Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2024/00030

 

         “ГБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

          иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/03571 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2023/02134 дүгээр магадлалтай,

“ГБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

М.Х-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 169,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч М.Х-н гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч М.Х, түүний өмгөөлөгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“ГБ” ХХК нь М.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 169,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/03571 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч М.Х-с 164,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ГБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,002,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Х-с улсын тэмдэгтийн хураамжид 977,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ГБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2023/02134 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/03571 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 580,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч М.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй, нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй, үйл баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарласан. Давж заалдах шатны шүүх зохигчийн болон хэргийн нөхцөл байдлыг бүрэн ойлголгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

...Хариуцагчийн зүгээс захирлын тушаал биелүүлэх, үлдсэн төлбөрийг төлнө гэж байгаа, огт төлөхгүй гэж маргаагүй, шүүхэд өөр хэлбэрээр мэдүүлээгүй байхад шүүхээс “ГБ” ХХК-ийн 2022.12.28-ны өдрийн №Б/*** тоот захирлын тушаалыг огт анхааралдаа авч үзэхгүй байна. Уг тушаалын 2-т “М.Х-д автомашин авахад зээлсэн төлбөрийн 50 хувь болох 84,500,000 төгрөгийн урамшууллыг тус тус олгосугай” гээд цагаан дээр хараар “зээлсэн төлбөрийн” гэж бичсэн байхад шүүх шийдвэртээ “М.Х-д олгох урамшууллын хэмжээг түүнд олгосон зээлийн дүнгийн 50 хувиар тодорхойлсон гэж үзэхээр байна” гэчихээд зээлийн төлбөрийг хаагаагүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөр үүргээр тооцож дуусгавар болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ. Мөн тогтоогдохгүй байгаа үндэслэлээ заагаагүй нь шүүх хэргийн нотлох баримтыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, бодит үнэн талаас нь дүгнээгүй, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болж шүүх шийдвэрээ бодит үнэнд тулгуурлан гаргаж чадаагүй шалтгаан болсон.

...Тэгвэл энд компанийн захирал урамшуулал олгох тушаалаараа зээлийн төлбөрийн 50 хувиар урамшууллаа олгож, түүнийг нь хариуцагч хүлээн авснаар урамшууллын мөнгөө бэлнээр аваагүй зээлийн төлбөрийн тодорхой хэсгээр хаасан байгаа, болсон үйл явдал, тухайн үеийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж өөр үүргийн гүйцэтгэлээр хангасан гэх үндэслэл байгааг анхаарч үзнэ үү. ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.09-ний өдрийн 102/ШШ2023/03571 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.11-ний өдрийн 210/МА2023/02134 дүгээр магадлалд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч М.Х-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.01.25-ны өдрийн 001/ШХТ2024/00155 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч “ГБ” ХХК хариуцагч М.Х-д холбогдуулан 2022.06.02-ны өдрийн гэрээний дагуу шилжүүлсэн зээл 169,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, “ГБ” ХХК-ийн захирлын 2022.12.28-ны өдрийн Б/*** тоот тушаалаар зээлийн 50 хувь болох 84,500,000 төгрөгийг 2022 оны урамшуулалд тооцох шийдвэр гаргасан, үүнээс гадна зээлд 5,000,000 төгрөгийг буцааж төлсөн, иймд үлдэх зээлийг төлнө гэж маргажээ.

7.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч М.Х-с 164,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ГБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, “ГБ” ХХК гэрээний дагуу 169,000,000 төгрөг шилжүүлснийг хариуцагч маргаагүй, харин зээлийн 50 хувийг урамшуулалд тооцож хасах шийдвэр гаргасан тул үлдэх 50 хувийг төлнө гэж маргасан боловч Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4 дэх хэсэгт зааснаар талууд үүргийг харилцан тооцож зээлийн үүргийн зарим хэсгийг дуусгавар болгох агуулга хариуцагчийн гаргасан баримтаар тогтоогдоогүй..., талуудын хооронд үүссэн урамшуулал олгосон эсэх маргаанд энэхүү шийдвэр саад болохгүй...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн ба Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд нэхэмжлэгчийн 2022.12.28-ны өдрийн Б/*** дугаар тушаалын утгыг тайлбарлавал нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл болох 169,000,000 төгрөгийн 84,500,000 төгрөгийг төлөх үүргээс хариуцагчийг чөлөөлсөн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөр үүргийн гүйцэтгэлээр хангахаар тохиролцсон, өөр үүргээр тооцож дуусгавар болгосон, мөн өрийг хүчингүй болгосон гэж үзэх үндэслэлийг бий болгож чадахгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн байна.

8.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгож, маргааны зүйлийг тогтоохдоо Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасан хэм хэмжээг сонгосон нь зөв боловч ижил төрлийн харилцан тооцож болох шаардлагыг анхаараагүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байх тул залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

9.Талууд мөнгө зээлэхээр амаар харилцан тохирч зээлийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь 2022.06.02-ны өдөр хариуцагчийн дансанд 169,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т нийцсэн байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Иймд хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэх ёстой бөгөөд 2022.06.06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022.07.23-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 5,000,0000 төгрөг төлсөн, үлдэх 164,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

10.Зохигчийн хооронд 2022 оны урамшууллын мөнгийг харилцан тооцох эсэх, нэхэмжлэгч “ГБ” ХХК нь М.Х-д урамшуулал олгох тушаалыг гаргасан эсэх, уг тушаал хуурамч баримт эсэх асуудал маргааны зүйл болжээ.

10.1.Анхан болон давж заалдах шатны шүүх урамшуулал олгосон эсэхийг тусдаа маргаан гэж үзэж, энэ шийдвэр нь уг асуудлыг шийдвэрлэхэд саад болохгүй гэж дүгнэсэн нь хэрэгт байгаа баримтад тулгуурлаагүйгээс гадна аливаа үүргийг харилцан тооцох эсэхийг талууд тохирсон байх буюу үүргийг харилцан тооцох нэг талын хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авсан байх агуулгаар хуулийг тайлбарласан нь үндэслэл бүхий болж чадсангүй.

Маргааны зүйл болж буй нэхэмжлэгч “ГБ” ХХК-ийн захирлын 2022.12.28-ны өдрийн Б/*** дугаар тушаалд “Маркетингийн хэлтсийн дарга О.Ч, ерөнхий нягтлан бодогч М.Х нарт 2022 оны жилийн эцсийн урамшууллыг дараах байдлаар олгоно. ...үүнд нягтлан бодогч М.Х-д автомашин авахад зээлсэн төлбөрийн 50 хувь болох 84,500,000 төгрөгийн урамшууллыг олгосугай” гэж тусгажээ. Энэ баримтыг нэхэмжлэгч эсэргүүцэж, тамга, гарын үсэг бүхий хоосон маягтыг ашиглан ийм агуулгатай баримт үйлдсэн байна гэж маргаж буй боловч энэ татгалзлаа баримтаар нотлоогүй байна. Нөгөө талаар үүргийг харилцан тооцохыг хориглосон Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.8-д заасан нөхцөл байдал байхгүй байна. Иймд уг бичгэн баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгосныг хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Хоёр шатны шүүх тушаалын агуулгыг тайлбарлахдаа “урамшууллын хэмжээг автомашин авах зориулалтаар зээлсэн мөнгөний 50 хувь болох 84,500,000 төгрөгийн хэмжээгээр тогтоосон бөгөөд зээлийн 50 хувь болох 84,500,000 төгрөгийг М.Х-д олгох урамшууллаар тооцох буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс хасаж тооцох агуулга байхгүй” гэж үзсэн.

10.2.Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно”, мөн зүйлийн 238.4 дэх хэсэгт “Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, нөгөө талын гүйцэтгэх үүрэг болон өөрийн гүйцэтгэх үүргийг харилцан тооцох боломжийг хуулиар ийнхүү зохицуулсан.

Шүүх хуулийн уг зохицуулалтын урьдчилсан нөхцөл болох талууд харилцан бие биенээсээ үүргийн гүйцэтгэл шаардах эрхтэй байх, уг шаардлага нь ижил төрлийн буюу хооронд нь тооцох боломжтой, хэн алиных нь шаардах эрх хүчин төгөлдөр байх, үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл нөгөө талдаа хүрсэн байх нөхцөлийг зөв дүгнэсэн боловч “Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь үүргийг харилцан тооцох тухай хүсэл зоригоо илэрхийлж, үүнийг нөгөө тал нь хүлээн авсан тохиолдолд харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох боломжтой” гэж үзсэн нь хууль ёсны шаардлагад нийцээгүй байна.

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасан үүргийг харилцан тооцоход талуудын нэг нь нөгөө талдаа энэ тухай хүсэл зоригоо илэрхийлснээр явагддаг бөгөөд энэ нь эрх зүйн харилцаанд нөлөөлөх субьектив эрх учир нөгөө тал нь заавал хүлээн авах шаардлагатай байдаг. Иймд хэн аль нь үүргийг харилцан тооцох тухай хүсэл зоригоо илэрхийлж, үүнийг нөгөө тал нь хүлээн авсан буюу зөвшөөрсөн тохиолдолд үүргийг харилцан тооцож дуусгавар болгох боломжтой тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 238 дугаар зүйлд нийцээгүй.

Хариуцагч М.Х нь хариу тайлбар, татгалзалдаа нэхэмжлэгчээс олгох ёстой урамшууллыг харилцан тооцох тайлбар гаргасан нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл болох бөгөөд энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзнэ.

Түүнчлэн, хариуцагч нь хүсэлт гаргаж, “ГБ” ХХК-ийн захирал Д.Б-тай вайбер (viber) аппликейшнээр харилцаж байсан мессежид үзлэг хийлгэсэн ба уг үзлэгээр Д.Б нь “Ж-д санхүүтэй холбоотой бүх бичиг баримтаа жагсаалт гаргаж хүлээлгэж өг, санхүүгийн тайлантай холбоотой кодуудыг Э-д хүлээлгэж өг. Компаниас авч өгсөн машины зөрөө яаж төлөхөө Э-тай ярьж бичгээр үлдээрэй. Би хэлсэн байгаа” гэсэн зурвас илгээсэн, уг баримтаар машины зөрүүний тухай санал солилцсон утга илэрхийлэгдсэн /хх-ийн 107-110 дугаар тал/, энэ нь урамшуулалтай хамааралгүй болохыг нэхэмжлэгч нотлоогүй байна.

11.Хариуцагч М.Х зээлийн гэрээний үүргээ маргаагүй, гагцхүү нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны урамшуулалд олгох 84,500,000 төгрөгийг харилцан тооцуулах талаар тайлбар гаргаж, баримт нотолгоог шүүхэд гаргасан, хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэгчийн урамшуулал олгох үүрэг, хариуцагчийн зээлийн үүргийг тус тус харилцан тооцох боломжтой байх тул нэхэмжилсэн 169,000,000 төгрөгөөс “ГБ” ХХК-ийн гаргасан тушаалын дагуу хариуцагчид олгох урамшуулал 84,500,000 төгрөгийг харилцан тооцож, хариуцагчийн төлсөн 5,000,000 төгрөг нийт 89,500,000 төгрөгийг хасаж, үлдэх 79,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2023/02134 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/03571 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч М.Х-с 79,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ГБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 89,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтад “...977,950...” гэснийг “...555,450...” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч М.Х-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 580,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

             ШҮҮГЧИД                                                          Н.БАТЧИМЭГ

                                                                                            Н.БАЯРМАА

                                                                                            П.ЗОЛЗАЯА