, түүнчлэн Р , Г , Ё  нар “Б ” ХЗХ-ны гишүүн болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

9. Анхан шатны шүүх “... хариуцагч нар нь маргааны зүйл болж буй газар, хувийн сууцыг М аас 2017.11.03-ны өдөр 13,100,000 төгрөг /бэлэглэлийн гэрээ/-ээр худалдан авч, өмчлөгчөөр бүртгэгдсэн, улмаар зээл авах зорилгоор Р д 2017.12.12-ны өдөр худалдаж, уг үл хөдлөх хөрөнгө Р д шилжсэн, Р  нь Б тай 2017.12.21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг авахдаа дээрх газар, хувийн сууцыг барьцаалсан ба зээлдэгч үүргээ биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгийг бусдад худалдах, захиран зарцуулах эрхийг Р аас Ё д итгэмжлэлээр олгосон, итгэмжлэл нь Иргэний хуулийн 62, 64 дүгээр заалтыг зөрчөөгүй, Ё  нь худалдан авагч Г тэй 2020.08.31-ний өдөр газар, хувийн сууцыг 6 сая төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд Г н нэр дээр гарсан,  түүнийг маргаан бүхий газар, хувийн сууцыг хууль зөрчиж өмчлөлдөө авсан гэх байдал тогтоогдохгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй ..., гэсэн агуулгатай дүгнэлт хийж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Р , Х , Б.Золзаяа нарын хооронд хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч нараас Р д хөрөнгийг худалдсан талаар хүсэл зоригийн илэрхийллийг агуулсан хэлцэл, түүнтэй холбоотой баримт хэрэгт авагдсан, ...хариуцагч нар Р ыг бусдаас авсан өр зээлдээ барьцаалсан байдлыг мэдэж байсан, ...бодит байдал дээр хөрөнгийг дүр үзүүлсэн, эсхүл өөр хэлцлийг халхавчлах зорилгоор гэрээ, хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх “...Г н ...Р ыг зээлээ төлж дийлэхгүй нь, шүүхэд битгий өгөөч, би барьцааны бичиг баримтыг шилжүүлээд өгчихье, та зараад өрийг дараад өгөөч... гэх агуулгатай тайлбар нь худалдах-худалдан авах гэрээнд тусаагүй, зээлийн гэрээний үүргийг худалдах-худалдан авах гэрээний үүргээр сольж дуусгавар болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй тул Р , Г  нарын хооронд 2020.08.31-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө /газар, хувийн орон сууц/ худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр байх хэлцэл” гэж үзээд, мөн хэлцлийг талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байхад анхан шатны шүүх энэ гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь буруу” гэж үзсэн.

Түүнчлэн “ ... Р , Б  нарын хооронд 2017.12.21-ний өдөр газар болон хувийн орон сууцны барьцааны гэрээ байгуулагдсан, хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй боловч энэ журмыг хэрэглэхгүйгээр өмчлөх эрхийг Б ын хамаарал бүхий этгээд болох Г н өмчлөлд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар маргааны зүйл болж буй газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасан.

Хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Р тай 2017.12.12-ны өдөр байгуулсан гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө Р ын өмчлөлд шилжүүлсэн, энэ талаар зохигчид маргаагүй, Р  нь Б тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед маргаан бүхий газар, хувийн сууцны өмчлөх эрх Р д шилжсэн байсан тул хариуцагч нар хэлцлийн хүчин төгөлдөр бус байдлын талаар нэхэмжлэгчтэй маргах боломжгүй, хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй” гэж дүгнээд  хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангалгүй орхижээ.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ын өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар харьцуулан үнэлж чадаагүйгээс нэхэмжлэгч Г г Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон алдааг давж заалдах шатны шүүх залруулсныг зөв гэж үзнэ.

Хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн шийдэл зөв хэдий ч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагад хамааруулан дүгнэлт хийсэн нь буруу, харин давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэхээр зохицуулсан хэдий ч хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй гэж дүгнэсэн нь зөв боловч тогтоох хэсэгт хууль хэрэглээгүй алдаа гаргасныг хяналтын шатны шүүхээс залруулах боломжтой. 

Давж заалдах шатны шүүх “...Р , Г  нарын хооронд 2020.08.31-ний өдөр байгуулсан гэрээг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр байх хэлцэл” гэж зөв дүгнэсэн боловч хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарлан, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэх ёсгүй хуулийг буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг хэрэглэснийг хяналтын шатны шүүхээс залруулна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ын өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын “давж заалдах шатны шүүх...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан нөхцөлүүд давхцах боломжгүй тус тусдаа хуульчлагдаж тайлбарлагддаг” гэсэн гомдлын энэ хэсэг үндэслэлтэй боловч магадлалын шийдлийг хүчингүй болгох үндсэн нөхцөл биш байна.  

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/01839 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/02548 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг   “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан эрхийн улсын бүртгэлийн Г-2201046451 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18629310656613 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 73 гудамж, 13 тоот хаягт байрлалтай 467 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201042652 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 73 гудамж, 13а тоот хаягт байрлалтай, 40 м.кв, 30 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Г н гаргасан өөрийн эзэмшил газар, хувийн сууцанд харилцаа хамааралгүй иргэд оршин сууж байгааг албадан нүүлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хариуцагч Д , Х  нарын Р , Г  нарын хооронд байгуулсан 2020.08.31-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн “2,3,4” дэх заалтыг “3,4,5” гэж тус тус өөрчлөн дугаарлаж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 140,400 төгрөг, гуравдагч этгээдийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 14,400 төгрөг + 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 130,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТЧИМЭГ 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                               П.ЗОЛЗАЯА  

                                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                                Х.ЭРДЭНЭСУВД