Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/02021

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 20 өдөр Дуга210/МА2023/02021

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/02865 дугаар шийдвэртэй,

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй,

 

Үндэсний баялаг ББСБ ХХК-д холбогдох,

 

2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 8,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн бүртгэлээс хасуулахыг******* ХХК-д даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ундармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Будрагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.******* миний нэр дээр******* ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 8,000,000 төгрөгний зээл авч, уг зээл нь хугацаа хэтрэлттэй гэх мэдээлэл Монгол банкны Зээлийн мэдээллийн санд бүртгэгджээ.

 

1.2. Миний бие 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр******* ХХК-аас зээл аваагүй бөгөөд тус компани нь миний нэр дээр хуурамч зээлийн мэдээлэл бүртгэж, миний бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах эрхийг зөрчсөн тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт ...гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй... гэж заасны дагуу тус хуурамч зээлийн мэдээллийг Монгол банкны Зээлийн мэдээллийн сангаас устгуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулаагүй, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үргэлжлэл явж байгаа. Үүнийг зээл олгогч байгууллагын хувьд өөрсдөө Монгол банк руу явуулсан мэдээллийн үнэн зөв байдлыг бид өөрсдөө хариуцна.

 

2.2. Найз нөхдийн харилцаатай учраас шүүхийн бус замаар шийдээд тодорхой 8,977,382 төгрөгийг чөлөөлж, 8,000,000 төгрөгийг хүүгүй болгосон.

2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хатуу хөл хорионы үе байсан. Хавсралт нь зээлийн гэрээний лавлагаанд 8,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг 0 үлдэгдэлтэй болсон. Монгол банкны мэдээлэл нь 0 үлдэгдэлтэй байна.

2022 оны 11 дүгээр сараас 2 зөвшөөрөлтэй компани дээр шилжүүлсэн. Манайх Сайн скор ХХК-тай хамтарч ажиллаж байна. Монгол банк мэдээллийг хүлээж аваад ирсэн мэдээллийг хадгалаад гуравдагч этгээд өөр банкнаас зээлийн хүсэлт гаргавал лавлагаа гаргаж өгдөг байгууллага юм.

 

2.3. Ямар нэгэн байдлаар зээлгүй хүнийг зээлтэй мэтээр хуурамч гэрээ байгуулаад оруулсан зүйл огт байхгүй. Бид нар харилцагчтай байгуулсан бүх баримтуудаа гаргаж өгсөн, гэрээний үндсэн дээр явж байгаа юм.

2018 оны зээлийн гэрээг байгуулахдаа талууд хүсэл зоригоо илэрхийлээд хэн нэгний шахалт, дарамтгүйгээр байгуулаад гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах ямар нэгэн үндэслэл байхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Б.******* нь тус банк бус санхүүгийн байгууллагаас 2015 оноос хойш 25 удаагийн зээлийн гэрээгээр зээл авч харилцаж ирсэн. Хамгийн сүүлд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18/003 тоот зээлийн гэрээгээр 19,000,000 төгрөгийн зээлийг сарын 4.0 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай авсан ба нийт 4 удаагийн төлөлтөөр 3,373,100 төгрөгийг буцаан төлсөн.

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс хойш огт зээлийн төлөлт хийхгүй явсаар 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 36,977,382.22 төгрөг үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлтэй болсон.

 

3.2. Манай банк бус байгууллагын 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн эрсдэлийн хорооны 19/12 тоот шийдвэрээр зээлдэгч Б.*******/РД:ЧС86041111/-гийн барьцаа хөрөнгө болох 20-02 УБҮ улсын дугаартай, Range rover маркийн автомашиныг үнэлгээний дагуу 20,000,000 төгрөгөөр зарж борлуулах, зээлдэгч Б.*******гийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс 8,977,382.22 төгрөгийг зээлийн эрсдэлийн сангаас хаах, зээлдэгч Б.*******гийн үлдэгдэл зээлийн төлбөр 8,000,000 төгрөгийг төлүүлэх, зээлдэгч Б.*******гийн 8,000,000 төгрөгийн зээлийн хүүг зогсоож, 2 сарын хугацаанд төлүүлэх зэрэг арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

 

3.3. Б.*******гаас 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18/003 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 8,000,000 төгрөгийн төлбөрийг барагдуулахыг удаа дараа шаардаж ирсэн боловч зээлийн гэрээний үүргээ одоо болтол биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч Б.*******гаас Үндэсний Баялаг ББСБ ХХК-ийн Зээлийн эрсдэлийн хорооны 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19/12 тоот шийдвэрээр тогтоогдсон зээлийн төлбөрийн үлдэгдэл 8,000,000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж болох 142,950 төгрөг, нийт 8,142,950 төгрөгийг гаргуулан өгч манай байгууллагын хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.*******гийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 8,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн бүртгэлээс хасуулахыг******* ХХК-д даалгах нэхэмжлэлийг болон******* ХХК-ийн 8,000,000 төгрөгийг Б.*******гаас гаргуулах тухай сөрөг нэхэмжпэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 142,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй: Б.******* нь******* ХХК-иас 19,000,000 төгрөгийн зээл авахдаа өөрийн унаж байсан 20-02 УБҮ улсын дугаартай Range Rover маркийн автомашинаа барьцаалж зээлийн гэрээний дагуу 3,373,000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн.

