Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 866

 

     2020        07           02                                           2020/ДШМ/866

Г.Эад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мандуул, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мандуулын гаргасан давж заалдах гомдлоор Г.Эад холбогдох эрүүгийн 1907004230028 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

:......................., 1989 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 110-34б тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................/;

 

Г.Э нь 2019 оны 10 дугаар сарын 5-ны шөнө 05 цагийн орчимд 17-57 УНГ улсын дугаартай Синотрак маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар Налайх чиглэлийн сайжруулсан шороон зам дээр жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно; а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 3.4а-д “Жолооч дараахь үүргийг хүлээнэ”; а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, /4 дүгээр хавсралтын 5.2-т “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 11.6-д “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад зүүн гар талын аль эгнээгээр явахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, өөрийн явж буй чиглэлийн эгнээнд ослын дохиогоо асаан зогсож байсан 44-81 ХЭҮ улсын дугаартай Хьюндай Старекс маркийн тээврийн хэрэгслийн дэргэд зогсож байсан зорчигч Л.Батсуурийг уг тээврийн хэрэгсэлтэй хавсарч мөргөн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ........................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Эад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Эад оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Г.Батболд, И.Дэлгэрсүх нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасан шүүгдэгч Г.Эын жолоочийн түр зөвшөөрлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мандуулын нэхэмжилсэн 21.861.001 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мандуулын шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжилсэн 50.000.000 төгрөгийн баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мандуул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг нотлох баримтыг тал бүрээс судалж, хэргийн үйл баримтын талаар үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь, шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч онц хүнд хор уршиг учирсан байхад 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэснийг зөрчиж буй бөгөөд шүүх үндэслэлээ прокурорын гаргасан ялын саналын хүрээнд ял оногдуулах нь үндэслэлтэй гэж тайлбарласан. Энэ хэрэгт хэт нэг талыг баримтлан үндэслэлгүйгээр шүүгдэгчид бага хэмжээний ял ногдуулсанд гомдолтой байна. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэргийн хор уршгийг бүрэн арилгаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгийг удирдлага болгож үндэслэлгүйгээр шүүгдэгчид бага ял ногдуулж, шүүгдэгчид ял завшуулсан. Шүүх хэргийг шийдвэрлэх явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан гэм хорын хохирлыг төлүүлэх хууль зүйн дүгнэлтийг үндэслэлгүй, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаж хэрэгсэхгүй болгосон, шийдвэрлэх боломжтой гэм хорын хохирлыг шийдвэрлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь, шүүх тогтоолын үндэслэх хэсэгт “хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн ном уншуулсан 84.500 төгрөг, ямар гүйлгээ хийсэн тодорхой 1.045.450 төгрөг, согтууруулах ундааны зүйл худалдаж авсан 17.230 төгрөг, ахуйн хэрэглээний зүйл худалдаж авсан 10.290 төгрөг, тамхи 3.531 төрөг буюу нийт 1.161.001 төгрөгийн баримт энэ хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй үндэслэлээр, өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөг нь иргэд хоорондын сайн дурын үндсэн дээр хийгддэг гэрээ тул уг хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөгийн шаардлага Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасан хохирол учирсан талаар нотлоогүй үндэслэлээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжилсэн 21.861.001 төгрөгийг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн нь эрх зүйн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн. Энэ гэмт хэрэг гарсан даруйд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие хэргийн газарт аав нь нас бараад удаагүй байхад энэ нөхцөл байдлыг тэр даруй харж сэтгэл санааны цочролд орсныг мөрдөн байцаалтын явцад гэрчийн мэдүүлэг бусад нөхцөл байдлаар тогтоогдсон, хангалттай нотлох баримттай бөгөөд энэ асуудлаар шүүхийн хэлэлцүүлэг энэ үйл баримтын талаар прокурор, оролцогчид маргаагүй, шүүгдэгч Г.Э, иргэний хариуцагч Н.Өсөхбаяр хувааж хариуцан төлөхөө илэрхийлсэн атал сэтгэл санааны хор хохирол нэхэмжилсэн 20.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн чадвар 60 хувийн алдалттай хөгжлийн бэрхшээлтэй иргэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д “Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүн шаардлагатай хууль зүйн зөвлөгөө, тусламж үйлчилгээгээр үнэ төлбөргүй хангагдах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ”, 27.3-д “Шүүх, прокурор, хууль хяналтын байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүнд түүний эрх, үүрэг болон холбогдох мэдээллийг хөгжлийн бэрхшээлийн онцлогт нь нийцүүлэн ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр тайлбарлаж өгнө” гэж зохицуулсан. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлийн улмаас миний сонсгол муу бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3-д заасан үүргийг шүүх, прокурор хэрэгжүүлээгүй учраас миний бие хувиараа өмгөөлөгч хөлсөлж авсан. Хэрэв шүүгдэгч  миний аавын амь насыг хохироогоогүй, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3-д заасан үүргийг шүүх, прокурор хэрэгжүүлсэн бол би өмгөөлөгч хөлслөх шаардлагагүй байсан учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар ханган шийдвэрлэх нь иргэний хуулийн суурь зарчимд нийцнэ. Хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн ном уншуулсан 84.500 төгрөг, ямар гүйлгээ хийсэн тодорхой 1.045.450 төгрөг, согтууруулах ундааны зүйл худалдаж авсан 17.230 төгрөг, ахуйн хэрэглээний зүйл худалдаж авсан 10.290 төгрөг, тамхи 3.531 төрөг буюу нийт 1.161.001 төгрөгийн баримтын асуудлаар талууд маргаагүй байхад шууд хохиролд тооцохгүй, хамааралгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мандуулын шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжилсэн 50.000.000 төгрөгийн баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж шийдвэрлэсэн нь шүүх хууль хэрэглэхээс татгалзаж буй нь буруу юм. Учир нь, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учирсан нь тодорхой байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар жич нэхэмжлэх талаар тусгаж байгаа нь шүүх хууль хэрэглэхээс зайлсхийж буй хууль бус үйлдэл юм. Зүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-д “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэсний дагуу шийдвэрлэх атал иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулиар дахин нэхэмжлэл гаргахаар шийдвэрлэж буй нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын хүний эрхийн пакт, гэрээ конвенцид заасан эрхээ эдлэхэд нь саад учруулж хүндрэл, чирэгдэл учруулсан хүнлэг бус шийдвэр юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдалд нөлөөлөх хууль зүйн дүгнэлтийг дутуу хийсэн, хууль зүйн үндэслэлийг бүрэн шалгаагүй. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ хэд хэдэн захиргааны акт зөрчсөн үйлдэлд үнэлэлт өгөлгүй хууль зүйн дүгнэлтийг дутуу хийж хэргийг хуурмаг, ул суурьгүй шийдвэрлэсэн. Учир нь, шүүгдэгч гэмт хэргийг үйлдэхдээ Зам, тээвэр хөгжлийн сайдын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №93 тоот тушаал, Нийслэлийн засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №А/220 тоот захирамжаар “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг барих төсөл”-ийн ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан дээрх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны 4 дүгээр  сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хаасугай”, тус авто замыг хаасантай холбоотойгоор түр ашиглах сайжруулсан шороон замаар бүх жин 3.5 тонноос дээш ачааны автомашин, тов оврын автобуснаас бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зорчуулах”-аар шийдвэрлэснийг шүүгдэгч зөрчсөнтэй холбоотой прокурор хяналтаа хэрэгжүүлээгүй, шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Энэ хэргийг үйлдэхэд жолоочийн эрхгүй этгээдээр жолоо бариулсан, тээврийн хэрэгслийн оношилгоонд тэнцээгүй автомашин ажилд гаргасан, удаа дараагийн торгуультай авто машиныг зөвшөөрөгдөөгүй замд ажилд гаргасан Н.Өсөхбаярт ямар нэгэн хариуцлага тооцоогүйд гомдолтой байна. Учир нь, энэ хэргийг хянасан мөрдөн байцаагч, прокурор, шийдвэрлэсэн шүүх иргэний хариуцагч Н.Өсөхбаярт Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиар ямар нэгэн хариуцлага тооцоогүй байгаа нь шударга ёс, хууль ёс, хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг гажуудуулж хариуцлагаас бултуулж, хууль завхруулагчийг өөгшүүлсэн байна. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 64 тоот шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлт оруулж, шударга ёсыг тогтоож өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мандуулын өмгөөлөгч Т.Мөнхсүлд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг хэрэглэн 1 жил 6 сарын хорих ял оногдуулсанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой байгаа. Учир нь, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирлыг бүрэн төлөөгүй. Шүүхийн шатанд хохирол болох 25.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирлын 50 хувийг төлөхөө илэрхийлсэн. Гэхдээ үүнтэй холбоотой асуудал шийдэгдээгүй байхад прокурорын ялын саналыг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хөгжлийн бэрхшээлтэй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгах ёстой зүйлээ шалгалгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг барагдуулсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн үед шүүгдэгч Замын хөдөлгөөний дүрмийн хэдэн заалтыг зөрчсөн. Тухайлбал; эгнээ байр, жолоодох эрхийн ангилал, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй байсан гэдгийг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, тухайн автомашин авто тээврийн үндэсний төвийн үзлэгт 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр орсон. Гэхдээ үзлэгт тэнцээгүй байсан. Гэтэл тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч Н.Өсөхбаярын мэдүүлгийг үндэслэн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй байсан эсэхийг шалгалгүй хэргийг шийдвэрлэсэн. Ингээд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад гэм хор, хохирлын асуудлыг шийдвэрлэж 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Мөн хохирлын баримт гэж гаргаж өгсөн зардлын баримтуудыг хохиролд тооцоогүй. Жишээлбэл, 84.500 төгрөгийн ном уншуулсан баримт байна. Үүнийг яагаад хохиролд тооцоогүй нь ойлгомжгүй. Ямар гүйлгээ хийсэн нь тодорхой гэж бичсэн мөртлөө 1.045.450 төгрөгийг оршуулгын зардалд оруулахгүй гэсэн. Уг 1.045.450 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар нотлогдож байгаа. Үүнийг хэрэгт хамааралгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар аж ахуй нэгж тухайн бараа материалын нэрийг зөв бичих, буруу бичих үүргийг хүлээдэг. Түүнээс бараа бүтээгдэхүүн авсан хүн түүнийг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн 17.230 төгрөгөөр согтууруулах ундаа авсан тул уг баримтыг хохиролд тооцохгүй гэсэн байсан. Архи, согтууруулах ундааны зүйлийг оршуулгын зан үйлд хэрэглэдэг. Ийм нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй эдгээрийг хохиролд тооцоогүй. Мөн өмгөөлөгчийн хөлс болох 700.000 төгрөгийг иргэд хоорондын сайн дурын үндсэн дээр хийгдсэн гэрээ тул хохиролд тооцохгүй гэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэг өгөхдөө нэг удаа өмгөөлөгч Хувцагааныг байлцуулан мэдүүлэг өгсөн. Үүнээс хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хэргийн материал танилцуулалгүй шүүхэд хэргийг шилжүүлчихсэн. Тэгээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тодорхой үндэслэлээр өмгөөлөгч Хувцагаанаас татгалзсан. Энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй өмгөөлөгчийн зардлыг гэм хорын хохирол биш гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Хэрэв энэ гэмт хэрэг болоогүй бол Б.Мандуул нь өмгөөлөгч авах шаардлагагүй байсан. Мөн сэтгэл санааны хохирол гэж 20.000.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ зардлыг Иргэний хуульд зааснаар хохирогчид учирсан зардалтай хамтатгаж үзэх ёстой. Сэтгэл санааны хохирлыг 2 аргачлалаар тооцдог. Нэгдүгээрт: сэтгэл санааны хохирол учирсантай буюу эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой зардал, Хоёрдугаарт: тухайн үйл явдал болсноос хойш хохирогчийн ар гэр хохирогчийг авах гээд явж байсныг харгалзаж үзэх ёстой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ талаар мэдүүлсэн. Үүнийг Иргэний хуулийн 497, 499, 508 дугаар зүйлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Амь насны хохиролтой холбоотой асуудлыг шүүх хуралдаанд 50.000.000 төгрөг гэж нэхэмжилсэн. Хохирогч 55 настай, сардаа 1.000.000-2.000.000 төгрөгийн орлого олж, хүүхдийнхээ сургалтын зардал болон амьжиргааны зардлыг өгдөг байсан. Уг зардлыг нь хохирогчийг тэтгэвэртээ гарах хүртэл хугацаа буюу 65 хүртэл нь бодож нэхэмжилсэн. Мөн Монгол Улсад хүний амь насны хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэдэг хууль хэрэглээний асуудал байдаг. Жишээлбэл, төрийн албан хаагчийн амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдолд 36 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний төгрөгийг төрөөс олгодог. Гэтэл яагаад бусад хүний амь нас хохирсон тохиолдолд энэ жишгээр шийдвэрлэж болохгүй юм бэ. Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээ, конвенцоор хүний амь настай холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжтой. Гэтэл шүүхээс үүнийг шийдвэрлэхгүй, Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж байгаа нь хохирогчид илүү их дарамт учруулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эсхүл хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Г.Эад бага ял оногдуулсан гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 1-5 жилийн хорих ялтай. Энэ гэмт хэрэг ямар нөхцөлд гарсан бэ гэдгийг шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Эад 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Иймээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирч байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх хохирол, хор уршигтай холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн өмгөөлөгчтэй оролцсон. Анхан шатны шүүхээс “шүүхийн шатанд гаргаагүй зардлын баримтыг шүүх шийдвэрлэх боломжгүй” гэх дүгнэлт хийсэн. 1.045.450 төгрөгийг яагаад хохиролд тооцоогүй вэ гэдгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч маш сайн ойлгож байгаа. Иймээс анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс амь насыг үнэлэхтэй холбоотой асуудал ярьж байна. Хүний амь насыг үнэлэх практик тогтоож болохгүй. Хүний амь насыг үнэлнэ гэдэг цаанаа маш их үр дагавартай. Эрх зүйн онолыг судалсан хүн үүнийг маш сайн мэдэх ёстой. Тэгэхээр үүнээс үүдэн гарах цаашдын үр дагаврыг өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчдээ сайн ойлгуулж тайлбарлаж өгөх ёстой. Энэ хэрэгт иргэний хариуцагчаар Н.Өсөхбаяр гэж хүн татагдсан. Иймээс давж заалдах гомдлын шүүгдэгч Г.Этай холбоотой хэсгийг өмгөөлөгчийн зүгээс эсэргүүцэж байна. Иргэний хариуцагчтай холбоотой хэсэгт өмгөөлөгчийн зүгээс тайлбаргүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан, бусад байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 10 дугаар сарын 5-ны шөнө 05 цагийн орчимд 17-57 УНГ улсын дугаартай Синотрак маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар Налайх чиглэлийн сайжруулсан шороон зам дээр жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно; а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 3.4а-д “Жолооч дараахь үүргийг хүлээнэ”; а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, /4 дүгээр хавсралтын 5.2-т “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 11.6-д “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад зүүн гар талын аль эгнээгээр явахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, өөрийн явж буй чиглэлийн эгнээнд ослын дохиогоо асаан зогсож байсан 44-81 ХЭҮ улсын дугаартай Хьюндай Старекс маркийн тээврийн хэрэгслийн дэргэд зогсож байсан зорчигч Л.Батсуурийг уг тээврийн хэрэгсэлтэй хавсарч мөргөн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мандуулын “...Оргил худалдааны төв дээр ирэхэд аавын утас холбогдох боломжгүй болсон байхаар аав руу хэд хэд залгаад болохгүй байхаар нь би аавтай хамт явсан хүн рүү залгатал нөгөө хүн “аавыг чинь Хово хамчихлаа” гэж хэлэхээр нь би ослын газарт яваад очиход осол болоод удаагүй дөнгөж цагдаа, эмнэлэг ирчихсэн байсан. ...” /1хх 22-24/,

 

иргэний нэхэмжлэгч Г.Батболдын “...Би өөрийн автомашинд үнэлгээгээр тогтоогдсон 4.551.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ. ...Тухайн үед би машины руль дээр суугаад арааг нь үзээд байж байтал урдаас бөөн шороо босоод мэлтийсэн гэрэлтэй машин ирээд яахын зуургүй л тас гээд л явсан. Тэр үед би хэсэг ухаан балартсан. Тэгсэн миний хажууд Дээгий эгч орилоод байсан. Тэгээд би буух гэтэл машины хаалга онгойхгүй байсан чинь Түмэнбилэг гаднаас татаж онгойлгоод би машинаас буусан. Тэгээд “Суурь ах алга байна шүү дээ” гээд тэр хавиар хайхад бид нарын машин байснаас ертөнцийн зүгээр баруун талд хэвтэж байсан. Тэгээд нөгөө дайрсан машинаа хааччихваа гээд тэр хавиар хайтал бид нараас нилээн хол зайтай замын хажуу руу ороод зогссон байсан. ...” /1хх 26, 43/,

 

гэрч Э.Анхбаярын “...Тэгээд Оргил худалдааны төвөөс уруудаад засмал зам руу орж байтал Эрдэнэбат над руу хоорондоо харилцдаг станцаар “би автомашин мөргөчихлөө, эргээд ороод ир” гэхээр нь би буцаад яваад очтол зам дээр зогсож байсан Старексийг Эрдэнэбат мөргөөд тэр талын замаас гараад зогсчихсон байсан. Тэгээд би очоод үзтэл Старексын хажууд байсан хүн нас барсан байсан. ...” /1хх 36/,

 

гэрч Б.Түмэнбилэгийн “...Тэгсэн гэнэт л урдаас мэлтийсэн гэрэлтэй машин орж ирээд манай машины жолооч талыг хамаад мөргөөд хойш нь түрээд явсан, Батсуурь ахыг машин доогуур орчихсон юм болов уу гэж бодоод машин доогуур харсан чинь байхгүй байсан. Тэгсэн Батболд “тэнд байх шиг байна” гэхээр нь хартал бид нарын анх зогссон газар хэвтэж байхаар нь очоод хартал хөл, гар нь нугаларчихсан байсан. ...” /1хх 40/,

 

шүүгдэгч Г.Эын “...Замын энхэл хэсгийг гарган замын гол хэсгийг барин явж байхад урд гэнэт машин гарч ирсэн. Зогсоох гэж тоормос гишгэсэн боловч том оврын машин байсан болохоор инерцээрээ яваад зогсож чадалгүй эсрэг урсгал руу орон замаас гарч зогсоод, буугаад очтол 1 хүн нас барсан байдалтай байсан. ...” /1хх 34/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “...И.Дэлгэрсүхийн биед тархи доргилт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 08 шэ/529 дугаартай /1хх 69/,

 

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “...Талийгаач нь цээж хэвлийн ил гэмтлийн улмаас нас баржээ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн биед баруун 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы зөрүүтэй шууд, зүүн 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирганы зөрүүтэй шууд хугарал, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний урд гадаргуугийн олон тооны шарх, зүүн уушгины эдийн няцрал, гол судасны хэвлийн хэсгийн хөндлөн тасрал, зүүн бөөрний дээд булчирхайн эдийн няцрал, дэлүүний няцрал, сэмж чамархайд цус хуралт, өвчүү ясны хугарал, зүүн шаант болон тахилзуур ясны далд хугарал, баруун зүүн шилбэнд шарх, нүүр, зүүн бугалга, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Уг гэмтлүүд нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 2, 4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаач нь В/III/ бүлгийн цустай байна. ...” гэх 08 ШЭ\84 дугаартай /1хх 73-76/ дүгнэлтүүд,

 

Автотээврийн үндэсний төвийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “...17-57УНГ улсын дугаартай SINOTRUCK маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал нь стандартын шаардлага хангахгүй байна. 17-57УНГ улсын дугаартай SINOTRUCK маркийн автомашины явах эд анги, тоормос, дугуйн хээ гүн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Харин урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 25мм, зүүн гар талын гэрлийн тусгал ойр дээрээ 0 кандель, хол дээрээ 0 кандель, баруун гар талын гэрлийн тусгал ойр дээрээ 3100 кандель, хол дээрээ 600 кандель, зүүн урд талын буфер, урд их гэрэл, их гэрлийн суурь, шанаа, хагарч хугарсан, зүүн талын хаалга хонхойсон, ухрах арааны гэрэл, улсын дугаарын гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан байгаа нь жолоочид руль булаах байдлаар нөлөөллөж болох ч уг осолд хэрхэн нөлөөлснийг нарийн тогтоох боломжгүй. Зүүн талын урд гэрэл хагарсан, суурь нь хугарсан байгаа нь тухайн ослын үед үүссэн байна. Харин баруун урд их гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа нь жолоочид үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлж болох ч уг осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй. ...” гэх 074573 дугаартай дүгнэлт /1хх 112-115/,

 

техникийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “...Жолооч Г.Э нь 17-57УНГ улсын дугаартай Синотрак загварын автомашиныг тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо нь алдагдсан автомашин жолоодон явахдаа суурин газрын гаднах замд зорчих хэсгийн баруун гар талаа барьж яваагүйгээс осол болох нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээрийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 3.4-т Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 11.6-д “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Б.Түмэнбилэг, амь хохирогч Л.Батсуурь нар нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Жолооч Б.Түмэнбилэг нь “B, C” ангиллын, жолооч Г.Э нь “В” ангиллын буюу суудлын автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй бөгөөд энэ нь “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлсөн зүйл байхгүй байна. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно. ...” гэх 04 дугаартай дүгнэлт /1хх 124/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост хийсэн үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын талаар гарсан эрх бүхий албан тушаалтны акт, 44-81ХЭҮ, 17-57УНГ улсын дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мандуулын гаргасан “...Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ хэд хэдэн захиргааны акт зөрчсөн үйлдлийг үнэлээгүй, хууль зүйн дүгнэлт дутуу хийсэн. ...” гэсэн гомдлын хэсгийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Эыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний амь насыг хохироож үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүгдэгч Г.Эын автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд тухайн зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, түүнийг 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мандуул “...анхан шатны шүүх хохирол төлбөрийг буруу бодсоныг зөвтгөх...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн ном уншуулсан 84.500 төгрөг, ямар гүйлгээ хийсэн нь тодорхойгүй 1.045.450 төгрөг, согтууруулах ундааны зүйл худалдаж авсан 17.230 төгрөг, ахуйн хэрэглээний зүйл худалдаж авсан 10.290 төгрөг, тамхи 3531 төгрөгийн буюу нийт 1.161.001 төгрөгийн баримттай холбоотой асуудлыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй үндэслэлээр, өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөг нь иргэд хоорондын сайн дурын үндсэн дээр хийгддэг гэрээ тул уг хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй үндэслэлээр, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөгийн шаардлага нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасан хохирол учирсан талаар нотлоогүй үндэслэлээр, нийт 21.861.001 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. ...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мандуулын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мандуулын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

                     ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ

                     ШҮҮГЧ                                                               Д.МЯГМАРЖАВ