Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2022/03047

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хаягт оршин суугч, Д.М-,

 

Нэхэмжлэгч: хаягт оршин суугч, Ц.З-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт байрлах Т ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага:  дүүргийн 22 дугаар хороонд баригдсан 95 дугаар байрны 3 давхар 301 тоот 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 53,20 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алданги 29,294,640 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Т.Батсүмбэр-Уул,

Хариуцагчийн төлөөлөгч П.Нэргүй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Н, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис нар шүүх хуралдаанд оролцохгүй хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М-, Ц.З- нар хариуцагч Т ХХК-нд холбогдуулан  дүүргийн 22 дугаар хороонд баригдсан 95 дугаар байрны 3 давхар 301 тоот 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 53,20 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алданги 29,294,640 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Д.М-, Ц.З- нар шүүхэд болон төлөөлөгч Т.Батсүмбэр-Уул шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Т ХХК-тай Орон сууц бартерийн гэрээ байгуулж,  дүүргийн 22 дугаар хороо, Өлгий 20 гудамж, 271 тоот хаягт байршилтай Г- дугаартай 549 м.кв өмчлөлийн газар, Ү- дугаартай 72 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт А блок, 2 орц, 3 давхар, 305 тоот 65,63 м.кв 3 өрөө байр, мөн эзэмшлийн газар дээр Т компанийн барих Төслийн барилгаас 6 давхрын урагшаа харсан цонхтой 53,92 м.кв 2 өрөө орон сууцыг тооцож авахаар тохиролцож газрын өмчлөх эрх, үл хөдлөх эд хөрөнгийн эрхээ шилжүүлсэн. Гэрээний 1.2-т Захиалагч тал нь  дүүргийн 22 дугаар хороо, Өлгий 20 гудамж 271 тоот газар, үл хөдлөхийг шилжүүлж өгснөөр гүйцэтгэгч нь гэрээний зүйл болох 1.3-д заасан үл хөдлөх хөрөнгийг талуудын тохиролцоонд үндэслэн өмчлөлд шилжүүлнэ, 1.3-д Захиалагч тал нь дараахь орон сууцыг захиалсан болно. Төслийн барилгаас 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 53.36 м.кв 2 өрөө орон сууц гэж, 2.1.2-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан орон сууцыг 2021 оны 1 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулна, 2.2.2-т БЗД 22 дугаар хороонд баригдах төслийн барилгаас өгөх 53,36 м.кв байрыг 2021 оны 1 дүгээр улиралд өгөхөөр тохиролцов, 2.1.3-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1-тэй тэнцэх хэмжээний алдангийг захиалагч талд төлнө гэж заасан. Бидний зүгээс гэрээнд заасан хугацаанд газар болон хувийн сууцны өмчлөх эрхийг Т ХХК-д шилжүүлж, улмаар 1 дэх нөхцөл болох А блок, 2 орц, 3 давхар, 305 тоот 65,63 м.кв 3 өрөө байрыг тохиролцсоны дагуу 2019 оны 11 сардаа багтаан хүлээж авсан. Манай газар дээр баригдах 2 өрөө байрыг ашиглалтанд орохыг хүлээсэн. Байр ашиглалтад ороод айлуудаа оруулж байхаар нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээнд заасны дагуу 6 давхрын урагшаа харсан цонхтой 53,92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хүлээж авахаар очиход тус компанийн төслийн менежер Мөнх-Эрдэнэ нь танд 3 давхрын 301 тоотыг хуваарилсан байна гэж хэлсэн. Орж үзэхэд зүүн тийш харсан цонхтой 53,20 м.кв байр байсан тул анхны тохиролцооны дагуу 6 давхрын урагшаа харсан цонхтой, 53,92 м.кв талбайтай байраа авахыг хүссэн. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр уулзахад хуулийн зөвлөх Нэргүй нь 301 тоот байр байхгүй мөнгөний хэрэгцээ гараад зарсан, хуваарилсан байр авахгүй бол өөр байр байхгүй, гэрээнд заагдсан 96,000,000 төгрөгийг өгнө гэх мэтээр хэлж удаа дараагийн уулзалтаар зөвшилцөлд хүрч чадаагүй. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12 тооттай Орон сууц бартерийн гэрээний үүрэгт  дүүргийн 22 дугаар хороонд баригдсан орон сууцны барилгын 3 давхар, 301 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээнд заасан байрыг шилжүүлэн өгөх 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш бүтэн 1 жил өнгөрсөн байна. Хатуу хөл хорио болон Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг тооцож үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн хоногоос 60 хоногийг хасч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувь буюу 96,048 төгрөгөөр тооцоход 29,294,640 төгрөгийг нэхэмжлэхээр байна. Иймд Т ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12 тооттай Орон сууц бартерийн гэрээний үүрэгт  дүүргийн 22 дугаар хороонд баригдсан 95 дугаар байрны 3 давхар, 301 тоот 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги 29,294,640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

          

2.Хариуцагч Т ХХК шүүхэд болон төлөөлөгч П.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 12 тоот Орон сууцны бартерын гэрээг Д.М-, Ц.З- нартай Т ХХК байгуулсан. Тус гэрээгээр газрын бартерт орон сууц өгөхөөр харилцан тохиролцож үүргээ гүйцэтгэж Поларис апартмент А блок 2 дугаар орц 3 давхар 305 тоот 65,63 мкв 3 өрөө орон сууцыг 131,260,000 төгрөгт тооцон олгосон. Тус гэрээ байгуулагдсанаас хойш  эзэмшилдээ байлгаж, ашиглаж өмчлөх эрхийн гэрчилгээгээ хүртэл гаргуулан авсан. Төслийн барилгын 53,36 м.кв 2 өрөө орон сууцыг 96,048,000 төгрөгт тооцон олгохоор харилцан тохиролцсон. Төсөл нь А болон Б блокоос бүрдэх 2 хос барилга тул бид тус төслийн барилгаас 53,36 м.кв байр өгнө гэж тохиролцсон. Тус төсөл нь Ковид-19 халдвартай холбоотой цар тахлаас үүдэн ашиглалтанд орох хугацаа нь хойшлогдсон. Д.М- нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус компани дээр ирж А блокын 6 давхрын урагшаа харсан цонхтой 53,92 мкв байрнаас олгохыг хүссэн. Тус хүсэлтийг хүлээн авч 2022 оны 02 дугаар улиралд ашиглалтанд орох Б блокын 41,48 м.кв байрыг санал болгож зөрүү төлбөрийг нь олгох саналтай байгаа талаараа мэдэгдсэн. Хэргийн материалыг судлаж үзээд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас ирсэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн орон сууцны бартерийн гэрээ гэж үндсэн арилжааны гэрээний нэмэлт гэрээ буюу тухайн арилжаанд авсан газрын төлбөрт баталгаа болгож хийж өгсөн гэрээ байна. Тус гэрээгээр худалдан авагч Г.Гантулга, худалдагч Ц.З-, Д.М- гэсэн гэрээ байна. Нотариатаар батлуулаад үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар шилжүүлэх хөдөлгөөн хийгдэж иргэн Г.Гантулгын нэр дээр шилжиж ирсэн байгаа. Үүнээс харахад хариуцагч нь нэхэмжлэгч нарт 3 давхар 301 тоот 98,0480,000 төгрөгийн үнэлгээ бүхий 53.36 м.кв 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгтэй эсэх, мөн гэрээний үүрэгт хугацаа хэтрүүлсний алданги болох 29,294,630 төгрөг өгөх үүрэгтэй эсэх нь тогтоогдохгүй байна. Тус 95 дугаар байр нь иргэн Г.Гантулгын захиалгаар баригдсан бөгөөд хамтран ажиллах гэрээтэй гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Н шүүхэд гаргасан тайлбартаа:  дүүргийн 22 дугаар хороонд баригдсан орон сууцны барилгын 3 давхарт 53,36 м.кв 2 өрөө  байрыг Т ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2022 оны 7 сард худалдан авсан. Гэвч яаралтай мөнгөний хэрэгцээ гарч уг орон сууцанд орж амжилгүй худалдсан гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Орон сууцны бартерийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12 тоот гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000489870,  000393353 дугаар гэрчилгээ, гэрэл зураг зэргийг, хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, Д.М-ын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлт, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000393353 тоот гэрчилгээ, Кадастрын зураг, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, Орон сууц захиалгаар бариулах 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20/106 тоот гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000489870 тоот гэрчилгээ зэргийг, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Нгээс хариу тайлбарыг ирүүлсэн, хариуцагчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Эрхийн улсын бүртгэлийн Г- дугаартай газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