Тухайн үеийн зах зээлийн ханш 48,000,000 төгрөгийн автомашиныг хэдэн төгрөгөөр хэнд зарсан нь тодорхойгүй, зээлийн гэрээ хаагдсан мэтээр надад мэдэгдэж байсан.

5.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа зрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд******* ХХК нь иргэний хууль тогтоомжид заасан үндсэн шаардлага, зарчмыг баримталж гэрээ хийх ёстой.

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18/003 дугаартай зээлийн гэрээ нь иргэний хууль тогтоомжийг зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ юм. Зээлийн гэрээний үндсэн суурь зарчим нь Зээлдэгчийн өмчлөлд зээлийн гэрээний зүйл буюу мөнгийг шилжүүлэн өгсөн байхыг шаарддаг. Гэтэл******* ХХК нь зээлийн гэрээний зүйлийг шилжүүлж өгөөгүй тул хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас хийгдсэн гэрээ мөн. Нэгэнт хүчин төгөлдөр бус гэрээг Монгол банкруу шилжүүлж Б.*******г зээлийн гэрээний үлдэгдэл төлбөртзй, үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр муу зээлдэгчийн бүртгэлд оруулсан үйлдэл хууль бус гэж үзэж байна.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д Иргэний зээлийн мэдээлэлд дараах зүйлийн хамруулна. Үүнд: Зээл, төлбөрийн гэрээ байгуулсан он, cap өдөр, гэрээний дугаар төрөл, төлбөр гүйцэтгэх хугацаа, гэрэний хугацааг хэтрүүлж гүйцэтгэсэн эсхүл гүйцэтгээгүй байгаа зээл, төлбөрийн дүнг оруулна, Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн зээлийн мэдээллийг хадгалах, хамгаалах журмын 3 дугаар зүйлийн 3.3-д Зээлийн мэдээллийг цуглуулахдаа зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь гагцхүү тодорхой байх, хууль ёсны зорилгоор цуглуулах, мэдээлэл үнэн зөв байдлыг хангах, хяналт тавих, тогтмол шинэчлэх, алдаатай буруу мэдээллийг залруулах, хэрэглээг хязгаарлах зарчмыг баримтална гэж заасныг зөрчиж*******
ХХК нь зөрчиж Зээлийн мэдээллийн санд оруулсан.

5.3. Шүүх нотлох баримтыг хангалттай сайн үнэлээгүй: Зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр 8,000,000 төгрөгийн зээл авсан гэж оруулсан боловч шүүхэд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч талаас дээрх зээлийн гэрээг гаргаж өгөөгүй юм. Ийнхүү зээлийн гэрээ байхгүй байгаа үйлдэл нь мэдээллийн санд зээлтэй хэмээн оруулах үндэслэл байхгүйг харуулж байгаа юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн.

5.4. Мөн тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хэргийн оролцогч буюу хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Монгол Банкны зээлийн мэдээллийн санд бүртгүүлсэн гэх 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээгээ гаргаж өгөөгүй, гарч өгч чадахгүй буй үйлдэл нь М.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн боломж байхад шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/02865 дугаартай шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Б.*******гаас 8,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт зээлдүүлэгч тал болох******* ХХК нь зээлдэгч тал болох Б.*******д 19,000,000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдоогүй, үгүйсгэгдэж байх тул зохигчдын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18/003 тоот зээлийн гэрээ байгуулагдаагүй байна гэж дүгнэлээ. Иймээс зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул гэрээний үүрэгт 8,000,000 төгрөгийг хариуцагч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхгүй байна гэжээ.

Гэтэл манай байгууллагын зүгээс 19,000,000 төгрөгийг Б.*******д бодитоор шилжүүлэн өгсөн баримт болох зээл олголт гэсэн 2018-01-03Т 15:39:53 огноотой Б.*******гийн өөрийн гарын үсэг зурсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх уг нотлох баримтыг огт үнэлэлгүйгээр мөнгөн хөрөнгийг бодитой шилжүүлэн өгөөгүй гэж үзсэн байна.

Иймд нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитой үнэлэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзээд зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь******* ХХК-д холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 8,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн бүртгэлээс хасуулахыг******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь хариуцагч******* ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 8,000,000 төгрөг аваагүй байхад Монгол Банкны зээлийн мэдээллийн санд 8,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний мэдээллийг оруулсан гэж, хариуцагч нь ...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 18/003 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 8,000,000 төгрөгийг бүртгэсэн гэж тус тус тайлбарласан.

 

3.1. Монгол Банкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдэх зээлийн мэдээлэл нь зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээлэл юм.

 

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар зээлийн мэдээллийн эх сурвалж буруу ташаа, бүрэн бус мэдээлэл агуулж байна гэж үзвэл зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд мэдээлэл нийлүүлэгчид нэн даруй мэдэгдэж шалгуулан, зөрчлийг арилгуулах үүрэгтэй.

 

3.2. Хэрэгт цугларсан баримтаар Монгол Банкны зээлийн мэдээллийн санд зээлдэгч Б.*******д 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон 8,000,000 төгрөгийн зээлийн мэдээлэл бүртгэсэн болох нь тогтоогдож байна. /хх. 75-76 дахь тал/

 

Талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ бодитоор байгуулагдаагүй тул хариуцагч байгууллагын Монгол Банкны зээлийн мэдээллийн санд бүртгүүлсэн зээлдэгчийн мэдээлэл нь буруу ташаа гэж үзнэ.

 

3.3. Зээлийн мэдээллийн санд бүртгэсэн зээлдэгчийн буруу ташаа мэдээллийг залруулах эрх хэмжээ хариуцагч байгууллагад байхгүй тул шүүх зээлдэгч Б.*******д 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон 8,000,000 төгрөгийн зээлийн мэдээллийг бүртгэлээс хасахыг Монгол Банкинд даалгах үндэслэлтэй байна.

 

4. Б.*******,******* ХХК-ийн хооронд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 18/003 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 19,000,000 төгрөгийг 4,0 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-24-25/

 

Анхан шатны шүүх зээлдүүлэгч******* ХХК-аас 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Зээл олголт-ын баримтаар 19,000,000 төгрөгийг зээлдэгч Б.*******д олгож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй алдаа гаргаснаас зээлийн гэрээгээр мөнгө бодитоор шилжээгүй, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. /хх-33/

 

4.1.Хариуцагч байгууллага нь зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгө шилжүүлсэн болохыг нотолсон баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын шаардлага хангасан ба нэхэмжлэгч уг баримтыг үгүйсгэсэн баримт гаргаагүй тохиолдолд шүүх нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэлэх үүрэгтэй. Хэрэв, нотлох баримтаар үнэлээгүй тохиолдолд яагаад үнэлээгүй шалтгааныг дүгнэх нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад хамаарна.

 

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 18/003 дугаар зээлийн гэрээгээр хариуцагч байгууллага нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д шилжүүлсэн болох нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Зээл олголт-ын баримтаар тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна.

 

5. Хавтаст хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 15/119 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх/фидуци/ гэрээ нотлох баримтаар авагдсан байна.

 

Дээрх гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18/003 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах гэрээ гэж үзэхгүй.

 

6. Хөрөнгө үнэлгээний Арвижих эстимейт ХХК нь Рэйнж ровер /Range rover/ маркийн 2002 УБҮ улсын дугаартай автомашины зах зээлийн үнэлгээг 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар 20,000,000 төгрөгөөр тогтоосон. Мөн талуудын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 15/119 дугаартай фидуцийн гэрээний хавсралт /хөрөнгийн жагсаалт/-д хөрөнгө шилжүүлэх үеийн байдлаар үнэлгээг 20,000,000 төгрөг гэж тохиролцсон байна. /хх 26-27, 44-45/

 

Хариуцагч******* ХХК-ийн Зээлийн эрсдэлийн хорооны 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19/12 дугаар шийдвэрээр Рэйнж ровер /Range rover/ маркийн 2002 УБҮ улсын дугаартай автомашиныг 20,000,000 төгрөгөөр худалдахаар шийдвэрлэжээ.

 

Мөн, нэхэмжлэгч Б.******* нь 2019 оны 12 дугаар сард Рэйнж ровер /Range rover/ маркийн 2002 УБҮ улсын дугаартай автомашины эзэмшлийг хариуцагч байгууллагад шилжүүлсэн зэрэг үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний зарим үүрэг буюу 20,000,000 төгрөгт тооцож Рэйнж ровер /Range rover/ маркийн 2002 УБҮ улсын дугаартай автомашиныг шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь Рэйнж ровер /Range rover/ маркийн 2002 УБҮ улсын дугаартай автомашиныг 40,000,000 төгрөг тооцож шилжүүлсэн талаар гомдлын хангах хууль зүйн үндэслэлгүй.

 

7. Зээлдэгч Б.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3,373,100 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй бөгөөд******* ХХК-ийн Зээлийн эрсдэлийн хорооны 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 18,904,444 төгрөг, зээлийн хүү 15,083,515 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,989,422 төгрөг нийт 36,977,382 төгрөгөөс автомашиныг 20,000,000 төгрөгөөр үнэлж зээлийн үүргээс хасч тооцсон, мөн зээлдэгчийг 8,977,382 төгрөгийн үүргээс чөлөөлж, үлдэгдэл төлбөр 8,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна./хх 28-30/

 

8. Нэхэмжлэгч Б.******* нь зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргаж, зээлийн хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдэгч Б.*******гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч******* ХХК-д олгосон анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

9. Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/02865 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Зээлийн мэдээллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.*******гийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 8,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн бүртгэлээс хасахыг Монгол Банкинд даалгасугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг нэмж, уг заалтад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,000,000 төгрөг гаргуулж хариуцагч******* ХХК-д олгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, уг заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Үндэсний баялаг ББСБ ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.*******гаас 142,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай. гэж тус тус өөрчилж,

 

3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

 

С.ЭНХБАЯР