Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1974

 

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01974

 

 

И.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 139/ШШ2018/00372 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: И.Б-тийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Н-т холбогдох,

 

Гэрээний үүрэгт 51 338 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: И.Б-т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Нарангарав

Хариуцагч: Б.Н-

Хариуцагчийн өмгөөлөгч:Д.Барсүрэн, Г.Алтанчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Н-т 2010-2012 оны хооронд их хэмжээний мөнгө зээлүүлсэн. Б.Н-ын өөрийнх нь дансаар 5450507088 тоот дансаар нийт 4 870 000 төгрөг,  Б.Н-ын төрсөн дүү н.Заяацэцэгийн 5465032028 тоот дансаар дамжуулж нийт 5 450 000 төгрөг, Б.Н-ын төрсөн дүү н.Отгонцэцэгийн 5048074637 тоот дансаар нийт 2 060 000 төгрөг, Б.Н-ын төрсөн дүү н.Золцэцэгийн 5450337773 тоот дансаар  нийт 516 000 төгрөг, Н.Отгончулууны 5076213618 тоот дансаар нийт 2 000 000 төгрөг, Б.Н-ын төрсөн ах н.Галсангийн 5450269698 тоот дансаар 150 000 төгрөг, Б.Н-ын найз н.Наранбаатарын 5006423945 тоот дансаар 4 120 000 төгрөгийг тус тус дамжуулан шилжүүлсэн. Б.Н- нь өөрөө 5 000 000 төгрөгийг бэлнээр авсан.

Мөн мах авах гэж 3 200 000, тэтгэврийн зээл 1 100 000 төгрөг, авто машин худалдан авах гэж 8 500 000 төгрөгийг надаар төлбөрөө хийлгэсэн.

н.Отгонцэцэгийн 5048074637 тоот дансаар 1 000 000 төгрөг, тэтгэврийн зөрүү 1 600 000 төгрөгийг өгсөн. Иймд нийт 36 266 000 төгрөгийг хариуцагч Б.Н-аас гаргуулж өгнө үү.

Орон сууцтай холбоотой  15 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  И..Батхишигтээс мөнгө зээлж авч байсан боловч зээлсэн мөнгөө бүрт нь  буцаан төлж барагдуулсан. Одоо түүнд  өргүй.

Би И.Б-ээс  дүү н.Заяацэцэгийн дансаар 4 500 000 төгрөг, дүү н.Отгонцэцэгийн дансаар 4 060 000 төгрөг, найз н.Отгончулууны дансаар 1 600 000 төгрөг,  2010 оны 12 дугаар сарын 18-нд бэлнээр 5 000 000 төгрөгийг авто машин худалдаж авах гэж авсан. Нийт энэ хүнээс 2010-2012 онд 15 860 000 төгрөг авсан. Цагдаагийн байгууллага дээр шалгагдах үед И.Б-ээс авсан 15 000 000 төгрөгөө төлж барагдуулъя гэж харилцан тохиролцоод өгсөн.

Дүү н.Отгонцэцэг болон н.Мөнхцэцэг эгчийнхээ дансаар дамжуулж мөнгийг буцаан төлсөн бөгөөд хэрэгт баримт авагдсан. Хамгийн сүүлд нотариат дээр 2015 оны 03дугаар сарын 06-нд 6 500 000 төгрөг төлсөн. Ингээд нийт 15 395 000 төгрөг төлөөд өр төлбөр дууссан гэж энэ хүн гарын үсэг зураад нотариатаар батлуулсан. 2010-2012 онуудын өр, төлбөр ингээд дууссан.

2014 онд би И.Б-тээс өөрийнхөө 5450507088 тоот дансаар 4 870 000 төгрөг зээлсэн. Үүнийг зээлснээс хорин хэд хоногийн дараа 1 500 000 өгчихөөд 3 370 000 төгрөгийг дутуу байхад И.Б-т намайг Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст өгсөн. Тэгээд прокурорт хэрэг шилжээд прокурор дээр би энэ хүнд бэлнээр 900 000 төгрөгийг өгсөн. Үлдсэн мөнгө болох 2 400 000 төгрөгийг түүний дансруу хийсэн. Бид хоёрын өр, төлбөр ингээд дууссан.

 н.Наранбаатарын дансаар 4 120 000 төгрөг, мах авах гэж 3 200 000 төгрөгийг тус тус аваагүй. н.Отгонцэцэгийн дансаар 2012 оны 08 сарын 16-ны өдөр шилжүүлсэн 1 000 000 төгрөг гэх шаардлага нь бид хоёрын өр төлбөр дууссан хойно бичсэн байсан. Тэтгэврийн зөрүү 1 600 000 төгрөгийг аваагүй.

2011, 2012 онд би өртэй байсан бол 2014 онд намайг прокурорт өгөхөд 3 300 000 төгрөг биш 30 000 000 төгрөгийн өртэй байсан бол нэхэх байсан байх. Дууссан гэдгээ өөрөө нотариатаар батлуулсан. Одоо би энэ хүнд төлөх өр байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Б-тийн нэхэмжлэлийн шаардлагаас 15 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг татан авах хүсэлтийг баталж,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Н-аас 900 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Б-тэд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 35 366 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 474 199 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 26 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 51 338 000 төгрөг гэж тодорхойлсон боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдааны эхэнд орон сууцтай хамааралтай гаргасан 15 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа хариуцлагыг зөв тодорхойлсны үндсэн дээр дахин гаргахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр татан авах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч, хариуцагчийг зөв тодорхойлсны үндсэн дээр 15 000 0000 төгрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах бөгөөд дахин нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг төлөх бөгөөд татан авч буй 15 000 000 төгрөгийн үнийн дүнд дүйцэх улсын тэмдэгтийн хураажийг буцаан олгох ёстой гэж үзэж байгаа бөгөөд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "гэрч н.Валягийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй, гэрч н.Валя нь нэхэмжлэгчийн гэр бүл, ойр дотны хүн байгаа нь эргэлзээ төрүүлж байх тул гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй болно" гэжээ. Автомашин худалдах худалдан авах 8 500 000 төгрөгийн гэрээтэй автомашин худалдагч гэрч н.Баянбаатрын мэдүүлгийг мөн үнэлээгүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага хариуцагч талаас хариу тайлбар ирүүлээгүй нь хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

Хариуцагч бэлнээр 50 000 000 төгрөг авснаа бүх шатны шүүхэд хүлээн зөвшөөрсөн. Гэтэл хариуцагч тухайн мөнгийг яаж төлсөн нь тодорхойгүй байхад хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчээс баримт ирүүлээгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Гэтэл шүүхээс гэрчийн мэдүүлгийг гэр бүл ойр дотны хүн гэж үзэж гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь гэр бүл ойр дотны хүн гэж үзэж ямар хуулийн зохицуулалтыг үндэслэсэн нь тодорхойгүй.

Хариуцагчаас өөрийн болон бусдын дансаар бэлэн болон бэлэн бусаар авсан мөнгийг хүлээн зөвшөөрсөөр байтал нэхэмжлэлийн шаардлагаас 35 366 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан ямар баримтад үндэслэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч И.Б-т нь хариуцагч Б.Н-т холбогдуулж 51 338 000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа орон сууцтай холбоотой 15 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг татан авч, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, хариуцагч Б.Н- нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авах эрхтэй гэх үндэслэлээр хариуцагч Б.Н-т холбогдох орон сууцтай холбоотой 15 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ нэхэмжлэгч И.Б- татаж авсныг баталж шийдвэрлэсэн нь зөв боловч найруулгын хувьд оновчгүй бичсэн, мөн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй юм. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг талуудын хооронд мөнгөн хөрөнгө зээлэх харилцаа үүссэн гэж тайлбарлаж, 36 266 000 төгрөгийг бусдын дансаар болон бэлнээр хариуцагчид шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь 15 860 000 төгрөгийг бусдын дансаар болон бэлнээр хүлээн авсан, үлдэх мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, хүлээн авсан төлбөрийг бүрэн төлж дуусгавар болгосон гэж маргасан.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн хүлээн авсан мөнгөн хөрөнгийн хэмжээг 2010-2012 онуудад н.Заяацэцэгийн дансаар 4 500 000 төгрөг, н.Отгонцэцэгийн дансаар 4 060 000 төгрөг, н.Золцэцэгийн дансаар 16 000 төгрөг, н.Отгончулууны дансаар 1 600 000 төгрөг, н.Галсанжавын дансаар 150 000 төгрөг, бэлнээр 5 000 000 /Баянбаатараас машин авах гэж/ төгрөг, 2014 оны 1, 2 дугаар сард 4 870 000 төгрөгийн хэмжээгээр тогтоохдоо хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь талуудын зарчимд нийцжээ.

 

Харин хариуцагчийн хүлээн зөвшөөрөөгүй мах авах зорилгоор 3 200 000 төгрөг, тэтгэврийн зөрүү 1 600 000 төгрөг, тэтгэврийн зээл 1 100 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх үйл баримтыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй болно. Нэхэмжлэгч нь эдгээр үйл баримтыг н.Валя гэрчилнэ гэж түүнээс гэрчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулжээ. н.Валягийн гэрчийн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбартай зөрж байх тул түүний мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх эргэлзээтэй гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Харин н.Заяацэцэгийн дансанд орлого хийж шилжүүлсэн 950 000 төгрөг,  н.Наранбаатарын дансаар дамжуулан авсан гэх 4 120 000 төгрөгийг хариуцагч Б.Н- авсан болох нь баримтаар тогтоогдоогүй гэсэн шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь дүгнэх шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч И.Б-т нь 2010 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Н.Баянбаатараас 8 500 000 төгрөгөөр “N Verna” маркийн автомашиныг 8 500 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан, уг автомашиныг 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Б.Н-ын нэр дээр бүртгүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Гэрч н.Баянбаатарын мэдүүлгийг зохигчийн тайлбартай харьцуулан дүгнэж анхан шатны шүүх уг автомашиныг Б.Н- худалдан авахаар урьдчилаад 1 000 000 төгрөг өгсөн, Б.Н-ын төрсөн эгч н.Мөнхцэцэг нь н.Батхишигтийн данс уруу 2 000 000 төгрөг шилжүүлсэн, 5 000 000 төгрөгийг Б.Н- нь н.Батхишигтээс зээлсэн үйл баримтуудыг зөв тогтоожээ.

 

Автомашин худалдан авах зорилгоор нэхэмжлэгч И.Б-тээс хариуцагч Б.Н- нь 5 000 000 төгрөг зээлж авсан нь тогтоогдсон тул 8 500 000 төгрөгийн хэмжээнд хариуцагчийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.3 дах хэсэгт зааснаар зардал хэмнэх замаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байна. Анхан шатны шүүх холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээгүй алдаа гаргасныг залруулах боломжтой байна.

 

Дээрх мөнгөн хөрөнгийг анхан шатны шүүх нэгтгэн дүгнэхдээ хариуцагчийн хүлээн авсан мөнгөн дүн 15 000 000 төгрөгөөр тогтоож, 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлэн өгсөн 15 000 000 төгрөгийг буцаан хүлээн авч, өр төлбөр дууссан тухай баримтыг үйлдсэн гэж үзжээ. /1хх 161 дэх тал/

 

Нэхэмжлэгч И.Б-т нь 15 000 000 төгрөг хүлээн авч өр төлбөр дууссан тухай бичиг нь татан авч байгаа нэхэмжлэл болох орон сууцны асуудалтай холбоотой гэх боловч уг баримтын агуулгаас үзвэл орон сууцтай холбоотой гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.Н- нь нэхэмжлэгч И.Б-тэд 2010-2012 онуудад хамаарах зээлийн төлбөрөө бүрэн төлсөн нь тогтоогдсон гэж дүгнэснийг буруутгах үндэслэл байхгүй байна.

 

Харин хариуцагч Б.Н- нь 2014 оны 01, 02 дугаар саруудад нэхэмжлэгч И.Б-тээс зээлсэн мөнгөн хөрөнгийг бүрэн төлөөгүй гэсэн дүгнэлтийг хийхдээ  Дундговь аймгийн прокурорын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 5/86 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай тогтоолд Б.Н- 2014 оны 02 сард зээлсэн 3 100 000 төгрөгийг өгөхгүй байгаа гэх И.Б-тийн өргөдөл, мөн прокурорын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5/05 дугаартай тогтоолд “...иргэн И.Б-т нь иргэн Б.Н-тай харилцан тохиролцож ...2014.02.15-2014.02.28 өдрийг хүртэл нийт 3 300 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг шалгасан материалаар тогтоогджээ” гэсэн мэдээллийг зохигчийн тайлбартай харьцуулж, 4 870 000 төгрөгийн зээлээс 3 300 000 төгрөгийг төлөөгүй гэх үйл баримтыг тогтоож, уг үүргээс 2 400 000 төгрөгийг нэхэмжлэгчийн 5450241016 дугаартай дансаар төлбөрийг шилжүүлсэн баримтыг үндэслэн хариуцагчийн үүргийг 900 000 төгрөгөөр тодорхойлсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

Иймд хариуцагч Б.Н-аас 900 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Б-тэд олгож, нэхэмжлэлийн үлдэх 35 366 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь зөв боловч мөнгөн дэвсгэртийг хэрэгсэхгүй болгож найруулгын алдаа гаргасныг залруулах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 139/ШШ2018/00372 дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтын “авах хүсэлтийг баталсугай” гэснийг “авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

2 дахь заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 493 дугаар зүйлийн 493.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Н-аас 900 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Б-тэд олгож, нэхэмжлэлээс 35 366 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч И.Б- нь Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 139/ШЗ2018/01343 дугаар захирамжаар давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

 

                        ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА