Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01701

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01701

 

 

Ц.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24ий өдрийн 102/ШШ2021/02031 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Бын хариуцагч БГДИТХАА холбогдуулан Ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уранмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь БГДИТХАА 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс тус дүүргийн 2 дугаар хорооны Иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар, мөн 2020 оны 10 дугаар сараас тус дүүргийн 1 дүгээр хорооны Иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж, ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр ажлаа дүгнүүлэн хангалттай үнэлгээ авч, хүндэт жуух бичиг, өргөмжлөлөөр шагнагдаж байсан.

Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр тушаалыг чинь гаргаж өгнө гэж сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн. Тухайн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт дуудан хууль бус шалгалт зохион байгуулж шалгалтад унасан, ур чадваргүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Уранбилэг дуудаж Сонсох ажиллагааны тэмдэглэлд гарын үсгээ зурахыг шаардсан ба энэ үеэрээ шалгалтын дүнгийн талаар танилцуулсан, ажлаас чөлөөлөх гэж байгаа талаар хэлээгүй.Иймд ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоож, ажилдаа эргүүлэн тогтоолгох , ажилгүй байсан хугацааны цалин олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох гэж нэхэмдүүлсэн гэжээ.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрэм, бүтэц, орон тоог баталсан. Уг өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу ажлын албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/03 тушаалаар ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам батлагдсан. Ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай А/09 тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд бүрэлдэхүүн дээрх журамд заасны дагуу шалгалтын бэлтгэл ажлыг хангаж, шалгалт зохион байгуулж дүгнэлтийг ирүүлсэн. Байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос зохион байгуулсан шалгалтыг хууль бус гэж үзэх боломжгүй юм. Уг шалгалтаар Ц.Б нь 40 хувь тэнцээгүй гэсэн үнэлгээ авч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг бүрдүүлсэн. Шалгалт 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдаж, шалгалтын дараа материалыг засаж дүнг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар албан хаагчтай биечлэн уулзаж, бичгээр мэдэгдсэн бөгөөд үүнээс хойш 1 сарын дараа 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан 1 сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлагыг хангасан. Хөдөлмөрийн дотоод журам 2019 онд хурлын даргын захирамжаар батлагдсан. Ажлын албаны дүрэм 2020 онд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс батлагдсан. Эрх зүйн акт хоорондоо зөрчилдөхөд дээд эрэмбийн эрх зүйн актыг хүчин төгөлдөр гэж үзэж мөрддөг.Албан хаагчтай биечлэн уулзаж, бичгээр мэдэгдсэн бөгөөд Ц.Б нь мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гээд тайлбар авах хугацаанд хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн өргөдлийг бичиж өгсөн. Шалгалтыг зохион байгуулсан учраас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Мөн сонсох ажиллагааг хийж шалгалтын үр дүнг Ц.Бт мэдэгдсэн, үүний дагуу Ц.Б нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ц.Бын тухайд үнэлгээгээр маш хангалтгүй байсан.

Албан ёсны мэдэгдлийг өгсөн боловч Ц.Б нь санал нийлэхгүй гэж хэлээд сонсох ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зурахгүй гарч явсан. Ц.Б нь орж ирээгүй учир 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дуудаж уулзсан бөгөөд шалгалтад тэнцээгүй учраас ийм ийм нөхцөл байдал үүсэж байна гэж хэлэхэд би хүлээн зөвшөөрөхгүй байна, ажлаас гарах өргөдлөө өөрөө бичиж өгнө гэсэн. Байрны тэтгэмжийг Ц.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөртэй холбож ярьж байна, уг хугацаанаас өмнө Ц.Б нь байрны тэтгэмж авсан бөгөөд шаардлагатай тохиолдолд уг баримтыг Тамгын газраас нотлох баримтаар гаргуулж өгч болно. Сонсох ажиллагаа хийсний дараа Ц.Бын бичиж өгсөн өргөдөл, байрны тэтгэмж 2 нь хоорондоо хамааралгүй юм. Шалгалт авч түвшин тогтоох тухай мэдээллийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр биечлэн өөрийн биеэр бүх албан хаагчдад мэдэгдсэн ба энэ тухай мөн манай байгууллагын дотоод сүлжээнд байгаа. Гэнэтийн байдлаар дуудаж шалгалт аваагүй, шалгалтад бэлдэх хугацааг ч мөн олгосон. Шалгалтын агуулгыг хүрээ нь асуудал үүсгэхээр хүнд байгаагүй, анхан шатны хуулийн мэдлэг шалгасан шалгалт байсан. Ц.Б нь 2 дугаар хороог хариуцдаг боловч тайлан дээрээ 3 дугаар хороо гэж бичсэн байсан бөгөөд энэ талаар өөрөөс нь асуухад би хуулчихсан юм гэж хэлсэн. Ц.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Быг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны 1 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Иргэний танхимын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6 305 302 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас 115 835 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонсох ажиллагааны мэдэгдэл гэх баримтад нэхэмжлэгч гарын үсэг зураагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасныг зөрчсөн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Тухайн албан хаагчийг ажлаас чөлөөлөх буюу тухайн ажилд ажиллах боломжгүй болж байгаа тухай мэдэгдэж байгаа нь хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулгыг илэрхийлж байна. Хөдөлмөрийн гэрээ цуцлагдснаар тухайн албан хаагч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тул энэ дагуу мэдэгдэл өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан шаардлагыг хангасан. Ц.Б нь шүүх хуралдааны явцад сонсох ажиллагааны мэдэгдэлтэй холбоотой өөрийн биеэр хариуцагчийн төлөөлөгчтэй уулзсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүхээс ажил олгогч урьдчилан мэдэгдэх үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж, 1 талыг барьсан шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч БГДИТХАА холбогдуулан ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох , ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар шаардсаныг хариуцагч ажилтан мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж маргажээ. /хх 1, 15-16/

Хариуцагч байгууллагын ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай А/09 дугаартай тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталж, түвшин тогтоох шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр явуулсан, Ц.Б нь уг шалгалтад 40 хувийн үнэлгээ авсан үйл баримт хэрэгт авагдсан. /хх 73/

Улмаар Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 тушаалаар Ц.Б нь мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх 4/

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д Ажлын албаны дарга нь тухайн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байна, мөн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолын 2-т Батлагдсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны хүрээнд ажилтан, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, батлуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу албан хаагчдыг чөлөөлж, томилох, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга /А.Даваажаргал/-д үүрэг болгосон зэргээс үзэхэд Ажлын албаны дарга А.Даваажаргалд ажилтан, алба хаагчдыг ажилд томилох, чөлөөлөх эрх хэмжээ олгогдсон гэж анхан шатны шүүхээс дүгнэжээ.

Хэргийн баримтаар Хороодын Иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга нарын мэргэжил, ур чадварын түвшинг тогтоох шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан ба тус комиссын дүгнэлт 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гарсан. /хх 88-90/

Хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын Ажлын алба нь нэхэмжлэгч Ц.Быг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан ажлаас чөлөөлөхдөө мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-дах хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийх юм.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх гэдэг нь хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, эрх зүйн чадамж бүхий иргэн өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан байхыг хэлнэ.

 

Хэргийн 17 дугаар талд авагдсан 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэлд Ц.Бын гарын үсэг зурагдаагүй, дээрх баримт нь хариуцагч талаас гаргасан нэг талын баримт байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар цуцлах тухай мэдэгдэл гэж тайлбарлах боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгчийн ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгох нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага гэхээсээ илүүтэй нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24ий өдрийн 102/ШШ2021/02031 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД