Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/00651

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/00651

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.

Хариуцагч: Б

Ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б, өмгөөлөгч Ч.М, хариуцагчийн төлөөлөгч С.У, Г.Н, А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Б миний бие Бнд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2 дугаар хороо, 2020 оны 10 дугаар сараас 1 дүгээр хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай үнэлгээ авч, дүүргийн хүндэт жуух бичиг, өргөмжлөлөөр шагнагдаж байсан. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-ын Ажлын албаны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр тушаалыг чинь гаргаж өгнө хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн. Тухайн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт дуудан хууль бус шалгалт зохион байгуулж шалгалтад унасан, ур чадваргүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд ажлаас хууль бусаар халсныг тогтоож ажилдаа эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага байхгүй юм байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрэм, бүтэц, орон тоо батлагдсан. Уг өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоохоор ажлын албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/03 тушаалаар ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам батлагдсан. Ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай А/09 тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд бүрэлдэхүүн дээрх журамд заасны дагуу шалгалтын бэлтгэл ажлыг хангаж, шалгалт зохион байгуулж дүгнэлтийг ирүүлсэн. Энэ нь Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.2-т заасан хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил ур чадвар эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж тайлбарласны дагуу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссоос зохион байгуулсан шалгалтыг хууль бус гэж үзэх боломжгүй юм. Ийнхүү уг шалгалтаар Ц.Б нь 40 хувь тэнцээгүй гэсэн үнэлгээ авч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг бүрдүүлсэн. Шалгалт 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдаж, шалгалтын дараа материалыг засаж дүнг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар албан хаагчтай биечлэн уулзаж, бичгээр мэдэгдсэн бөгөөд үүнээс хойш 1 сарын дараа 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан 1 сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлагыг хангасан. Хөдөлмөрийн дотоод журам 2019 онд хурлын даргын захирамжаар батлагдсан. Ажлын албаны дүрэм 2020 онд Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдээс батлагдсан. Эрх зүйн акт хоорондоо зөрчилдөхөд дээд эрэмбийн эрх зүйн актыг хүчин төгөлдөр гэж үзэж мөрддөг гэв.

Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Бнд холбогдох ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.

Нийслэлийн Бны даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 тушаалаар иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 01 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга Ц.Б нь мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 130 дугаар зүйлийн 130.2, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2, 2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.7.10, 6 дугаар зүйлийн 6.3, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.4-т заасныг үндэслэн Ц.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дугаартай Хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоолоор Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрмийг 1 дүгээр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог 2 дугаар хавсралтаар тус тус баталж, батлагдсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны хүрээнд ажилтан албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж батлуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу албан хаагчдыг чөлөөлж томилох, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Дд үүрэг болгосон байна.

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны дүрмийн 2.5-д зааснаар Ажлын албаны дарга нь ажлын албаны үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангах, удирдан чиглүүлэх, хурлын төсвийг Хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн захиран зарцуулах, Хурлын тэргүүлэгчдээс тогтоосон хурлын ажлын албаны бүтэц, орон тооны хязгаар, цалингийн санд багтаан ажлын албаны нэгжийн дарга ажилтнуудыг томилж, чөлөөлөх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, хурлын дарга, дэд дарга, Тэргүүлэгчдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэх, цагаатгалын комиссын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэх, улаан загалмайн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэх гэсэн дээрх чиг үүргийг гүйцэтгэж, эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах эрхтэй байна.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлд Захиргаа нь албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавих, ажилтан өөрийн хувийн хэрэг болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэсэн үнэлгээ зэрэгтэй танилцаж шаардалагтай гэж үзвэл хувийн хэрэгтээ баяжилт хийх, гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэсэн үнэлгээнд нэмэлт тайлбар хийж болно, 6.3-т төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын үнэлгээнээс хамаарч ур чадварын нэмэгдэл олгох, цалингийн зэрэглэл нэмэгдүүлж болох бөгөөд хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах, 9 дүгээр зүйлд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг ажлын албаны хэмжээнд Захиргаа, хуулийн хэлтэс, хэлтэс, ажилтан албан хаагчдын хувьд ёс зүйн хороо тус тус хариуцан хэрэгжүүлэхээр зааж, илэрсэн зөрчлийг арилгах, байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй шуурхай байдлыг хангахдаа энэхүү журам болон холбогдох бусад дүрэм, журмыг удирдлага болгохоор заажээ.

Шүүх хуралдаанд хариуцагч тал 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 44 дүгээр тогтоолоор Ажлын албаны дүрэм бүтэц орон тоог баталж, уг өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох Ажлын албаны даргын тушаалаар комисс байгуулагдаж журамд зааснаар ажилтнуудаас мэргэжил ур чадварын түвшин тогтоох аттестатчилл явуулж дүгнэлт гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан боловч дээрх тогтоолоор ажлын албаны дүрэм, зохион байгуулалтын бүтэц орон тоог баталж, холбогдох хууль тогтоомжийн дагуу албан хаагчдыг чөлөөлж, томилох үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Ажлын албаны дарга /А.Д/-д үүрэг болгосон ба Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны дүрэмд зааснаар Ажлын албаны дарга нь ажлын албаны үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангаж, албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлж, давтан сургах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавих, төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын үнэлгээнээс хамаарч ур чадварын нэмэгдэл олгох, цалингийн зэрэглэл нэмэгдүүлж болох бөгөөд хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг ажлын албаны хэмжээнд Захиргаа, хуулийн хэлтэстэй хамтарч зөрчлийг арилгах, байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй шуурхай байдлыг хангаж ажиллах үүрэгтэй байх бөгөөд түүнд ажилтны мэргэжлээ эзэмшсэн түвшин, мэдлэгээ ажил үүрэгтээ хэрэглэх чадвар нь ажил албан тушаалд тавигдах бодит шаардлагад нийцэж байгаа эсэх ур чадвараар тэнцэхгүй байгаа байдалд дүгнэлт гаргах комисс байгуулах, үүнтэй холбогдуулж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх олгогдоогүй тул тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэв.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч, ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гэрээг цуцалхаас гадна ямар тохиолдолыг ноцтой зөрчилд тооцож гэрээг шууд цуцлах нөхцөлийг тохиролцсон боловч ажилтан мэргэжил ур чадварын хувьд ажил албан тушаалд тэнцэхгүй бол ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцоогүй байна.

Иймд Нийслэлийн Бны даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал нь хуульд нийцээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ц.Быг Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 01 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх 37 хоногийн цалинг тооцохдоо Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн /2.720.481:3=906.827:21=43.182х37= 1.597.734/ олговорт 1.597.734 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Бнд даалгаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагч Бнаас 40.514 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Быг Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 1 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Бнаас 1.597.734 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бт олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Бнд үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Бнаас 40.514 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА