Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2016/0933

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б*******гийн Ч*******

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн 20-р хорооны Бэлх зуслангийн

Х*******ын тоот хашааны газарт давхацсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний А/226, 2014 оны А/336 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгуулах тухай”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б*******гийн Ч******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Б.Ч******* би 2010 онд тус дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Бэлхийн аманд зуслангийн зориулалтаар хашаа барихаар дүүргийн газар зохион байгуулагчийг тухайн сул эзэмшилгүй байсан газар дээр дагуулан авчирч үзүүлээд хашаа барьж болно гэсний дагуу хашааг барьсан. 2010 оны 12-р сарын 29-ний өдөр “Х” компаниар кадастрын зураг хийлгэсэн. 

Ингээд дүүргийн захиргаагаар шийдвэр гаргуулах хүсэлт тавьсан бөгөөд хүлээгдэж байгаад Сүхбаатар дүүргийн Засаг даргын  2014 оны 10-р сарын 01-ний өдрийн А/442 тоот шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ (Дугаар нь 18)-г гаргаж өгсөний дагуу Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албатай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэн болно.

Гэтэл 2015 оны 07 дугаар сард үл таних хэсэг хүмүүс бид энэ газрыг эзэмших ёстой гэж хүч түрэмгийлэн  орж ирж манай хашаан дотор газар ухаж блокон хашааны суурь тавьсан байгаа. Би тэдгээр хүмүүсийг танихгүй, тэд надад бичиг баримтаа ч үзүүлээгүй. Энэ хүмүүс газрын албанаас зөвшөөрөлтэй гэсэн. Газрын тухай хуулийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох заалт байсаар атал 6 жилийн дараа юуны учир газар чөлөөлөх шаардлага тавьж тэдгээр хүмүүст дураар авирлах  боломж олгож байна вэ. 

Иймээс Б.Ч******* миний бие 2015 оны 07 дугаар сард иргэний хэргийн шүүхэд хандсан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгсөн билээ. Иргэний хэргийн шүүхээс газар эзэмших гэрээний биелэлтийг хангаж ажиллах шийдвэрийг Дүүргийн өмч, газрын харилцааны албанд өгсөн. 

... Манай хашааны газарт 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Д.Х, Я.С, Г.Г нарын нэр дээр А/226 тоот шийдвэрээр газрын зөвшөөрөл гаргуулж авсан байна. Эдгээр хүмүүс 2005 оноос хойш 2014 оныг хүртэл тэр газар дээрээ ямар ч хашаа хороо барьж байгаад 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/336 тоот шийдвэрээр Э.О*******д газар эзэмших гэрчилгээ шилжүүлсэн харагдаж байна. Иймд дээрхи шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэв.  

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Иргэн Б*******гийн Ч*******гийн нэхэмжлэлтэй, тус дүүргийн Засаг даргын 2005 оны А/226 дугаар захирамжийн Д.Х, Я.С, Г.Г нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2005 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Д.Х, мөн оны 06 дугаар сарын 02-ны өдөр Я.С, Г.Г нар нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт /Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар эзэмших зориулалт, хугацаа./ заасны дагуу холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн Бэлхийн зуслангийн газар эзэмших хүсэлтийг ирүүлснийг Засаг даргын 2005 оны 226 дугаар захирамжаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2010 оноос маргаан бүхий газрыг эзэмших болсон талаар дурдаж байгаагаас үзвэл асуудал хариуцсан газар зохион байгуулагч нь Газрын харилцааны геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалд заасны дагуу хээрийн судалгааг хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан өргөдлийн хавсралтад дурдсан М ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хийлгэсэн кадастрын зургийн дагуу 20 дугаар хороо, Цуурайтын аманд зураг хийлгэснийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2014 оны А/442 дугаар захирамжаар хуульд заасны дагуу тус газрыг эзэмшүүлсэн байна.

Б.Ч******* нь бусдын эзэмшил газарт дур мэдэн хашаа хатгасан үйлдэл нь Газрын тухай хууль буюу бусдын газар эзэмших эрх ашгийг зөрчсөн үйлдэл юм.

