Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/02134

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 11 210/МА2023/02134

 

 

ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/03571 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: ХХК

Хариуцагч: М.Х

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 169,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б, хариуцагч М.Х, хариуцагчийн өмгөөлөгч С.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 М.Х нь " ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр автомашин авахад зориулж мөнгө зээлэх хүсэлт гаргасан. Компанийн зүгээс түүнийг тогтвортой ажиллана гэж итгэж 169,000,000 төгрөг зээлүүлсэн. Гэтэл М.Х тогтвортой ажиллаагүй. Зээлсэн мөнгөн хөрөнгийг буцаан төлөөгүй. Иймд М.Хгээс 169,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ХХК-ийн захирал Д.Бат болон түүний эхнэрийн саналын дагуу 2021 оны 12 дугаар сард 7 хоногт 1-2 удаа очиж санхүүгийн тайлан гаргаж нягтлан бодох бүртгэлийн ажлыг гүйцэтгэж сарын 3,000,000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон.

2.2. 2022 оны 01 дүгээр сард Д.Бат М.Хд цалин дээр нэмж 100,000,000 төгрөгийн урамшуулал олгоё, компанийн санхүүг цэгцлээд өгөөч гэсэн тул үргэлжлүүлэн ажиллан сар бүр урамшуулал олгож байсан. 2022 оны 01-05 дугаар сард нийт 17,000,000 төгрөгийг урамшуулалд авсан бөгөөд цувуулж авахаар жилийн эцэст бөөнд нь тооцож авахаар тохирсон.

2.3. М.Х ХХК-д таатай нөхцөлөөр ажиллах болсон тул автомашин авахад зориулж 169,000,000 төгрөгийг компаниас зээлсэн. Энэ зээлийг жилийн эцсийн урамшууллаас төлнө гэж бодсон. Зээлийн төлбөрт 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг төлсөн.

2.4. 2022 оны жилийн эцсийн урамшуулал бодож ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар нягтлан бодогч М.Хд зээлсэн 169,000,000 төгрөгийн 50 хувь болох 84,500,000 төгрөгийг урамшуулалд тооцохоор шийдвэрлэсэн. Тухайн үед компаниас М.Хд зээл олгосон тул урамшууллыг бэлэн мөнгөөр олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Зээлийн үлдэгдэл төлбөр 79,500,000 төгрөг төлнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Агийн Хгээс 164,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,002,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Хгээс улсын тэмдэгтийн хураамжид 977,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 ХХК-ийн захирал Д.Бат нь М.Хд үндсэн цалин дээр нэмж урамшуулал олгохоор болсон тул тэрээр үргэлжлүүлэн ажилласан. М.Х ХХК-аас 169,000,000 төгрөг зээлж, уг зээлийн төлбөрийг урамшуулал цалингаас хасуулахаар тохиролцсон. Зээлийн төлбөрөөс 5,000,000 төгрөг төлсөн. 2022 оны жилийн эцсийн урамшуулал бодоход М.Хд зээлсэн 169,000,000 төгрөгийн 50 хувь болох 84,500,000 төгрөгийг урамшуулалд тооцсон тул үлдэгдэл 79,500,000 төгрөгийг төлнө.

4.2 ХХК-ийн захирал Д.Батын эхнэр М.Э ... Д.Батыг мөнгө их үрж байгааг хэлсэнгүй гэж загнаснаас болж зөрчил үүсч, М.Х үргэлжлүүлэн ажиллаагүй. М.Э нь М.Хг ажлаас гарч байгаа тул зээлийн төлбөрийг төлөхийг шаардсан. Д.Бат урамшуулал өгнө гэж олгосон талаар эхнэртээ хэлсэн. Харин М.Хд үлдэгдэл төлбөрөө хэзээ төлөхөө бичиж өгөөрэй гэсэн.

4.3 Анхан шатны шүүх ... Талууд хүсэл зориг нь үгийн шууд утгаараа автомашин авах зориулалтаар зээлсэн мөнгөний 50 хувь болох 84,500,000 төгрөгийин хэмжээгээр М.Хд урамшуулал олгох агуулгатай байна. Өөрөөр хэлбэл, М.Хд олгох урамшууллын хэмжээг түүнд олгосон зээлийн дүнгийн 50 хувиар тодорхойлсон гэж үзэхээр байна. Иймд дээрх хүсэл зоригийг илэрхийллийг зээлийн 50 хувь болох 84,500,000 төгрөгийг М.Хд олгох урамшуулалд тооцох буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс хасаж тооцох агуулгагүй гэж үзэв гэж зөрүүтэй дүгнэсэн. ХХК-ийн захирлын Б/10 дугаар тушаалаар үүргийн гүйцэтгэлийг өөр үүргийн гүйцэтгэлээр хаахаар шийдвэрлэснийг шүүх анхаараагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 84,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон. Хариуцагч шүүх хуралдаанд зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж тайлбарласан. ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б/10 дугаар албан бичиг гараагүй нь тухайн өдөр Голомт банк ХК руу явсан албан бичиг, гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Гэрч дээрх тушаал гарч танилцуулагдаагүй, тус урамшууллыг олгоогүй гэж мэдүүлсэн.

5.2 Анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б/10 дугаар тушаалд чөлөөлөх агуулга байгаа эсэх талаар зөв дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, нягтлан бодогч М.Хд автомашин авах төлбөрийн 84,500,000 төгрөгийн урамшуулал олгосугай гэсэн нь зээлийн үүргээс чөлөөлөх утга агуулгатай биш. М.Х ХХК-аас зээлсэн 169,000,000 төгрөгийг бүрэн төлөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч М.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 169,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

2. ХХК нь М.Хд зээл 169,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн, талууд энэ талаар бичгээр гэрээ байгуулаагүй, мөнгөн хөрөнгийг буцаан төлөх хугацааг тогтоогоогүй үйл баримт тогтоогдсон байна. /хх-5, 30-31/

 

3. Анхан шатны шүүх дээрх үйл баримт болон талуудын тайлбарыг үндэслэн тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.

 

3.2 Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний зүйл болох 169,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул хариуцагч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй. Хариуцагч нь зээл 169,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4. Зээлийн гэрээний үлдэх төлбөр болох 84,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид урамшуулалд тооцсон, мөн шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4.1 Хэргийн 25 дугаар талд ХХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 дугаар тушаал авагдсан. Уг тушаалд ... нягтлан бодогч М.Хд автомашин авахад зээлсэн төлбөрийн 50 хувь болох 84,500,000 төгрөгийн урамшууллыг тус тус олгосугай.... гэж заасан. Хариуцагч нь уг баримтыг татгалзлын үндэслэлээ болгосон.

 

4.2 Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Нэхэмжлэгчийн дээрх тушаалын үгийн шууд утгыг тайлбарлавал хариуцагчийг зээлийн гэрээний зүйл болох 169,000,000 төгрөгийн 84,500,000 төгрөг төлөх үүргээс нэхэмжлэгч чөлөөлсөн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөр үүргийн гүйцэтгэлээр хангахаар тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл уг баримт нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг буцаан төлөх хариуцагчийн үүргийг өөр үүргээр тооцож дуусгавар болгосон, мөн өрийг хүчингүй болгосон буюу хариуцагч зээлийг буцаан төлөх үүргээс чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож чадахгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. Иймд хариуцагчийн ...шүүх нотлох баримт буруу үнэлсэн, ...зөрүүтэй дүгнэлт хийсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/03571 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 580,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН