Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2024/00025

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/03782 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/02105 дугаар магадлалтай

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Э.А-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 19,234,623.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г-ийн гаргасан хяналтын гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Э.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 19,234,623.15 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/03782 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “А” ХХК-ийн хариуцагч Э.А-ээс 19,234,623.15 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч арлын дугаар LZZELMD6DN808***, 71-** *** улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,232 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/02105 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.29-ний өдрийн 101/ШШ2023/03782 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.А-ээс 2,736,020.44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,498,602.71 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож”, гэж, 3 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “324,232” гэснийг “324,323” гэж, “болгосугай” гэснийг “болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 58,727 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.                                                                                     

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/02105 дугаартай магадлал нь шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй хэт нэг талыг барьсан, хохиролтой шийдвэр гаргасан байх тул эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. 453 дугаар зүйлийн 453.1-д  “3ээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “3ээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан.

Зээлдэгч нь 2019.03.20-ны өдрөөс 2022.01.27-ны өдрийг хүртэл 16 удаагийн гүйлгээгээр нийт 24,755,046 төгрөг төлсөн. Үүнээс нэмэгдүүлсэн хүүд 1,393,998.41 төгрөг, зээлийн хүүд 17,101,046.74 төгрөг, үндсэн зээлд 6,260,000.85 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээний 2.7-т зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийн дарааллаар төлүүлнэ хэмээн заасан. Хариуцагчаас 2,736,020.44 төгрөгийг гаргуулан үлдэх 16,498,602.71 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй ба зээлдэгч нь хугацаа хэтрэлттэй, зээлээ графикийн дагуу огт төлдөггүй, зээлийг бүрэн эргүүлэн төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээл авсан сараасаа эхлэн төлөлтөө хийхгүй удаа дараа зөрчиж байсан.

1.2019.03.20-ны өдрийн 771,000 төгрөг төлснөөс зээлийн хүүд 770,667 төгрөг, үндсэн зээлд 333 төгрөг,

2.2019.04.30-ны өдрийн 300,000 төгрөг төлснөөс 10 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүд 45,332.40 төгрөг, зээлийн хүүд 226,662.20 төгрөг,

3.2019.05.02-ны өдрийн 500,000 төгрөг төлснөөс 2 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүд 9,066.48 төгрөг, зээлийн хүүд 490,933.52 төгрөг,

4.2019.06.26-ны өдрийн 2,500,000 төгрөг төлснөөс 37 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүд 167,729.88 төгрөг, зээлийн хүүд 1,475,688.22 төгрөг, үндсэн зээлд 856,581.90 төгрөг,

5.2019.07.08-ны өдрийн 1,350,000 төгрөг төлснөөс 12 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүд 51,657.84 төгрөг, зээлийн хүүд 258,289.32 төгрөг, үндсэн зээлд 1,040,052.84 төгрөг,

6.2019.08.05-ны өдрийн 1,520,000 төгрөг төлснөөс 16 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүд 64,439.68 төгрөг, зээлийн хүүд 563,846.64 төгрөг, үндсэн зээлд 891,713.68 төгрөг,

7.2019.09.18-ны өдрийн 1,600,000 төгрөг төлснөөс 44 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүд 166,745.92 төгрөг, зээлийн хүүд 833,730.48 төгрөг, үндсэн зээлд 599,523.6 төгрөг,

8.2019.09.27-ны өдрийн 1,805,300 төгрөг төлснөөс 9 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүд 32,688.29 төгрөг, зээлийн хүүд 163,341.54 төгрөг, үндсэн зээлд 1,609,290.17 төгрөг,

9.2019.11.01-ний  өдрийн 1,400,000 төгрөг төлснөөс 12 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүд 38,408.04 төгрөг, зээлийн хүүд 560,116.90 төгрөг, үндсэн зээлд 801,475.06 төгрөг,

10.2019.11.05-ны өдрийн 500,000 төгрөг төлснөөс 4 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүд 11,947.76 төгрөг, зээлийн хүүд 59,738,84 төгрөг, үндсэн зээлд 428,313.40 төгрөг,

11.2020.02.07-ны өдрийн 1,600,000 төгрөг төлснөөс 79 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүд 226,944.88 төгрөг, зээлийн хүүд 1,350,180.28 төгрөг, үндсэн зээлд 22,874.84 төгрөг,

12.2020.04.30-ны өдрийн 1,189,650 төгрөг төлснөөс 83 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүд 0 төгрөг, зээлийн хүүд 1,189,648.96 төгрөг, үндсэн зээлд 1,04 төгрөг,

13.2020.10.13-ны өдөр 1,200,000 төгрөг төлснөөс 121 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүд 475,858.92, зээлийн хүүд 724,141.08 төгрөг,

14.2021.08.05-ны өдөр 3,000,000 төгрөг төлснөөс 296 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүд 103,198.32 төгрөг, зээлийн хүүд 2,896,801.68 төгрөг,

15.2021.12.16-ны өдөр 4,000,000 төгрөг төлснөөс 133 хоногийн хугацаа хэтрэлттэй зээлийн хүүд 4,000,000 төгрөг,

16.2022.01.27-ны өдөр 1,519,096 төгрөг төлснөөс 42 хоногийн хугацаа хэтрэлттэй зээлийн хүүд 1,509,254.68 төгрөг, үндсэн зээлд 9,841.32 төгрөг төлсөн.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.04-ний өдрийн 210/МА2023/02105 дугаартай магадлалын тогтоох хэсгийн “нэхэмжлэлээс үлдэх 16,498,602.71 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” хэмээснийг өөрчлөлт оруулж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Зээлийн гэрээний 3.2.4, 3.2.5, 4.1.1, 5.1, 5.3 заасны дагуу зээл төлөгдөх хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн төлбөр төлж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөхгүй байх тул хариуцагчаас үлдэгдэл 16,498,602.71 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.01.25-ны өдрийн 001/ШХТ2024/00134 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Э.А-д холбогдуулан 19,234,623.15 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ, “... талууд тохирч 2019.02.14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 17,000,000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэйгээр, 16 сарын хугацаатай зээлдүүлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрөө буулгагч ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу нэр дээр шилжүүлж авч, зээлдэгч унаж явахаар тохиролцсон. Зээлдэгч нь зээл эргэн төлөлтийн хуваарийг зээл авсан сараас зөрчсөн. Нийт 24,755,046 төгрөг төлснөөс нэмэгдүүлсэн хүүд 1,393,998.41 төгрөг, зээлийн хүүд 17,101,046.74 төгрөг, үндсэн зээлд 6,260,000.85 төгрөгийг тус тус төлсөн. Иймд 2024.01.27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10,739,999.15 төгрөг, зээлийн хүү 6,701,760 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,792,864 төгрөг, нийт 19,234,623.15 төгрөг гаргуулна уу” гэснийг хариуцагч эс зөвшөөрч “...зээлийн эргэн төлөх хуваарьт зааснаар үндсэн зээл болон хүүд нийт 24,102,938 төгрөг төлөх үүргийг хүлээж, нийт 24,755,046 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...

 Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. 2019.02.14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч 24,755,046 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч нь үндсэн зээлийн 10,739,999 төгрөгийн үлдэгдэлд 2022.01.27-ны өдөр нэмэлт зээлийн гэрээг байгуулсан, гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй байсан учир шүүхэд баримтаар өгөөгүй, нягтлан бодогчийн гаргаж өгсөн зээл төлөлтийн дансны хуулга буюу тооцооллын дагуу нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлж байгаа гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “... Талууд 2019.02.14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь  17,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 16 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч   гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. Мөн өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан боловч нэхэмжлэгч нь фидуцээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан байна. ... нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлж, 17,000,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 24,755,046 төгрөг төлсөн, гэрээний хугацаа 2020.06.14-ний өдөр дууссан, шүүх тэдгээрийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох харилцаа үүссэн гэж үзсэн боловч хариуцагчийн гүйцэтгэх үүргийн хэмжээг буруу тодорхойлсон. Хариуцагч нь зээл, хүүг талуудын харилцан тогтоосон хэмжээгээр сар тутамд төлөхөөр тохиролцсон боловч нийт төлбөл зохих төлбөрөөс 24,755,046 төгрөг төлж, үлдэх хэсгийг биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ. Зээл төлөлтийн дансны хуулганаас үзэхэд гэрээний хугацаа дуусах үед хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 10,749,840.47 төгрөг байсан, гэрээний хугацаа дууссан 2020.06.14-ний өдрөөс хойш төлсөн 9,719,096 төгрөгийг гүйцэтгэвэл зохих үүрэг 10,749,840.47 төгрөгөөс хасахад 1,020,903.15 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй байна. Уг мөнгийг 2020.06.14-ний өдрөөс 2023.05.10-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 1,429,264.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 285,852.88 төгрөг, нийт 2,736,020.44 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Мөн шүүх нэмэгдүүлсэн хүү гаргуулахдаа Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсгийг баримтлаагүй, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буруу бичсэн алдааг залруулах нь зүйтэй.” гэсэн дүгнэлт хийжээ.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн гэрээний хугацааг хэтрүүлж үүргээ зөрчсөн зөрчлийн улмаас зээлийн эргэн төлөлтийн тооцоолол өөрчлөгдсөн  байдал, хэтэрсэн хугацааны хүүгийн талаар гэрээ болон хуульд нийцүүлэн дүгнэлт хийгээгүй тухай  нэхэмжлэгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийн хүрээнд хянан хэлэлцээд дараах дүгнэлтийг хийв.

10.Хэргийн баримтаас үзэхэд зохигчийн хооронд 2019.02.14-ний өдөр бичгээр байгуулагдсан зээлийн  гэрээгээр хариуцагч Э.А нь “А” ХХК-аас 17.000.000 төгрөгийг, 16 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн байна.

11.Зохигчийн хооронд үүссэн  энэхүү эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн гэрээ бөгөөд гэрээний  хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллага нь гэрээний үүргээ биелүүлж зээлийн мөнгөн хөрөнгө буюу 17,000,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, хариуцагч нь гэрээний хугацаанд буюу 2019.03.20-ны өдрөөс 2020.06.14-ний өдөр хүртэл нийт 15,035,950 төгрөг, уг хугацаа өнгөрснөөс хойш 4 удаагийн төлөлтөөр 9,719,096 төгрөг, нийт 24,755,046 төгрөг төлсөн нь тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

12.Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2019.02.14-ний өдрийн зээлийн гэрээ, түүний дагуу хийсэн зээлийн тооцооллын хүрээнд талууд мэтгэлцсэн атал анхан шатны шүүх зээлийн гэрээ, түүний нөхцөл, үүргийн биелэлттэй холбоотой талуудын маргааны үндэслэлд зайлшгүй хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй, гагцхүү нэмэлт гэрээ байгуулснаа нэхэмжлэгч нотлоогүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх 2019.02.14-ний өдрийн зээлийн гэрээний биелэлтийг нэхэмжлэгч шаардах эрхтэй талаар зөв дүгнэсэн хэдий ч уг гэрээгээр тохиролцсон хариуцагчийн сар бүрийн гүйцэтгэх үүргийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх ерөнхий болон хэсэгчилсэн хугацаа, хариуцагч нь үүргийг хэрхэн биелүүлсэн буюу түүний үүргийн зөрчлөөс шалтгаалж эргэн төлөх хуваарьт заасан зээлийн тооцоолол өөрчлөгдсөн байдал, зээлийн гэрээний хугацаагаар тодорхойлогдох үндсэн үүргийн хэмжээ, мөн хэтэрсэн хугацаанд төлөгдөх хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл төлөгдөх дарааллын талаар эрх зүйн дүгнэлтийг хэрэглэвэл зохих хуульд нийцүүлэн бүрэн хийгээгүйгээс магадлал  үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иймд шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулна.

13.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн гэрээгээр зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1-т “зээлийн гэрээний ерөнхий хугацааг 16 сар, зээлийн эхлэх хугацаа 2019.02.14, зээлийн дуусах хугацаа  2020.06.14-ний өдөр” гэж зааснаас гадна гэрээний 2.2-т “зээлдэгч үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг энэ гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө. Хавсралт 1 нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна”, 2.3-т “зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж үзнэ” гэж тус тус заажээ.

Гэрээний дээрх заалтуудаас үзэхэд талууд гэрээний ерөнхий хугацаанаас гадна төлбөрийг хэсэгчлэн төлөх хугацааг мөн гэрээгээр тохиролцсон гэж үзнэ.

Зээлийн эргэн төлөх хуваарьт зааснаар  хариуцагч нь гэрээ байгуулсан өдрөөс хойш зээлийн хүүг сар тутам, 3 дахь сараас үндсэн зээлээс хэсэгчлэн, нийтдээ тогтмол үнийн дүнгээр буюу сар бүр 1,613,945 төгрөг төлснөөр гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл, зээлийн хүү төлөгдөж дуусах, зээлийг төлөөгүй хугацаа хэтрүүлбэл хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ.

 Гэрээний дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, түүнчлэн зохигч гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө”, 25 дугаар зүйлийн 2-т “ хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж тус тус заасантай нийцсэн байна.

14.Зээл төлөлтийн тооцоолол гэсэн баримт хэргийн 48-р талд авагдсан ба  хариуцагч нь сар бүр гэрээнд заасан зээлийн хүү болон үндсэн зээлийн зохих хувийг тогтоосон журмын дагуу хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлэхийн зэрэгцээ бүрэн бус  төлж байсан нь тогтоогдож байна. Үүнээс шалтгаалж зээлийн эргэн төлөлтийн хуваарийн тооцоолол өөрчлөгдсөн. Тухайлбал, хариуцагч нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу сар тутамд гэрээнд заасан өдөрт нийт 1,613,945 төгрөгийг төлсөн бол сард төлөх хүүгийн хэмжээ багасаж, үндсэн зээлийн төлөлт ихсэх байдлаар нийт авсан зээлийн 17,000,000 төгрөгийг, уг мөнгөний  хүү 7,102,983 төгрөг, нийт 24,102,983 төгрөгийг төлөх байжээ. Үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гэрээний хугацаа дууссан 2020.06.14-ний өдрийн байдлаар  хариуцагч нь үндсэн зээлээс 10,739,999 төгрөг, гэрээний хугацаанд төлөх хүүгээс 2020.05.20-ны өдөр хүртэл 286,662 төгрөг, 2020.06.14-ний өдөр хүртэл 358,328 төгрөг, хүүд  нийт 644,990 төгрөг төлөх үүргийг биелүүлээгүй байна.

15.Зээлдэгч гэрээнд заасан ерөнхий хугацаанд зээлийг хүүгийн хамт бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй бол тухайн биелэгдээгүй үүргийг, түүнчлэн хэтэрсэн хугацааны хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцон төлөх үүргийг хариуцагч нь хууль болон гэрээгээр хүлээнэ.     

16.Харин гэрээний хугацаа дууссан 2020.06.14-ний өдрөөс хойш төлөгдсөн төлбөрөөс эхний ээлжинд үндсэн зээл, эсхүл зээлийн гэрээний хугацаанд төлөгдөөгүй хуримтлагдсан зээлийн хүү, гэрээ дуусгавар болсноос хойших хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү алийг нь төлүүлэх эсэхэд гэрээний нөхцөл болон тухайн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу  тооцогдох ба давж заалдах шатны шүүх ийм тооцооллыг хийгээгүй алдааг залруулав.

Нэгэнт зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2020.06.14-ний өдрөөр дуусгавар болсноос хойш төлөх төлбөр нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй байсан боловч ийм сонголт хийгээгүй байна.

Тухайлбал, үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн шаардлагыг (жишээ нь, хэд хэдэн зээлийн гэрээний үүргийг) нэгэн зэрэг биелүүлж чадахгүй бол аль гэрээний үүргийг эхэлж төлөхөө сонгох эрхтэй бөгөөд үүнээс гадна нэг төрлийн үүргийн харилцааны хэд хэдэн шаардлагын (жишээ нь, нэг зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэх мэт) төлбөрийг нэг удаагийн төлөлтөөр бүрэн төлж чадаагүй бол  хугацаа нь болсон аль үүргийг эхэлж төлөхөө сонгох эрхийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зохицуулсан.

Мөн энэхүү хуулийн зохицуулалт нь гэрээнд оролцогч талууд үүрэг гүйцэтгэх дарааллыг харилцан тохиролцож тогтоохыг үгүйсгэхгүй ба энэ хэргийн хувьд зээлийн гэрээний дагуу талууд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлбөр төлөхөөр дарааллыг зохицуулаагүй.

Гэхдээ дээрх гэрээгээр тохиролцсон үүрэг гүйцэтгэх дараалал нь  гагцхүү гэрээний хугацаанд төлөгдвөл зохих төлбөрт үйлчлэх бөгөөд харин гэрээний ерөнхий хугацаа дуусгавар болсноос хойш бодогдох нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтэрсэн  хүүгийн төлбөрийг төлсөн төлбөрөөс эхэлж хасч тооцох дарааллыг журамлаж чадахгүй юм.

Тухайлбал, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т “Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ.”, 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.” гэж тус тус заасан. Үүнээс үзэхэд гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш гэрээний хугацаанд төлбөл зохих төлөгдөөгүй хуримтлагдсан  нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү гэсэн дарааллаар төлбөр төлүүлэх, эдгээр нь төлөгдсөн тохиолдолд харин дараа нь  үндсэн зээлийг төлүүлэх зарчмаар тооцох нь хууль болон гэрээнд нийцэх ба гагцхүү үндсэн зээлийн төлөлт болгоны хооронд үндсэн зээлийн үлдэгдлээс хэтэрсэн хугацааны хүү бодож нэхэмжлэгч шаардах эрхтэй.

17.Иймд дараах байдлаар төлбөрийг тооцох үндэслэлтэй байна.

Зээлийн эргэн төлөлтийн тооцооллоор, хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2020.06.14-ны өдрөөс хойш 2020.10.13-ны өдөр 1,200,000 төгрөг, 2021.08.05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021.12.16-ны өдөр 4,000,000 төгрөг, 2022.01.17-ний өдөр 1,519,096 төгрөг, нийт 9,719,096 төгрөгийг төлсөн байх бөгөөд эхний 1,200,000 төгрөг төлөх хүртэл эхлээд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн үлдэгдэл 10,749,840 төгрөгөөс тооцон, төлөгдсөн 1,200,000 төгрөгөөс  гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй хуримтлагдсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэх хэсэг 773,987 төгрөгийг (2020.04.30-2020.05.20 хүртэл зээлийн хүү 286,662 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,332 төгрөг, 2020.05.20-2020.06.14 хүртэл зээлийн хүү 358,328 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,665 төгрөг) төлүүлж,  үлдэх 406,010 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 10,749,840 төгрөгөөс хасах нь зөв байна.

Улмаар, 2020.10.14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10,343,827 төгрөг болох бөгөөд үүнээс цаашдын тооцооллыг хийх  байтал давж заалдах шатны шүүх дараагийн төлбөрийн хооронд хэтэрсэн хугацааны хүүг тооцолгүйгээр гэрээний хугацаа дуусгавар болсны дараа  төлөгдсөн дээр дурдсан нийт 9,719,096 төгрөгийг шууд үндсэн зээлийн үлдэх хэсэг 10,749,840 төгрөгөөс хасч, улмаар зээлийн үлдэгдлийг  1,020,903.15 төгрөг гэж, уг мөнгөнөөс 2020.06.14-ний өдрөөс 2023.05.10-ны өдрийг хүртэлх хугацааны хүүд 1,429,264.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 285,852.88 төгрөгийг тооцон, нийт 2,736,020.44 төгрөгийг хариуцагчийн  төлбөл зохих төлбөрийн хэмжээ гэж тогтоохдоо  хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймээс дээр дурдсан  зарчмын дагуу тооцоход,

Үндсэн зээлийн үлдэх хэсэг 10,749,840 төгрөгөөс 2020.06.14-нөөс 2020.10.13-ны өдөр хүртэлх хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоход, 4 сарын хүү 1,719,974 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 343,994 төгрөг,

2020.10.13-наас дараагийн 3,000,000 төгрөгийн төлөлт хийсэн 2021.08.05-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 10,343,827 төгрөгөөс 9 сар, 7 хоногийн хэтэрсэн хугацааны хүү 3,820,314 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 764,062 төгрөг,

2021.08.05-ны өдрөөс 4,000,000 төгрөгийн төлөлт хийсэн 2021.12.16-ны өдөр хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл  7,343,827 төгрөгөөс  4 сар, 11 хоногийн хэтэрсэн хугацааны хүү 1,282,709 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 256,541 төгрөг,

2021.12.16-ны өдрөөс 1,519,096 төгрөгийн төлөлт хийсэн 2022.01.17-ны өдөр хүртэл  3,343,827 төгрөгөөс  1 сар, 1 хоногийн хэтэрсэн хугацааны хүү 138,211 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,642 төгрөг,

Энэ хүртэл зээлийн үүргийг тодорхойлж эдгээрийг нэгтгэхэд хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэлд 1,824,731 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүд 6,961,208 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,392,239 төгрөг, нийтдээ 10,178, 180 төгрөгийг төлөхөөр байна.

18.Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж хариуцагчаас нийт 10,178,180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/02105 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/03782 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.А-ээс 10,178,180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,056,443 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “324,232” гэснийг “324,323” гэж, “болгосугай” гэснийг “болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 177,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.                                                                                 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн 2024.01.11-ний өдөр төлсөн 240,443 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ        

ШҮҮГЧИД                                                         Н.БАТЗОРИГ             

                                                                             Н.БАТЧИМЭГ

                                                                              П.ЗОЛЗАЯА