Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/03571

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо   тоот “Г Б” ХХК /РД:  /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо   тоотод оршин суух Дуутан овогт Мөнхөөгийн Х /РД:  /  

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 169,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б, хариуцагч М.Х, хариуцагчийн өмгөөлөгч С.У

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Үүрийнцолмон

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Г Б” ХХК нь хариуцагч М.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. М.Х нь “Г Б” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр автомашин худалдан авах зориулалтаар 169,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан. Үүний дагуу 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Г Б” ХХК-ийн данснаас 169,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн.  

 

1.2. Дээрх мөнгийг тогтвортой ажиллах тохиролцоотой зээлсэн боловч ажлаасаа гарсан. Иймд зээлээ буцаан төлөхийг шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагч М.Х нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. 2021 оны 12 дугаар сард “Г Б” ХХК-ийн захирал Д.Б болон түүний эхнэрийн тавьсан саналын дагуу 7 хоногт 1-2 удаа очиж санхүүгийн тайлан, тооцоо гаргах нягтлан бодох бүртгэлийн ажлыг сарын 3,000,000 төгрөгийн цалинтай хийхээр тохирч ажиллахаар болсон.

 

2.2. Харин 2022 оны 1 дүгээр сард захирал Д.Б нь цалин дээр нэмээд жилийн 100,000,000 төгрөгийн урамшуулал олгоё, компанийн санхүүг сайн цэгцлээд өгөөч гэсний дагуу үргэлжлүүлэн ажиллахаар шийдвэрлэсэн ба сар бүр цалингаас гадна урамшуулал олгогдож байсан. 2022 оны 1-5 дугаар сард нийт 17,000,000 төгрөгийг урамшуулалд авсан бөгөөд ингэж цувуулж байхаар жилийн эцэст бөөнд нь тооцож авахаар тохирсон.

 

2.3. Дээр дурдсан таатай нөхцөлөөр ажиллахаар болсон тул компаниасаа зээл авч, автомашин худалдан авахаар шийдвэрлэж, тухайн зээлийг жилийн эцэст урамшууллаасаа төлж болох юм байна гэж бодсон. Ингээд 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 169,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтөд 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 5,000,000 төгрөг төлсөн.

 

2.4. 2022 оны жилийн эцсийн урамшуулал бодогдоход захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 тушаал гарсан, уг тушаалын 1 дэх заалтаар менежер О.Ч-д бартерт орж ирсэн автомашин болон 43,000,000 төгрөгийг бэлнээр нийт 84,500,000 төгрөгийн, 2 дахь заалтаар надад зээлсэн 169,000,000 төгрөгийн 50 хувь болох 84,500,000 төгрөгийг урамшуулалд тооцохоор шийдвэрлэсэн. Тухайн үед компаниас надад зээл өгсөн байсны улмаас урамшууллыг бэлэн мөнгөөр олгох боломжгүй байснаас ингэж шийдвэрлэсэн. Ингээд компанид төлөх зээлийн үлдэгдэл төлбөр 79,500,000 төгрөг болсон юм. Иймд зээлийн гэрээний үүрэгт 79,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: “Г Б” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл, итгэмжлэл /ХХ-3-5 дугаар тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, “Г Б” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 дугаартай тушаал, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга  /ХХ-24-31 дугаар тал/

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: О.Чаас гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, “Г Б” ХХК-ийн 2022 оны албан бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22/47 дугаартай албан бичиг /ХХ-81, 101-104, 106-122 дугаар тал/

 

6. Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: Г Б” ХХК-иас Х.Цацралтай байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ГБВЦ-40 дугаартай “Үйлчилгээний талбай захиалгын гэрээ”, Автотээврийн үндэсний төвөөс О.Чын нэр дээр бүртгэлтэй автотээврийн хэрэгсэл, түүний шилжилт хөдөлгөөний талаарх мэдээлэл, “Хаан банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Голомт банк” ХХК-иас Г Б” ХХК, О.Ч нарын эзэмшлийн дансны хуулга,  /ХХ-65-80, 82-85 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 6 дугаар сарын 02-ны хариуцагчийн хүсэлтээр автомашин худалдан авахад зориулж 169,000,000 төгрөг зээлсэн, уг мөнгийг дансаар нь шилжүүлсэн. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээлийн үндсэн төлбөр 169,000,000 төгрөг шаардаж байна. 

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Зээлийн эргэн төлөлтөд 5,000,000 төгрөг төлсөн, мөн “Г Б” ХХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 тоот тушаалаар зээлийн 50 хувь болох 84,500,000 төгрөгийг 2022 оны урамшуулалд тооцохоор шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 89,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. М.Х нь “Г Б” ХХК-иас 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 169,000,000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар, буцаан төлөх нөхцөлөөр авсан болох нь талуудын тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон, энэ асуудлаар зохигч маргаагүй байна. /ХХ-ийн 5 дугаар тал/

 

Дээрх гэрээний агуулга, нөхцөл, талуудын хүлээсэн үүргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн асуудлаар талууд маргаагүй ба  хариуцагч нь зээлийн гэрээний үүргээс 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 5,000,0000 төгрөг төлсөн, 2022 оны жилийн эцсийн урамшуулал бодогдоход олгосон зээлийн 50 хувь болох 84,500,000 төгрөгийг урамшуулалд тооцсон, зээлийн гэрээний үүрэгт 79,500,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж маргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний зарим үүрэг болох 84,500,000 төгрөг төлөх үүргийг нэхэмжлэгчийн хариуцагчид гүйцэтгэх өөр үүргээр харилцан тооцож үүргийг хэсэгчлэн гүйцэтгэсэн гэж хариуцагч маргажээ. Харин нэхэмжлэгч нь хариуцагчид олгосон зээлийн 50 хувь болох 84,500,000 төгрөгийг урамшуулалд тооцохоор шийдвэрлээгүй, хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 тушаал компаниас гараагүй, тухайн цаг хугацаанд “Голомт банк” ХХК-д хандсан албан бичиг гарсан, хариуцагч нь захирлын гарын үсэг бүхий бланкийг ашигласан байна гэж маргав.   

 

Аливаа гэрээний үүргийг гэрээгээр тохиролцсон зохих ёсоор гүйцэтгэсэн нөхцөлд биелүүлсэн гэж үзэх бөгөөд үүнээс өөрөөр үүргийг гүйцэтгэсэн буюу үүрэг дуусгавар болох нөхцөлийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2, 236.1.3, 237-240 дугаар зүйлүүдэд зохицуулсан.  

 

Талуудын маргаанд Иргэний хуулийн 236, 237, 239, 240 дүгээр зүйлд заасан үүрэг дуусгавар болсон гэж үзэх нөхцөл хамаарахгүй байх ба Иргэний хуулийн 238 дугаар зүйлд зааснаар харилцан шаардлага бүхий үүргийг тооцож үүрэг хэсэгчлэн дуусгавар болсон эсэхийг тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай байна.

 

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно”, мөн зүйлийн 238.4 дэх хэсэгт “Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэжээ. Үүнээс үзвэл талууд харилцан бие биенээсээ үүргийн гүйцэтгэл шаардах эрхтэй байх, уг шаардлага нь ижил төрлийн буюу хооронд нь тооцох боломжтой байх, хэн алиных нь шаардах эрх хүчин төгөлдөр байх, үүргийг гүйцэтгэх хугацаа болсон байх шаардлага хангагдсан нөхцөлд ижил төрлийн шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгох боломжтой бөгөөд ийнхүү харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл нөгөө талдаа хүрсэн байх шаардлагатай. Мөн талуудын харилцан бие биенээсээ шаардах шаардлагын /үүргийн/ хэмжээ тэнцүү байх шаардлагагүй бөгөөд бага хэмжээний шаардлагыг энэ хэмжээнд нь үүргийг тооцож, үлдсэн хэсгийг шаардах эрхтэй гэж ойлгоно. Иймд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь үүргийг харилцан тооцох тухай хүсэл зоригоо илэрхийлж, үүнийг нөгөө тал нь хүлээн авсан тохиолдолд харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох боломжтой гэж үзнэ.

 

Хариуцагч М.Х нь тайлбартайгаа холбогдуулан “Г Б” ХХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 дугаар тушаал гэх бичмэл баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Уг баримтад “Маркетингийн хэлтсийн дарга О.Ч, ерөнхий нягтлан бодогч М.Х нарт 2022 оны жилийн эцсийн урамшууллыг дараах байдлаар олгоно. ...нягтлан бодогч М.Хд автомашин авахад зээлсэн төлбөрийн 50 хувь болох 84,500,000 төгрөгийн урамшууллыг олгосугай” гэжээ. Энэхүү хүсэл зориг нь үгийн шууд утгаараа “автомашин авах зориулалтаар зээлсэн мөнгөний 50 хувь болох 84,500,000 төгрөгийн хэмжээгээр М.Хд урамшуулал олгох” агуулгатай байна. Өөрөөр хэлбэл М.Хд олгох урамшууллын хэмжээг түүнд олгосон зээлийн дүнгийн 50 хувиар тодорхойлсон гэж үзэхээр байна. Иймд дээрх хүсэл зоригийн илэрхийллийг зээлийн 50 хувь болох 84,500,000 төгрөгийг М.Хд олгох урамшуулалд тооцох буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс хасаж тооцох агуулгагүй гэж үзэв. /ХХ-ийн 25 дугаар тал/    

 

Мөн хариуцагч нь “Г Б” ХХК-ийн захирал Д.Бтай viber аппликейшнээр /дуудлага болон мессеж илгээж харилцах программ/ харилцаж байсан мессежид үзлэг хийлгэсэн ба уг үзлэгийн ажиллагаагаар “Жаргалмаад санхүүтэй холбоотой бүх бичиг баримтаа жагсаалт гаргаж хүлээлгэж өг, санхүүгийн тайлантай холбоотой кодуудыг Эчкад хүлээлгэж өг. Компаниас авч өгсөн машины зөрөө яаж төлөхөө Эчкатай ярьж бичгээр үлдээрэй. Би хэлсэн байгаа” гэсэн Д.Баас М.Хд илгээсэн зурвасыг нотлох баримтаар бэхжүүлжээ. Энэхүү цахим хэлбэрээр илэрхийлсэн хүсэл зоригийн агуулгаас “зээлийн 50 хувь болох 84,500,000 төгрөгийг М.Хд олгох урамшуулалд тооцсон буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс хасаж тооцсон” гэж үзэх утга санаа тодорхойлогдохгүй байна. /ХХ-ийн 107-110 дугаар тал/

 

“Г Б” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 дугаар тушаал гэх баримтад дурдсан урамшууллыг менежер О.Чад бодитоор өгсөн эсэх нь энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй байна. Учир нь: менежер О.Ч, нягтлан бодогч М.Х нарт нэг шийдвэрээр урамшуулал олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрээс О.Чад холбогдох хэсэг биелэсэн бол М.Хд урамшууллыг олгосон гэж үзэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нь тайлбар, татгалзлаа хуульд заасан арга, хэрэгслээр олж авсан, эргэлзээгүй баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хууль зүйн дүгнэлтийг хийж /ямар нэг таамаглалд үндэслэхгүй/ шийдвэр гаргана. Иймд О.Чад урамшууллыг бодитоор өгсөн гэж үзэж хариуцагчийн шүүхээр бүрдүүлсэн нотлох баримтуудаар хариуцагчийн тайлбар, татгалзлын үндэслэл нотлогдоогүй болно. /ХХ-ийн 65-80, 82-85, 103-104, 113-117 дугаар тал/

 

Дээрх баримтуудаар Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гүйцэтгэвэл зохих зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс 84,500,000 төгрөгийг урамшуулалд тооцож зарим үүргийг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Талууд үүргийг өөр үүргийн гүйцэтгэлээр гүйцэтгэхээр тохиролцоогүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд зааснаас өөр гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан мөнгийг буцаан төлөх үүрэгтэй байна. Энэхүү үүргийг гүйцэтгэхийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн эсэх буюу үүрэг гүйцэтгэх хугацаа болсон эсэхийг тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай. Иймд талууд зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг хэрхэн тодорхойлсоныг тогтоох шаардлагатай. Энэ талаар Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй” гэж заажээ.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Үүнээс “гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэдгийг гэрээний талууд үүрэг гүйцэтгэх хугацааг тохиролцон тогтоох эрхтэй, ийнхүү тохиролцсон хугацаанд үүргийг гүйцэтгэх үүрэгтэй гэж ойлгох бөгөөд энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцнэ. Харин үүрэг гүйцэтгэх хугацааг тохиролцоогүй бол үүргийг хуульд заасан хугацаанд гүйцэтгэх болохыг мөн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зохицуулсан байна.

 

Талууд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг тогтоогоогүй болох нь тэдний тайлбараар тогтоогдсон. Иймд хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг хуульд заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй ба зээлийн гэрээгээр хугацаа тогтоогоогүй үүргийг хэзээ биелүүлэхийг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэжээ. Иймд зээлийг буцааж төлөх хугацааг тохиролцоогүй бол зээлдүүлэгч нь зээлээ төлөхийг хэдийд ч шаардах буюу гэрээг цуцлах эрхтэй байх тул нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн байна.  

 

Хэрэгт авагдсан хариуцагчийн дансны хуулгаар 2022 оны 6 дугаар сарын 06, 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нийт 5,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээг зээл төлөлт утгаар “Г Б” ХХК-д шилжүүлсэн байх тул зээлийн гэрээний үүргээс 5,000,000 төгрөгийг хасаж, хариуцагчаас 164,000,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Талуудын хооронд үүссэн урамшуулал олгосон эсэхтэй холбоотой маргаанд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М Хгээс 164,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,002,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Хгээс улсын тэмдэгтийн хураамжид 977,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г Б” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА