Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00798

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00798

 

Ц.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00651 дугаар шийдвэртэй

Ц.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Б хнд холбогдох

Ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б хнд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2 дугаар хороо, 2020 оны 10 дугаар сараас 1 дүгээр хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байсан. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Иргэдийн төлөөлөгчдийн хны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэсэн үндэслэлээр тушаалыг чинь гаргаж өгнө хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн. Тухайн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт дуудан хууль бус шалгалт зохион байгуулж шалгалтад унасан, ур чадваргүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй гэж үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд ажлаас хууль бусаар халсныг тогтоож ажилдаа эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, С.У, А.У нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрэм, бүтэц, орон тоо батлагдсан. Уг өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн ажлын албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ө тушаалаар ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам батлагдсан. Ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай А/09 тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд бүрэлдэхүүн дээрх журамд заасны дагуу шалгалтын бэлтгэл ажлыг хангаж, шалгалт зохион байгуулж дүгнэлтийг ирүүлсэн. Ийнхүү уг шалгалтаар Ц.Б нь 40% гэсэн оноо авч тэнцээгүй гэсэн үнэлгээ авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг бүрдүүлсэн. Шалгалт 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдаж, шалгалтын дараа материалыг засаж дүнг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар албан хаагчтай биечлэн уулзаж, бичгээр мэдэгдсэн бөгөөд үүнээс хойш 1 сарын дараа 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан 1 сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлагыг хангасан. Хөдөлмөрийн дотоод журам 2019 онд хурлын даргын захирамжаар батлагдсан. Ажлын албаны дүрэм 2020 онд Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдээс батлагдсан. Эрх зүйн акт хоорондоо зөрчилдөхөд дээд эрэмбийн эрх зүйн актыг хүчин төгөлдөр гэж үзэж мөрддөг гэжээ.

ШҮҮХ: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Быг Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 1 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Б хнаас 1 597 734 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Б хнд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б хнаас 40 514 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эгүүлэн тогтоолгох гэж нэмэгдүүлсэн. Ийнхүү нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой шүүхээс ажиллагаа хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар төсвийн харилцааг тухайлан зохицуулсан Төсвийн тухай хуулийг авч үзвэл 16.4.14-т зааснаар Төсвийн шууд захирагч нь төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зэрэг бүрэн эрхтэй. Ийнхүү албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшинг тогтоож, албан хаагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, сургалтад хамруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах нь тухай байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ тул тэргүүлэгчдийн ажлын албаны дарга нь төсвийн шууд захирагч болохын хувьд албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшинг тогтоох комисс байгуулж, холбогдох арга хэмжээг авах эрхтэй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Ажлын албаны даргын 2020 оны Ө дугаар тушаалаар Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам, А/09 дүгээр тушаалаар Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангасан буюу тухайн байгууллагаас ийнхүү комисс томилсон нь уг тайлбарт нийцэж байна. Шүүхийн шийдвэрт ...ажилтан мэргэжил, ур чадварын хувьд ажил албан тушаалд тэнцэхгүй бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцоогүй байна гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна. Учир нь, нэгдүгээрт уг үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан бөгөөд хуулиар тусгайлан зохицуулсан тул хөдөлмөрийн гэрээнд заавал дэлгэрэнгүй зохицуулахыг шаардахгүй. Хоёрдугаарт ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.1-т Энэхүү гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 29, 37, 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болно гэж, мөн зүйлийн 7.2-т ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуцалж болохоос гадна ажилтан дараах зөрчил гаргасан тохиолдолд ноцтой зөрчил гаргасанд тооцож, хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж болно гэж заасан. Үүний 1.2.4-т өөрийн хариуцан хийж буй ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу хийж чадахгүй, чадахгүй болох нь тогтоогдсон бол хамаарахаар заасан. Иймд дээрх зохицуулалтаас харвал хөдөлмөрийн гэрээндээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гэрээг цуцлах эрхийг ажил олгогчид олгосон. Мөн ажилтан ажил үүргээ хийж чадахгүй болох нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан. Гэвч шүүхээс энэ талаар талууд тохиролцоогүй гэдэг үндэслэлээр хариуцагчийг буруутгаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Б хурлын даргын 2019 оны А/138 дугаар захирамжаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журамд албан хаагчдыг томилох чөлөөлөх эрхийг Хурлын даргад олгосон нь Төрийн албаны тухай хууль болон Төсвийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн зохицуулалтад нийцээгүй учраас тухайн харилцааг зохицуулсан зүйл, заалт нь хууль тогтоомжийг зөрчсөн зохицуулалт болсон байх тул холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 44 дүгээр тогтоолоор Ажлын албаны дарга нь томилох, чөлөөлөх эрхтэй гэж заасан байна. Эрх зүйн эх сурвалж нь хоорондоо зөрчилтэй бол сүүлд хүчин төгөлдөр болсон эрх зүйн эх сурвалжийг, эсхүл доод эрэмбийн эх сурвалж нь дээд эрэмбийн эх сурвалжтай нийцэх суурь зарчмын дагуу дээд эрэмбийн эрх зүйн эх сурвалжийг хэрэглэх эрх зүйн суурь зарчим байдаг. Энэ хүрээнд авч үзвэл Хөдөлмөрийн дотоод журам нь 2019 онд, ажлын албаны дүрэм нь 2020 онд, баталсан субъектээр нь авч үзвэл хөдөлмөрийн дотоод журмыг хурлын дарга, ажлын албаны дүрмийг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан. Иймд эрх зүйн эх сурвалжийн хэрэглээний хувьд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ажлын албаны дүрэм буюу дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолыг хэрэглэсэн нь үндэслэлтэй байна. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахт хэсэгт заасны дагуу дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолд хурлын дарга гарын үсэг зурснаар баталгаажиж байгаа бөгөөд уг тогтоолоор батлагдсан эрх зүйн зохицуулалтыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зурсан байх тул хурлын даргаас энэ чиг үүргээ ажлын албаны даргад шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Ц.Бын нэхэмжлэлтэй Б хнд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг дээр дурдсан үндэслэлүүдээр хууль бус байх тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00651 дүгээр шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б хнд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1, 15-16/

Хариуцагч Б х нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...Ц.Б нь мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан ажлаас нь халсан гэж тайлбарласан байна.

Нийслэлийн Б хны даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 тоот тушаалаар Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 1 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн Э Ц.Быг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан албан тушаалаас нь чөлөөлж, уг тушаалдаа мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй гэсэн үндэслэл заажээ. /хх.5/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн Б хны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/09 тоот тушаалаар Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс байгуулж, тус комиссын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч Ц.Б нь 40% гэсэн оноо авч тэнцээгүй үнэлгээтэй гарсан үйл баримт тогтоогдсон байна. /хх.88-90, 130/

Хэргийн 17 дугаар талд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн Сонсох ажиллагааны мэдэгдэл гэсэн бичгийн баримт авагдсан, уг мэдэгдэлд Төлөөлөгчийн хны даргын 2020 оны А/09 дугаар тушаалаар байгуулагдсан Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссоос 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад хангалтгүй үнэлгээ авч мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх ажиллагаа хийгдэж байна. Иймд сонсох ажиллагааны мэдэгдэлтэй холбоотой санал, тайлбарыг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дотор гаргаж өгнө үү гэж заасан, тус мэдэгдэлд ажил олгогч байгууллагын төлөөлөгч гарын үсэг зурсан, танилцсан гэсэн дээр нэхэмжлэгч Ц.Б гарын үсэг зураагүй байна.

Ажил олгогч байгууллагын талаас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шалгалтыг зохион байгуулж, шалгалтын дараа материалыг засаж дүнг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар албан хаагчтай биечлэн уулзаж, бичгээр мэдэгдсэнээс хойш нэг сарын дараа 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэг сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлагыг хангасан гэж тайлбар гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан бөгөөд хуулийн дээрх заалтад заасан ...нэг сарын өмнө мэдэгдэх... тухай заалтыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулахыг ойлгох юм.

Иймд Ц.Бт хуульд заасан хугацаанд мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй, уг байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй, шүүх уг асуудлыг тодруулж, талуудыг мэтгэлцүүлээгүй байх тул хэрэгт цугларсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, талуудын хооронд үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж хийх боломжгүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00651 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Б х нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

  ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ц.ИЧИНХОРЛОО