Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 140

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 14-р байрны 2-15 тоотод оршин суух, Халх овогт Ичинхоролын Батхишигт /ЗЮ69080504/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, Эрчмийн 2-7 тоотод оршин суух Боржигон овогт Балданжавын Нямжав /ЗЮ82051638/-д холбогдох 51338000 /тавин нэгэн сая гурван зуун гучин найман мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.Батхишигт, хариуцагч Б.Нямжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандах, хариуцагчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг, гэрч С.Жалбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.Батхишигт шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Нямжав нь 2014 оны 01 сарын 28-нд намайг Улаанбаатар хотод явж байхад 88111523 дугаартай утсаар холбогдон найз нь хүний эд зүйл ломбарданд тавьсан алдах гээд байна туслаач гэж утсаар холбогдон 4800000 төгрөгийг дахин зээлж, урьд өмнө нь зээлсэн мөнгөө нийлүүлээд 2014 оны 04 сарын 10-нд бүгдийг төлье гэж тохирсон. Тухайн 4800000 төгрөгийг авахдаа Дундговь аймгийн ХААН банкны ажилтан найз эмэгтэйгээрээ иргэн миний эзэмшлийн ХААН банкан дахь дансны мэдээллийг шалгуулж хууран мэхэлж зээлж авсан. Миний эзэмшлийн дансны мэдээлэлд дур мэдэн орж гадагш мэдээлж, дансны мэдээллийн нууцад нэвтэрсэн болох нь 2015 оны 12 сард Аудитын газрын шалгалтаар тогтоогдсон. Мөн 2011 оны 07 сарын 09-нд нотариатын гэрээ хийсний дагуу байрны урьдчилгаа 3000000 төгрөг шилжүүлсэн. Б.Нямжав нь иргэн надаас нийт 66238000 төгрөгийг зээлж авсан. Үүнээс 18500000 төгрөгийг төлсөн. 2011 оны 07 сард Дундговь аймгийн Хас банкнаас зээл авах гэж найздаа зуучилж Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 14-р байрны 15 тоот /17,95 м2/ байраа барьцаанд тавихыг хүсч аман хэлцэл хийж  байрыг минь барьцаанд тавиулж 15000000 төгрөг цувуулж өгсөн. 2014 оны 04 сард 3500000 төгрөгийг мөн цувуулж өгсөн. Б.Нямжав нийтдээ 66238000 төгрөг зээлж, 18500000 төгрөгийг эргүүлэн төлсөн боловч үлдэгдэл 47738000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжилж байна.

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Нямжав нь өөрийн төрсөн дүү Э.Отгонцэцэгийн эзэмшлийн ХААН банкин дахь 5084074637 тоот дансаар 1000000 /нэг сая/ төгрөгийг 2012.08.16-нд, өөрийн төрсөн ах Б.Галсанжавын дансаар 1000000/ нэг сая/ төгрөгийг, 2011.10.20-нд бэлнээр 1600000 төгрөг, нийт 3600000 төгрөгийг зээлж аваад одоог хүртэл эргүүлэн төлөхгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа 3600000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч И.Батхишигт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Нямжав нь эгч, дүү, найз нарынхаа дансаар болон бэлнээр мөнгө зээлж авч байснаа аль ч шатны шүүх дээр хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэлийн шаардлагад орсон мөнгөн дүнгээс орон сууцтай холбоотой гэх 15000000 /арван таван сая/ төгрөгийг буцаан татаж үлдэх 36338000 /гучин зургаан сая гурван зуун гучин найман мянга/ төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. 5465032028 гэсэн Заяацэцэгийн дансаар 5450000 төгрөг, 5084074637 гэсэн Отгонцэцэгийн дансаар 2060000 төгрөг, 5450337773 гэсэн Золцэцэгийн дансаар 16000 төгрөг, хариуцагчийн найз Отгончулууны 5076213618 гэсэн дансаар 1600000 төгрөг, 5450507088 гэсэн Б.Нямжавын дансаар 4870000 төгрөг, 5450269698 гэсэн хариуцагчийн төрсөн ах Галсангийн дансаар 150000 төгрөг, Баярсайханы дансаар 200000 төгрөг, 500642395 гэсэн хариуцагчийн найз Наранбаатарын дансаар  4120000 төгрөг,  Б.Нямжав бэлнээр 5 сая төгрөг авснаа бүх шатны шүүхэд хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч мах авах гэж 2012 оны 3 сарын 15-нд 3200000 төгрөг авсан. Үүнийг гэрч Валя гэдэг хүн гэрчилсэн байгаа. Гэрч Валягийн тэтгэврийн зээлийг авахуулж 1100000 төгрөг, Баянбаатар гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. 8500000 төгрөгөөр машин худалдах, худалдан авах гэрээ хийгээд хариуцагчийн өмнөөс би 8500000 төгрөгийн төлбөр хийсэн тухай гэрчийн мэдүүлэг байгаа. Мөн худалдах, худалдан авах гэрээ, Автотээврийн үндэсний төвийн лавлагааны хамт 2010 оны 12 сарын 19-нд 8500000 төгрөгийн төлбөр хийгдсэн байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагаар 5084074637 гэсэн Отгонцэцэгийн дансаар 1 сая төгрөг, хариуцагчийн төрсөн ах Галсангийн дансаар 1 сая төгрөг, тэтгэврийн зөрүүн дээр буюу Хаан банкин дээр бэлнээр 1600000 төгрөг /үүнийг гэрч Валя гэрчилсэн байгаа/, нийт 36338000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд орон сууцны 15 сая төгрөг ороогүй байгаа гэв.

Хариуцагч Б.Нямжав шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 66238000 төгрөг гэж би амьдралдаа ийм их мөнгө барьж үзээгүй. 2010 оны 12 сарын 19-нд машины 8500000 төгрөг авсан гээд нэхэмжлэл дээрээ бичсэн байна. Би энэ мөнгийг аваагүй. 2010 оны 12 сарын 19-нд Би Баянбаатар гэж хүнээс машин авах гээд нэхэмжлэгчээс 5 сая төгрөг авсан юм. Яагаад 5 сая төгрөг авсан бэ гэхээр нэхэмжлэгчийн 5450241016 гэсэн данс руу манай эгч Г.Мөнхцэцэг 2 сая төгрөг хийсэн. Нэхэмжлэгчийн дансны хуулган дээр байгаа. Отгонцэцэгийн дансаар би нийт 4060000 төгрөг авсан. Дүү Заяацэцэгийн 5465032028 гэсэн дансаар 4500000 төгрөг, 2012 оны 5 сарын 16-нд 950000 төгрөг, найз Отгончулууны дансаар 1600000 төгрөг, ах Галсангийн дансаар 2011 оны 9 сарын 15-нд 150000 төгрөг, 2010 оны 12 сард машин авах гэж бэлнээр 5 сая төгрөг авсан, нийт 15860000 төгрөг авсан. 2010-2012 оны хооронд дээрх мөнгөнүүдийг авсан. 15860000 төгрөг аваад дараах мөнгийг төлсөн. Үүнд: Дүү Отгонцэцэгийн дансаар 2011 оны 11 сарын 15-нд 700000 төгрөг, 2012 оны 8 сарын 18-нд 240000 төгрөг /гэхдээ энэ мөнгийг би нэхэмжлэгчийн хүү болох Билгүүний данс руу хийсэн/, 2012 оны 8 сарын 31-нд 500000 төгрөг /мөн нэхэмжлэгчийн хүү болох Билгүүний данс руу хийсэн/, 2011 оны 10 сарын 31-нд 800000 төгрөг /би дүү Отгонцэцэгийн данснаас нэхэмжлэгчийн данс руу хийсэн/, эгч Мөнхцэцэгийн 5011003399 гэсэн дансаар 2 сая төгрөг /2-р хавтаст хэргийн 177-р хуудсанд байгаа/, 4 сая төгрөг, 6500000 төгрөг /3-р хавтаст хэргийн 31-р хуудсанд байгаа/, би өөрийнхөө нэрээр нэхэмжлэгчийн данс руу 200000 төгрөг, 600000 төгрөг, 30000 төгрөг, 700000 төгрөг, 500000 төгрөг, 500000 төгрөг, 30000 төгрөг, хүүхдийнх нь данс руу 50000 төгрөг, 45000 төгрөг /2-р хавтаст хэргийн 200-201-р хуудсанд байгаа/-ийг  нэхэмжлэгчид өгсөн байгаа юм. Нэхэмжлэгчээс 2010-2012 онд авсан мөнгөнүүдийг нийлүүлээд 2013 оны 3 сарын 6-нд 6500000 төгрөгийг хамгийн сүүлд би нэхэмжлэгчийн данс руу хийгээд 15 сая төгрөгийн өр төлбөр дууссан. Нэхэмжлэгчийн 2013 оны 3 сарын 6-нд гараар бичсэн өр төлбөр, тооцоо дууссан гэсэн нотариатаар батлуулсан баримт хэрэгт авагдсан байгаа. Надад эх хувь нь байна. 2013 оны 3 сарын 6-нд нэхэмжлэгчээс авсан мөнгө дууссан. Би 2014 оны 1 сар, 2 сард өөрийнхөө 5450507088 гэсэн тоот дансаар нэхэмжлэгчээс би 4800000 төгрөг авсан байсан. Нэхэмжлэгчээс 2014 оны 2 сарын 28-нд би мөнгө авахад 2014 оны 3 сарын 26-нд буюу 26 хоногийн дараа мөнгө өгөхгүй байна гээд намайг цагдаад өгсөн. Цагдаагийн газарт асуугдахаасаа өмнө би 1500000 төгрөг өгсөн. Прокурор дээр шалгагдаж байх хугацаанд нэхэмжлэгчид би 900000 төгрөгийг өгсөн. 3300000 төгрөгөөс 900000 төгрөгийг нь өгсөн. Нэхэмжлэгч 900000 төгрөгтэй хот явсан. Нэхэмжлэгчийг хот явсных нь дараа буюу би прокурор дээр асуугдаж байхдаа нэхэмжлэгчийн 5450241016 гэсэн данс руу нь 2400000 төгрөг хийж өр дуусаад 3300000 төгрөгийн өр төлбөр прокурор дээр хаагдсан. Одоо би нэхэмжлэгчид ямар ч өргүй. 5006 гэсэн Наранбаатарын дансаар мөнгө хийсэн гэж нэхэмжлэгч сая ярьж байна. Наранбаатар гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Нэхэмжлэгч Наранбаатарын данс руу мөнгө хийж байсан нь үнэн. Гэхдээ Наранбаатар хэлэхдээ 4 хувийн хүүтэй 15 сая төгрөгийн барьцаанд байраа тавиад нэхэмжлэгч 4 хувийн хүүгийнхээ хүүг нь миний данс руу хийж байсан болохоос Б.Нямжав тэр мөнгийг авч байгаагүй гэж хэлсэн байгаа. Тус байрыг намайг барьцаанд тавиад авсан гэж хэлдэг. Нэхэмжлэгч байраа өөрөө барьцаанд тавиад мөнгөө төлж чадахгүй байсан болохоор Наранбаатар байрыг нь авсан. Миний бие И.Батхишигтийг нэг ч удаа хууран мэхэлж байгаагүй. И.Батхишигтээс мөнгө зээлж авч байсан боловч зээлсэн мөнгөө тухайн үед  бүгдийг нь буцаан төлж барагдуулсан. Одоо миний бие И.Батхишигтэд нэг ч төгрөгийн өргүй.

