Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/03782

 

 

 

 

 

 

 

 

 

 2023          08          29                                        101/ШШ2023/03782

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э.А холбогдох 19,234,623.15 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 02 сарын 14-ний өдөр Э.А-тэй 1967 дугаартай зээлийн гэрээгээр 17,000,000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 16 сарын хугацаатай байгуулсан. Зээлдэгч нь үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаанд 71-36 дугаартай тээврийн хэрэгслийг тавьж, түүнээс хойш зээлийг 2022 оны 01 сарын 27-ны өдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийг төлж байсан боловч 2022 оны 02 сарын 28-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2023 оны 05 сарын 10-ны өдрийг хүртэл төлбөрийг огт төлөөгүй. Иймээс үндсэн зээл 10,733,999.15 төгрөг, зээлийн хүү 6,701,760 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн гэрээ 2019 оны 02 сарын 14-ний өдөр байгуулагдсан боловч зээлийн гэрээний 7.1-д заасны дагуу төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй учир сунгагдаж 2023 оны 05 сарын 10-ны өдрийг хүртэл тооцсон. Манайх мөнгө гаргуулах шаардлага гаргаж байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өмнө нь нэхэмжлэлийг гардаж аваад 2023 оны 06 сарын 12-ны өдөр нийт 13,499,746 төгрөг төлсөн гэх тайлбар өгсөн. Үүнд би яагаад ийм тайлбар өгсөн бэ гэвэл Э.А нь өөрийн төлж байсан дансны хуулгаа авчирч тооцоод энэ дүнг гаргасан. Би хавтаст хэргийн материалтай танилцах, нэмэлт нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийж байх хугацаанд ар гэрт гачигдал гарч, сэтгэлзүйн хувьд хүнд байсан учир өнөөдөр хэргийн материалтай дахин танилцсан. Үүнээс харахад миний өмнө нь гаргасан тайлбар дутуу гарсан байна. А ББСБ-д Э.А болон түүний эхнэрийн данснаас нийт гүйлгээгээр 24,755,046 төгрөг төлсөн юм байна. Нэхэмжлэгч талын төлөөлөгч болон өмгөөлөгч үндсэн хэргийн оролцогч нь нотлох баримт болон үнэн зөв мэдээллээр хангах үүргээ бүрэн биелүүлээгүй байна гэж үзэж байна. Би энэ байгууллагаас гаргаж өгч байгаа нотлох баримтуудыг ББСБ-ийн данс бүхий тооцоолол гарч ирж байна гэж үзэж байх тул энэ тооцооллыг үнэн зөв гэж харж байна. Иймд хариуцагч Э.А нь нийт 24,755,046 төгрөг төлсөн, харин анх хийсэн гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарийн графикаас үзэхэд Э.А-ийн төлөх ёстой дүн нь хүүтэйгээ 24,102,983 төгрөг байсан, үүнд хариуцагч нь үүргээ давуулан биелүүлсэн байна. Магадгүй энэ хоорондох 600,000 төгрөг, 700,000 төгрөг гарна гэж үзэж байвал үүнийг бид буцаан нэхэхгүй. Энэ хүний хувьд үүргийн гүйцэтгэлийг хоног алдуулж байсан асуудал байгаа учир хүү авах эрхтэй гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2-т барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэж татгалзаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хурлын тэмдэглэлд нь бүрэн тусгаж өгнө үү, үүнд барьцаа хөрөнгө өөрт нь байхгүй байгаа учир энэ талаар мэдээлэл авсан, үүргийг хангуулахгүй гэж татгалзаж байгааг би зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019-02-14-ний өдрийн 19/67 дугаартай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбарууд, итгэмжлэл, Э.А-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, А ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ТЗ101/503 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлийн өр төлбөрийг барагдуулах тухай шаардлага, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга зэрэг баримтыг ирүүлсэн, 

Хариуцагч 2019-01-01-ний өдрөөс 2023-01-01-ний өдөр хүртэлх ХААН банк дахь дансны хуулга, 2020-10-13, 2021-12-16-ны өдрүүдийн шилжүүлгийн мэдээллийн баримтыг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн Э.А-ээс зээлийн гэрээний үүрэгт 19,234,623.15 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. 2019-02-14-ний өдрийн 1967 дугаар зээлийн гэрээнд зааснаар Э.А-д 17,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр, 16 сарын хугацаатай зээлдүүлсэн. 24,755,046 төгрөг төлсөн гэдэг дээр маргах зүйл байхгүй. Хугацаандаа төлөлтийг хийгээгүй учир нэмэгдүүлсэн хүү бодогдсон. 2022-01-27-ны өдөр нэмэлт гэрээ хийгдсэн тооцоолол ч түүнээс бодогдож 19,234,623.15 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тайлбарласан.

Арлын дугаар ........... улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нь 2019-02-14-ний өдрийн 1967 дугаар зээлийн гэрээ байгуулж 17,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 16 сарын хугацаатай авсан дээр маргах зүйл байхгүй. Хариуцагч Э.А нь зээлийн гэрээний үүрэгт 24,755,046 төгрөгийг өөрийн данс болон эхнэрийн дансаар төлж зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн. 2019-02-14-ний өдрийн 1967 дугаар зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2022-01-27-ны өдөр нэмэлт гэрээ хийсэн гэдэг асуудлыг өнөөдөр шүүх хуралдаанд гаргаж байгааг нэхэмжлэгч тал үнэн зөв мэдээлэлээр хангах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Зээлийн гэрээний үүрэгт 24,755,046 төгрөг төлсөн гэдэг дээр нэхэмжлэгч зөвшөөрч байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.   

4. Зохигч 2019-02-14-ний өдрийн 1967 дугаар зээлийн гэрээ байгуулж 17,000,000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 16 сарын хугацаатай зээлж, 24,755,046 төгрөг төлсөн гэх үйл баримт дээр талууд маргаагүй.

 5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 6. Нэхэмжлэгч 2019-02-14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт харуцагч Э.А 24,755,046 төгрөгийг төлж биелүүлсэн, үндсэн зээлийн үлдэгдэл 10,739,999 төгрөгийн үлдэгдэлд 2022-01-27-ны өдөр нэмэлт зээлийн гэрээг байгуулсан, гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй байсан учир шүүхэд баримтаар өгөөгүй, нягтлан бодогчийн гаргаж өгсөн зээл төлөлтийн дансны хуулга буюу тооцооллын дагуу нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлож байгаа гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

7. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 324,323 төгрөгийг улсын орлого болгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан А ББСБ ХХК-ийн хариуцагч Э.А-ээс 19,234,623.15 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч арлын дугаар ..... УНТ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,232 төгрөгийг улсын орлого болгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.БОЛОРМАА