Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2024/00027

 

 

Г , З нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2023/02623 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2023/02048 дугаар магадлалтай,

Г , З нарын нэхэмжлэлтэй,

“К ” ХХК-д холбогдох

Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ** дугаар байр, 3 давхар, *** тоот хаягт байрлах, 53,36 м.кв 96,048,000 төгрөгийн үнИ бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, алданги 29,294,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-ийн  гаргасан хяналтын гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Г , З нар “К ” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ** дугаар байр, 3 давхар, *** тоот хаягт байрлах, 53,36 м.кв, 96,048,000 төгрөгийн үнИ бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, алданги 29,294,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.22-ны өдрийн 182/ШШ2023/02623 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Г , З нарыг нэхэмжлэлтэй “К ” ХХК-д холбогдох Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд баригдсан ** дугаар байрны 3 давхар, *** тоот 96,048,000 төгрөгийн үнИ бүхий 53,20 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алданги 29,294,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 784,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.24-ний өдрийн 210/МА2023/02048 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.22-ны өдрийн 182/ШШ2023/02623 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г , З нарт Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол (13341), ** дугаар байрнаас 53,36 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч “К ” ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс алданги 29,294,640 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “7.1 дэх хэсэгт” гэснийг “7.1.1-д” гэж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас 638,190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 784,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э  хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасныг зөрчсөн. Г , З нар Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ** дугаар байрны *** тоот орон сууцыг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх талаар сануулсан боловч нэхэмжлэгч *** тоот орон сууцыг гаргуулахаар шаардсан. Анхан шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өгөхөөр тохиролцоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн.

4.2. Давж заалдах шатны шүүх Г , З нарт Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол (13341), ** дугаар байрнаас 53,36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг “К ” ХХК-д даалгасан нь үндэслэлгүй. Тус барилгыг Улсын комисс 2022.01.19-ний өдөр хүлээн авч бүх орон сууц өмчлөгч, эзэмшигчтэй болсон тул ** дугаар байрнаас 53,36 м.кв орон сууцыг нэхэмжлэгч нарт олгох боломжгүй байхад хариуцагч компаниас орон сууц гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх зөвхөн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хуульд нийцсэн шийдвэр гаргах ёстой. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг судлалгүй нэхэмжлэгч нарт давуу байдал олгосон магадлал гаргасан.

4.3. Г , З нар Г.Гантулгатай гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгий 20 гудамж, 271 тоот хаягт байрлах Г-2204005164 дугаартай, 549 м.кв газар, Ү-22010118907 дугаартай 72 м.кв хувийн сууцыг түүнд шилжүүлэн өгсөн. Г.Гантулгыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. “К ” ХХК нь газар болон хувийн сууцыг шилжүүлэн аваагүй тул нэхэмжлэгч нар арилжааны гэрээний үүргийг тус компаниас шаардах эрхгүй гэж маргасан. Давж заалдах шатны шүүх арилжааны гэрээний үүргийг “К ” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянах үндэслэлийг хязгаарласнаар давж заалдах шатны шүүх эцсийн шийдвэр гаргадаг мэт ойлгож нэг талыг барьсан, шударга бус шийдвэр гаргаж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.24-ний өдрийн 210/МА2023/02048 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.22-ны 182/ШШ2023/02623 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.01.25-ны өдрийн 001/ШХТ2024/00158 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э гийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7. Нэхэмжлэгч Г , З нар хариуцагч “К ” ХХК-д холбогдуулан Орон сууц бартерын гэрээний Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ** дугаар байр, 3 давхар, *** тоот хаягт байрлах, 53,36 м.кв 96,048,000 төгрөгийн үнИ бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, алданги 29,294,640 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ “... Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд тус компанийн барих төслийн барилгаас 6 давхрын урагшаа харсан цонхтой 53,36 м.кв, 96,048,000 төгрөгийн үнИ бүхий 2 өрөө орон сууц авахаар тохиролцон газар, хувийн сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн боловч гүйцэтгэгч нь 3 давхрын *** тоот орон сууц хуваарилагдсан тухай мэдэгдэхэд гэрээгээр тохиролцсон орон сууцыг авахыг хүсэхэд уг орон сууцыг бусдад худалдсан гэх хариу өгсөн. Гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ** дугаар байр, 3 давхар, *** тоот хаягт байрлах, 53,36 м.кв 96,048,000 төгрөгийн үнИ бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү. Мөн “К ” ХХК орон сууцыг 2021.03.31-ний өдөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосныг үндэслэн 60 хоногийн алдангийг хасаж 1 өдрийн алдангийг 96,048 төгрөгөөр тооцож 29,294,640 төгрөг гаргуулна гэж тайлбарласан,

Хариуцагч “К ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... Г  2022.02.23-ны өдөр А блокны 6 давхрын урагшаа харсан цонхтой 53,92 м.кв орон сууцыг олгохыг хүсэхэд 2022 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох Б блокны 41,48 м.кв орон сууц олгож, зөрүү төлбөр өгөх санал гаргасан. Г.Гантулгад газрын өмчлөх эрх шилжсэн. Ковид-19 цар тахлын улмаас гэрээнд заасан хугацаанд орон сууц ашиглалтад ороогүй. “К ” ХХК нь Г , З нарт Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ** дугаар байр, 3 давхар, *** тоот хаягт байрлах 53,20 м.кв, 96,048,000 төгрөгийн үнИ бүхий 2 өрөө орон сууцыг хүлээлгэн, алданги 29,294,630 төгрөг төлөх үүрэггүй” гэж татгалзсан байна.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар хариуцагчийн татгалзлыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... “К ” ХХК болон Г , З нарын хооронд Арилжааны гэрээ байгуулагдсан, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ** дугаар байр, 3 давхар, *** тоот хаягт байрлах, 53,20 м.кв 2 өрөө орон сууц нь Н ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон. Гэрээний 1.3-д зааснаар захиалагчид А блок 2 дугаар орц, 3 давхар, 305 тоот хаягт байрлах 65,63 м.кв 3 өрөө, 131,260,000 төгрөгийн үнИ бүхий орон сууц, төслийн барилгаас 53,36 м.кв 2 өрөө, 96,048,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц өгөхөөр тохиролцсоноос үзэхэд Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ** дугаар байр, 3 давхар, *** тоот 96,048,000 төгрөгийн үнИ бүхий 53,20 м.кв 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцсон гэж үзэхгүй. Орон сууц бартерийн гэрээний 2.1.2-т гүйцэтгэгч нь гэрээнд заасан орон сууцыг 2021 оны 1 дүгээр улиралд ашиглалтад өгнө гэж тохиролцсон хэдий ч хариуцагч “К ” ХХК-ийг Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ** дугаар байр, 3 давхар, *** тоот орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй ...” гэсэн дүгнэлт хийсэн.

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа “... Нэхэмжлэлд “*** тоот хаягт байршилтай орон сууцыг шилжүүлэх”-ээр заасан боловч шаардлагын үндэслэл нь хариуцагч гэрээнд заасан орон сууцыг нэхэмжлэгч нарт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буюу гэрээний үүргийн биелэлтийг шаардсан агуулгатай. Өөрөөр хэлбэл, гэрээний 1.3-т заасан “Төслийн барилгын 53,36 м.кв, 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууц”-ыг шаардсан гэж үзэхээр байна. Хариуцагч нь гэрээний 1.3-т заасан 53,36 м.кв, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар тухайн орон сууцыг хариуцагчаас шаардах эрхтэй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан арилжааны гэрээгээр хариуцагчаас гуравдагч этгээдэд шилжүүлсэн хаяг бүхий *** тоотыг шилжүүлэх үүрэг хүлээсэн гэж үзэхгүй. Харин уг байрнаас 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 53,20 м.кв 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцсон тул хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж үзжээ.

10. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн талаар адил дүгнэсэн боловч  анхан шатны шүүх нэхэмжлэлд заасан *** тоот орон сууцыг гэрээний зүйл биш гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх хариуцагч нь гэрээнд заасан 53.36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлж өгөх үүрэгтэй гэж үзэж нэхэмжлэлийг хангаж, зөрүүтэй дүгнэлт хийсэн нь хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэх үндэслэл болсон байна.  

11. Хэргийн баримтаас үзэхэд зохигчийн хооронд 2019.10.16-ны өдөр Орон сууцны бартерийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч Г , З нар Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгий 20 дугаар гудамж, 271 тоот хаягт байрлах, 72 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах 549 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагчид тус тус шилжүүлэх, хариуцагч “К ” ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороонд баригдах “Поларис апартмент-1” хотхоны А блок, 2 дугаар орц, 3 дугаар давхар, 305 тоот хаягт байрлах 65,63 м.кв орон сууц, төслийн барилгаас 53,36 м.кв, 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нарт шилжүүлэхээр тохиролцсон байна.

12. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн хооронд арилжааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд гэрээг бичгээр үйлдэж, хэн аль нь гарын үсэг зурж байгуулсан байх ба уг гэрээ хүчин төгөлдөр хэлцэл тул гэрээний талууд ямар үүрэг хүлээхээр гэрээгээр тохиролцсон тэр үүргийг л гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

13. Нэхэмжлэгч Г , З нар газар болон хувийн сууцны өмчлөх эрхийг тухайн үед “К ” ХХК-ийн захирал байсан Г.Гантулгын нэр дээр буюу хариуцагчийн нэрлэн заасан этгээдэд шилжүүлэн өгч үүргээ биелүүлсэн. Хариуцагч нь гэрээнд заасан 131,260,000 төгрөгийн үнэ бүхий 65,63 м.кв 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлж, харин төслийн барилгаас 53,36 м.кв, 96,048,000 төгрөгийн үнИ бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Гэрээний талууд хэдийгээр төслийн барилгаас 53,36 м.кв, 2 өрөө 96,048,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг өгөхөөр тохиролцсон боловч уг орон сууц барилгын аль давхарт байрлах, хэдэн тоот болохыг гэрээнд тодорхой заагаагүй.

14. Анхан шатны шүүх  талууд гэрээний 1.3-д төслийн барилгаас 53.36 м.кв 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцсон байхад “... Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд баригдсан ** дугаар байрны 3 давхар, *** тоот 96,048,000 төгрөгийн үнИ бүхий 53.20 м.кв 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцсон гэж үзэх боломжгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль болон гэрээнд нийцээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт нийцсэн гэж үзлээ.

15.  Нэхэмжлэгч Г  2022.02.23-ны өдөр “...газар дээрээ баригдсан ** дугаар байрны 6 давхарт урагшаа харсан цонхтой, 53,92 м.кв талбайтай 2 өрөө байрыг авахаар гэрээ хийгдсэн. Гэтэл байраа хүлээн авахаар ирэхэд 53,20 м.кв талбайтай 3 давхрын зүүн тийш харсан цонхтой *** тоотыг хуваарилсан байсан тул анхны гэрээний дагуу 6 давхарт урагшаа харсан цонхтой, 53,92 м.кв талбайтай 2 өрөө байрыг олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байсныг хариуцагч тал нотлох баримтаар ирүүлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг хүсэлтийн талаар “...төслийн барилгаас 53,36 м.кв 2 өрөө орон сууцыг өгнө гэж тохиролцсон... харин *** тоотыг өгнө... А блокны тус байрыг олгоно гэж тохиролцоогүй...*** тоотыг санал болгоход нэхэмжлэгч миний захиалсан байр биш байна гэж татгалзсан тул тэр байрыг Г.Нямсүрэн гэх хүнд зарсан ...” гэж тайлбарласан.

Дээрх хүсэлтийн агуулгаас үзэхэд Г  гэрээнээс татгалзаагүй, харин ч байрыг олгох тухай дээрх хүсэлтийг 2022.02.23-ны өдөр гаргасан байхад хариуцагч “К ” ХХК нь нэхэмжлэгч нарын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимд нийцээгүй байна.

16. Нэхэмжлэгч нар шүүхэд 2022.04.05-ны өдөр *** тоот орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн хамт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.05.16-ны өдрийн 182/ШЗ2022/06452 дугаар захирамжаар хангаж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд баригдсан орон сууцны барилгын 3 давхар, *** тоот, 96,048,000 төгрөгийн үнИ бүхий 53.36 м.кв 2 өрөө орон сууцтай холбоотой (бусдад худалдах, шилжүүлэх, барьцаалах, түрээслэх зэрэг) тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагч “К” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн ба уг захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гардан авсан баримт хэрэгт авагдсан, уг захирамжид гомдол гаргасныг тус шүүхийн 2022.06.10-ны өдрийн 182/ШТ2022/00152 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ.

 ЭнИ нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч тал хариуцагчийг *** тоот орон сууцыг бусдад худалдахаас өмнө хүлээн авах хүсэл зоригтой байгаагаа илэрхийлж байжээ.

Гэтэл хариуцагч “К” ХХК нь шүүгчийн захирамжийн дээрх заалтыг биелүүлэлгүй, 2022.07.05-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт гаргаж, Г.Нямсүрэнгийн өмчлөлд 2022.07.07-ны өдөр шилжүүлж, улмаар 2022.07.08-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Г.Нямсүрэнгээс гуравдагч этгээд Н т *** тоот орон сууцны өмчлөх эрх шилжсэн байна.  

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч Г , З нарын нэхэмжлэлд заасан *** тоот орон сууц гэрээний зүйл биш байхаас гадна гуравдагч этгээд Н ийн өмчлөлд шилжсэн тул нэхэмжлэгч нарт уг *** тоот орон сууцыг олгох боломжгүй болсон байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан 2 дугаар ээлжийн 41.48 м.кв байрыг өгье, зөрүү мөнгө өгөх...”  талаар тайлбар гаргаж байсан, хариуцагч нь хууль болон гэрээнд заасан үүргээ дээрх байдлаар зөрчсөн байгааг харгалзан өөр байрлалд гэрээнд заасан 53.36 м.кв 2 өрөө орон сууц өгөх боломж үгүйсгэгдээгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд “...бүх орон сууц өмчлөгч, эзэмшигчтэй болсон тул ** дугаар байрнаас 53,36 м.кв орон сууцыг нэхэмжлэгч нарт олгох боломжгүй....” гэсэн хяналтын гомдлыг хангах  үндэслэлгүй, хэрвээ орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй бол нэхэмжлэгч нар нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй болно.

17. Нэхэмжлэгч Г , З нар газар болон хувийн сууцны өмчлөх эрхийг тухайн үед “К ” ХХК-ийн захирал байсан,  хувьцаа эзэмшигч А-ын нэр дээр шилжүүлэн өгч үүргээ биелүүлсэн талаар Тогтоолын 11-д дүгнэсэн тул Г.Гантулгатай Худалдах-худалдан авах гэрээг байгуулсан атлаа “К ” ХХК-аас Орон сууцны бартерийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэх хяналтын гомдол мөн үндэслэлгүй.

18. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй болно.

Иймээс хариуцагч “К ” ХХК нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар Орон сууцны бартерийн гэрээний 53,36 м.кв, 2 өрөө 96,048,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нэхэмжлэгч Г , З нарт шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болсон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2023/02048 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “К ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И-ийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “К ” ХХК нь 2024.12.20-ны өдөр төлсөн 638,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Г.АЛТАНЧИМЭГ

      ШҮҮГЧИД                                                                 Н.БАТЗОРИГ             

                                                               Н.БАТЧИМЭГ

                                                              Н.БАЯРМАА 

                                                             П.ЗОЛЗАЯА