Иймд нэхэмжлэгч И.Батхишигтийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн үндэслэлийг хэлнэ. Нэхэмжлэгчээс иргэний хэргийн анхан шатны шүүхэд  нэхэмжлэлийн шаардлагаа анх 4 хэсэг байдлаар тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал маань ойлголт нь өөр байх шиг байна. 15 сая төгрөгтэй хамааралтай орон сууцтай холбоотой гэх нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа учраас буцаан авсан гэж ойлгож байна. Бэлэн болон бэлэн бус гүйлгээтэй хамааралтай талуудын хооронд иргэний эрх зүйн ямар харилцаа үүссэн бэ гэж авч үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байгаа. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан эрх зүйн зохицуулалтад хамаарах харилцаа байгаа. Бид нар сая нотлох баримт шинжлэн судлахад хамааралтайгаар нэхэмжлэгчээс бэлнээр өгсөн мөнгөнийхөө дүнг 19400000 төгрөг гэж тодорхойлж байна. Бэлэн бус нь гүйлгээгээ 16938000 төгрөгийн хэмжээнд тодорхойлж байгаа. Бэлэн бус мөнгөнийхээ хэмжээтэй хамааралтайгаар нэхэмжлэгч хуралдаан даргалагчийн асуултанд 4 сая төгрөгийн хариуцагчаас хийгдсэн бэлэн бус гүйлгээг зөвшөөрч байгаа гэж тайлбарласан. Сая бодож үзэхэд 3800000 төгрөг болж байна. Бэлэн мөнгөтэй хамааралтай 19400000 төгрөгийн хувьд хариуцагч 5 сая төгрөгийг л зөвшөөрч байгаа гэдэг агуулгаар маргана. Энэ дүн юугаар нотлогдож байна вэ гэхээр 8500000 төгрөг, 5 сая төгрөг, 3200000 төгрөг, нэг аравны 6 сая төгрөг, нэг аравны 1 сая төгрөг гээд эдгээр дүнгүүдийн нийлбэр нь 19400000 төгрөг болж байгаа. Эдгээр нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас нотолж байгаа нотлох баримт нь нэр бүхий гэрч Баянбаатар, Валя нарын мэдүүлгээр тогтоогдож тодорхойлогдож байна гэж үзэх үндэслэлтэй. Яагаад гэхээр хариуцагч тал эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг няцаасан, татгалзлаа нотолсон нотлох баримтыг өнөөдрийн хэрэгт өгөөгүй байгаа учраас хуульд зааснаар хүлээн зөвшөөрөгдөх нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж байна. Verna авто машинтай холбоотой 9500000 төгрөгийн үнээр анх Баянбаатараас Нямжавд худалдсан байгаа энэ автомашины үнийн дүнг хариуцагч маань өөрт ашигтай байдлаар 8500000 төгрөгийн үнийн дүнтэйгээр зээлийн гэрээ хийсэн гэсэн тайлбарыг хэлдэг болохоос биш өөр ямар ч байдлаар үүнийгээ үгүйсгэсэн, татгалзсан нотлох баримтууд байхгүй. 8500000 төгрөгтэй хамааралтайгаар талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн бэ гэхээр зээлийн гэрээний эрх зүйн харилцаа талуудын хооронд үүсээгүй. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1-д заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжиж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн харилцаа үүсчээ гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

 

Иймээс талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үүргийн харилцаа үүсэж байгаа учраас шүүх талуудын хооронд үүсч байгаа иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлох, мөн үүнтэй холбоотойгоор холбогдох хууль хэрэглээний асуудлыг ярьж байгаа учраас өмгөөлөгч ийм тайлбарыг хийж байгаа юм. Бид нар яагаад 15 сая төгрөгтэй хамааралтай нэхэмжлэлийн шаардлагаа буцаан татаж авч байна вэ гэхээр 6500000 төгрөгийг хариуцагч сая шүүхийн хэлэлцүүлэгт төлчихсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл хэрэгт авагдсан нотариаттай холбоотой хэлцэл хийгдэж байгаа мөн тухайн иргэнээс 6500000 төгрөгийг төлсөн төлбөрийн баримт болон гэрч Валягийн мэдүүлгийг авч үзэх юм бол 6500000 төгрөгийг ямар үндэслэлээр төлсөн бэ гэдэг гүйлгээнийх нь агуулга харагдана.. Сая нотлох баримт шинжлэн судлахад маш тодорхой судалчихсан. Мөнгө мөрөө үлдээдэг болохоор бэлэн болон бэлэн бус мөр бол хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар маш тодорхой авагдсан байгаа. Ингээд хасаад нэмээд олгогдох ёстой мөнгө, төлөгдөх ёстой төлбөр бүрэн байдлаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар болон гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагын хангагдах хэсгээр нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд оруулж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Барсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд: Миний үйлчлүүлэгч Б.Нямжав нь анх энэ иргэний хэрэг үүссэнээс эхлээд өнөөдрийг хүртэл хугацаанд тогтвортой нэг л тайлбар өгдөг. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар хөдлөшгүй нотлогдож байгаа. Өмнөх шүүх хуралдааны шүүгч ноён нуруутай, бодитойгоор шийдвэрлэсэн. Аймгийн давж заалдах шатны шүүх ч гэсэн бодитойгоор л шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүх нарийн хянаж үзээд процессийн алдаа байсан учраас үүнийг засаж залруулах заалт өгсөн. Хэн ч байсан шүүхэд худал мэдүүлэг өгөх, хуурамч нотлох баримт гаргаж өгөх эрх байхгүй. Худал мэдүүлэг өгч, хуурамч нотлох баримт гаргаж өгсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ. Валя гэдэг хүн шүүхэд худал мэдүүлэг өгсөн. Гэхдээ бид нар настай тэгээд эх хүн болохоор хүүхдийнхээ төлөө яахаас ч буцахгүй байх гэж бодоод тэртээ тэргүй үнэлэгдэхгүй нотлох баримт байна гэж үзсэн учраас энэ дээр асуудал гаргаагүй. Байрны 15 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэдэг утгаар ойлгоно. Шүүх тоглоом биш. Нэг өмгөөлөгч авахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд бай гэж хэлээд авна гээд дайраад байдаг. Дахиад өөр өмгөөлөгч авахаар нэхэмжлэлийн шаардлагаасаа буцаагаад авчих, наадах чинь ерөөсөө явахгүй юм байна гэж хэлэхээр би буцаагаад авъя гээд байдаг. Хууль мэдэхгүй учраас ийм байдалд орж байна. Хариуцагчийг солих нь нэхэмжлэгчийн эрх. Тиймээс би хариуцагчийг сольж байна гэж ойлгож байгаа. Хариуцагч нь Нямжав биш гэдгийг нэхэмжлэгч ухаараад ойлгочихсон байна.

Эдгээр нотлох баримтаар хөдлөшгүй нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийг 100 хувь хэрэгсэхгүй болгох хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа гэв. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж орж ирж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь нийт 36338000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж орж ирсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Заяацэцэгийн дансаар орсон 4500000 төгрөг, Отгонцэцэгийн дансаар орсон 4060000 төгрөг, Отгончулуун дансаар орсон 1600000 төгрөг, Галсанжавын дансаар орсон 150000 төгрөг, нийт 10310000 төгрөг дансаар орж ирсэн. 2010 оны 12 сарын 19-нд бэлнээр 5 сая төгрөг авсан. Дансаар нийт 10310000 төгрөг, бэлнээр 5 сая төгрөг, нийт 15310000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан гэж хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байна. Харин хариуцагч нэхэмжлэгчид 2010-2012 онд Отгонцэцэгийн дансаар 2240000 төгрөг, Мөнхцэцэгийн дансаар 12500000 төгрөг, хариуцагчийн дансаар 2655000 төгрөг, нийт 17395000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн баримт хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч нь хариуцагчаас Золцэцэгийн дансаар 16000 төгрөг, Баярсайханд машины сэлбэг гэж 2012 оны 1 сарын 16-нд 200000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, мөн Наранбаатарын дансаар 4125000 төгрөг, мах авах гэж бэлнээр 3200000 төгрөг, Валягийн тэтгэврийн зээл 1100000 төгрөг, машины 8500000 төгрөг, Галсанжавын дансаар орж ирсэн 1 сая төгрөг, Валягийн тэтгэврийн зөрүү 1600000 төгрөгийг хариуцагч өөрийнхөө тооцоогоор нийт 15410000 төгрөгийг үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа. Яагаад ингэж гарч байна вэ гэхээр хариуцагч машины 8500000 төгрөгөөс 5 сая төгрөгийг л бэлнээр авсан. Бусдаар 8500000 төгрөгийг зээлж аваагүй гэж хэлдэг. Үлдэгдэл 3500000 төгрөг нь хариуцагчид өөрт нь байсан учраас өөрөө төлсөн. 2010-2012 онд зээлсэн бүх мөнгөө төлж дууссан гэж тайлбарладаг. Энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.Батхишигт нь хариуцагч Б.Нямжавт холбогдуулж үндсэн нэхэмжлэлийн шаардлага 47738000 /дөчин долоон сая долоон зуун гучин найман мянга/ төгрөг, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 3600000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөг нийт 51338000 /тавин нэгэн сая гурван зуун гучин гурван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцтай холбоотой гэх 15000000 /арван таван сая/ төгрөгийн шаардлагыг буцаан татаж, хариуцагчаас 36338000 /гучин зургаан сая гурван зуун гучин найман мянга/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Б.Нямжав нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 15000000 /арван таван сая/ төгрөгийг татан авч байгаа нь нэхэмжлэлийн шаардлага 15000000 /арван таван сая/ төгрөгөөс  татгалзаж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх, түүнийг дэмжих эсэх мөн татгалзах эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал тул шүүх хүсэлтийг хүлээн авсан.

