Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2024/00028

 

                                                          Д.Д-ын нэхэмжлэлтэй иргэний

                                                                                     хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 135/ШШ2023/01227 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 209/МА2023/00093 дугаар магадлалтай

Д.Дын нэхэмжлэлтэй

 Дархан-Уул аймгийн НДХ-т холбогдох

 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дутуу олгосон тэтгэврийн зөрүү 700,000 төгрөгөөр тэтгэврээ нэмэгдүүлэх, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүүг ЦЭСБ аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн дагуу 2,221,232 төгрөг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч Д.Дын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, өмгөөлөгч Ц.Д /3182/, хариуцагчийн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Д.Д нь Дархан-Уул аймгийн НДХ-т холбогдуулан 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дутуу олгосон тэтгэврийн зөрүү 700,000 төгрөгөөр тэтгэврээ нэмэгдүүлэх, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүүг ЦЭСБ аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн дагуу 2,221,232 төгрөг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 135/ШШ2023/01227 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3, 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дутуу олгосон тэтгэврийн зөрүү 700,000 төгрөгөөр тэтгэврээ нэмэгдүүлэх, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүүг ЦЭСБ аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн дагуу 2,221,232 төгрөг нөхөн гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,720 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 209/МА2023/00093 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 135/ШШ2023/01227 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 71,840 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 4. Нэхэмжлэгч Д.Д нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.Д би 2023.08.23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодруулж 2023.07.01-ний өдрөөс дутуу олгосон тэтгэврийн зөрүү 700,000 төгрөгөөр тэтгэврээ нэмэгдүүлэх, 2015.02.01-ний өдрөөс 2020.12.31-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүүг ЦЭСБ аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн дагуу 2,221,232 төгрөг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Гэтэл Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч миний ЦЭСБ аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн дагуу гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тэтгэврийн зөрүүг авах эрх, хууль ёсны эрх ашиг хохирч байгаа тул хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл болгов.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлтийн хэсэгт ... нэхэмжлэгч Д.Д нь 2017.02.01-ний өдөр 39 жил 22 өдрөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд 20 жилээс илүү ажилласан жил болох 19 жил тутамд дээрх хуулийн дагуу жил тутамд 1,5 хувиар, сар тутамд 0,125 хувиар нэмэгдэл нь тооцож олгогдсон болох нь хариуцагчийн тайлбар, тэтгэврийн хувийн хэрэг, итгэлцүүрээр өсгөсөн тэтгэврийн тооцооллын хувийн хэрэг болон тэтгэврийн программтай тулган шалгасан тухай баримт зэргээр тогтоогдож байна. Тодруулбал нэхэмжлэгч Д.Д-ын 2004.06.01-ний өдрөөс хойш Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний сангаас тахир дутуугийн тэтгэвэр авч байсан 12 жил 8 сар нь нийт ажилласан хугацаанд багтаж нэмж тооцогдсон бөгөөд дээрх 1,5 хувийн нэмэгдэл орсон нийт хугацаанд багтсан байх тул дээрх хуулийн дагуу тахир дутуугийн тэтгэврийн 1 хувийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, энэ нь Монгол улсын Дээд шүүхийн хуулийн зүйл заалтыг тайлбарласан тогтоолтой нийцсэн байна гэжээ.

Монгол улсын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т Тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас 12 сар тутамд 1,5 хувиар бодож нэмэгдүүлэн тогтооно гэсэн хуулийн заалтыг анхаарч үзэлгүй анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн заалт, тайлбарыг үндэслэл болгож, миний эрх зүйн байдлыг дордуулж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Д би Засгийн газрын тогтоолын дагуу өндөр насны тэтгэврийг тухай бүр өөрчлөлт оруулан бодож байсан эсэх талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шинжээчээр ЦЭСБ аудит ХХК-ийг томилж, 2023.06.26-ны өдрийн Хараат бус аудиторын дүгнэлт-ийг гаргасан Шинжээчийн дүгнэлтийн 3.1 хэсэгт ... 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь Тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас 12 сар тутамд 1,5 хувиар бодож нэмэгдүүлэн тогтооно гэсэн заалтыг хэрэгжүүлэн ажиллаагүй байна ... тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон боловч давхар ажилласан хугацаанд 12 сар тутамд нэмэгдүүлэн олгоогүй 1,5 хувиар нэмэгдлийг тооцож 62,436 төгрөгийг олгох нь зүйтэй гэж үзэв гэсэн дүгнэлтийг хэрхэн няцааж үгүйсгэсэн талаар шийдвэрт тусгасан нь тодорхойгүй байхад давж заалдах шатны шүүх ...шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүйг буруутгах үндэслэл болохгүй байна гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрвээ шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн биш эсхүл үндэслэлгүй, эргэлзээтэй гарсан гэж шүүх үзвэл санаачилгаараа нэмэлт болон дахин шинжээч томилох эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсгүүдэд заасныг зөрчиж хэргийг эцэслэн шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд хяналтын журмаар гомдол гаргаж байгааг хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсэж байна гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024.01.18-ны өдрийн 001/ШХТ2024/00093 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.2-д заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч Д.Дын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

