Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 001/хт2024/00024

 

    Б.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тахимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/02865 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/02021 дүгээр магадлалтай,

Б.Мгийн нэхэмжлэлтэй

“Ү” ХХК-д холбогдох

2021.12.22-ны өдрийн 8,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн бүртгэлээс хасуулахыг “Ү” ХХК-д даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Мгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.М нь “Ү” ХХК-д холбогдуулан 2021.12.22-ны өдрийн 8,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн бүртгэлээс хасуулахыг “Ү” ХХК-д даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/02865 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Мгийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 8,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн бүртгэлээс хасуулахыг “Ү” ХХК-д даалгах болон “Ү” ХХК-ийн 8,000,000 төгрөгийг Б.Мгаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 142,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/02021 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/02865 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зээлийн мэдээллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Мгийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 8,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн бүртгэлээс хасахыг Монгол Банкинд даалгасугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг нэмж, уг заалтад “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,000,000 төгрөг гаргуулж хариуцагч “Ү” ХХК-д олгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, уг заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ү” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Мгаас 142,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т “Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Б.М миний бие “Ү” ХХК-аас 19,000,000 төгрөгийн зээл олгосон гэх гэрээн дээр гарын үсэг зурах үед өөрийн унаж байсан 0 улсын дугаартай Р маркийн автомашинаа барьцаанд тавьж байсан. Тухайн үед гэрээний төлбөр гэж 3,373,000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн. Үүргээ биелүүлээгүй хэмээн барьцаанд тавьсан автомашины зах зээлийн ханш 48,000,000 төгрөгийн автомашиныг хэдэн төгрөгөөр хэнд зарсан нь тодорхойгүй, зээлийн гэрээ хаагдсан мэтээр надад мэдэгдэж байсан хэр нь одоо 8,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд “Ү” ХХК Иргэний хууль тогтоомжид заасан үндсэн шаардлага, зарчмыг баримталж гэрээ хийх ёстой. 2018.01.03-ны өдрийн 18/003 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хууль тогтоомжийг зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ юм. Зээлийн гэрээний үндсэн суурь зарчим нь зээлдэгчийн өмчлөлд зээлийн гэрээний зүйл буюу мөнгийг шилжүүлэн өгсөн байхыг шаарддаг. Гэтэл “Ү” ХХК нь зээлийн гэрээний зүйлийг шилжүүлж өгөөгүй тул хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас хийгдсэн гэрээ мөн.

4.2. Нэгэнт хүчин төгөлдөр бус гэрээг Монгол банкруу шилжүүлж Б.Мг зээлийн гэрээний үлдэгдэл төлбөртэй, үүргээ биелүүлээгүй үндэслэлээр муу зээлдэгчийн бүртгэлд оруулсан үйлдэл хууль бус гэж үзэж байна.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д “Иргэний зээлийн мэдээлэлд дараах зүйлийн хамруулна. Үүнд: Зээл, төлбөрийн гэрээ байгуулсан он, сар өдөр, гэрээний дугаар төрөл, төлбөр гүйцэтгэх хугацаа, гэрээний хугацааг хэтрүүлж гүйцэтгэсэн эсхүл гүйцэтгээгүй байгаа зээл, төлбөрийн дүнг” оруулна, Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн зээлийн мэдээллийг хадгалах, хамгаалах журмын 3 дугаар зүйлийн 3.3-т “Зээлийн мэдээллийг цуглуулахдаа зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь гагцхүү тодорхой байх, хууль ёсны зорилгоор цуглуулах, мэдээлэл үнэн зөв байдлыг хангах, хяналт тавих, тогтмол шинэчлэх, алдаатай буруу мэдээллийг залруулах, хэрэглээг хязгаарлах зарчмыг баримтална” гэж заасныг зөрчиж “Ү” ББСБ зөрчиж зээлийн мэдээллийн санд оруулсан. “Ү” ХХК нь зээлдэгч тал болох Б.Мд 19,000,000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдоогүй, үгүйсгэгдэж байх тул зохигчдын хооронд 2018.01.03-ны өдрийн 18/003 тоот зээлийн гэрээ нь байгуулагдаагүй.

Иймээс зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул гэрээний үүрэгт 8,000,000 төгрөгийг хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхгүй юм. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.20-ны өдрийн 210/МА2023/02021 дугаартай магадлалын “Ү” ББСБ” ХХК-ийн гаргасан гомдлыг хангасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгч Б.Мгийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.01.18-ны өдрийн 001/ШХТ2024/00095 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Б.Мгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Б.М нь “Ү” ХХК-д холбогдуулан “2021.12.22-ны өдрийн 8,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн бүртгэлээс хасуулахыг “Ү” ХХК-д даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...миний бие 2021.12.22-ны өдөр “Ү” ХХК-аас зээл аваагүй бөгөөд тус компани миний нэр дээр хуурамч зээлийн мэдээлэл бүртгэж миний бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах эрхийг зөрчсөн...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...2018.01.03-ны өдрийн 18/003 тоот зээлийн гэрээгээр 19,000,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай авсан ба нийт 4 удаагийн төлөлтөөр 3,373,100 төгрөгийг буцаан төлсөн, 2018.05.07-ны өдрөөс хойш огт зээлийн төлөлт хийхгүй явсаар 2019.12.21-ний өдрийн байдлаар 36,977,382 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй болсон. Манай банк бус байгууллагын 2019.12.21-ний өдрийн Зээлийн эрсдэлийн хорооны 19/12 тоот шийдвэрээр барьцаа хөрөнгө болох Р маркийн автомашиныг үнэлгээний дагуу 20,000,000 төгрөгөөр зарж борлуулах, зээлдэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс 8,977,382.22 төгрөгийг зээлийн эрсдэлийн сангаас хаах, зээлдэгчийн үлдэгдэл зээлийн төлбөр 8,000,000 8,000,000 төгрөгийн зээлийн хүүг зогсоож, 2 сарын хугацаанд төлүүлэх зэрэг арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн...” гэж маргажээ.

9. Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Мд холбогдуулан “...Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,000,000 төгрөгийг гаргуулах...” тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...Б.Мгаас зээлийн гэрээний үлдэгдэл 8,000,000 төгрөгийн төлбөрийг барагдуулахыг удаа дараа шаардаж ирсэн боловч зээлийн гэрээний үүргийг одоо болтол биелүүлээгүй...” гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...2018.01.03-ны өдөр ББСБ-тай гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу 3,373,000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн. Зээлийн төлбөртөө 2019.12.05-ны өдөр барьцаа хөрөнгө болох Р маркийн машиныг хариуцагчид зээл хаах тохиролцоотой хүлээлгэн өгсөн. ... тухайн үед миний машин 48 сая төгрөг байсан ... машинаа шилжүүлж өгсөн. ... үүнтэй холбогдуулан гэрээ ... хийгээгүй, зээл, зээлийн хүүгээр далайлган үнэтэй машин авсан нь хууль бус хэлцэл гэж үзэж байна...” гэж маргажээ.

10. Анхан шатны шүүх “...2015.12.02-ны өдөр байгуулагдсан гэх 15/119 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь 2018.01.03-ны өдрийн 18/003 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийгдсэн гэрээ гэж үзэх үндэслэлгүй талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаж буй тайлбар үндэслэлтэй, ...зээлдүүлэгч тал болох “Ү” ХХК нь зээлдэгч тал болох Б.Мд 19,000,000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдоогүй, үгүйсгэгдэж байх тул зохигч талуудын хооронд 2018.01.03-ны өдрийн 18/003 тоот зээлийн гэрээ байгуулагдаагүй, ...иймээс зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул гэрээний үүрэгт 8,000,000 төгрөгийг хариуцагч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу шаардах эрхгүй, ... нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан фидуцийн 15/119 дугаартай гэрээ зэргээс үзэхэд 2015.12.02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан зээл авч байсан үйл баримт зохигч талуудын хооронд үүссэн гэж үзэх үндэслэлтэй боловч ... 2015.12.02-ны өдрийн 19/119 тоот зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой төлбөрийн асуудал дууссан эсэх нь тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлт хийж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэхдээ “...Монгол Банкны мэдээллийн санд зээлдэгч Б.Мд 2021.12.22-ны өдөр олгосон 8,000,000 төгрөгийн зээлийн мэдээлэл бүртгэсэн болох нь тогтоогдож байна. Талуудын хооронд 2021.12.22-ны өдөр зээлийн гэрээ бодитоор байгуулагдаагүй тул хариуцагч байгууллагын Монгол Банкны зээлийн мэдээллийн санд бүртгүүлсэн зээлдэгчийн мэдээлэл нь буруу ташаа гэж үзнэ. Зээлийн мэдээллийн санд бүртгэсэн зээлдэгчийн буруу ташаа мэдээллийг залруулах эрх хэмжээ хариуцагч байгууллагад байхгүй тул шүүх зээлдэгч Б.Мд 2021.12.22-ны өдөр олгосон 8,000,000 төгрөгийн зээлийн мэдээллийг бүртгэлээс хасахыг Монгол банкинд даалгах үндэслэлтэй, ... анхан шатны шүүх 19,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Мд олгож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг ... үнэлээгүй алдаа гаргаснаас зээлийн гэрээгээр мөнгө бодитоор шилжээгүй, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ... Талуудын хороонд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна. 2015.12.02-ны өдрийн 15/119 дугаартай ... гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан 2018.01.03-ны өдрийн 18/003 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ гэж үзэхгүй. ... 2018.01.03-ны өдрийн зээлийн гэрээний зарим үүрэг буюу 20,000,000 төгрөгт тооцож Р маркийн ... автомашиныг шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй, ... нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргаж, зээлийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул ... зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгох үндэслэлтэй ...” гэсэн дүгнэлт хийжээ.

12. Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг өөр өөрөөр үнэлж, зээл, фидуцийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөрүүтэй дүгнэлт хийж, шийдвэр гаргасан байх ба энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл болсон.

13. Нэхэмжлэгч нь зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээллийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүнтэй холбоотойгоор зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх болон гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх асуудал нь маргааны зүйл болжээ.

14. Монгол банкны зээлийн мэдээллийн санд нэхэмжлэгчийн талаар “...Б.М, төрөл зээл, валютын нэр MNT, анх олгосон зээлийн хэмжээ 8,000,000 төгрөг, олгосон огноо 2021-12-22, төлөгдөх огноо 2022-01-20, төлөгдсөн огноо 2022-10-20, үндсэн зээлийн үлдэгдэл 0, ангилал анхаарал, олгосон байгууллага Ү ...” гэсэн мэдээлэл бүртгэгджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү үйл баримтын талаарх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй ба анхан шатны шүүх 2015.12.02-ны өдрийн 19/119 тоот зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой төлбөрийн асуудал дууссан эсэх нь тодорхойгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх талуудын хооронд 2021.12.22-ны өдөр зээлийн гэрээ бодитоор байгуулагдаагүй, зээлийн мэдээллийн санд бүртгэсэн зээлдэгчийн буруу ташаа мэдээллийг залруулах эрх хэмжээ хариуцагч байгууллагад байхгүй гэж үзэн мэдээллийг зээлийн мэдээллийн сангаас хасахыг энэ хэрэгт хариуцагчаар оролцоогүй Монгол банкинд даалгаж шийдвэрлэсэн.

15. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар зээлийн мэдээлэл гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, зээлийн төлбөрийн талаарх мэдээллийг ойлгох бөгөөд зээлийн мэдээллийн үнэн зөв эсэхийг зээлдэгч, мэдээлэл нийлүүлэгч буюу зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч этгээд магадлаж, хариуцахаар байна.

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дүгнэлт өгөхийн тулд шүүхээс зохигчийн хооронд зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, гэрээний үүргийг гүйцэтгэж, үүрэг дуусгавар болсон эсэх асуудал нь маргаанд ач холбогдолтой болно.

16. Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг харьцуулан дүгнэвэл зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн “...анх олгосон зээлийн хэмжээ 8,000,000 төгрөг, олгосон огноо 2021-12-22 ...” гэсэн мэдээлэл нь зохигч талуудын хооронд байгуулагдсан 2018.01.03-ны өдрийн 18/003 тоот зээлийн гэрээний үүрэгтэй хамааралтай болохыг  хоёр шатны шүүх анхаараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зохигчийн хооронд 2018.01.03-ны өдөр 19,000,000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар, сарын 4 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатай, зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 3,373,100 төгрөг төлсөн ба гэрээний үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн тул хариуцагчаас 2019.12.21-ний өдрийн зээлийн эрсдлийн хорооны шийдвэрээр гэрээний үүргийг 36,977,382.22 төгрөг гэж тогтоон, нэхэмжлэгч Б.Мгийн өмчлөлийн 0 улсын бүртгэлийн дугаартай, Р маркийн суудлын автомашиныг хариуцагч өмчлөлдөө бодитоор шилжүүлэн авч 20,000,000 төгрөгөөр зарж борлуулан зээлээс хасах, мөн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,977,382.22 төгрөгийг зээлийн эрсдэлийн сангаас хаах, үлдэгдэл зээлийн төлбөр 8,000,000 төгрөг гэж тогтон, хүүг зогсоож, 2 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн үндэслэлээр хариуцагчаас зээлийн мэдээллийн санд энэ талаарх мэдээллийг нийлүүлсэн болох нь тогтоогдсон байна.

17. Хариуцагч ба нэхэмжлэгч нар нь зохигчийн хооронд 2015.12.02-ны өдөр байгуулсан 15/119 тоот  “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-г үндэслэсэн нь тогтоогдсон.

Нэхэмжлэгчээс 2018.01.03-ны өдрийн 18/003 тоот зээлийн гэрээг байгуулагдсан болохыг үгүйсгээгүй боловч ийнхүү фидуцийн гэрээнд суурилсан нөхцөл байдалд тулгуурлан гэрээнд заасан зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээн аваагүй, үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн автомашиныг бодитоор шилжүүлсэн тул үүрэг дуусгавар болсон гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэжээ.

18. Хоёр шатны шүүх зохигч талуудын хооронд 2018.01.03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний талаар зөрүүтэй дүгнэж, анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчид мөнгийг бодитоор шилжүүлэн өгөөгүй гэж үзэж зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн болох нь 2018.01.03-ны өдрийн зээл олголт баримтаар тогтоогдсон, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж анхан шатны шүүхийн алдааг залруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

19. Харин анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд 2015.12.02-ны өдөр байгуулагдсан 15/119 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-г 2018.01.03-ны өдрийн 18/003 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ гэж үзэхгүй гэж дүгнэснийг дараах үндэслэлээр залруулах нь зүйтэй.  

19.1. Зохигчийн хооронд байгуулагдсан 2018.01.03-ны өдрийн 18/003 тоот гэрээний 1.13-т зааснаар “ББСБ нь зээлдэгчийг гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 15/119 дугаартай, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан болно” гэж тохиролцжээ.

19.2. Энэ талаар хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Мгийн өмчлөлийн 0 улсын бүртгэлийн дугаартай, Р маркийн суудлын автомашиныг анх 2014.10.30-ны өдөр хариуцагч өмчлөлдөө шилжүүлж бүртгэл хийлгэж, үүнээс хойш 2020.04.23-ны өдөр өөр этгээдийн өмчлөлд бүртгэгдсэн, зохигч талууд 2015.12.02-ны өдрийн 15/119 дугаартай зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор мөн өдөр 15/119 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” байгуулж, улмаар зохигчийн хооронд байгуулагдсан 2018.01.03-ны өдрийн 18/003 тоот гэрээний 1.13-т  энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь дээрх фидуцийн гэрээ байхаар заажээ.

19.3. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

19.4. Зохигчийн тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан 2018.01.03-ны өдрийн 18/003 тоот зээлийн гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд 2014 оноос хойш зээлийн гэрээний харилцаа үргэлжилж, өмнөх гэрээний үүрэг дуусгавар болоогүй байх үедээ талууд өмнөх зээлийн үлдэгдлийг тодорхойлж, нэхэмжлэгч дахин нэмж зээл авснаар 2018.01.03-ны өдөр шинээр зээлийн гэрээг байгуулж, гэрээнд өмнөх фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэвээр байхаар тохиролцсон.

Өөрөөр хэлбэл талууд 2018.01.03-ны өдрийн 18/003 тоот дугаартай зээлийн гэрээг байгуулахдаа өмнөх гэрээний зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл олгож, шинээр гэрээ байгуулсан болохоо хэн аль нь үгүйсгээгүй, фидуцийн гэрээний талаар маргаагүй буюу тухайн шинээр байгуулагдсан гэрээ өмнөх гэрээний  гүйцэтгээгүй үүрэгтэй холбоотой учир  фидуцийг гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иймээс гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул 2015.12.02-ны өдрийн 15/119 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-г 2018.01.03-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээний агуулгад нийцсэн байна.

19.5. Нөгөө талаас нэхэмжлэгч Б.Мгийн өмчлөлийн 0 улсын бүртгэлийн дугаартай, Р маркийн суудлын автомашин нь талуудын хооронд өмнө байгуулагдсан өөр гэрээний хувьд фидуцийн гэрээний зүйл байсан, улмаар 2018.01.03-ны өдрийн 18/003 тоот зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор мөн уг эд хөрөнгийг гэрээний зүйл байхаар талууд тохиролцож, фидуцийн зүйл нь өөрчлөгдөөгүй байна.

