Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 572

 

Г.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 866 дугаар магадлалтай, Г.Э-д холбогдох 1907004230028 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-н гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, У овогт Г.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Э-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын нэхэмжилсэн 21,561,001 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хууль ёсны төлөөлөгч Б.М-н шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжилсэн 50,000,000 төгрөгийн баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М гаргасан гомдолдоо “...шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан гэм хорын хохирлыг, бүрэн төлж барагдуулаагүй, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч онц хүнд хор уршиг учирсан байхад 1 жил 6 сарын хугацаагаар ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримтлан үндэслэлгүйгээр бага хэмжээний ял оногдуулсан гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэргийн хор уршгийг бүрэн арилгаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байхад үндэслэлгүйгээр шүүгдэгчид бага ял ногдуулж, шүүгдэгчид ял завшуулсан. Шүүх хэргийг шийдвэрлэх явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан гэм хохирлыг төлүүлэх хууль зүйн дүгнэлтийг үндэслэлгүй, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаж хэрэгсэхгүй болгосон. Уг асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад гэм хорын хохирлыг шийдвэрлээгүй нь эрх зүйн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн. Энэ гэмт хэрэг гарсан даруйд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие хэргийн газарт аав нас бараад удаагүй байхад энэ нөхцөл байдлыг тэр даруй харж сэтгэл санааны цочролд орсон. Энэ талаар мөрдөн байцаалтын явцад гэрчийн мэдүүлэг болон бусад нөхцөл байдлаар хангалттай тогтоогдсон. Хохирол, хор уршигтай холбоотой асуудлаар шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, оролцогчид маргаагүй, шүүгдэгч Г.Э, иргэний хариуцагч н.Ө нар хариуцан хувааж төлөхөө илэрхийлсэн байхад сэтгэл санааны хор хохирол нэхэмжилсэн 20,000,000 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 499-р зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар 60 хувийн алдалттай иргэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 27-р зүйлийн 27.2-т Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүн шаардлагатай хууль зүйн зөвлөгөө, тусламж үйлчилгээгээр үнэ төлбөргүй хангагдах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ, Шүүх, прокурор, хууль хяналтын байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүнд түүний эрх, үүрэг болон холбогдох мэдээллийг хөгжлийн бэрхшээлийн онцлогт нь нийцүүлэн ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр тайлбарлаж өгнө гэж зохицуулсан. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлийн улмаас миний сонсгол муу бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 27-р зүйлийн 27.2, 27.3-д заасан үүргийг шүүх, прокурор хэрэгжүүлээгүй учраас миний бие хувиараа өмгөөлөгч хөлсөлж авсан. Хэрэв шүүгдэгч миний аавын амь насыг хохироогоогүй, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 27-р зүйлийн 27.2, 27.3-д заасан үүргийг шүүх, прокурор хэрэгжүүлсэн бол би өмгөөлөгч хөлслөх шаардлагагүй байсан. Ном уншуулсан 84,500 төгрөг, ямар гүйлгээ хийсэн тодорхой 1,045,450 төгрөг, согтууруулах ундааны зүйл худалдаж авсан 17,230 төгрөг, ахуйн хэрэглээний зүйл худалдаж авсан 10,290 төгрөг, тамхи 3,531 төрөг буюу нийт 1,161,001 төгрөгийн баримтын асуудлаар талууд маргаагүй байхад шууд хохиролд тооцохгүй, хамааралгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учирсан нь тодорхой байхад иргэний хуулиар жич нэхэмжлэх талаар тусгаж байгаа нь шүүх хууль хэрэглэхээс зайлсхийж буй үйлдэл юм. Зүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3-р зүйлийн З-т зааснаар шийдвэрлэх ёстой атал иргэний хуулиар дахин нэхэмжлэл гаргахаар шийдвэрлэж буй нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод заасан эрхээ эдлэхэд саад учруулж хүндрэл, чирэгдэл учруулсан хүнлэг бус шийдвэр юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдалд нөлөөлөх хууль зүйн дүгнэлтийг дутуу хийсэн, хууль зүйн үндэслэлийг бүрэн шалгаагүй. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ хэд хэдэн захиргааны акт зөрчсөн үйлдэлд үнэлэлт өгөлгүй хууль зүйн дүгнэлтийг дутуу хийж хэргийг хуурмаг, ул суурьгүй шийдвэрлэсэн. Учир нь шүүгдэгч гэмт хэргийг үйлдэхдээ Зам, тээвэр хөгжлийн сайдын 2019 оны 03 сарын 25- ны өдрийн №93 тоот тушаал, Нийслэлийн засаг даргын 2019 оны 03 сарын 22-ны өдрийн №А/220 тоот захирамжаар “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг барих төсөл”-ийн ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан дээрх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны 04 сарын 15-ны өдрөөс 11 сарын 30-ны өдрийг хүртэлх” хугацаанд хаасугай”, тус авто замыг хаасантай холбоотойгоор түр ашиглах сайжруулсан шороон замаар бүх жин 3,5 тонноос дээш ачааны автомашин, тов оврын автобуснаас бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зорчуулах”-аар шийдвэрлэснийг шүүгдэгч зөрчсөнтэй холбоотой прокурор хяналтаа хэрэгжүүлээгүй, шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Энэ хэргийг үйлдэхэд жолоочийн эрхгүй этгээдээр жолоо бариулсан, тээврийн хэрэгслийн оношилгоонд тэнцээгүй, удаа дараагийн торгуультай автомашиныг зөвшөөрөгдөөгүй замд ажил гаргасан Н.Ө-т ямар нэгэн хариуцлага тооцоогүйд гомдолтой байна. Учир нь энэ хэргийг хянасан мөрдөн байцаагч, прокурор, шүүх иргэний хариуцагч Н.Ө-т Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиар ямар нэгэн хариуцлага тооцоогүй нь шударга ёс, хууль ёс, хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг гажуудуулж, хариуцлагаас бултуулж, хууль завхруулагчийг өөгшүүлсэн нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх хянаж зөвтгөж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх ашгийг хамгаалаагүй. Иймд магадлалд өөрчлөлт оруулж шударга ёсыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гаргасан сэтгэл санааны хохирол болон гэм хорын хохиролтой холбоотой асуудлыг шүүх шийдээгүй орхисон. Түүнчлэн бусад зардлаас холбогдох 1,045,450 төгрөг, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн хөлс 700,000 төгрөгийг шүүгдэгч төлөөгүй. Эдгээр байдлыг харгалзаж үзэлгүйгээр улсын яллагч 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж шүүх баталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэм хорын хохиролтой холбоотой хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаа бол иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тодорхой зааж өгөлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тухайн гэм хорын хохирлын талаарх нэхэмжлэл гаргасан, тухайн хүрээнд мэтгэлцээн явагдсан бол хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүх дүгнэлтэд тусгах ёстой. Мөн шүүх хэргийн нөхцөл байдалд нөлөөлөх хууль зүйн дүгнэлтийг дутуу хийсэн гэж үзэж байна. Осол гарах шалтгаан нь шүүгдэгч нь тухайн тээврийн хэрэгслийн нөхцөл байдлыг шалгаагүйн улмаас, нөгөө талаас жолооч хориглосон замын талбай дээр явж байсан. Үүнтэй холбоотой 18 удаагийн торгууль тавигдсан байдаг бөгөөд энэ байдлыг судалж үзээгүй. Мөрдөгч, прокурор тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгах ёстой. Уг гэмт хэргийг үйлдэхэд жолоо барих эрхгүй этгээдээр жолоо бариулсан иргэний н.Ө-т Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцоогүй” гэв.

 

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Э-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна. Хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Анхан шатны шүүх хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс зарим хэсгийг хасаж тооцсон. Өөрөөр хэлбэл хэрэглээний эд зүйл, согтууруулах ундааны зүйл худалдан авсан, шууд хохиролтой холбоотой нотлогдохгүй гэсэн зарим зүйлүүдийг хасаж тооцсон нь үндэслэлтэй байна. Мөн бусад хохирлын талаарх баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхисон байгаа. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ын гаргасан гомдлыг үндэслэн Г.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Г.Э нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар Налайх чиглэлийн сайжруулсан шороон зам дээр Налайх дүүрэг рүү чиглэн 17-57 УНГ улсын дугаартай “Синотрак” маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно” а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: мөн дүрмийн 3.4а-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ” а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, /4 дүгээр хавсралтын 5.2-т “Хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” мөн дүрмийн 11.6-д заасан “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гал талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад зүүн гар талын аль эгнээгээр явахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж Улаанбаатар хот руу чиглэн эгнээнд ослын дохиогоо асаан зогсож байсан 44-81 ХЭҮ улсын дугаартай “Хюундай Старекс” маркийн тээврийн хэрэгслийн дэргэд зогсож байсан зорчигч Л.Б-г уг тээврийн хэрэгсэлтэй хавсарч мөргөн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Э-н гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гаргасан зөрчил нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон гэж дүгнэн, түүний уг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гаргасан гомдолдоо шүүгдэгч Г.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн дээр дурдсан холбогдох заалтуудаас гадна Зам тээврийн хөгжлийн сайдын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто зам барих төсөлтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд бүх жин нь 3,5 тонноос дээш ачааны автомашиныг оролцуулахгүй тухай шийдвэрийг зөрчсөн нь шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ёстой талаар дурдсан байна.  

 

Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтоож Засгийн газар батлахаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан бөгөөд хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор нийслэлийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох тухай зохицуулалт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэгдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолд дурдсан эрх зүйн актууд тухайн үед буюу 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хамаарахгүй байсан тул Эрүүгийн хуулийн уг зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын хэр хэмжээнд нөлөө үзүүлэхгүй болно.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Г.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан ялын төрлөөс хорих ялыг сонгон тус зүйл, хэсэгт заасан хэмжээ хязгаарын хүрээнд буюу шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хөнгөдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн гомдолд дурдсан Н.Ө нь гэмт хэрэг үйлдээгүй, сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй, гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч Г.Эын жолоодож явсан 17-57 УНГ улсын дугаартай “Синотрак” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч болохын хувьд түүнийг иргэний хариуцагчаар татаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээд хэмээн анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Тээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэргийн хор уршгийн хэмжээ, нөхөн төлүүлэх үндэслэлийг нотлох баримт дутуу болон бусад шалтгаанаар тооцон гаргах боломжгүй тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс гадна тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийг иргэний хариуцагчаар татан оролцуулах замаар шийдвэрлүүлэхээр шилжүүлэх нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээх, хууль ёсны ашиг сонирхлыг эцэслэн хамгаалах зорилготой тул хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Э, тээврийн хэрэгслийн эзэмшигч, иргэний хариуцагч Н.Ө нараас гэм хор учруулснаас үүсэх үүргийн хүрээнд хор уршгийн төлбөрийн асуудлыг нэмж шийдвэрлүүлэхээр шүүхэд хандах боломжтой юм.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 866 дугаар магадлалыг тус тус хэвээр хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-н хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                               Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                             С.БАТДЭЛГЭР                

                                                            Б.БАТЦЭРЭН

                                                          Ч.ХОСБАЯР