Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2017/0081

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Б.Чойжилсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, гуравдагч этгээд Э.Очирхүү, Я.Сайнхишиг, гуравдагч этгээд Д.Хишигдалай, Г.Ганцэцэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Солонго нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 933 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Чойжилсүрэнгийн  нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 933 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэл Б.Чойжилсүрэнгийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 226, 2014 оны А/336 дугаар захирамжийн Г.Ганцэцэг, Я.Сайнхишиг, Д.Хишигдалай, Э.Очирхүү нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад нэхэмжлэгч Б.Чойжилсүрэнгийн хувьд хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан гэх зүйл харагддаггүй, шүүх хуралдаан даргалагчийн энэ талаарх асуултад “Сайн мэдэхгүй” гэж хариулжээ. Гэтэл шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д заасныг удирдлага болгон захирамж гаргаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь үндэслэлгүй.

...Нэхэмжлэгч Б.Чойжилсүрэн нь эрх зүйч, хуульч биш учир шүүх хуралдаанд хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч оролцох, эс оролцохын үр дагаврыг мэдэхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтуяа шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй, хариуцагчийг зохих ёсоор төлөөлөх эрхтэй этгээдийн тайлбар хэрэгт байхгүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч Б.Чойжилсүрэнгээр нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэрэгт байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар маргаан бүхий газар нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон, эсхүл газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөгөөр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхээр батлагдсан эсэх нь тогтоогддоггүй. Үүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д заасан зөрчил гэж үзэж байна.

Б.Чойжилсүрэн нэхэмжлэлдээ “2010 онд зуслангийн зориулалтаар хашаа барихаар Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулагчийг сул байсан газар дээр дагуулан очиж үзүүлээд, хашаа барьж болно гэсний дагуу барьсан” гэж бичжээ. Энэ тохиолдолд маргаан бүхий газрыг 2010 онд хариуцаж байсан газар зохион байгуулагч хэн байсныг тогтоон, гэрчийн мэдүүлэгч авч, болж өнгөрсөн нөхцөл байдлыг тогтоох ёстой.

Мөн Б.Чойжилсүрэн маргаан бүхий газрыг хүлээлгэж өгсөн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан боловч анхан шатны шүүх бодитой үнэлж дүгнээгүй.

2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Хөх саарал” ХХК-иас кадастрын зураг хийлгэхдээ компанийн мэргэжилтэн маргаан бүхий газар дээр дагуулан очиж, энэ газрыг кадастрын зургийг хийлгэнэ гээд төлбөрийг нь төлсөн байдаг. Анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтыг цуглуулах шаардлагатай байсан.

Гуравдагч этгээдүүд маргаан бүхий газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болсон гэдэг ч маргаан бүхий газар нь газрын мэдээллийн сангийн 2013 оны архивын зурган мэдээлэлд анх бүртгэгджээ. Анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 38 дугаар, 2011 оны 171 дүгээр тушаалаар тус тус батлагдсан Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журмын дагуу явагдсан эсэхэд үнэлэлт, дүгнэлт хийх ёстой.

...Гуравдагч этгээд Э.Очирхүүгийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээ 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөр огноологдсон, Б.Отгоны газар эзэмших эрхийн гэрчилгээ 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөр огноологдсон, нотлох баримтын шаардлага хангахгүй, Д.Хишигдалайн газар эзэмших эрхийн гэрчилгээ 2006 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр огноологдсон, нэгж талбарын дугааргүй, газар эзэмшүүлэх гэрээ 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөр огноологдсон, нэгж талбарын дугаартай, Б.Отгоны газар эзэмшүүлэх гэрээ, Г.Ганцэцэг, Я.Сайнхишиг нарын гэрээ, гэрчилгээ хавтаст хэрэгт байхгүй. Үүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д заасан зөрчил гэж үзнэ.

Эдгээрийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Иргэн Г.Ганцэцэг, Д.Хишигдалай, Я.Сайнхишиг, Б.Отгон нар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бэлх нэртэй газарт тус бүр 400 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, харин Э.Очирхүү нь мөн дүүргийн Засаг даргын  2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/336 дугаар захирамжаар Б.Отгоны 400 м.кв газрыг шилжүүлэн авч эзэмших эрхтэй болжээ.

Нэхэмжлэгч Б.Чойжилсүрэнгээс “дээрх захирамжуудаар иргэдэд эзэмшүүлсэн газар нь Сүхбаатар дүүргийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/442 дугаар захирамжаар олгогдсон миний эзэмшлийн газартай давхцаж байна” гэж маргах боловч түүний эзэмших эрх бүхий 700 м.кв газар нь гуравдагч этгээдүүдэд олгосон газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй төдийгүй өөр байршилд байрлаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримт, маргаан бүхий газруудын сансрын зургаар тогтоогдсон байна.

Иймээс маргаан бүхий захиргааны актууд /иргэн Г.Ганцэцэг, Д.Хишигдалай, Я.Сайнхишиг, Э.Очирхүү нарт холбогдох хэсэг/-ын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй юм.

Харин “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөг хэрэгт авах, 2010 онд маргаан бүхий газрыг хариуцаж байсан гэх газар зохион байгуулагчийг гэрчээр асуух, гуравдагч этгээдүүдийн газрын мэдээлэл яагаад 2013 онд кадастрын мэдээллийн санд орсныг тодруулах нь нэхэмжлэгчийн маргаж буй үйл баримтыг тогтоох, хэргийг шийдвэрлэхэд шууд ач холбогдолгүй байх тул нэмэлт нотлох баримт цуглуулах талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн Б.Отгоны газар эзэмших эрхийн гэрчилгээ нотлох баримтын шаардлага хангаагүй, Г.Ганцэцэг, Я.Сайнхишиг нарын газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй, Д.Хишигдалайн газар эзэмших эрхийн гэрчилгээнд нэгж талбарын дугаар бичигдээгүй зэрэг нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “шүүх хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй” гэх гомдлын тухайд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагч, гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчөөгүй бөгөөд мэтгэлцэх зарчим нь хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд заавал оролцуулах бус, хэргийн оролцогчдод маргааны үйл баримтыг нотлох болон үгүйсгэх, тайлбар өгөх, нотлох баримт гаргах тэгш эрхээр хангагдах тухай хуулийн ойлголт юм.

Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                   ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

                                   ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

                                   ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН