Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/02105

 

 

 

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/02105

 

 

А ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/03782 дугаар шийдвэртэй,

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Э.А-д холбогдох,

19,234,623.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э.А-тэй 17,000,000 төгрөгийг, нэг сарын 4 хувийн хүүтэй, 16 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан.

1.1. Зээлдэгч нь үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаанд **-** дугаартай тээврийн хэрэгслийг тавьж, түүнээс хойш зээлийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийг төлж байсан боловч 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл төлбөр огт төлөөгүй. Иймээс үндсэн зээл 10,733,999.15 төгрөг, зээлийн хүү 6,701,760 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн гэрээ 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан боловч уг гэрээний 7.1-д заасны дагуу төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй учир сунгагдаж 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тооцсон болно гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг гардаж аваад 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 13,499,746 төгрөг төлсөн гэх тайлбар өгсөн. Э.А-ийн төлж байсан дансны хуулгаас тооцон энэ дүнг гаргасан.

2.1. Миний өмнө нь гаргасан тайлбар дутуу байна. А ХХК-д Э.А болон түүний эхнэрийн данснаас нийт 24,755,046 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч талын төлөөлөгч болон өмгөөлөгч үндсэн хэргийн оролцогч нь нотлох баримт болон үнэн зөв мэдээллээр хангах үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд хариуцагч Э.А нь нийт 24,755,046 төгрөг төлсөн. Анх хийсэн гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарийн графикаас үзэхэд Э.Аийн төлөх ёстой дүн, хүүтэйгээ 24,102,983 төгрөг байсан, хариуцагч нь үүргээ давуулан биелүүлсэн байна. Магадгүй энэ хоорондох 600,000-700,000 төгрөг гарвал буцаан нэхэхгүй, үүргийн гүйцэтгэлийг хоног алдуулж байсан учир хүү авах эрхтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй татгалзаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хурлын тэмдэглэлд нь бүрэн тусгаж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан А ХХК-ийн хариуцагч Э.А-ээс 19,234,623.15 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч арлын дугаар LZZELMD6DN80****, **-** УНТ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,232 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй хэт нэг талыг барьсан, хохиролтой шийдвэр гаргасан байх тул гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Шүүхээс нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг мөнгөөр буцаан шаардах, эсвэл үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авахаар шаардах эрхтэй бөгөөд эдгээр шаардлагын алиныг гаргаж байгаа нь тодорхой бус, танай байгууллагын өмчлөлийн тээврийн хэрэгсэл хэмээсэн тул мөнгө шаардсан.

4.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

4.3. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.

Зээлдэгч нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 16 удаагийн гүйлгээгээр нийт 24,755,046 төгрөг төлсөн. Үүнээс нэмэгдүүлсэн хүүнд 1,393,998.41 төгрөг, зээлийн хүүнд 17,101,046.74 төгрөг, үндсэн зээлэнд 6,260,000.85 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний 2.7-т Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийн дарааллаар төлүүлнэ гэж заасан. Анх хийсэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн графикаас үзэхэд төлөх ёстой дүн нь хүүтэйгээ 24,102,983 төгрөг бөгөөд хариуцагч нь үүргээ давуулан биелүүлсэн хэмээн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үндсэн зээл 17,000,000 төгрөгийг, нэг сарын 4 хувийн хүүтэй, 16 сарын хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагчийн үүргээ давуулан биелүүлсэн 24,102,983 төгрөгийг төлсөн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй ба зээлдэгч нь хугацаа хэтрэлттэй, зээлээ графикийн дагуу төлдөггүй, зээлийг бүрэн эргүүлэн төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээл авсан сараасаа эхлэн төлөлтөө хийхгүй удаа дарааллан зөрчиж байсан. Үүнд: 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 771,000 төгрөг төлснөөс зээлийн хүүнд 770,667 төгрөг, үндсэн зээлэнд 333 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг төлснөөс 10 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 45,332.40 төгрөг, зээлийн хүүнд 226,662.20 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг төлснөөс 2 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 9,066.48 төгрөг, зээлийн хүүнд 490,933.52 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөг төлснөөс 37 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 167,729.88 төгрөг, зээлийн хүүнд 1,475,688.22 төгрөг, үндсэн зээлэнд 856,581.90 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1,350,000 төгрөг төлснөөс 12 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 51,657.84 төгрөг, зээлийн хүүнд 258,289.32 төгрөг, үндсэн зээлэнд 1,040,052.84 төгрөг, 2019 оны 08 дугар сарын 05-ны өдөр 1,520,000 төгрөг төлснөөс 16 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 64,439.68 төгрөг, зээлийн хүүнд 563,846.64 төгрөг, үндсэн зээлэнд 891,713.68 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1,600,000 төгрөг төлснөөс 44 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 166,745.92 төгрөг, зээлийн хүүнд 833,730.48 төгрөг, үндсэн зээлэнд 599,523.6 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1,805,300 төгрөг төлснөөс 9 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 32,688.29 төгрөг, зээлийн хүүнд 163,341.54 төгрөг, үндсэн зээлэнд 1,609,290.17 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1,400,000 төгрөг төлснөөс 12 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 38,408.04 төгрөг, зээлийн хүүнд 560,116.90 төгрөг, үндсэн зээлэнд 801,475.06 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг төлснөөс 4 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 11,947.76 төгрөг, зээлийн хүүнд 59,738,84 төгрөг, үндсэн зээлэнд 428,313.40 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1,600,000 төгрөг төлснөөс 79 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 226,944.88 төгрөг, зээлийн хүүнд 1,350,180.28 төгрөг, үндсэн зээлэнд 22,874.84 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,189,650 төгрөг төлснөөс 83 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг, зээлийн хүүнд 1,189,648.96 төгрөг, үндсэн зээлэнд 1,04 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1,200,000 төгрөг төлснөөс 121 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 475,858.92 төгрөг, зээлийн хүүнд 724,141.08 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг төлснөөс 296 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 103,198.32 төгрөг, зээлийн хүүнд 2,896,801.68 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөг төлснөөс 133 хоногийн хугацаа хэтрэлттэй зээлийн хүүнд 4,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,519,096 төгрөг төлснөөс 42 хоногийн хугацаа хэтрэлттэй зээлийн хүүнд 1,509,254.68 төгрөг, үндсэн зээлэнд 9,841.32 төгрөгийг тус тус төлсөн байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, зээлийн гэрээний 3.2.4, 3.2.5, 4.1.1, 5.1, 5.3 заасны дагуу зээл төлөгдөх хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн төлбөр төлж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөхгүй. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлага 19,234,623 төгрөгийг анхан шатны шүүхэд хаанаас, ямар тооцооллоор гарсан гэх асуулт тавихад нэхэмжлэгч тал ямар нэгэн тооцоолол гаргаж өгөөгүй.

5.1. А ХХК нь 2019 онд Э.А-тэй зээлийн гэрээ байгуулж, 2021 онд хоёр дахь зээлийг гэрээг байгуулсан. 19,234,623 төгрөгийн үнийн дүн хоёр дахь гэрээ байгуулснаас хойш тооцоолж гаргасан дүн. Гэтэл хавтаст хэргийг шинжлэн судлах шатанд нэхэмжлэгч талын шаардах эрхийн үндэслэлээ болгосон 2021 оны гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Нэхэмжлэгч тал ямар баримт, ямар гэрээг яаж үндэслэж тооцоолоод байгаа нь ойлгомжгүй.

5.2. Хариуцагчийн зээлийн төлбөрт төлсөн үнийн дүнд талуудын хэн аль нь маргаагүй. Хариуцагч зээлийн төлбөрөө зээлийн гэрээний хугацаанд бүрэн төлж дуусгавар болгосон. Анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Э.А-д холбогдуулан үндсэн зээл 10,739,999.15 төгрөг, зээлийн хүү 6,701,760 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,792,864 төгрөг, нийт 19,234,623.15 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн төлбөрт нийт 24,102,983 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3. Талууд 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 19/67 тоот зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр А ХХК нь 17,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 16 сарын хугацаатай зээлдүүлэх, Э.А нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх нөхцлийг тус тус харилцан тохиролцжээ. Талууд мөн өдөр 19/67 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан боловч нэхэмжлэгч нь фидуцээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан байна.

 3.1. Хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч А ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, 17,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 24,755,046 төгрөг төлсөн, гэрээний хугацаа 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дууссан /хх 5-6/ нь зохигчдын тайлбар болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулгаар /хх 17, 48/ тус тус тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. Харин талууд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх талаар маргажээ.

4. Талууд гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдалд маргаагүй, шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох харилцаа үүссэн гэж үзэж шаардах эрхийн талаархи хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хариуцагчийн гүйцэтгэх үүргийн хэмжээг буруу тодорхойлжээ.

4.1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд зээлдэгч тал зээл, хүүг талуудын харилцан тогтоосон хэмжээгээр сар тутамд төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нь нийт төлбөл зохих төлбөрөөс 24,755,046 төгрөг төлж, үлдэх хэсгийг биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлөгдсөн 24,755,046 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөл зохих зээл, хүүгийн дүнгээс хасч тооцоолон зээлийн үүрэгт үндсэн зээл 10,739,999.15 төгрөг, хүү 6,701,760 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,792,864 төгрөг, нийт 19,234,623.15 төгрөг нэхэмжилсэн байна.

4.2. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.

Зээл төлөлтийн дансны хуулгаас үзэхэд гэрээний хугацаа дуусах үед хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 10,749,840.47 төгрөг байжээ. Гэрээний хугацаа дууссан 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс хойш төлсөн 9,719,096 төгрөгийг гүйцэтгэвэл зохих үүрэг 10,749,840.47 төгрөгөөс хасахад 1,020,903.15 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр жилийн 48 хувийн хүүтэй, хугацаандаа буюу сар бүр төлөлт хийх үүргээ зээлдэгч зөрчвөл үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү авахаар тохиролцсон тул 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 1,429,264.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 285,852.88 төгрөг, нийт 2,736,020.44 төгрөг төлөхөөр байна.

Иймд хариуцагчаас 2,736,020.44 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,498,602.71 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

4.3. Мөн шүүх хариуцагчаас гэрээнд заасан хугацааны нэмэгдүүлсэн хүү гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсгийг баримтлаагүй, 452.1 дэх хэсгийг баримталсан, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буруу бичсэн алдааг залруулах нь зүйтэй.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/03782 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.А-ээс 2,736,020.44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,498,602.71 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 324,232 гэснийг 324,323 гэж, болгосугай гэснийг болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 58,727 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,124 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 Д.БЯМБАСҮРЭН