Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2024/00016

 

ЗТХЯ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/03173 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/01933 дугаар магадлалтай,

ЗТХЯ-ны нэхэмжлэлтэй

“ММИ” ХХК, “ҮАҮЗ” НҮТББ-д холбогдох

939,444,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ”-ний баталгааны 5 хувь болох 46,972,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч “ММИ” ХХК-ийн төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Б.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагч “ММИ” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Зам, тээврийн хөжглийн яам нь “ҮАҮЗ” НҮТББ, түүний гишүүн “ММИ” ХХК-д холбогдуулан 939,444,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч “ММИ” ХХК нь ЗТХЯ-д холбогдуулан “МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ”-ний баталгааны 5 хувь болох 46,972,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан. Нэхэмжлэгч, хариуцагч нар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/03173 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЗТХЯ нь хариуцагч “ҮАҮЗ” НҮТББ-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “ММИ” ХХК-аас 892,471,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЗТХЯ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 46,972,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан үндэслэлгүй тул ЗТХЯ-аас 46,972,200 төгрөг гаргуулах тухай “ММИ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ММИ” ХХК-аас 4,620,309 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/01933 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/03173 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгч ЗТХЯ нь хариуцагч “ҮАҮЗ” ТББ-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг...” гэснийг “хариуцагч “ҮАҮЗ” НҮТББ-д холбогдуулан гаргасан 939,444,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ЗТХЯ татгалзсаныг” гэж өөрчилж, 2 дахь заалтын “...355 дугаар зүйлийн 355.1...” гэснийг хасаж, 4 дэх заалтын “...56.1...” гэснийг “56.2” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,855,170 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч “ММИ” ХХК-ийн төлөөлөгч Д.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Гэрээний 1, 2 дахь үүрэг биелэгдсэн болох нь хэрэгт авагдсан 2018.11.20-ны 01 дугаартай “Тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын акт”-аар нотлогддог. Уг актаар “...МОН-30 загварын их багтаамжийн 2 ширхэг цахилгаан автобус нь гэрээнд заагдсан техникийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа тул нийлүүлэгч, захиалагч талууд энэхүү актаар хүлээн авав” гэж дүгнэж захиалагч талаас хүлээн авсан байдаг. ...3 дахь үүргийг мөн захиалагч талын өмнө хариуцан гүйцэтгэсэн. ...2018.12.24-ний 02 тоот актын дагуу баталгаат хугацаа 1,6 жил буюу 18 сар байсан бөгөөд 2020 оны 05 дугаар сард баталгаат хугацаа дуусаж, ЗТХЯ-тай байгуулсан 130 тоот гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн байна.

4.1.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа “Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ...939,444,000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ талуудын хооронд байгуулагдсан 2018.06.19-ний 130 дугаартай “МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ”-гээр хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүй, энэ нь гэрээний аль заалтыг зөрчиж байгаа талаар тухайлан үндэслэлээ тодорхойлоогүй. ЗТХЯ нь нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт манай компаниас “З” ОНӨААТҮГ-т гаргаж өгсөн “МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобусны баталгааны Баталгаат хугацаа” гэх баримт бичгийн 1, 2 дахь заалтыг баримтлан энэ үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан. Гэтэл энэ нь гэрээний хэсэг биш харин манай компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд цахилгаан автобусны ашиглалт, техникийн үйлчилгээ, засвар, инженер техникийн ажилтнуудыг сурган дадлагажуулах зорилгоор “З” ОНӨААТҮГ-т гаргаж өгсөн албан хүсэлт бөгөөд 2 талын баримт бичиг огтоос биш юм. Нөгөө талаар ЗТХЯ-тай байгуулагдсан 130 дугаар гэрээний 5 дахь заалтад заагдсан гэрээний нэг хэсэг болсон баримт бичиг биш байдаг.

4.2....Талуудын хооронд байгуулсан гэрээний 18 дугаар зүйл дэх заалтуудад нэхэмжлэлд заасан гэрээг цуцлах үндэслэл тусгагдаагүй учир гэрээг цуцлах үндэслэл байхгүй. Мөн гэрээний 20 дугаар зүйл хамааралтай. Гэхдээ 20 дугаар зүйлд заасны дагуу захиалагч гэрээг цуцлах тохиолдолд нийлүүлэгчид бичгээр мэдэгдэх ёстой. Гэтэл захиалагчаас гэрээг цуцлах талаарх бичгийг нийлүүлэгчид огтхон ч ирүүлж байгаагүй. Түүнчлэн гэрээнд “Захиалагч гэрээг цуцлах шийдвэрийг холбогдох дээд шатны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зөвхөн зайлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гаргана” гэж тусгасан. Гэвч нэхэмжлэгч нь дээд шатны байгууллагаас зохих зөвшөөрлийг аваагүй атлаа гэрээг цуцлах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй болно. Энэхүү гэрээ нь Засгийн газрын 2018 оны 122 тоот тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулагдсан.

4.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч гэж хэн болох талаар тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ЗТХЯ хуульд заасан нэхэмжлэгч биш талаараа удаа дараа илэрхийлж хүсэлт гаргаж нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгчээр өөрчлүүлэх хүсэлтийг гаргасан. Ингэхдээ “З” ОНӨААТҮГ нь жинхэнэ нэхэмжлэгч гэж тодорхойлдог. “З” ОНӨААТҮГ нь Иргэний хуулийн 121.1-д заасны дагуу МОН-30 загварын 2 ширхэг их багтаамжийн цахилгаан автобусны хууль ёсны өмчлөгч тул ЗТХЯ гэрээг цуцлах, нэхэмжлэл гаргах хууль зүйн хувьд эрхгүй юм. Гэтэл шүүх дээрх байдлыг анхаарч үзэлгүй ЗТХЯ-ыг нэхэмжлэгч гэж тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...Мөн ашиглагч байгууллагын буруутай үйлдлээс үүссэн эвдрэл гэмтлийг засварлан цахилгаан автобуснуудыг иргэдийн үйлчилгээнд ажиллуулах талаар албан тоотууд өгч байсан ч шүүхийн маргаантай гэсэн шалтгааныг хэлж өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулахгүй байна. ...Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.08-ны өдрийн 102/ШШ2023/03173 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.06-ны өдрийн 210/МА2023/01933 дугаартай шийдвэрт ЗТХЯ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ.

5.Хариуцагч “ММИ” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1.Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэнд гомдолтой байна. Тодруулбал: ...Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар нэхэмжлэгч ЗТХЯ нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээр энэхүү хуулийн заалтыг баримтлан шүүхэд гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт энэхүү үндэслэлээр шаардлагаа тайлбарлан оролцсон бөгөөд хариуцагч бидний зүгээс энэхүү үндэслэлийг үгүйсгэх замаар мэтгэлцэж, тайлбараа гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь гэрээг цуцлах хуулийн заалтыг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж, давж заалдах шатны шүүх нь гэрээг цуцлах заалтыг хэрэглэхгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шүүхүүд хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж хяналтын журмаар гаргах гомдолд хамаарахаар байгаа болно.

...Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн дуусгахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж тодорхой хуульчилсан бөгөөд хариуцагч “ММИ” ХХК-аас гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн учир гэрээг цуцлахыг шаардах эрх захиалагчид байхгүй. ...Талуудын хооронд байгуулсан гэрээний 18 дугаар зүйл дэх заалтуудад нэхэмжлэлд заасан гэрээг цуцлах үндэслэл тусгагдаагүй учир гэрээг цуцлах үндэслэл байхгүй. Мөн гэрээний 20 дугаар зүйлд заасны дагуу захиалагч гэрээг цуцлах тохиолдолд нийлүүлэгчид бичгээр мэдэгдэх ёстой. Гэтэл захиалагчаас гэрээг цуцлах талаарх бичгийг нийлүүлэгчид огтхон ч ирүүлж байгаагүй. Түүнчлэн гэрээнд “Захиалагч гэрээг цуцлах шийдвэрийг холбогдох дээд шатны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зөвхөн зайлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гаргана” гэж тусгасан. Гэвч нэхэмжлэгч нь дээд шатны байгууллагаас зохих зөвшөөрлийг аваагүй атлаа гэрээг цуцлах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй болно.

...Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд шийдвэр гаргах ёстой. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрчлөх эрх нь зөвхөн нэхэмжлэгчид байдаг бөгөөд хэрэв өөрчилсөн тохиолдолд хариуцагчид албан ёсоор уг өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг гардуулж түүнтэй холбоотой тайлбар гаргах, татгалзал түүнийг нотлох баримтаа цуглуулах боломжийг шүүхээс олгодог. Гэтэл уг хэргийг шүүх шийдвэрлэхдээ өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчээс өөрөөр тодорхойлж, уг тодорхойлсныхоо дагуу шийдвэр гаргаж, ингэхдээ шүүхүүд өөр өөрөөр шийдвэрлэж байгаад маш их гомдолтой байна.

5.1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг зөв тодорхойлж чадаагүй ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Гэрээний зүйл болох МОН-30 загварын 2 ширхэг цахилгаан автобусыг НЗД-ын захирамжийн дагуу “З” ОНӨААТҮГ нь өмчлөгч болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ЗТХЯ эсхүл “З” ОНӨААТҮГ аль нь болох талаар маргаан үүссэн байдаг. ЗТХЯ нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч МОН-30 загварын 2 ширхэг цахилгаан автобусны өмчлөгч “З” ОНӨААТҮГ-ыг жинхэнэ нэхэмжлэгчээр солиулах хүсэлтийг удаа дараа гаргадаг. “З” ОНӨААТҮГ нь шүүхэд нэхэмжлэл гаргахгүй талаараа гэрээний оролцогч биш гэх байдлаар татгалздаг. ...Шүүх уг дүгнэлтдээ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэгчээр оролцохыг зөвшөөрөөгүй гэсэн үндэслэлээр л татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг гаргасан. Нэхэмжлэгч гэж хэн байх, нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь хэн нэгний татгалзлаар шийдвэрлэгддэг асуудал огтоос биш. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т тодорхой заасан.

5.2.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж гэрээний талуудын чөлөөт байдлыг хуульчилсан. Гэтэл энэхүү хуулийн заалтыг болон талуудын хооронд байгуулсан гэрээний заалтыг шүүх зөрчиж “...гэрээний оролцогч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрээнээс татгалзах эрхийг бие даан хэрэгжүүлэх эрхтэй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.08-ны өдрийн 102/ШШ2023/03173 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.06-ны өдрийн 210/МА2023/01933 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч “ММИ” ХХК-ийн төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.01.04-ний өдрийн 001/ШХТ2024/00047 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

7.Хяналтын журмаар гаргасан хариуцагч “ММИ” ХХК-ийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг агуулгын хувьд хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

8.Нэхэмжлэгч ЗТХЯ нь хариуцагч “ММИ” ХХК, “ҮАҮЗ” НҮТББ-д тус тус холбогдуулан 939,444,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч “ММИ” ХХК нь гэрээний үүрэгт 46,972,200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч “ҮАҮЗ” НҮТББ-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, “З” ОНӨААТҮГ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, нэхэмжлэлийг дэмжсэн агуулга бүхий тайлбар гаргасан байна.

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “...МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээний дагуу баталгаат хугацаа уг автобус үйлчилгээнд явж эхэлснээс хойш 18 сар байхаар заасан боловч энэ хугацаа дуусаагүй байхад 102 дугаартай автобус нь цахилгаан мотор эвдэрсэн гэх шалтгаанаар ашиглах боломжгүй болж зогссон, 103 дугаартай автобус нь нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа боловч байнга эвдэрч гэмтэн чанарын шаардлага хангахгүй байна. Иймд “ММИ” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 939,444,000 төгрөгийг буцаан гаргуулна...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч “ММИ” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ЗТХЯ болон нийслэлийн засаг захиргааны байгууллагуудаас 4 удаа туршин баталгаажуулж, гэрээний биелэлтийг дүгнэн, техник ашиглалт, аюулгүй ажиллагааг хангасан МОН-30 загварын том оврын 2 ширхэг цахилгаан автобусыг “З” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нь уг автобусны өмчлөгч биш тул нэхэмжлэл гаргах эрхгүй, гэрээний баталгаат хугацаа нь 2020 оны 05 дугаар сарын 24-нд дууссан бөгөөд энэ хугацаанд тус компани нь гэрээний үүргээ биелүүлж туршилт судалгаа, баталгаат засварын ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж мэтгэлцжээ.

“ММИ” ХХК баталгаат хугацааны 5% болох 46,972,200 төгрөгийг ЗТХЯ-наас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасанд нэхэмжлэгч маргаж, гэрээг цуцалж байгаа учир сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргасан.

9.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЗТХЯ нь хариуцагч “ҮАҮЗ” НҮТББ-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “ММИ” ХХК-аас 892,471,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЗТХЯ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 46,972,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ЗТХЯ-наас 46,972,200 төгрөг гаргуулах тухай “ММИ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

10.Давж заалдах шатны шүүх найруулгын болон хууль хэрэглээний шинжтэй өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгч ЗТХЯ нь хариуцагч “ҮАҮЗ” НҮТББ-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг...” гэснийг “хариуцагч “ҮАҮЗ” НҮТББ-д холбогдуулан гаргасан 939,444,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ЗТХЯ татгалзсаныг” гэж, 2 дахь заалтын “...355 дугаар зүйлийн 355.1...” гэснийг хасаж, 4 дэх заалтын “...56.1...” гэснийг “56.2” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

11.Хариуцагч “ММИ” ХХК-ийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын шатны шүүхийн бүрэн эрхэд шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэл хамаардаг учир маргааны үйл баримтыг тогтоогоогүйгээс гадна маргааны ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус тохиолдолд хуулийг хэрэглэх нөхцөл бүрдэхгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хоорондох эрх зүйн харилцаа, талуудын эрх үүргийн талаар бодит бус дүгнэлт хийх, маргааны ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулж, мэтгэлцээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдсан гэж үзэхгүй.

12.ЗТХЯ болон “ҮАҮЗ” НҮТББ, түүний гишүүн болох “ММИ” ХХК-ийн хооронд 2018.06.19-ний өдөр МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч “ММИ” ХХК нь шинэ технологи, инноваци, туршилт судалгааны зориулалттай 2 ширхэг МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобусыг 2018.08.30-ны өдрийн дотор нийлүүлэх, захиалагч ЗТХЯ нь 939,444,000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн байх ба талууд автобус нийлүүлэх хугацааг 2018.09.30-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан байна.

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 892,471,800 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, мөн хариуцагч 2 цахилгаан автобусыг 2018.11.20-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, тодорхой хугацаанд ашиглалтад байж байгаад “ММИ” ХХК нь 2 ширхэг цахилгаан автобусыг засвар үйлчилгээ хийх зорилгоор 2020.06.10-ны өдөр хүлээн авч одоог хүртэл эзэмшилд нь байх ба талуудын хооронд гэрээний зүйл болох автобус доголдолтой эсэх, гэрээнээс татгалзах үндэслэл бий болсон эсэх асуудал маргааны зүйл болжээ.

13.Хэрэгт байгаа баримтаас үзвэл, хоёр шатны шүүх нийтийн ашиг сонирхлын хүрээнд гэрээ байгуулах болсон үндэслэл, улмаар уг гэрээг цуцлах болсон нөхцөл шалтгааныг анхаараагүй нь алдаатай болсон, уг үйл баримт хангалттай тогтоогдоогүй гэж үзнэ.

13.1.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан. Гэрээнээс татгалзахын тулд гэрээний нөгөө тал нь үүргээ ноцтой зөрчсөн байх, гэрээг цуцлах талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн байх явдал шаардах эрхийн урьдчилсан нөхцөл болно.

Гэрээний дагуу нийлүүлсэн 103 дугаартай автобус нь нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдах үед байнгын эвдрэл, гэмтэл гарч засварлагддаг, нийтдээ 23 удаагийн засвар, үйлчилгээ хийсэн, 102 дугаартай автобусыг 10 удаа засварласан, улмаар цахилгаан мотор эвдэрсэн шалтгаанаар ашиглах боломжгүй болж зогссон гэж нэхэмжлэгчийн зүгээс доголдлыг тодорхойлсон ба эдгээр гэмтэл нь үйлдвэрлэлийн доголдол эсвэл ашиглалтын буруугаас үүссэн гэмтэл эсэхийг шүүх тухайлан дүгнээгүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд доголдлыг тодорхойлох боломжгүй байна.

Хоёр шатны шүүх “...хариуцагч нь автобусны эвдрэл, гэмтлийг засварлаж хэвийн ажиллагааг хангасан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй, мөн доголдлыг ашиглагч байгууллагын буруутай үйлдлээс шалтгаалсан болохыг нотлоогүй” гэж дүгнэсэн байх боловч зохигч нь доголдлын шалтгаан нөхцөлийн талаар хангалттай мэтгэлцэж, үйл баримт тодорхой болоогүй учир уг дүгнэлтийг зөвтгөх боломжгүй байв.

13.2.Түүнчлэн хариуцагч нь захиалагч гэрээ цуцлах шийдвэрийг холбогдох дээд шатны байгууллага болох МУЗГ-ын зөвшөөрлөөр зөвхөн зайлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гаргах ёстой гэж маргасан ба энэ асуудлыг тодруулах шаардлагатай байсан гэж үзнэ. Учир нь МУЗГ-ын 2018.05.02-ны өдрийн 122 дугаар тогтоолд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 2 цахилгаан автобусыг 939,444,000 төгрөгийг ЗТХЯ-наас гаргуулж авахыг зөвшөөрч, үүний үндсэн дээр талуудын хооронд 2018.06.19-ний өдөр МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ байгуулагдсан. Гэрээний зорилгын хүрээнд, уг гэрээний 20 дугаар зүйлийн 20.1-д “Захиалагч шаардлагатай тохиолдолд нийлүүлэгчид бичгээр мэдэгдэж гэрээг хэдийд ч бүхэлд нь эсхүл хэсэгчлэн цуцлах эрхтэй.1” (1Захиалагч гэрээг цуцлах шийдвэрийг холбогдох дээд шатны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зөвхөн зайлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гаргана) гэж тодорхойлсны дагуу шүүх МУЗГ-ын байр суурийг тодруулах нь ач холбогдолтой байжээ.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/03173 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/01933 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “ММИ” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 4,855,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

           ШҮҮГЧИД                                                             Н.БАТЧИМЭГ

                                                                                             Н.БАЯРМАА

                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                             Д.ЦОЛМОН