Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2023/02865

 

 

 

 

 

                           

 

 

                                      

        2023      09    ­    15 

                       181/ШШ2023/02865

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух Бын М /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоот хаягт оршин байрлах Ү ХХК /РД:.../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 8,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн бүртгэлээс хасуулахыг Ү ХХК-д даалгах тухай үндсэн,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ундармаа,

Хариуцагчийн төлөөлөгч С.Будрагчаа,

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Энхбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “Ү” ХХК-д холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 8,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн бүртгэлээс хасуулахыг Ү ХХК-д даалгахыг шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Бын М миний нэр дээр “Ү”-аас 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 8,000,000 төгрөгний зээл авч, уг зээл нь хугацаа хэтрэлттэй гэх мэдээлэл Монгол банкны Зээлийн мэдээллийн санд бүртгэгджээ.

Миний бие 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Ү”-аас зээл аваагүй бөгөөд тус компани нь миний нэр дээр хуурамч зээлийн мэдээлэл бүртгэж миний бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах эрхийг зөрчсөн тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “...гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй...” гэж заасны дагуу тус хуурамч зээлийн мэдээллийг Монгол банкны Зээлийн мэдээллийн сангаас устгуулах өгнө үү” гэжээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар хариу тайлбартаа:

2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулаагүй, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үргэлжлэл явж байгаа. Үүнийг зээл олгогч байгууллагын хувьд өөрсдөө Монгол банк руу явуулсан мэдээллийн үнэн зөв байдлыг бид өөрсдөө хариуцна. Түүнд үндэслээд сөрөг нэхэмжлэл гаргасан юм. Найз нөхдийн харилцаатай учраас шүүхийн бус замаар шийдээд тодорхой 8,000,000 төгрөгийг чөлөөлье гээд хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлээд 8,000,000 төгрөгийг нь хүүгүй болгоод явж байсан. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хатуу хөл хорионы үе байсан. Хавсралт нь зээлийн гэрээний лавлагаанд 8,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг 0 үлдэгдэлтэй болсон байна. Бид энэ мэдээллийг дахиад явуулна. Манай мэдээлэл явсан байдаг. Монгол банкны мэдээлэл нь 0 үлдэгдэлтэй байх жишээний. 2022 оны 11 дүгээр сараас 2 зөвшөөрөлтэй компани дээр шилжүүлсэн. Манайх “Сайн скор” гэх компанитай хамтарч ажиллаж байгаа. Монгол банк мэдээллийг хүлээж аваад ирсэн мэдээллийг хадгалаад гуравдагч этгээд өөр банкнаас зээлийн хүсэлт гаргавал лавлагаа гаргаж өгдөг дамжуулалтын байгууллага юм. Энэ бол хувийн компани руу шилжсэн байгаа. Ямар нэгэн байдлаар зээлгүй хүнийг зээлтэй мэтээр хуурамч гэрээ байгуулаад оруулсан зүйл огт байхгүй. Бид нар харилцагчтай байгуулсан бүх баримтуудаа гаргаж өгсөн, гэрээний үндсэн дээр явж байгаа юм.

2018 оны зээлийн гэрээг байгуулахдаа талууд хүсэл зоригоо илэрхийлээд хэн нэгний шахалт, дарамтгүйгээр байгуулаад гарын үсэг зурсан байгаа. Хэн нэгэн хүчээр гэрээ байгуулаагүй. Мөнгө төгрөг шилжүүлсэн баримт бичигт нэхэмжлэгч тал гарын үсэг зурсан байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах ямар нэгэн үндэслэл байхгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна гэв.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:

Иргэн Бын М нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 8,000,000 /найман сая/ төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний мэдээллийг Монгол Банкны зээлийн мэдээллийн сангийн бүртгэлээс хасуулахыг Үндэсний Баялаг Банк бус санхүүгийн байгууллагад даалгуулах тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Иргэн Б.М нь тус банк бус санхүүгийн байгууллагаас 2015 оноос хойш 25 удаагийн зээлийн гэрээгээр зээл авч харилцаж ирсэн. Хамгийн сүүлд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18/003 тоот зээлийн гэрээгээр 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийн зээлийг сарын 4.0 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай авсан ба нийт 4 удаагийн төлөлтөөр 3,373,100 төгрөгийг буцаан төлсөн. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс хойш огт зээлийн төлөлт хийхгүй явсаар 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 36,977,382.22 /гучин зургаан сая есөн зуун далан долоон мянга гурван зуун наян хоёр төгрөг хорин хоёр мөнгө/ үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлтэй болсон.

Манай банк бус байгууллагын 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн эрсдэлийн хорооны 19/12 тоот шийдвэрээр:

1.Зээлдэгч Б.М /РД:.../-гийн барьцаа хөрөнгө болох 20-02 УБҮ улсын дугаартай, Rаnge rover маркийн автомашиныг үнэлгээний дагуу 20 сая төгрөгөөр зарж борлуулах,

2.Зээлдэгч Б.Мгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс 8,977,382.22 төгрөгийг зээлийн эрсдэлийн сангаас хаах,

3.Зээлдэгч Б.Мгийн үлдэгдэл зээлийн төлбөр 8,000,000 төгрөгийг төлүүлэх,

4.Зээлдэгч Б.Мгийн 8,000,000 төгрөгийн зээлийн хүүг зогсоож, 2 сарын хугацаанд төлүүлэх зэрэг арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

Тус банк бус байгууллагын зүгээс Б.Мгаас 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18/003 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 8,000,000 төгрөгийн төлбөрийг барагдуулахыг удаа дараа шаардаж ирсэн боловч зээлийн гэрээний үүргээ одоо болтол биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч Б.Мгаас Үндэсний Баялаг банк бус санхүүгийн байгууллагын Зээлийн эрсдэлийн хорооны 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19/12 тоот шийдвэрээр тогтоогдсон зээлийн төлбөрийн үлдэгдэл 8,000,000 /найман сая/ төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж болох 142,950 төгрөг, нийт 8,142,950 /найман сая нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан өгч манай байгууллагын хохирлыг барагдуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Үндэсний баялаг Банк бус санхүүгийн байгууллагын “Зээлдэгч Б.Мтай 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан 18/003 тоот гэрээгээр 19,000,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, 4.0 хувийн хүүтэй олгосон ба гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр 8,000,000 төгрөгийг гаргуулах” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зээлийн гэрээ хүчин төгөлдөр биш талаар:

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу 3,373,000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн. Зээлийн төлбөртөө 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр барьцаа хөрөнгө болох 20-02 УБҮ улсын дугаартай Rаnge rover маркийн машиныг Үндэсний баялаг банк бус санхүүгийн байгууллагад зээл хаах тохиролцоотой хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл тухайн үед миний машин 48,000,000 төгрөг байсан бөгөөд миний бие өвдөөд гадаад руу яаралтай эмчилгээ хийлгэх шаардлага үүссэн тул аргагүй байдалд орж машинаа шилжүүлж өгсөн юм.

Ү нь миний машиныг хэдэн төгрөгөөр зарсан, илүү мөнгө гарсан уу, миний зээлийн гэрээ хаагдсан талаар надад огт мэдэгдээгүй. Иргэний хуулийн дагуу зөрүү мөнгийг надад өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Машин хэдэн төгрөгөөр зарсан нь тодорхойгүй, иргэний өмчийг үндэслэлгүйгээр хууль бусаар зээлийн дарамтанд оруулж өгсөн үйлдэл гэж үзэж байна. Мөн би өөрийн хүсэлтээр барьцаа хөрөнгөө шилжүүлэн өгснөөс хойш 2 сарын дараа зээллийн мэдээллийн сангаас зээлтэй эсэхээ шалгуулахад уг зээл хаагдаж зээлгүй болсон байсан. Гэтэл 2022 онд санхүүгийн хэрэгцээ гарч санхүүгийн байгууллагаас зээл хүсэх үед 2021 онд буюу уг үйл явдлаас хойш 2 жилийн дараа миний нэр дээр 8,000,000 төгрөгийн зээл үүссэнийг олж мэдсэн. Миний бие ямар нэг гэрээ, хэлцэл хийгээгүй бөгөөд энэ нь хувь хүний санхүүгийн хэрэгцээгээ хангахад бүдүүлгээр халдаж одоо хүртэл баталгаагүй зээлдэгчийн тоонд орж хувь болоод надтай хамаарал бүхий байгууллагууд санхүүгийн харилцаанд орох боломжгүй болгож хохирол учруулаад байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Зээлдэгч надад зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг шаардах, эс биелүүлбэл Монгол Улсын шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байхад тухайн үед 48,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг авсан, үүнтэй холбогдуулан гэрээ, контракт хийгээгүй, зээл, зээлийн хүүгээр далайлган үнэтэй автомашин авсан нь хууль бус хэлцэл гэж үзэж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Э.Цэндсүрэнд олгосон итгэмжлэл, зээлийн мэдээллийн лавлагаа,  Ж.Ундармааг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагч талаас нотлох баримтаар: С.Долгормаад олгосон итгэмжлэл, Ү ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөг төлсөн баримт, ТЗ 101/377 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтын хамт, 2018.01.03-ны өдрийн 18/003 дугаартай зээлийн гэрээ, 2015.12.02-ны өдрийн 15/199 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Ү ХХК-ийн 2019.12.21-ний өдрийн 19/12 тоот албан бичиг, Ү ХХК-ийн зээлийн эрсдлийн хорооны 2019.12.21-ний өдрийн 19/03 дугаартай хурлын портокол, зээлийн дансны хуулга, Арвижих-Эстимэйт ХХК-ийн 2023.03.20-ны өдрийн 01/25 дугаартай албан бичиг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаар: 20-02 УБҮ улсын дугаартай Landrover rangerover маркийн тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа, Б.Мгийн зээлийн мэдээллийн лавлагаа зэрэг авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.      

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Ү”-аас зээл аваагүй байхад тус компани нь миний нэр дээр хуурамч зээлийн мэдээлэл бүртгэж миний бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах эрхийг зөрчсөн тул хуурамч зээлийн мэдээллийг Монгол банкны Зээлийн мэдээллийн сангаас устгуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч марган, сөрөг нэхэмжлэлээр ...Б.М нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18/003 тоот зээлийн гэрээгээр 19,000,000 төгрөгийн зээлийг сарын 4.0 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай авсан ба нийт 4 удаагийн төлөлтөөр 3,373,100 төгрөгийг төлсөн. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс хойш огт зээлийн төлөлт хийхгүй явсаар 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 36,977,382.22 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлтэй болсон. Манай байгууллагын 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн эрсдэлийн хорооны 19/12 тоот шийдвэрээр Зээлдэгч Б.Мгийн барьцаа хөрөнгө болох 20-02 УБҮ улсын дугаартай, Rаnge rover маркийн автомашиныг үнэлгээний дагуу 20,000,000 төгрөгөөр зарж борлуулах, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс 8,977,382.22 төгрөгийг зээлийн эрсдэлийн сангаас хаах, үлдэгдэл зээлийн төлбөр 8,000,000 төгрөгийг төлүүлэх, зээлийн хүүг зогсоож, 2 сарын хугацаанд төлүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байтал одоог хүртэл төлөөгүй тул 8,000,000 төгрөгийг гаргуулна гэж шаардсан.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг ...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ байхгүй. Сөрөг нэхэмжлэлд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 18003 дугаартай гэрээгээр 19,000,000 төгрөг шилжүүлсэн гэдэг боловч бодит байдал дээр 19,000,000 төгрөг шилжүүлээгүй, 2014, 2015 оноос хойшхийг нийлүүлээд 19,000,000 төгрөг гэж гэрээ байгуулаад гарын үсэг зураад барьцаанд нь машинаа тавьчих гээд гэрээ хийсэн. Энэ гэрээ хүчин төгөлдөр бус. Зээлийн гэрээнд 20 сая, 200 сая төгрөг байсан ч зээлж байгаа тохиолдолд тухайн үед мөнгийг бодитоор шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно. Гэтэл 19,000,000 төгрөг шилжүүлээгүй хэр нь 2018 онд зээлийн гэрээ давхар байгуулсан байгаа нь хүү, цаашлаад нэмэгдүүлсэн хүүнд маргаан үүснэ. Хүчин төгөлдөр бус гэрээ байгуулаад 19,000,000 төгрөгийг зээлүүлсэн мэт харагдуулаад 45, 50 сая төгрөгийн үнэтэй машиныг 20,000,000 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлд барьцаалж аваад зараад дахиад 8,000,000 төгрөг нэхэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, нэг талын эрхийг хэт зөрчсөн зээлийн гэрээний харилцаа гэж эс зөшөөрч маргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн доорх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

-Хэрэгт хариуцагч тал нь нэг талаас Ү ХХК, нөгөө талаас Б.М нар 2018.01.03-ны өдөр 18/003 дугаар зээлийн гэрээ байгуулж, 19,000,000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар сарын 4,0 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлдүүлэхээр, гэрээний 1.13-т зээлдэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 15/119 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан болно гэж зааж талууд гарын үсэг зурсан зээлийн гэрээ, мөн талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан 15/119 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэсэн бичгийн баримтыг гаргаж өгсөн./хх-24-27/

-Зээлийн олголт гэсэн 2018-01-03Т 15:39:53 огноотой, 19,000,000 төгрөгийг Б.Мд зээл олгосон гэх гүйлгээний утга бүхий харилцагч гэсэн хэсэгт болон теллер С.Долгормаа гэсэн хэсэгт тус тус таталбар бүхий гарын үсэг зурагдсан бичгийн баримт /хх-33/-ыг гаргаж өгөөд зээлийн гэрээг байгуулж, гэрээний дагуу 19,000,000 төгрөгийг Б.Мд олгосон гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч нь уг баримтыг бэлэн мөнгө өгөөгүй хэрнээ гарын үсэг зуруулсан тул зөвшөөрөхгүй гэж маргасан.  

-Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хавсаргасан зээлийн мэдээллийн 2022.12.19-ний өдрийн лавлагаанд: ...8,000,000 төгрөгийг олгосон огноо хэсэгт 2021/12/22, төлөгдөх огноо хэсэгт 2022/10/20, ангилал хэсэгт Анхаарал хандуулах гэж бүртгэгдсэн./хх-4/,

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн Б.Мн лавлагааг гаргуулахад: 1. Төрөл -Зээл, Анх олгосон зээлийн хэмжээ -19,000,000 төгрөг, Олгосон огноо – 2018-04-03, Төлөгдөх огноо – 2018-10-03, Төлөгдсөн огноо – 2020-02-11, Ангилал – Анхаарал, 2. Төрөл-Зээл, Анх олгосон зээлийн хэмжээ 8,000,000, Олгосон огноо 2020-03-17, Төлөгдөх огноо 2020-07-17, Төлөгдсөн огноо 2021-06-29, Ангилал -Анхаарал, 3. Төрөл -Зээл, Анх олгосон зээлийн хэмжээ -8,000,000, Олгосон огноо 2021-12-22, Төлөгдөх огноо 2022-01-20, Төлөгдсөн огноо 2022-10-20, Ангилал -Анхаарал гэж тус тус бичигджээ./хх-76/

-Хариуцагч талаас Арвижих-Эстимейт ХХК-ийн 2023-03-20-ны өдрийн 01/25 тоот Автомшины зах зээлийн үнийн тухай албан бичигт: Landrover Rangerover /спорт/ маркийн автомашин нь өнгө үзэмж, техникийн байдал зэргээсээ шалтагалж 2019 оны 4-р улирлын байдлаар манай зах зээл дээр дунджаар 20,000,000 төгрөгийн үнэтэй байсан нь манай архивт бүртгэгдсэн болохыг тодорхойлов гэжээ./хх-44-45/

-Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаанд: 2002 УБҮ улсын дугаартай Landrover Rangerover маркийн, 2006 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг саарал өнгөтэй, тээврийн хэрэгсэлийн эзэмшигчээр 2010-05-07-ний өдрөөс 2014-10-30-ныг хүртэл ЧС8604111 регистрийн дугаартай Бийн М, 2014-10-30-ны өдрөөс 2020-04-23-ныг хүртэл ...0001 регистрийн дугаартай, Ү ХХК, 2020-04-23-ны өдрөөс 2020-07-10-ныг хүртэл УП89042051 регистрийн дугаартай Болдбаатарын Энхболд...бүртгэлтэй гэжээ./хх-46-47/

Хариуцагч Ү ХХК-ийн захирал С.Будрагчаа нь ...Б.Мг тус байгууллагаас 2015 оноос хойш 25 удаагийн зээлийн гэрээгээр зээл авч харилцаж ирсэн, хамгийн сүүлд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18/003 тоот зээлийн гэрээгээр 19,000,000 төгрөгийн зээлийг сарын 4.0 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай авсан ба нийт 4 удаагийн төлөлтөөр 3,373,100 төгрөгийг буцаан төлсөн, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс хойш огт зээлийн төлөлт хийхгүй явсаар 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 36,977,382.22 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлтэй болсныг Зээлийн эрсдэлийн хорооны 19/12 тоот шийдвэрээр Зээлдэгч Б.Мгийн барьцаа хөрөнгө болох 20-02 УБҮ улсын дугаартай, Rаnge rover маркийн автомашиныг үнэлгээний дагуу 20,000,000 төгрөгөөр зарж борлуулах, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс 8,977,382.22 төгрөгийг зээлийн эрсдэлийн сангаас хаах, үлдэгдэл зээлийн төлбөр 8,000,000 төгрөгийг төлүүлэх, зээлийн хүүг зогсоож, 2 сарын хугацаанд төлүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байтал одоог хүртэл төлөөгүй тул 8,000,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлан шаардсан бол,

Нэхэмжлэгч Б.М нь 2015 онд 8,000,000 төгрөгийн болон нэмж 5,000,000 төгрөгийн зээл авч байсан, 2018.01.03-ны өдөр 18/003 дугаар зээлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээний дагуу 19,000,000 төгрөгийг надад бодитоор шилжүүлж өгөөгүй атлаа зээл олголтын баримтанд гарын үсэг зуруулсан тул сөрөг нэхэмжлэлээр шаардсан 8,000,000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан гэх 15/119 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18/003 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийгдсэн гэрээ гэж үзэх үндэслэлгүй талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаж буй тайлбар үндэслэлтэй байна.

               Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. гэж гэрээний хэлбэрийн шаардлагыг хуулиар тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заажээ.           

Гэтэл зээлдүүлэгч тал болох Ү ХХК нь зээлдэгч тал болох Б.Мд 19,000,000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдоогүй, үгүйсгэгдэж байх тул зохигч талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18/003 тоот зээлийн гэрээ байгуулагдаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймээс, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул гэрээний үүрэгт 8,000,000 төгрөгийг хариуцагч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу шаардах эрхгүй байна.

Харин нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан фидуцийн 15/119 дугаартай гэрээ зэргээс үзэхэд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, зээл авч байсан үйл баримт зохигч талуудын хооронд үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх боловч энэ талаархи бичгийн нотлох баримтыг болоод талуудын хэн алин 2015 оны гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад дурдагдаагүй, хэрэгт байхгүй баримтыг үндэслэж хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм.

Иймээс хариуцагч тал нэхэмжлэгчтэй байгуулсан гэх 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19/119 тоот зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой төлбөрийн асуудал дууссан эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэх 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19/119 тоот зээлийн гэрээний үүргийг шаардахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй байна.

Иймээс дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Мгийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 8,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн бүртгэлээс хасуулахыг Ү ХХК-д даалгах үндсэн болон хариуцагч Ү ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөгийг Б.Мгаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 142,950 төгрөгийг тус тус улсын орлого болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Мгийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 8,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн бүртгэлээс хасуулахыг Ү ХХК-д даалгах нэхэмжлэлийг болон Ү ХХК-ийн 8,000,000 төгрөгийг Б.Мгаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 142,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