Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 103

 

Б.Чойжилсүрэнгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, гуравдагч этгээд Э.Очирхүү, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Солонго нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 933 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2017/0081 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Б.Чойжилсүрэнгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
 

ТОДОРХОЙЛОХ НЬ:


Нийслэл дэх захиргааны хэрийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 933 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Чойжилсүрэнгийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 226, 2014 оны А/336 дугаар захирамжийн Г.Ганцэцэг, Я.Сайнхишиг, Д.Хишигдалай, Э.Очирхүү нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
 
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2017/0081 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэрийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
 
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Давж заалдах шатны шүүх холбогдох хууль тогтоомжид заасан газрын байршил тогтооход зайлшгүй шаардлагатай нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэгч Б.Чойжилсүрэнгийн эзэмших эрх бүхий газар нь гуравдагч этгээдүүдэд олгосон газартай давхцаагүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Мөн тэдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэнд гомдолтой байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар тодорхой заасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар маргаж буй газар нь дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон, эсхүл газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөгөөр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхээр батлагдсан эсэх нь тогтоогддоггүй, өөрөөр хэлбэл ямар ч газар зохион байгуулалтын төлөвлөгөө байхгүй.


Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх хэсэгт заасан шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтын шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэх зөрчил байсан боловч давж заалдах шатны шүүх залруулсангүй.


Б.Чойжилсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2010 онд зуслангийн зориулалтаар хашаа барихаар Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулагчийг сул байсан газар дээр дагуулан очиж үзүүлээд, хашаа барьж болно гэсний дагуу хашаа барьсан гэж бичжээ. Анхан шатны шүүх хуралдаан дээр ч энэ талаараа ярьсан байдаг.


Энэ тохиолдолд маргаж буй газрыг 2010 онд хариуцаж байсан газар зохион байгуулагч хэн байсныг олж тогтоон гэрчийн мэдүүлэг авч, болж өнгөрсөн нөхцөл байдлыг тогтоох ёстой. Мөн Б.Чойжилсүрэнд маргаж буй газрыг хүлээлгэж өгсөн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг ч давж заалдах шатны шүүх бодитой үнэлж дүгнэсэнгүй.


Нэхэмжлэгч 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр "Хөх саарал" ХХК-иар кадастрын зураг хийлгэхдээ компанийн мэргэжилтнийг маргаж буй газар дээр дагуулан очиж, энэ газрын кадастрыг хийлгэнэ гэж төлбөр мөнгийг нь өгч гаргуулан авсан гэдэг. Энэ талаарх нотлох баримтыг цуглуулах шаардлагатай байсан гэж үзэж байна.


Гуравдагч этгээдүүд маргаж буй газрын эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 226 тоот захирамжаар олж авсан гэдэг ч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харахад нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2013 оны архивын зурган мэдээлэлд анх бүртгэгджээ.


Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх хуучнаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2005 оны 38 тоот, 2011 оны 171 тоот тушаалаар тус тус батлагдсан Газрын кадастрын мэдээллийн сан ажиллуулах журмын дагуу явагдсан эсэхэд үнэлэлт дүгнэлт хийх ёстой байсан.


Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад кадастр гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоот хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг хэлэхээр зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдүүдийн эзэмших эрхтэй гэх газрын байршил, хил зааг, талбай нь 2013 онд тодорхой болсон. Харин нэхэмжлэгч нь 2010 оноос эхлэн маргаж буй газрыг шударгаар, бодитой эзэмшиж, ашиглаж байсан.


2. Гуравдагч этгээд Э.Очирхүүгийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээ нь 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр олгогдсон. Б.Отгоны газар эзэмших эрхийн гэрчилгээ 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр олгогдсон нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Д.Хишигдалайн газар эзэмших эрхийн гэрчилгээ 2006 оны 2 дугаар сарын 03-ны өдөр огноологдсон нэгж талбарын дугааргүй, газар эзэмшүүлэх гэрээ 2013 оны 1 дүгээр сарын  07 дугаар сарын 23-ны өдөр огноологдсон нэгж талбайн дугаартай. Мөн Б.Отгоны газар эзэмшүүлэх гэрээ, Г.Ганцэцэг, Я.Сайханхишиг нарын гэрээ, гэрчилгээ хавтаст хэрэгт байхгүй.


Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх хэсэгт заасныг шүүх хэрэглэх ёстой байсан.  


Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад нэхэмжлэгч Б.Чойжилсүрэнгийн хувьд хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан гэх зүйл харагдаагүй.


Шүүх хуралдаан даргалагчийн энэ талаарх асуултад сайн мэдэхгүй байна гэж хариулжээ. Гэтэл шүүгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т зааснаар захирамж гаргаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.


Шүүх  хуралдаанд  хэргийн   оролцогч,   тэдгээрийн төлөөлөгчийг оролцуулах ёстой байсан гэх хэд хэдэн хүчин зүйл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харагддаг. Иймд давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх ёстой байсан. Тиймээс шийдвэр, магадлалын хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
 

ХЯНАВАЛ:
 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
 
Нэхэмжлэгч Б.Чойжилсүрэн нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар захирамжийн болон 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн а/336 дугаар захирамжийн нэр бүхий иргэдэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд “газар давхацсан” гэх үндэслэлээр маргажээ.
 
Маргаан бүхий 2005 оны 226 дугаар захирамжаар гуравдагч этгээд Г.Ганцэцэг, Я.Сайханхишиг, Б.Отгон, Д.Хишигдалай нарт зуслангийн зориулалтаар 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бэлхийн аманд тус тус 400 мкв газар эзэмшүүлсэн, 2014 оны а/336 дугаар захирамжаар Б.Отгоноос Э.Очирхүүд газар эзэмших эрх шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Б.Чойжилсүрэнд 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн а/442 дугаар захирамжаар 700 мкв газар эзэмшүүлсэн байна.
 
Эдгээр газрууд нь хоорондоо давхцалгүй болох нь Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2/1681 дүгээр албан бичиг, архивын зурган мэдээлэл, сансрын зураг зэрэг баримтаар тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.
 
Нэхэмжлэгчээс “маргаан бүхий газрыг хэн нэгний эзэмшилд олгогдоогүй, хоосон газар байсан” гэх маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд 2005 онд бусдын эзэмшил үүссэн, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар бусдын эзэмшил, ашиглалтад олгогдсон газар байжээ.
 
Нэхэмжлэгчийн тухайд газрын мэдээллийн санд хадгалагдсан байршлаас өөр газарт буюу гуравдагч этгээдийн эзэмшил газарт хашаа хатгаж, амьдран суурьшиж байсан нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт нийцэхгүй юм. Иймээс “гуравдагч этгээдээс газраа эзэмшээгүй орхиж, чимээгүй байснаа 5 жил өнгөрсний дараа маргаан үүсгэсэн нь хууль бус” гэх гомдол үндэслэлгүй, гуравдагч этгээд нарыг газраа эзэмшээгүй орхисон гэж үзэх нотлох баримт байхгүй, маргаан бүхий газарт хашаа хатгаж, манаачаар харуулдаг байсан болох нь гэрч Б.Мөнхбатын мэдүүлгээр тогтоогдсон тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг зориулалтын дагуу эзэмшээгүй болох тогтоогдоогүй байна.
 
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “гуравдагч этгээдийн эзэмших эрхтэй гэх газрын байршил, хил зааг нь 2013 онд анх архивын зурган мэдээлэлд бүртгэгдэж, тодорхой болсон, нэхэмжлэгч 2010 оноос эхлэн маргаж байгаа газрыг шударгаар, бодитой эзэмшиж байсан” гэх гомдлын хувьд:
 
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт зааснаар газрыг гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх ба газар эзэмшүүлэх ажиллагаа нь газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан хүсэлтийг үндэслэн Засаг даргаас газар эзэмшүүлэх шийдвэр гарч, уг шийдвэрийг үндэслэн Газрын албанаас гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үе шатаар хэрэгждэг байна.
 
Хэдийгээр гуравдагч этгээдийн эзэмшил газрын байршлын мэдээлэл нь Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд 2013 онд бүртгэгдсэн байгаа боловч газар эзэмшүүлэх шийдвэр 2005 онд гарсан байх тул гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг нэхэмжлэгчээс түрүүлж үүссэн гэж үзэх үндэслэлтэй юм.
 
Нэхэмжлэгчийн тухайд 2014 онд газар эзэмших эрх үүссэн, 2010 онд бусдын эзэмшил үүссэн газарт амьдарч байсан тул газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмших хуулийн шаардлагыг хангаагүй байна.
 
Түүнчлэн нэхэмжлэгчээс одоо амьдарч байгаа газрыг “газар зохион байгуулагчийн зааж өгсөн газар” гэж маргаж байгаа боловч Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгчийн эзэмшил газрын байршил нь маргаан бүхий газраас өөр байрлалтайгаар бүртгэгдсэн, газар зохион байгуулагчийн “газрын байршил зааж өгсөн” үйлдэл нь дангаараа газрын байршлыг тодорхойлох эх сурвалж болж чадахгүй юм.
 
Учир нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “кадастрын зураглал гүйцэтгэсэн аж ахуй нэгж, байгууллага, иргэн хууль тогтоомжийн дагуу ажлаа нэг бүрчлэн шалгуулж, шалгалтын актаар бүх зураг, мэдээллийн эх хувийг кадастрын зураглалын мэдээллийн санд хүлээлгэн өгнө”, 16 дугаар зүйлийн 16.13-т “газар дээр нь тэмдэглэж, газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, ... эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байна” гэж тус тус заажээ.
 
Эндээс нэхэмжлэгч нь тухайн үедээ газар зохион байгуулагчийн зааж өгсөн байршлыг газар дээр нь тэмдэглэж, координатжуулж, 2010 онд газрын мэдээллийн санд хүлээлгэн өгч, бүртгүүлж баталгаажуулсан байх ёстой бөгөөд үүнийг нотлох 2010 оны мэдээллийн сангийн баримт нэхэмжлэгчид байхгүй, харин гуравдагч этгээд нар нь 2013 онд мэдээллийн санд, нэхэмжлэгч 2014 онд өөр газрын байршилд мэдээллийн санд тус тус бүртгүүлсэн байна.
 

“Моторс ойл” ХХК-ийн үйлдсэн 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн кадастрын зураг нь 2014 онд газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18649324315169 дугаартайгаар нэхэмжлэгчийн эзэмшилд бүртгэгдсэн байх бөгөөд маргаан бүхий газарт гуравдагч нарт түрүүлж эзэмших эрх үүссэн тул нэхэмжлэгчийн “газар зохион байгуулагчийг гэрчээр асуух” тухай гомдол нь хэрэгт ач холбогдолгүй, мэдээллийн сангийн зургаар үгүйсгэгдэж байна.
 
“Мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, хариуцагчийн хурал хойшлуулах хүсэлтийг шийдээгүй” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол нь үндэслэлгүй бөгөөд шүүхээс шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн, шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй асуудал нь шүүх хуралдааныг хойшлуулах, тэдгээрийг заавал оролцуулахыг шаардах хуулийн үндэслэл болохгүй.
 
Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
 
 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
 
ТОГТООХ нь:
 
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 933 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2017/0081 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.  
 
 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     М.БАТСУУРЬ
 
ШҮҮГЧ                                                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