Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2024/00038

 

Ц ийн нэхэмжлэлтэй

        иргэний хэргийн тухай          

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                               

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 148/ШШ2023/00619 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 208/МА2023/00057 дугаар магадлалтай,                                                                                                    

Ц ийн нэхэмжлэлтэй,

Т д холбогдох

Гар утас худалдан авахаар шилжүүлсэн 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц э, өмгөөлөгч Б.Оюунсүрэн, хариуцагч Т , өмгөөлөгч Ж.Энхтуяа, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц э нь хариуцагч Т д холбогдуулан гар утас худалдан авахаар шилжүүлсэн 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 148/ШШ2023/00619 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1, 211 дүгээр зүйлийн 211.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р ийн хариуцагч Т д холбогдуулан гаргасан гар утас худалдан авахаар шилжүүлсэн 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1622 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн дансны гүйлгээг битүүмжилсэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

3.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 208/МА2023/00057 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 148/ШШ2023/00619 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч Ц ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.25-ны өдрийн 148/ШШ2023/00619 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.20-ны өдрийн 208/МА2023/00057 дугаар магадлалтай иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухай. Анхан шатны шүүх хуралдааны үеэр хариуцагчийн өмгөөлөгч болон шүүгчээс миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р ээс “та Ц-тэй ямар холбоотой болоод итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа вэ?" гэж асуусан тухай, мөн Давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр илтгэгч шүүгч "... итгэмжлэгдсэн төлөөлөгч ороод бужигнуулаад байгаа юм байна" гэж хэлсэн тухай төлөөлөгч, өмгөөлөгчөөсөө сонслоо. Энэ талаар шүүх хурлуудын бичлэгийг үзэхийг хүсэж байна. Би нотариат дээр очиж Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан төлөөлүүлэгчийн бүх эрх, үүргээ олгосон. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэнийг ч өөрийн төлөөлөгчөөрөө оролцуулж, хуульд заасан эрх, үүргээ нотариатаар гэрчлүүлж олгох эрхтэй байтал итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа миний төлөөлөгчөөс надтай ямар харилцаа хамааралтай болохыг асуугаад байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзэж байна. Иймд би өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р-ээс татгалзаж, өөрийн биеэр хяналтын гомдлыг гаргахад хүрлээ.

Шүүх нэхэмжлэгч миний үүсгэсэн иргэний хэргийн шаардлагыг шийдвэрлэлгүйгээр нэхэмжлэлийн хүсэл зориг, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж дүгнэлт гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Шүүх хариуцагч нь нэхэмжлэгчээс бусадтай байгуулсан хэлцлийн дагуу шилжүүлсэн мөнгийг зөвхөн дамжуулах хэлбэрээр оролцсон гэж дүгнэжээ. Янз бүрийн бараа бүтээгдэхүүний захиалга авч нийлүүлдэг, онлайн худалдаа хийдэг гэх “...” ...", “...", “...”, “...’’ гэсэн фэйсбүүкээр дамжуулж би гар утасны захиалга хийсэн. Би энэ хүмүүстэй нүүр тулж уулзаж байгаагүй, зөвхөн фэйсбүүкээр холбогдож урд нь олон иргэдээс бараа бүтээгдэхүүний захиалга авч нийлүүлж байсан гэсэн зарлалын дагуу, түүнд итгэж барааны захиалга өгсөн. "Хас банкны ... Т гийн данс руу төлбөрөө 100% шилжүүлснээр захиалга баталгаажна” гэсэн зарлалын дагуу солонгос улсаас гар утаснууд захиалж, худалдаж авахаар дээрх фейсбүүкийн “админ” Т д 37,500,000 төгрөгийг 2022.09.08-ны өдөр шилжүүлсэн. Барааны захиалгын дагуу мөнгө шилжүүлж авсан Т  нь монголоос захиалсан хүмүүсийн барааг өгөх үүрэгтэй гэж бодож, тавьсан зарлалд нь итгэж мөнгөө өгсөн байхад, хариуцагч цааш нь бусдад мөнгийг шилжүүлсэн байна гэж дүгнээд байгаад үнэхээр гайхаж байна. Би гар утасны бизнес эрхэлдэг хүн. 37,500,000 төгрөгийг би 1,5 жилийн хугацаанд эргэлдүүлж, ашиг олох боломжтой байсан. Гэтэл өнөөдөр миний мөнгө ч алга, захиалсан бараа ч ирсэнгүй, 1,5 жил боллоо. Нэгэнт захиалсан гар утаснууд ирэхгүй байгаа болохоор шилжүүлсэн мөнгөө буцаан авахаар удаа дараа хэлж байгаа боловч мөнгийг маань өгөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх намайг Т гийн төрсөн эгч гэх ...тэй Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ" гэж дүгнээд хариуцагч Т г хүчээр хариуцлагаас чөлөөлсөн байна. Би ... гэх хүнтэй ямар ч худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт хамааралгүй хүний нэрийг заан, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж, миний зөрчигдсөн эрхийг сэргээгээгүйд гомдолтой байна. Би Т д 37,500,000 төгрөг шилжүүлсэн, үүнтэй хэн ч маргаагүй. Захиалсан бараа ирээгүй тул хариуцагчаас би шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах эрхтэй гэж бодож байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.25-ны өдрийн 148/ШШ2023/00619 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.20-ны өдрийн 208/МА2023/00057 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024.02.07-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00219 тогтоолоор нэхэмжлэгч Ц ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Ц хариуцагч Т-д холбогдуулан гар утас худалдан авахаар шилжүүлсэн 37,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргахдаа   “...2022.09.08-ны өдөр ...тэй цахим сүлжээний зарын дагуу гар утас авахаар тохиролцож, түүний хэлсний дагуу Т гийн данс руу 37,500,000 төгрөг шилжүүлсэн, одоог хүртэл гар утсаа аваагүй.., Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Т нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж тайлбарлажээ. 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...уг мөнгийг эгч ...гийн хэлсний дагуу хүлээн авч, түүн рүү шилжүүлсэн тул мөнгийг нэхэмжлэгчид төлөхгүй” гэж маргасан байна.

7. ..., Т  нар нь ..., ..., ... гэсэн нэрээр цахимаар бараа материалын захилга авч, худалддаг, нэхэмжлэгч нь ...тэй Iphone 14 маркийн гар утас авахаар тохиролцож, ...гийн хэлсний дагуу хариуцагч Т гийн Хасбанк дахь эзэмшлийн ... данс руу 2022.09.08-ны өдөр гар утасны төлбөр 37,500,000 төгрөгийг шилжүүлснийг хариуцагч Т  нь ...гийн Хаан банк дахь эзэмшлийн ... данс руу 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр 20,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 4 удаагийн гүйлгээгээр 17,500,000 төгрөг, нийт 37,500,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтын тухайд талууд маргаагүй.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээр Р ийг тодорхойлж, гар утас худалдан авахаар шилжүүлсэн 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч болон ... нарын  хооронд Iphone 14 маркийн гар утас худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй, ... нь гар утасны төлбөр 37,500,000 төгрөгийг Т гийн дансанд шилжүүлчих гэсний дагуу нэхэмжлэгч нь утасны төлбөрийг шилжүүлснээр талууд Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх аргаа тохирсон, түүнчлэн хариуцагч Т  ...гийн данс руу 37,500,000 төгрөгийг шилжүүлснээр нэхэмжлэгч нь мөнгө төлөх үүргээ биелүүлж гүйцэтгэсэн байх тул уг мөнгийг хариуцагч Т гээс гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй, хариуцагчид мөнгө төлөх үүрэг үүсэхгүй” гэж дүгнэжээ.

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ “... нэхэмжлэгч Ц э хариуцагч Т  нарын хооронд эрх зүйн ямар нэгэн харилцаа үүсээгүй байх ба хариуцагч нь нэхэмжлэгчээс бусадтай байгуулсан хэлцлийн дагуу шилжүүлсэн мөнгийг зөвхөн дамжуулах хэлбэрээр оролцсон, ...нэгэнт гүйцэтгэгдсэн үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Т гээс гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй, хуулиар хариуцагчид мөнгө төлөх үүрэг үүсэхгүй гэж дүгнэж, нэхэмжлэгч Р ийн хариуцагч Т д холбогдуулан гаргасан 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон” гэж үзжээ.

10. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

10.1. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас харахад нэхэмжлэлийг хэн гаргасан нь тодорхой биш байна гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийг гаргахдаа “нэхэмжлэгч Р ” гэж гарын үсэг зурсан боловч Ц ээс Р д олгосон итгэмжлэлийг шүүхэд өгчээ. Гэтэл анхан шатны шүүх “Р ийн нэхэмжлэл”-д иргэний хэрэг үүсгэж, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэн болох талаар тодруулаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргажээ. 

Давж заалдах шатны шүүх энэ алдааг илрүүлээгүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн атлаа магадлалын хянавал хэсэгт Ц нэхэмжлэгч болох талаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байх бөгөөд хоёр шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан зөрчил гаргасан гэж үзэх тул нэхэмжлэгчийн энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангах боломжтой байна.

10.2. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг тодорхойлохдоо энэ хэрэгт огт оролцоогүй, гагцхүү талуудын тайлбарт дурдсан этгээдтэй нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсгэсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг материаллаг эрх зүйн болон процессын эрх зүйн зөрчил гаргасан гэж үзэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангана.

Энэ хэргийн нэхэмжлэгч хэн болох нь тодорхойгүй буюу Р нь ихэнх тохиолдолд үйл баримтын талаарх тайлбарыг өөрийн нэрээр гаргасан, түүнчлэн шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй ... гэх этгээдийн хийсэн хэлцлийг үндэслэл болгосон байх бөгөөд улмаар талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 148/ШШ2023/00619 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 208/МА2023/00057 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 345,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

           ШҮҮГЧИД                                                Н.БАТЗОРИГ

                                                                                        Н.БАТЧИМЭГ

      Н.БАЯРМАА                          

                                                                 Д.ЦОЛМОН