Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/01380

 
 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ... байранд байрлах, З.Т.Х.Я /РД: .../-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... байранд байрлах, ... ХХК РД: .../-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... гудамж, ... байранд байрлах, ЗТ-3 ОНӨААТҮГ /РД: .../,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 939,444,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Хариуцагчийн төлөөлөгч Д.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.Т.Х.Я-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу З.Т.Х.Я нь ҮАҮЗ ТББ, хариуцагч ... ХХК-иудтай 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 130 дугаартай Мон-3О загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ-г байгуулан, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр З.Т.Х.Я-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Мон-3О загварын 2 ширхэг цахилгаан автобусыг хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарыг хүртэлх хугацаанд 3 удаагийн туршилтын ажлыг хийж гүйцэтгэн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газарт хүлээлгэн өгсөн. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас Мон-30 загварын 2 ширхэг цахилгаан автобусыг ЗТ-3 ОНӨААТҮГ-т 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн. Тус автобусыг хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас томилогдсон авто тээврийн улсын байцаагч болон ЗТ-3 ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтнууд үзлэг, шалгалтыг явуулж 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ... ХХК руу 10 төрлийн хийцийн алдааг засаж сайжруулах албан бичгийг хүргүүлсэн. Апбан бичгийн дагуу ... ХХК-аас 2 автобусанд шаардлагатай засвар үйлчилгээг хийж 2019 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр ЗТ-3 ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгч тус үйлчилгээний газраас үзлэг шалгалт хийн цахилгаан автобусыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэлсэн. Мон-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ-ний дагуу баталгаат хугацаа нь уг 2 автобус үйлчилгээнд явж эхэлснээс хойш 18 сар байхаар заасан байх боловч баталгаат засварын хугацаа дуусаагүй байхад ашиглалтын явцад байнгын эвдрэл, гэмтэл гарч, эвдрэл, гэмтэл гарсан тохиолдол бүрт нийлүүлэгч байгууллагад мэдэгдэн засаж, сайжруулалтыг хийлгэдэг гэх боловч дээрх эвдрэл, гэмтлүүд үргэлжлэн гарсаар байгаа бөгөөд Мон-30 загварын 102 дугаартай автобус нь цахилгаан мотор эвдэрсэн гэх шалтгаанаар ашиглах боломжгүй болж зогссон, 103 дугаартай автобус нь нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа боловч байнгын эвдрэл, гэмтэл гарч засварлагддаг цагийн алдагдалтай явж байгаад цахилгааны гэмтэл гарсан, эдгээр 2 автобусыг хариуцагч ... ХХК дээрх гэмтлүүдийг засварлахаар авч яваад буцааж өгөөгүй ба нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглахад чанарын шаардлага хангахгүй байгаа талаарх тооцоо судалгааг эзэмшигч ЗТ-3 ОНӨААТҮГ-аас гаргасан байна.

 

Иймд Мон-30 загварын их багтаамжийн цахилгаан автобусны баталгааны Баталгаат хугацааны 1-д Тус баталгаа нь тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж эхэлсэн хугацаанаас эхэлнэ, мөн 2-т Баталгаат хугацаанд үл хамаарах зүйлсийг оруулахгүйгээр бүтээгдэхүүний үндсэн баталгаат хугацаа нь 18 сар байна гэж заасны дагуу баталгаат хугацаанд үйлдвэрлэгчээс шалтгаалсан эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу ҮАҮЗ ТББ-ын гишүүн байгууллага ... ХХК-аас төрд учруулсан хохирол болох 939,444,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.

 

