Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/02048

 

 

М.Я, З.О нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2023/02623 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: М.Я, З.О

Хариуцагч: Т ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 95 дугаар байр, 3 давхар, 000 тоот хаягт байрлах 53,36 м.кв 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, алданги 29,294,640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батсүмбэр-Уул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 М.Я, З.О нар Т ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орон сууц бартерийн гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгий 20 гудамж, 000 тоот хаягт байршилтай, Г-00000000 дугаартай, 549 м.кв талбайтай өмчлөлийн газар, Ү-22040118907 дугаартай, 72 м.кв талбайтай хувийн сууцны төлбөрт А блок, 2 дугаар орц, 3 дугаар давхар, 000 тоот хаягт байршилтай, 65,63 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн төслийн барилгаас 6 давхрын урагшаа харсан цонхтой, 53,92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тооцож шилжүүлэхээр тохиролцсон.

 

1.2 М.Я, З.О нар газар болон хувийн сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн. Т ХХК А блок, 2 дугаар орц, 3 дугаар давхар, 000 тоот хаягт байрлах 65,63 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шилжүүлэн өгсөн.

 

1.3 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 6 давхрын урагшаа харсан цонхтой, 53,92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хүлээж авахаар очиход Т ХХК-ийн менежер н.Мөнх-Эрдэнэ ...3 дугаар давхрын 000 тоот орон сууц хуваарилагдсан гэж хэлсний дагуу орж үзэхэд зүүн тийш харсан цонхтой 53,20 м.кв талбайтай орон сууц байсан тул гэрээгээр тохиролцсон 6 давхрын урагшаа харсан цонхтой, 53,92 м.кв талбайтай орон сууцыг авахыг хүссэн. Т ХХК-ийн хуулийн зөвлөх 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ...000 тоот орон сууцыг худалдсан. Орон сууц байхгүй. 96,048,000 төгрөгийг өгнө гэж мэдэгдсэн.

Иймд гэрээний үүрэгт Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 95 дугаар байр, 3 дугаар давхар, 000 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

1.4 Гэрээний 2.1.3-т ... гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги захиалагч талд төлнө гэж заасан. Гүйцэтгэгч орон сууцыг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөх байтал 1 жил өнгөрсөн. Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосныг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоногоос 60 хоногийн алдангийг хасаж, өдрийн алданги 96,048 төгрөгөөр тооцож 29,294,640 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Т ХХК нь М.Я, З.О нартай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орон сууцны бартерын гэрээ-г байгуулсан. Гэрээний дагуу Поларис апартмент хотхоны А блок 2 дугаар орц, 3 дугаар давхар, 000 тоот хаягт байрлах, 65,63 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг шилжүүлэн өгсөн.

 

2.2 Төслийн барилга нь Ковид-19 цар тахлын улмаас гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй. Д.Мягмар 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Т ХХК-д ирж ... А блокын 6 давхрын урагшаа харсан цонхтой 53,92 м.кв орон сууц олгох-ыг хүссэн. Түүнд 2022 оны 02 дугаар улиралд ашиглалтад орох Б блокын 41,48 м.кв орон сууцыг олгож, зөрүү төлбөрийг олгох санал гаргасан. Газрын өмчлөх эрх Г.Гантулгын нэр дээр шилжсэн. Үүнээс үзэхэд Т ХХК нь М.Я, З.О нарт Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 95 дугаар байр, 3 дугаар давхар, 000 тоот хаягт байрлах, 53,20 м.кв талбайтай 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх болон алданги 29,294,630 төгрөг төлөх үүрэгтэй нь тогтоогдохгүй байна гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Нямсүрэнгийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Г.Нямсүрэн Т ХХК-аас Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 95 дугаар байр, 3 дугаар давхарт байрлах, 53,36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдаж авсан. Мөнгөний хэрэгцээ гарсан тул орон сууцыг бусдад худалдсан гэжээ.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Энхцэцэгийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Миний бие 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Г.Нямсүрэнтэй орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 95 дугаар байрны 000 тоот хаягт байрлах орон сууцыг худалдаж авсан тул орон сууцны хууль ёсны өмчлөгч гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан М.Я, З.О нарыг нэхэмжлэлтэй Т ХХК-д холбогдох Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд баригдсан 95 дугаар байрны 3 давхар, 000 тоот 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 53,20 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алданги 29,294,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 784,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

6. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын агуулга:

6.1 Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байхад арилжааны гэрээ гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлаагүй. Гэрээний заалт хэрэгжих ёстой бөгөөд нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсний дагуу газар дээр барилга баригдсан байхад хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй.

 

6.2 Талууд шүүх хуралдаанд Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан гэрээг тайлбарлах зохицуулалтыг тайлбарлан мэтгэлцсэн боловч шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

 

6.3 Нэхэмжлэгч нарын шаардах эрх гуравдагч этгээдээс өмнө үүссэн тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах ёстой. Шүүх хариуцагч нэхэмжлэгчийн орон сууцтай болох эрхийг зөрчсөн үйлдлийг зөвтгөсөн дүгнэлт хийсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тоот байрыг өгөхийг барилга ашиглалтад орсны дараа санал болгосон үйл баримттай хариуцагч маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд 000 тоот гэж тусгаагүй. Т ХХК нэхэмжлэгч нарт орон сууц ашиглалтад ороход 000 тоот орон сууцыг санал болгосон. Гэвч Д.Мягмар тухайн орон сууцыг авахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл, ... 6 давхарт орон сууц авна. 3 давхарт авахгүй гэсэн талаар баримт хэрэгт авагдсан. Хариуцагч гэрээний үүргээ зөрчөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч М.Я, З.О нар хариуцагч Т ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 95 дугаар байр, 3 давхар, 000 тоот хаягт байрлах 53,36 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах, алданги 29,294,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар хариуцагчийн тайлбарыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын агууллагыг хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбартай харьцуулан дүгнэлт хийж чадаагүй байна. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

5. Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орон сууцны бартерийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр М.Я, З.О нар нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгий 20 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, 549 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Т ХХК-д тус тус шилжүүлэх, Т ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороонд баригдах Поларис апартмент-1 хотхоны А блок, 2 дугаар орц, 3 дугаар давхар, 000 тоот хаягт байрлах, 65,63 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, мөн төслийн барилгаас 53,36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг М.Я, З.О нарт шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /1хх 22-28/

 

6. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн, гэрээ гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв.

 

6.1 Өөрөөр хэлбэл, мөн зүйлд зааснаар арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгч нар нь гэрээнд заасан өөрийн өмчлөлийн газар болон хувийн сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь хариу төлбөрт Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороонд баригдах Поларис апартмент-1 хотхоны А блок, 2 дугаар орц, 3 дугаар давхар, 000 тоот хаягт байрлах, 65,63 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, мөн төслийн барилгаас 53,36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна. Арилжааны гэрээний төлбөр хөрөнгөөр илэрхийлэгддэг. Талууд гэрээндээ харилцан хөрөнгө шилжүүлэхээр тохиролцсон нь арилжааны гэрээний шинжийг агуулж байна.

 

7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь мөн зүйлд заасан шинжийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч хөлс төлөх нь ажил гүйцэтгэх гэрээний гол шинж болдог. Гэтэл гэрээний 1.3-т нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэг бүрчлэн үнэлж, улмаар уг үнэлгээнд тохирсон орон сууцыг хариуцагч нь гэрээний хариу төлбөрт тооцон нэхэмжлэгч нарт шилжүүлэхээр тохиролцсон нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй байна. Иймд нэхэмжлэгч нарын ...талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8. Нэхэмжлэгч нар нь гэрээний дагуу газар болон хувийн сууцны өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь хариу төлбөрт гэрээний 1.3-т заасан 65,63 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй. Харин гэрээний хариу төлбөрийн үлдэх үүрэг болох 53,36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагчаас нэхэмжлэгч нарт шилжүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

9. Нэхэмжлэлд 000 тоот хаягт байршилтай орон сууцыг шилжүүлэх-ээр заасан боловч шаардлагын үндэслэл нь хариуцагч гэрээнд заасан орон сууцыг нэхэмжлэгч нарт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буюу гэрээний үүргийн биелэлтийг шаардсан агууллагатай байна. Өөрөөр хэлбэл, гэрээний 1.3-т төслийн барилгын 53,36 м.кв талбайтай, 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууц-ыг гэрээний төлбөрт тооцон хариуцагчаас нэхэмжлэгч нарт шилжүүлэхээр заасан, уг үүргийг нэхэмжлэгч нар нь хариуцагчаас шаардсан гэж үзэхээр байна. /2хх-70/

9.1 Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь гэрээний 1.3-т заасан 53,36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар тухайн орон сууцыг хариуцагчаас шаардах эрхтэй. Анхан шатны шүүх ... гэрээний 1.3-д ...95 дугаар байрны 3 давхар, 000 тоот 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 53.20 м.кв 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцсон байна гэж үзэх боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

 

10. Талууд гэрээний 2.1.3-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги захиалагч талд төлнө. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг барилгын ажлын явцын дагуу тодорхойлно гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

 

10.1 Гэрээний 2.1.2-т хариуцагч нь орон сууцыг 2021 оны 01 дүгээр улиралд барж ашиглалтад оруулахаар заасан. Нэхэмжлэгч Д.Мягмар нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 3 давхрын 000 тоот, зүүн харсан цонхтой 53,20 м.кв талбайтай орон сууцыг хүлээн авахаас татгалзсан байна. /1 хх 63/ Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нар нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги 29,294,640 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоос нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах хэсэг үндэслэлгүй байна.

 

11. Шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Нямсүрэнгийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээргүй байна. Учир нь, хэрэгт Т ХХК болон Б.Нямсүрэн нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан гэх Орон сууц захиалгаар бариулах гэрээ авагдсан. Гэрээнд Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 95 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай орон сууцыг хариуцагч нь Г.Нямсүрэнд худалдсан талаар, мөн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр С.Энхцэцэгийн өмчлөлд шилжсэн талаар тус тус заасан байна. /1хх 102, 220/ Тухайн гэрээний зүйл нь энэхүү маргаанд хамааралгүй байна.

 

12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нарт Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 95 дугаар байрнаас 53,36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2023/02623 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Я, З.О нарт Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо,15 дугаар хороолол /13341/, 95 дугаар байрнаас 53,36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч Т ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 29,294,640 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 7.1 дэх хэсэгт гэснийг 7.1.1-д гэж, үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагчаас 638,190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 784,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

М.БАЯСГАЛАН