Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/02067

 

 

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/02067

 

 

Г.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/02997 дугаар шийдвэртэй,

Г.Б-н нэхэмжлэлтэй Д.З-, Х.Г- нарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн, гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд Р.М-ын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, татгалзал, тайлбарын агуулга: Г.Б- нь иргэн Р.М-аас 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 22 хороо, Хилчин 73 гудамж, *** тоот хаягт байрлах, 70 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 467 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хуулийн дагуу худалдан авсан. Уг үл хөдлөх эд хөрөнгийг Х.Г-, Д.З- нар хууль бусаар эзэмшиж, ашиглаж байх тул албадан чөлөөлүүлж өгнө үү.

Хариуцагч тус гэрээг дүр үзүүлсэн гэрээ гэж хэлдэг. Дүр үзүүлсэн гэрээ гэдэг нь гэрээний талууд ямар нэгэн үр дагавар шаардаагүйг ойлгох ба хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар газар, хувийн сууцыг гуравдагч этгээд Р.М- руу шилжүүлж, гуравдагч этгээд Р.М- нь Ё.С-д худалдах итгэмжлэл олгосноор тэрээр Г.Б-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн газар, хувийн сууц Г.Б-н өмчлөлд шилжсэн. Г.Б- худалдан авсан газар, хувийн сууцны үнийг худалдагч Ё.С-д шилжүүлсэн гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Маргаан бүхий газар, хувийн сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр М.Отгонбаяраас худалдан авч, амьдарч байна. М.Отгонбаяртай хамт нотариат орж Бэлэглэлийн гэрээ байгуулж болно гэсний дагуу газар, хувийн сууц шилжүүлж авахдаа Бэлэглэлийн гэрээ байгуулсан. Улмаар газар, хувийн сууцаа барьцаалж банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах гэхэд бэлэглэлийн гэрээгээр авсан учир барьцаанд авахгүй гэсэн учраас нөхөр Х.Г-ийн бэр эгч Р.М-тай ярьж, түүнд худалдсан мэтээр 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ, Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ-г тус тус байгуулж, Р.М- руу шилжүүлсэн.

Г.Б-, Р.М- нарын байгуулсан Газар, хувийн сууц худалдах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Учир нь Р.М- бичиг, үсэггүй буюу уншиж чадахгүй байтал Ё.С- гэрээнд гарын үсэг зуруулснаас гадна Г.Б- нь Д.З-, Х.Г- нар болон Р.М-д газар, хувийн сууц худалдан авсан гэж мөнгө өгөөгүй. Ё.С-, Б.Э- нар Бидний нөхөд хоршооны гишүүд бөгөөд Р.М-ыг тухайн хоршооноос мөнгө зээлсэн хэлцлийг халхавчлах зорилгоор Г.Б-н нэр, бичиг баримтыг ашиглаж Д.З-, Х.Г- нарын газар, хувийн сууцыг шилжүүлэн авсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Ё.С- нь Р.М-ыг уншиж чаддаггүйг нь далимдуулан үл хөдлөх хөрөнгө худалдах итгэмжлэлд гарын үсэг зуруулж, Г.Б-тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Р.М- нь Бидний нөхөд ХЗХ-оос 5,000,000 төгрөгийн зээл авч, үүргийн гүйцэтгэлд нь газар, хувийн сууцын гэрчилгээг хоршооны захирал Б.Э-ад барьцаалуулсан бөгөөд зээлээ төлөөгүй. Гэтэл Бидний нөхөд хоршооны гишүүн Б.Э-, Ё.С-, Г.Б- нар Р.М-ыг зээлээ төлөхгүй болохоор Ё.С- нь Р.М-ыг бичиг, үсэггүйгээр нь далимдуулж итгэмжлэл аваад хувийн харилцаатай, ашиг сонирхол нэгтэй Г.Б- рүү худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Иймд зээлийн гэрээг халхавчлах зорилгоор, хууль зөрчиж, Газар, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.М-ын шаардлага, тайлбарын агуулга: Р.М-ын олгосон итгэмжлэлийн дагуу Ё.С- нь Г.Б-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч газар, хувийн сууц худалдах эрхийг Р.М- нь Ё.С-д олгоогүй бөгөөд Р.М- энэ талаар гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хэрэгтэй танилцсанаар мэдсэн.

Р.М- нь Г.Б-тэй газар, хувийн сууц худалдах хүсэл зоригоо илэрхийлж уулзаж байгаагүй, Г.Б- ч тухайн асуудлаар Р.М-д санал тавьж байгаагүй. Г.Б- нь Р.М-д төлбөр төлөөгүй. Г.Б- нь Б.Э-ын хүү бөгөөд Ё.С- нь Б.Э-тай хувийн харилцаатай. Р.М-ын хувьд Б.Э- гэх хувь хүнээс 5,000,000 төгрөг зээлж авсан. Б.Э- нь Р.М-тай Бидний нөхөд хоршоогоор дамжуулан 8,000,000 төгрөг зээлүүлсэн мэтээр гэрээ байгуулсан асуудал бий.

Р.М-аас Ё.С-д олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр байж болно. Гэхдээ итгэмжлэлээр хийсэн хэлцэл хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Ё.С- нь төлөөлөх эрхээ төлөөлүүлэгчийн эсрэг ашигласан нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан нөхцөл бүрдсэн байна. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл Ё.С- нь Р.М-аас олгосон итгэмжлэлийг хэрэгжүүлэхдээ хууль бусаар хэрэгжүүлсэн. Иймд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусаэд тооцож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, хилчин 73 гудамж, *** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220104***, нэгж талбарын 18629310656613 дугаартай, 467 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, хилчин 73 гудамж, *** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201042*** дугаартай, 70 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.З-, Х.Г- нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагч Д.З-, Х.Г- нарын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө /газар/ худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө /хувийн сууц/ худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.М-ын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ, Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Д.З-, Х.Г- нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.З-, Х.Г- нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Бидний нөхөд ХЗХ-ны гишүүд болох Г.Б-, Ё.С- нар Р.М-ын уг хоршоотой байгуулсан Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн зорилгын дор худалдах, худалдан авах гэрээг Ё.С- Р.М-аас итгэмжлэл авах замаар хоршооны нөгөө гишүүн болох Г.Бат- Ирээдүйд шилжүүлсэн. Хоршооны гүйцэтгэх захирал Б.Э- нь Г.Б-н ээж, Ё.С- нь Б.Э-ын хамтран амьдрагч нь болно. Дээрх хоёр худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл мөн. Үндсэн харилцаа нь зээлийн харилцаа байсан. Энэ зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэл зориг нь бодит үнэн хүсэл зориг юм. Худалдах, худалдан авах гэрээ хийсэн мэт дүр үзүүлэн цаагуураа зээлээ төлүүлж авч байгаа үйлдэл юм. Үүнийг нотлох хамгийн гол баримт бол гэрч Ё.С-гийн мэдүүлэг.

Түүнчлэн Ё.С- нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийг итгэмжлэлээр төлөөлсөн байдаг. Мөн Б.Э- нэхэмжлэгчийг итгэмжлэлээр төлөөлсөн. Зээлийн гэрээ болон Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн 18 хуудас баримт зэрэг баримтуудаар талуудын хооронд зээлийн харилцаа байсныг нотолж байгаа ба зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хашаа, байшинг худалдсан гэрээг дүр үзүүлэн байгуулсан нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх эдгээр баримтыг үнэлээгүй, яагаад үнэлээгүй талаараа дүгнээгүй, гагцхүү Р.М-аас Ё.С-д өгсөн итгэмжлэл хүчинтэй хэмээн онцгойлон үнэлсэн. Энэ итгэмжлэл хүчинтэй эсэх тухайд талууд маргаагүй. Итгэмжлэл хүчинтэй байгаа нь дүр үзүүлсэн хэлцэл-д тооцоход нөлөөгүй, хамааралгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй гэх үндэслэлээр хүчингүй болгож буцаах, эсвэл шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Ё.С- нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн итгэмжлэлийг өөрийн нэгдмэл сонирхол бүхий этгээд, өөрийн хамтран амьдрагч Б.Э-ын хүү болох Г.Б-тэй гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж мэтгэлцсэн. Гэтэл шүүх 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн итгэмжлэлийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Санхүүгийн зохицуулах хорооноос гаргуулсан баримтаар Ё.С-, Г.Б-, Б.Э- нар нь хамтран амьдардаг нэгдмэл нэг сонирхолтой этгээдүүд болох нь тогтоогдсон. Гэтэл шүүх бие даасан шаардлагын үндэслэлийг анхаараагүй, дүгнэлт өгөхгүйгээр бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн Ё.С- нь Р.М-д үл хөдлөх эд хөрөнгө худалдсан төлбөрийг өгөөгүй бөгөөд энэ нь гуравдагч этгээдийн дансны хуулгаар болон талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Г.Б-д тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авах хэрэгцээ шаардлага байсан. Итгэмжлэл хүчин төгөлдөр бөгөөд тус итгэмжлэлээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, төлбөр хүлээн авах эрх олгогдсон байсан. Төлбөр хүлээн авах эрх олгосон байсан тул Ё.С- рүү төлбөрийг шилжүүлсэн. Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалт нь Г.Б-д худалдахыг хориглосон зохицуулалт биш. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Д.З-, Х.Г- нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээд нар эс зөвшөөрч, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар Р.М- нь Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, хилчин 73 гудамж, *** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220104***, нэгж талбарын 18629310656613 дугаартай, 467 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201042*** дугаартай, 70 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байжээ. Улмаар Р.М- нь Ё.С-д итгэмжлэл олгож Г.Б-тэй дээрх гэрээг байгуулсан байна.

