Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/02022

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/02022

 

2023.11.20 210/МА2023/02022

 

Д.Ж-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02888 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.Ж-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ҮАБЗ-д холбогдох,

 

ҮАБЗ-д ажиллаж байсан боловч төлөгдөөгүй 13 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 1 сарын дундаж цалингийн хэмжээнээс багаар тооцон 67 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулсан байгааг залруулж, шүүхийн шийдвэрээр тогтоосон дундаж цалин хөлснөөс тооцуулан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгуулах,хариуцагчаас 2021 оны 05 сарын 11-ний өдрөөс 2023 оны 09 сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговор 33,448,626 төгрөг, дутуу олгосон олговор 1,309,324 төгрөг, нийт 34,757,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ж-, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргын 2009 оны Сахилгын шийтгэл ногдуулах тухай 00- дугаартай захирамжаар төрийн албанаас халагдаж, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тус 00- дугаартай захирамжийг хүчингүй болохыг тогтоож, нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг ҮАБЗ-өөс гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч байгууллагаас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэхгүй өдийг хүрч байна.

1.2. ҮАБЗ- нь намайг ажиллаж байх хугацаанд, мөн түүнчлэн шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны олговор олгох ёстой хугацаанд буюу 2002 оны 05 сараас 2002 оны 12 сар хүртэл, 2005 оны 09 сар, 2007 оны 11 сар, 2008 оны 08 сар, 2012 оны 01 сараас 2012 оны 05 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийлгээгүй байна.

1.3. ҮАБЗ- нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-д заасныг зөрчиж, миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийлгээгүй, баталгаажуулаагүй байгаа нь Д.Ж- миний бие хуульд заасан нөхцөл боломжийн дагуу өндөр насны тэтгэврээ өөрт таатай нөхцөлөөр тогтоолгох боломжгүйд хүрээд байна.

1.4. Тус шүүхийн 2022 оны 00000- дугаартай шүүгчийн захирамжаар Нийгмийн даатгалын ерөнхий газрыг шинжээчээр томилж, захирамжид дурдсан асуултад хариулахыг даалгасан.

Шинжээчийн дүгнэлтэд Д.Ж- миний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг 24 жил 11 сар гээд, өндөр насны тэтгэвэр бодох хувийг 52,38 хувиар тооцсон байдаг.

Гэтэл ҮАБЗ- нь Д.Ж- намайг ажиллаж байсан хугацаанд мөн урьд эрхэлж байсан ажил эргүүлэн тогтоогүй тул ажилгүй байсан хугацааны туршид нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлсөн тохиолдолд миний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаа 28 жил 1 сар болохоор байх бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу өндөр насны тэтгэвэр бодох хувь нь 57.13 хувиар тооцогдохоор байгаа юм.

1.5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 00001- дугаартай шийдвэрээр миний 1 сарын дундаж цалин хөлсийг 1,207,633 төгрөг, 1 өдрийн цалин хөлсийг 56,169 төгрөгөөр тус тус тогтоосон байдаг.

Гэтэл ҮАБЗ-өөс дор дурдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг миний нэг сарын дундаж цалин хөлсөөс бус багасгасан дүнгээс тооцон 2012 оны 07 сараас 2017 оны 10 сар хүртэл 834,883.00 төгрөг, 2017 оны 11 сар 1,105,942.00 төгрөг, 2021 оны 03 сараас 2021 оны 04 сар хүртэл 603,816.50 төгрөг төлсөн байгаа нь үндэслэлгүй.

1.6. ҮАБЗ- нь Д.Ж-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоогоогүй атал өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгохгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж байна.

Иймд ҮАБЗ-д ажиллаж байсан боловч огт төлөгдөөгүй байгаа 13 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 1 сарын дундаж цалингийн хэмжээнээс багаар тооцон 67 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулсан байгааг залруулж, шүүхийн шийдвэрээр тогтоосон дундаж цалин хөлснөөс тооцуулан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгуулах, хариуцагчаас урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилоогүй хугацааны олговорыг 2021 оны 05 сарын 11-ний өдрөөс 2023 оны 09 сарын 05-ний өдрийг хүртэл хугацааны буюу 27 сар 00- хоногийн 33,448,626 төгрөг гаргуулах 2017 оны 11 сар, 2021 оны 3 сараас 2021 оны 4 сарыг дуустал хугацаанд дутуу олгосон олговор 1,309,324 төгрөг, нийт 34,757,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Д.Ж- нь Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын 2002 оны 05 сарын 01-ний өдрийн 08 дугаар захирамжаар ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар томилогдсон байна.

Д.Ж-ы ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан үеийн буюу 2002 оны 05 сарын 01-ний өдрөөс мөн оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлөлттэй холбоотой асуудал нь өөрийн буруутай үйл ажиллагаатай хамааралтай гэж үзэж байгаа бөгөөд энэ талаарх тайлбарыг иргэн Д.Ж-аас өөрөөс нь, шаардлагатай бол одоогийн Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас тайлбар, мэдээлэл авах боломжтой гэж үзэж байна.

2.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 06 сарын 13-ны өдрийн 1097 дугаар шийдвэрээр 11,957,374 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/00001- дүгээр шийдвэрээр 54,100,413 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 00002- дугаар шийдвэрээр 27,522,799 төгрөг олгохоор шийдвэрлэсний дагуу ХЗДХ-ийн сайдын 2021 оны 04 сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар нийт 81,623,212 төгрөг Д.Ж-д олгож шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.

2.3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00003- дугаар шийдвэрээр 22,130,577 төгрөг олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу төлөхөөр шийдвэрлэсний дагуу манай байгууллагын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 22/4-165 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

2.4. Иймд нэгэнт нотлох баримтаар тогтоогдож шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч иргэн Д.Ж-ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн бөгөөд Д.Ж- нь дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдийг зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй. Манай байгууллагын зүгээс Д.Ж- нэхэмжлэлтэй шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийг шүүхийн шийдвэрүүдийн дагуу нөхөн төлөх бүхий л боломжит арга хэмжээг хуулийн дагуу авч хэрэгжүүлэн, иргэн Д.Ж-ыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжийг хууль, эрх зүйн дагуу бүрдүүлсэн бөгөөд энэ талаар шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтэд ч дурдсан байна.Дээрх нөхцөл байдлаас үзэхэд иргэн Д. Жаргалсайханы нэхэмжлэлд дурдсан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хууль, эрх зүйн боломжгүй нөхцөл байдал үүссэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийг дутуу төлсөн гэх шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 6 дугаар зүйлийн 2, Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ж-ы төлөгдөөгүй 13 сар буюу 6,767,653 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагч ҮАБЗ-д даалгаж, 2005 оны 9 сар, 2008 оны 8 сар, 2007 оны 11 саруудад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,нэхэмжлэгч Д.Ж-ы хөдөлмөрийн хөлс нийт 67 сар буюу 25,165,324 төгрөгөөр дутуу тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч ҮАБЗ-д даалгах, хариуцагч ҮАБЗ-өөс 32,886,936 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 561,690 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 сарын дундаж цалингийн хэмжээнээс багаар тооцсон 67 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухайд:

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ201800001- дугаар шийдвэрийн дагуу ҮАБЗ-өөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2012 оны 06 сарын 13-ны өдрөөс 2017 оны 11 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны 1 сарын дундаж цалин хөлсийг 1,207,633 төгрөг, нэг өдрийн 56, 169 төгрөгийн хэмжээгээр тооцвол 80,546,313 төгрөг байх боловч шүүх нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд 54,100,413 төгрөг гэж шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэрт дурдсан хугацааны дагуу 54,100,413 төгрөгийг 2012 оны 06 сарын 13-ны өдрөөс 2017 оны 11 сарын 08-ны өдрийг хүртэлх 66 сарын хугацаанд хувааж, (516,832 төгрөг+34883 төгрөг * 64 cap+00-1,069 төгрөг=54, 100,413 төгрөг) нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тайлагнасан бөгөөд 2017 оны 11 сарын 01-нээс 11 сарын 08-ны өдрүүдийн олговрын хэмжээг 00-1,069 төгрөгөөр тооцсон болно.

Иймд тус шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлсийг нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд багасгаж шийдвэрлэсэн үйл баримтаар тогтоогдсон атал шүүх нэгэнт үйл баримтаар тогтоогдсон шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын шинжээч дүгнэлт гаргахдаа:

Нэхэмжлэгч Д.Ж-ы ажилгүй байсан хугацааны сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг 1,207,633 төгрөгөөс тооцож, тэтгэврийн болон нийгмийн даатгалын санд шимтгэл төлөх дүгнэлт гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн дээр дурдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг бодохдоо Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 181/ШШ201800001- дугаар шийдвэрт дурдсан хэмжээнээс зөрүүтэй тооцоо гарган, дүгнэлт ирүүлснийг шүүх нягтлан үзээгүй шууд шийдвэр гаргах үндэслэлээ болгон шийдвэрлэсэн нь өмнө нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар атал шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

4.3. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 05 сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00003- дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Ж-ы ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 22,130,577 төгрөг олгож, зохих журмын дагуу төлөхөөр шийдвэрлэсний дагуу манай байгууллагын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2022 оны 03 сарын 25-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зохих дансанд шилжүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 22/4-165 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоол-оор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Нэхэмжлэгч Д.Ж- нь дээрх шүүхийн шийдвэртэй холбогдуулан аливаа гомдол, маргаан гаргаагүй бөгөөд 2022 оны 08 сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 00-4 дүгээр зүйлийн 00-4.2.1-т заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаантай холбоотой асуудлаар гомдол гаргах 90 хоногийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэн шүүхэд гомдол гаргасан гэж үзэж байна.

4.4. 2021 оны 05 сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 32,886,936 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Д.Ж-д олгуулах тухайд:

Манай байгууллагын зүгээс Д.Ж-ы нэхэмжлэлтэй шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийг төлөх бүхий л боломжит арга хэмжээг хуулийн дагуу авч хэрэгжүүлэн, нэхэмжлэгч Д.Ж-ыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжийг бүрдүүлсэн. Монгол Улсын ҮАБЗ-ийн тухай хуульд зааснаар ҮАБЗ-ийн Ажлын албаны даргын албан тушаалтныг томилох нь Монгол Улсын ҮАБЗ-ийн тэргүүн, нарийн бичгийн дарга нар зөвшилцөн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудал бөгөөд одоогоор Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргын албан тушаалд холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтлэг болон тусгай шаардлага хангасан хүнийг томилон ажиллуулж байна.

Нэхэмжлэгч Д.Ж- нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8-д заасан төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтан, иргэний аюулгүй байдлын шалгалтаар тэнцээгүй, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д заасан шаардлагыг хангахгүй байх тул тухайн албан тушаалд буцаан томилох боломжгүй юм.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, нэхэмжлэгч Д.Ж- нь цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгосон, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн албаны жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангахгүй байх тул буцаан албан тушаалд нь томилох боломжгүй бөгөөд 2021 оны 05 сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 сарын 05-ны өдрийг хүртэлх нэхэмжлэгч Д.Ж-ы ажилгүй байсан хугацааны олговор 32,886,936 төгрөгийг төлөх үүргийг тус байгууллага хүлээхгүй гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Д.Ж-ыг ҮАБЗ-ийн ажлын албаны даргын албан тушаалаас халсан тушаал нь хууль бус болохыг тогтоосон Захиргааны хэргийн шүүхийн 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Үндсэндээ 14 жил буюу өнөөдрийг хүртэл маргаж байна. Нэхэмжлэгч өнөөдрийн байдлаар тэтгэвэр тогтоолгосон. Гэхдээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан эрх нь ноцтой зөрчигдөж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасны дагуу ажилд нь эгүүлэн авах шаардлагатай. Хариуцагчийн зүгээс гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Ж- нь хариуцагч ҮАБЗ-д холбогдуулан ҮАБЗ-д ажиллаж байх үед төлөгдөөгүй 13 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 1 сарын дундаж цалингаас 67 сарын хугацаанд багаар тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлснийг залруулж, дундаж цалин хөлснөөс тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах, нэхэмжлэгчийн 2021 оны 05 сарын 11-ний өдрөөс 2023 оны 09 сарын 05-ний өдрийн хугацаанд ажилгүй байсан үеийн олговор 33,448,626 төгрөг, дутуу олгосон олговор 1,309,324 төгрөг, нийт 34,757,950 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч ҮАБЗ- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ж-ыг Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 02 сарын 02-ны өдрийн 74 дугаар шийдвэрийг биелүүлэх үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч Д.Ж-ы эрх зөрчигдсөн, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн үр дагаврыг нэхэмжлэгч шаардсан талаархи үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч, нэхэмжлэгчийн 13 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхтэй холбоотой шаардлагад Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болсныг давж заалдах шүүх залруулж өөрчилнө.

4.1. Нэхэмжлэгч нь 2002 оны 05 сараас 2009 оны 06 сарын хугацаанд ҮАБЗ-ийн Ажлын албанд ажиллаж байх үеийн буюу 2002 оны 05-12 сар, 2005 оны 09 сар, 2007 оны 11 сар, 2008 оны 08 сар, 2012 оны 01-05 сарын хугацаанд төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх шаардлага гаргаснаас анхан шатны шүүх 2005 оны 9, 2008 оны 8, 2007 оны 11 саруудад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бусад цаг хугацаанд хамаарах шаардлагыг хангажээ.

4.2. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгчийг ҮАБЗ-ийн Ажлын албанд ажиллаж байх үед түүний 2002 оны 05-12 сард хамаарах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 46 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн цалин хөлснөөс тооцон төлж, зохих бичилт хийх үүргээ биелүүлээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэхээр нэрлэн зааснаас бусад маргааныг эрх нь зөрчигдсөн этгээд мөн хуулийн 126, 129 дүгээр зүйлд заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргах замаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй байна.

4.3. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй 2002 оны 05-12 сарын хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагч ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан тул энэ талаархи эрхээ зөрчигдсөнийг тухайн хугацаанд мэдэх ёстой байсан гэж үзнэ. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад ажиллаж байх үедээ эрх нь зөрчигдсөн асуудлаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд эрх бүхий этгээдэд хандан гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснийг анхан шатны шүүх анхаараагүй байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн 2002 оны 05-12 сарын хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

Харин нэхэмжлэгчийн 2012 оны 01-05 сарын хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлээс 1-4 сард хамаарах 3,888,700 төгрөг /1 сарын 892,175 төгрөг + 80,000 төгрөг = 972,175 төгрөгийг x 4 = 3,888,700 төгрөг/, мөн 2012 оны 07-10 сард хамаарах хугацааны 1,207,633 төгрөг, нийт 5,096,333 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлс 2012 оны 05 сарын байдлаар 1,207,633 төгрөг байсан болохыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 134 дугаар шийдвэрээр тогтоосон, уг шийдвэр хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч нь 2012 оны 06 сарын 13-ны өдрөөс 2017 оны 11 сарын 08-ны өдрийн хугацааны ажилгүй байсан хугацааны цалинд 106,733,380 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, улмаар нэхэмжлэлийн шаардлагаа багасган 54,100,413 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгахаар шаардсан нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрт, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагаас татгалзаагүй, шүүх өөрөөр шийдвэрлээгүй байна. Иймд нэхэмжлэгч мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан нь түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үүргээс хариуцагчийг чөлөөлөхгүй юм.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоолгох шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн хэвээр үргэлжилж байх тул хөөн хэлэлцэх өнгөрсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2012 оны 06 сарын 13-ны өдрөөс 2017 оны 11 сарын 08-ны өдрийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг, нэг сарын 1,207,633 төгрөгөөс тооцон 25,165,324 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлөх үүрэгтэй.

 

6. Нэхэмжлэгч нь 2021 оны 05 сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 сарын 05-ны өдрийн хугацааны ажилгүй байсан олговорт 33,448,626 төгрөг гаргуулах нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч Д.Ж- нь 1959 онд төрсөн бөгөөд 2024 оны 05 сарын 01-ний өдөр төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас хүрэхээр байна. Нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэл 24 жил 11 сар төлжээ.

 

Иймд Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрээгүй байх тул тэтгэвэр тогтоолгосон гэх үндэслэлээр ажилгүй байсан хугацааны олговор олгох боломжгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон байх ба нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй байна.

 

Энэ үндэслэлээр шүүх хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны олговорт 32,886,936 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн заалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүх залруулж, найруулгын өөрчлөлт оруулна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02888 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ж-ы 2012 оны 01-05 дугаар сарын буюу 5,096,333 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч ҮАБЗ-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2002 оны 05-12 дугаар сар, 2005 оны 9 сар, 2008 оны 8 сар, 2017 оны 11 саруудад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ж-ы ажилгүй байсан 2012 оны 07 сараас 2017 оны 10 сарын хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг 25,165,324 төгрөгөөр нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч ҮАБЗ-д даалгасугай гэх заалт нэмж,

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ҮАБЗ-өөс 32,886,936 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 561,690 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэх заалт нэмж,

 

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 4 гэж, 3 дахь заалтыг 5 гэж, 4 дэх заалтыг 6 гэж дугаарлалтыг өөрчлөн, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