20. Хариуцагч 2018.01.03-ны өдрийн 18/003 тоот зээлийн гэрээний нийт үүргийг 2019.12.21-ний өдрийн байдлаар 36,977,382.22 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч энэхүү тооцооллыг үгүйсгэсэн, няцаасан баримтыг гаргаагүй тул нэхэмжлэгчийн  гүйцэтгэвэл зохих нийт үүргийг энэ хэмжээгээр тогтоох нь зүйтэй.

21. Энэ үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ хэрэгжиж, хариуцагчаас эд хөрөнгийг өмчлөлдөө бодитоор шилжүүлж авсан үйл баримтын талаар зохигч маргаагүй бөгөөд гагцхүү ийнхүү эд хөрөнгийг шилжүүлэн авснаар үүрэг дуусгавар болсон эсэх нь маргааны зүйл болсон.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болдог.

Ийнхүү гэрээний үүргийг дуусгавар болсон эсэхийг дүгнэхэд нэхэмжлэгчийн гүйцэтгэвэл зохих нийт үүргийн хэмжээ, фидуцийн зүйлийн үнэ ач холбогдолтой байж болно.

Гэвч хариуцагч фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар эд хөрөнгийг өмчлөлдөө бодитоор шилжүүлэн авч бусдад худалдан борлуулсан нөхцөл байдал тогтоогдсон ба тухайн худалдан борлуулсан үнэ нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахад хүрэлцэхгүй талаар хариуцагч нотлоогүй байна.

Энэ талаар хариуцагч нь гэрээний үүргийн гүйцэтгэлд эд хөрөнгийн үнийг тооцож хасахдаа зээлийн эрсдлийн хорооны шийдвэрийг үндэслэсэн гэх боловч хариуцагч талаас зээлийн хорооны шийдвэрийг нэхэмжлэгчид танилцуулсан болохоо нотлоогүй, фидуцийн зүйлийг бусдад худалдан борлуулахдаа үнийн талаар нэхэмжлэгчтэй тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Мөн хариуцагчаас тухайн үеийн зах зээлийн ханшаар автомашины үнийг тооцож хассан гэж, “А” ХХК-ийн автомашины зах зээлийн үнийн тухай мэдээлэл баримтыг ирүүлж, баримтад эд хөрөнгийн үнийг 20,000,000 төгрөг гэсэн байх боловч энэ нь тухайн төрлийн эд хөрөнгийн зах зээлийн үнэ байж болохыг нотолсноос өөрөөр зохигч талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний зүйл болох нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашины үнэ болон хариуцагч бусдад энэ үнээр худалдан борлуулсан болохыг нотлоогүй байна.

Иймээс хариуцагчийн эд хөрөнгийн үнэ 20,000,000 төгрөгийг гэрээний зарим  үүрэгт тооцож, үүрэг дуусгавар болоогүй гэсэн нь үндэслэлгүй тул талуудын хооронд байгуулагдсан 2018.01.03-ны өдрийн 18/003 тоот зээлийн гэрээний үүрэг нь фидуцээр хангагдаж, дуусгавар болж, хариуцагч нь гэрээний үүрэгт 8,000,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзнэ.

22. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д зааснаар зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч нь зээлдүүлэгч болох бөгөөд хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.3-т зааснаар мэдээлэл нийлүүлэгч нь зээлийн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгаж, бодитой, тодорхой, эх сурвалжид нийцсэн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх, зээлийн мэдээллийг дутуу алдаатай нийлүүлсэн тохиолдолд түүнийг засах, гүйцээх, нэмэлт оруулах арга хэмжээг нэн даруй авах үүрэгтэй болно.  

Энэ үндэслэлээр нэхэмжлэгч шаардлагаа хариуцагч “Ү” ХХК-д холбогдуулан гаргасан нь дээрх хуулийг зөрчөөгүй тул зээлдэгч Б.Мд “Ү” ХХК-аас 2021.12.22-ны өдөр олгосон 8,000,000 төгрөгийн зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн сангаас хассан мэдээллийг нийлүүлэхийг хариуцагчид даалгахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс 8,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/02021 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/02865 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар “Ү” ХХК-аас 2021.12.22-ны өдөр Б.Мд олгосон 8,000,000 төгрөгийн зээлийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас хассан мэдээлэл нийлүүлэхийг хариуцагч “Ү” ХХК-д даалгаж, нэхэмжлэгч Б.Мгаас 8,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 142,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ү” ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Мгаас 2023.12.28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                              ШҮҮГЧИД                                                 Н.БАТЗОРИГ

                                                                                                          Н.БАТЧИМЭГ

                                                                                                          П.ЗОЛЗАЯА