Р.М- нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан Газар худалдах, худалдан авах гэрээ, Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд бие даасан шаардлага гаргахдаа ...Б.Э-аас зээл авч хөрөнгөө барьцаалсан, тэгэхэд Бидний нөхөд ХЗХ-ны нэр дээр гэрээ хийсэн. Энэ төлбөрийн асуудал даамжирсаар Ё.С-д итгэмжлэл олгох болсон. Ё.С- нь итгэмжлэлийн дагуу төлөөлөл хэрэгжүүлэхдээ төлөөлүүлэгчийн эсрэг үйл ажиллагаа явуулж хамтран амьдрагч Б.Э-ын хүүхэд Г.Б-тэй гэрээ байгуулсан... гэх байр суурийг илэрхийлсэн.

 

3.1 Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, тайлбарт дурдсан асуудлыг анхан шатны шүүх дүгнэхдээ Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 9/3068 тоот албан бичиг, түүний хавсралтаар Г.Б-, Б.Э-, Ё.С-, Р.М- нарыг Бидний нөхөд ХЗХ-ны гишүүн болох нь тогтоогдсон, мөн Р.М-аас Ё.С-д олгосон итгэмжлэлийн дагуу төлөөлөгчийг бүрэн эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэх дүгнэлтийг хийжээ.

 

3.2 Зохигчийн мэтгэлцээний байр суурийг дүгнэн авч үзвэл гуравдагч этгээдийн Ё.С-д итгэмжлэл олгох үндэслэл болсон зээлийн гэрээний харилцааг хэнтэй үүсгэсэн эсэх, тухайн гэрээний хэрэгжилтэд дүгнэлт өгөх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Энэ үйл баримттай холбогдуулан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан дээр Р.М-д мөнгө зээлдүүлсэн гэх Б.Э-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахгүй орхисон нь үндэслэлгүй, Р.М-д зээл олгосон гэх Б.Э-, эсхүл Бидний нөхөд ХЗХ-г гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж талуудыг энэ талаар мэтгэлцүүлээгүй.

 

3.3 Түүнчлэн гуравдагч этгээдийг гэрээний харилцаанд төлөөлсөн Ё.С- болон худалдан авагч тал болох Г.Б-, мөн Б.Э- нар нь нэгдмэл сонирхолтой, харилцан хамаарал бүхий этгээд мөн эсэх талаар шүүх зайлшгүй дүгнэх ёстой байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр Ё.С-гээс гэрчийн мэдүүлэг авсан байх боловч шүүхийн зүгээс уг асуудлыг тодруулалгүй орхигдуулсан. Дурдагдаж буй хүмүүсийн харилцан хамаарал бүхий байдлыг тодруулах нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад дүгнэлт хийхэд урьдчилсан нөхцөл болох юм.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаарх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримт тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүхээс зохих дүгнэлтийг өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

 

4. Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

5. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа учраас маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүйг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/02997 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