Иймд нэхэмжлэгчийн буцаан татан авч байгаа 15000000 төгрөгт ногдох нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт /шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал нэхэмжлэгч хариуцахыг шүүхийн шийдвэрт заана гэжээ/ зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч И.Батхишигт, хариуцагч Б.Нямжав нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 / Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ./ дэх хэсэгт заасан зээлийн гэрээ амаар байгуулагдсан болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан зохигчийн болон П.Отгончулуун, Э.Золцэцэг, Э.Заяацэцэг, Э.Отгонцэцэг, Г.Мөнхцэцэг, Б.Галсанжав нарын  ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Э.Заяацэцэгийн дансаар 5450000, Э.Отгонцэцэгийн дансаар 3060000 төгрөг, Э.Золцэцэгийн дансаар 16000 төгрөг, П.Отгончулууны дансаар 1600000 төгрөг, Б.Нямжавын өөрийн эзэмшлийн дансаар 4870000 төгрөг, Галсанжавын дансаар 150000 төгрөг, 1000000 төгрөг,  Д.Баярсайханы дансаар 200000 төгрөг, Наранбаатарын дансаар 4120000 төгрөг, бэлнээр 5000000 төгрөг, 1100000 төгрөг, 1600000 төгрөг, Verna маркийн машин худалдан авахад нь 8500000 төгрөгийг тус тус өгсөн гэх бөгөөд нийт 36338000 /гучин зургаан сая гурван зуун гучин найман мянга/ төгрөгийг нэхэмжилдэг. Хариуцагч Б.Нямжав дээрхи нэхэмжлэлийн шаардлагаас бэлнээр 5000000 төгрөг,  Э.Заяацэцэг, Э.Отгонцэцэг, Д.Отгончулуун, Галсанжавын нарын дансаар шилжүүлсэн гэх мөнгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд 2013 оны 3 сарын 6-нд нэхэмжлэгч И.Батхишигтэд өгвөл зохих бүх мөнгийг өгч өр авлагын тооцоо дууссан. Нэхэмжлэгчээс гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагаас Ц.Наранбаатарын данс руу шилжүүлсэн гэх 4120000 төгрөг, Д.Баярсайханы данс руу шилжүүлсэн гэх 200000 төгрөг, бэлнээр өгсөн гэх 1100000 төгрөг, 1600000 төгрөг, 3200000 төгрөг, Verna маркийн машин худалдан авахад нь 8500000 төгрөг, Галсанжавын данс руу шилжүүлсэн гэх 1000000 төгрөгийг аваагүй гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгчээс 4120000 /дөрвөн сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг Ц.Наранбаатарын данс руу шилжүүлснийг хариуцагч авсан гэх боловч Ц.Наранбаатарын данс руу шилжүүлсэн 4120000 төгрөгийг хариуцагч Б.Нямжав авсан болох нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.Баярсайханы данс руу 200000 /хоёр зуун мянга/ төгрөг шилжүүлж хариуцагчийн машинд их гэрэл авч өгсөн гэдэг нь мөн хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Verna маркийн машин худалдан авахад нь 8500000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагчийн өмнөөс нэхэмжлэгч төлсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд 0161477 гаальтай Verna маркын автомашиныг 8500000 /найман сая таван зуун мянга/  төгрөгөөр Н.Баянбаатараас И.Батхишигт худалдан авсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 13-р хуудсанд авагдсан 2010 оны 12 сарын 19-нд И.Батхишигт, Н.Баянбаатар нарын  хооронд байгуулагдсан машин Худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдож байна. Нэхэмжлэгч нь тухайн машиныг 2010 оны 12 сарын 29-нд хариуцагч Б.Нямжавт шилжүүлсэн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 40-р хуудсанд авагдсан Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар нотлогдож байна. Гэвч нэхэмжлэгчээс ямар хэлцлийн үндсэн дээр Verna маркийн машиныг хариуцагчид шилжүүлсэн нь тодорхойгүй байна.

Галсанжавын данс руу шилжүүлсэн гэх 1000000 /нэг сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, дээрхи шаардлагыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчид бэлнээр өгсөн гэх 1100000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг, 1600000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг, махны үнэ 3200000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагууд бичгийн нотлох баримтаар хэрэгт авагдаагүй боловч гэрч А.Валя ‘’Нямжав мах авах гэсийн гээд 3200000 төгрөгийг Батхишигтээс зээлж авсныг харсан гэх. Б.Нямжав нь 2011 оны 7 сарын 9-нд 600000 /зургаан зуун мянга/ төгрөг, 2012 оны 7 сарын 10-нд 500000 /таван зуун мянга/ төгрөг нийт 1100000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг Батхишигтийн дансаар дамжуулж авсан гэх. Дундговь аймгийн Нийгмийн даатгалын дотор байдаг Хаан банкнаас Нямжав нь Батхишигтийн тэжээгчээ алдсаны тэтгэмж 800000 /найман зуун мянга/ төгрөг, группийн зөрүү 800000 /найман зуун мянга/ төгрөг нийт 1600000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг Батхишигтээс зээлж авсан’’ гэх мэдүүлгийг 2017 оны 2 сарын 6-ны өдөр өгсөн байна.

Нэхэмжлэгчийн тайлбарт 1100000 /нэг сая зуун мянга/ төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн гэж тайлбарладаг гэвч гэрч Валя 1100000 /нэг сая зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгчийн дансаар дамжуулж хариуцагчид өгсөн гэж гэрчилж байна. Иймд 1100000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг хариуцагчид бэлнээр эсхүл дансаар өгсөн нь тодорхойгүй байна.

Хариуцагч Б.Нямжав нь нэхэмжлэгч И.Батхишигтээс 2010 оноос 2012 оны хооронд бэлэн болон бэлэн бусаар мөнгө авч байсан гэдэг нь хэрэгт авагдсан Дундговь аймгийн ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд болон зохигчийн тайлбараар нотлогддог.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас  2013 оны 3 сарын 6-ны өдрийн байдлаар 15000000 /арван таван сая/ төгрөг авах байснаас 15000000 /арван таван сая/ төгрөгийг хүлээн авч өр авлагын тооцоо дууссан болох нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нэхэмжлэгчийн бичиж гарын үсэг зурж 231 дугаартай нотариатчаар батлуулсан тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 161-р хуудас/-оор нотлогдож байна. Энэхүү баримтыг нэхэмжлэгч И.Батхишигт өөрийн гараар бичсэн болохоо шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байгаа бөгөөд Дундговь аймгийн тойргийн нотариатчаар гэрчлүүлсэн байх тул нэхэмжлэгчийг дарамталж хүчээр гарын үсэг зуруулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Валягийн хэрвээ гарын үсэгээ зурахгүй бол бид нар ямарч мөнгө өгөхгүй гэж дарамталсан, Б.Нямжаваас 15000000 /арван таван сая/ төгрөгийн баримт үйлдэгдээгүй, Мөнхсайхан гэдэг хүнээс манай байрны мөнгийг төлөх зориулалтаар 6500000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг Батхишигтийн дансанд орж ирсэн гэх мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл болж байх тул 2013 оны 3 сарын 6-ны өдөр хариуцагчийн төрсөн эгч Г.Мөнхцэцэгийн хамтран эзэмшдэг 5011003399 тоот Ц.Мөнхсайханы данснаас 6500000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлснээр /3-р хавтаст хэргийн 31-р хуудас/ зохигчийн хоорондох өр авлагын тооцоо дууссан болох нь тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Нямжавын 5450507088 данс руу шилжүүлснээс бусад шаардлага /Э.Заяацэцэгийн дансаар 5450000, Э.Отгонцэцэгийн дансаар 3060000 төгрөг, Э.Золцэцэгийн дансаар 16000 төгрөг, П.Отгончулууны дансаар 1600000 төгрөг, Галсанжавын дансаар 150000 төгрөг, 1000000 төгрөг,  Д.Баярсайханы дансаар 200000 төгрөг, Наранбаатарын дансаар 4120000 төгрөг, бэлнээр 1100000 төгрөг, 1600000 төгрөг, 3200000 төгрөг, Verna маркийн машин худалдан авахад нь 8500000 төгрөг өгсөн гэх/ нь 2010-2012 оны хооронд зохигчийн хооронд өгөлцөж, авалцаж байсан мөнгөний тооцоо байх тул эдгээр шаардлагууд нь 231 дугаартай нотариатчаар батлуулсан 1-р хавтаст хэргийн 161-р хуудсанд авагдсан И.Батхишигтийн гаргасан өр авлагын тооцоо дууссан тодорхойлолтоор үгүйсгэгдэж байна.

Хариуцагч нь 2013 онд нэхэмжлэгч И.Батхишигтээс мөнгө зээлээгүй гэх ба 2014 оны 1-2 сарын хооронд 4800000 төгрөгийг зээлж авсан болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн баримт болон хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тус тус нотлогджээ. Үүнээс 1500000 төгрөгийг өгсөний дараа нэхэмжлэгч И.Батхишигт нь надаас 3300000 төгрөгийг нэхэж Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан” гэх хариуцагчийн тайлбар нь хэрэгт ирүүлсэн Дундговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2014 оны 4 сарын 1-ний өдрийн 5/86 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай тогтоол, мөн Прокурорын газрын прокурорын 2014 оны 4 сарын 14-ний өдрийн 5/05 дугаартай байцаан шийтгэх ажиллагааны оролцогчоос гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол /хх-ийн 157-160-рт/, зохигчийн тайлбараар нотлогдож байх тул 2014 оны 3 сарын 26-ны өдрийн байдлаар хариуцагч Б.Нямжав нь нэхэмжлэгч И.Батхишигтэд 3300000 төгрөгийг өгөх ёстой байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч 2014 оны 4 сарын 1-нд 450000 төгрөгийг Э.Отгонцэцэгийн дансаар,  2014 оны 4 сарын 11-нд 1200000 төгрөгийг Э.Зулцэцэгийн дансаар, 2014 оны 4 сарын 15-нд 300000 төгрөг, 400000 төгрөг нийт 700000 төгрөгийг хариуцагч өөрөө нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн байх бөгөөд нийт 2400000 төгрөгийг  нэхэмжлэгчийн харилцах дансанд төлсөн болох нь хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 60-61-рт/ гэх баримтаар нотлогджээ.

Харин үлдэх 900000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид бэлнээр төлсөн гэх боловч нэхэмжлэгч түүнийг аваагүй гэх тайлбарыг гаргаж байх ба ийнхүү төлснийг нотлох баримт хэрэгт байхгүй байгаа тул 900000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Хэрэгт цугларсан бичгийн баримтаар хариуцагч Б.Нямжав нь нэхэмжлэгчээс зээлсэн гэх мөнгийг төлж, 900000 төгрөгийг төлөөгүй үлдсэн болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэргийн 46, 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56,  57, 58, 59,  176-189, 202 дахь талд авагдсан бичгийн баримтууд нь хэрэгт хамааралгүй баримт байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураажинд төлсөн 474190 төгрөгөөс нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох 469190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 26150 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 218 дүгээр зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Нямжаваас 900000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Батхишигтэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 5000 төгрөг, хариуцагчаас 26150 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ХИШИГДЭЛГЭР