Иймд дүүргийн Засаг даргын захирамж нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй, хуульд заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан гаргасан захирамж тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Д.Х, Я.С, Г.Г нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхэд хянагдаж буй иргэн Б*******гийн Ч*******гийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны А/226 дугаар захирамжийн Д.Х, Я.С, Г.Г, 2014 оны А/336 дугаар захирамжийн Э.О*******д холбогдох хэсгийг хүчингүй  болгуулах" шаардлага бүхий захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан Д.Х миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие Дгийн Х нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226 тоот захирамжаар Сүхбаатар дуүргийн 16-р хороо, Бэлхэд зуслангийн зориулалтаар 400 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байгаа болно. Уг газрыг анх 10 багшид олгосон бөгөөд бүгд хил залгаа байршдаг. Бидний хэдэн багш зуслангийн газартаа анх газар олгогдсоноос хойш зуны улиралд модон хашаа барьж, газраа тэмдэгжүүлж байсан боловч өвөлдөө харах хамгаалах хүнгүйгээс модон хашааг хулгайд алдах, орчны айлууд түлж хэрэглэх зэргээр удаа дараа алдсаар ирсэн билээ.

2015 оны 7 дугаар сард миний газарт болон Я.С, Г.Г, Б.О (О багш газар эзэмших эрхээ Э.О*******д шилжүүлсэн) нарын газарт хашаа хатгаж, вагончиг тавьсан байсан тул Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны газарт өргөдөл гаргаж, газрыг чөлөөлүүлэх, хууль бусаар бусдын эзэмшил газарт хашаа барьж, вагончиг тавьсан зөрчлийг арилгуулахаар хандсан. Улмаар миний бие Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны газар зохион байгуулагчийн даалгаснаар М кадастрын компанийн ажилтан Б.Б нэхэмжлэгч Б.Ч*******гийн эзэмшлийн газрын кадастрын зураг, миний эзэмшлийн газрын кадастрын зургийн газрын координатаар хэмжилт хийж, нэхэмжлэгч Б.Ч*******гийн маргаж байгаа шиг давхцалтай биш болохыг тогтоож, бидний хэдэн багшийн газраас нэлээд зайдуу байрлах сул бусдын эзэмшил ашиглалтад байхгүй газар байгааг зааж өгсөн. Иймд Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны газар зохион байгуулагч нь Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шх-01 дугаар шаардах хуудсыг олгож, нэхэмжлэгч Б.Ч*******гийн хууль бусаар барьсан хашаан дээр нааж, газар чөлөөлөхийг түүнд мэдэгдсэн. Фото зургийг хавсаргав.

Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны газар зохион байгуулагчийн зөвлөмж, шаардлагаар эзэмшил газрын цэгээ баталгаажуулж, хашаа барих шаардлагатай байсан тул дахин модон хашаа барилгүйгээр 2015 оны 07 сард блокоор хашааны суурь цутгаж, газрын цэгээ дахин тэмдэгжүүлсэн болно. Миний бие нь газар эзэмших эрхээ хууль ёсоор авч, зохих журмын дагуу ашиглаж, төлбөрөө хугацаанд нь төлж ирсэн. Цаашид ч мөн зориулалтын дагуу ашиглах бөгөөд блокон хашааны сууриндаа төмөр хашаа барьж, байшин барих төлөвлөгөөтэй байгаа билээ.

Иймд өөрийн эзэмшил газар нь сул эзэмшилгүй хоосон байсаар байтал бусдын газар дээр хашаа барьж Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 (Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна), 35 дугаар зүйлийн 35.3.5 (бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хуупь ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх) дахь заалтыг зөрчсөн иргэн Б.Ч*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд Э.О******* шүүхэд гаргасан тайлбартаа: “... иргэн Б.Ч*******гийн ... гаргасан нэхэмжлэлийн маргааныг дараах баримтад үндэслэн хүчингүй болгож өгнө үү. 

... Иргэн Э.О******* миний бие Монгол Улсын газрын болон иргэний хууль дүрмийн дагуу бүх материал нь бүрэн газрыг худалдан авсан байтал ямар ч материал нь миний газартай, кадастрын зураг нь зөрөөтэй, мөн газрын тухай хуулийн дагуу тухайн газарт нь хашаа барьж ашиглаж байгаагүй зэрэг олон зөрчилтэй, зөрүүтэй асуудлыг яаралтай шийдвэрлэж иргэн миний учирсан хохирлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Цаашид үүнээс үүдэн гарсан хохирлыг Сүхбаатар дүүргийн Газрын алба нь шуурхай шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна. Үүнээс үүсэх хохирлыг Б.Ч******* нь хариуцах учир эс шийдвэрлэвэл холбогдох хууль хяналтын газарт нь хандан шийдвэрлүүлэх саналтай болохыг уламжилж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэн Б.Ч******* нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд “Сүхбаатар дүүргийн 20-р хорооны Бэлх зуслангийн Х*******ын тоот хашааны газарт давхацсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний А/226, 2014 оны А/336 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага  гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “маргаан бүхий актуудын гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан болно.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нь “өөрийг нь оролцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх” хүсэлт ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******, гуравдагч этгээд Г.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С*******, гуравдагч этгээд Я.С, Д.Х, Э.О******* нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантайг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/442 дугаар захирамжаар  тус дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар 700мкв газрыг эзэмших эрхийг Б.Ч******* нарын 443 иргэнд олгожээ. 

Мөн дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 226 дугаар захирамжаар  тус дүүргийн нутаг дэвсгэр “Бэлх” зусланд иргэн Г.Гт 0,04га, Я.Ст 0,05га, Б.Од 0,04га, Д.Хд 0,04га газрыг тус тус 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж “Газар эзэмшүүлэх гэрээ” байгуулагдаж гэрчилгээ олгогдсон байна. 

Иргэн Б.О нь өөрийн эзэмшлийн газрыг Э.О*******д шилжүүлэх хүсэлт гаргаснаар мөн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/336 дугаар захирамжаар  иргэн Э.О*******гийн газар эзэмших эрхийг баталгаажуулж 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж 000******* тоот гэрчилгээ олгосон байна . 

Нэхэмжлэгчээс “Хэн нэгний эзэмшилд байгаагүй газарт дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагчийн зөвшөөрлөөр хашаа барьж уг газар эзэмших эрхээ баталгаажуулсан, газрын кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдсэн байхад газар эзэмших эрхээ бодитоор хэрэгжүүлээгүй иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохгүй байгаа нь хууль бус” гэж маргажээ. 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 226, 2014 оны А/336 тоот шийдвэрүүд нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг ... дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “...газрын эзэмшүүлэх тухай шийдвэрийг ... тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасантай нийцсэн байна. Тодруулбал,  

Нэхэмжлэгч Б.Ч*******гийн эзэмшил газар нь гуравдагч этгээдүүдийн эзэмшиж буй газартай давхцаагүй, нэхэмжлэгчийн газар нь гуравдагч этгээдүүдийн газраас өөр газарт байрлаж байгаа болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 2/1681 тоот албан бичигт “...иргэн Б.Ч*******гийн “М*******” ХХК-аар хийлгэсэн газар нь ... ямар нэг давхцал үүсээгүй” , газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээлэл , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Б.Ч******* нь бусдын эзэмшил газарт дур мэдэн хашаа хатгасан” гэсэн тайлбараар  тус тус тогтоогдож байх тул маргаан бүхий актууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна. 

Иймээс Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар “газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан байх ба нэхэмжлэгч Б.Ч******* нь өөрийн газрын кадастрын зургийн дагуу бус бусдын эзэмшил газарт барьсан нь маргаан бүхий актуудыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ. 

Мөн цаг хугацааны хувьд гуравдагч этгээд Г.Г, Я.С, Д.Х, Э.О******* /Б.Ооос газрыг шилжүүлж авсан/ нарт газар эзэмших эрх нь нэхэмжлэгчээс түрүүлж үүссэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс “дээрх иргэд 2005 онд газар эзэмших эрхтэй болсноос хойш намайг тухай газар ирж суурьших хүртэл газраа бодитоор эзэмшээгүй/хашаагаа бариагүй/ байхад  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрх нь хүчингүй болох ёстой” хэмээн тайлбарлан маргаж байх боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх эрх хэмжээ нь аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргад байх тул шүүхээс энэхүү үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Б.Ч*******д эзэмшил газрын байршлыг буруу зааж өгсөн нь тухайд Сүхбаатар дүүргийн газрын албаны буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчээс өөрийн эзэмшил газраа чөлөөлүүлэх тухай гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ч*******гийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 226, 2014 оны А/336 дугаар захирамжийн Г.Г, Я.С, Д.Х, Э.О******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.МӨНХЗУЛ