                                                                                     ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Д.Д нь Дархан-Уул аймгийн НДХ-тхолбогдуулан сар бүр авах өндөр насны тэтгэврийн хэмжээг 2023.07.01-ний өдрөөс эхлэн 700,000 төгрөгөөр нэмэгдүүлэх, 2015.02.01-2020.12.31-ний өдөр хүртэлх хугацаанд дутуу олгосон тэтгэврийн зөрүү 2,221,232 төгрөгийг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тэрээр шаардлагын үндэслэлээ ... 2003.05.01-ний өдөр хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж мэргэжлээс шалтгаалах өвчнөөр тэтгэврээ тогтоолгосноос хойш Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу тэтгэврийг нэмж байгаагүй, энэ нэмэгдлийн зөрүүг шинжээчийн дүгнэлтээр 2,221,232 төгрөг (1,710,908+441,048+62,436+1368+6840) гэж тогтоосон. ... Нийгмийн даатгалын газар Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн заалтуудыг зөв хэрэглэн, Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу тэтгэврийг тухай бүр нэмж, анх тэтгэвэр тогтоолгох үеийн цалингийн дунджийг тодорхойлох 5 жилийг зөв сонгосон бол миний тэтгэвэр 700,000 төгрөгөөр нэмэгдсэн байх байсан. гэж тайлбарласан.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ... Д.Д-ын тэтгэвэр нь 2003 онд тогтоолгосон хуучин тэтгэвэр учраас 2014.01.18-ны өдрийн 15 дугаар тогтоолд заасан итгэлцүүрээр өсгөн тооцох үндэсгүй, харин 22,000 төгрөгөөр өсгөн тооцно ... Засгийн газрын 2015 оны 52-р тогтоолд заасан итгэлцүүрээр Д.Д-ын дундаж цалинг өсгөн тооцож бодоход өмнөх тэтгэврээс буурсан тул 22,000 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгосон. ... иймд итгэлцүүрээр нэмж байгаагүйгээс учирсан хохирол 1,710,908 төгрөгийг зөвшөөрөхгүй. ... Монгол улсын Дээд шүүхийн 2008.11.25-ны өдрийн 47 дугаар тогтоолын дагуу Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлж, мөн зүйлийн 2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон, хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар нэмэгдэл авч буй даатгуулагчид тахир дутуугийн тэтгэврийн 1 хувийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй гэж заасан тул 1 хувийн нэмэгдэл олгохгүй. Иймд энэ тухай 441,048 төгрөгийг зөвшөөрөхгүй, ... Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2006.04.06-ны өдрийн тушаалаар баталсан Тэтгэвэр тогтоолгосон боловч 1995 оноос хойш ажил хөдөлмөр эрхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийг өөрчлөн тогтоох журам-ын 3 дахь хэсэгт Тэтгэврээ өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан иргэдийн тэтгэврийн хэмжээг анх тэтгэвэр тогтоолгосон цалин хөлснөөс 1.5 хувиар нэмэгдүүлэн тооцох замаар өөрчлөн тогтооно гэсэн боловч уг аргачлалын 8 дахь хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн хуулийн дагуу шимтгэл төлсөн хугацаа харгалзахгүйгээр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэн хамаарахгүй гэж заасан тул 2006.01.01-2016.08.31-ний өдрийн хугацааны нэмэгдэл гэх 62,436 төгрөгийг олгох үндэсгүй. гэж мэтгэлцсэн байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба үндэслэлээ ... Д.Дын тэтгэврийг Засгийн газрын холбогдох тогтоолуудад заасан итгэлцүүрээр өсгөлгүй тухай бүр 22,000 төгрөгөөр нэмж байсан нь тогтоолд нийцсэн. ... Д.Д нь 2017.02.01-ний өдөр нийт 39 жилээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т заасны дагуу 20 жилээс илүү төлсөн 19 жил тутамд 1.5 хувиар тооцож нэмэгдэл олгогдсон байна. Иймд тахир дутуугийн тэтгэврийн 1 хувийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй гэсэн заалтын дагуу нэмж олгох үндэслэлгүй гэж дүгнэсэн.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, ...нэхэмжлэгч Д.Дын тэтгэврийг Засгийн газрын тухай бүр гарч байсан тогтоолтой уялдуулан нэмж байсан нь тогтоогдож байх тул Засгийн газрын 2015.02.09-ний өдрийн 52 дугаар тогтоолын дагуу тэтгэврийг итгэлцүүрээр 715 дахин өсгөж 1,400,000 төгрөг болох байсны зөрүү 700,000 төгрөгөөр тэтгэврээ нэмэгдүүлэхээр гаргасан шаардлагыг хангах үндэслэлгүй. ... 2017.02.01-ний өдөр 39 жил 22 өдрөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд 20 жилээс илүү ажилласан жил болох 19 жил тутамд дээрх хуулийн дагуу 1,5 хувиар, сар тутамд 0,125 хувиар нэмэгдэл нь тооцож олгогдсон болох нь хариуцагчийн тайлбар, тэтгэврийн хувийн хэрэг, итгэлцүүрээр өсгөсөн тэтгэврийн тооцооллыг хувийн хэрэг болон тэтгэврийн программтай тулган шалгасан тухай баримт зэргээр тогтоогдож байна. гэж дүгнэжээ.

11. Нэхэмжлэгч түүний шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хоёр шатны шүүх нийгмийн даатгалын хууль тогтоомж, тэдгээрийг үндэслэн гаргасан төрийн захиргааны байгууллагын аргачлал тогтоосон эрхийн актуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндсэн агуулгаар мэтгэлцэж байна. Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хяналтын журмаар хэлэлцэхээр хүлээн авсны үндсэн дээр маргааны зүйл, холбогдох харилцааг зохицуулсан нийтийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх, тайлбарлах талаар шүүхийн харьяаллын асуудлаар дараах дүгнэлтийг гаргалаа.

12. Зохигч хэрэгт ач холбогдол бүхий зарим үйл баримтын талаар маргаагүй бөгөөд хоёр шатны шүүхээс эдгээр асуудлаар адил дүгнэлт хийжээ. Тухайлбал, нэхэмжлэгч Д.Д нь мэргэжлээс шалтгаалах өвчний учир 2003.05.01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, 1 жилийн хугацаагаар тогтоолгож, 2017.02.01-ний өдрийг хүртэл хугацаа сунган хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан, улмаар энэ өдрөөс өндөр насны тэтгэврийг 39 жил 22 өдөр ажилласнаар тооцуулан тогтоолгосон үйл баримтын талаар талууд тус тус маргаагүй.

13. Нэхэмжлэгч хэдийгээр мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шаардлагын үндэслэл нь нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, түүний үндсэн дээр гаргасан захиргааны хэм хэмжээний хэрэглээ, тэдгээрийн нийцэл, уялдаа холбооны асуудал нь маргааны зүйл болжээ.

Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх болон мөн үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэний тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээтэй дүйцүүлэн тооцно. гэж, 30 дугаар зүйлд Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх итгэлцүүрийг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно. гэж тус тус заасны дагуу 1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг бодох, дүйцүүлэн тооцох асуудлаар Засгийн газар холбогдох онуудад итгэлцүүр тогтоон журамлаж байжээ.

Улмаар нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолоор баталсан журмыг хэрхэн хэрэглэх талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга тухайн жилүүдэд аргачлал баталсан тушаал гаргаж, эдгээр эрхийн актын хүрээнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авч буй иргэдийн тэтгэврийг нэмэх бодит хэмжээг тодорхойлон шийдвэрийн хэрэгжилтийг хангаж байсан.

14. Зохигч эдгээр хэм хэмжээ, эрх зүйн актын дагуу түүний тэтгэврийг нэмээгүй, зарим нэмэгдлийг буруу тооцсон, өндөр насны тэтгэвэр тогтоох зорилгоор ажиллаж байсан 5 жилийн хугацааг сонгохдоо хууль зөрчсөн зэрэг үндэслэлээр маргаж байгаа нь итгэлцүүр тогтоосон Засгийн газрын эдгээр тогтоол, түүнд үндэслэн Нийгмийн даатгалын газрын даргын тушаалаар баталсан аргачлалын холбогдох заалтууд нийгмийн даатгалын хууль тогтоомжид нийцсэн эсэх, эрх зүйн хэм хэмжээний эрэмбийг зөрчсөн эсэх талаар шүүхээс дүгнэлт өгөхийг шаардаж байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь түүний тэтгэвэр 2014 оноос өмнө ба хойно тогтоогдсон эсэхээс үл хамааран итгэлцүүрийг түүнд хэрэглэх байсан гэж маргаж байгаа бол хариуцагч уг итгэлцүүрийг түүнд хэрэглэхгүй, учир нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан аргачлалд тэтгэвэр авагчдыг 2014, эсхүл 2015 оноос өмнө ба хойно тогтоолгосон гэж ангилан итгэлцүүрийг хэрэглэх эсэх талаар ялгамжтай заасан гэх агуулгаар хариу маргасан.

Монгол Улсын Засгийн газрын 2014.01.18-ны өдрийн 15 дугаар тогтоолын 2-т Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу иргэдийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хавсралтаар баталсугай. гэж, тус хавсралтаар тэтгэвэр авагчдыг 1990 он ба түүнээс өмнө тэтгэвэр тогтоолгосон гэж ангилан итгэлцүүрийг тогтоосон байна. Улмаар энэ тогтоолыг хэрэгжүүлэхээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны А/18 дугаартай тушаалаар баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтооход баримтлах аргачлал-д тэтгэвэр авагчдыг 2014.02.01-ний өдрөөс өмнө ба хойно тэтгэвэр тогтоолгосон иргэд гэх агуулгаар ангилан ялгамжтай байдлаар нэмэгдүүлэхээр заасан байна. Энэ нөхцөл байдлаас үзвэл төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий этгээдээс гаргасан хэм хэмжээ тогтоосон акт нь дээд эрэмбийн эрхийн актад нийцсэн эсэх, холбогдох харилцааг зохицуулсан нийтийн эрх зүйн хэм хэмжээний харилцан уялдаа, нийцлийн талаар зохих харьяаллын шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

15. Түүнчлэн нэхэмжлэгч 2023.07.01-ний өдрөөс хойших хугацаанд түүний сар бүр авах тэтгэврийн хэмжээг 700,000 төгрөгөөр нэмэгдүүлэн тогтоолгохоор шаардлага гаргасан бөгөөд энэ шаардлагын үндэслэлээ дээр дурдсан нэмэгдлийг тооцоогүй байдал, өндөр насны тэтгэвэр тогтооход суурь болох 5 жилийг 1985-1990 оноор сонгох нь зүйтэй гэх агуулгаар тайлбарласан. Хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрөн маргахдаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр өөрчлөн тогтоохоор зохицуулсан тул 1985-1990 онд хамаарах 5 жилийг сонгох боломжгүй гэжээ.

Зохигчийн хооронд үүссэн энэ маргаан нь нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж буюу нийтийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх, тайлбарлах шүүхийн эрх хэмжээтэй уялдах ба ийнхүү тайлбарлан хэрэглэснээр бий болох эрх зүйн үр дагавар нь дан ганц нэхэмжлэгчийн эрх ашиг төдийгүй түүнтэй адил нөхцөл бүхий бусад этгээдийн нийтлэг эрх ашигт үйлчлэх боломжтой. Иймд Д.Дын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн НДХ-тхолбогдох эрх зүйн маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна.

16. Нэхэмжлэгч Д.Дын хариуцагч Дархан-Уул аймгийн НДХ-тхолбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байх тул Д.Дын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн НДХ-тхолбогдуулан гаргасан иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 135/ШШ2023/01227 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 209/МА2023/00093 дугаар магадлалыг хүчингүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Д нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.12.18-ны өдөр 71,840 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТЧИМЭГ

                                                      ШҮҮГЧИД                               Н.БАТЗОРИГ

                                                                                                          Н.БАЯРМАА

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                          Д.ЦОЛМОН