5.Нэхэмжлэгч Д.М-, Ц.З- нар нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан  дүүргийн 22 дугаар хороонд баригдсан орон сууцны барилгын 3 давхар 301 тоот 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 53,36 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алданги 29,294,640 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  дүүргийн 22 дугаар хороонд баригдсан 95 дугаар байрны 3 давхар 301 тоот 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 53,20 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алданги 29,294,640 төгрөг гаргуулахаар өөрчилж, нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Захиалагч нь орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд өмчлөлд шилжүүлж өгөхийг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй. Гүйцэтгэгч нь гэрээнд заасан орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохирсон гэж маргажээ.  

 

6.Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Захиалагч нар нь 301 тоот байрыг авахгүй, А блокын 6 давхрын урагшаа харсан цонхтой 53,92 мкв байрнаас олгохыг хүссэн тул гуравдагч этгээдэд худалдсан. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн орон сууцны бартерийн гэрээ гэх үндсэн арилжааны гэрээг Г.Гантулга гэж хүнтэй хийсэн байна. Г.Гантулгын захиалгаар уг орон сууцыг барьж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага манай компанид хамаагүй байна гэж маргажээ.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Орон сууцны бартерийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12 тоот гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000489870,  000393353 дугаар гэрчилгээ, гэрэл зураг, Д.М-ын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлт, Кадастрын зураг, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, Орон сууц захиалгаар бариулах 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20/106 тоот гэрээ зэрэг нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

8.Зохигчдын хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орон сууц бартерийн гэрээ байгуулагдаж, захиалагч нь  дүүргийн 22 дугаар хороо, Өлгий 20 гудамж, 271 тоот хаягт байршилтай Г- дугаар 549 м.кв өмчлөлийн газар, Ү- дугаар 72 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгснөөр гүйцэтгэгч нь гэрээний 1.3-д Захиалагч тал нь дараахь орон сууцыг захиалсан болно. Үүнд: А блок 2-р орц 3 давхар 305 тоот 65,63 м.кв 3 өрөө 131,260,000 төгрөгийн үнэтэй, Төслийн барилгаас өгөх 53,36 м.кв 2 өрөө 96,048,000 төгрөгийн үнэтэй байрыг 2021 оны 1 дүгээр улиралд  ашиглалтанд өгөхөөр тохиролцож, захиалагч нь газрын өмчлөх эрх, үл хөдлөх эд хөрөнгийн эрхээ шилжүүлжээ. /хавтаст хэргийн 22-28 дахь тал/

9.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

10.Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд болон 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууц бартерийн гэрээний үүрэгт А блок 2-р орц 3 давхар 305 тоот 65,63 м.кв 3 өрөө 131,260,000 төгрөгийн үнэтэй, 3 өрөө  орон сууцыг захиалагчийн  өмчлөлд шилжүүлсэн тухайд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нар нь гэрээний зүйлийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар хүлээн авч байсан гэж үзнэ.

11.Харин хариуцагч Т ХХК нь Төслийн барилгаас өгөх 53,36 м.кв талбайтай 96,048,000 төгрөгийн үнэтэй 2 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөөгүйгээс маргаан үүссэн байх ба нэхэмжлэгч нар нь  дүүргийн 22 дугаар хороонд баригдсан орон сууцны барилгын 3 давхар 301 тоот 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 53,36 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон гэж мэтгэлцэж байна.

12.Хариуцагч Т ХХК-иас шүүхэд нотлох баримтаар өгсөн иргэн Д.М-ын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн  хүсэлтэд “22 дугаар хорооны иргэн Д.М- нь тус компанид өөрийн эзэмшлийн газраа бартерийн гэрээ хийж Плорисс 57а байранд 3 өрөө 65,63 м.кв 3 давхар 305 тоот, Газар дээрээ баригдсан 95 дугаар байрнаас 6 давхарт урагшаа харсан цонхтой 53,92 м.кв 2 өрөө байрыг авахаар гэрээ хийгдсэн билээ. Гэтэл байраа хүлээн авахаар ирэхэд 53,20 м.кв 3 давхарт зүүн тийшээ харсан цонхтой 301 тоотыг хуваарилсан байсан тул анхны гэрээ хэлэлцээрийн дагуу 6 давхарт урагшаа харсан цонхтой 53,92 м.кв 2 өрөө байрыг олгож өгнө үү” гэжээ. /хавтаст хэргийн 63 дахь тал/

13.Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн одоо шаардаж буй  дүүргийн 22 дугаар хороонд баригдсан орон сууцны барилгын 3 давхар 301 тоот 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 53,36 м.кв 2 өрөө орон сууцыг захиалагч Д.М-т хуваарилсан үйл баримт тогтоогдож байна.

14.Харин нэхэмжлэгч нар 6 давхарт урагшаа харсан цонхтой 53,92 м.кв 2 өрөө байрыг олгох хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан байхад хариуцагч Т ХХК нь  3 давхарт 301 тоот орон сууцыг 2022 оны 01 сарын 31-ний өдөр Г.Нтэй орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж шилжүүлсэн байсан нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэх зохицуулалттай нийцээгүй гэж үзнэ. /хавтаст хэргийн 140-142 дахь тал/

15.Талууд гэрээнд төслийн барилгаас өгөх 53,36 м.кв 2 өрөө 96,048,000 төгрөгийн үнэтэй байрыг шилжүүлнэ гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байна.

 

16.Хариуцагч Т ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн орон сууцны бартерийн гэрээ гэх үндсэн арилжааны гэрээг Д.М-, Ц.З- нар иргэн Г.Гантулгатай байгуулсан байх ба манай компани Г.Гантулгын захиалгаар уг орон сууцыг барьж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага манай компанид хамааралгүй гэж маргасан.

 

17.Нэхэмжлэгч тал Орон сууцны бартерийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12 тоот гэрээг гүйцэтгэгч Т ХХК-тай байгуулсан. Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд Т ХХК- регистрийн дугаар, захирал Г.Гантулга 2018.12.19-ний өдөр бүртгэгдсэн  байна гэж мэтгэлцэв. /хавтаст хэргийн 38-39, 50 дахь тал/

18.Хариуцагч нь  дүүргийн 22 дугаар хороонд баригдсан орон сууцны барилгын 3 давхар 301 тоот 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 53,36 м.кв 2 өрөө орон сууцыг захиалагчид хуваарилсан байх бөгөөд гэрээний дагуу орон сууцыг шилжүүлэн өгөх үүрэгтэй тул хариуцагч Т ХХК-д холбогдох  дүүргийн 22 дугаар хороонд баригдсан 95 дугаар байрны 3 давхар 301 тоот 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 53,20 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэгч Д.М-, Ц.З- нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

19.Нэхэмжлэгч Д.М-, Ц.З- нар нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан  гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алданги 29,294,640 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

20.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зохицуулжээ.

21.Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууц бартерийн гэрээний 2.1.3-т “Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги захиалагч талд төлнө” гэж, мөн гэрээний 2.1.2-т “Гүйцэтгэгч нь гэрээнд заасан орон сууцыг 2021 оны 1 дүгээр улиралд  ашиглалтанд өгнө” гэж тохиролцсон байна.

22.Хариуцагч Т ХХК нь орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй  байх тул нэхэмжлэгч  талын  гаргасан Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг тооцож үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн хоногоос 60 хоногийг хасч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувь буюу 96,048 төгрөгөөр тооцоход 29,294,640 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

23.Нэхэмжлэгч Д.М-, Ц.З- нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 784,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 784,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.М-, Ц.З- нарт  олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар 343.1, 343.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-д  дүүргийн 22 дугаар хороонд баригдсан 95 дугаар байрны 3 давхар 301 тоот 96,048,000 төгрөгийн үнэ бүхий 53,20 м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.М-, Ц.З- нарын өмчлөлд шилжүүлэхийг даалгаж, хариуцагч Т ХХК-иас алданги 29,294,640 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.М-, Ц.З- нарт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М-, Ц.З- нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 784,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 784,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.М-, Ц.З- нарт  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШЗ2022/06452 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