Нэмээд хэлэхэд тус гэрээний цахилгаан автобусын баталгаат хугацаан дээр эрчим хүчний үндсэн эх үүсвэр болох 180 к/в багтаамжтай батарейны ашиглалтад 3 жилийн баталгаа өгнө гээд өөрсдөө хугацааг заасан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа 102 дугаартай цахилгаан автобусны батарей нь ор тас байхгүй. Хариуцагчийн төлөөлөгчөөс ... манайх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргаж байна. Гэхдээ хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзээд байгаа бол ЗТ-3 ОНӨААТҮГ-аас 2 автобусыг яагаад аваад явсан юм, тухайн автобуснуудыг авахгүйгээр манайх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж хэлээд засвар үйлчилгээгээ хийхгүй байхгүй яасан юм, 2 цахилгаан автобусыг засварлахаар авч явж буй хариуцагчийн үйлдэл нь гэрээнд заасан баталгаат хугацаандаа засвар үйлчилгээ хийх үүргээ ухамсарласан үйлдэл. Хэргийн материалд ... ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад бараа материал ирэхгүй байгаа учраас хугацаа олгож өгнө үү, зарим нэгэн сэлбэг хэрэгслийг Хятад улс руу захиалсан боловч ирэхгүй байна гэх хариуцагчийн албан бичгүүд авагдсан. Эдгээр баримтууд юу хэлээд байна гэхээр ... ХХК нь гэрээнд заасан доголдолгүй эд хөрөнгө нийлүүлэх үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд өөрсдөө тэр засварын ажлыг хийж байгаа үйлдэл юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тухайн 2 автобусны өмчлөгч, эзэмшигчийн үүргийг хүлээж байгаа ЗТ-3 ОНӨААТҮГ-т дээрх 2 автобус одоо бодитоороо байхгүй, үйлчилгээнд яваагүй. Нийлүүлэгч компанийн маань эзэмшилд автобуснууд байгаад байхад гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх ямар ч үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүрэгт 892,471,800 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, 5 хувь буюу 46,972,200 төгрөгийг шилжүүлээгүй гэв.

 

2. Хариуцагч ... ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн төлөөлөгч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартЗ.Т.Х.Я-наас ... ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж үзээд уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй, ашиглалтын зардал багатай цахилгаан автобусны угсралт үйлдвэрлэлийн үндэсний технологи бий болгох, угсралт үйлдвэрлэлийг зохион байгуулж, турших, баталгаажуулах, нэвтрүүлэх зорилгоор 2018 оны 05 дугаар сард Засгийн газрын 122 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор З.Т.Х.Я, ҮАҮЗ ТББ-аас тавьсан саналын дагуу Мон-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус угсарч үйлдвэрлэх технологийн судалгаа хийж, уг туршилтын төслийн гүйцэтгэгч компаниар ажиллахаар тохиролцон З.Т.Х.Я-тай 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Мон-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэхтуршилт хийх гэрээг манай компани байгуулан ажилласан. Монгол улсад JЕА-800 загварын троллейбус, дуобус, монбус угсарч үйлдвэрлэж байсан мэдлэг, чадвар, туршлага дээрээ үндэслэн МОН-ЗО загварын цахилгаан автобусны угсралт үйлдвэрлэлийн үндэсний технологи бий болгох инновацийн энэхүү төслийг MNS 6728:2018 стандартын хүрээнд амжилттай зохион байгуулсан. Манай компанийн инженер, техникийн ажилтнуудын нөр их хөдөлмөр, хүчин чармайлтын үр дүнд богино хугацаанд угсарч үйлдвэрлэсэн Мон-30 загварын том оврын 2 ширхэг автобус нь 2019 оны 02 дугаар сард З.Т.Х.Я-ны харьяа Авто тээврийн үндэсний төвийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны хяналт, шалгалтаар орж нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулж болно гэсэн дүгнэлт гарсан. Мөн З.Т.Х.Я-ны Төрийн нарын бичгийн даргын 2018 оны 317 тоот тушаалаар Мон-30 загварын их багтаамжийн автобуснууд дээр туршилт, баталгаажуулалт судалгааны ажил хийх, хүлээн авах техникийн комиссын бүрэлдэхүүнийг баталсан. Энэ ажлын хүрээнд З.Т.Х.Я-ны Авто тээврийн бодлого зохицуулах газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр туршилт, баталгаажуулалт судалгаа хийх ажлын төлөвлөгөө батлагдсан. Мон-30 том оврын цахилгаан автобусны туршилт судалгаа хийх төлөвлөгөөний дагуу техникийн комисс өвөл, хаврын саруудад 3 удаа туршилт хийж техникийн комиссын актаар баталгаажуулсан. З.Т.Х.Я-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 312 дугаар тушаалаар дахин байгуулагдсан ажлын хэсэг нь Мон-30 загварын 2 ширхэг том оврын цахилгаан автобусны техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг хянан баталгаажуулсан, туршилт хийсэн актыг үйлдэж 2 ширхэг цахилгаан автобусыг хүлээлгэж өгөх тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 07/6055 тоот албан бичгийг Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газарт хүргүүлсний дагуу тус газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/68 дугаартай тушаалаар батлагдсан 11 хүний бүрэлдэхүүнтэй техникийн комисс нь цахилгаан автобуснуудын туршилт баталгаажуулалтыг дахин хийж, техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааны хяналт шалгалтыг Авто тээврийн хэрэгслийн техник хяналтын үзлэгийн төв дээр зохион байгуулж ЗТ-3 ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгч, 2019 оны 12 дугаар сараас нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулсан. З.Т.Х.Я болон нийслэлийн засаг захиргааны байгууллагуудаас 4 удаа туршин баталгаажуулж, техник ашиглалт, аюулгүй ажиллагааг ханган, гэрээний биелэлтийг дүгнэн баталгаажуулж ЗТ-3 ОНӨААТҮГ-д хүлээлгэн өгсөн. Манай компанийн зүгээс 2 ширхэг цахилгаан автобусны туршилт, баталгаажуулалт хийх энэхүү төслийн хүрээнд 100,000 километр буюу 2 жилийн засвар, үйлчилгээний баталгаат хугацааг ЗТ-3 ОНӨААТҮГ-д өгсөн бөгөөд энэ хугацаанд үйлдвэрлэгчээс хамааралтай техникийн үйлчилгээ, засварыг хийж ирсэн. Автобус нь баталгаат засварын хугацаанд 102 дугаартай автобус 11,328 км, 103 дугаартай автобус 34,512 км-ийн зам туулж нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа бөгөөд ашиглалтын болон ашиглалтын бус шалтгааны улмаас үүссэн эвдрэл гэмтлүүдийг тухай бүр нь засварлаж, хамтарсан техникийн комиссын актаар баталгаажуулж ирсэн.

 

З.Т.Х.Я-ны гаргасан гэрээг цуцлах иргэний нэхэмжлэлд дараах тайлбар өгч байна. Үүнд: нэхэмжлэлд үйлдвэрлэгчээс шалтгаалсан эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах үүргээ биелүүлээгүй тул гэрээ цуцлах хүсэлт гаргасан гэжээ. 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдөр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үйлчилж, баталгаат засварын ажлыг манай компани хариуцан ажиллаж байгаа ба гэрээний үүрэг ноцтой зөрчигдсөн гэж үзэхгүй байна. Гэрээний хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж эхэлсэн цахилгаан автобусны баталгаат засвар үргэлжилж буй энэ хугацаанд ЗТ-3 ОНӨААТҮГ-ын зүгээс үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй цахилгаан автобусны удирдлагын болон хүчний цахилгаан хэлхээнд нэвтрэх нэмэлт төхөөрөмж залгах, ингэснээр цахилгаан автобусны гүйдлийн /ампер-ийн/ нэгдсэн тохиргоо, баланс бүхий цахилгаан хэлхээний програмчлал дээр саатал үүсгэх, гаднын нөлөөтэй цахилгааны богино холболт үүсгэх, удирдлагын программ хангамжийг гэмтээх зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргаж байсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 Дараах тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана:, мөн 255.1.3-т тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн гэх заалт байгаа бөгөөд үйлдвэрлэгчээс өгсөн цахилгаан автобусны техник ашиглалтын зааварт болон ... ХХК-ны баталгааны албан баримтын И заалтад цахилгаан автобусны цахилгаан системийг зөвшөөрөлгүй, дураараа оролдож, өөрчлөхийг хатуу хориглох болон цахилгаан утасны стандарт, маркийг өөрчилж тохирохгүй утас хэрэглэснээс үүдэн гарсан эвдрэл дотор хэрэглэгчийн үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгсөн. Нэхэмжлэлд дурдсанаар гэрээ цуцлах үндэслэл болгож буй Үйлдвэрлэгчээс шалтгаалсан эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах үүргээ биелүүлээгүй тул гэх заалт нь үндэслэлгүй гэдэг нь техникийн комиссийн акт, баримт бичгээр батлагдаж байна. Мөн Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 01 дүгээр сараас эхлэн хөрш орнуудын хил хаагдаж, Хятад улсын сэлбэг, эд анги нийлүүлсэн компанийн инженерүүд Монгол улсад ирж, баталгаат засварын ажлыг манай компанийн инженер техникийн ажилтнуудтай хамтран шуурхай зохион байгуулах, шаардлагатай сэлбэг, эд ангиудыг тээвэрлэн авч ирэхэд хүндрэл бэрхшээлтэй байгаа бөгөөд гэрээний ерөнхий нөхцлийн 22 дугаар зүйлд Гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдал, мөн 22.1-д Дайн, иргэний бослого, түймэр, үер, халдварт өвчин, газар хөдлөлт, хорио цээр, тээврийн хориг болон бусад гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдал үүссэнээс захиалагч, эсхүл нийлүүлэгч, эсхүл туслан гүйцэтгэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэл хугацаа хоцорсон бол ГЕН-ийн 16 дугаар зүйлийн дагуу түүнийг гүйцэтгэх хугацааг сунганаГЕН-ийн 16 дугаар зүйлд Хуваарийг сунгах, мөн 16.2.6-д захиалагчаас гаргаж өгөх материал, зураг, эсхүл үйлчилгээ хугацаа хоцорсон, /үйлчилгээ гэдэгт гэрээний дагуу захиалагчийн гаргах зөвшөөрөл, баталгаа орно/, мөн 16.2.в-д ГЕН-ийн 22 дугаар зүйлд заасан /гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдал үүсвэл/ - гэсэн давагдашгүй хүчин зүйл гэж заасан нөхцөл үүсээд байгаа хэдий ч цахилгаан автобуснуудын өндөр хүчдэлийн цахилгаан хэлхээ, удирдлагын хэлхээний гэмтлээ оношлох VCU001-Z8К2 маркийн Can block программ хангамж шинэчлэх, өндөр болон удирдлагын хэлхээний Can block солих, хэлхээний гэмтэлтэй эд ангиудыг солих нэгдсэн программ хангамжийг Install хийх ажлуудыг зохион байгуулж байна. Хариуцагчийн зүгээс дээрх бичгийн хариу тайлбараа дэмжиж байгаа. Хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу доголдолгүй 2 ширхэг цахилгаан автобусаа нийлүүлсэн гэж үзэж байна. Манайх гэрээний ажлууд тусдаа, гэрээнээс гадна эвдрэл, гэмтлийн асуудал тусдаа гэж үзэж байгаа. Яагаад гэвэл ашиглагч байгууллага дээр үүссэн асуудал тусдаа байх ёстой. Эвдрэл ашиглалтаас болсон байгаа учраас гэрээний үүрэгтэй холбоогүй юм. Нийт 4 удаа өвөл зуны гэсэн туршилтыг хийж баталгаажуулаад болж байна гээд хүлээлгэж өгсөн. Баталгаат хугацаа дууссан хэдий ч бид нар баталгаат засвараа хийе гээд албан бичиг өгсөн. Үүнийг бид хаяад хариуцлагаас зугтаасан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүрэгт 892,471,800 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, 5 хувь буюу 46,972,200 төгрөгийг шилжүүлээгүй гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЗТ-3 ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бид энэ автобуснуудыг хүлээн авч нийтийн тээвэр үйлчилгээнд явуулах ёстой. Нийтийн тээврийн байгууллагад 2019-2020 онд хийгдсэн томоохон ажлуудын маань нэг нь энэ 2 автобустай холбоотой ажил байгаа юм. Гэтэл энэ 2 автобус маань шинэ автобусын норм даалгавар, дээд газраас өгсөн цагийн нормд хүрч ажиллах шаардлагыг хангадаггүй, 35 градусын налуу замыг туулах чадваргүй, дүүрэн хүнтэй үед үйлчилгээнд явах боломжгүй. Эвдрэл гэмтэл байнга гардаг нөхцөл байдлуудыг урьд нь дурдаж байсан. Мөн одоо хариуцагчийн тайлбарласнаар завсар үйлчилгээ хийж байгаа гэж хэлдэг боловч хийгээгүй. Одоогийн байдлаар манай дээр данс тооцоонд байгаа боловч энэ 2 цахилгаан автобусыг засвар үйлчилгээ хийж өгнө гэж хэлээд авч явсан. Одоо болтол манай байгууллагад хүлээлгэж өгөөгүй, хоёулаа ... ХХК-д байгаа. Тоо нь манай байгууллага дээр байгаа боловч үйлчилгээнд гаргах байтугай манайд бодитоороо ч энэ 2 автобус байхгүй. Граж дугаар 102 буюу 35-... ... улсын дугаартай цахилгаан автобусны мотор 2020 оны 10 сарын 04-нд шатсан тул үйлчилгээнд явах боломжгүй гражид зогсож байгаад 2021 оны 03 дугаар сард хариуцагч ... ХХК авч явсан. Харин граж дугаар 103 буюу 35-... ... улсын дугаартай цахилгаан автобус 2020 оны 01 дүгээр сард цахилгааны гэмтэл гарсан тул 2021 оны 06 дугаар сард мөн компани засварлахаар авч яваад одоо болтол өгөөгүй. Хавтаст хэргийн 14-17 хуудсанд хариуцагчийн хариу тайлбар авагдсан байна. Үүнд, горимыг өөрчилсөн, техникийн ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан эвдэрсэн гэдгийг манайх хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл аливаа юм баталгаат хугацаатай байдаг, ямар нэгэн эд хөрөнгийн баталгаат хугацаан дээр нийлүүлэгч буюу үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүйгээр аливаа дур мэдсэн холболтуудыг манайх огт хийдэггүй. ... ХХК-тай ямар асуудал үүссэн бэ гэхээр, смарт картын төхөөрөмж буюу зоригчийн карт уншдаг төхөөрөмжийг автобусанд суулгадаг, суулгах гэхэд төхөөрөмжийг холбох тэжээлийн утас алга байна, ямар үүсвэрээс холбох вэ гэдэг асуудлыг тавьж тус компанийн инженер ажилчдыг байлгаж байгаад манай смартын ажилчдыг байлцуулж байгаад тухайн төхөөрөмжийг холбосон. Үүнээс өөрөөр янз бүрийн зүйл хийгээгүй. Тэгээд үүнийг манайхыг буруу холболт хийсэн гэж тайлбарласан байна. Мөн цэнэглэгчийн асуудал хариуцагч ярьж байна. Хариуцагч компанийн өөрсдөө цэнэглэгчийг 2 сарын хугацаатай суурилуулж өгсөн, зааврынх нь дагуу аюулгүй ажиллагааны дүрэм, журмын дагуу цэнэглэдэг байсан. Гэтэл батарей муудсан гэдэг асуудал үүсч байсан. Ийм асуудлыг тухайн үед ч хэлж байсан, дор дор нь янзаллаа гэдэг байсан боловч дүүрэн цэнэглэсэн автобус бүтэн өдөр явж чадахгүй, 2 тойроод л эвдрээд ирдэг. Үндсэндээ явсан замынх нь ихэнх нь туршилт, тандалтын километр байгаа, шугамд явсан километр тун бага гэв.

 

4. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь бичгийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн. Үүнд, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 122 дугаар тогтоол, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх 130 дугаар гэрээ, 2 ширхэг их багтаамжийн цахилгаан автобус угсарч үйлдвэрлэх гүйцэтгэлийн хуваар, МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобусын техникийн тодорхойлолтууд, фото зураг, цахилгаан автобус цэнэглэх төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, цахилгаан автобусны баталгаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг авсан тухай мэдэгдэл, Барааны тэмдгийн мэдүүлэг хүлээн авсан мэдэгдэл, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 171 дугаартай нэмэлт гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын 01 дүгээр акт, МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх 130, 171 дүгээр гэрээг дүгнэсэн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар акт, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Авто тээврийн хэрэгслийн техникийн байдлын 0001 дүгээр дүгнэлт, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр автобусыг турших тухай замналын нэгдсэн зураглал, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн туршилт баталгаажуулалтын протокол, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн туршилт баталгаажуулалтын протокол, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн туршилт баталгаажуулалтын протокол, З.Т.Х.Я-ны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 07/6055 дугаар албан бичиг, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн комиссын 01 дүгээр акт, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн комиссын акт, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/74 дүгээр тушаал, хавсралт, Авто тээврийн хэрэгслийн 001, 002 дугаартай паспорт, ЗТ-3 ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/59 дүгээр тушаал, хавсралт, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ... ХХК-ийн гүйцэтгэх захирлын баталсан Мон-30 загварын их багтаамжийн цахилгаан автобусны баталгаа, Техникийн комиссын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19/16 дугаар акт, Техникийн комиссын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар акт, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Видио зааварчилгааны дагуу батарей засварлах гэрээ, ... ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21/05, мөн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 20/24, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 20/57, 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 20/103, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 21/30 тоот албан бичгүүд, Голомт банк ХХК-ийн гадаад төлбөрийн даалгавар, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ... ХХК-д ... ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэх, Тээврийн хэрэгслийн баталгаат засварын үйлчилгээний бүртгэл, Нийслэлийн засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/1310 дугаар Тээврийн хэрэгсэл бүртгэх авах тухай захирамж, хавсралт, ЗТ-3 ОНӨААТҮГ-ын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Үндсэн хөрөнгийн орлогын 00000001 дүгээр баримт зэрэг нотлох баримтуудыг гарган өгчээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.Т.Х.Я нь хариуцагч ... ХХК холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 939,444,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд, цахилгаан автобусыг ЗТ-3 ОНӨААТҮГазарт хүлээлгэн өгсөн, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэлсэн. Гэрээнд заасны дагуу баталгаат хугацаа нь автобусыг үйлчилгээнд явуулж эхэлснээс хойш 18 сар байхаар тохиролцсон боловч энэ хугацаа дуусаагүй байхад байнгын эвдрэл, гэмтэл гарч, тухай бүр хариуцагч байгууллагад мэдэгдэж, засан сайжруулалт хийдэг боловч эвдрэл, гэмтэл үргэлжлэн гарсаар байгаа бөгөөд Мон-30 загварын 102 дугаартай автобус нь мотор эвдэрсэн гэх шалтгаанаар ашиглах боломжгүй болж зогссон, 103 дугаартай автобус нь цахилгааны гэмтлийн улмаас зогссон, цагийн алдагдалтай байгаал тул гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 2 ширхэг цахилгаан автобусны үнэд төлсөн төлбөрөө буцаан шаардаж байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Мон-30 загварын том оврын 2 ширхэг автобус нь 2019 оны 02 дугаар сард З.Т.Х.Я-ны харьяа Авто тээврийн үндэсний төвийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны хяналт, шалгалтаар орж нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулж болно гэсэн дүгнэлт гарсан. Мөн З.Т.Х.Я-ны Авто тээврийн бодлого зохицуулах газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр туршилт, баталгаажуулалт судалгаа хийх ажлын төлөвлөгөө батлагдсаны дагуу техникийн комисс өвөл, хаврын саруудад 3 удаа туршилт хийж техникийн комиссын актаар баталгаажуулсан, техник ашиглалт, аюулгүй ажиллагааг хангасан 2 ширхэг цахилгаан автобусыг гэрээний биелэлтийг дүгнэн баталгаажуулж ЗТ-3 ОНӨААТҮГ-д хүлээлгэн өгсөн. Манай компанийн зүгээс 2 ширхэг цахилгаан автобусны туршилт, баталгаажуулалт хийх энэхүү төслийн хүрээнд 100,000 км буюу 2 жилийн засвар, үйлчилгээний баталгаат хугацааг ЗТ-3 ОНӨААТҮГ-д өгсөн бөгөөд энэ хугацаанд үйлдвэрлэгчээс хамааралтай техникийн үйлчилгээ, засварыг хийж ирсэн. ЗТ-3 ОНӨААТҮГ-ын зүгээс үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй цахилгаан автобусны удирдлагын болон хүчний цахилгаан хэлхээнд нэвтрэх нэмэлт төхөөрөмж залгах, ингэснээр цахилгаан автобусны гүйдлийн /ампер-ийн/ нэгдсэн тохиргоо, баланс бүхий цахилгаан хэлхээний програмчлал дээр саатал үүсгэх, гадны нөлөөтэй цахилгааны богино холболт үүсгэх, удирдлагын программ хангамжийг гэмтээх зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргаж байсан. Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 01 дүгээр сараас эхлэн хөрш орнуудын хил хязгаар хаагдаж, БНХАУ-ын сэлбэг, эд анги нийлүүлсэн компанийн инженерүүд Монгол улсад ирж, баталгаат засварын ажлыг манай компанийн инженер техникийн ажилтнуудтай хамтран шуурхай зохион байгуулах, шаардлагатай сэлбэг, эд ангиудыг тээвэрлэн авч ирэхэд хүндрэл бэрхшээлтэй байгаа бөгөөд гэрээнд заасан давагдашгүй хүчний нөхцөл байдал үүссэнээс захиалагч, эсхүл нийлүүлэгч, эсхүл туслан гүйцэтгэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэл хугацаа хоцорсон гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Нэхэмжлэгч З.Т.Х.Я, хариуцагч ... ХХК-ийн хооронд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 130 тоот Мон-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээгээр захиалагч нь барааны үнэ 939,444,000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэх үүргийг, нийлүүлэгч нь 2 ширхэг Мон-30 загварын их багтаамжийн цахилгаан автобусыг 2018 оны 07 дугаар сарын 09-нөөс 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор үйлдвэрлэж, угсарч нийлүүлэх үүргийг хариуцагч ... ХХК хүлээхээр тохиролцсоноос үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 343.2-д Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна, нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

6. Зохигчид гэрээнд заасан Мон-30 загварын 2 ширхэг цахилгаан автобусыг хүлээлгэж өгсөн, хүлээн авсан талаар, граж дугаар 102 буюу 35-... ... улсын дугаартай цахилгаан автобусны мотор 2020 оны 10 сарын 04-нд шатсаны улмаас 2021 оны 03 дугаар сард хариуцагч ... ХХК-д хүргэж өгсөн, граж дугаар 103 буюу 35-... ... улсын дугаартай цахилгаан автобус 2020 оны 01 дүгээр сард цахилгааны гэмтэж 2021 оны 06 дугаар сард засварлуулахаар хүргэж өгсөн, одоо 2 цахилгаан автобус хариуцагч ... ХХК-д байгаа талаар, гэрээний үүрэгт нэхэмжлэгч 892,471,800 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, 5 хувь буюу 46,972,200 төгрөгийг шилжүүлээгүй талаар маргаагүй.

 

7. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Мон-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх 130 дугаар гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 171 дугаартай нэмэлт гэрээгээр нийлүүлэгч буюу хариуцагч ... ХХК нь 2 ширхэг Мон-30 загварын их багтаамжийн цахилгаан автобусыг 2018 оны 07 дугаар сарын 09-нөөс 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор үйлдвэрлэж, угсарч нийлүүлэх үүргийг хүлээсэн ба ... ХХК нь гүйцэтгэх захирал Д.А-ын баталсан Хоёр ширхэг их багтаамжийн цахилгаан автобус угсарч үйлдвэрлэх гүйцэтгэлийн хуваар-ийн дагуу 2 хаалгатай, 184 кв/ц батарейн багтаамжтай, 26 суудал бүхий 70 зорчигчийн багтаамж бүхий 9,800 килограмм жинтэй 2 ширхэг цахилгаан автобусыг гэрээнд заасан хугацааны дотор угсарч, үйлдвэрлэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр захиалагч байгууллага болох З.Т.Х.Я-нд Тоног төхөөрөмжийг хүлээн авсан комисс-ын 01 дүгээр актаар хүлээлгэн өгчээ.

 

Улмаар дээрх 2 цахилгаан автобусыг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр турших тухай замналын нэгдсэн зураглалын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус тус ТЭЦ 4, 5 шар, Баруун 4 зам, Зүүн 4 зам, 100 айл, 32-ын тойрог, Шарга морьт, Шадивлангийн эцэг чиглэлд туршилтын ажлыг зохион байгуулж, З.Т.Х.Я-наас 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх комссын 1 дүгээр актаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газарт, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх комиссын актаар ЗТ-3 ОНӨААТҮ-т хүлээлгэн өгсөн ба Нийслэлийн засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/1310 дугаар захирамжаар дээрх 2 цахилгаан автобусыг нийслэлийн өмчид бүртгэж, эзэмшигчээр ЗТ-3 ОНӨААТҮГ бүртгэгдсэнээр тус газар 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Үндсэн хөрөнгийн орлогын 00000001 дүгээр баримтаар өөрийн үндсэн хөрөнгөд авчээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ийн шүүх хуралдаанд гаргасан ... ... ХХК-аас 2 автобусанд шаардлагатай засвар үйлчилгээг хийж 2019 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр ЗТ-3 ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгч тус үйлчилгээний газраас үзлэг шалгалт хийн цахилгаан автобусыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэлсэн. Үйлчилгээнд явуулж эхэлснээс хойш 2 цахилгаан автобусанд удаад дараагийн үйлдвэрлэгчээс шалтгаалсан эвдрэл, гэмтэл гарч дуудлагаар засуулж байсан гэх, хариуцагчийн төлөөлөгч Б.А-ын ... граж дугаар 102 буюу 35-... ... улсын дугаартай автобусны мотор 2020 оны 10 дугаар сарын 04-нд эвдэрсэн, граж дугаар 103 буюу 35-... ... улсын дугаартай автобусанд 2020 оны 01 дүгээр сард цахилгааны гэмтэл гарсан тул манай компани засварлахаар ЗТ-3 ОНӨААТҮГ-аас авч явсан. Энэ хугацаанд ковид-19 өвчний улмаас хил хаагдсан тул тухайн гэмтлүүдийг засварлахад шаардлагатай сэлбэг эд ангиудыг БНХАУ-аас оруулж ирэхэд хүндрэлтэй байгаа. Одоогийн байдлаар дээрх хугацаанаас хойш 2 автобус манай компани дээр байгаа гэх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн ... 2 цахилгаан автобус манай газарт ирсэн цагаасаа хойш байнгын эвдрэл, гэмтэлтэй байсан бөгөөд үйлдвэрлэгчээс дуудлагаар инженерүүд ирж засварлах ажил хийдэг байсан, үүнээс болж манай байгууллага маш их алдагдалд орж байгаа, тухайн автобуснуудыг анх хүлээн авахдаа манайх шаардлага хангасан гэж акт үйлдэж авсан боловч үнэн хэрэг дээрээ бол шаардлага хангаагүй байхад нь хүчээр шахуу л актанд гарын үсэг зурсан ш дээ. Тэгээд тухайн автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргаад явуулахад эвдрэл, гэмтэл тасраагүй ба одоогийн байдлаар энэ 2 автобус манай байгууллагад байхгүй, засварлана гэж 2 жилийн өмнө үйлдвэрлэгч ... ХХК авч яваад буцааж өгөөгүй байгаа гэх тайлбаруудаас үзвэл граж дугаар 102 буюу 35-... ... улсын дугаартай автобусны мотор 2020 оны 10 дугаар сарын 04-нд эвдэрсэн, граж дугаар 103 буюу 35-... ... улсын дугаартай автобусанд 2020 оны 01 дүгээр сард цахилгааны гэмтэл гарсан тул ... ХХК нь засварлахаар явч яваад одоо хүртэл засварлаж дуусаагүй, ЗТ-3 ОНӨААТҮГ-д буцаан хүлээлгэж өгөөгүй байгаа болох нь тогтоогдож байна.

 

8. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, мөн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан татгалзал үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарын шүүх хуралдаанд гаргасан дээр дурдсан мэдүүлгээр, мөн 2 цахилгаан автобусыг ЗТ-3 ОНӨААТҮГ-т 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх комиссын актаар хүлээлгэн өгсөн, Нийслэлийн засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/1310 дугаар захирамжаар дээрх 2 цахилгаан автобусыг нийслэлийн өмчид бүртгэж, эзэмшигчээр ЗТ-3 ОНӨААТҮГ бүртгэгдсэнээр тус газар 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Үндсэн хөрөнгийн орлогын 00000001 дүгээр баримтаар өөрийн үндсэн хөрөнгөд авч, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэлсэн ба зохигчдын хооронд байгуулагдсан 130 тоот гэрээний 13-т Баталгаат засвар нь Мон-30 загварын их багтаамжийн цахилгаан автобусыг захиалагч хүлээн авсан өдрөөс эхлэх бөгөөд үндсэн баталгаат хугацаа нь 18 сар байна гэж, хариуцагч ... ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Аын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр баталсан Мон-30 их багтаамжийн цахилгаан автобусны баталгаа-ны 2-т Үндсэн нөхцөл: Баталгаат хугацаанд үл хамаарах зүйлсийг оруулахгүйгээр бүтээгдэхүүний үндсэн баталгаат хугацаа 18 сар байна гэж тус тус зааснаар дээрх 2 цахилгаан автобус нь баталгаат хугацаанд эвдэрч, хариуцагч засварлахаар авч явсан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 46,972,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Учир нь зохигчдын хооронд байгуулсан 130 тоот гэрээний тусгай нөхцлийн 14.5-ийн 2-т ... баталгаат хугацааны барьцаа хөрөнгө болох 5 хувийн суутган авч үлдэнэ гэж заасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ийн ... гэрээний үүрэгт 892,471,800 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, 5 хувь буюу 46,972,200 төгрөгийг гэрээнд заасны дагуу шилжүүлээгүй гэх, хариуцагчийн төлөөлөгч Д.А-ын ... 5 хувь буюу 46,972,200 төгрөгийг гэрээнд заасны дагуу шилжүүлээгүй, манайх аваагүй гэх тайлбараар нэхэмжлэгч З.Т.Х.Я нь гэрээний үүрэгт 892,471,800 төгрөгийг хариуцагч ... ХХК-д төлсөн, үлдэх 46,972,200 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй байна. Иймд хариуцагч ... ХХК-иас 892,471,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Т.Х.Я-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46,972,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,620,309 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч ... ХХК-иас 892,471,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Т.Х.Я-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46,972,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,620,309 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР