Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2024/00021

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/03973 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/02025 дугаар магадлалтай,

Б.М-ийн нэхэмжлэлтэй,

     Д.Ц-д холбогдох

Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцаа шилжүүлэх үүрэг хариуцагчид үүссэн болохыг тогтоолгож, “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Р.М, Д.Х, Ч.О, гуравдагч этгээд Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Р.М, Д.Х, Ч.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, түүний өмгөөлөгч Т.М, Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцаа шилжүүлэх үүрэг хариуцагчид үүссэн болохыг тогтоолгож, тус компанийн 95 хувийн хувьцааны эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Энэ хэрэгт Д.Б бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож тайлбар гаргасан байна.

2.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/03973 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ц нь 2017.01.09-ний өдөр байгуулагдсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.М-д шилжүүлэх үүргийг хүлээсэн болохыг тогтоож, “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.М-д шилжүүлэхийг хариуцагч Д.Ц-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/02025 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.12-ны өдрийн 101/ШШ2023/03973 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М, Д.Ц нарын хооронд 2017.01.09-ний өдөр байгуулагдсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.М-д шилжүүлэхийг хариуцагч Д.Ц-д даалгасугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч тал болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч Д.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” зэрэг үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1.Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж үздэг. Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт тусгажээ. Шийдвэр, магадлалд хуулийн дээрх заалтыг илтэд буруу хэрэглэж байгаа тул арга буюу хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл болж байна. Учир нь 2017.01.09-ний өдөр байгуулсан гэх компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ нь хоёр талт гэрээ тул Д.Ц болон Б.М нар нь хоёулаа гарын үсэг зурсан тохиолдолд гэрээ, хэлцэл хийсэн гэж үзэх юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Х-гийн 2022.10.13-ны өдрийн 3681 дүгээр шинжээчийн дүгнэлтэд “...Улсын бүртгэлийн ерөнхий газарт хадгалагдаж буй 19923 дугаартай “Т” ХХК-ийн хавтаст материалын 24 хуудсанд байх 2017.01.09-ний өдрийн огноотой компанийн эрх шилжүүлэх гэрээ гэсэн баримтын гэрээ байгуулсан хэсгийн шилжүүлэн авагч гэсний дор Б.М гэсний ард зурагдсан гарын үсэг болон 27 хуудсанд байх 2017.01.09-ний өдрийн огноотой компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ гэсэн баримтын 2 хуудасны доод хэсгийн худалдан авагч гэсний дор Б.М гэсний ард зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.М-ийн гарын үсгийн харьцангуй чөлөөт туршилтын загвартай тохирохгүй байна” гэжээ. Үүнээс үзэхэд компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнд гэрээний нэг талын гарын үсэг зурагдаагүй, хуурамч нотлох баримт болох нь илэрхий байна. Ийм байхад шийдвэр, магадлалд дээрх компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн дээрх заалтыг буруу хэрэглэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.

Магадлалын хянавал хэсгийн 4.3 дахь хэсэгт 2017.01.09-ний өдөр байгуулсан гэх компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээнд нэг тал Д.Ц гарын үсэг зурсан гэж дүгнэсэн атлаа нөгөө тал Б.М гарын үсэг зурагдаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй. Ингэсэн атлаа талууд гэрээг бичгээр байгуулж, Б.М болон Д.Ц нар нь гарын үсэг зурсан гэж дүгнэсэн байгааг нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдаа гэж үзэж байна. Учир нь шийдвэр, магадлалд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Х-гийн 2022.10.13-ны өдрийн 3681 дүгээр шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй үндэслэлээ дурдаагүй байна.

4.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь заалтад “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхаар заажээ. Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл байхаар, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад уг үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заажээ. Нэгэнт 2017.01.09-ний өдрийн огноотой компанийн эрх шилжүүлэх гэрээ болон компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээнд зурагдсан Б.М гэх гарын үсэг нь хуурамч тул уг гэрээг иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн нэхэмжлэгчийг хуурамч баримт бичиг үйлдэж, “Т” ХХК-ийн эрхийг гэмт хэргийн арга замаар шилжүүлэн авсан гэх асуудлаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт гомдол гарган шалгуулж байгаа юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана” гэжээ. Хуулийн дээрх заалтын улмаас Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс нь Д.Ц миний Б.М-д холбогдох гэмт хэргийн шинжтэй гомдлын шийдвэрийн үр дүнгийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан тул миний бие өмгөөлөгч Р.М-аар дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс лавлагаа гаргуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.20-ны өдрийн 101/Ш32022/15737 дугаар шүүгчийн захирамжаар өөрсдөө цуглуулах боломжтой гэж хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Яагаад гэвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нууцлалтай холбоотой мэдээлэл, лавлагааг зохигч өөрсдөө бие даан цуглуулах боломжгүй, зайлшгүй шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх нотлох баримт юм. Хэргийн оролцогч өөрөө цуглуулах боломжгүй нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлт гаргасаар байхад анхан шатны шүүх нотлох баримтыг бүрдүүлэх үүргээ зөрчиж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүйд гомдолтой байна.

Учир нь компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнд гарын үсгийг хуурамчаар үйлдэх нь гэмт хэргийн шинжтэй үйл баримт байхад энэ талаар лавлагааг уг гомдлыг шалгаж буй мөрдөн шалгах байгууллагаас гаргуулах нь хэргийн хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, цаашилбал нэгэнт үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үр дагаврыг үүсдэг. Анхан шатны шүүх нотлох баримт дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэл байсаар байхад давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Баримт бичгийг хуурамчаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг хүсэл зоригоос нь гадуур олж авах нь гэмт хэрэг. Уг гэмт хэргийг өөгшүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил юм.

4.3.“Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ц миний бие 2017.01.09-ний өдрийн 17/04 дүгээр шийдвэрээр 95 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр Б.М-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Учир нь анх Б.М нь Д.Ц надаас шилжүүлэн авсан “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцаа 75 хувийг нь компанид хөрөнгө оруулсан БНХАУ-ын иргэн Б.С, Л нарт шилжүүлэх тохироотой байсан.

Гэвч Б.М нь гадаадын хөрөнгө оруулагч гурван хүнийг залилж, “Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааг шилжүүлэхгүйгээр залилан мэхэлсэн үйлдэлд нь Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Улсын мөрдөн байцаах албанаас хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлээд байгаа юм. Энэхүү үйл баримт нь мөрдөн байцаах албаны мөрдөгч Ч.Д-ий 2023.07.27-ны өдрийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналаар тогтоогдсоор байхад анхан, давж заалдах шатны шүүхээс хэргийг агуулгаар нь хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 хэсэгт заасантай тус тус нийцээгүй.

Учир нь Нийслэлийн Прокурорын газарт хянагдаж буй Б.М-д холбогдох “Т” ХХК-ийн хувьцааг эзэмшүүлнэ гэж БНХАУ-ын иргэн Б.С, Л нарыг залилан мэхэлж, компанийн 75 хувийг хувьцааг шилжүүлэхгүйгээр залилан мэхэлсэн эрүүгийн хэрэг нь Б.М-ийн Д.Ц-д надад холбогдох “Т” ХХК-ийн 95 хувийг хувьцааг гаргуулах иргэний хэрэгтэй холбоотой, харилцан хамааралтай, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй. Ийм байхад давж заалдах шатны шүүхээс Б.М-ийн “Т” ХХК-ийн 95 хувийг шаардсан иргэний хэргийн үйл баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгаж байгааг анхаарч үзэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтад “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гэж заасныг зөрчиж байна.

4.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2 дахь заалтад “нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах”-аар заасан нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад нэг адил хамаарна. Б.М нь 2023.08.07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байхад уг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын талаар Д.Ц надаас тайлбар гаргах эрхээр хангаагүй, хэргийн материалыг танилцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 6.3-т “зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтаар хэргийн оролцогч нь эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй. Энэхүү гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

5.Хариуцагч Д.Ц-ийн өмгөөлөгч Р.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Магадлалын хянавал хэсгийн 4.2-т “тодруулбал, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурснаар хийсэн гэж үзэхээр заажээ”, 4.3-т “талууд гэрээг бичгээр байгуулж ... худалдан авагч талыг төлөөлж Б.М нар гарын үсэг зурсан байна” гэсэн атлаа 6-д “хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.10.13-ны өдрийн 3681 дугаартай дүгнэлтэд ... 2017.01.09 гэсэн

огноотой компанийн эрх шилжүүлэх гэсэн гэрээ байгуулсан хэсгийн шилжүүлэн авагч гэсний дор Б.М гэсний ард зурагдсан гарын үсэг болон компанийн хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээний байгуулсан хэсгийн худалдан авагч гэсний дор Б.М гэсний ард зурагдсан гарын үсэг зэрэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.М-ийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна. Эдгээр нь талуудын худалдах-худалдан авах гэрээний маргаанд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй байна. Иймд шинжээчийн 2 дүгнэлт зөрүүтэй байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй” гэсэн дүгнэлтүүд нь зөрчилтэй, ойлгомжгүй, үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

Учир маргаан бүхий компанийн хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ нь 2 талын гэрээ бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д гэрээний талууд (аль нэг тал биш) хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, аль аль тал нь гарын үсэг зурснаар хэлцлийг хийсэн гэж үзэхээр заасан, шүүх ч уг заалтыг баримталсан. Гэтэл Д.Ц нь худалдах-худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, тийм гэрээ байгуулах талаар Б.М-тэй огт ярилцаж, тохиролцож байгаагүй төдийгүй Б.М гэрээнд гарын үсэг зураагүй, уг гэрээ нь хувьцаа эзэмшигчийн шийдвэрээс зөрүүтэй талаар тайлбарлаж, холбогдох нотлох баримтуудыг гаргаж мэтгэлцсэн.

Тухайлбал маргаан бүхий гэрээнүүд дээр зурагдсан Б.М-ийн гэх гарын үсэг нь түүний гарын үсэгтэй тохирохгүй талаарх үйл баримт нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн 2022.10.13-ны өдрийн 3681 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг маргаанд Б.М-ийн өмгөөлөгчөөр оролцсон П.Б уг дүгнэлттэй маргаагүй төдийгүй харин ч Б.М гэрээнд гарын үсэг зураагүйг удаа дараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл анхан шүүх хэрэгт чухал ач холбогдолтой дээрх шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж байгаа, түүнийг яагаад үнэлээгүй талаар огт дурдаагүй, давж заалдах шатны шүүх уг шинжээчийн дүгнэлтийг “талуудын худалдах-худалдан авах гэрээний маргаанд хамаараалтай, ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй” гэсэн нь ойлгомжгүй, алдаатай дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд байгуулагдсан гэх “2017.01.09-ний өдрийн компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу үүрэг үүссэн болохыг тогтоолгох, уг үүргийн дагуу “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцааг шилжүүлэхийг даалгах” гэсэн бөгөөд маргаан бүхий гэрээнүүдэд тухайн гэрээний нэг тал болох Б.М нь гарын үсэг зураагүй гэх нотлох баримт нь уг маргаанд буюу гэрээ хийгдсэн эсэхийг дүгнэхэд шууд хамааралтай, чухал ач холбогдолтой гэж үзнэ. Энэ нь анхан шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, 40.4-т зөрчсөн гэж үзэх бөгөөд давж заалдах шатны шүүхээс уг зөрчлийг арилгаж чадаагүй нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлсөн.

5.1.Магадлалын хянавал хэсгийн 4.4-т “талуудын хооронд байгуулсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 2.4-т “Т” ХХК-ийн 2017.01.09-ний өдрийн ТУЗ-ийн шийдвэрийг үндэслэн худалдагч нь худалдан авагчид өөрийн эзэмшлийн 1,020,000 төгрөгийн үнэ бүхий 10,200 ширхэг хувьцаанаас 95 хувь болох 969,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг 969,000 төгрөгөөр худалдаж байна” гэж, гэрээний 2.6-д “худалдан авагч нь төлбөрийг 2017.01.09-ний өдөр төлж дуусгасан” гэж тус тус тусгасан байна. 4.5 дээрхээс дүгнэхэд талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон компанийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээг байгуулсан гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. 4.6 нэхэмжлэгч Б.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь талуудын хооронд байгуулсан гэх компанийн хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээний 2.4-т “Т” ХХК-ийн 2017.01.09-ний өдрийн ТУЗ /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ын шийдвэрийг үндэслэн худалдагч нь худалдан авагчид өөрийн эзэмшдэг 1,020,000 төгрөгийн үнэ бүхий 10,200 ширхэг хувьцааны 95 хувь болох 969,000 төгрөгийн үнэ бүхий 9,690 ширхэг хувьцааг нийт 969,000 төгрөгөөр худалдаж байна.” гэсэн боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивт хадгалагдаж, захиргааны хэргийн шүүхийн маргаанд үнэлэгдсэн 2017.01.09-ний өдрийн 17/04 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн 1-д “Б.М нь 2015.3-р улирлаас эхлэн компанийн хөрөнгө оруулалтад хандив өргөсөн тул Д.Ц нь өөрийн эзэмшлийн 100%-ийн хувьцааг Б.М-д эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлсүгэй.” гэсэн нь гэрээтэй зөрчилтэй.

Өөрөөр хэлбэл, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ нь компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрт үндэслээгүй, зөрүүтэй байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаараагүй, Компанийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүйд гомдолтой байна. Мөн 2015.3-р улирлаас эхлэн компанийн хөрөнгө оруулалтад хандив өргөсөн буюу тус компанийн эзэмшлийн Х аймгийн А сумын Б багийн нутагт байрлах ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад зориулж 1,135,810,600 төгрөгийг гуравдагч этгээд Д.Б-гийн нөхөр Б.С нарын гадаадын нэр бүхий гурван иргэн нэхэмжлэгч Б.М-ийн болон түүний эхнэр Х.У-ийн дансанд шилжүүлсэн, хөрөнгө оруулагч болно. Б.М нь гадаадын иргэдтэй хамтарсан компани байгуулна гэж хуурч дээрх мөнгийг шилжүүлэн авч, залилсан гэх үйлдэлд Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн Б.М-ийг яллагдагчаар татан шалгаж байгаа үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй, иргэний хэрэгт хамааралгүй гэж үзсэн үндэслэлгүй.

Түүнчлэн компанийн хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээний 2.6-д “худалдан авагч нь төлбөрийн 2017.01.09-ний өдөр төлж дуусгасан” гэдэг нь гэрээний нөхцөл болохоос худалдан авагч гэрээний уг нөхцөлийг биелүүлснийг шууд нотлох баримт биш юм. Б.М нь хувьцааны төлбөрийг төлөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээ нотлоогүй байхад давж заалдах шатны шүүхээс түүнийг уг үүргийг гүйцэтгэсэн гэж дүгнэлт нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 207 дугаар зүйлийн 207.1.3-т “мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар”, 207.2-т “энэ хуулийн 207.1.3-т заасан тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягаар мөнгийг илгээхээр банк, түүнтэй адилтгах бусад байгууллагад шилжүүлснээр үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэнд тооцно” гэсэнтэй нийцээгүй байна. Мөн дээрхтэй адил гэрээний нөхцөлийг мөнгөн төлбөрийг төлсөн, эсхүл төлөөгүй гэж дүгнэх шүүхийн нэгдсэн практик тогтоогүй төдийгүй, нэг шүүгч хоёр өөр байдлаар шийдвэрлэж байгаа нь туйлын харамсалтай.

5.2.Магадлалын хянавал хэсгийн 7.3-т “нэхэмжлэгч Б.М-ийг бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан үндэслэлээр эрүүгийн журмаар шалгаж байгаа байдал баримтаар тогтоогдсон боловч энэ нь Б.М, Д.Ц нарын хооронд 2017.01.09-ний өдөр байгуулагдсан гэрээний үүргийн маргаанд хамааралгүй, тусдаа эрх зүйн харилцаа гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгахгүй. Учир нь ... компанийн эрх шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой иргэний хэрэгт хамааралтай, эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө уг хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна” гэснийг зөвшөөрөхгүй.

Учир нь маргаан бүхий 2017.01.09-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.1.3-т заасан ХҮ019692 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн үнийг гуравдагч этгээд Д.Б-гийн нөхөр Б.С нарын гадаадын гурван иргэд төлсөн, уг төлбөрийг хийхдээ Б.М нь тухайн тусгай зөвшөөрлийг эзэмших хамтарсан компани (анх 2015 онд компанийн хувьцааны 75 хувийг гадаадын хөрөнгө оруулагчид, 25 хувийг Б.М тус тус эзэмшинэ гэж тохиролцсон, хөрөнгө оруулсан) байгуулна гэж итгүүлэн их хэмжээний мөнгө авч залилсан гэх үйл баримтыг эрүүгийн журмаар тогтоогоогүй байхад компанийн хувьцаа, тусгай зөвшөөрлийн эзэмшилтэй холбоотой маргааныг шийдвэрлэх боломжгүй юм. Хэрэв тусгай зөвшөөрлийн үнийг гадаадын нэр бүхий иргэд төлсөн, хамтарсан компани байгуулж, хувьцааг эзэмшүүлнэ гэж итгүүлэн залилсан үйл баримт эрүүгийн журмаар тогтоогдвол тухайн иргэдэд тусгай зөвшөөрөл болон компанийн эрх, хувьцаатай холбоотой шаардах эрх үүсэх боломжтой тул иргэний маргааныг өмнө нь шийдвэрлэх боломжгүй. Түүнчлэн Нийслэлийн Прокурорын газраас 2017.01.09-ний өдрийн компанийн хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ болон бусад холбогдох баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэн, ашиглаж их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хэрэг бүртгэлийг хэрэг үүсгэн эрүүгийн журмаар шалгаж байгаа дурдах нь зүйтэй бөгөөд анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтыг цуглуулах хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан ба уг нэхэмжлэлтэй шууд холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байхад иргэний журмаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн үндэслэлгүй юм.

5.3.Магадлалын хянавал хэсгийн 7.6-д “гуравдагч этгээд Д.Б нь Б.М, Д.Ц нарт холбогдох 2023.04.28-ны өдрийн 0453 бүртгэлийн дугаартай худалдах-худалдан авах гэрээ, мөн өдрийн 0454 бүртгэлийн дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу “Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасныг анхан шатны шүүх хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасанд харшлахгүй байна. Учир нь гуравдагч этгээд нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад дээрх шүүхийн шийдвэр саад болохгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.” гэсэн нь үндэслэлгүй.

Учир нь дээрх дүгнэлт нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, гуравдагч этгээдийн шүүхэд мэдүүлэх, шударга шүүхээр шүүлгэх, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо цаг тухайд нь хамгаалуулах эрхийг хязгаарласан төдийгүй, зөрчигдсөн эрх нь дахин сэргэхгүй болгох үр дагаварт хүргэж, ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно” гэсэн нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох талаарх зохицуулалт болохоос уг этгээдийг оролцуулахаас татгалзах, шаардлагыг нь хүлээж авахгүй байх үндэслэл биш юм. Түүнчлэн маргааны зүйл болох “Т” ХХК-ийн хувьцааны талаарх гуравдагч этгээдийн шаардлагыг нэг мөр шийдвэрлүүлэх эрхийг нь хязгаарласнаар түүнийг уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах боломжгүй болгон хохироож байна.

Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн ... шийдвэр ... байгаа” бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “Зохиогч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэсний дагуу “Т” ХХК-ийн хувьцааны эзэмшлийн талаар дахин маргах гуравдагч этгээдийн эрх хязгаарлагдах нөхцөл бүрдэнэ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийн дээрх зохицуулалтыг илт гуйвуулсан дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Эцэст нь Монгол Улсын шүүх нь шударга ёсны баталгаа, үнэний хэмжүүр, иргэд олон нийтийн итгэл найдварыг тээгч болохоос зальтай, худалч нэгний хууль бус үйлдлийг баталгаажуулах хэрэгсэл биш гэдэгт итгэж байна.

Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

6.Хариуцагч Д.Ц-ийн өмгөөлөгч Д.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан талаар: Хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг шүүх хуралдаан болох өдөр мэдэгдсэн нь хэргийн материалд авагдсан ба шүүх хуралдааны товыг шүүх зохих журмын дагуу мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасан журмыг зөрчсөн. Харин хариуцагчийн өмгөөлөгч Д.Х надад 2023.09.12-ны өдрийн шүүх хуралдааныг огт мэдэгдээгүй бөгөөд шүүх хуралдаан болохоос 1 цаг 30 минутын өмнө мэдсэн байдаг. 2023.08.03-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж, хүсэлтийг шүүх хүлээн авснаар шүүх хуралдаан хойшилж, дараагийн шүүх хуралдаан 08.22-ны өдөр товлон зарлагдсан болов ч нотлох баримт ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдаан хийлгүйгээр хойшилсон байдаг. Ингээд дараагийн шүүх хуралдааны товыг жич мэдэгдэнэ гэснээс хойш өмгөөлөгч Д.Х надад шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй болно. Энэ хугацаанд өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны тов болон нотлох баримт ирсэн эсэх талаар удаа дараа лавлахад хурлын тов гараагүй, нотлох баримт ирээгүй хэргийн материал өөр дээр нь байхгүй шүүгч дээр байгаа гэсэн хариултуудыг өгч ирсэн. Шүүх хуралдааны товыг шүүгчийн захирамж гарган товлох, товыг шүүх хэргийн болон шүүх хуралдааны оролцогч нарт мэдэгдэх журмыг хуулиар тогтоосон нь хэлбэрийн төдий зохицуулалт биш бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ заалтыг биелүүлэх эсэх нь шүүгчийн үзэмжийн асуудал огт биш юм. Шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэнээр хэргийн болон шүүх хуралдааны оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах үндэслэл бүрдэхээс гадна, зохигчид болон хэргийн оролцогчид хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд хуулийн энэ заалтын зорилго оршдог.

6.1.Анхан шатны шүүх хариуцагч болон гуравдагч этгээд нарт нотлох баримтыг танилцуулаагүй, хуралдааны бэлтгэл хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны бэлтгэл хангагдсан гэж үзэх нэг үндэслэл нь хэргийн болон шүүх хуралдааны оролцогчид хэргийн материалтай танилцсан байх, тийм боломжоор шүүх хангасан байх явдал юм.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч нарт 2023.08.03-ны өдрөөс, гуравдагч этгээдийн төлөөлөгч нарт 2023.08.23-ны өдрөөс хойш хэрэгт авагдсан нотлох баримтыг танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг бүрэн хангаагүй гэж үзэхээр байна. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас харахад дээрх хугацаанаас хойш ирсэн нэг ч нотлох баримтууд болон шүүхээс гарсан эрх зүйн актуудтай хариуцагч болон гуравдагч этгээдүүд тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар танилцаагүй байна.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримттай танилцсанаар маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байдлыг тодруулахад чиглэгдсэн нотлох баримт гаргах, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх, гэрчээс мэдүүлэг авах, үзлэг хийлгэх гэх зэрэг ажиллагаа хийгдсэний үндсэн дээр талууд амаар болон бичгийн нотлох баримтын хүрээнд мэтгэлцэх боломж бүрдэх юм. 2023.08.03-ны өдрийн 18428 дугаар шүүгчийн захирамжаар Б.М-д холбогдох эрүүгийн хэргийн материалаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн ба дээрх нотлох баримт ирсэн эсэхийг хариуцагч нарын өмгөөлөгчдийн зүгээс 2023.09.12-ны өдөр буюу шүүх хуралдаан болох өдөр хүртэл шүүгчийн туслахаас удаа дараа лавлаж асуусан байдаг. Энэ бүх хугацаанд нотлох баримт ирээгүй, хэрэг шүүгч дээр байгаа гэх хариултыг өгч байсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгчийн туслахаас тодруулж асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар тогтоогдоно. 2023.09.12-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дүгээр тал:

Даргалагч: шүүгчийн туслах Б.Х хэзээнээс ажил авсан бэ?

Шүүгчийн туслах: 2023.08.31-ний өдөр гэв.

Даргалагч: Чамайг хэрэг авахад эрүүгийн хэргийн баримт хэрэгт байсан уу? Шүүгчийн туслах: Дараа нь ирсэн гэв.

Даргалагч: 2023.08.29-ний өдөр хүлээж авсан дардастай байна. Хариуцагч тал хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаад шүүгчийн туслахын зүгээс хэрэг өөрт нь байхгүй, шүүгчид байгаа гэдэг асуудал ярьсан гэж байна. Мөн гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шүүгч шийдвэрлэсэн эсэх талаар тодорхой хариу өгөөгүйгээс болоод өнөөдөр /2023.09.12/ л танилцах боломж олгогдсон гэж байна. Энэ талаар хэлэх зүйл байна уу?

Шүүгчийн туслах: Тийм, өмнө нь над руу залгаж хэргийн материалтай танилцъя гэсэн хүсэлт өгсөн, хүсэлтийг яаж шийдсэн бэ гэж асуусан гэв.

Даргалагч: Хэргийн материалаа үзчихээд хариу өгсөн үү, мэдэхгүй хариу өгөөд байсан уу?

Шүүгчийн туслах: Үзээгүй байсан, хэргийн материал надад байгаагүй учраас би хэргийн материалд хаанаас ямар хүсэлт ирснийг тодруулаад хэлье гэсэн боловч дахиж хэлж чадаагүй гэв.

Даргалагч: Шүүгчийн туслах хэргийн материалыг мэдэхгүйгээс болоод тайлбар өгсөн, манайх 300 хэрэгтэй... гэх зэрэг тэмдэглэлээс харвал яах аргагүй шүүхийн дотоод үйл ажиллагаа, уялдаа холбоо муутайгаас хариуцагчийн эрхийг хязгаарласан, буруу мэдээлэл өгсөн нь харагдаж байна. Харин энэ бүх шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас хариуцагч болон гуравдагч этгээд нар хуульд заасан эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадахгүй нөхцөл байдалд шүүх хуралдаанд оролцсон байдаг. Даргалагч шүүгчээс Нийслэлийн Прокурорын газраас шинээр ирсэн нотлох баримтуудыг танилцуулаагүй, шүүх хуралдааны явцад нотлох баримтыг шинжлэн судлах шатанд танилцаад мэтгэлцээд явах боломжтой гэх зэргээр шүүх өөрөө шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим зөрчигдөхөд хүргэж, хариуцагчийн өмгөөлөгчдөд хуралд бэлтгэх, мэтгэлцэх боломжийг олгоогүй.

Иймд зохигч болон өмгөөлөгчид хурлын товыг мэдэгдээгүй, шинээр ирсэн нотлох баримттай /2023.08.03-ны өдрийн 18428 дугаар шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн нотлох баримт/ танилцах боломж олгоогүй, шүүх хуралдаанд буюу өмгөөлөлд бэлтгэх боломжит хугацаа, нөхцөлөөр хангаагүй зэрэг хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийн талаар давж заалдах гомдолдоо дурдсан боловч давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 заасантай нийцсэнгүй. Хариуцагч болон гуравдагч этгээд нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнд бичгийн тайлбар гаргаж өгөөгүй, өгөх боломж олгохыг хүссэн боловч хүлээж аваагүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.12-ны өдрийн 101/ШШ2023/03973 тоот шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.20-ны өдрийн 210/МА2023/02025 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

7.Хариуцагч Д.Ц-ийн өмгөөлөгч Ч.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй. Нэхэмжлэгч Б.М иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг. Тухайлбал анхны шаардлага /2023.04.18-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан/ Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь заалтыг үндэслэн Б.М, Д.Ц нарын хооронд 2017.01.09-ний өдөр компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан болохыг тогтоох; Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт зааснаар 2017.01.09-ний өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу Б.М намайг уг компанийн 95 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоох, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээс ... “Б.М нь 2015.3-р улирлаас эхлэн компанийн хөрөнгө оруулалтад хандив өргөсөн тул Д.Ц өөрийн эзэмшлийн 100%-ийн хувьцаанаас 95%-ийн хувьцааг Б.М-д эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлсэн гэсэн хэсгийг хүчингүй болгох.

Өөрчилсөн шаардлага 2023.08.07-ны өдөр /Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан өргөдөлд дурдсан/, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Б.М, Д.Ц нарын хооронд 2017.01.09-ний өдөр байгуулагдсан “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу хариуцагчид хувьцаа шилжүүлэх үүрэг үүссэн болохыг тогтоолгож, “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.М-д шилжүүлэхийг хариуцагч Б.Цоггэрэлд даалгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай өргөдөлдөө нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлийг огт тодорхойлоогүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгтэй нийцэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай өргөдөл нь нэхэмжлэлийн нэгэн адил бүрдүүлбэр хангах ёстой бөгөөд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хууль зүйн хийгээд бодит үндэслэлийг дурдах ёстой. Энэ нь талуудын мэтгэлцэх эрхийг хангана. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагаас харахад 2017.01.09-ний өдөр байгуулсан гэх компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан эсэх тэдгээр гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэхэд эргэлзсэн учир тогтоолгохыг хүссэн шаардлагуудыг гаргасан. Харин нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага нь тэдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр учир гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардсан байдаг. Эндээс эдгээр нэхэмжлэлийн шаардлагууд харилцан адилгүй бөгөөд үндэслэл, дагавар нь өөр болохыг харж болно.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байсан болохыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.02-ны өдрийн 210/МА2023/02025 дугаартай магадлалын хянавал хэсгийн 5 дугаарт зааснаас харж болно. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлага гэж шийдвэрлэсэн нь буруу байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг ялгаж, салгаж хянан шийдвэрлэж чадахгүй байхад хариуцагч энэ талаар мэтгэлцэх бодит боломжгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагчийн мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчлөө.

7.1.Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.26-ны өдрийн 221/МА2023/0076 дугаартай магадлалаар “Т” ХХК-ийн 2017.01.09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “гишүүдийн тоо 2”, “Гүйцэтгэх захирлаар Б.Мийг томилсон” гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017.01.16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг бүртгэсэн төрийн захиргааны байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон үндэслэлээ “нэхэмжлэгчид уг бүртгэлийг хийх үндэслэл болсон холбогдох гэрээнүүдийн талаар иргэний хэргийн шүүхэд маргах ашиг сонирхол байна” гэж дүгнэсэн. Энэхүү хэргийн нэхэмжлэлийг “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ц гаргасан бөгөөд магадлалд дурдсан нэхэмжлэгч нь Д.Ц болно. Д.Ц-ийн эрх 2017.01.09-ний өдрийн компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний улмаас зөрчигдсөн болохыг шүүх тогтоосон бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заасан дахин нотлох шаардлагагүй үйл баримт юм. 2017.01.09-ний өдрийн компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д “компанийн хувьцаа эзэмшигчийн шинэчилсэн бүртгэлийг Компанийн тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд эрх шилжүүлэн авагч нь шийдвэр гарснаас хойш ажлын 10 хоногийн дотор бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан. Гэрээнд заасны дагуу 2017.01.09-ний өдрийн компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хуулийн этгээдийн бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагад нэхэмжлэгч Б.М бүртгүүлсэн байдаг. Энэхүү бүртгэлийг хийлгэснээр дээр дурдсан гэрээнүүд дуусгавар болсон. Харин бүртгэлийг зохих журмын дагуу хийлгээгүй үйлдэл нь Б.М-тэй холбоотой байх тул хариуцагчид хамаарахгүй.

7.2.Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 220 дугаар зүйлийг хэрэглэхээс шууд татгалзаж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 220 дугаар зүйл нь гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болохыг зохицуулсан. Нэхэмжлэгч хийгээд хариуцагч нарын хооронд 2017.01.09-ний өдөр компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулах болсон үндэслэл нь өнөөдөр илт өөрчлөгдсөн. Нэхэмжлэгч Б.М нь өөрийн шилжүүлж авсан “Т” ХХК-ийн хувьцааг гадаадын хөрөнгө оруулагчид шилжүүлэх тохиролцоотой байсан гэх боловч гадаадын хөрөнгө оруулагчийн итгэлийг эвдэж, эд хөрөнгийн хохирол учруулсан эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж байна. Өөрөөр хэлбэл Б.М “Т” ХХК-ийн хувьцааг гадаадын хөрөнгө оруулагчид шилжүүлэхээс татгалзаж, дангаараа ашиг олж, дур зоргоороо үйл ажиллагаа явуулсан байдаг. Үүний учир хариуцагч Д.Ц “Т” ХХК-ийн хувьцааг шилжүүлэхээс татгалзах эрхийг Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт хуульчилсан байдаг.

Иймд дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гаргасан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү” гэжээ.

 

8.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.20-ны өдрийн 210/МА2023/02025 дугаар магадлалыг 2023.12.07-ны өдөр гардан авч танилцаад эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3, 172.2.4-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

8.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг эдлүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно” гэж, 29.3-д “шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Д.Б-г гуравдагч этгээдээр татан оролцуулсан атлаа бие даасан шаардлагыг хүлээж авах шаардлагагүй гэж дүгнэсэн нь дээрх хуулийн заалттай нийцээгүй.

Анхан шатны шүүх Б.М болон хариуцагч Д.Ц нарын 2017 онд “Т” ХХК-ний хувьцааны асуудлаар хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр байдалтай холбоотой маргаан шийдвэрлэгдээгүй буюу цаг хугацааны хувьд өмнө байгуулсан гэрээгээр зохигчийн хооронд үүссэн хувьцааны асуудлыг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч Д.Б-тэй гэрээ байгуулсан Д.Ц нь гэрээ байгуулах эрхтэй байсан эсэхийг дүгнэх нөхцөл бүрдэх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б, хариуцагч Д.Ц нарын 2023.04.28-ны өдрийн байгуулсан гэрээний асуудлыг дүгнэх боломжгүй гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх “...гуравдагч этгээд Д.Б, нэхэмжлэгч Б.М, хариуцагч Д.Ц нарт холбогдох 2023.04.28 өдрийн 0453 бүртгэлийн дугаартай худалдах-худалдан авах гэрээ, мөн өдрийн 0454 бүртгэлийн дугаартай эрх шилжүүлэх гэрээний дагуу “Т” ХХК-нийн 75 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасныг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийг 29.1 дэх хэсэгт заасанд харшлаагүй ... гуравдагч этгээд дахин нэхэмжлэл гаргахад ...саад болохгүй. Харин Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг хэрэглэсэн нь оновчгүй байгааг тэмдэглэв...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Д.Б, Б. (B S) нарын оруулсан хөрөнгөөр бий болсон “Т” ХХК-ийн хувьцаанд ноогдох Х аймгийн А сумын нутаг Б нэртэй газар байрлах гянт болдын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан гэрээнд эрх нь зөрчигдөөгүй гэж дүгнэсэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Гэрээ байгуулсан гэх цаг хугацааны хувьд Д.Б, Б.С болон бусад хөрөнгө оруулагч нар 2015 онд үйл ажиллагаа явуулдаггүй X тайлантай “Т” ХХК-д хөрөнгө оруулалт хийж Ховд аймгийн Алтай сумын нутаг Богоч нэртэй газар гянт болдын ашигт малтмалын уурхайн тусгай зөвшөөрлийг авч хамтран ажиллахаар тохиролцсон байсан боловч нэхэмжлэгч Д.Мөнхтөрөөс болж тохиролцоогоо биелүүлж чадаагүй, улмаар захиргааны хэргийн шүүхийн маргаан дууссаны дараа хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээ албажуулсан байхад цаг хугацааны хувьд хойно гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хоёр шатны шүүх гуравдагч этгээд Д.Бг “Т” ХХК-ийн хувьцааны 75 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг тусад нь гаргах эрхтэй гэх боловч бодит байдалд дээр нэгэнт шүүхээр шийдэгдсэн асуудал дээр дахин маргах  боломжгүй. Нэхэмжлэгч Б.Мийг “Т” ХХК-ийн хувьцаатай холбогдуулан гуравдагч этгээд болох Д.Б, БНХАУ-ын иргэн Б.Снарыг залилсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Б.М-д холбогдох эрүүгийн 1936002200296 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг түдгэлзүүлээгүйд гомдолтой байна. Учир нь Б.М, Д.Ц нарын 2017.01.07-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ нь залилах гэмт хэргийн шинжтэй эсэхийг эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэж дуусаагүй байхад гэрээний үүрэг нь гэмт хэрэгт хамааралгүй гэж дүгнэж байгаа хоёр шатны шүүхийн шийдвэрүүд хуульд нийцэхгүй.

8.2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулах тухайд: Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээнд хэлбэрийн шаардлага тавигддаггүй боловч хувьцаа худалдах-худалдан авах тухай компанийн хувьцаа эзэмшигч шийдвэр, тогтоол гаргах ёстой. Тэр шийдвэр тогтоолыг үндэслэж гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж эрх үүрэг үүсэх нарийвчилсан зохицуулалттай. Гэтэл хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулах тухай “Талс молор” ХХК-ийн шийдвэр, тогтоол хоёр өөр байхад аль нь хүчинтэй эсэх талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй. 2017.01.07-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг нэхэмжлэгч хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 3.6-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой, гэтэл өнөөдрийг хүртэл улсын бүртгэлийн байгууллагад өөрийгөө хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлтээ өгөөгүй нь хариуцагчийн буруу биш байхад хоёр шатны шүүх Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хуулийн нарийвчилсан заалтуудаар дүгнэлт өгөлгүй Иргэний хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд хангалтгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Талуудын хооронд хувьцаа худалдах-худалдан авах хүсэл зориг байсан эсэхийг тодруулахад хувьцааны үнийг хэрхэн тогтоосон, хувьцааны үнэ нь компанийн хөрөнгө, эрх ашиг, алдагдал зэрэг үзүүлэлттэй хэрхэн уялдаж байгаа үйл баримтыг тодруулж чадаагүй. Шүүх хэлцэл байгуулагдсан гэж үзэх, байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх эсэх хоёр өөр эрх зүйн асуудлыг ялгаж эрх зүйн дүгнэлт хийж чадаагүй нь алдаатай болсон. Тодруулбал, Д.Ц хувьцааны 95 хувийг Б.М-д худалдахаар тохирсон, хэлэлцсэн зүйл байгаагүй, хэлцэл хийх хүсэл зориг байгаагүй, хуурч мэхэлж эсвэл төөрөгдөлд оруулж гарын үсэг зуруулсан байж болзошгүй гэх хариуцагчийн тайлбараар Д.Ц болон Б.М нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, улмаар гарын үсэг зурсан эсэх асуудал яригдахгүй юм. Тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдаагүй тул хэлцэл хүчин төгөлдөр эсэх үр дагавар байхгүй болно. Иймд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан “энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэсэн зохицуулалт уг гэрээний хувьд хэрэглэх зохицуулалт биш юм.

8.3.Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тухайд: Анхан шатны шүүхүүд болон давж заалдах шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг бэлнээр төлсөн гэх гэрээний заалт үйл баримтыг хоёр өөр байдлаар тайлбарлаж байна. Б.М, Д.Ц нарын 2017.01.07-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг гэрээнд төлбөр төлөгдсөн гэж бичсэн учраас гэрээ байгуулагдсан гэж хоёр шатны шүүх тайлбарлаж байна. Харин Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх гэрээнд гарын үсэг зурсан боловч төлбөрөө төлсөн эсэхийг хариуцагч нотлоогүй гэж гэрээг хүчингүй гэж үзэж байна. Бичгээр байгуулсан гэрээнд төлбөр төлөгдсөн гэж талууд гэрээ байгуулсан бол талууд төлбөрөө төлсөн эсэх талаар нотлох, гэрээнд бичигдсэнээр нотлогдох алийг нь хэрэглэх талаар дээд шүүх нэг мөр шийдвэр, тогтоолоор тайлбарлах шаардлагатай гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.12-ны өдрийн 101/ШШ2023/03973 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.20-ны өдрийн 210/МА2023/02025 дугаартай магадлалыг тус тус гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс бүхэлд эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

9.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухайд: Иргэний хэрэг үүсгэсний дараа шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчид мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасны дагуу тайлбарлан өгөхөөр зохицуулсан. Эрх, үүрэг тайлбарлан өгснөөр хэргийн оролцогчид хуулийн хүрээнд ямар эрх, үүрэгтэйг нь тэдэнд мэдүүлэх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар миний үйлчлүүлэгч Д.Б-д шүүхээс эрх, үүргийг тайлбарлаагүй, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулаагүй байдаг. Энэ ажиллагаа дутуу дулимаг хийгдсэн тохиолдолд хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

Тодруулбал, гуравдагч этгээд Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д-д эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч түүний шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр 2023.09.12-ны өдрийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг анхан шатны шүүхээс түрүүлж зарлагдсан шүүх хуралд оролцоогүй нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн байдаг. Хэрэв бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б-д тов мэдэгдэх шаардлагатай байсан гэж үзэж байна.

Учир нь шүүхээс гуравдагч этгээд Д.Б-д эрх, үүрэг тайлбарлаагүй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байдаг. Хэдийгээр хэргийн оролцогчид нь шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй боловч Д.Б-д тус үүргийг тайлбарлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар тов мэдэгдсэн бол шүүх хуралдаанд биечлэн оролцох, шүүхэд мэдүүлэх эрх болон мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжтой байсан. Гуравдагч этгээдийн зүгээс 2023.08.02-ны өдөр “Т” ХХК-ийн 75 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан ч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэж гомдол гаргах эрхгүй захирамж гарган үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Үүний дараа Б.М, Д.Ц нарын хооронд байгуулсан 2017.01.09-ний өдрийн компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул “Т” ХХК-ийн хувьцааны 95 хувийг Б.М эзэмших эрхгүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар гаргасан боловч анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Мөн “Т” ХХК-ийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Б.С нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцохоор нэхэмжлэл, хүсэлт гаргасан, Д.Б дахин нэхэмжлэл гаргасныг тус тус Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.08.22-ны өдрийн 19527 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хүлээн авахаас гурав дахь удаагаа татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Дээрх бие даасан шаардлагуудыг шүүх хүлээн авахаас удаа дараа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Хэрэв шүүх бие даасан шаардлагыг үндэслэлгүй гэж үзвэл хүлээн авч хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгох боломжтой байхад миний үйлчлүүлэгч Д.Б-гийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан шүүхэд мэдүүлэх эрхийг удаа дараа ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан байдаг. Энэ талаар давж заалдах шатны шүүхээс “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг хэрэглэсэн нь оновчгүй” гэж үзсэн нь хангалтгүй дүгнэлт өгсөн гэж үзэж байна.

9.2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй байдлын тухайд: Хариуцагч Д.Ц нь Д.Б-тэй 2023.04.28-ны өдрийн 0453 бүртгэлийн дугаартай худалдах-худалдан авах гэрээ /компанийн хувьцаа/, мөн өдрийн 0454 бүртгэлийн дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байдаг. Дээрх гэрээг Д.Ц болон Б.М нарын хооронд хийсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдал шийдвэрлэснээс хамаарч Д.Б-тэй гэрээ байгуулсан Д.Ц нь гэрээ байгуулах эрхтэй байсан эсэхийг дүгнэх нөхцөл бүрдэх тул гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний асуудлыг дүгнэх боломжгүй гэж анхан шатны шүүх үзсэн. Харин энэ талаар давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй, магадлалын үндэслэх хэсэгт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэг, 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт тус тус нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд Д.Б-гийн нөхөр БНХАУ-ын иргэн Б.С нь “Т” ХХК-ийн хөрөнгө оруулагч байх бөгөөд нэхэмжлэгч Б.М нь Б.С-ыг залилсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан байхад хууль ёсны дагуу өмчлөх эрх шилжүүлж авч буй Д.Б-гийн хууль ёсны итгэлийг хамгаалаагүй, тухайн асуудлыг зөвхөн дүгнэх боломжгүй гэсэн үндэслэлээр тайлбарласан нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн тус хэрэгт гэрчээр оролцсон “Л” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Г-ийн мэдүүлэгт “...хөрөнгө оруулагч хятадын компанид “Т” ХХК-ийн хувьцааг шилжүүлнэ гэж байсан” гэх, “...Мөнгийг хятад хүн гаргаад монгол хүний данс руу хийгээд, тэр хүн ашигт малтмалын газарт тушаасан” гэх мэдүүлгийг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс үнэлж, дүгнээгүй хэргийг шийдвэрлэсэн. Тухайн үед бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн нөхөр Б.С нь “Т” ХХК-ийн гянтболдын уурхайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүхий л зардлыг төлдөг байсан бөгөөд Б.М нь тэдэнтэй тохирсныг зөрчиж, компанийн хувьцааг өөртөө шилжүүлж авсан. Тухайн хувьцааны шилжилт хийгдсэн улсын бүртгэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосноор албан ёсоор Д.Ц компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигч болсон байдаг. Улмаар “Т” ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч Д.Ц-ээс гуравдагч этгээд Д.Б нь 2023.04.28-ны өдрийн 0453 бүртгэлийн дугаартай худалдах-худалдан авах гэрээ /компанийн хувьцаа/, мөн өдрийн 0454 бүртгэлийн дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.Ц нь 2023.05.10-ны өдөр шүүхээс дуудагдаж, нэхэмжлэл гардан авч, “Т” ХХК-ийн 95%-ийн хувьцаатай иргэн Б.М маргаж байгаа талаар анх олж мэдсэн гэж  тайлбарладаг. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б-гийн итгэлийг хамгаалаагүй, энэ талаар анхан шатны шүүхээс хэрхэн үзсэн нь ойлгомжгүйгээр гуравдагч этгээдийн шүүхэд мэдүүлэх эрхийг ноцтойгоор зөрчиж, хуулийн дагуу олж авсан өмчлөх эрхийн талаарх итгэл үнэмшлийг хамгаалаагүй шийдвэр гаргасан. Энэ талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөлгүй магадлал гаргасан байдаг.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.12-ны өдрийн 101/ШШ2023/03973 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.20-ны өдрийн 210/МА2023/02025 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ”.

10.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Гуравдагч этгээд Д.Б миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.12-ны өдрийн 101/ШШ2023/03973 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.20-ны өдрийн 210/МА2023/02025 дугаар магадлалыг эс зөвшөөрч “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэлээр дараах агуулгаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

10.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно” гэжээ. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохоор заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын иргэний шүүхэд мэдүүлэх үндсэн эрхийг баталгаажуулсан арга, хэрэгсэл юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаж болохоор заасан нь нэг асуудлаар шүүх өөр өөр шийдвэр гаргаж, хоорондоо зөрчилдөхөөс урьдчилан сэргийлэх, нэг маргааны талаар дахин шүүхэд хандаж, чирэгдэхгүйгээр нэг мөр шийдвэрлүүлэх зорилготой. Иймдээ ч Б.М-ийн нэхэмжлэлтэй Д.Ц-д холбогдох “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, уг хувьцааг шилжүүлэхийг даалгуулах тухай иргэний хэрэгт шүүхийн шийдвэр гарахаас өмнө Д.Б миний бие Б.М, Д.Ц нарт холбогдуулан уг хэрэгт “Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааг эзэмших эрхтэй тогтоолгох тухай бие даасан шаардлагыг 2022.08.02-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан юм.

“Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааны эзэмшигчээр тогтоолгох агуулга бүхий Д.Б миний бие даасан шаардлага нь Б.М-ийн нэхэмжлэлтэй Д.Ц-д холбогдох “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох маргааны зүйл буюу тус компанийн хувьцаатай шууд холбоотой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь маш тодорхой тул нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан. Ийм байхад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.03-ны өдрийн 101/Ш32023/18428 дугаар шүүгчийн захирамжаар Д.Б миний бие даасан шаардлагыг “нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй” гэж үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, миний шүүхэд мэдүүлэх үндсэн эрхийг ноцтой зөрчсөнд маш их гомдолтой байна. Уг шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт “... Б.М болон Д.Ц нарын хооронд 2017 онд хийгдсэн гэрээ, хэлцлийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой маргаан шийдвэрлэгдээгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байхад Д.Ц болон Д.Б нарын хооронд 2023 онд байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй” гэсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байх нь тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохоос бус бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй.

Мөн түүнчлэн Б.М болон Д.Ц нарын хооронд “Т” ХХК-ийн хувьцааны талаар хийгдсэн гэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаан шийдвэрлэгдээгүй нь Д.Б миний “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл биш. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд компанийн хувьцааны талаарх гэрээ, хэлцлийн маргаан шийдвэрлэгдээгүй нь гуравдагч этгээдийн бие шаардлагын бүрдүүлбэр хангаагүй гэж үзэх үндэслэл болдоггүй.

Тодруулбал бие даасан шаардлага нь утга агуулгын хувьд ойлгомжгүй, тодорхой бус, хоёрдмол утгатай гэх мэт тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан шаардлага тодорхойгүй гэж хүлээн авахаас татгалзах боломжтой. Д.Б миний Б.М, Д.Ц нарт холбогдуулан уг хэрэгт “Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааг эзэмших эрхтэй тогтоолгох тухай бие даасан шаардлага нь хоёрдмол утгагүй, ойлгомжтой, тодорхой шаардлага юм. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч нь Б.М-ийн “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг ойлгомжтой, тодорхой гэж үзэж, иргэний хэрэг үүсгэж, шүүхэд мэдүүлэх эрхийг нь эдлүүлсэн атлаа Д.Б миний “Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааг эзэмших эрхтэй тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тодорхой бус, ойлгомжгүй гэж үзэж, хүлээн авахаас татгалзсаныг бие даасан шаардлагын хэлбэрээр шүүхэд мэдүүлэх, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн дээрх захирамжийн улмаас Д.Б миний “Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааг эзэмших эрхтэй тогтоолгох тухай бие даасан шаардлагаа Б.М-ийн “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн хамт нэг мөр шийдвэрлүүлэх, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхээр сэргээн тогтоолгох боломжийг алдагдуулсанд гомдолтой байдаг. Анхан шатны шүүхийн шүүгч дээрх захирамжаараа гомдол гаргах эрхийг хязгаарласны улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргаж, шүүх бүрэлдэхүүнээр захирамжийг хянуулах боломж олдоогүй.

10.2.Д.Б миний нөхөр Б.С/B S/ нь Б.М, Д.Ц нарт холбогдуулан 2017.01.09-ний өдөр байгуулсан гэх компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл тул Б.Мийг “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигч биш болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг 2023.08.02-ны өдөр гаргасан.

Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.10-ны өдрийн 101/Ш32023/18852 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй гэж үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, миний нөхрийн шүүхэд мэдүүлэх үндсэн эрхийг зөрчсөн. Учир нь дээрх шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт “Б.М болон Д.Ц нарын хооронд 2017 онд хийгдсэн гэрээ, хэлцлийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой маргаан шийдвэрлэгдээгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байхад Д.Ц болон Д.Б нарын хооронд 2023 онд байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй” гэсэн урьд Д.Б миний бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан 2023.08.03-ны өдрийн 101/Ш32023/18428 дугаар шүүгчийн захирамжтай агуулгын хувьд адил байна. Нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус байх нь бие даасан шаардлагын үндэслэлийг тодорхойгүй бус гэж үзэх, Б.М болон Д.Ц нарын хооронд “Т” ХХК-ийн хувьцааны талаар хийгдсэн гэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаан шийдвэрлэгдээгүй нь миний нөхөр Б.С-ын “Т” ХХК-ийн хувьцааг Б.М эзэмших эрхгүй болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл биш. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд компанийн хувьцааны талаарх гэрээ, хэлцлийн маргаан шийдвэрлэгдээгүй нь гуравдагч этгээдийн бие шаардлагыг “бүрдүүлбэр хангаагүй” гэж үзэх үндэслэл болдоггүй.

Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч нь Б.М-ийн “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг ойлгомжтой, тодорхой гэж үзэж, иргэний хэрэг үүсгэж, шүүхэд мэдүүлэх эрхийг нь эдлүүлсэн атлаа Б.М-ийг “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцааг эзэмших эрхгүй болохыг тогтоолгох тухай Б.Сын бие даасан шаардлагыг тодорхой бус, ойлгомжгүй гэж үзэж, хүлээн авахаас татгалзсаныг бие даасан шаардлагын хэлбэрээр шүүхэд мэдүүлэх гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Ингэсэн атлаа анхан шатны шүүх нь Б.М-ийн үндсэн нэхэмжлэл болон 2023.08.07-ны өдрийн “нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай” гэснийг нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байсан ч удаа дараа хүлээн авдаг, хэт нэг талыг баримталсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсанд гомдолтой байдаг.

10.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт “Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө” гэжээ. Нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгөх тухай хуулийн дээрх заалт нь хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад нэг адил хамаарна. Анхан шатны шүүх нөхөр Б.С, эхнэр Д.Б бидний удаа дараагийн бие даасан шаардлагыг “бүрдүүлбэрийг хангаагүй” үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчил гаргаж, бидний шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөнд гомдолтой.

Нөхөр Б.С, эхнэр Д.Б бид арга буюу 2023.08.21-ний өдөр Б.М, Д.Ц нарт холбогдуулан “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг дахин гаргасан. Уг бие даасан шаардлагыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.22-ны өдрийн 101/Ш32023/19527 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд уг захирамжаа надад болон миний итгэмжлэгдсэн төлөөлөгч, миний нөхөр Б.С нарт огт танилцуулаагүй атлаа намайг болон миний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж, шийдвэр гаргасанд гомдолтой байна. Түүнчлэн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзахдаа урьд бидний бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан 2 удаагийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэл өөрчлөгдөөгүй гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх заалтыг хэрэглэсэн байгааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

Учир нь урьд бидний бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан “нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй” гэх үндэслэл бидний дараагийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж буй дээрх тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх заалтад дурдсан “бүрдүүлбэр хангаагүй” гэсэн үндэслэлээр бус мөн зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан “урьд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж байгаа” үндэслэлээр хүлээн авахаас татгалзах учиртай. Хэрэв анхан шатны шүүхийн шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хууль хэрэглээний илэрхий алдаа гаргаж Д.Б болон миний нөхөр Б.Сын удаа дараагийн бие даасан шаардлагыг хууль бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргаж, шүүх бүрэлдэхүүнээр захирамжийг хянуулж, гомдол гаргах эрхийг хязгаарласанд гомдолтой байна.

10.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана” гэжээ. Анхан шатны шүүх нь Б.М-ийн “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авдаг атлаа Д.Б, миний “Т” ХХК-ийн 75 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай болон Б.С-ын Б.М-ийг “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигч биш болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус хүлээн авахаас удаа дараа татгалзаж, хүний шүүхэд мэдүүлэх эрхэд ялгавартай, хоёр нүүртэй хандсанд гомдолтой байна. Б.С-ыг БНХАУ-ын иргэн, Д.Б намайг гадаад хүний эхнэр учраас ийнхүү ялгаварлан гадуурхаж, хэргийг хэтэрхий нэг талыг баримталж, бидний шүүхэд мэдүүлэх, шүүгчийн захирамжид гомдол гаргах зөрчсөн. Нэг л компанийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгохоор шаардлага гаргаж буй нэг талын шаардлагыг удаа дараа хүлээн авдаг алтаа нөгөө талын шаардлагыг удаа дараа хүлээн авахаас татгалздаг шүүхийн үйл ажиллагааг шударга, тэгш үйлчилж байна гэж үзэх боломжгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

10.5.Д.Б миний бие Нийслэлийн тойргийн нотариатч О.Ц-ийн гэрчилсэн 2023.04.28-ны өдрийн өдрийн компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр Д.Ц-ээс “Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааг худалдан авч, өөрийн эзэмшилд шилжүүлсэн, мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр тус компанийн эрхийг шилжүүлэн авсан тул компанийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгохоор шаардах эрхтэй. Б.С нар нь анх 2015 онд хамтарсан компани байгуулна гэж Б.М-тэй тохиролцон тусгай зөвшөөрлийн 1,135,810,600 төгрөгийг гаргаж, улмаар уурхайд олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж 2019.07 дугаар сар хүртэл хамтран ажиллаж байсан улмаар “Т” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ц-тэй 2023.04.28-ны өдөр 01 дүгээр “хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг баталгаажуулах тухай гэрээ”-ээр “Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааны эзэмшигч болсон хөрөнгө оруулагч тул тус компанийн хувьцаа эзэмшлийн талаар маргах, шаардлага гаргах бүрэн эрхтэй.

Иймдээ ч Б.С, Д.Б бидний “Т” ХХК-ийн 75 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай бие даасан шаардлага нь Б.М-ийн “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэгдэх учиртай, тус бүртээ нэг л маргааны зүйлийн талаарх шаардлага юм. Маргааны зүйлийн талаар нэг этгээд нэхэмжлэл гаргасан тохиолдолд нөгөө этгээд уг маргаанд бие даасан шаардлага гаргаж, гуравдагч этгээдээр оролцох хууль зүйн арга, хэрэгслийг хуульд тодорхой заасан атал анхан шатны шүүх Б.С, Д.Б биднийг гуравдагч этгээдээр татан оролцуулалгүйгээр удаа дараа шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

10.6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах чиг үүргийнхээ хүрээнд илрүүлж, алдааг засуулах арга хэмжээ авалгүйгээр магадлалын үндэслэх хэсэгт товчхон дурдсан төдийгөөр хязгаарлаж, улмаар шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авах эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэхээс бус мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэхгүй. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг нь маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргах эрхийн тухай зохицуулалт болохоос уг шаардлагыг хүлээн авахаас татгалзах зохицуулалт биш юм. Ийм байхад давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт харшлахгүй” гэж дүгнэсэн байгааг хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна.

Харин магадлалын хянавал хэсэгт “гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг хэрэглэсэн нь оновчгүй” гэж дүгнэсэн атлаа үүний улмаас Б.С, Д.Б бидний шүүхэд мэдүүлэх эрх зөрчигдсөн, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн алдааг залруулах арга хэмжээ аваагүй, санаатай орхигдуулсанд гомдолтой байна. Үүнийг Б.С, Д.Б бид давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй, процессын харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн алдаа гэж үзэж байна. Бид анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн алдааны улмаас шүүхэд мэдүүлэх эрхээ удаа дараа зөрчүүлж, эрх зүйн байдал дордсон тул хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй алдаагаа зөвтгөхийн тулд магадлалынхаа хянавал хэсэгт дурдсан “гуравдагч этгээд нь дахин нэхэмжлэл гаргахад шүүхийн шийдвэр саад болохгүй” гэх давж заалдах шатны шүүхийн хуурамч, хэрэгжих боломжгүй дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.

10.7.Хүчин төгөлдөр болоогүй ч шийдвэр, магадлалаар “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Мийг тогтоож, уг 95 хувийн хувьцааг Б.М-д шилжүүлэхийг Д.Ц-д даалгасан тул Б.С, Д.Б бид хожим “Т” ХХК-ийн 75 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлагыг гаргасан ч шүүхээс зөрчигдсөн эрхээ сэргээн эдлэх боломжгүй нөхцөл байдал үүслээ.

Учир нь шийдвэр, магадлал нь хүчин төгөлдөр болж, “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцаа нь Д.Ц-ээс Б.М-д шилжих тохиолдолд Б.М-өөс бус Д.Ц-ээс “Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааг худалдан авсан Б.С, Д.Б бидний тухайд тус компанийн хувьцааны асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан ч үр дүнгүй болох юм. Тодруулбал шийдвэр, магадлал нь Б.С, Д.Б бид Д.Ц-ээс “Т” ХХК-ийн 75 хувийн хувьцааг шилжүүлэхийг шаардсан маргаанд “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй” гэсэн эсрэг нотлох баримт болж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэзээ ч сэргэхгүй болно.

10.8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтаар хэргийн оролцогч этгээд эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй. Б.М нь 2023.08.07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй ч гэсэн шүүх хүлээн авч, уг шаардлагыг хангасан шийдвэр гаргажээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.” гэж зааснаас үзвэл шаардлагаа өөрчлөх бус нэхэмжлэлийг өөрчлөх зохицуулалттай бөгөөд хэрэв нэхэмжлэлийг өөрчилж байгаа тохиолдолд уг нэхэмжлэл нь мөн хуулийн 62 зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах ёстой.

Гэтэл анхан шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар ялгамжтай хандаж Б.М-ийн өөрчилсөн гэх шаардлагыг шууд хүлээн авсан нь буруу бөгөөд улмаар шүүхээс уг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гуравдагч этгээд тайлбар гаргах эрхээр хангаагүй (бие даасан шаардлагыг шүүх хүлээн авах эсэх нь тодорхойгүй байсан), мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Энэхүү гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

11.Хариуцагч Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Р.М, Д.Х, Ч.О, гуравдагч этгээд Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.М нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.01.18-ны өдрийн 001/ШХТ2024/00098 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

12.Хариуцагч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

13.Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б.М, Д.Ц нарын хооронд 2017.01.09-ний өдөр байгуулагдсан “Т” ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу тус компанийн 95 хувийн хувьцаа шилжүүлэх үүрэг хариуцагчид үүссэн болохыг тогтоолгож, уг хувьцааны эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах” гэж өөрчилсөн бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд зохигч мэтгэлцсэн байна.  

Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа “... бид “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцаа худалдах-худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг 2017.01.09-ний өдөр сайн дурын үндсэн дээр, өөрсдийн хүсэл зоригийн дагуу, бусдын ямар нэгэн дарамт шахалтгүйгээр байгуулсан. Гэрээг нотариатчаар батлуулах шаардлагатай байсан тул нотариатчийн ажлын байранд очиж баталгаажуулж, гэрээ үйлдсэн үйлчлүүлэгчийн бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан. Мөн өдөр Д.Ц нь хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргаж, өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцаанаас 95 хувийн хувьцааг шилжүүлж, компанийн дүрмийг өөрчилж, компани 2 гишүүнтэй болох, захирлаар намайг томилж, бүртгэлийн гэрчилгээ шинээр авч бүртгэл хийлгэхээр албан бичиг үйлдсэн. Дээрх гэрээ, шийдвэрийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бөгөөд үүнээс өмнө 2015 онд миний бие 1,050,000,000 төгрөгийг төлж “Л” ХХК-ийн нэр дээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авч, улмаар уг зөвшөөрлийг “Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авч үйл ажиллагаа явуулж байсан. Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байхад компанийн шийдвэр гэх албан бичигт “хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх” гэж бичсэнийг анзаараагүй, хожим маргаан үүсгэх агуулга байсныг мэдээгүй. Анх “Т” ХХК нь 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай жил болгон Х тайлан гаргадаг компани байсан. “Талст молор” ХХК гянтболдын ашиглалтын лиценз авч ашигтай ажиллаж эхэлмэгц хувьцаагаа буцах зорилгоор хариуцагч Д.Ц хувьцаа шилжүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан, анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангасан. Гэвч давж заалдах шатны шүүх “ ...хариуцагчийн надад шилжүүлсэн 95 хувийн хувьцааг буцаан эзэмших эрхийг шууд сэргээхгүй, харин улсын бүртгэл хийх үндэслэл болсон гэрээ, түүнтэй холбоотой талуудын хүсэл зориг, гэрээ хүчин төгөлдөр эсэхийг тухайн шүүх дүгнэлт хийх боломжгүй, бүртгэл хийх үндэслэл болсон баримт нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр хуурамч, хууль бус болох нь тогтоогдоогүй боловч гэрээ, хэлцлийн талаар Д.Ц нь иргэний хэргийн шүүхэд маргах ашиг сонирхол байна” гэсэн дүгнэлт хийсэн. Захиргааны хэргийн шүүх дээр Д.Ц нь хувьцааг худалдах-худалдан авах гэрээгээр бус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэж маргадаг боловч ийм гэрээ байдаггүй, харин тэрээр хувьцаа худалдах-худалдан авах гэрээг байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан, нотариатчаар баталгаажуулсан, энэ нь ч баримтаар тогтоогдсон. Бидний маргаан шийдвэрлэгдээгүй байхад хариуцагч нь 2023.04.28-ны өдөр улсын бүртгэлд “Т” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж, улмаар  мөн өдөр хувьцааны 75 хувийг Д.Б-д худалдахаар гэрээ байгуулсан байсан. Улсын байцаагчийн актаар бүртгэлийг түдгэлзүүлсэн байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Б.М бид хоёрын хооронд “Т” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах талаар ямар нэгэн тохиролцоо болоогүй, надад компанийн хувьцааг түүнд худалдах хүсэл зориг байгаагүй ... “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 17/04 дугаар шийдвэрт компанийн 95 хувийн хувьцааг Б.М-д эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлэхээр заасан, гэтэл компанийн хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээг бүртгэлийн үндэслэл болгосон. Энэ гэрээ нь  хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрт үндэслээгүй байна. Түүнчлэн, эрх шилжүүлэн авагч Б.М-ийн гарын үсгүүд хуурамч болох нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Мөн худалдаж авсан гэх хувьцааны үнэ болох 969,000 төгрөгийг надад төлөөгүй. Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг бөгөөд хүсэл зоригоос гадуур, хууль бус арга, замаар Б.М нь “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцааг эзэмших эрхгүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх бүртгэлийг хүчингүй болгосон тул Б.М хувьцааг эзэмших эрхгүй. Анх Б.М нь хөрөнгө оруулагч нарт хувьцааны 75 хувийг шилжүүлнэ гэж тохиролцож байсан боловч шилжүүлээгүй. Энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариуцагч талыг дэмжиж тайлбар гаргахдаа “...Миний нөхөр Б.С нь 2015-2019 онд өөрийн түнш, БНХАУ-ын нэр бүхий иргэдийн хамт “Т” ХХК-ийн эзэмшилд байгаа Х аймгийн А сумын нутагт орших уурхайд олон тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, эд хөрөнгийг тус компанийн 75 хувийн хувьцааг эзэмших нөхцөлтэйгөөр Б.М-д итгэн шилжүүлсэн. Гэвч Б.М нь дээрх уурхайн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа компанийн хувьцааны 95 хувийг өөртөө хууль бусаар шилжүүлэн авч, улмаар 2019 онд уурхайгаас хөөж гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн  магадлалаар “Т” ХХК-ийн 2017.01.09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гишүүдийн тоо 2, гүйцэтгэх захирлаар Б.М-ийг томилсон гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017.01.16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон. Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, шийдвэрийг албадан биелүүлсний дараа Д.Б миний бие Д.Ц-тэй “Т” ХХК-ийн хувьцааны 75 хувь буюу 765 ширхэг хувьцааг 2023.04.28-ны өдрийн 0453 бүртгэлийн дугаартай худалдах-худалдан авах гэрээ мөн өдрийн 0454 бүртгэлийн дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Гэтэл Б.М нь тус шүүхэд өөрийгөө “Т” ХХК-ийн 95 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоох агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасан байгаа нь миний эрх ашигт сөргөөр нөлөөлж байна” гэсэн байна.

14.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулсан байна.

15.Дээрх байдлаар хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаан, хууль хэрэглэх асуудлаар адил дүгнэлт хийсэн боловч хариуцагч Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Р.М, Д.Х, Ч.О, гуравдагч этгээд Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.М нарын гаргасан “анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн атал давж заалдах шатны шүүх уг алдааг илрүүлж залруулах үүргээ хэрэгжүүлээгүй”, “шүүхүүд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын агуулгыг  буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлын хүрээнд хяналтын шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

16.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан үнэлж зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.

16.1.Тухайн маргааны үйл баримтыг тодруулж дурдах шаардлагатай байна.

Хэргийн баримтаас үзвэл, “Т” ХХК-ийг хариуцагч Д.Ц 2013 онд үүсгэн байгуулж, компанийн 100 хувийн хувьцааг эзэмшихээс гадна гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, хожим 2017.01.09-ний өдөр тус компани 2 хувьцаа эзэмшигчтэй болж, хувьцааны 95 хувийг Б.М, 5 хувийг Д.Ц тус тус эзэмшихээр, гүйцэтгэх захирлаар Б.М бүртгэгдэж 2017.01.16-ны өдөр улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан.

Дээрх өөрчлөлтийг оруулахаар улсын бүртгэлийн байгууллагад гаргасан баримтад компанийн хувьцаа эзэмшигчийн 2017.01.09-ний өдрийн 17/04 дугаартай шийдвэр, мөн өдрийн хувьцаа худалдах-худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус хавсаргагдсан байсан.

Д.Ц-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Д.Ц-ийн “Т” ХХК-ийн 2017.01.09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гишүүдийн тоо 2, гүйцэтгэх захирлаар Б.М-ийг томилсон гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017.01.16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.14-ний өдрийн 128/ШШ2022/0764 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.26-ны өдрийн 221/МА2023/0076 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Дээрх магадлалыг үндэслэн “Т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд компанийн захирлаар Д.Ц-ийг 2013.11.26-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг сэргээн, 2023.04.28-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосон боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2023.05.19-ний өдрийн 3514 дугаар дүгнэлтээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд  “Т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хяналт шалгалтын ажиллагаа дуустал түдгэлзүүлэхээр болсон нь тус тус тогтоогджээ.

16.2.Харин нэхэмжлэгч Б.М-ийн хариуцагч Д.Ц-д холбогдуулан гаргасан энэхүү нэхэмжлэл нь “Т” ХХК-ийн дүрэм, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлыг өөрчилж 2017.01.16-ны өдөр улсын бүртгэл хийх үндэслэл болсон Б.М, Д.Ц нарын хооронд 2017.01.09-ний өдөр байгуулагдсан гэх хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний үүргийн биелэлттэй холбоотой ба зохигч эдгээр гэрээг байгуулах хүсэл зоригтой байсан эсэх, хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн эсэх, тэдний хооронд эрх зүйн аль төрлийн гэрээний харилцаа үүссэн болох, гэрээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

17.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд компанийн хувьцаа  худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан, эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул хүчин төгөлдөр, иймээс нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж үзсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн, маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

17.1.Нэхэмжлэгч Б.М нь “Т” ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах, компанийн эрх шилжүүлэх бичгийн хэлбэртэй гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгосныг хариуцагч эс зөвшөөрөхдөө, “... тус компанийн өөрийн эзэмшлийн хувьцааны 95 хувийг нэхэмжлэгч Б.М-д бэлэглэлийн гэрээгээр, гэхдээ бичгээр бус амаар тохиролцож бодит үйлдлээр шилжүүлсэн тул тухайн гэрээг гаргаж өгөх боломжгүй,  худалдах-худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, ийм гэрээ байгуулагдаагүй” гэж маргасан.

17.2.Аливаа гэрээний талууд уг гэрээ байгуулахаар тохиролцож, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний агуулга, хэлбэрийг өөрсдөө тодорхойлж, тохиролцох бөгөөд хэргийн баримтаар маргааны зүйл болсон худалдах-худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг зохигч байгуулж, уг гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн нь тогтоогдсон байна. Тухайлбал, Д.Ц-ийн нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн шүүх хэлэлцсэн хэрэгт болон Д.Ц-ийн нэхэмжлэлтэй, нотариатч Ж.М-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад дээрх гэрээнүүдэд зурагдсан гарын үсэг, нотариатчийн бүртгэлийн дэвтэрт зурагдсан гарын үсгүүд зохигчийн гарын үсгийн харьцуулсан загвартай тохирч байгааг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, эдгээр шинжээчийн дүгнэлтийг шүүх зохигчийн тайлбар, хэргийн бусад баримттай харьцуулан үнэлж, хариуцагчийн татгалзал үгүйсгэгдсэн гэж үзсэн, өөрөөр хэлбэл, хариуцагч нь маргааны зүйл болсон 2 төрлийн гэрээг байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан, гэрээ байгуулснаа нотариатчаар гэрчлүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д заасан “бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо  илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хийсэн гэж үзэх” хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Нөгөө талаар, зохигчийн хооронд “Т” ХХК-ийн дээрх 95 хувийн хувьцааг бэлэглэх гэрээ байгуулагдаж байсан нь нотлогдоогүй байна.

17.3.Мөн, 2 гэрээнд талуудын хүсэл зориг хэрхэн илэрхийлэгдсэнийг үзэхэд, тухайлбал, хувьцаа худалдах-худалдан авах гэрээнд, “... “Т” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ц нь өөрийн эзэмшдэг 1,020,000 төгрөгийн үнэ бүхий 10,200 ширхэг хувьцааны 95 хувь болох 969,000 төгрөгийн үнэ бүхий 9690 ширхэг хувьцааг нийт 969,000 төгрөгөөр Б.М-д худалдаж, үлдэгдэл 5 хувь болох 51,000 төгрөгийн үнэ бүхий 510 ширхэг хувьцаа нь Д.Ц-д хэвээр үлдэх, худалдан авагч нь төлбөрийг 2017.01.09-ний өдөр төлж дуусгасан” гэх агуулга тусгагджээ.

Компанийн эрх шилжүүлэх гэрээнд “...эрх шилжүүлэгч “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ц нь өөрт оногдох 100 хувиас 95 хувийг Б.М-д албан ёсоор шилжүүлэх, компани нь татварын өр төлбөргүй, гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөргүй, тайланд тусгагдсан болон компанийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад ХҮ019692 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл хөрөнгөөр бүртгэлтэй, уг тусгай зөвшөөрлийн үнэлгээ нь энэ гэрээний дагуу хийгдэж байгаа компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 2.4-т заасан төлбөрт багтсан болно, эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш компанийн үйл ажиллагаатай холбоотой гарсан ямар нэг хариуцлагыг эрх шилжүүлэн авагч тал шилжүүлж авсан 95 хувийг хариуцах” талаар дурдсан байна.

Иймд зохигчийн хооронд байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг үгүйсгэх үндэслэлгүй тул тэдний хооронд хүсэл зориг хангалттай илэрхийлэгдэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

18.Хуульд зааснаар худалдагч нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн болон худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үздэг.

“Т” ХХК-ийн хувьцаа буюу эдийн бус хөрөнгө нь зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний зүйл байна.

Компанийн хувьцаа нь нэрлэсэн үнэтэй байна. Харин хувьцааг бусдад худалдахдаа тухайн нэрлэсэн үнээр эсхүл зах зээлийн үнээр худалдаж болох бөгөөд зохигч хувьцааг нэрлэсэн үнээр худалдсан, үнийн талаар ийнхүү тохиролцсон нь Б.М нь бусдаас хөрөнгө олж компанийн үйл ажиллагааг явуулах байсантай холбоотой гэж үзэхээр байна.

Хариуцагч Д.Ц нь нэхэмжлэгч Б.М гэрээнд заасан хувьцааны төлбөрийг төлөөгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээнд бичигдсэн хувьцааны төлбөрт төлбөл зохих төлбөр төлөгдсөн гэсэн үйл баримтыг баримтаар үгүйсгээгүй байна.

19.Зохигчийн хооронд компанийн хувьцаа худалдах, эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж байгаа тохиолдолд Компанийн тухай болон Улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэснээр тухайн гэрээний талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг хүчин төгөлдөр үйлчилнэ.

Хувьцаа худалдах-худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээтэй адил огноо бүхий, “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 17/04 дугаартай шийдвэр Улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдөлд хавсаргагдсан байсан бөгөөд энэхүү баримтад “Б.М нь 2015 оны 3-р улирлаас эхлэн компанийн хөрөнгө оруулалтад хандив өргөсөн тул Д.Ц өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцаанаас 95 хувийн хувьцааг Б.М-д эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлэх, Д.Ц-ийг захирлаас чөлөөлж, Б.М-ийг захирлаар томилох, компанийг 2 гишүүнтэй болгож, компанийн шинэчилсэн дүрмийг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авах, өөрчлөлтийг хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх” гэж заажээ. Энэ баримтыг үйлдсэн тухайд нэхэмжлэгч маргаагүй байна.

20.Нэгэнт талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулж хувьцааг шилжүүлэхээр тохиролцсон, уг гэрээгээр талуудын хүсэл зориг хангалттай илэрхийлэгдсэн байх тул дээр дурдсан “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр баримтад“ хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх” гэж бичигдсэнээр зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг үгүйсгэх нь талуудын хүсэл зориг, гэрээний чөлөөт байдал, харилцан итгэлцлийн зарчимтай нийцэхгүй юм. Түүнчлэн “Т” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан цаг хугацаа 2017.01.16-ны өдөр ба тухайн цаг хугацаанаас хойш Д.Ц Захиргааны хэргийн шүүхэд хандсан 2022 он хүртэл зохигчийн хооронд дээрх бүртгэл, бүртгэл хийх үндэслэл болсон гэрээ, компанийн шийдвэрийн талаар маргаан гаргаагүй байжээ.

21.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Д.Ц-ийн нэхэмжлэлийг хангаж, “Т” ХХК-ийн улсын бүртгэлд орсон өөрчлөлтийг хүчингүй болгохдоо, “ ...маргаан бүхий бүртгэлийг хийх үед компанийн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах өргөдөлд хавсаргасан баримтуудад хувьцаа шилжүүлэх болсон үндэслэлийг бэлэглэлийн гэрээ гэж заасан атлаа хувьцаа худалдах-худалдан авах гэрээ хавсаргасан нь хуульд заасан Иргэний хуульд заасан холбогдох гэрээ гэсэнд нийцэх эсэх нь эргэлзээтэй, зөрчилтэй байхад улсын бүртгэгч нь үүнийг нягтлан шалгаагүй, бүртгэл хийхээс татгалзаагүй, хууль бус уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн 2017.01.09-ний өдөр компанийн хувьцаа шилжүүлэх талаар гаргасан хүсэлтийн үндэслэл болж буй бэлэглэлийн гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээнүүд хуурамч эсэх талаар маргах ашиг сонирхол хөндөгдсөн байна гэж үзэж шүүх бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэсэн.

Уг магадлалд тайлбар хийсэн 2023.04.24-ний өдрийн 2/915 дугаартай албан бичигт “... бүртгэлийн байгууллагад хандсан өргөдөлд хавсаргасан баримтад хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн шийдвэр ... баримт байгаа боловч бүртгэлийн байгууллага хувьцааг бэлэглэлийн эсхүл худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн болохыг тогтоохгүйгээр зөрчилтэй баримт бичгийг үндэслэсэн.

Хуулийн этгээдийн бүртгэл хүчинтэй байснаар нэхэмжлэгчээс уг бүртгэлийг хийх үндэслэл болсон гэрээ, холбогдох баримтууд хуурамч эсэхийг тогтоолгохоор эрх бүхий хууль хяналтын байгууллагад хандах ашиг сонирхол нь хязгаарлагдах үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гэрээний талаар маргах ашиг сонирхлыг нь сэргээн эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн” гэсэн агуулга тусгагдсан байна.

Иймээс зохигчийн хооронд үүссэн маргаан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарснаар бүрэн шийдвэрлэгдээгүй, Д.Ц-ийн иргэний хэргийн шүүхэд хандах эрхийг хангасан байтал тэрээр Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж 2023.04.28-ны өдөр “Т” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж, улмаар хувьцааны 75 хувийг мөн өдрөө Д.Б-д худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлэхээр тохиролцсон боловч тухайн хувьцаа шилжиж улсын бүртгэл хийгдээгүй, бүртгэлийн ажиллагааг түдгэлзүүлжээ.

Дээрх байдлаас үзэхэд, Б.М, Д.Ц нарын цаг хугацааны хувьд өмнө тохиролцсон гэрээний тохиролцоог хожим нь бий болсон буюу хариуцагчийн нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлдээ дурдаж байгаа “ ... хувьцааны 75 хувийг хөрөнгө оруулагч нарт шилжүүлэх гэрээ байгуулсан” гэх нөхцөлтэй уялдуулж үгүйсгэх нь хуульд нийцэхгүй.

Иймд хариуцагч Д.Ц нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсны дараа одоо өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан 100 хувийн хувьцааны 95 хувийг буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Б.М шаардах эрхтэй, энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзэв.

22.Нөгөө талаар, хариуцагч нь нэхэмжлэлээс татгалзаж буй нэг үндэслэл болгож, нэхэмжлэгч нь 95 хувийн хувьцааг анх шилжүүлэн авахдаа “Т” ХХК-ийн нийт 75 хувийн хувьцааг тус компанийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулагч нарт, тухайлбал, БНХАУ-ын иргэн Б.С/B S/, Л /L/, Ж /J/  нарт шилжүүлнэ гэсэн амлалтаа биелүүлээгүй гэсэн.

Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд, Д.Ц анх “Т” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компани Х аймгийн А сумын нутаг Б нэртэй газар орших гянтболдын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад оролцоход хөрөнгө оруулалт олохыг нэхэмжлэгч Б.М-д санал тавьсан, Б.М нь урьдын хамтрагч Б.С-д хандаж хөрөнгө оруулахыг хүссэн. Гэвч тус компани ажлын туршлага болон тоног төхөөрөмж, ажиллах хүчин байхгүйгээс тухайн чиглэлээр буюу уул уурхайн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Л” ХХК-тай тохиролцож, улмаар тус компани сонгон шалгаруулалтад оролцох, хайгуулын тусгай зөвшөөрлийг авсны дараа зөвшөөрлийг “Т” ХХК-д шилжүүлэн авахаар тохиролцсон болох нь тогтоогдсон байна.

Энэ тохиролцооны хүрээнд 2015.08.26-ны өдөр “Л” ХХК, захирал Б.Гантөмөр  болон БНХАУ-ын Э хотын Я гадаад худалдаа компани, захирал Ж /J/ нар хамтран ажиллах гэрээ байгуулсан, энэ гэрээгээр Я гадаад худалдаа компани нь “Л” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцоход гарах бүх зардал, түүнчлэн сонгон шалгаруулалтад шалгарсан тохиолдолд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр, үйлчилгээний төлбөр, санал болгосон үнийн саналд тусгасан мөнгөн дүн зэрэг шаардагдах бүх зардлыг хариуцахаар болсон. Энэ гэрээний дагуу хөрөнгө оруулагч нараас нэхэмжлэгч Б.М болон түүний эхнэр Х.У нарын дансанд мөнгө шилжин ирсэн, уг мөнгөнөөс хайгуулын лицензийн төлбөрт 1,035,000,000 төгрөгийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Үүний зэрэгцээ ”Л” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд хайгуулын тусгай зөвшөөрлийг “Л” компани авсан тохиолдолд “Т“ ХХК-д шилжүүлэхээр тохирч гэрээг 2015.09.20-ны өдөр байгуулсан байна.

Эдгээр гэрээний дагуу “Л” ХХК нь сонгон шалгаруулалтад оролцож хайгуулын тусгай зөвшөөрөл авсан, хожим нь “Л” ХХК-аас “Т” ХХК руу шилжүүлсэн, дараа нь тус компани хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл болгож, улмаар гянтболд олборлох үйл ажиллагаа явуулсныг зохигч маргаагүй байна.

Дээр дурдсан, энэ хэргийн баримтаар тогтоогдсон үйл баримтаас харахад “Т” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зорилгоор Б.М хөрөнгө оруулагч нараас мөнгө авсан, хамтран ажиллах хүсэл зориг байсан нь үгүйсгэгдэхгүй байна. Гэхдээ ийнхүү хөрөнгө оруулсан үйл баримт нь хөрөнгө оруулагч нарын хувьцаа эзэмших эрхийг шууд нотлохгүй, гагцхүү хөрөнгө оруулснаар хэн нь хэдий хэмжээний хувьцааг оруулсан хөрөнгийн хэмжээгээр эзэмшихээр харилцан хүсэл зоригоо илэрхийлж тохиролцсон байдал тогтоогдох ёстой бөгөөд ийм үндэслэл байгаа тохиолдолд тухайн маргаан нь жичдээ шийдвэрлэгдэх боломжтой.

Дээрх маргаан нь зохигчийн хооронд үүссэн 2017.01.09-ний өдөр байгуулсан гэрээний үүрэгтэй холбоогүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

23.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан хариуцагч Д.Ц, түүний өмгөөлөгч нарын гомдлын талаар.

23.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн гэх гомдлын тухайд.

Хэргийн баримтаас үзэхэд 2023.06.20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Р.М нь  “...Д.Ц-ийн Б.М-д холбогдуулан гаргасан гомдлыг шийдвэрлэж байгаа ажиллагаа ямар шатанд явж байгаа тухай тодорхойлолтыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас гаргуулах” хүсэлт гаргасныг шүүгчийн 2023.06.20-ны №15737 дугаартай захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн ба захирамжид “...хариуцагчийн өмгөөлөгч нь хүсэлтэд дурдсан нотлох баримтуудыг өөрөө бүрдүүлэх боломжгүй талаарх тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй...” гэсэн үндэслэл заажээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдолд, дээрх хүсэлтийг гаргасан шалтгаанаа, “...захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Х-гийн гаргасан 3681 тоот дүгнэлтэд “Улсын бүртгэлийн ерөнхий газарт хадгалагдаж буй 2017.01.19-ний өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнд зурагдсан гэрээний нэг тал болох Б.М гэсэн гарын үсэг түүний гарын үсгийн харьцангуй чөлөөт  загваруудтай тохирохгүй гэсэн дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгчийн гарын үсэг хуурамч тул түүнийг хуурамч баримт бичиг үйлдэж, “Т” ХХК-ийн эрхийг гэмт хэргийн арга замаар шилжүүлэн авсан асуудлаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулж байгаа. Энэ талаар тодорхойлолт гаргуулсан бол шүүх хэргийг түдгэлзүүлэх боломжтой байсан” гэх агуулгаар тодорхойлжээ.

Шүүх хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэх ба шүүх уг тодорхойлолтыг хариуцагч тал өөрөө авах боломжтой гэж үзэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хариуцагч, түүний өмгөөлөгч нар тодорхойлолтыг Цагдаагийн байгууллагаас өөрсдөө авах боломжгүй байгаа баримт, энэ тухай тайлбар, хүсэлтийг шүүхэд дахин гаргаагүй байна.

Нөгөө талаар, шинжээчийн 3681 тоот дүгнэлтэд 2 гэрээнд зурагдсан Б.М-ийн гарын үсэг түүний гарын үсгийн чөлөөт загваруудтай тохирохгүй гэж тогтоосон боловч нэхэмжлэгч Б.М өөрөө тус гэрээнд гарын үсэг зурсан асуудлаар маргаагүй, түүний гарын үсгийг хэн нэгэн хуурамчаар зурсан байх учир шалтгаан байхгүй байна.

23.2.Дээрхээс гадна  зохигчийн гарын үсгийн талаар хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан нь хэрэгт авагдсан бөгөөд эдгээр дүгнэлтийг харьцуулан үзээгүй гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.О-ын гаргасан 2022.09.27-ны өдрийн 2434 тоот дүгнэлтэд “...2017.01.09-ний өдрийн огноотой, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, ... компанийн эрх шилжүүлэх гэрээ гэх баримтын зүүн доод хэсэгт Д.Ц гэсний ард зурагдсан гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Д.Ц-ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирно...” гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Х-гийн гаргасан 2020.10.16-ны өдрийн 4026 дугаар дүгнэлтэд “...Монголын нотариатчидын танхим бүртгэлийн дэвтэр, 008 дугаартай бүртгэлийн “гарын үсэг” гэсэн баганад “Мөнхтөр” гэсний ард зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.М-ийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирно...” гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Х-гийн гаргасан 2021.03.05-ны өдрийн 614 дугаартай дүгнэлтэд “...2017.01.09-ний өдрийн “Т” ХХК-ийн дүрэм” гэсэн 5 хуудас баримтын 5 дугаар хуудасны доод хэсэгт “хувьцаа эзэмшигчид” гэсний ард, “Д.Ц”, ...“Б.М” гэх гарын үсэг нь тэдний гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна...” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.О-ын гаргасан 2021.07.30-ны өдрийн 1839 дугаартай дүгнэлтэд “...2017.01.09-ний өдрийн огноотой компанийн хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээ” гэх баримтын 2 дугаар нүүрний баруун дунд хэсэгт “Худалдан авагч” гэсний доор, Б.М гэсний ард зурагдсан гарын үсэг нь, компанийн эрх шилжүүлэх гэрээ гэх баримтын 1 дүгээр нүүрний баруун доод хэсэгт “Шилжүүлэн авагч” гэсний доор, Б.М гэсний ард зурагдсан шинжилж буй гарын үсэг ....Б.М-ийн гэх гарын үсгийн туршилтын загваруудтай тус тус тохирно...”, гэх дүгнэлт  тус тус авагджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх эдгээр шинжээчийн дүгнэлтүүдийг хэргийн бусад баримттай харьцуулан үйл баримтыг тогтоосон нь нотлох баримтыг үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шинжээч Г.Х-гийн 2021.03.05-ны өдрийн 614 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй гэсэн гомдол үндэслэлгүй байна.

23.3.Шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдээгүй гэх утга бүхий гомдлын хувьд.

2023.08.03-ны №18428 дугаартай захирамжаар нотлох баримт гаргуулахаар тухайн өдөр товлогдсон шүүх хуралдааныг 2023.08.22-ны 14 цаг 30 минутад хийхээр хойшлуулж, товыг хэргийн оролцогч нарт мэдэгдэж, мэдэгдэлд гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдсан, захирамжид заасан нотлох баримт ирээгүйгээс 2023.08.22-ны өдөр шүүх хуралдаан болоогүй, 2023.08.23-ны өдөр дараагийн 2023.09.12-ний өдрийн шүүх хуралдааны товыг шүүхээс хэргийн оролцогч бүрт утсаар ярьж мэдэгдэн энэ талаар тэмдэглэл үйлдсэн баримтууд хэрэгт авагдсан байна. Харин энэ тэмдэглэлд “хариуцагчийн өмгөөлөгч Д.Х-ийн 9909**** дугаарт залгахад холбогдох боломжгүй байсан тул мессеж бичиж үлдээв” гэж дурдаад, 2023.08.23-ний өдөр явуулсан мессежний гар утас дахь зургийг авч хэргийн баримтад үлдээжээ. Үүний зэрэгцээ хэргийн оролцогчоор шүүх хуралдааны мэдэгдэл хүргүүлсэн баримтад гарын үсгийг дахин зуруулсан нь хэргийн 67-р талд авагдсан, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нар уг мэдэгдэлд гарын үсэг зурахдаа хуралдааны зар мэдсэн огноог 2023.08.23 гэж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Х, Р.М нар огноог шүүх хуралдаан болсон өдөр буюу 2023.09.12 гэж  тус тус бичжээ.

Дээрх баримтуудыг харьцуулахад хариуцагч, түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд шүүх мэдэгдсэн, иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан хуралдааны товыг хэргийн оролцогчид мэдэгдэх журам зөрчигдөөгүй гэж дүгнэв.

23.4.Нотлох баримтыг танилцуулаагүй, хуралдааны бэлтгэл хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гомдлын талаар.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2023.08.03-ны өдрийн шүүх хуралдаанд “Эрүүгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа Хятад улсын нэр бүхий иргэдийн гомдолтой Б.М-д холбогдох хэргээс ...мөрдөн шалгах байгууллагаас прокурорын байгууллагад хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар гаргасан мөрдөгчийн тогтоолыг гаргуулах хүсэлтэй байна гэх хүсэлт гаргасныг, мөн өдрийн №18428 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч  уг хэлтсээс хэргийг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн тухай  хариуг ирүүлсэн тул баримт гаргах боломжгүй тухай хариу ирүүлжээ. 

Шүүхийн шаардсаны дагуу Нийслэлийн прокурорын газраас Б.М-д холбогдох эрүүгийн хэргээс санхүүгийн шинжээчийн тайлан, мөрдөгчийн тогтоол баримтыг шүүхэд 2023.08.29-ны өдөр ирүүлсэн байна. Уг нотлох баримттай хариуцагч тал шүүх хуралдаанаас өмнө танилцсан тухай баримт байхгүй боловч, нэгэнт 2023.09.12-ний өдөр шүүх хуралдаан товлогдсон, шүүхэд тухайн баримт 2023.08.29-ний өдөр ирсэн байсан тул энэ хугацаанд хариуцагч талаас шүүхэд ирж уг баримттай танилцах эрхээ эдлэх боломж хангалттай байсан болохыг шүүгч зохигчийн хэн алины тайлбарыг сонсож, шүүгчийн туслахаас асууж тодруулан эдгээр нөхцөл байдлыг үндэслэж хариуцагч талын хэргийн баримттай танилцах эрхийг хязгаарлаагүй гэж дүгнэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэхгүй. Энэ байдал шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан.

Түүнчлэн шинээр ирсэн нотлох баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судалсан байна.

23.5.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, хариу тайлбар өгөх боломж олгоогүй гэх гомдлын талаар.

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан анх Б.М, Д.Ц нарын хооронд 2017.01.09-ний өдөр компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу Б.М-ийг компанийн 95 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоож, компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээс ...Б.М нь 2015 оны 3-р улирлаас эхлэн компанийн хөрөнгө оруулалтад хандив өргөсөн тул Д.Ц өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцаанаас 95 хувийн хувьцааг Б.М-д эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлсэн гэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2017.01.09-ний өдрийн компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу “Т” ХХК-ийн 95 хувийн хувьцаа шилжүүлэх үүрэг хариуцагчид үүссэн болохыг тогтоолгож, 95 хувийн хувьцааны эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, уг өөрчилсөн шаардлагыг шүүх 2023.08.27-ны өдөр хариуцагч Д.Ц-д гардуулсан байна.

Нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүргийн биелэлтийг шаардсан агуулгатай бөгөөд үндэслэлээ, зохигчийн хооронд байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээнд үндэслэсэн,  зохигч энэ хүрээнд мэтгэлцсэн тул нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлд хариу тайлбар өгөх хугацаа 14 хоног ба энэ хугацаанд өөрчилсөн шаардлагад хариуцагч хариу тайлбар гаргаагүй, 2023.09.12-ний өдрийн шүүх хуралдаанд хариу тайлбар гаргах, шүүх хуралдаанд оролцох бэлтгэл хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хариуцагч нарын өмгөөлөгч гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан “ ...хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч даруй шийдвэрлэнэ“ гэсний дагуу шүүх хангахгүй орхихдоо, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүйг захирамжид заасныг буруутгах боломжгүй байна.

24.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх гомдлын тухайд.

24.1.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч, түүний өмгөөлөгч нарын “Б.М-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан байхад энэ иргэний хэргийг түдгэлзүүлээгүй” гэж гомдолдоо заажээ.

“... Хятад улсын нэр бүхий иргэдийн гомдолтой Б.М-д холбогдох, эрүүгийн хэрэг шалгагдаж байгааг зохигч маргаагүй, харин уг эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө энэ иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй, иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй байсан гэж үзэх хуульд заасан нөхцөл үүсээгүй, энэ тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой тусгагдсан байна.

Эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэхээс.... өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байдал тогтоогдвол холбогдох хэргийг түдгэлзүүлэх тухай хуулийн зохицуулалт нь өөр хэргийг хянан хэлэлцсэний дараа уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх шаардлага байгаа буюу өөр хэргийг хэрхэн шийдвэрлэх нь дараагийн шийдвэрлэх хэрэгт нөлөөлөхөөр байж болох тохиолдлыг зохицуулсан байх бөгөөд ийм үндэслэл тогтоогдоогүй байна. Тодруулбал, Б.М-д холбогдуулан шалгаж буй түүний Хятад улсын иргэдээс мөнгө авсан гэх үйлдэлтэй эрүүгийн хэрэг нь Б.М, Д.Ц нарын хооронд 2017.01.09-ний өдөр байгуулсан гэрээний үүргийн биелэлттэй холбоогүй, энэхүү маргаантай шууд хамааралгүй, тусдаа шийдэгдэх эрх зүйн харилцаа байна.

24.2.Д.Б нь бие даасан шаардлага гаргасан боловч шүүх уг шаардлагын  үндэслэл тодорхойгүй гэж үзэн удаа дараа хүлээн авахаас татгалзсан... талаарх гомдлын хувьд.

Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Б нь 2023.08.02-ны өдөр “Т” ХХК-ийн хувьцааны 75 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох  шаардлага гаргасныг шүүгчийн 2023.08.03-ны өдрийн 18428 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ ...гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэл, шаардлага тодорхой байх ёстой...”, ...нэхэмжлэгч Б.М, хариуцагч Д.Ц нарын хооронд 2017 онд “Т” ХХК-ийн хувьцааны асуудлаар хийгдсэн гэрээ хэлцлийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой маргаан шийдвэрлэгдээгүй...” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Мөн 2023.08.02-ны өдөр Хятад улсын иргэн Б.С нь Б.М, Д.Ц нарын хооронд байгуулсан 2017.01.09-ний өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул “Т” ХХК-ийн хувьцааны 95 хувийг Б.М эзэмших эрхгүй болохыг тогтоолгох шаардлага гаргасан байна. Уг шаардлагыг шүүгчийн 2023.08.10-ны өдрийн №18852 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба үндэслэлээ, “...нэхэмжлэгч Б.М-өөс хариуцагч Д.Ц-д холбогдуулан гаргасан хэргийг хянан хэлэлцэх ажиллагаа явагдаж байна...”, “...гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэл, шаардлага тодорхой байх ёстой...”, “...Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Д.Ц нарын хооронд 2017 онд “Т” ХХК-ийн хувьцааны асуудлаар хийгдсэн гэрээ хэлцлийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой маргаан шийдвэрлэгдээгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй...” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

2023.08.21-ний өдөр  иргэн Б.С нь шүүхэд дээрхтэй адил шаардлага гаргасныг  шүүх 2023.08.22-ны өдрийн №19527 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж, ийнхүү дүгнэлт хийхдээ өмнө нь Д.Б болон Б.С-ын гаргасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, шүүгчийн захирамжид заасан нөхцөл өөрчлөгдөөгүй үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзжээ.

Гуравдагч этгээд Д.Б болон Б.С нарын бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн ажиллагааны талаар давж заалдах шатны шүүх дүгнэхдээ “...бие даасан шаардлага гаргасныг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасанд харшлахгүй, гуравдагч этгээд нь жичдээ шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад дээрх шүүхийн шийдвэр саад болохгүй, харин анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг хэрэглэсэн нь оновчгүй байна...” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно гэж заасан байна.  Гуравдагч этгээдийн бие даан гаргаж байгаа  нэхэмжлэлийн шаардлага нь   зохигчийн хооронд үүссэн маргаан, маргааны зүйлтэй ижил, зайлшгүй нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэх нь зохистой байхыг шаардана.  Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, уг харилцаанаас үүссэн маргааны зүйлтэй бие даан гаргаж байгаа шаардлага холбоотой эсэх нь ач холбогдолтой юм.

Нэхэмжлэгч Б.М нь Д.Ц тэй 2017.01.09-ний өдөр компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээний үүргийн биелэлтийг шаардсан бол хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй худалдах-худалдан авах гэрээг огтоос байгуулаагүй, хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэж маргасан атал,  Д.Б нь шүүхэд хандан шаардлага гаргахдаа “2017.01.09-ний өдрийн гэрээтэй холбоотой бус, өөр гэрээний харилцаа буюу Д.Ц тэй 2023.04.28-ний өдөр байгуулсан гэрээний дагуу 75 хувийг эзэмших эрхтэйг тогтоолгох” шаардлагыг гаргасан, хожим нь Б.С нь “Б.М болон Д.Ц нарын хооронд байгуулсан 2017.01.09-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах-худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” гэж, зохигчийн нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйлээс өөр үндэслэл зааж эрх зүйн үр дагаврыг шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд шаардлага гаргаж буй нөхцөлд тухайн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан  бие даасан шаардлага гэж үзэх эсэхийг шүүх хянаж хүлээн авах эсхүл хүлээн авахаас татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргах ба заавал хүлээн авч хэлэлцэх үүрэгтэй биш юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг тодорхойлон заасан ба 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх, нэхэмжлэл нь ямар нотлох баримтад тулгуурлаж байгааг илэрхийлсэн байхыг шаардсан.

Д.Б, Б.С нарын гаргасан бие даасан шаардлагыг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэнээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг баримтлан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэсэн үндэслэлтэй адилтган хүлээн авахаас татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчөөгүй гэж үзэв.

24.3.“Хариуцагч Д.Ц нь Д.Б-тэй 2023.04.28-ны өдрийн 0453 бүртгэлийн дугаартай худалдах-худалдан авах гэрээ, мөн өдрийн 0454 бүртгэлийн дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээг анхан шатны шүүхээс Д.Ц, Б.М нарын хооронд хийсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдал шийдвэрлэснээс хамаарч Д.Ц нь гэрээ байгуулах эрхтэй байсан эсэхийг дүгнэх нөхцөл бүрдэх тул гуравдагч этгээдийн гэрээний асуудлыг дүгнэх боломжгүй гэж дүгнэсэн талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх уг гомдлын талаар дүгнэлт өгөөгүй” гэх гомдлын талаар нэгэнт шүүх бие даасан шаардлагыг хүлээн авч шийдвэрлээгүй нь хууль зөрчөөгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

24.4.Шүүхээс эрх, үүргийг тайлбарлаагүй, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулаагүй гэх гомдлын хувьд:

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн өөрийн биеэр эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох ба гуравдагч этгээд Д.Б нь 2023.07.31-ний өдөр сайн дурын үндсэн дээр өөрийгөө төлөөлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг итгэмжлэлээр Ч.Д-д олгосон байна. Энэхүү итгэмжлэлийн дагуу шүүх Ч.Д-д 2023.07.31-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, танилцуулсан тухай баримтад гарын үсэг зуруулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5д “өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” гэж заасан байна. Гуравдагч этгээд Д.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаагүй байх тул түүнд өөрт нь эрх, үүрэг тайлбарлан өгөөгүй гэх гомдол үндэслэлгүй юм.

24.5.Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д-г  оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж, шийдвэр гаргасан гомдлын хувьд.

Гуравдагч этгээд Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д “...захиргааны хэргийн шүүх хурал 2023.09.12-ны өдөр 14 цаг 30 минутад эхлэх тул тухайн өдөр зарлагдсан иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй нөхцөл байдал  үүсэж байна. Иймд шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг  шүүхэд гаргажээ.

Уг хүсэлтийг 2023.09.12-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад,  хариуцагчийн өмгөөлөгч “гуравдагч этгээдийн төлөөлөгчийг оролцуулж шүүх хуралдааныг хийх нь зүйтэй” гэж тайлбараа гаргасан бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар “ ... өнөөдрийн шүүх хуралдааныг 2023.08.23-ны өдөр  бүгдэд нь мэдэгдээд гарын үсэг зуруулсан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд хавсаргасан Төв аймгийн шүүхийн мэдэгдэх хуудаст 2023.08.29-ний өдөр өнөөдрийн  хурлыг мэдэгдсэн байна. ... эхэлж мэдэгдсэн хуралдаа оролцох үүрэгтэй” гэсэн тайлбар тус тус гаргасан, анхан шатны шүүх уг хүсэлтийг  №20959 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэж хангахгүй орхихдоо, “...хурлын зарыг хэргийн оролцогчдод 2023.08.23-ны өдөр мэдэгдсэн, “... итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д нь түрүүлж зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй “ гэж үзжээ. Давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрийг буруу гэж үзээгүй байна.

Анхан шатны шүүх, 2023.09.12-ны өдрийн  шүүх хуралдааны товыг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу боломжит хугацаанд мэдэгджээ.  Энэ тохиолдолд тэрээр өөрийн ажлыг зохицуулах боломжтой байснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөгчөөр оролцож байгаа этгээдийн хувьд өөр шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэл зааж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байгаа нь нэгэнт товлогдсон шүүх хуралдааныг  хойшлуулах үр дагавар үүсгэх хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах боломжгүй юм. Иймд шүүх зохигчийн  хэн алины тайлбарыг сонсож, өөрийн бүрэн эрхийн хүрээнд хүсэлтийг хангахгүй орхиж, түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хэлэлцсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохгүй, тиймээс гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд оролцох, тайлбар гаргах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

24.6.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч гомдолдоо: ...гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-д өөрт нь хуралдааны товыг мэдэгдэх шаардлагатай байсан... гэжээ.

Дээр дурдсанаар Д.Б итгэмжлэлээр өөрийгөө төлөөлүүлж Ч.Д-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, шүүх  итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, төлөөлөгч, төлөөлүүлэгч аль ч олгосон итгэмжлэлээс татгалзсан гэх байдал тогтоогдоогүй. Иймд шүүх гуравдагч этгээдэд өөрт нь шүүх хуралдааны товыг мэдэгдэх үүрэггүй байна.

24.7.Гэрчээр оролцсон “Л” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Г-ийн мэдүүлгийг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс үнэлж, дүгнээгүй гэж хариуцагчийн өмгөөлөгч гомдолдоо дурдсан ба тухайн гэрч мэдүүлэгтээ “...хөрөнгө оруулагч Хятадын компанид “Т” ХХК-ийн хувьцаа шилжүүлнэ гэж байсан” гэх, “...Мөнгийг хятад хүн гаргаад монгол хүний данс руу хийгээд, тэр хүн Ашигт малтмалын газарт тушаасан” гэсэн нь “Т” ХХК-ийн хувьцааг хөрөнгө оруулагч нарт шилжүүлэх үйл баримтыг нотолсон гэж үзэхгүй.

25.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/02025 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц, түүний өмгөөлөгч Р.М, Д.Х, Ч.О,  гуравдагч этгээд Д.Б,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, өмгөөлөгч Т.М нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Ц-ийн 2023.12.25-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2023.12.26-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээд Д.Б-гийн 2023.12.15-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2023.12.19-ний өдөр төлсөн 70,200 төгрөг, 2023.12.20-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ                                      

ШҮҮГЧИД                                                          Н.БАТЗОРИГ

                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                 Д.ЦОЛМОН