Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/хт2024/00020

 

 

Д.Жы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тахимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02888 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/02022 дугаар магадлалтай,

Д.Жы нэхэмжлэлтэй

Үд холбогдох

Үд ажиллаж байсан хугацааны төлөгдөөгүй 2002 оны 05-12 сар, 2005 оны 09 дүгээр сар, 2007 оны 11 дүгээр сар, 2008 оны 08 дугаар сар, 2012 оны 01-05 дугаар сар хүртэл нийт 16 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,

2012 оны 07 сараас 2017 оны 10 сар хүртэл 834,833 төгрөгөөр, 2017 оны 11 сарыг 1,105,942 төгрөгөөр, 2021 оны 03 сараас 2021 оны 04 сар хүртэл 603,816.5 төгрөгөөр буюу шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 1 сарын дундаж цалингийн хэмжээнээс багаар тооцон 67 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулсан байгааг залруулж, шүүхийн шийдвэрээр тогтоосон дундаж цалин хөлснөөс тооцуулан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах,

2021.05.11-ний өдрөөс 2023.09.05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговор 33,448,626 төгрөг, 2017 оны 11 дүгээр сар, 2021 оны 03 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд дутуу олгосон олговор 1,309,234 төгрөг, нийт 34,757,950 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 Хариуцагчийн төлөөлөгч Д.Аын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ж нь Үд холбогдуулан “Үд ажиллаж байсан хугацааны төлөгдөөгүй 2002 оны 05-12 сар, 2005 оны 09 дүгээр сар, 2007 оны 11 дүгээр сар, 2008 оны 08 дугаар сар, 2012 оны 01-05 дугаар сар хүртэл нийт 16 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2012 оны 07 сараас 2017 оны 10 сар хүртэл 834,833 төгрөгөөр, 2017 оны 11 сарыг 1,105,942 төгрөгөөр, 2021 оны 03 сараас 2021 оны 04 сар хүртэл 603,816.5 төгрөгөөр буюу шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 1 сарын дундаж цалингийн хэмжээнээс багаар тооцон 67 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулсан байгааг залруулж, шүүхийн шийдвэрээр тогтоосон дундаж цалин хөлснөөс тооцуулан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах, 2021.05.11-ний өдрөөс 2023.09.05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговор 33,448,626 төгрөг, 2017 оны 11 дүгээр сар, 2021 оны 03 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд дутуу олгосон олговор 1,309,234 төгрөг, нийт 34,757,950 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02888 дугаар шийдвэрээр: “...Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 6 дугаар зүйлийн 2, Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Жы төлөгдөөгүй 13 сар буюу 6,767,653 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагч Үд даалгаж, 2005 оны 9 сар, 2008 оны 8 сар, 2007 оны 11 саруудад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Жы хөдөлмөрийн хөлс нийт 67 сар буюу 25,165,324 төгрөгөөр дутуу тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч Үд даалгах, хариуцагч Үөөс 32,886,936 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 561,690 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1.6, 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Жы төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт бичилт хийхийг Үд үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Жы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383,896 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Үөөс улсын тэмдэгтийн хураамжид 398,622 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Жд олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/02022 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02888 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Жы 2012 оны 01-05 дугаар сарын буюу 5,096,333 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Үд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 05-12 дугаар сар, 2005 оны 09 дүгээр сар, 2008 оны 08 дугаар сар, 2017 оны 11 дүгээр саруудад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, “2. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Жы ажилгүй байсан 2012 оны 07 сараас 2017 оны 10 дугаар сарын хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг 25,165,324 төгрөгөөр нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч Үд даалгасугай.” гэсэн заалт нэмж, “3. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Үөөс 32,886,936 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 561,690 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 4 гэж, 3 дахь заалтыг 5 гэж, 4 дэх заалтыг 6 гэж дугаарлалтыг өөрчлөн, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Д.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.19-ний өдрийн 181/ШШ2023/02888 дугаар шийдвэрт хариуцагч Монгол Улсын Үийн ажлын албанаас давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.20-ны өдрийн 210/МА2023/02022 дугаар магадлалаар хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2023/02022 дугаар магадлалын хянавал хэсэгт: ...Нэхэмжлэгч иргэн Д.Жы нэг сарын дундаж цалин хөлс 2012 оны 5 сарын байдлаар 1,207,633 төгрөг байсан болохыг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2018.01.17-ны өдрийн 134 шийдвэрээр тогтоосон, уг шийдвэр хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч нь 2012.06.13-ны өдрөөс 2017.11.08-ны өдрийн хугацааны ажилгүй байсан хугацааны цалинд 106,733,380 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, улмаар нэхэмжлэлийн шаардлагаа багасган 54,100,413 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах шаардлагаас татгалзаагүй, шүүх өөрөөр шийдвэрлээгүй байна. Иймд нэхэмжлэгч мөнгө гаргуулах шаардлагын хэмжээг багасгах нь түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үүргээс хариуцагчийг чөлөөлөхгүй юм. Мөн дээрх магадлалын тогтоох хэсэгт: ... “2.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Жы ажилгүй байсан 2012 оны 07 сараас 2017 оны 10 сарын хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг 25,1675,324 төгрөгөөр нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч Үд даалгасугай” гэх заалт нэмж шийдвэрлэжээ. Үөөс Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2018.01.17-ны өдрийн 134 шийдвэрээр тогтоосон нэхэмжлэгч Д.Жд олгох 54,100,413 төгрөг олгохоор шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэрт дурдсан 66 сарын хугацаанд хувааж (516,832 төгрөг+34883 төгрөг* 64 сар+151,069=54,100,413) нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд тайлагнасан бөгөөд 2017.11.01-нээс 11 дүгээр сарын 08-ны өдрүүдийн олговрын хэмжээг 151,069 төгрөгөөр тооцсон болно. Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тогтоосон хувь хэмжээ /хувиар/ төлөх шимтгэлийн хэмжээг тогтоосон хуулийн заалтыг баримтлаагүй, өмнөх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 134 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Д.Жд олгохоор заасан олговрыг хариуцагч тал шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд хуваан цалин хөлсийг олгон,  түүнд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн нь анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэгдсэн иргэний хэргийн баримтаас тодорхой байхад хариуцагч буюу ажил олгогчоос нэхэмжлэгч Д.Жд шүүхийн шийдвэрээр тогтоосон цалин хөлс олгосны дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх бус тухайн жилийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон даатгалыг төлөх ёстой гэж шийдвэрлэсэн дээр дурдсан хуулийг баримтлаагүй, хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч шүүхийн шийдвэрт заасан нэхэмжлэгчийн багасгасан шаардлагын дагуу цалин хөлсийг олгосон бөгөөд тухайн олгосон цалин хөлсний хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн болно.

4.2 Манай байгууллагын зүгээс иргэн Д.Жы нэхэмжлэлтэй шүүхийн шийдвэрийн дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлсэн, мөн шинээр илэрсэн нөхцөл байдал цаг хугацааны хувьд, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар Үийн ажлын албаны даргыг томилохдоо Монгол Улсын Ерөнхийлөгч, Үийн тэргүүн, нарийн бичгийн дарга нар зөвшилцөн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч Д.Ж нь тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш 3 дахь Монгол Улсын Ерөнхийлөгч, Үийн тэргүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа бөгөөд өмнөх аль ч албан тушаалтан Д.Жыг тухайн албан тушаалд буцаан томилоогүйг шүүх анхаарч үзэх нь зүйтэй юм. Д.Жы талаар анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх ажиллагаанд тодорхой баримтууд өгсөн байдаг. Төрийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах үүрэгтэй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгч Д.Аын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.01.11-ний өдрийн 001/ШХТ2024/00091 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн төлөөлөгч Д.Аын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Д.Ж нь Үд холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах болон ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зарим хугацааг нэмэгдүүлж, шаардлагаа дараах байдлаар тодруулжээ. Үүнд.

7.1. Үд ажилласан байсан хугацааны төлөгдөөгүй 2002 оны 05-12 сар, 2005 оны 09 дүгээр сар, 2007 оны 11 дүгээр сар, 2008 оны 08 дугаар сар, 2012 оны 01-05 дугаар сар хүртэл нийт 16 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,

7.2. 2012 оны 07 сараас 2017 оны 10 сар хүртэл 834,833 төгрөгөөр, 2017 оны 11 сарыг 1,105,942 төгрөгөөр, 2021 оны 03 сараас 2021 оны 04 сар хүртэл 603,816.5 төгрөгөөр буюу шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 1 сарын дундаж цалингийн хэмжээнээс багаар тооцон 67 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулсан байгааг залруулж, шүүхийн шийдвэрээр тогтоосон дундаж цалин хөлснөөс тооцуулан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах,

7.3. 2021.05.11-ний өдрөөс 2023.09.05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговор 33,448,626 төгрөг, 2017 оны 11 дүгээр сар, 2021 оны 03 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд дутуу олгосон олговор 1,309,234 төгрөг, нийт 34,757,950 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах гэжээ.

Мөн нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлээ “...Монгол Улсын Үийн ажлын албаны даргаар ажиллаж байгаад Үийн нарийн бичгийн даргын 2009.06.26-ны өдрийн 15 дугаар захирамжаар ажлаасаа халагдаж, ...Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хэргийг хэлэлцэн 2010.02.02-ны өдрийн 74 дүгээр шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосныг ...Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2010.04.20-ны өдрийн 178 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010.12.14-ний өдрийн №1669 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж, ... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2010.12.28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгээд шийдвэр биелэгдээгүй, ...Ү нь намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн аваагүй, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгохгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус зөрчиж байна...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч Ү нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Д.Ж нь өөрөө Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.7, 16.5.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т заасны дагуу санхүү нягтлан бодох бүртгэлтэй холбоотой хууль журмын дагуу хэрэгжилтийг тухай бүр ханган, хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтан байсан тул ажлын албаны даргаар ажиллаж байсан үеийн буюу 2002.05.01-12.31-нийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлөлттэй холбоотой асуудал нь өөрийн буруутай үйл ажиллагаатай хамааралтай. ... Шүүхийн шийдвэрийн дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн. ...Цэргийн тэтгэвэр тогтоолгосон, иргэний хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгож, 2 төрлийн тэтгэвэр тогтоолгох боломж нөхцөл бий болж, тухайн иргэний хууль ёсны эрх хангагдсан ...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч Д.Жыг Үийн ажлын албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг өнөөг хүртэл биелүүлээгүй нь ... тогтоогдсон. Хариуцагч ... нь 2002.05.01-ний өдрөөс Д.Жыг ажиллуулж эхэлсэн боловч нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажилт хийгээгүй болох нь ... нотлогдсон. Харин нэхэмжлэгчийн 2005 оны 9 сар, 2008 оны 8 сар, 2007 оны 11 саруудад ээлжийн амралттай байсан байх магадлалтай, учир нь тухайн үед 1 сарын хөдөлмөрийн хөлс 419,659 төгрөг атал 2007 оны 10 сард 1,192,271 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдэх боломжгүй, ... Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн ажиллах байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй 2002 оны нийт 8 сар буюу 729,488 төгрөг, 2021 оны нийт 5 сар буюу 6,038,165 төгрөг, нийт 13 сар буюу 6,767,653 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй, ... Ү нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхдөө нэг сарын хөдөлмөрийн хөлс 1,207,633 төгрөгөөс бус 834,883 төгрөгөөр тооцон 2012 оны 7 сараас 2017 оны 11 сар хүртэл ... нийт 64 сарын хугацаанд ... 23,856,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл дутуу тайлагнасан, ... 2017 оны 11 сард 1,105,942 төгрөгөөс ... 2021 оны 3,4 дүгээр сард 603,816 төгрөгөөс  ... хөдөлмөрийн хөлсийг тооцон нийт 3 сарын 1,309,324 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл дутуу тайлагнасан, ... нийт 67 сарын хөдөлмөрийн хөлсийг /1,309,324+23,856,000=25,165,324/ 25,165,324 төгрөгөөр дутуу тайлагнасан болох нь шинжээчийн дүгнэлт, нийгмийн даатгалын нэгдсэн санд бүртгэгдсэн бүртгэлээр тогтоогдож байх тул нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгахаар, ... Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан үүргээ биелүүлээгүй тул ...нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2021.05.01-ний өдрөөс 2023.09.05-ны өдрийг хүртэлх 27 сар 5 хоногийн цалинтай тэнцэх олговорт 32,886,936 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 561,690 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй, ...Д.Жы ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг Үд даалгах нь зүйтэй.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй 2002 оны 05-12 сарын хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагч Үийн ажлын албаны даргаар ажиллаж байсан тул энэ талаарх эрхээ зөрчигдсөнийг тухайн хугацаанд мэдэх ёстой байсан гэж үзнэ. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад ажиллаж байх үедээ эрх нь зөрчигдсөн асуудлаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд эрх бүхий этгээдэд хандан гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснийг анхан шатны шүүх анхаараагүй байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн 2002 оны 05-12 сарын хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй. Нэхэмжлэгч мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан нь түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үүргээс хариуцагчийг чөлөөлөхгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2012.06.13-ны өдрөөс 2017.11.08-ны өдрийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг, нэг сарын 1,207,633 төгрөгөөс тооцон 25,165,324 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлөх үүрэгтэй, ... нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрээгүй байх тул тэтгэвэр тогтоолгосон гэх үндэслэлээр ажилгүй байсан хугацааны олговор олгох боломжгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. ...” гэсэн дүгнэлт хийжээ.

11. Хоёр шатны шүүх ажлаас буруу халсан үеийн олговрыг олгоход ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргийн талаарх хуулийн зохицуулалтыг зөрүүгүй тайлбарлан хэрэглэсэн боловч хариуцагчаас гаргасан “нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагын хүрээнд шүүхийн шийдвэрээр тогтоосноор ажилтанд олгосон олговрын хэмжээнд ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлснийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаараагүй” гэсэн агуулга бүхий гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.

12. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010.02.02-ны өдрийн 74 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010.04.20-ны өдрийн 178 дугаар магадлалаар нэхэмжлэгч Д.Жыг Үийн ажлын албаны даргын албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэр, магадлалыг биелүүлээгүй буюу нэхэмжлэгчийг одоог хүртэл ажилд нь эгүүлэн томилоогүй байх ба нэхэмжлэгчээс ажлаас буруу халсан үеийн олговор шаардан шүүхэд хандаж, шүүх тухай бүр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулан шийдвэрлэж байжээ.

13. Нэхэмжлэгч Д.Ж нь нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлага гаргасан байх ба анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн 2002 оны 05 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагын талаар өөр өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан байна.

Тухайлбал анхан шатны шүүх энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх үүрэгтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг энэ талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, тухайн үед нэхэмжлэгч нь Үийн ажлын албаны даргаар ажиллаж байсан тул энэ талаарх эрхээ зөрчигдсөнийг тухайн хугацаанд мэдэх ёстой байсан гэж үзэж, шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

14. Нэхэмжлэгч Д.Жыг Монгол Улсын Үийн нарийн бичгийн даргын 2009.06.26-ны өдрийн 15 дугаар захирамжаар ажлаас халснаас хойш ажилдаа эгүүлэн томилогдоогүй ба түүнийг ажлаас халах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан маргаанд хамаарах хуулиуд шинэчлэгдэн батлагдсан байна.

Эдгээрээс дурдвал Төрийн албаны тухай хуулийг 2017.12.07-ны өдөр шинэчлэн баталж, 2019.01.01-ний өдрөөс дагаж мөрдсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021.07.02-ны өдөр баталж, 2022.01.01-ний өдрөөс дагаж мөрдсөн, Нийгмийн даатгалын тухай хуулийг 2023.07.07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцож, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2024.01.01-ний өдрөөс, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг 2023.07.07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024.01.01-ний өдрөөс тус тус дагаж мөрдсөн.

15. Нэхэмжлэгчийн дээрх шаардлагын тухайд 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хэрэглэгдэх бөгөөд энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д маргааны талаар гомдол гаргах хугацааг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч 2022.08.09-ний өдөр энэ талаар шүүхэд гомдол гаргасан нь энэ хугацааг хэтрүүлсний гадна тухайн байгууллагад ажиллаж байх үедээ эрх бүхий албан тушаалтан байсны хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос төлж байгаа эсэхийг мэдэх боломжтой байсан гэж үзнэ. 

Иймээс давж заалдах шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1-д нийцсэн байх ба нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

16. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн бусад шаардлага буюу зарим хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагын үндэслэлээ ажил олгогчийн зүгээс шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны олговрыг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхдөө шүүхийн шийдвэрээр тогтоосон дундаж цалин хөлсний хэмжээг зөрүүтэй буюу багаар тооцсон гэж тодорхойлж, улмаар энэхүү нөхцөл байдал нь зохигчийн маргааны зүйл болжээ. 

Тодруулбал нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг шийдвэрлэсэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012.06.13-ны өдрийн 1097 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.17-ны 181/ШШ2018/00134 дүгээр шийдвэрт зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг нэг сарын 1,207,633 төгрөг, 1 өдрийн 56,169 төгрөг гэж тогтоосон, мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.17-ны 181/ШШ2018/00134 дүгээр шийдвэрт шүүхээс нэхэмжлэгчийн 2012.06.13-2017.11.08-ны өдрийг хүртэл хугацааны олговрыг нийт 80,546,313 төгрөгөөр тооцсон боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өөрчилсөн үндэслэлээр хариуцагчаас дурдсан хугацааны олговорт нийт 54,100,143 төгрөг гаргуулахаар заасан.

Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.02-ны 181/ШШ2019/02480 дугаар шийдвэрт 2017.11.08-2019.10.01 хүртэл хугацааны олговорт нийт 27,522,799 төгрөг, 2021.05.11-ний өдрийн 181/ШШ2021/00895 дугаартай шийдвэрт 2019.10.01-2021.05.10-ны өдрийг хүртэл хугацааны олговорт 22,130,577 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

Хариуцагчаас ийнхүү шүүхийн шийдвэрт заасан олговрын хэмжээгээр нийгмийн даатгалыг шимтгэлийг тайлагнаж төлсөн нь тогтоосон дундаж цалин хөлсний хэмжээнээс багаар тооцогдох үндэслэл болсон гэж маргажээ.

17. Анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ ажил олгогч буюу хариуцагчийг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон 1 сарын дундаж цалин хөлс болох 1,207,633 төгрөгөөр олговрыг тооцож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсний гадна давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан нь зөвхөн мөнгө гаргуулах тухай шаардлагын хэмжээг багасгасан гэж үзэж ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ажил олгогчид даалгах тухай шаардлагаасаа татгалзаагүй үндэслэлээр хариуцагчийг нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэснийг буруутгах үндэслэлгүй байна.

18. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар ажил олгогч болон ... ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй бөгөөд ийнхүү төлөхдөө Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан журмын дагуу шимтгэлийн тайлан буюу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл тодорхойлох хуудсыг үндэслэн шимтгэлийн тооцоог хийхээр байна.

Эндээс үзвэл ажил олгогч буюу хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхойлж төлөхдөө ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг үндэслэх тул нэхэмжлэгчийн нийгмийн даатгалыг шимтгэлийг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон 1 сарын дундаж цалин хөлс болох 1,207,633 төгрөгөөс тооцож, төлөхөөр байжээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас буруу халсны улмаас түүний ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо шүүхээс нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг нэг сард 1,207,633 төгрөг гэж тогтоосон бөгөөд энэ нь дээрх хуульд заасан нийгмийн даатгалыг шимтгэлийг тооцон төлөх хөдөлмөрийн хөлс болно.

19. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрсэн үндэслэлээр ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагын хэмжээг багасгасан нь ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцох хөдөлмөрийн хөлсний хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй юм.

20. Түүнчлэн нэхэмжлэгч нь зөвхөн олговрын хэмжээг багасгаж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ажил олгогчид даалгах тухай шаардлагыг өөрчлөөгүй, татгалзаагүй байна.

21. Иймээс хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “... шүүхийн шийдвэрээр тогтоосноор олгосон цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх ...” гэсэн агуулга бүхий гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

22. Нэхэмжлэгч Д.Ж нь 1959.05.01-ний өдөр төрсөн, 2024.05.01-ний өдөр 65 нас хүрэх ба Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар болон өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрээгүй үндэслэлээр 2 шатны шүүх түүний ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 127 дугаар зүйлийн 127.1-д нийцсэн.

23. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/02022 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Д.Аын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

  ШҮҮГЧИД                                                        Н.БАТЗОРИГ

                                                                                              Н.БАТЧИМЭГ

                                                                             П.ЗОЛЗАЯА