Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00182

 

И.Бийн нэхэмжлэлтэй

иргэнийхэргийнтухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны04дүгээрсарын17-ныөдрийн139/ШШ2017/00140дүгээршийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 216/МА2017/00017 дугаар магадлалтай,

И.Бийн нэхэмжлэлтэй

Б.Нт холбогдох

51338000 /тавин нэгэн сая гурван зуун гучин найман мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч И.Бийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч И.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Н нь 2014 оны 01 сарын 28-нд намайг Улаанбаатар хотод явж байхад 88111523 дугаартай утсаар холбогдон найз нь хүний эд зүйл ломбарданд тавьсан алдах гээд байна туслаач гэж 4800000 төгрөгийг дахин зээлж, урьд өмнө нь зээлсэн мөнгөө нийлүүлээд 2014 оны 04 сарын 10-нд бүгдийг төлье гэж тохирсон. Тухайн 4800000 төгрөгийг авахдаа Дундговь аймгийн ХААН банкны ажилтан найз эмэгтэйгээрээ иргэн миний эзэмшлийн ХААН банкан дахь дансны мэдээллийг шалгуулж хууран мэхэлж зээлж авсан. Миний эзэмшлийн дансны мэдээлэлд дур мэдэн орж гадагш мэдээлж, дансны мэдээллийн нууцад нэвтэрсэн болох нь 2015 оны 12 сард Аудитын газрын шалгалтаар тогтоогдсон. Мөн 2011 оны 07 сарын 09-нд нотариатын гэрээ хийсний дагуу байрны урьдчилгаа 3000000 төгрөг шилжүүлсэн. Б.Н нь иргэн надаас нийт 66238000 төгрөгийг зээлж авсан. Үүнээс 18500000 төгрөгийг төлсөн. 2011 оны 07 сард Дундговь аймгийн Хас банкнаас зээл авах гэж найздаа зуучилж Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 14-р байрны 15 тоот /17,95 м2/ байраа барьцаанд тавихыг хүсч аман хэлцэл хийж байрыг минь барьцаанд тавиулж 15000000 төгрөг цувуулж өгсөн. 2014 оны 04 сард 3500000 төгрөгийг мөн цувуулж өгсөн. Б.Н нийтдээ 66238000 төгрөг зээлж, 18500000 төгрөгийг эргүүлэн төлсөн боловч үлдэгдэл 47738000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжилж байна гэжээ. 

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Н нь өөрийн төрсөн дүү Э.Оийн эзэмшлийн ХААН банкин дахь 5084074637 тоот дансаар 1000000төгрөгийг 2012.08.16-нд, өөрийн төрсөн ах Б.Гын дансаар 1000000 төгрөгийг, 2011.10.20-ндбэлнээр 1600000 төгрөг, нийт 3600000 төгрөгийг зээлж аваад одоог хүртэл эргүүлэн төлөхгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа 3600000 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч И.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Н нь эгч, дүү, найз нарынхаа дансаар болон бэлнээр мөнгө зээлж авч байснаа аль ч шатны шүүх дээр хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэлийн шаардлагад орсон мөнгөн дүнгээс орон сууцтай холбоотой гэх 15000000 төгрөгийг буцаан татаж үлдэх 36338000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. 5465032028 гэсэн Заяацэцэгийн дансаар 5450000 төгрөг, 5084074637 гэсэн Э.Оийн дансаар 2060000 төгрөг, 5450337773 гэсэн Золцэцэгийн дансаар 16000 төгрөг, хариуцагчийн найз Отгончулууны 5076213618 гэсэн дансаар 1600000 төгрөг, 5450507088 гэсэн Б.Нын дансаар 4870000 төгрөг, 5450269698 гэсэн хариуцагчийн төрсөн ах Галсангийн дансаар 150000 төгрөг, Баярсайханы дансаар 200000 төгрөг, 5006423945 гэсэн хариуцагчийн найз Наранбаатарын дансаар 4 120000 төгрөг, Б.Н бэлнээр 5.0 сая төгрөг авснаа бүх шатны шүүхэд хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч мах авах гэж 2012 оны 3 сарын 15-нд 3 200000 төгрөг авсан. Үүнийг гэрч Валя гэдэг хүн гэрчилсэн, мөн гэрч Валягийн тэтгэврийн зээлийг авахуулж 1100000 төгрөг авсан. Мөн 8500000 төгрөгөөр машин худалдах, худалдан авах гэрээ хийгээд хариуцагчийн өмнөөс би 8500000 төгрөгийн төлбөр хийсэн тухай гэрч Баянбаатар гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Мөн худалдах, худалдан авах гэрээ, Автотээврийн үндэсний төвийн лавлагааны хамт 2010 оны 12 сарын 19-нд 8500000 төгрөгийн төлбөр хийгдсэн байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагаар 5084074637 гэсэн Э.Оийн дансаар 1.0 сая төгрөг, хариуцагчийн төрсөн ах Галсангийн дансаар 1.0 сая төгрөг, тэтгэврийн зөрүүн дээр буюу Хаан банкин дээр бэлнээр 1600000 төгрөг /үүнийг гэрч Валя гэрчилсэн байгаа/, нийт 36338000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд орон сууцны 15 сая төгрөг ороогүй байгаа гэжээ.

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 66238000 төгрөг гэж би амьдралдаа ийм их мөнгө барьж үзээгүй. 2010 оны 12 сарын 19-нд машины 8500000 төгрөг авсан гээд нэхэмжлэл дээрээ бичсэн байна. Би энэ мөнгийг аваагүй. 2010 оны 12 сарын 19-нд Би Баянбаатар гэж хүнээс машин авах гээд нэхэмжлэгчээс 5.0 сая төгрөг авсан юм. Яагаад 5.0 сая төгрөг авсан бэ гэхээр нэхэмжлэгчийн 5450241016 гэсэн данс руу манай эгч Г.Мөнхцэцэг 2.0 сая төгрөг хийсэн. Нэхэмжлэгчийн дансны хуулган дээр байгаа. Э.Оийн дансаар би нийт 4060000 төгрөг авсан. Дүү Заяацэцэгийн 5465032028 гэсэн дансаар 4500000 төгрөг, 2012 оны 5 сарын 16-нд 950 000 төгрөг, найз Отгончулууны дансаар 1600000 төгрөг, ах Галсангийн дансаар 2011 оны 9 сарын 15-нд 150000 төгрөг, 2010 оны 12 сард машин авах гэж бэлнээр 5.0 сая төгрөг авсан, нийт 15860000 төгрөг авсан. 2010-2012 оны хооронд дээрх мөнгөнүүдийг авсан. 15860000 төгрөг аваад дараах мөнгийг төлсөн. Үүнд: Дүү Э.Оийн дансаар 2011 оны 11 сарын 15-нд 700000 төгрөг, 2012 оны 8 сарын 18-нд 240000 төгрөг /гэхдээ энэ мөнгийг би нэхэмжлэгчийн хүү болох Билгүүний данс руу хийсэн/, 2012 оны 8 сарын 31-нд 500000 төгрөг /мөн нэхэмжлэгчийн хүү болох Билгүүний данс руу хийсэн/, 2011 оны 10 сарын 31-нд 800000 төгрөг /би дүү Э.Оийн данснаас нэхэмжлэгчийн данс руу хийсэн/, эгч Мөнхцэцэгийн 5011003399 гэсэн дансаар 2.0 сая төгрөг /2-р хавтаст хэргийн 177-р хууд. байгаа/, 4.0 сая төгрөг, 6500000 төгрөг /3-р хав. хэргийн 31-р хууд. байгаа/, би өөрийнхөө нэрээр нэхэмжлэгчийн данс руу 200000 төгрөг, 600000 төгрөг, 30000 төгрөг, 700000 төгрөг, 500000 төгрөг, 500000 төгрөг, 30000 төгрөг, хүүхдийнх нь данс руу 50000 төгрөг, 45000 төгрөг /2-р хав хэргийн 200-201-р хуудсанд байгаа/-ийг нэхэмжлэгчид өгсөн байгаа юм. Нэхэмжлэгчээс 2010-2012 онд авсан мөнгөнүүдийг нийлүүлээд 2013 оны 3 сарын 6-нд 6500000 төгрөгийг хамгийн сүүлд би нэхэмжлэгчийн данс руу хийгээд 15.0 сая төгрөгийн өр төлбөр дууссан. Нэхэмжлэгчийн 2013 оны 3 сарын 6-нд гараар бичсэн өр төлбөр, тооцоо дууссан гэсэн нотариатаар батлуулсан баримт хэрэгт авагдсан байгаа. Надад эх хувь нь байна. 2013 оны 3 сарын 6-нд нэхэмжлэгчээс авсан мөнгө дууссан.Би 2014 оны 1 сар, 2 сард өөрийнхөө 5450507088 гэсэн тоот дансаар нэхэмжлэгчээс би 4800000 төгрөг авсан байсан. Нэхэмжлэгчээс 2014 оны 2 сарын 28-нд би мөнгө авахад 2014 оны 3 сарын 26-нд буюу 26 хоногийн дараа мөнгө өгөхгүй байна гээд намайг цагдаад өгсөн. Цагдаагийн газарт асуугдахаасаа өмнө би 1500000 төгрөг өгсөн. Прокурор дээр шалгагдаж байх хугацаанд нэхэмжлэгчид би 900000 төгрөгийг өгсөн. 3300000 төгрөгөөс 900000 төгрөгийг нь өгсөн. Нэхэмжлэгч 900000 төгрөгтэй хот явсан. Нэхэмжлэгчийг хот явсных нь дараа буюу би прокурор дээр асуугдаж байхдаа нэхэмжлэгчийн 5450241016 гэсэн данс руу нь 2400000 төгрөг хийж өр дуусаад 3300000 төгрөгийн өр төлбөр прокурор дээр хаагдсан. Одоо би нэхэмжлэгчид ямар ч өргүй. 5006 гэсэн Наранбаатарын дансаар мөнгө хийсэн гэж нэхэмжлэгч сая ярьж байна. Наранбаатар гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Нэхэмжлэгч Наранбаатарын данс руу мөнгө хийж байсан нь үнэн. Гэхдээ Наранбаатар хэлэхдээ 4 хувийн хүүтэй 15.0 сая төгрөгийн барьцаанд байраа тавиад нэхэмжлэгч 4 хувийн хүүгийнхээ хүүг нь миний данс руу хийж байсан болохоос Б.Н тэр мөнгийг авч байгаагүй гэж хэлсэн байгаа. Тус байрыг намайг барьцаанд тавиад авсан гэж хэлдэг. Нэхэмжлэгч байраа өөрөө барьцаанд тавиад мөнгөө төлж чадахгүй байсан болохоор Наранбаатар байрыг нь авсан. Миний бие И.Бийг нэг ч удаа хууран мэхэлж байгаагүй. И.Бээс мөнгө зээлж авч байсан боловч зээлсэн мөнгөө тухайн үед бүгдийг нь буцаан төлж барагдуулсан. Одоо миний бие И.Бэд нэг ч төгрөгийн өргүй. Иймд нэхэмжлэгч И.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 139/ШШ2017/00140 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 218 дүгээр зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Наас 900000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Бэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 5000 төгрөг, хариуцагчаас 26150 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 216/МА2017/00017 дугаар магадлалаар Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 139/ШШ2017/00140 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар ... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Нэхэмжлэгч И.Б нь Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 139/Ш32017/00659 тоот шүүгчийн захирамжаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаасчөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч И.Б хяналтын гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 139/ШШ2017/00140 дугаартай шийдвэр, Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 216/МА2017/00017 дугаартай магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.Анхан шатны болон Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 51 338 000 төгрөг гэж тодорхойлсон боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдааны эхэнд орон сууцтай хамааралтай гаргасан 15,0 /арван таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийг зөв тодорхойлсны үндсэн дээр дахин гаргахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан үндэслэлээр татан авах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн талаар дурдсан төдийгүй хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно. Гэсэн ч шийдвэрт нэхэмжлэгч нь 15 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа мэтээр дүгнэж, холбогдох тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэргийн 161 дугаар хуудсанд авагдсан өр авлагын тооцоо дууссан гэх тодорхойлолт нь зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа буцаан татан авсан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай баримт атал шүүх энэхүү баримтыг үнэлэхдээ үлдэх 36 338 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад хамааруулж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...хариуцагч Б.Н дээрхнэхэмжлэлийн шаардлагаас бэлнээр 5 000 000 төгрөг, Э.Заяацэцэг, Э.О, Э.Золцэцэг, Д.Отгончулуун, Б.Г нарын дансаар шилжүүлсэн мөнгийг хүлээн зөвшөөрдөг, “...хариуцагч Д.Б.Н нь нэхэмжлэгч И.Бээс 2010 оноос 2012 оны хооронд бэлэн болон бэлэн бусаар мөнгө авч байсан гэдэг нь хэрэгт авагдсан Дундговь аймгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд болон зохигчийн тайлбараар нотлогддог”,мөн гэрч А.Валя, Н.Баянбаатар нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэсэн атал нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан ямар баримтад үндэслэсэн нь тодорхойгүй байна.Мөн анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгааг хэргийн оролцогчийн хувьд нэхэмжлэгч тал ойлгохгүй байгаа бөгөөд цаашид нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргах эрхийг хаасан ноцтой зөрчил гэж үзэж байгаа төдийгүй 900 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдал нь тус шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 139/ШШ2016/00134 дугаар /хүчингүй болсон/ шийдвэрийг хуулбарлах байдлаар гаргасан үйлдэл гэж үзэж байна.Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ 2010-2014 оны хооронд нийт 36338000 төгрөг хариуцагчид зээлдүүлсэн, үүнийг төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба 18978000 төгрөг төлөгдсөн, 16460000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилсэн гэж дүгнэсэн. Шүүх ямар баримтыг үндэслэж ийнхүү дүгнэсэн нь тодорхойгүйн сацуу 35438000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо ямар баримтад үндэслэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Иймд Дундговь аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 139/ШШ2017/00140 дугаартай шийдвэр, Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 216/МА2017/00017 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

       Нэхэмжлэгч И.Б нь хариуцагч Б.Нд холбогдох зээлийн үүрэг хангуулах тухай нэхэмжлэлийг Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016  оны 2 дугаар сарын 18-ны өдөр гаргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар хариуцагчаас 900 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.           

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...шүүх хуралдаан дээр 15 000 000 төгрөгийн нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасан байхад шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэснээр дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан..., шүүх нотлох баримтыг бүрэн дүгнэж чадаагүй ...Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянасан үндэслэл тодорхой бус...” тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэсэн гомдлыг гаргажээ. 

            1.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, уг алдааг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл И.Б нь Б.Наас зээл 47 438 000 төгрөг  гаргуулах нэхэмжлэлийг анх гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3 600 000 төгрөгөөр нэмэгдүүлж 51 338 000 төгрөгийн шаардлагыг гаргасан, үүний дараа нэхэмжлэлээ багасгаж 36 338 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байх ба шүүх 51 338 000 төгрөгийн нэхэмжлэлийн талаар шийдвэрлэжээ./хх01-1,2, 2 дугаар хавтас хуудас 82, 3 дугаар хавтас хуудас 64/

Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, уг хүсэлтэд “... 51 338 000 төгрөг гаргуулах шаардлагаас орон сууцтай холбоотой гэх 15 000 000 төгрөгийн шаардлагыг энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа бөгөөд учир нь: нэхэмжлэгчийн хувьд хариуцагч этгээдийг зөв тодорхойлсны үндсэн дээр тусдаа шүүхээр дахин шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул 15 000 000 төгрөгтэй холбоотой  нэхэмжлэлийг хэлэлцүүлэхгүй буцаан авч байгааг шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хх-3-64/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр “...нэхэмжлэгч сая байрны асуудлаа тусдаа шийдвэрлүүлнэ гээд буцаад авсантай хамааралтайгаар 6 500 000 төгрөг байртай холбоотой гэж тогтоогдох юм бол энэ мөнгөнөөс хасч тооцогдоно... Байрны мөнгө хамаагүй гэх юм бол нөгөө байрны мөнгөн дээр давхар төлөх нөхцөл байдал үүсэх гээд байна.Тэгэхээр та энэ хоёр нөхцлийн алийг зөвшөөрч байгаа юм бэ...” гэж хариуцагчаас асуусан /хх-79/, шүүх хуралдаан даргалагч “Байрны асуудал нэхэмжлэлийн шаардлагаас хасагдчихсан учраас нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай зүйлээ асууя” гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчид сануулсан баримт /хх-3-80/ -аас үзэхэд нэхэмжлэлээс 15 000 000 төгрөгний шаардлагыг шүүх хэрхэн дүгнэсэн, зохигчид энэ асуудлаар мэтгэлцсэн эсэх, уг нэхэмжлэлийг хэлэлцэж шийдвэрлэсэн гэж үзэх эсэх талаар тодорхой бус байдлыг бий болгожээ.

Шүүх 51 338 000 төгрөгийн нэхэмжлэлийн хүрээнд шийдвэр гаргасан ба хэрэв нэхэмжлэлийг багасгасан бол шүүх нэхэмжлэлийг багасгасан шаардлагын хэмжээнд шийдвэрлэх бөгөөдэнэ тохиолдолд нэхэмжлэгч нь 15 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хариуцагчид холбогдуулж дахин гаргах эрхээ алдана. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ хэсгийг буцаан авч, дахин гаргах агуулга байгаа бол шүүх энэ талаар тодруулж, тодорхой болгох нь зүйтэй байжээ. Нөгөө талаар нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах, эвлэрэх эрхтэй боловч үүнийгээ тодорхой, ойлгомжтой болгох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

2.Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаснаар, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх харьяалалын дагуу хэргийг хүлээн авсан байна. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хоёр удаа гаргасан, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 218/ЗТ2017/00005 тоот тогтоолоор хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, харин Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 218/ШТ2017/00004 тоот тогтоолоор ерөнхий шүүгчийг татгалзан гаргах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 218/ЕШ2017/00019 дүгээр захирамжаар хэргийг адил шатны өөр шүүхэд буюу Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн байна. Иймд Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн үндэслэл тодорхой бус гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй тул хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5  дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 139/ШШ2017/00140 дүгээр шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 216/МА2017/00017 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА